Categories
мэдээ нийгэм

ТББХ: “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2024.08.27/ хуралдаж, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан журмын дагуу Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар Байнгын хороонд шилжүүлcэн саналуудаар эхлээд санал хураалт явуулсан.

Төслийн 1 дүгээр хавсралтын 3.3.1.3 дахь заалтыг “Монгол Улсын зэсийн ордуудыг түшиглэн зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн байршлыг эцэслэн тогтоож, дэд бүтцийн нарийвчилсан техник, эдийн засгийн үзүүлэлтийн судалгааг хийж хэрэгжүүлнэ.” гэж өөрчлөн найруулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр хавсралтын 4.2.1.13 дахь заалтыг “Нууц мөрдөн шалгах ажиллагаанд тавигдах шүүхийн хяналтыг сайжруулж, тус ажиллагаанд өртсөн иргэнд мэдэгдэх, хүний хувийн мэдээллийг хамгаалах, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулах хуулийн зохицуулалтыг бий болгоно.” гэж  өөрчлөн найруулах санал мөн дэмжигдсэн.

Түүнчлэн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж дэмжигдсэн боловч уг саналаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн тул тус хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.3-т заасныг баримтлан 8 саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Тогтоолын төслийн 3 дахь заалтыг хасах зарчмын зөрүүтэй санал томьёолол чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнтэй холбогдуулан Байнгын хороо төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ хууль тогтоомжийн хоорондын уялдааг хангах зорилгоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.5 дахь хэсгийг баримтлан “Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж хэлэлцүүлснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны ээлжит бус чуулганы өнөөдрийн (2024.08.27) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад Улсын Их Хурлын гишүүдийн 65.9 хувийн ирцтэйгээр эхэлж, 10 асуудал хэлэлцэхээр танилцуулав.

Эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үеэр 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь 27-ны өдрийн 10 цаг хүртэл сунгасан. Завсарлагын хугацаа ийнхүү дууссан тул хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, С.Бямбацогт гишүүний гаргасан горимын саналыг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад Улсын Их Хурлын 100 гишүүний 79 нь дэмжсэн юм. Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны дэмжээгүй, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсний дараа төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулах үед 26-ны өдрийн 10 цаг хүртэл завсарлага авсан бөгөөд хугацааг нь сунгуулж өнөөдрийн 10 цаг болгосон. Ийнхүү Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн завсарлага дууссан болохыг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Төсвийн байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцууллаа.

Төсвийн байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасны дагуу Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд, мөн Төсвийн зарлагын хяналтын дэд хороо дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг олонхын дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томьёолж санал, дүгнэлтийн хамт Төсвийн байнгын хороонд ирүүлснийг тус Байнгын хороо нэгтгэн хэлэлцсэн болохыг Л.Заяабал гишүүн танилцуулсан.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухайҮндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр Байнгын хорооны хуралдаанд оролцсон зарим гишүүн, ажлын хэсгээс төсвийн ерөнхийлөн захирагч хооронд зардал шилжүүлэх, зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн багцад тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнд өөрчлөлт оруулах, төслийн болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнтэй уялдуулан төсөл, зардалд өөрчлөлт оруулах болон найруулгын шинжтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.13-т “Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан төсвийн санал энэ хуулийн 71.7.2, 71.7.3-т заасан шаардлагыг хангасан эсэх талаар Тамгын газрын төсвийн хяналт, шинжилгээний асуудал хариуцсан нэгж дүн шинжилгээ хийж, дүгнэлтийг нэгжийн дарга нэгдсэн хуралдаанд танилцуулна” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийн дарга Д.Эрдэнэсамбуу холбогдох дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцуулсан бөгөөд хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзсэн байна.

Ийнхүү Төсвийн байнгын хорооноос бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлээд, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн.

Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм. 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед завсарлага авч, өчигдөр дууссан завсарлагын хугацааг сунган 27-ны өдрийн 10.00 цаг болгосон. Тус бүлгийн завсарлага ийнхүү дууссан талаар Улсын Их Хурлын дарга мэдэгдээд, төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Төсвийн тодотголын төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Заяабал танилцуулав.

