Categories
мэдээ эдийн-засаг

Орон нутгийн төсөв нэг их наяд төгрөгийн ашигтай гарчээ DNN.mn

Манай улсын орон нутгийн төсөв энэ оны эхний 5 сард нэг их наяд төгрөгийн ашигтай гарсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.

Орон нутгийн төсвийн орлого энэ оны эхний 5 сард 2.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (82 хувь) их наяд, зарлага 1.6 их наяд төгрөгт хүрч, 702.9 (74.6 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьтай байна DNN.mn

“Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн дор зохион байгуулах Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний бэлтгэл 90 хувьтай байна

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний их баяр наадмын бэлтгэлийг шалгалаа.

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын ерөнхий найруулагчаар Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж байна. Тэрээр баяр наадмыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн баяр наадамд нийтдээ 1213 уран бүтээлчид оролцож байгаа юм. Нийтдээ 7 мэргэжлийн урлагийн байгууллага  уран бүтээлчид болоод цэргүүд баяр наадмын нээлтэд ажиллаж байгаа бөгөөд нээлт, хаалтын бэлтгэл 90 хувьтай байна.

Найруулагчийн шинэ санааг тайз, дэлгэцийн шинэ шийдлээр нэгтгэсэн энэ жилийн баяр наадмын онцлог байх нь. Байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археологийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж олон нийтэд хүргэх юм.

Categories
мэдээ нийгэм

Э.Оюунболд арслангийн наадамд зодоглох эсэхийг маргааш шийднэ DNN.mn

Үндэсний их баяр наадамд зодоглох бөхчүүдийн бүртгэл өнөөдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан допингийн маргаантай бөхчүүдийн барилдах эсэх маргаан гарч эхэллээ.

Тухайлбал улсын арслан Э.Оюунболдын зүгээс Монгол дахь олон улсын ба үндэсний спортын арбитрт нэхэмжлэлийн шаардлага хүргүүлжээ.

Тус шаардлагад,

  • Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг надад хууль журмын дагуу мэдэгдээгүй болон бусад шинжилгээ өгсөн бөхчүүдэд хандан тэднийг олон нийтэд шинжилгээний хариу сөрөг гарсан гэж хэлүүлсэн нь тамирчин миний эрхийг ноцтой зөрчсөн болохыг тогтоож өгөх,
  • Допингийн эсрэг байгууллага болон үндэсний их баяр наадмын комисс 2019 оны наадмын шинжилгээний хариуг өнөөдрийг хүртэл надад гардуулж, өгч танилцуулаагүй болохыг тогтоолгох,
  • Допингийн эсрэг байгууллага намайг 2019 онд допинг хэрэглэсэн гэж үзэж байгаа бол “Олон улсын дүрэмд заасны дагуу 4 жилийн хугацаанд ямар нэгэн шинжилгээ авахгүй байх ёстой” атал 2021 оны 08-р сарын 17-ны өдөр шинжилгээг авсан нь тамирчны эрхийг зөрчсөн болохыг тогтоож өгөх,
  • 2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьц Допингийн эсрэг байгууллага хэд хоног ямар нөхцөлд байлгаж, хадгалалтын журмыг сахисан эсэхийг тогтоолгох,
  • 2021 оны 08-р сарын 17-ны өдөр авсан шинжилгээний сорьцуудыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу хэдний өдөр явуулсанг тогтоолгох,
  • БНСУ-ын итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээний хариу яагаад 2 сар илүү хоног болсонг тогтоолгох,
  • Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагуудад гэмтэл бэртэлдээ хэрэглэсэн эм бэлдмэлээ тайлбарлах гэхээр хүлээж авдаггүй байсныг тогтоолгох,
  • Хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2023 оны 10-р сарын 03-ны өдөр Монголын допингийн эсрэг байгууллагын удирдлагууд болох Ж.Хатанбаатар, М.Мөнхболд нарыг хуулийн байгууллагаас хойшлуулахгүйгээр саатуулан шалгахад их хэмжээний допингийн төрлийн эм бэлдмэл их хэмжээгээр илэрсэн мэдээллийг гаргасан. Тэд чиг үүргийн дагуу допингтой тэмцэж байсан уу эсвэл допингийн төрлийн эм тариагаар ашиг орлого олох зорилготой ажиллаж байв уу гэдэгт тайлбарыг гаргуулж авах,
  • Ж.Хатанбаатар ерөнхийлөгч ажлаа өгсөн гэх атлаа яагаад одоогийн Допингийн эсрэг байгууллагын удирдах зөвлөлд (2023.10.25-ны өдөр бүрэлдэхүүнд орж бүртгэгдсэн) байдаг, энэ нь тэрбээр ажиллаж байсан он жилүүдийнхээ явцад гаргасан алдаа зөрчлүүдээ нуун далдлах зорилго агуулж байгаа эсэхийг тогтоолгох,
  • Тамирчин миний эрхийг зөрчсөн дээрх ноцтой үйлдлүүд гарсан тул одоо үндэсний бөхийн барилдаанд оролцох эрхийг сэргээж өгнө үү

Түүний шаардлагыг давж заалдах комисс хүлээн авснаар Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос түүний маргааныг Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ) болон эрх бүхий комисс шийдвэрлэхийг даалгасан.

