Categories
мэдээ цаг-үе

Хүүхдийг зориулалтын бус хэрэгслээр урсгал болон тогтоол усанд тоглуулахгүй байхыг анхааруулав DNN.mn

Гол, усанд амь насаа алдсан иргэдийн дийлэнх хувийг сэлэхээр ороод живсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол ус руу орсон тохиолдлууд эзэлж байна.

Эцэг, эхийн хараа хяналт муу байгаа нь бага насны усанд эндэх шалтгаан болж байгааг ОБЕГ-аас анхаарууллаа.

Зориулалтын бус завь, усан сан, хийлдэг гудсыг ашиглан урсгал болон тогтоол усанд хүүхдээ тоглуулахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Categories
мэдээ цаг-үе

Дархан аварга Г.Өсөхбаяр, Тод манлай уяач Д.Онон нар Хөдөлмөрийн баатар болно DNN.mn

Баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, зарим хүнийг одон медалиар шагнадаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат дархан аварга Г.Өсөхбаяр, Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат тод манлай уяач Д.Онон нарт Хөдөлмөрийн баатар цол олгох зарлиг гаргажээ.

Тэдний цолыг энэ сарын 8-нд буюу ирэх Даваа гаригт Төрийн ордонд гардуулна.

Сонирхуулахад, дархан аварга Г.Өсөхбаяр үндэсний бөхөөс төрж буй тав дахь Хөдөлмөрийн баатар болж буй. Түүнээс өмнө 1992 онд Х.Баянмөнх, 1994 онд Ж.Мөнхбат, 1998 онд Б.Бат-Эрдэнэ, 1999 онд Д.Дамдин нар хөдөлмөрийн баатар болсон билээ.

Харин уяачдаас Хөдөлмөрийн баатар төрсөн хоёр дахь тохиолдол юм. Өмнө нь 2013 онд тод манлай уяач Э.Даваахүү тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар хөдөлмөрийн баатар болж байжээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

“Гоё” хүн байхыг хичээгээрэй DNN.mn

Би бүхий л хүнтэй эелдэг сайхан харьцахыг хичээдэг. Таних төдий байсан ч завтай бол төрсөн өдрийн мэнд хүргэчихдэг. Огтхон ч танихгүй хүн байсан ч надаас тусламж хүсвэл сэтгэлээсээ хэлээд, хийгээд өгчихдөг. Хүнийг ахаа, эгчээ, миний дүү гээд л хүндэлдэг. Хүнтэй муудалцсан бол хар буруу саналгүй тэгсхийгээд л өнгөрүүлчихдэг. Шүүмжлэл шаардлагыг хүлээгээд авчихдаг. Аль болох хүнийг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээдэг.

Хүн ер нь хэр удаан амьдарна гэж хэн хэндээ муу санаж явах вэ дээ. Нэг л амьдрах хорвоод. Нэгэндээ зөөлөн хандахыг бодоорой. Хов жив хөөцөлдсөн, хүн муулсан, хийхгүй атлаа шүүмжилсэн, өөлсөн, гоочилсон, энерги муутай хүмүүсээс ангид хол явахыг хичээгээрэй. Баярлалаа гэж хэлж чаддаг. Алдаа гаргасан бол уучлалт гуйдаг. Цагаа барьдаг. Хүмүүст зөвлөж тусалдаг. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн өчүүхэн зан битгий гаргаарай. Уулзсан хүн бүхэн чинь амьдрахын төлөө тэмцэж байгаа шүү. Чамтай л адил. Энэ бүгдийг ойлгох ухаан, сэтгэл, мэдрэмж гурав танд, надад, бид бүгдэд бий.

Хүнд гоё энерги өгдөггүй юм аа гэхэд ядаж хүний энергийг бардаггүй хүн байгаарай. Хүн чанар, хүнлэг сэтгэлтэй гоё хүмүүсийн нэг нь та байхыг хичээгээрэй.

Д.Баттогтох

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Жүжигчин, МУСТА Р.Анхням: Хүнд сайн сайхан, гэрэл гэгээ, итгэл өгөх тийм л кинонд тоглох дуртай DNN.mn

Түүнтэй ярилцаж суух цаанаа л нэг уярам, яагаад ч юм бэ яруусалтай байдаг. Үзэсгэлэнт энэ жүжигчинтэй би гурав дахь удаагаа ярилцаж байна. Тэгэхдээ анхны ярилцлагаас хойш 10 жилийн дараа ярилцсан. Ярилцлага өгөх тийм ч дуртай биш энэ бүсгүй намбалаг төрхтэй, ухаалгаас гадна их чамбай. Ярилцаж суух хоромдоо бурхан түүнд бүхнийг харамгүй заяажээ гэж бодохоос гадна бишрэх сэтгэл төрж байснаа нуухгүй. Ингээд ярилцлагаа уншигчдадаа хүргэж байна. Энэ эрхэм хүмүүн бол МУСТА, “Алтан гадас” одонт, жүжигчин Р.Анхням юм.


