Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.07.07 / НЯМ ГАРИГ

ЗУНЫ АДАГ ЦАГААГЧИН ХОНЬ САРЫН
ХОЁР ХАР ХАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Хэл,ам,хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.02-20.53
Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Хурьцахуй

Суудал: Ус

Аргын тооллын 7 сарын 7, Адьяа гариг. Билгийн тооллын 2, Найралт эх одтой, хар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:02-20:53. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +6…+11 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +10…+15 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эхээр +15…+20 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун болон өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Соёлын наадам-2024” болно DNN.mn

Соёл Урлагийн Их Сургууль Соёлын яамны дэмжлэгтэйгээр Монгол ХХХ-тэй хамтран Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, ардын хувьсгалын 103 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааг өргөтгөж, Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 2024 оны долоодугаар сарын 11-12-нд, “Уяачдын наадам”-ыг долоодугаар сарын 13-ны өдөр Хүй долоон худагт 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

СУИС-ийн соёлын өв тээгч, уран бүтээлч багш, оюутнууд, Нийслэлийн Соёлын төвийн уран сайханчид, “Идэрийн цуурай” бөхийн дэвжээний авъяаслаг бөхчүүд зэрэг нийт 200 гаруй хүн оролцох уг наадам Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болно гэж Соёл Урлагийн Их Сургуулиас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Зам тээврийн салбар 2024 оны эхний хагас жилд 62.3 сая тонн ачаа тээвэрлэжээ DNN.mn

Зам тээврийн салбар 2024 оны эхний хагас жилд 62.3 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2022 оны нийт тээвэрлэлтээс давсан үзүүлэлт болсныг Зам, Тээврийн хөгжлийн яам мэдээллээ.

Урьдчилсан тооцооллоор оны эцэст 120.5 сая орчим тонн ачаа тээвэрлэнэ гэж үзэж байна. Энэ нь 2023 оны нийт тээвэрлэлтээс 12.2 хувиар өссөн үзүүлэлт болно.

Авто тээврээр тээвэрлэсэн ачаа оны эхний зургаан сард 41.4 сая тонн хүрсэн бол оны эцэст 75 сая тонн хүргэхээр төлөвлөж байна. Харин төмөр замаар оны эхний хагаст 20.9 тонн ачаа тээвэрлэжээ. 2024 оны эцэст зорилтот хэмжээнд хүрч, 45.5 сая тонн ачаа тээвэрлэвэл 2023 оноос 26 орчим хувиар өсөхөөр байгаа ажээ. Харин агаарын тээврээр 2.2 сая зорчигч тээвэрлэх хүлээлттэй байна.

 

Categories
мэдээ нийгэм

Туул, Хэрлэн, Онон голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна DNN.mn

7 дугаар сарын 5-ны өдрийн байдлаар Хангай нурууны өврийн Түй, Байдраг, Заг, Цагаантуруут, Алтай нуруунаас усжих Дундцэнхэр, Долоонуур, Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар Туул /Улаанбаатар/, Хараа /Дархан/, Хэрлэн /Мөнгөнморьт-Өндөрхаан/, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Туул гол Лүн сум орчимд үерийн аюултай түвшинг 50 см давсан байдалтай байна.

Хэрлэн голын дагуу үргэлжилж буй үер наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10, 11-ны үед Чойбалсан хот хүрч, үерийн түвшинг 10 см орчим давах магадлалтай байна. Иймд Хэрлэн голын дагуу, ялангуяа голын адгаар суурьшиж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байж, голын татамаас холдож нүүхийг анхааруулж байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Булган, Төгрөг, Увс нуурын савын Хархираа гол үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 10 см даван үерлэсэн хэвээр байна. Бямба гарагт Монгол Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар түр зуурын бороо орох тул сав, гулдрил дүүрэн, үерийн байдалтай буй голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх нөхцөл бүрдэх учир голуудын сав дагуух хот, суурин газрын ард иргэд, зусаж, суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Англи хэлний ЭШ-ын дундаж оноогоор Орхон, Дархан-Уул аймгууд тэргүүллээ DNN.mn

7-р сарын 4-ний өдөр Англи хэл болон Түүхийн хичээлүүдийн Элсэлтийн Шалгалт (ЭШ) улсын хэмжээнд зохион байгуулагдлаа.

Түүхийн шалгалтад нийт 1,339 сурагч оролцож, хэмжээст дундаж оноо нь 499, Англи хэлний шалгалтад 21,453 сурагч оролцож хэмжээст дундаж оноо нь 500 байв.

