Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэнэ DNN.mn

Нийслэлийн Засаг дарга болон “Дата карт консерциум”-ын хооронд 2014 онд байгуулсан “Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний удирдлага, мэдээллийн болон цахим төлбөрийн систем нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх гэрээ”-ний хэрэгжилтийг дүгнэх, дата мэдээлэл болон цахим төлбөрийн системийг нийслэлийн мэдэлд шилжүүлэн авах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн эрх бүхий төлөөлөгчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү болон холбогдох төлөөллүүдтэй хэлэлцээрийн асуудлаар удаа дараа уулзаад байна.

Өнөөдөр мөн хотын дарга Х.Нямбаатар болон тус ажлын хэсгийг ахалж буй Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул нар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн ерөнхий захирал Шин Дун Ү тэргүүтэй төлөөлөлтэй уулзав. Уулзалтаар хэлэлцээрийн явцыг эрчимжүүлэх талаар талууд санал солилцсон юм.

Мөн нийтийн тээврийн цахим төлбөрийн системийг нийслэлд шилжүүлэн авах асуудлыг “Тmoney” компанитай хэлэлцэхээр болов.

 

Categories
мэдээ цаг-үе

Ногоон автобусны гэх А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал үргэлжилж байна DNN.mn

“Ногоон автобус” худалдан авах ажиллагаатай холбоотой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн дэргэд байрлах коллежийн танхимд өчигдөр эхлээд буй.

Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнөөдөр 09:00 цагаас хохирогч болон иргэний хариуцагч, иргэний нэхэмжлэгч нарын тайлбараар үргэлжилнэ. Уг хурлаас хэргийн холбогдогч нарын гэм бурууг шүүх хурлын тов гарна. Шүүхийн танхимд багтахгүй байгаа учир уг коллежийн танхимд явагдаж байгааг эх сурвалж тайлбарлав.

Прокуророос “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх уг хэрэгт:

  • Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/,
  • 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/,
  • 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байв.

Тус хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.М, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга С.Ж нарын албан тушаалтнууд, том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн нарын нийт 24 хүн холбогдоод байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нийслэлд 53.3 хувьтай бүртгэгджээ DNN.mn

Энэ оны эхний хагас жилийн хугацаанд прокурорын байгууллагаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр хүчирхийлэл үйлдсэн 429 хэрэгт хяналт тавьжээ.

Үүнээс 228 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байсныг мэдээллээ.

Энэ төрлийн хэрэгт шалгагдсан 240 хүний

  • 20 хувь нь 18-30
  • 21.2 хувь 45-аас дээш
  • 58.3 хувь нь 31-44 насныхан байгаа бол 44.1 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.

Хүйсийн хувьд 95.8 хувь нь эрэгтэй, 53.7 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 2023 оны мөн үеэс 32 хувиар буурсан бөгөөд нийслэлд 53.3 хувь нь, орон нутагт 46.7 хувь нь бүртгэгджээ.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэй ч зөвхөн энэ бүлгийн төлөөлөл гэхгүйгээр бүх салбарт хүний эрхийг хангаж ажиллана DNN.mn

УИХ-ын гишүүн Ж.Баясгалантай цаг үеийн асуудлаар ярицлаа.


-126 гишүүнтэй парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхны төлөөлөл болж та орж ирлээ. Юуны өмнө парламентын гишүүн болсон анхны сэтгэгдэл тань ямар байна вэ. Эхний өдрөөсөө л парламентын хүртээмжийн асуудал танд мэдрэгдсэн байх…?