-“Чонон сүлд” киноны нээлт 2015 оны хоёрдугаар сарын 7-ны баасан гаригт Монголд болж, нийслэлийн гурван кино театрт зэрэг явагдаж байлаа.“Чонон сүлд”-ийг Монголд авчрахын тулд маш өндөр өртөг төлсөн гэж тухайн үед яригдаж байсан. Энэ киноны нээлтийг Монголд хийхэд голлох үүрэг гүйцэтгэсэн хүмүүсийн нэг нь бол Та. Тийм нүсэр үйл ажиллагаа болсон уу?

-“Чонон сүлд” киноны нээлтийн бүх асуудлыг манай нөхөр бид хоёр хариуцаж ажилласан л даа. Манай киноныхон бол бүхий л боломжит нөхцөлөөрөө бид хоёрыг дэмжиж ажилласан.Кино театрууд, манай уран бүтээлчид бүгдээрээ л “За, ахын дүү яаж байна, эгчийн дүү яаж байна, яаж туслах уу” гэж дэмжиж, тусалж байсан нь киноны нээлтийг хийхэд маш их дэм болсон.“Монгол контент” компанитай хамтарч байсан, монгол контентынхон бас зохион байгуулах тал дээр нь ажиллаж байсан. Ялангуяа “Ард кино театр”-ын Ганхуяг ах бидэнд маш их тусалсан. Тухайн үед бидний саналыг хүлээж аваад л хамтарч байлаа. Бүх телевиз, бараг л бүх сонин хэвлэлүүд тусалж байсан даа.

-Найруулагч нь франц хүн. Маш өндөр шалгуураар жүжигчдээ авсан гэдэг. Р.Анхнямын хувьд “Чонон сүлд” кинонд тоглохын өмнө Хятадад  хэд хэдэн кинонд тоглосон нь нөлөөлсөн,“Гаадаа Мээрэн”-гийн гол дүрд тоглосон зэрэг нь нөлөөлсөн гэх ярианы зэрэгцээ хятадуудаар яриулаад Анхням орчихсон юм аа гэх чхүн байсан. Энэ сонгон шалгаруулалт нь яаж явагдсан юм бэ?

-Маш өндөр төсвөөр бүтсэн кино шүү дээ. Тийм хэмжээний хөрөнгө гаргаад, тийм хэмжээний бүтээл хийхэд ямар хэмжээний ашиг олох вэ гэдгээ урьдаар төлөвлөөд, маш олон жил бэлдээд хийж байгаа уран бүтээлч бол жүжигчдээ тус бүрт нь энэ жүжигчний нэр хүнд, авьяас чадвар хэр вэ,карьер нь аль хэмжээнд байгаа вэ гэдгийг харж сонгоно.Би тэр франц найруулагчийг ч, тэр продюсерыг ч танихгүй, өөрөө л сонгон шалгаруулалтад ороод кинондоо сонгогдож байгаа хүн шүү дээ. Тэр хүмүүст киног сайн уран бүтээл болгоё л гэсэн зорилго байсан нь тодорхой. Олон

орны уран бүтээлчид нэг зорилгын төлөө энд тэндээс ирж, сайн болгохын тулд газар газрын шилдгүүдийг цуглуулж ажиллаж байсан хэрэг.

Ганц жүжигчнийг сонгохын тулд зөвхөн найруулагч юм уу захирал шийддэггүй, тухайн киноны арын албанд байгаа бүх хүн сонгодог. Яагаад Анхнямыг сонгох ёстой вэ,яагаад заавал монгол жүжигчин гэж вэ гэдгийг намайг сонгосон найруулагч хамгаална шүү дээ. Тэгэхээр тэр хүн хамгаалж ярихын тулд надаас харсан нэг төсөөлөл байна тийм үү. Энэ хүн манай кинонд ингэж оролцоно, ийм хэрэгтэй байгаа учраас энэ жүжигчнийг авах хэрэгтэй гэж яриад тэр компани нь зөвшөөрнө. Тийм амархан болчихдоггүй, эхлээд санал болгоно, найруулагчтай нь уулзана, кино проб өгнө.

-Монголын жүжигчин Анхням урд хөршид очиж кинонд тоглох болсон нь юунаас эхлэлтэй вэ. Тэнд хэдэн хүн амтай билээ. Монголын жүжигчин тэнд илүүднэ үү гэхээс дутахгүй газар шүү дээ?

-Хятадын нэг эмэгтэй найруулагч байдаг. Монголд анх ирж киноны проб хийж байсан юм. Тэр пробонд орж тэнцээд Өмнөд Монголд очиж киноны зураг авалтад орсноор би Өмнөд Монголын жүжигчидтэй анх танилцаж байсан юм. Ер нь Өмнөд Монголд очсон маань тэр. Одоо бол багш хийгээд, кино урлагаа төлөөлдөг болчихсон хүмүүс байгаа. Тэр үед би очоод ажлаа л сайн хийе гэж бодож байсан. Анх олон ангит киноны зохиол аваад хятад хэлгүй болохоор тэнд байгаа өмнөд монголчуудаараа орчуулга хийлгэж, түүнийгээ хэвлүүлчихсэн, дунд нь өөрөө баахан юм наагаад, орчуулж бичиж аваад нарийн бичиг шиг л явдаг байлаа. Харин тэр хүмүүст миний зүтгэл их таалагдсан юм шиг байгаа юм.