Улсын хэмжээнд Түүхийн шалгалтад 1 (Өвөрхангай) сурагч 800 оноо авсан бол Англи хэлний шалгалтад 35 (Улаанбаатар-28, Дархан-3, Орхон-2, Өвөрхангай-1, Сүхбаатар-1) хүүхэд 800 оноо авчээ.

Энэ жилийн эхний хоёр шалгалтад төгс 800(100) оноо авсан шалгуулагч байсангүй. Түүхийн шалгалтад 1 сурагч 98 оноо, 2 сурагч 97 оноо авсан бол Англи хэлний шалгалтад 1 сурагч 99 анхны оноо авчээ. Мөн эдгээр шалгалт дээр 60 онооноос (анхны) дээш оноо авсан сурагчид нийт сурагчдын Түүх 16%, Англи хэл 13% байна.

АЙМАГ ХОТУУДЫН ДУНДАЖ ОНОО

Түүхийн хичээлийн дундаж оноогоор Өвөрхангай, Сүхбаатар аймгууд 68 оноогоор тэргүүлсэн бол Англи хэлний шалгалтад Орхон, Дархан-Уул аймгууд 38 оноотой эхний байр оров

Categories
мэдээ цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна, дотор талбайг үндсэн хоёр хэсэгт хуваан засварлаж байна.

Засварын ажлын явц 85 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 9-нд дуусгах төлөвлөгөөтэй байна. Энэ талаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хоёр талаар орж ирдэг авто замыг хааж, орц, гарцыг нэгдсэн зохион байгуулалтад оруулан, автомашингүй бүс болгож байгаа. Гэсэн хэдий ч баяр наадмын өдрүүдэд хүрээлэнгийн чанх ард 7 мянган ам метр талбайг авто зогсоол хэлбэрээр тохижуулан, асфальт бетоноор хучиж, тэмдэг тэмдэглэгээг хийж дууссан.

Зогсоолд нийт 220 автомашин зогсох боломжтой бөгөөд үүний найм нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан бол тав нь том оврын автобусны зогсоол байхаар төлөвлөсөн. Уг зогсоолыг томоохон арга хэмжээ болох үед л авто зогсоол хэлбэрээр ашиглана. Бусад үед 80 хувьд нь автомашингүй бүс байхаар зохицуулалт хийх юм. Мөн хүрээлэнгийн чанх ард 40 гаруй машины авто зогсоол шийдэж өгсөн бөгөөд баяр наадмын үеэр эл зогсоолд хүнс үйлдвэрлэл чиглэлээр асар худалдаа байршуулна” гэлээ.

Мөн өмнө нь цэнгэлдэх хүрээлэнг тойруулан байршуулсан 150 мВт-ын лед гэрэл нь зөвхөн тухайн орчмоо л гэрэлтүүлдэг байсан бол шинээр барьсан 16 цамхагт гэрэл нь хүрээлэнг бүхэлд нь гэрэлтүүлэх боломжтой аж. Нэмээд есөн жил болсон хиймэл зүлгийг сур, шагайн талбайд шилжүүлэн дэвссэн. Ийн төв талбайд шинээр тоглолт болон спортын тэмцээнд ашиглах боломжтой FIFA-ийн шаардлага хангасан зүлэг тавьж, гүйлтийн замыг шинэчилжээ.

Энэ жил баяр наадмын зохион байгуулалтад өндөр ач холбогдол өгөн ажиллаж байгаа бөгөөд хүрээлэнгийн нэгдсэн газрын зургийг гарган, нийгмийн сүлжээ болон хүрээлэнгийн ойр орчимд байршуулахаар төлөвлөжээ. Мөн хүрээлэнгийн урд хэсэгт зураг даруулах хэсэг гаргаж өгөхийн зэрэгцээ хойд талд нь хүүхдийн бүс бий болгон дотор нь олон төрлийн тоглоом байршуулж, тайзны цагийн хөтөлбөртэй арга хэмжээ зэрэг олон талт үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Тэрчлэн баяр наадмын тасалбар авч чадаагүй иргэдэд зориулан олон улсын жишгийн дагуу хүрээлэнгийн зүүн хойд талбайд том дэлгэц байршуулан, наадмын шууд дамжуулалтыг хүргэхээр төлөвлөсөн юм.