-Юун түрүүнд хүний эрхийг хамгаалдаг, хүний эрхийн төлөө дуугардаг “Өдрийн сонин”-ы редакц надаас ярилцлага авч байгаад талархаж байна. Миний хувьд парламентын хүртээмжгүй байдлыг анхнаасаа шүүмжилж ирсэн хүн. Энэ утгаараа ярьдаг гол сэдэв маань хүртээмжгүй нийгмийг хүртээмжтэй болгох асуудал. Гишүүний үнэмлэхээ гардан авах гээд Төрийн ордондоо орж ирэхэд хаалга, үүднээс эхлээд налуу замтай давгүй л санагдсан. Гэвч дотор орж ирээд зүгээр нэг дүр эсгэсэн хүртээмж гэдэг нь тодорхой болсон. 126 гишүүн үнэмлэхээ гардаж авахаас 125 гишүүн тайзан дээр гарч үнэмлэхээ гардлаа. Нэг хүн заалнаас авсан. Энэ бол зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал гэдэг явцуу өнцгөөр ойлгох боломжгүй. Ерөөсөө хүний эрхийн зөрчил үүнээс илэрч харагдаж байгаа юм. Мэдээж тайзан дээр гарч үнэмлэхээ авлаа гээд өөр болохгүй л дээ. Гэхдээ ялгавартай байдал үүсч байгааг л үүгээрээ хэлэх гээд байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ бол хувь Ж.Баясгалан гэдэг ганц хүний асуудал биш. Монгол Улсын 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Тэгэхээр энэ бол тэргэнцэртэй, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай хэрэгцээт хүмүүсийн асуудал байгаа шүү гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Шинээр сонгогдсон гишүүд үнэмлэхээ гардаж аваад баярлаж байгаа нь царайнаас нь тодорхой харагдсан. Харин таны хувьд төдийлөн баярлах эмоци үүссэнгүй гэж хэлж байна уу?

-Парламентын есөн удаагийн түүхэнд хүмүүс гишүүн боллоо гээд бүгд л баярлаж байсан байх. Харин эхнийхээ өдөр гомдолтой байсан анхны хүн нь магадгүй би болов уу гэж бодож байна. Хатуухан хэлэхэд ийм байна.

Ер нь асуудлыг хатуугаар хэлэх хэрэгтэй. Бид өнгөрсөн жилүүдэд аливаа асуудлыг дандаа мөлгөр байдлаар хэлж, хэлэлцэж ирсэн. Одоо бурууд хатуу байх цаг болсон.

-Таны хувьд яах аргагүй энэ парламентын нэгэн шинэ дүр төрх мөн. Нөгөөтэйгүүр танаас энэ бүлгийн хүмүүсийн асуудлыг бодлогын түвшинд шийдэх өндөр итгэл, хүлээлт бий. Энэ утгаараа таны ойрын хийхээр зорьж байгаа эрх зүйн өөрчлөлтүүд юу байна вэ?

-УИХ-ын гишүүн гэдэг мэдээж хууль тогтоогч. Нөгөөтэйгүүр иргэд маань намайг жүжигчин хүн гэдгийг мэдэх байх. Мөн би эрх зүйч мэргэжилтэй хүн. Энэ утгаараа миний хамгийн эхэнд хийх ажил маань Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт оруулах. Зөвхөн энэ хуулиа засаж, өөрчлөөд л явах хэрэгтэй. Өөр шинэ эрх зүйн орчин бий болгох шаардлага одоохондоо байхгүй. Монгол Улсад хууль ихдэх үү гэхээс дутаагүй. Гагцхүү энэ олон хуулийн хэрэгжилт дээр л асуудал бий шүү дээ. Тэгэхээр дээрх хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг, хүртээмжийг хангасан тодорхой заалтуудыг тусгаж өгнө. Ямар асуудал байгааг биеэрээ өнөөг хүртэл мэдэрч, туулж явж байгаа. Тэгэхээр яг энэ асуудлаа хуульд оруулж өгнө. Нөгөөтэйгүүр УИХ-аар хэлэлцэх, шинээр хуулийн төсөл боловсруулах бүх ажилд миний бие орж ажиллана. Ингэснээр намайг сонгосон шалтгаан бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна. Энэ л ерөөсөө төлөөллийн гол амин сүнс. Хүний эрх хэрхэн зөрчигдөж байгаа вэ гэдэг рүү чиглэн хууль болгон дээр саналаа хэлж, өөрийнхөө өнцгийг гаргаж оролцоно.