Иймд МҮБХ-ны дэргэдэх допингийн хэргийг хянан шийдвэрлэх хараат бус комисс маргааш буюу энэ сарын 8-ны 15:00 цагт хуралдахаар товложээ. Тус комиссын даргаар П.Мөнхжаргал (хуульч), О.Амгаланхүү (эмч), Ж.Эрдэнэбаяр (хуульч, өмгөөлөгч), Д.Золбаяр (тамирчин), Д.Нямдорж (эмч) нар байдаг билээ.

зураг
Categories
мэдээ цаг-үе

Хот хоорондын 231 автобус WIFI сүлжээнд холбогджээ DNN.mn

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний 231 автобус WIFI сүлжээнд холбогджээ. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн 9 аймаг, 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулсан байна.

 

Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломж бүрдэх талаар Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

II улирлын НӨАТ-ын баримтаа маргаашийн дотор амжиж бүртгүүлээрэй DNN.mn

Иргэн та II улирлын буюу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа маргааш буюу энэ сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлээрэй.

Ингэснээр танд II улирлын буцаан олголтоо авах эрх үүсэх юм. Харин буцаан олголтын тухайд, баяр наадмын дараа буюу энэ сарын 20-ны дотор олгогдоно гэдгийг Татварын ерөнхий газраас мэдээлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Playtime festival-2024” өнөөдөр хаалтаа хийнэ DNN.mn

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Playtime festival” наадам энэ сарын 4-7-ны хооронд Налайхад болж байгаа билээ. Энэ удаагийн наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлчид уран бүтээлээ хүргэж буй бөгөөд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж, хаалтаа хийх юм.

 

“Playtime 2024” оны headliners буюу голлох уран бүтээлчдээр:

Post-metal урсгалаар тоглодог Америкийн алдарт Deafheaven

домогт Нирвана хамтлагийн Курт Кобейны хамгийн хайртай хамтлаг болох alternative rock урсгалаар тоглодог Teenage Fanclub

Өмнөд Солонгосын Idiotape, орчин цагийн техно хөгжмийн хамгийн үнэ цэнтэй нөлөө бүхий уран бүтээлч Ben Klock тэргүүтэй уран бүтээлчдийг дурдаж болно.

Мөн хөгжмийн хөтөлбөртэй 14 тайз, дотоодын хоол үйлчилгээний 200 гаруй ААН, байгууллагууд таныг хүлээж байгаа төдийгүй нийт 4000 орчим түр ажлын байрыг бий болгожээ.

Categories
мэдээ цаг-үе

Ихэнх нутгаар +30 хэм хүрч хална DNN.mn

Ойрын өдрүүдэд говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнодын тал нутгаар халж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмаар зодоглох бөхчүүдийг бүртгэж эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2233, Их монгол улс байгуулагдсаны 818, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамд 512 бөх зодоглох бөгөөд барилдах бөхчүүдийг 2024 оны долоодугаар сарын 07-09-ний өдрүүдэд 10:00–19:00 цагийн хооронд Монгол Бөхийн Өргөө /МБӨ/-нд бүртгэх талаар Монголын Үндэсний Бөхийн Холбооноос мэдээлэв.

Барилдах бөхчүүд цолны үнэмлэх, иргэний үнэмлэх, цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.

Хүүхдийн барилдаанд барилдах 16 хүртэлх насны бөхчүүдийг долоодугаар сарын 08-09-ний өдрүүдэд 10:00-18:00 цаг хүртэл Монголын хүүхдийн ордонд бүртгэх юм байна.

Бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэх /гадаад паспорт байж болно/, 2 хувь цээж зурагтай өөрийн биеэр очиж бүртгүүлэх аж.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Жолоо барьж байхдаа ч, гарцаар гарахдаа ч утасныхаа хэрэглээг больё DNN.mn

Сүүлийн үед Монголын нийгэм цахим хэрэглээнд яг л хар тамхи шиг автчихсан байгаа. Энд тэндхийн хүлээлгийн өрөө, хоолны газар, ер нь хаашаа л харна утсаа ухсан хүмүүсийн дүр зураг түгээмэл. Тэр бүү хэл фитнесийн зам дээр алхаж байгаа хүмүүс ч утсаа харчихсан л алхаж яваа харагддаг. Ер нь утас шагайгаагүй хүн үзэгдвэл содон харагдахаар үе иржээ.