Тэгээд дараа нь “Гаадаа Мээрэн” киноны пробонд ороод гол дүрд шалгарсан.

-Хятад бол асар том зах зээл, Холливудад киногоо гаргах гэж зүтгэдэг, тэр том зах зээлд өөрийн гэсэн өнгө төрх, байр суурьтай болчихлоо. Энэ бол хувь тохиол байх.Гэтэл үүнийг мөрөөдөж байгаа маш олон уран бүтээлч байгаа. Энэ зах зээлд ороход хэр хэцүү вэ?

-Боломжгүй зүйл гэж байхгүй, хөдөлмөрлөж байж л ямар нэг зүйлд хүрнэ гэж боддог.

-Сайн киноны цаана жүжигчдийн авьяас чадвар түүнийгээ дагаад үнэ хөлсний тухай яригддаг. Анхнямын хувьд дундаж кинонд дүр бүтээх ханш нь 40-50 сая байдаг гэх мэдээлэл гарсан?

-Ер нь бол олонд хэр танигдсан бэ гэдгээрээ үнэлэгдэнэ. Олон хүн амтай газар олонд танигдсан жүжигчин уран бүтээлдээ оруулах нь киноныхонд илүү ашигтай. Дараа нь киноны нээлтэн дээр дагуулаад явж байсан ч, нэг газар оруулаад ярилцлага өгүүлсэн ч гэсэн олонд танигдсан жүжигчин тоглуулах сонирхолтой л доо. Түүнийгээ дагаад үнэ хөлс нь шийдэгддэг.

-“Чонон сүлд”38 сая ам.долларын өртгөөр бүтсэн кино. Энэ урилга бол хүн болгонд олдоод байдаг боломж биш. Таныг хэр үнэлсэн бэ?

-Өндрөөр үнэлсээн. “Чонон сүлд”-д Галсмаа нь эмэгтэй гол дүр гэж явдаг юм. Номон дээрээ бол Галсмаа дөнгөж гарч ирээд л байхгүй болчихдог.Тэгээд найруулагч маань ганцхан эмэгтэй дүрийг нь тодруулсан л даа. Ер нь бол киноны бүтэж байгаа өртөг өндөр байх тусмаа гол дүрийн жүжигчдийн цалин өндөр байдаг.

-Таныг хэдэн төгрөг аваад цаашаа хийчихсэн юм бэ гэдэг талаас нь асуугаад байгаа юм биш.Таны үнэ өндөр байх тусмаа Монголын жүжигчний үнэ төдий чинээ өндөр байна гэдэг бол таатай мэдээлэл.Өндөр өртөг амлаад байхад Монголдоо кинонд тоглодоггүй юм уу?

-Монголд тоглосон кинонуудад үнэ хөлсөн дээр нь фокус өгөөд байдаггүй ш дээ. Дэлгэцийн уран бүтээлчид ер нь үнэлэмжээ өндөр байлгах ёстой гэж боддог.

-Хүн болгонд өөрийн гэсэн характер байдаг.Таныг таньж мэддэг болоод багагүй хугацаа өнгөрсний хувьд ажигласан нэг чанар байдаг юм. Тэр нь өөрийнхөө тоглосон уран бүтээлийг олонд сурталчлах хандлага байдаггүй, даруу гэх үү нэг тийм байдал. Хүмүүс бол өөрийгөө амьд байгааг янз бүрээр мэдрүүлэх гэдэг, харин Р.Анхням чимээгүй байж л байдаг?

-Би хийсэн зүйлээ сурталчлаад байх дургүй, санаа зовоод байдаг юм. Сайн уран бүтээл болсон бол хүмүүс үнэлнэ. Энэ сайн уран бүтээл болсон байна, энд Анхням тоглосон байна гээд л. Тийм байхад би нэг их өөрийнхөө тухай яриад байх шаардлагагүй гэж боддог. Жишээлбэл, би телевизийн нэвтрүүлэгт ороод, сонинд ярилцлага өгөх дургүй, та ч намайг мэдэж байгаа. Сонинд ярилцлага өгөхдөө хамгийн их хүсдэг зүйл бол миний тухай тэр сонин дээрээс ойлгож мэдрээсэй гэж боддог. Миний хэлэхийг хүссэн санааг тухайн сэтгүүлч гаргаж чадаагүй байхад сонинд үүрд хадгалагдаж үлдэнэ гэдэг надад тун харамсалтай санагддаг. Тэгэхээр би сонинд ярилцлага өгөх гэж нэг их чармайдаггүй. Тухайн хүний дотоод сэтгэлийг таниулж чадсан л ярилцлага хийхгүй юм бол заавал ярилцлага хийх шаардлага байна уу гэж боддог. Түүний оронд цахим ертөнцөөр өөрийнхөө бодлыг илэрхийлчихсэн нь надад илүү амар.