Түүнчлэн гадна, дотор талбайн засварын ажлын хүрээнд “Геодези усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан. Өнгөрсөн сард үргэлжлэн орсон борооны дараа хяналт шалгалт хийхэд хэвийн ажиллаж байсан аж. Мөн гадна талбайд байрлах зөвхөн баяр наадмын үеэр ашигладаг байсан олон, жижиг цахилгааны дэд станц, байшин, тулгуурт шон, ариун цэврийн байгууламж зэргийг буулган, газар ил гарсан цахилгааны утсыг засварласан байна. Нэмээд ногоон байгууламж бий болгох, орох, гарах хаалганы шатыг стандартжуулах, хаягжуулалтыг тодорхой болгох үүднээс хаалгануудыг дугаарлаж, зарлан мэдээлэх болон камержуулалтын систем нэвтрүүлсэн.  Энэ жил шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулна гэдгийг онцолж байлаа.

Ташрамд, хоол үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдэд долоодугаар сарын 1-ний 07:00 цагаас ulaanbaatar.mn сайтаар зөвшөөрөл олгож буй. Наадамтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг www.enaadam.mn сайтаар авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томилжээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн засаг даргаар Б.Хуягбаатарыг томилсон талаар тус дүүргээс мэдээлэв.

Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит XIX хуралдаанаар дүүргийн Засаг даргад нэр дэвшсэн Батчулууны Хуягбаатарыг тус хуралдааны төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжсэн байна.

Тэрбээр “Сонгинохайрхан дүүрэг гэх их айлыг удирдах маш хариуцлагатай албыг хүлээж авч байна. Дүүргээ нийслэлийн хөгжлийн шинэ бүс болгохын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээжээ.

Б.Хуягбаатар нь 2013 оноос СХД-ийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих мэдээлэл сургалтын төвийн мэргэжилтнээс эхлэн мерит зарчмаар шатлан ахиж өнгөрсөн дөрвөн жилд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Хурлын даргаар ажиллаж байсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж, гэмтсэн 100 гаруй хүн ГССҮТ-д ханджээ DNN.mn

Гэмтэл, согог судлалын үндэсний төвд энэ он гарсаар цахилгаан скүүтрээс үүдэлтэй бэртэж гэмтлээ гэсэн 100 гаруй хүн хандсан бол тэдний 45 нь хүүхэд байжээ.

Гэвч цахилгаан скүүтрээр замын хөдөлгөөнд хэрхэн оролцох, Авто тээврийн тухай хуульд заасан тээврийн хэрэгсэл мөн эсэх талаар нэгдсэн ойлголт зохицуулалт алга.

Иймээс энэ асуудлыг тодорхой болгох, стандарт баталж мөрдүүлэх хэрэгцээ үүссэн байна гэж Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ЗӨВЛӨМЖ: Аялал зугаалгаар явахдаа юуг анхаарах вэ? DNN.mn

Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан иргэд аялал зугаалгаар явахдаа юуг анхаарах талаар зөвлөгөө хүргэе.


Маршрутаа гаргах: Аялалд гарахдаа анхаарах чухал зүйл нь хэзээ, хаашаа явахаа шийдэх юм. Хөдөө орон нутгаар аялах бол аль замаар явах, замдаа үзэж болох үзвэр болон байгалийн үзэсгэлэнт газрууд, дайран өнгөрөх хот, тосгодуудаа тэмдэглэсэн маршрут гаргаарай.

Төсөв гаргах: Бензин, амралтын газар, хоол, замдаа үзэх үзвэр зэрэгт хэдэн төгрөг зарцуулахаа нарийн төсөвлөснөөр үргүй зардлаас сэргийлэх боломжтой.

-Хөвөн, бинт, өвчин намдаах эм, лаа, хросол, халууны шил зэрэг яаралтай тусламжийн зүйлсээ аваарай.

-Ус нэвтэрдэггүй цув, куртик, усны гутал, бага насны хүүхэдтэй явах гэж буй бол чийг татдаггүй, нэвтрүүлдэггүй дэвсгэр авахыг санал болгоё.

-Ялаа, шумуулны эсрэг тос, хамгаалалтын тортой малгай хэрэгтэй. Бага насны хүүхдийн нүд рүү ялаа орох эрсдэл байдаг учраас нүдний шил, нарны малгайг заавал өмсгөөрэй.

-Гол устай газраар явж болох ч бага насны хүүхэдтэй явж буй бол цэвэр ус илүүдэхгүй. Гэхдээ савтай цэвэр усаа машиныхаа нар тусах хэсэгт удаан хадгалж болохгүй гэдгийг санаарай.

-Мөн шүдэнз, гар чийдэн, саван, шампунь, нарны тос, гэх зэрэг ахуйн хэрэглээний зүйлсээ бэлдээрэй.

-“Хөдөө орон нутгийн олон салаа замын алийг нь сонгох вэ” гэж будилахгүйн тулд автомашинаар аяллаар явах тохиолдолд GPS авч явахад илүүдэхгүй.