Тус Байнгын хороо 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн өмчийг Нийслэлийн өмчид шилжүүлэх тухай”, “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан журмын дагуу явуулж, зүйл бүрээр хэлэлцсэн байна. Түүнчлэн  дээрх төслүүдийн талаар хууль зүйн дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын Тамгын газарт хүсэлт гаргасны дагуу эдгээр төслүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэх эсэх талаар хууль зүйн дүгнэлт гаргасантай танилцсан болохыг санал, дүгнэлтэд дурдсан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, П.Ганзориг, П.Сайнзориг, Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Ч.Лодойсамбуу нар асуулт асууж, Улсын Их Хурлын дарга болон Байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, ажлын хэсгээс хариулт, тайлбар, мэдээлэл авсан юм. Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн 13 хууль, 2 Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 28 саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Энэ үеэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар төслийг буцаах нь зүйтэй гэсэн Байнгын хорооны санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол баталсанд тооцдог. Энэ дагуу хуулийн төслүүдийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоолууд батлагдсан. Ийнхүү Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр хураалт явуулан шийдвэрлэсний дараа Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Үдээс өмнөх чуулганы хуралдааны төгсгөлд Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг эхлүүллээ. Энэ талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Монгол Улсын 2023 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2023 оны санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд нэгтгэн гаргаж, төрийн аудитын төв байгууллагаар аудит хийлгэсэн болохыг тэрбээр дурдав. Нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд Төрийн сан, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, улсын болон орон нутгийн 62 төсвийн ерөнхийлөн захирагчийн 5442 төсөвт байгууллага, 619 төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, 370 төрийн сан, 295 төсөл, сан, нийт 6726 байгууллагын тайланг нэгтгэсэн байна.

Боомтын сэргэлтээр 2022 оны сүүлийн хагаст бий болсон нүүрсний экспортын сэргэлтийг хадгалж, дэлхийн зах зээлд буурч байсан түүхий эдийн үнийн бууралтыг ил тод, нээлттэй өрсөлдөөнт биржийн арилжаанд шилжүүлсэн нь уул уурхайн салбар, түүнийг дагасан газар, худалдаа, үйлчилгээний салбарыг эрчимжүүлж, ДНБ 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 68.9 их наяд төгрөг буюу төлөвлөгөөнөөс 14.4 хувиар давж, эдийн засгийн бодит өсөлт 7 хувь буюу төлөвлөгөөнөөс нэг пунктээр өссөн гэв.

Монгол Улс 2023 онд 163 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж өмнөх оноос 15 хувиар өссөн бол гадаад худалдааны тэнцэл 5.9 ам.долларын ашигтай гарсан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 21.1 хувиар өсөж 15.2 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний экспорт 36.8 хувиар буюу 2.4 тэрбум ам.доллароор өссөн нь голлон нөлөөлсөн болохыг танилцуулгад дурдсан.

Засгийн газрын 2022 оны “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 362 дугаар тогтоолын хүрээнд экспортод гаргах нүүрсийг нээлттэй, цахим арилжаагаар хийж, хилийн үнээр борлуулж боомтуудын нэвтрүүлэх чадварыг сайжруулснаар 2022 онд 0.7 тэрбум ам.долларын алдагдалтай байсан төлбөрийн тэнцэл 2023 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Төлбөрийн тэнцэл ашигтай гарснаар гадаад валютын улсын нөөцийн эцэст оны эцэс 4.9 тэрбум ам.долларт хүрч өмнөх оноос 44.7 хувиар өссөн байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 2023 онд 23.3 их наяд төгрөг, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 22.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 2.2 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 785.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан ба сүүлийн 3 жил дараалан төсвийн алдагдлыг үе шаттайгаар бууруулж ажилласан болохоо Сангийн сайд тэмдэглэж байв.

Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 16.1 их наяд төгрөг, зарлага 16.1 их наяд төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төлөвлөгдсөнөөс 5.4 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Сүүлийн жилүүдэд Засгийн газар хилийн боомтын нэвтрэх хүчин чадлыг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажилласны үр дүнд 2023 оны нүүрсний экспортын хэмжээг төлөвлөсөн хэмжээнээс 19.6 сая тонноор, өмнөх оноос 37.8 сая тонноор нэмэгдүүлж 69.6 сая тоннд хүргэсэн нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхэд гол нөлөөг үзүүлсэн байна.