-Монголын волейболын нэртэй тамирчин, лигт тоглож байсан, ид залуу насандаа олныг шуугиулдаг байсан Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Г.Баярсайхан амьдралын чинь хань.Та ханийнхаа тухай олон сайхан зүйл хэлдэг. Анх биднийг уулзаж байхад танайх гурвуулаа байлаа, одоо өнөр болжээ. “Гаадаа Мээрэн”-д тоглож байхад хүүхэд төрүүлж болохгүй гэж байсан уу, эсвэл хувь заяагаараа л сүүлийн хоёр охин чинь хүрээд ирсэн үү?

-Ер нь бол хувь заяа төөргөөрөө л болсон. Гэхдээ уран бүтээлч хүний хувьд хүүхэд төрүүлэх цагаа хойшлуулсан байж магадгүй, хүүгээ наймтай байхад нь хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. Хоёрдугаарт, эцэг эх болно гэдэг чинь асар их хариуцлага.Хүүхдэд мөнгө биш хайр, цаг заваа л зориулах ёстой. Эцэг эх болоод тэр хүүхдийг төрснөөс эхлээд хажууд нь хамт байх ёстой.Миний хувьд хоёр хүн бие биенийгээ таньж мэдээд, одоо хоёулаа хүүхэдтэй болъё гэдэг шийдвэрт хүрэх ёстой гэж боддог юм.

-Гүнж байх насаа дуусгаад 15 наснаасаа мөрөөдөлд автаад, 17,18 насандаа болзоонд зогсох гээд яардаг охин насыг бид үдсэн. Тэр мөрөөдөл тань өнөөдөр биелсэн үү?

-Ихэнх мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог. Би тайзан дээр олон хүний өмнө байх дуртай хүүхэд байсан.Тэгэхээр багын мөрөөдөл маань одоо биелсэн байгаа биз дээ. Бас сэтгэл хангалуун, хамгийн гол нь тайван амьдралыг, гэр бүлийнхэн маань өвчин, зовлонгүй байгаасай гэж хүсдэг. Тэрнээс биш эд баялаг, эрх мэдлийг хүсдэггүй. Тийм болохоор тэр хүссэн амьдралаар минь амьдруулах тийм л хүнтэй суусан гэж боддог.

-Кино, жүжигт нүцгэлж тоглоход хань ижил чинь яаж хүлээж авдаг вэ. Ялангуяа жүжигчин хүний хань ижил ажил мэргэжлийг нь ойлгож хүндэлдэг байж тухайн хүний уран бүтээл амжилттай байдаг.Хань ижил нь ойлгож дэмжээгүйгээс маш олон авьяас гундаж, зэвэрч байгаа гэж би боддог?

-Анх надтай суухад л би жүжигчин, Баяраа тамирчин байсан. Тамирчны амьдрал гэдэг чинь амаргүй ш дээ, гэрийн бараа харахгүй, байнгын тэмцээн уралдаантай, хөдөө гадаа явна.Би Баярааг хүлээн зөвшөөрсөн шиг намайг ч хүлээн зөвшөөрөөд л хамтдаа байхаар шийдсэн хэрэг. Хоёр өөр орчноос нийлээд амьдарна гэдэг чинь хоёр талаасаа ухаан шаардана гэсэн үг.

Би урьд нь ажил нэгдүгээрт, амьдрал хоёрдугаарт гэж боддог байсан. Тэгээд гэр бүлтэй болсноос хойш амьдрал нэгдүгээрт, ажил хоёрдугаарт гэдгийг ойлгосон. Ямар нэгэн кинонд тоглох болоод кино зохиол уншаад дараа нь “Баяраа, чи үүнийг нэг уншаадхаарай” гэхэд шөнө ч хамаагүй сууж байгаад уншдаг. Тэгээд харилцан бодол санаагаа хуваалцдаг. Миний ажлыг ерөөсөө үгүйсгэдэггүй. Амьдралын маань хамгийн сайн зөвлөгч бол миний хань. Тийм болохоор би өөрийгөө хамгийн азтай эмэгтэй гэж боддог. Ер нь хүнд сайн хань заяана гэдэг бол бурхны хишиг шүү дээ.

-Дэлгэцийн уран бүтээлд дүрээ мөнхөлсөн сайхан хүүхний тоонд Та зайлшгүй орно. Сайхан гэдэг ойлголтыг хэрхэн дүгнэдэг вэ?