-Сайхан дуу сонсож, хамтдаа дуулж явах нь илүү хөгжилтэй байдаг учраас дууны урын сангаа шалгаарай.

-Мартаж болохгүй жижиг зүйл- “Хогны уут- хол замд машинд явахад машинаа цэгцтэй байлгахын тулд мөн байгалиа бохирдуулахгүйн тулд хогны уут авч явахаа мартуузай”.

Инженер Ж.Мөнх-Оргил: Аялалд явах болон ирснийхээ дарааавто машинааоношлуулах шаардлагатай

“Доктор” авто сервисийн инженер Ж.Мөнх-Оргилоос автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хэрхэн хангах талаар тодрууллаа.


-Тухайн жолооч тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангана гэхээр юу юун дээрээ анхаарах ёстой вэ?

-Хөдөө орон нутагт явах гэж буй бол жолооч та автомашиныхаа тулгуур эд анги, тосолгооны системүүд, дугуй гээд бүх зүйлээ асуудалгүй болгож байж замд гараарай. Мөн машинаа үйлчилгээнд хэзээ оруулсан бэ гэдэг дээрээ анхаарч, тосныхоо хэмжээг шалгах хэрэгтэй. Явах, тулгуур эд анги, наклад гэх мэт ангиудыг тухайн машиныг өргөж байж үзэх шаардлагатай байдаг. Зайлшгүй хоёр удаа буюу хөдөө явах, яваад ирснийхээ дараа мэргэжлийн засварын газар хандаж, тулгуур явах эд ангиудыг үзүүлэх юм. Тоормос сайн байх хэрэгтэй, тоормосны шингэн, наклад нь хэмжээндээ байна уу, хэр нимгэрсэн байгаа зэргийг шалгуулна. Хөдөө орон нутгийн замд шалгуулаагүйгээс тухайн тээврийн хэрэгсэлд эвдрэл гараад зогсохгүй зорчигчдын амь нас, эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг.

-Жолооч нарын хувьд машины дугуйгаа сонгохдоо юун дээр анхаарах вэ?

-Дугуй бол хамгийн их ачаалал авдаг. Дугуй, зам хоёр харьцаж байдаг учраас дугуй маш сайн байх ёстой. Жолооч нар дугуйны оныг харж сайн гэснийг нь сонгоод сурчихсан. Стандартын дугуй тавихгүй бол замынхаа ачааллыг дийлэхгүй буудах, осолд орох асуудал үүсдэг. Дугуйны хээний элэгдлийг шалгана. Гаднаа гайгүй хэрнээ дотроо ялзрал, хаван үүсчихсэн байдаг тул мэргэжлийн хүнээр шалгуулах хэрэгтэй.

Запас дугуйгаа мартчихсан, байгаа байхгүйг нь мэдэхгүй жолооч нар ч бий. Зарим машинууд шингэн нөхөөстэй запас дугуйгүй ч орж ирж байна. Хашир жолооч нар нэмэлтээр запас дугуй авч явдаг. Запас дугуйгаа бэлдэхдээ хийтэй байгаа эсэхийг шалгах. Дугуйны размерын хувьд хэт том, жижиг дугуй тавихгүй, машины хаалган дээр дугуйны стандарт хэмжээ нь байдаг.

-Хол замд машиндаа ачаа суурилуулах, тоноглох нь хэр зөв бэ?

-Зориулалтын ачаа урд хэсгээрээ салхи зүсэх налуу хэсэгтэй байдаг. Монголчуудын гараар хийсэн ачаануудын хувьд салхи зүсэх хэсэггүй учир хүнгэнэсэн дуу гаргадаг. Түүнд зориудаар салхи зүсэгч хийж өгөх шаардлагатай. Машиндаа ачаа хийхэд буруудах зүйлгүй.

Зориудаар бартаат аялал их хийдэг бол машинаа тоноглох хэрэгтэй. Энгийн аялагчдын хувьд машиныхаа бүрэн бүтэн байдал, үйлчилгээн дээр анхаарах нь зүй юм.

Хөдөө явахдаа жолооч нар наад зах нь юу, юу авч явах ёстой вэ?

-Явах эд ангиа шалгуул. Тоормосны хувьд накладаа заавал шалгуул, тоормосны уян трүп зэргийн бэхэлгээ нь суларснаас дугуйндаа хавираад шингэн алдах тохиолдол байдаг. Тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаарай.

Зарим машинд дагалдах багажууд байдаг. Гар багажинд ойр зуурын түлхүүр, алх, бахь, дугуйн дроцов, данхраад, запас дугуй, эмийн сан, ослын гурвалжин байх ёстой гэв.