Үргэлжлүүлэн Сангийн сайд Б.Жавхлан 2023 онд авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүдээ дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, төрийн албан хаагчдын үндсэн цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх хүрээнд төрийн захиргааны албан хаагчдын цалинг 39 хувь, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 32.7 хувь, төрийн мэргэжлийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 69.2 хувиар тус тус нэмэгдүүлжээ. Улмаар олон шатлал бүхий, харилцан адилгүй, тэгш бус үнэлэмжтэй цалингийн тогтолцоог адил үнэлэмж бүхий нэг шатлалтай болгосон байна. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийн зөрүүг арилгах зорилгоор даатгуулагчийн тэтгэвэр тогтооход баримталсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг өнөөгийн цалин хөлсний түвшинтэй жишиж ойртуулах итгэлцүүрийн суурь он 2011 он байсныг 2022 он болгож шинэчлэн тогтоосон байна. Энэ итгэлцүүрийг ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг шийдвэрлэснээр тэтгэвэр авагч ахмадуудын орлогын баталгаа сайжирч, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс үүдэлтэй эрсдэлийг бууруулсан хэмээн үзжээ.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот, хөдөөгийн сэргэлт, хэт төвлөрлийг сааруулах зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20 хувиар тооцож олгох, орон нутгийн удирдлага нь төрийн албан хаагчийнхаа цалинг 80 хүртэл хувиар нэмэгдүүлэн олгох эрх зүйн орчныг бий болгосноор тайлант онд 35.1 тэрбум төгрөгийн цалингийн нэмэгдэл олгосон аж.

Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зохистой удирдаж зарцуулсантай холбогдуулан гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн зарчмаар санхүүждэг байгууллагаас бусад байгууллагын 23602 албан хаагчид 25.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон гэв. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2023 онд 1143 төсөл арга хэмжээний шинээр 10 төсөл арга хэмжээний 0.5 их наяд төгрөг өмнөх онуудаас шилжин хэрэгжиж буй 1129 төсөл арга хэмжээнд 2.1 их наяд төгрөг, концессын эргэн төлөлтөөр 4 төсөл арга хэмжээнд 0.2 их наяд төгрөг олгосноор гүйцэтгэл 93.8 хувийн биелэлттэй байгаа гэлээ. Эдгээр төслийг гүйцэтгэсэн 1460 гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа тогтвортой үргэлжилж 40.9 мянган ажлын байрыг хадгалж 2.8 их наяд төгрөгийн санхүүжилтээр эдийн засгийг дэмжсэн байна аа. Төрийн хэмнэлтийн тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа зардал тавих хяналтыг сайжруулан санхүүгийн сахилга батыг мэдрүү мөрдүүлснээр 2023 оны төсвийн жилд 122,8 тэрбум төгрөгийн хэмнэлт үүсгэж өмнөх оноос 39.4 тэрбум төгрөгөөр өссөн болохыг тэрбээр нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Сангийн сайдын энэхүү танилцуулгаар өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарласан юм. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгээр үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Уушгины хорт хавдрын эсрэг вакциныг туршиж эхэлжээ DNN.mn

Уушгины хорт хавдрын анхны вакциныг олон улсын эмнэл зүйн туршилтад гаргасныг “Guardian” сонинд мэдээлжээ.

“BNT116” хэмээн нэрлэсэн вакцины эмнэл зүйн туршилтын эхний үе шат Их Британи, АНУ, Герман, Унгар, Польш, Испани, Турк гэсэн долоон улсад байрлах 34 судалгааны төвд эхэлсэн байна.

Эмнэлзүйн туршилтад жижиг эсийн бус уушгины хорт хавдартай 130 орчим өвчтөн хамрагдах ба тэдэнд нэг жилийн хугацаанд туршилт хийх аж.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“KOREA WEEK 2024” арга хэмжээний хөтөлбөр DNN.mn

“KOREA WEEK 2024” арга хэмжээний хөтөлбөрийг хүргэж байна.