-Сайхны тухайд гэвэл харахад сайхан, үнэрлэхэд сайхан, сонсоход сайхан гээд л сайхан зүйл зөндөө л байна шүү дээ. Сэтгэл гэж нэг харагддаггүй, удирдаж болдоггүй эрхтэн байдаг, урьд шөнө сэтгэл өвдөөд нойр хүрсэнгүй ээ, сэтгэл өвдөөд бие тавгүй болчихлоо гэх мэт. Тэр сэтгэл гээд эрхтнийг сайхан дуу сонсож, сайхан үнэр үнэртэж, сайхан зүйлсийг мэдэрч байж эмчилдэг. Урлагаар дамжуулж сэтгэлийг эмчилж болдог, манай үндэсний урлаг хөөмий, хөгжим хүний сэтгэлийг эмчилдэг.Тийм учраас театрыг ариун сүм гэж нэрлэдэг.Тэнд хүний сэтгэлийг ариусгаж,эмчилдэг.Дунд сургуулийн боловсролоор урлагийг зөв танин мэдэж, сэтгэлээ эмчилж сурах хэрэгтэй л гэж би хувьдаа боддог. Тэр боловсролыг эзэмшсэн хүн юунаас ч сайхныг олж харж чаддаг. Хэрвээ хүн аливаа зүйлээс ямар нэг сайхныг олж харж чадаж л байвал тэр зүйл сайхан. Тэгэхээр сайхан гэдэг нь харьцангуй ойлголт л доо.

-Жүжигчний мэргэжлийг сонгосондоо харамсаж байсан үе бий юү?

-Манай гэрт тарвагачин ч байсан, гуйлгачин ч байсан, ганцхан номын хүн л байгаагүй гэдэг шиг жүжигчин хүн манай удамд байгаагүй. Тэгэхээр би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Энэ мэргэжлийг сонгосондоо хэзээ ч харамсаж байгаагүй.Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв сонголтын нэг.

-Хотын унаган хүүхэд Анхням Хятадын кинонд морь унаад л давхидаг. Өмнөд Монголд очоод сурсан уу, эсвэл өөрөө бэлдэж очиж байв уу. Ер нь жүжигчин хүн уншиж тархиа цэнэглэхээс гадна монгол ахуйгаа сайн мэддэг байх хэрэгтэй гэж боддог юм?

-Тавдугаар ангидаа өвөөтэйгөө цуг яваад морь унаж сурч байсан.Энэ нь монгол ахуйтай кинонд тоглоход сонгогдох нэг давуу тал болсон. Тэгэхээр жүжигчин болж байгаа залуус монгол ахуй, соёлоо маш сайн мэддэг байх хэрэгтэй.Одоогийн жүжигчид хаана ч тоглох боломжтой болсон цагт энэ их чухал.Тухайлбал, гадаад хүнд сүү самрахыг зааж өгөөд самруулах нэг өөр, монгол хүн самрах шал өөр. Монгол хүн бол зөвхөн сүүгээ самрахгүй,алсын бараа ширтээд, гадаа үнээ тугал юу болж байна, гурван настай нөхөр хаана явна гэх мэтчилэн сүүгээ самрангаа мэдээлэл авч байдаг. Жишээ нь, Хятадын жүжигчидтэй хамт кинонд тоглож байхад гадаа бороо ороод гэр доторх зураг авч байгаа юм.Тэгэхэд хэн ч тооно руу харахгүй байгаа байхгүй юу.Манайхан чинь тэнгэр дуугарахаар тооно руугаа хараад л “Ээ, бурхан минь” гэж залбираад амандаа маани уншдаг шүү дээ.Тэд тэгэхгүй байгаа юм. Тэгээд намайг хэлэнгүүт энэ яг мөн, монгол хүн нээрээ ингээд байдаг гэсэн. Энэ чинь л жүжигчин хүний давуу тал.

-Р.Анхнямын хувийн ертөнцийг тодорхойлбол яг юу гэж хэлэх вэ?

-Би өөрийгөө тодорхойлох гэж их хичээсэн. Би ер нь ямар хүн бэ гэж боддог, заримдаа бүр өөрийгөө танихаа байдаг. Тэгэхлээр амьдралын цаг, минут, секунд бүрт өөрөө өөрийгөө олборлож байгаа нь, ухах тусам доороосоо гарч ирээд байдаг эрдэнэсийн уурхай шиг, тэр уурхайг ухаад байхаар янз бүрийн өнгөтэй, гэрэлтэй, гэрэлгүй чулуунууд гарч ирдэг шиг, би ч бас тийм хүн шиг санагддаг. Одоо ч гэсэн би өөрийгөө бүрэн хайж олоогүй байгаа. Энэ нь миний мэргэжилтэй холбоотой. Жүжигчин хүн дүр бүтээх гэж өөрөөсөө огт өөр бүхэл бүтэн нэг хүнийг бий болгодог байхгүй юу. Сайн дүр бүтээхийн тулд шүү дээ. Жүжигчин хүн насан туршдаа нэг сайн дүр бүтээх юмсан гэж бодож байгаад бурхны оронд очсон тохиолдол маш их. Тийм дүрийг бүтээхийн тулд хүнээс маш их хөдөлмөр, бүр ихийг шаардана. Тэгээд тэр нь дандаа сэтгэлийн үзүүртэй холбоотой. Эхлээд сэтгэл дотроо ургуулна, тэгээд сэтгэлээрээ дамжуулаад бодитоор гаргана, тэгж байж тэр хүнээ хөгжүүлнэ. Анхням гэдэг хүн өөрийгөө бүрэн бүтэн мэддэг байхаас гадна дахиад нэг хүнийг өөрөөрөө дамжуулан бүтээнэ гэдэг маш хэцүү. Тийм өнгөцхөн, амархан зүйл огт биш.