Г.Отгонтамир: Хүүхэд өөрөө замын хөдөлгөөний дүрэмд зорчигчийн тоонд хамаардаг

Тээврийн цагдагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамираас тодрууллаа.


-Урин дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд орон нутгийн замд их гарах болжээ. Юун дээр анхаарах ёстой вэ?

-Зуны дэлгэр цаг эхэлсэн энэ үед иргэд маань хөдөө орон нутаг руу гэр бүл, найз нөхдөөрөө амралт зугаалганд явах нь их байна. Энэ утгаар орон нутгийн зорчих хэсгийн замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Цагдаагийн байгууллагаас зуны гурван сарын хугацаанд урьдчилан сэргийлэх арга хэмжээнийхээ хүрээнд “Амь амрах алтан гурвалжин” хамгаалах бүс нөлөөллийн аянг зохион байгуулж байна.

Нэг сарын хугацаанд хийсэн судалгаанаас үзэхэд хөдөлгөөнд оролцож байгаа иргэдийн 81.3 хувь нь хамгаалах бүсийг хэрэглэхгүй, зөвхөн жолооч, урд талын зорчигч хоёр суудлын бүсээ зүүж байгааг тогтоосон. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн зөрчил дээр түлхүү хяналт тавин ажиллаж байна.

-Иргэд ямар төрлийн зөрчлүүдийг ихэвчлэн гаргаж байна вэ?

-Орон нутгийн замд нэгдүгээрт хүн тээврийн норм хэтрүүлж байна. Харахад энгийн юм шиг хэрнээ бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгачихсан зорчиж буй тохиолдлууд байна. Хүүхэд өөрөө замын хөдөлгөөний дүрэмд зорчигчийн тоонд хамаардаг. Гэтэл манай эцэг, эхчүүд ардаа гурван хүн суугаад, урдаа хоёр хүн гээд таван хүний норм болсоор байтал өвөр дээрээ нэг хүүхэд аваад, хойноо хоёр гурван хүүхэд суулгачихдаг. Хүүхдийг зорчигчийн тоонд ерөөсөө авч үзэхгүй байна. Үүнээс үүдэн бага насны хүүхдүүд осолд өртөж, амь насаа алдаж байгаа харамсалтай тохиолдлууд бүртгэгдэж байна. Хөдөө орон нутаг руу зорчиж байгаа иргэддээ анхааруулж хэлэхэд, таны тээврийн хэрэгсэл гэр бүл үр хүүхдүүдээ авч явахад аюулгүй, техникийн бүрэн бүтэн байдлаа хангасан байх ёстой. Хашир, туршлагатай жолооч нар машинаа үзлэг оношилгоонд оруулаад, тэнхлэг тохиргоонд үзүүлдэг, дугуйгаа хавантай байна уу, чанарын шаардлага хангаж байгаа эсэхэд анхаардаг. Гадна талын гэрэлтүүлгээс эхлээд салхины шилийг хүртэл үзэж шалгадаг.

Зарим жолооч нарыг харахад запас дугуй, ослын гурвалжин байхгүй, гэрэл нь шатсан зөрчилтэй орон нутгийн замд гарч байгаа нь эрсдлийг бий болгож байна. Машины хувьд бол заавал үзэж шалгах ёстой. Жолооч, иргэд маань өөрсдөө сайтар амарсан байх хэрэгтэй.

-Нойр дутуу замд гарах нь манайхны хувьд түгээмэл гаргадаг алдаа юу?

-Тийм. Нойр дутуу гурав, дөрвөн зуун километр яваад ирэхээр хүн чинь бие физиологийн хувьд үүрэглэх, замын хөдөлгөөнд оролцоход хөдөлмөрийн чадвар нь буурч эхэлдэг. Ядарсан үедээ машин барьж байгаа тохиолдолд үүрэглэнэ. Энэ нь ямар эрсдэл үүсэх вэ гэвэл зогсож байгаа машины араас мөргөх, замаас гарах, эсрэг урсгал руу орох гээд маш их эрсдэл дагуулдаг.

-Жолооч нарын хувьд гэрлээ шилжүүлэхгүй байх тохиолдлууд орой үдэш явахад их байдаг?

-Орон нутгийн замд шөнө оройн цагаар жолооч нар гэрлээ шилжүүлэхгүйн улмаас замаас гарах гээд олон эрсдэл бий. Бие биедээ гэрлээ шилжүүлээд бусдадаа хүндэтгэлтэй хандаж яваарай гэж жолооч нартаа анхааруулж хэлмээр байна.

Л.МИНЖМАА

Г.БАЛГАРМАА