-Засгийн газрын бүтцийн асуудал яригдаж байна. Үүнийг мэдээж эрх баригч нам дотроо ярих нь тодорхой. Янз бүрийн чиг үүрэгтэй яам байгуулагддаг. Та түрүүн хэлсэн 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэж. Гэтэл өнөөдөр эдгээр иргэдийн асуудлыг бодитой, дорвитой шийдсэн зүйл алга байна. Таны хэлдгээр нүд хуурсан, хэлбэр төдий байдлаар аргалж ирсэн гэдэг бол үнэн. Тэгэхээр яг энэ чигийн бодлого, шийдвэрийг зангидсан яам байгуулагдах боломж юу байдаг бол?

-Юуны өмнө Засгийн газрын бүтцийн хувьд Ардчилсан намын барьж байгаа нэг гол бодлого бий. Энэ бол төр данхар биш, цомхон мэргэжлийн байх ёстой гэдэг зарчим. Өөрөөр хэлбэл, яам нэмэх бус цөөлөх бодлого барьдаг гэсэн үг. Гэхдээ зайлшгүй асуудал нь овоорсон нийгмийн салбарт бодлогын түвшинд яам нэмэх асуудал байж болно. Гэхдээ нэмэхийн тулд бүтцийн өөрчлөлт хийж, шаардлага байхгүй яамдыг татан буулгах хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган хүн байна гэж шууд утгаар нь ойлгож болохгүй. Энэ хүмүүсийн цаана ар гэр нь бий. Өрх, айл гэж ойлгох хэрэгтэй. Энэ өрх маань Монгол Улсын өрхийн 13-14 хувийг эзэлж байна. Энэ бол маш том нийгмийн бүлэг, маш том асуудал. Тэгэхээр энэ бүлгийн эрх ашгийг хамгаалсан яам байх ёстой гэж үзэж байна. Хэрэв энэ асуудлыг бодлогын түвшинд шийдвэрлэх чиг үүрэг бүхий яам бий болбол асуудал маш хурдан цэгцэрнэ гэж харж байгаа. Өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам дэргэдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар зөвлөл байгуулж ажиллаж байгаа. Үүгээрээ дамжуулаад хуульд өөрчлөлт оруулна гээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс санал, зөвлөмж, хүсэлтийг нь авсан. Өчнөөн судалгаа хийлгэдэг. Яг ингээд хуулийн төсөл бэлэн болоод өргөн барихдаа иргэдээс авсан санал, шийдлийг хасаад оруулчихдаг жишээ олон байна. Зүгээр л дүр эсгэсэн хандлага маш их байдаг. Үүнийг л таслан зогсоохын төлөө би энэ парламентад орж ирсэн гэж өөрийнхөө үүргийг ухамсарладаг.

-Дүр эсгэсэн хандлага гэдгийг та тодорхой жишээгээр хэлбэл юу байна. Өдөр тутмын амьдралаас харагдаж байгаа асуудал гэвэл…?

-Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан шийдвэр гээд төрийн бүх албан байгууллага, яамд гадна үүднийхээ шатны дэргэд налуу замтай болсон байдаг. Аль яамны үүдний шат налуу замтай байна вэ гэдэг нь гаднаасаа харагдана. Мэдээж бид баярлана. Гэтэл дотор нь ороод асуудал бахь байрандаа. Гаднаа хүртээмжтэй мэт харагдсан боловч дотроо ороод хүртээмжгүй. Үүнийг л хэлбэр хөөсөн, дүр эсгэсэн хандлага гэж хардаг. Үүнээс л хүний эрхийн зөрчил үүсдэг. Тиймээс энэ асуудлыг шийдэх цаг нь иржээ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр налуу замтай, налуу шаттай байна гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан гэж нэг талын өнцгөөс хардаг. Тэгвэл тэр налуу замаар нялх хүүхдээ тэргэн дээр нь суулгаад аваад орж болно. Ажилчид нь ачаагаа зөөхдөө ашиглаж болно. Настнууд тэргэнцэр дээр суугаад гарч болно. Гэтэл манайд нялх хүүхдээ тэрэгнээс нь авч тэврээд шатаар гардаг тохиолдол олон. Харахад, ярихад энгийн асуудал мэт боловч цаагуураа энэ бол хүний эрхийн зөрчил гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс налуу зам гэдэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дан ганц асуудал огт биш.