-Хайрыг юу гэж хүлээж авдаг вэ. Хайр гэдэг зүйл дандаа гэрэл гэгээ ч юм уу, зөв энерги, эерэг юм дагуулдаг гэдэг?

-Ямар нэгэн хайргүйгээр би хувьдаа оршин тогтнож чадахгүй. Хэн нэгэн намайг хайрлахгүй байхад надад хамгийн аймшигтай. Гэвч бурхны авралаар миний эргэн тойрны хүмүүс намайг дандаа хайрладаг. Тэд маань намайг хайрладаг болохоор би бас хүмүүсийг хайрладаг болж хүмүүжсэн.

-Ямарваа нэгэн кинонд тоглох урилга аваад зохиолыг нь уншаад татгалзаж байсан удаа олон уу?

-Тийм тохиолдол зөндөө.Би алаан талаантай, аймшгийн кино үзэх дургүй.Би тийм киноны зохиол аваад “Уучлаарай, би амжихгүй нь” гээд өгдөг. Хэтэрхий их хүчирхийлэлтэй киноноос шууд татгалздаг.Түүний оронд аль болох хүнд сайн сайхан, гэрэл гэгээ, итгэл өгөх тийм л кинонд тоглох дуртай.

-Хамгийн өрсөлдөөнтэй салбар бол урлаг. Тэнд нэр төр олохын төлөө “Хоролмаа”-дах энүүхэнд байдаг байх.Танд ийм зүйл тохиолдож байв уу?

-Би тийм ч их шартай, хортой хүн биш. Айхтар муу авир зан надад байхгүй. Өөрийгөө магтаж байгаа юм биш шүү.Өөрийгөө бодохоос илүү өрөөлийг бодох гээд байдаг юм. Ямар нэгэн өрсөлдөөн бий болоход за яахав, би заавал үүний төлөө зүтгээд яах юм бэ, дараа нь надад үүнээс илүү боломж олдоно шүү дээ гэж боддог. Угаасаа л хүн хүнд тохирсон хувь гэж байгаа. Хүн түүнийгээ л эдлээд явах хэрэгтэй. Заавал хүний хувь руу гар дүрэх гээд зүтгээд байх хэрэггүй. Би бол яардаг ч үгүй, алгуурладаг ч үгүй.

-Ер нь эмэгтэй хүнийг брэнд чимдэг юм уу, эсвэл эмэгтэй хүн өөрөө өөрийгөө чимдэг юм уу?

-Эмэгтэй хүн өөрөө өөртөө л чимэг. Хэтэрхий их чимэг, хэтэрхий их илүү дутуу юм хүнд гоё чимэг болохоосоо илүү тээр садаа болоод байгаа юм шиг надад санагддаг. Эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй, дотроосоо гэрэлтэж байвал сайхан харагдана. Тэгэхдээ тохирсон газраа тохирсон зүйлээ л өмсөж, зүүх хэрэгтэй.

-Хүүхнүүд хааяа нийлж суугаад хошуу холбодог шиг найз бүсгүйчүүдтэйгээ уулзаад шивнэлдэх боломж гардаг уу. Олон найзтай юу?

-Гардаг. Найз гэдэг хүнд чухал учраас би найз нөхдөдөө яаж ийж байгаад зав гаргадаг.“Найзаар минь намайг таньдаг” гэдэг шиг санаа сэтгэл нийлсэн, нэг нэгнийхээ төлөө байж чадах тийм хүмүүс л найзууд болно. Тийм найз надад цөөхөн.Танил бол олон байгаа. Тиймээс найзууддаа би зав гаргадаг. Нэг нэгнийхээ ахуй амьдралыг асууж сураглаж, сэтгэл санаагаа солилцож суух нь надад таалагддаг.

-Анхням жүжигчний амьдралдаа авсан хамгийн том бэлэг юу вэ?

-Хүн болж төрсөн минь хамгийн том бэлэг. Ээждээ баярладаг. Өглөө болгон мандаж байгаа нарыг харж байгаадаа би баярладаг. Амьдарна гэдэг сайхан шүү дээ.