May be an image of text
Categories
мэдээ нийгэм

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 18 төсөл хэрэгжүүлнэ DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж буй ажлууд, камерын нэгдсэн системийн ажлын явц, баригдаж дуусаагүй байгаа сургууль, цэцэрлэгийн асуудлын талаар хэлэлцлээ.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 14 салбарт 37 байгууллагын 180 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн. Ирүүлсэн төсөлтэй танилцаж, 5 салбарт найман байгууллагын 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тухайлбал, Улаанбаатар хотын ачаа тээврийн нэгдсэн логистик төв байгуулах, Улаанбаатар хотын такси үйлчилгээг сайжруулах төсөл, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг төслүүдийг хэрэгжүүлнэ. Харин төр, хувийн хэвшлийн түншлэлээр ангилан ялгасан дахивруудыг ашиглах үйлдвэр байгуулах, хүнсний хог дахин боловсруулах үйлдвэр байгуулах, хүнс хангамжийн зориулалтаар томоохон агуулах барих төслийг хэрэгжүүлж байна. Ирэх онд үнс цуглуулах, боловсруулах үйлдвэр байгуулах, “Асгат” ОНӨААТҮГ-ын сургууль, цэцэрлэгийн хүнсний хангамжийн агуулахын барилга угсралтын ажил, “Хүнс хангамж төв” ОНӨААТҮГ”-ын оффисын барилга угсралтын ажил төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг Зөвлөгөөний эхэнд Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Дашдэмбэрэл хэллээ.

“Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ-ын дарга Р.Амартүвшин “Энэ жил нийслэлийн зургаан байршилд 85.2 км нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Тодруулбал, Энхтайваны өргөн чөлөө 11.8 км, Их тойруугийн гудамж 5.4 км, Бага тойруугийн гудамж 2.6 км, Олимпын гудамж, Их Монгол улсын гудамж 4 км, Чингисийн өргөн чөлөө 4.6 км, Д.Сүхбаатарын талбай орчим 1.4 км тохижилтын ажлыг гүйцэтгэж байна. Нийтийн эзэмшлийн явган хүний зам талбайн тохижилтын ажлыг гүйцэтгэхдээ ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, дулааны худгийн таг, цахилгааны шон зэргийг засварлаж шинэчилсэн. Улаанбаатар хотын ерөнхий менежерийн тушаалаар 24 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж ажиллаж байна” гэв.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Бид өнгөрсөн хугацаанд борооны ус зайлуулах хоолойг засварлаж, шинэчлэх ажлыг эрчимтэй зохион байгуулсан. Цаашид хөрсний усыг соруулах, шавхах ажилд судалгаа хийж тодорхой үе шаттай арга хэмжээг зохион байгуулах шаардлага байна. Хөрсний усны асуудлаас болж зарим аж ахуйн нэгж байгууллагууд барилга байгууламжаа эхлүүлж чадахгүй асуудлууд байна. Үүнээс гадна зарим барилгын компаниуд хөрсний усаа борооны ус зайлуулах хоолой руу шавхаж, хоолойг эвдэж буй зөрчлийг ч гаргаж байна. Тиймээс Геодези, Усны барилга байгууламжийн газар ОНӨААТҮГ, УСУГ, УБЗАА, нийслэлийн Замын хөгжлийн газар, нийслэлийн Зураг төслийн хүрээлэн ОНӨҮГ, нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төв зэрэг байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан ажлын хэсэг байгуулж хөрсний ус зайлуулах ажлыг зохион байгуулна” гэв.

Ажлын хэсгийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү ахалж, Нарийн бичгийн даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн хот байгуулалт, газрын харилцааны асуудал хариуцсан зөвлөх Г.Батзориг ажиллахаар болсон юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, стандартыг мөрдүүлж, аюулгүй байдлыг хангуулах, ерөнхий боловсролын сургуулийн орчинд сурагчид гэмт хэрэг, хэв журмын зөрчил болон зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний   аюулгүй   байдлыг  хангуулж ажиллах, борооны улмаас эвдэрч гэмтсэн авто зам, гудамж, талбай, ногоон байгууламжийг сэргээн засварлахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Categories
мэдээ нийгэм

Онон голд живсэн таван настай хүүг эрэн хайж байна DNN.mn

Хэнтий аймгийн Биндэр сумын Онон багийн “Онон голын баруун салаа” гэдэг газар сумын төвөөс зүүн зүгт 20 км-т бага насны хүүхэд “Онон” голын усанд тоглож байгаад живсэн тухай дуудлагыг онцгой байдлын байгууллага энэ сарын 26-ны өдрийн 16:00 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид  5 настай, эрэгтэй Д-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн үндсэн төлбөр 164.5 тэрбум төгрөгийг бүрэн төлөв DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дотоодын зах зээлд 3 жилийн хугацаатай гаргасан ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн үндсэн төлбөр 164.5 тэрбум төгрөг, хүүгийн төлбөр болох 8.2 тэрбум төгрөгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа.