-Олны анхаарлыг татаж байгаа гол сэдэв бол шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн ямар байх вэ гэдэг асуудал байна. Хамтарсан засаг байгуулагдах асуудал дээр та гишүүнийхээ хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчиллын гол зарчим бол хүний эрх, эрх чөлөө. Тэр утгаараа Ардчилсан нам олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Манай намыг зодоонтой, хэрүүлтэй гэж шүүмжилдэг. Манайхаас илүү МАН аймшигтай зодоонтой нам. Ардчилсан намаас ялгаатай нь тэр дүрээ бусдаас маш сайн нууж чаддаг. Таны асуусан хамтарсан засагт орох асуудлыг манай намын Үндэсний бодлогын хороо хэлэлцэж шийдвэр гаргана. Мэдээж энэ шийдвэр ил тод явагдана. Миний хувьд ямар байр суурьтай байгаа вэ гэхээр ийм байна. Өнгөрсөн найман жилийн алдаа завхралыг засаарай, хүчтэй сөрөг хүчин байгаарай гэж ард түмэн Ардчилсан намыг сонгосон. Сөрөг хүчин ямар байх ёстой вэ. Засагт орохгүйгээр гаднаас нь хийж байгаа юм бүхнийг нь шүүмжлээд, орилж явснаараа сөрөг хүчний ажлаа сайн хийлээ гэж би хувьдаа ойлгохгүй.

-Тэгэхээр таныхаар бол хамтарсан засагт орж ажиллаж байж сөрөг хүчний үүргээ илүү сайн гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм уу?

-Энэ бол дан ганц Ж.Баясгалан гэдэг хувь хүний бодол шүү. Манай намд Засгийн газарт орж, мэргэжлийн түвшинд ажиллах хангалттай хүний нөөц бий. Тиймээс хамтарсан засагт орж ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр засагт орж ажиллаж байж тэр доторх булхай, луйвар, хулгай бүхнийг ил тод болгож чадна. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн яамд орж байж л ковидын үеийн 20 их наядын төсвийг хаашаа яаж зарцуулагдсаныг ил тод болгох боломжтой. Үнэхээр 20 их наяд юм уу. Бид гаднаас нь орилоод байдаг, тийм үү. Үүнээс их дүн байгаа ч юм уу бид мэдэхгүй. Өөрөөр хэлбэл, бид гадна байгаа учраас Ардчилсан нам, ард түмэн хоёр яг ижил нүдтэй байна гэсэн үг. Тиймээс бид дотор тал руу нь шагайж, өнгийж орж байж энэ асуудлыг шийднэ. Дотор нь орж ба сөрөг хүчний дуу хоолойгоо улам тод илэрхийлж чадна гэж хувьдаа бодож байгаа. Миний хувьд Засгийн газарт ямар нэгэн байдлаар орох сонирхол байхгүй гэдгээ албан ёсоор хэлье.

-УИХ дээр чиглэл чиглэлийн байнгын хороо байгуулагдана. Таны хувьд аль байнгын хороонд орж ажиллах сонирхолтой байна вэ?

-Миний хувьд Төсвийн байнгын хороо болон Нийгмийн бодлогын байнгын хороонд орох хүсэлтээ өгсөн.

-Зарим хүмүүсийн хандлага байна. Таныг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг л ярих ёстой гэсэн. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?