Бид ийн ярилцсан юм. Ярилцлагынхаа төгсгөлд авъяаслаг, үзэсгэлэнт монголжингоо бүсгүйнхээ бусдад хэлэхийг хүсдэг үгийг сонссон юм. Тэр юу гэсэн гээч. “Хүмүүсийг бие биенээ хайрлаасай л гэж хэлмээр байна, хүмүүс амьдрал хайр дээр тогтдог, тогтдоггүй гээд л яриад байдаг. Үнэндээ амьдрал хайр дээр л тогтдог шүү дээ” хэмээсэн. Ердөө л энэ.

Ярилцсан Н.САРАНЧиМЭГ

 

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

2024.07.06 / БЯМБА ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ХОНЬ ӨДӨР

Үс засуулвал: Нас ахар болно
Наран ургах, шингэх: 05.01-20.53
Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага:

Сэрэхүй   Суудал: Огторгуй

Аргын тооллын 7 сарын 6, Санчир гариг. Билгийн тооллын 1, Өглөгт охин одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:00-20:54. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Бага халуун эхлэх улирал (22ц 54м) эхлэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томиллоо DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан МАН Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж хэлэлцүүллээ.

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 104 гишүүний 103 нь Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Ингэснээр 2021 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн тэрээр үргэлжлүүлэн ажиллахаар боллоо.

Түүний хэлсэн үгээс сийрүүлбэл

” Энэ удаагийн сонгууль зөвхөн парламентын хувьд шинэ 30 жилийг эхлүүлэх бус нийгэм, удаан хугацаанд хуримтлагдсан суурь асуудлыг шийдвэрлэхэд чухал цаг хугацаа байна гэдэгт итгэж байна.
Улс орон бол хүний биетэй адил амьд организм билээ. Эд эс, эрхтэн бүхэн эрүүл байж, цусны эргэлт хурдсаж, дархлаа хэвийн байж эрүүл, эрч хүчтэй байдаг шиг улс орны хөгжил цогц ойлголт бөгөөд шинж тэмдэгтэй зууралдах биш амьд организмыг доголдуулж буй шалтгааныг зөв оношилж, суурь РЕФОРМхийх ёстой.

Энэ дөрвөн жил бид боомтын сэргэлт, аялал жуулчлал, цахим засаглал, нефтийн үйлдвэр зэрэг эхлүүлсэн төслөө хэрэгжүүлж дуусгахаас гадна
·      30 жил хүлээгдсэн эрчим хүчний салбарын либералчлалыг цаг алдалгүй хийхэд улс төржилгүй хамтран ажиллахыг Та бүхнээс хүсье. Эрчим хүчний салбарыг эргэн сэргээхгүйгээр хот байгуулах, эдийн засгийг тэлэх гэдэг бол хоосон мөрөөдөл юм.

·      Бүсчилсэн тойргоор анх удаа сонгууль явагдсан тул асуудлыг зөвхөн аймгийн түвшинд биш, бүсийн хэмжээнд харах, аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомтуудтай холбох “ТАВАН ТОЙРОГ” дэд бүтцийн мега төслийн их бүтээн байгуулалтыг илүү эрчимжүүлэх болно.

·      Бид “аж үйлдвэр, уул уурхайн”, “сэргээгдэх эрчим хүчний”, “эрчимжсэн хөдөө аж ахуй, газар тариалангийн”, “түүхэн болон байгаль, соёлын аялал жуулчлалын” төрөлжсөн бүсүүдийг бий болгож, бүс бүхэн ялгаатай татварын бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.

·      Уул уурхайн салбарыг байгаль орчинд ээлтэй, иргэдэд хүртээмжтэй, хөрөнгө оруулагчдад тодорхой болгох Үндэсний баялгийн сангийн тогтолцоог бэхжүүлж, Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрүүл мэнд, боловсрол, орон сууцжуулалт, хуримтлалын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно.

·      Нүүрс, байгалийн баялгийн экспортын дараа манай улсын экспортлох бүтээгдэхүүн, эдийн засгийн салбар юу байх вэ гэдэгт шийдэл гаргаж эдийн засгийн бусад салбараа дэмжиж ажиллах шаардлагатай байна.

·      Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс улбаалж, нүүдлийн мал аж ахуйд томоохон хэмжээний сорилт үүсэж байна. Хоршоолох, цөлжилтийн эсрэг арга хэмжээ, гамшгийн эсрэг менежмент, онцгой байдлын салбарын шинэчлэлийг нэн шинэ түвшинд гаргах шаардлага тулгарч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж байгаа нь ч эдгээр асуудал бүх нийтийн асуудал болсныг харуулж байна.

·      Энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд нийслэлийн “их, бага тойруу” буюу 770 га газарт төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг задалж, эрх мэдэл салангид байх сонгодог парламентын нийтлэг зарчмын дагуу Засгийн газрыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх тухай 30 жилийн улс төрийн мэтгэлцээн шийдлээ олж чадна гэдэгт итгэлтэй байна.

·      Ингэснээр иргэдэд ээлтэй, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, эрүүл аюулгүй ногоон байгууламж, соёл, спортын үйлчилгээг
20 минутын дотор авах гэр бүл, хүний төлөө шинэ стандарт бүхий “амьд” хот төлөвлөлт хийх боломж үүснэ.