ЭТТ бондын “ТРАНЧ-2”-ийн арилжааг 2021 оны 08 сарын 25-ны өдөр амжилттай зохион байгуулж 258 иргэн, 5 аж ахуйн нэгж оролцож нийт 263 хөрөнгө оруулагчдаас төгрөгийн бондоор 164.47 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн.

Дотоодын зах зээлд нээлттэй арилжсан 1,644,711 ширхэг төгрөгийн бондыг дахин санхүүжилт хийхгүйгээр компанийн өөрийн эх үүсвэрээр хугацаанд төлж барагдууллаа.

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна DNN.mn

Наймдугаар сарын 27-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Чигэртэй, Турган, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Их Хянганы нуруунаас усжих Халх зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрөөс 5-10 см нэмэгдсэн байна.

Хэрлэн /Мөнгөнморьт/, Улз / Дашбалбар/, Хурх, Халх /Ялалт баг/, Буянт, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Балж, Онон, Хэрлэн /Өндөрхаан, Чойбалсан/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 10-70 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, аялж амарч, зугаалж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх сард төвийн аймгуудын нутгаар хур тунадас дунджаас ахиу төлөвтэй байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр ирэх есдүгээр сард агаарын дундаж температур нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх бол хур тунадас төвийн аймгуудын нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 3-4 нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан хур тунадас Завханы ихэнх, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр, 2-3 нд ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас орж, салхи ширүүсч, хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүснэ. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд болон гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, харин Хөвсгөл, Архангайн баруун, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, Хөвсгөлийн уулсаар хур тунадас орж, агаарын температур сэрүүсч, газар тариалан бүхий нутгуудаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүй байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар хур тунадас орж, салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол бусад хугацаанд дунджийн орчим болон дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхээр зарим газраар бороо орно. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим үед түр зуур 12-18 м/с хүрч ширүүсэх төлөвтэй байна. Агаарын дундаж температур нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн, бусад хугацаанд олон жилийн дунжийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна.

 

 

Эх сурвалж: ЦУОШГ

Categories
гадаад мэдээ

Украины “F-16” цохилт өгч эхлэв DNN.mn

Украины зэвсэгт хүчний агаарын цэргийн хүчин өөрийн Telegram сувагтаа Курск муж дахь Оросын бэхлэлт рүү Америкийн “GBU-39” бөмбөгөөр цохилт өгч байгааг харуулсан видео нийтэлж “Оросын цэргийн удирдлагын төв, дроны удирдлага, цахим байлдааны техник хэрэгсэл, зэр зэвсэг болон 40 орчим орос цэргийн албан хаагчийг устгав” гэж мэдээлжээ. Уг цохилтод ашигласан америкийн “GBU-39” залуурт бөмбөг нь 100 кг-аас дээш жинтэй, 110 км-ийн зайнаас цохилт өгдөг бөмбөг юм. Хамгийн гол нь Америкийн “GBU-39” залуурт бөмбөгөөр цохилт өгч эхэлсэн нь Украины армийн нисэх хүчин Оросын пуужин, дроноос хамгаалахаас гадна фронтод цохилт өгөх боломжтой, олон тооны “F-16” онгоцтой болсон гэсэн үг юм.

Мөн Цагаан ордон татвар төлөгчид болох өөрийн сонгогчдын өмнө тэдний мөнгийг Украинд дэмий өгөөгүй гэдгээ харуулахын тулд ирэх сарын дунд гэхэд Путиныг суудлаас нь буулгаж Украины дайныг дуусгах шаадлага үүсээд байгаа билээ. Үүнийг шийдэх гол түлхүүр нь “F-16” онгоцны тоо, ялангуяа зэвсэглэл гэдгийг цэргийн шинжээчид онцолж байна. Иймээс НАТО-гийн тэтгэвэрт гарсан нисэгчдийг Украинд хөлсөөр байлдуулах тухай яригдаж эхлэв.