-Ийм хандлага байдаг. Би энэ хандлагыг л өөрчлөх гэж энд орж ирсэн. Миний хувьд зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл биш. Нэг ийм хайрцагласан байдлаар ойлгох нь дэндүү явцуу. Миний хувьд дөрвөн хүүхдийн эцэг. Энэ утгаараа би аавуудын төлөөлөл байх ёстой. Би жүжигчин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хүн. Энэ утгаараа би урлаг, соёлын салбарын төлөөлөл байна. Мөн би гуч гаруй жил бизнес эрхэлсэн хүн. Бас энэ утгаараа би бизнес эрхлэгчдийн төлөөлөл болж ажиллах ёстой. Тэгэхээр дан ганц хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл гэдэг нэг л өнцгөөр хандах, ойлгох нь буруу юм. Ийм хандлагыг би өөрчлөхийн төлөө, нөгөөтэйгүүр хүний эрхийг салбар бүрд хангах чиглэлд том төлөөлөл болж ажиллана.

-Бизнесийн салбарынхан таныг мэдэх нь мэднэ. Зарим хүмүүсийн хувьд таныг “Баян Баясаа” гэж дууддаг юм билээ. Энэ ямар учиртай нэр вэ. Таны хоч уу?

-Энэ бол сайхан бэлгэдэлтэй үг шүү дээ. Миний хувьд 12 насандаа анхныхаа цалинг авч байлаа. Тэр үед тоглолт хийгээд, йогаар хичээллэдэг байсан. Хамгийн анхныхаа цалинг аваад түүгээрээ халуун сав авч ээждээ өгч байлаа. Түүнээс хойш Их сургуульд орохдоо хувьдаа автомашинтай болчихсон залуу явлаа. Энэ бол хөдөлмөрийн ач. Манай аав геологич хүн. Ээж маань тооцооны нягтлан хүн. Миний хувьд элит, эсвэл сэхээтэн гаралтай хүн биш. Би ажилчин ангиас гаралтай. Тиймээс би хөдөлмөрийн үр шим, ач тус ямар байдгийг мэднэ. Удам дамжсан хөрөнгө байхгүй. Надад олдсон зүйл байх л юм бол би түүнийг бизнес хийж, хөдөлмөрөө шингээж бий болгосон гэсэн үг. Би гишүүн болохоос өмнө төрд огт ажиллаж байгаагүй. Би тендер авч байгаагүй. Яг л бизнесээрээ явсан. Таны асуугаад байгаа “Баян Баясаа” гэдгийг манай найз нар надад өгсөн нэр. Юу гэхээр би найзуудаасаа хамгийн түрүүнд хамгийн олон хүүхэдтэй болсон нь. Тэр утгаараа намайг хүүхдийн тэргэн дээр суулгаад ч багтахгүй олон үртэй шүү гэдэг байсан. Үртэй хүн баян гэдэг шүү дээ. Энэ утгаараа л намайг найзууд маань “Баян Баясаа” л гэдэг болсон. Үүнээс би ичдэггүй. Яг энэ утга агуулгыг нь мэдэхгүй хүмүүс янз бүрээр хүлээж аваад байхаар зарим үед жаахан төвөгтэй санагддаг.

Э.МӨНХТҮВШИН

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох

Ц.Гарамжавт хилийн хориг тавьж, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хоригложээ DNN.mn

Монполимет группийг үүсгэн байгуулагч Ц.Гарамжавт хилээр гарахыг хязгаарлах, нэр бүхий хүнтэй харилцахыг хориглох шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс гаргасан байна.

Энэ тухай шүүхийн албан ёсны мэдээлэлд:

“Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тадвдугаар сарын 31-ний өдөр яллагдагч Ц.Гарамжавт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох, тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг тус шүүхэд ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцлээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, прокурорын санал, яллагдагч Ц.Гарамжав, түүний өмгөөлөгч нарын хүсэлт, тайлбар, шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгсөн баримтуудад тус тус үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтоосон газар, нутаг дэвсгэрээс гарч явах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох, тогтоосон замаар зорчихыг яллагдагчид даалгаж, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авах эсэхийг прокурорын саналыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.” гэж заасныг баримтлан яллагдагчид Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, Төв аймгийн нутаг дэвсгэрт очихгүй байх, нэр бүхий иргэнтэй уулзах, харилцахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Харин прокурорын гаргасан саналын зарим хэсэг буюу тодорхой чиглэлээс өөр чиглэлд зорчихгүй байхыг яллагдагчид даалгах хэсгийг хүлээн авахаас татгалзсан болно” гэсэн байна.