·      Бид Нийслэл болон Богд уулыг тойрсон хурдны замыг барьж, Нийслэл-Хөшигийн хөндийг холбосон гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтыг энэ жилдээ багтаан эхлүүлэх шаардлагатай.

·      Хот байгуулалтын төлөвлөгөөг бүсчлэн эрчимжүүлж, Хархорум, Шинэ Зуунмод зэрэг шинэ хотын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх болно.

Бид тавьсан зорилго зорилтоо хурдтай хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөл, технологийн дэвшилд суурилан, мэргэжлийн экспертүүдийн зөвлөмжид үндэслэн ажиллаж, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, их дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг Засгийн газар бүх талаар дэмжин ажиллах болно.
Эдийн засгийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд жил бүхэн эдийн засгийн өсөлт багадаа 6-7 хувийн өсөлттэй байх шаардлагатай бөгөөд аж үйлдвэржилт, эрдэс баялгийн хайгуул, ногоон технологийн шилжилт, мэдээллийн технологи, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалтыг тусгайлан дэмжих болно.

Энэхүү эдийн засгийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд төрийн бүтээмжийг эрс дээшлүүлэх шаардлага бий. Сонгодог парламентын засаглалыг бүрдүүлэхэд эрс шинэчлэл хийгдсэн энэхүү суурин дээр Төрийн бүтцийн дахин төлөвлөлтийг сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудын нийтлэг жишигт уялдуулах зүй ёсны шаардлага урган гарч байна.
Нэг үгээр хэлбэл төрийн байгууллагуудын бүтэц ерөнхий биш, тухайлсан асуудлыг нарийвчлан хариуцах, хариуцлага хүлээх, үнэлэлт дүгнэлт өгдөг байх тогтолцоонд шилжихэд энэ парламент чухал үүрэг гүйцэтгэж чадна гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Categories
гадаад мэдээ

Туркт Сири цагаачдын эсрэг жагсаал болж 7 хүн амь үрэгджээ DNN.mn

Турк иргэд болон тус улсад амьдарч буй Сири цагаачдын хооронд хурцадмал байдал үүсээд байна.

Тус улсад Сири цагаачдын эсрэг жагсаал болж үүний улмаас 7 хүн амь үрэгдэн, 470 гаруй хүн баривчлагджээ.

Сири болон Турк цэргүүд мөргөлдөж, нөхцөл байдал хурцадсан тул Турк гол боомтоо хаасан байна.

Ням гарагт /2027.06.30/ Кайсери хотод Сири цагаач эр бага насны охиныг хүчирхийлсэн гэх мэдээлэл цахим сүлжээгээр тарсны дараа тус хотод үймээн самуун дэгджээ.

Туркийн Дотоод хэргийн сайд Али Йерликая уг хэргийг шалгаж байгаа гэж мэдэгдсэн юм.

Жагсагчид дан ганц Сири цагаачдын эсрэг бус тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы Сири улсын бодлогыг шүүмжилж байгаа юм.

Тэд Эрдоганы Сири иргэдэд хилээ нээж буй бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэж буй.

2011 онд Сирид иргэний дайн эхэлснээс хойш Турк руу 3.5 сая гаруй хүн дүрвэсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилжээ DNN.mn

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй. Тиймээс тэрээр хариуцлага хүлээж дүүргийн Засаг даргын ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдсэн юм. Улмаар ажлаа хүлээлгэн өгч түүний оронд Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилжээ.

Г.Жаргалсайхан нь 2020 оноос өнөөдрийг хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллажээ.

Categories
мэдээ спорт

Копа Америка 2024: Аргентины шигшээ баг хагас шигшээд шалгарлаа DNN.mn

Америк тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн наймын тоглолтод Аргентины шигшээ баг Эквадорын багийг хожсоноор тус тэмцээний хагас шигшээд шалгарсан эхний баг боллоо.

АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод болсон тоглолтын үндсэн цаг 1:1-ээр өндөрлөж, Аргентины шигшээ баг торгуулийн цохилтоор 4:2-оор хожсон байна. Тоглолтын тооны харьцааг Аргентины шигшээ багийн довтлогч Лаутаро Мартинес нээжээ. Тэрбээр тоглолтын 35 дахь минутад Алексис Макаллистерийн өгсөн дамжуулалтыг толгойгоороо цохиж гоолдсон байна. Эквадорын багийн гоолыг 92 дахь минутад довтлогч Кевин Родригес оруулжээ. Аргентины шигшээ багийн довтлогч, ахлагч Лионель Месси торгуулийн цохилтод гоол оруулж чадаагүй байна. Аргентины хаалгач Эмилиано Мартинез хоёр цохилтыг хаажээ.

Хагас шигшээд аргентинчууд Венесуэл, Канадын шигшээ багуудын аль хожсонтой долоодугаар сарын 6-нд тоглоно.