НАТО-гийн нисэх хүчин Оросоос ялгаатай нь орчин үеийн техник, технологи ашиглан “Түрүүлж илрүүлж, урьтаж сөнөөх” гэсэн зарчмаар ажилладаг. Иймээс НАТО-гийн нисэх хүчинд Афганистан, Сирийн дайнд Оросын байлдааны онгоцуудыг устгасан туршлага байгаа. Энэ нь НАТО-гийн тэтгэвэрт гараагүй нисэгчид ч бодит байлдааны туршлагатай болох гэж Украины дайнд оролцох өндөр магадлалтай гэсэн үг юм. Бас НАТО-гийн нисгэгчид дайнд оролцоно гэдэг нь Украины талд байлдах “F-16” онгоцууд хамгийн орчин үеийн бөмбөг, пуужингуудаар Оросын талд цохилт өгч, цоо шинийг нь байлдааны нөхцөлд туршина гэсэн үг.

Тухайлбал, Politico цахим хуудсандаа нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас иш татан АНУ-ын ерөнхийлөгчийн засаг захиргаа Украинд алсын тусгалтай “Агаар-газар” ангиллын “JASSM” далавчит пуужин нийлүүлэх асуудлыг “нээлттэй” хэлэлцэж байна” гэж мэдээлжээ. Уг эх сурвалж “Politico”-д “Украин руу ямар пуужингууд илгээх тухай эцсийн шийдвэр гараагүй байгаа ч Цагаан ордон энэ асуудлаар одоо цэвэр нарийн ширийн зүйлийг хэлэлцэж байна. Тодруулбал, цэргийн нууц технологи алдагдах эсэх, Украины “F-16” нисэх онгоцнуудыг 454 кг байлдааны цэнэгт хошуутай 1088 кг жинтэй пуужингаар хэрхэн хангах вэ гэх мэт нарийн ширийн зүйлсийг ярилцаж байна” гэжээ.

Украинд АНУ, Их Британи, Франц улсууд агаар болон газар дээрээс хөөрдөг 300 км-ийн зайд цохилт өгөх боломжтой далавчит пуужингуудыг нийлүүлээд байгаа билээ. Мөн АНУ болон түүний холбоотнууд Украинд өгсөн “F-16” онгоцонд зориулан агаар-агаар, агаар-газар ангиллын янз бүрийн пуужин нийлүүлж байгаа ч Киевийн ялалтанд “хамгийн их ач холбогдол”-той нь яах аргагүй өнөөгийн цэргийн зэвсэглэлд байгаа хамгийн хүчирхэг, алсын тусгалын зэвсэг болох “JASSM” далавчит пуужин юм.

Politico “Пентагон “JASSM” пуужингуудыг Украинд шилжүүлэхийг одоогоор албан ёсоор баталгаажуулаагүй байна” гэж мэдээлсэн бол АНУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жефф Жаргенсен “Бид  Украины аюулгүй байдлын тусламжийн шаардлагыг хангах хэд хэдэн хувилбарыг авч үзэж байгаа ч одоогоор өгөх тодорхой мэдээлэл бидэнд алга байна” гэжээ. Мөн уг пуужинг үйлдвэрлэгч “Lockheed Martin” компани “JASSM” пуужинийн тусгал нь 926 км-ээс даван өндөр нарийвчлалтайгаар байндаа тусаж, 450 кг жинтэй байлдааны хошуугаар цохилт өгдөг. Түүний тусгал нь Украины өмнө нь авч байсан “Storm Shadow” болон “SCALP” гэх мэт далавчит пуужингуудаас хэд дахин их” гэж мэдээлсэн байна, Пентагон 7200 “JASSM” пуужингийн нөөцтэй бөгөөд “Lockheed Martin” уг пуужингийнхаа үйлдвэрлэлийг ихээхэн нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн Politico “JASSM”-ийг Украинд шилжүүлэхийг Конгрессын нэлээд олон хууль тогтоогчид дэмжиж байна” гэж онцолжээ.

Энэ бүхэн Украины дайны агаарт “F-16” онгоцнууд удахгүй бүрэн ноёрхож магадгүй болсныг баталж байна.