Х Богд чинээлэг гэр бүлд төрсөн нь Монголын нийгэмд асуудал дагуулжээ. Хөрөнгө мөнгө бол Монголын нийгэмд эмзэг сэдэв. Гэхдээ шашны удирдагч нарыг сонгох ажилд улс төр, авлигатай холбоотой асуудал гарсаар байгаа билээ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 5, Сугар гариг. Билгийн тооллын 30, Хэрцгий охин одтой, цагаан морь өдөр. Өдрийн наран 05:00 цагт мандаж, 20:54 цагт жаргана. Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +19…+24 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул, Хэрлэн голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +7…+12 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +15…+20 градус, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +16…+18 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “УИХ-ын гишүүдийн тангаргийн үгийг өөрчилмөөр юм” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

 


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн С.Замира “Эмэгтэйчүүдэд мэдлэг, боловсрол, туршлага дутаагүй, биднийг бүх шатанд хүлээн зөвшөөрдөг хандлага л нийтэд тогтоогүй байна” хэмээн ярилаа. IV нүүрээс үргэлжлүүлэн ушнаарай.

Хууль сахиулах байгууллагаас “Монполимет групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг шалгаж байгаа талаар өмгөөлөгч Д.Отгонбаттай ярилцлаа. Тэрбээр “Монполимент групп” ХХК-ийн үйлдвэрийг зогсоож, харилцах дансыг нь хааж, хэрэг шалгах шаардлагагүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “УИХ-ын гишүүдийн тангаргийн үгийг өөрчилмөөр юм ” хэмээн өгүүллээ.

Өлзийт хааны захидал эх хувиараа эх нутагтаа заларлаа

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэж, гишүүд тангараг өргөлөө. МАН 68 суудалтай олонх болсон ч АН, Хүн намуудад Эвслийн Засгийн газар байгуулах санал тавьж, улмаар намуудын зөвшилцөл үргэлжилж байна. Энэ асуудалтай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, хуульч П.Баттөртэй ярилцлаа.

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын арслан Жамбалын Хайдав “Бөх хүн бяр чадалтай, мэхтэй байхаас гадна ёс зүйтэй, хүнлэг, жудагтай, даруу байх ёстой” гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр цаг-үе

АН-ын Улс төрийн зөвлөлөөс МАН-тай хамтарч Засгийн газар байгуулах шийдвэр гаргав DNN.mn

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд өчигдөр хуралдаж улс төрийн шийдвэр гаргажээ. Тус хурлаас хамтарсан МАН-тай хамтарч Засгийн газар байгуулахыг дэмжсэн шийдвэр гаргасан байна.

Энэхүү шийдвэрийг маргааш бүлгийн хурлаар хэлэлцэнэ.

Хамтарсан Засгийн газар байгуулсан тохиолдолд АН-д 8-10 суудал өгөхөөр яригдаж байгаа гэх мэдээлэл бий. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад  “Энэ асуудал одоогоор тодорхойгүй байна. Эхний ээлжид МАН-тай хамтрах эсэхээ шийдлээ. Мөн зарим гишүүнийг сайдаар томилохоор тохирсон мэтээр мэдээлж байгаа. Энэ ч мөн адил тодорхой болоогүй байна” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Хэрлэн гол наадмын өдрүүдэд үерийн түвшинг 10 см орчим давж үерлэх эрсдэлтэй DNN.mn

Долоодугаар сарын 4-ний өдрийн байдлаар Хэнтийн нурууны баруун хажуугийн Туул /Алтанбулаг/, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-40 см нэмэгдсэн байна.     Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Балж, Онон, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-45 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 60 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер Наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10, 11-ний үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна. Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татмаас холдож нүүхийг анхаарууллаа.        

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 15-30 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см даван үерлэж байна. Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.