Дэлгэцийн хамаарал нь даамжирсаар замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар утсаа шагайчихсан явах нь аймаар. Мөн явган зорчигчид 60-хан секундын дараа унтарчих ногоон гэрлээр зам гарахдаа толгойгоо тонгойлгоод утсаа ухчихсан явах нь түгээмэл үзэгдэл болсон.

Энэ хэрээр ч золгүй хэрэг гарч байгаа гэнэ. Өглөөхөн суусан таксины жолооч замаар гарч яваа залууг хараад ярьж байна. “Хнн, хэдхэн секунд утаснаасаа хөндийрчихөж болдоггүй юм байх даа. Аминд нь аюултай даа. Би саяхан бэрээ ийм золгүй байдлаар алдсан даа. Утаснаасаа салж хагацаж чадахгүй хурдтай яваа жолооч мөргөчихсөн юм. Уг нь дөнгөж амьдралаа эхлүүлж байсан юм, хөөрхий” хэмээн халаглалаа.

Таны хэсэгхэн хормын утасны хэрэглээ хэн нэгний амьдралд, эсвэл өөрийн тань амьдралд яаж ч хичээсэн буцааж болохгүй том гарз, хар толбо болон үлдэх вий. Ядаж л замын хөдөлгөөнд оролцохдоо утасныхаа хэрэглээг хаа хаанаа больё. Энэ нь нэг талаас соёл, нөгөө талаас ухамсрын царыг тань илтгэх нэг үзүүлэлт болчихоод байна шүү.

Р.Жаргал

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын арслан Ж.Хайдав: Бөх хүн бяр чадалтай, мэхтэй байхаас гадна ёс зүйтэй, хүнлэг, жудагтай, даруу байх ёстой DNN.mn

Монгол Улсын Аж Үйлдвэрийн гавьяат ажилтан, Монгол Улсын арслан Жамбалын Хайдавтай ярилцлаа.


-Та сайхан зусаж байна уу. Алба тавлаг уу?

-Сайхаан, тавлаг сайхан уу? Чамайг нөгөө камер энэ тэртэйгээ ороод ирэх юм бодоод сууж байлаа… Сая бас баримтат киноныхон гээд яриа авлаа.

-Та тэгвэл өнөөдөр ярилцлагын даллага авчээ \инээлдэв\Та Увс аймгийн Зүүнговь сумын уугуул. Аав, ээжийнхээ тухай яриа үүдэх үү дээ.

-Тийм шүү. Манайх Баян нуурын урд хөвөө Бураа,Харуул Чинбай гээд л нутаглана. Би Дунд өтөгт төрсөн юм билээ. Аавыг маань Ш.Жамбал,ижийг минь Ө.Тошлой гэдэг.Аав ээж хоёр маань ажилсаг,нэгдэл нийгмийн мал сүргийг сэтгэл зүтгэлтэй маллаж,олон шагнал урамшуулалтай, сумын аварга малчид гээд нутаг усандаа нэр хүндтэй эгэл сайхан хүмүүс байлаа.Хэдэн хүүхдээ боловсролтой эрдэм номтой хүмүүс болгох гэж 10 жилийн сургуультай сум руу хүүхдүүдээ дагаад л нүүдэг байсан даа.Биднийг хотод оюутан болоход бас дагаад нүүсэн. 1970 онд манайх хотод ирж аав Аж үйлдвэрийн комбинатад ажилд орж тэндээ олон ч жил сайн ажилласан. Угийн хүдэр чийрэг, бяртайн дээр ямар ч ажлыг түүртэлгүй хийчихдэг,тэгээд ч Арьс ширний нэгдэлдээ нэр хүнд сайтай “Хөдөлмөрийн аварга”, “Социалист уралдаанд түрүүлэгч”, “Тэргүүний ажилчин” гээд удаа дараа шагнуулж мандаж явсан.

Тэр үедээ аав минь “Энэ хот газар чинь эрт орж ирсэн бол мөн ч ихийг хийж бүтээх байсан байна шүү.Зүтгэл байвал амжилт дагадаг сайхан газар юм аа” гэж байж билээ.

Ээж минь нутаг усандаа гайхагдсан уран, маш их ажилсаг хүн байлаа.Оёдол үйл, хоол унд гээд үр хүүхэд ач зээ нараа мөр бүтэн, гэдэс цатгалан байлгах гэж зүгээр суудаггүй хүн байж. Хотод ирсэн жилээ ээж минь надад сайхан зодог шуудаг оёж өгч билээ.

Ижийгийнхээ сэтгэлээ шингээж урлаж өгсөн тэр зодог шуудгийг өмсөж олон ч наадамд зодоглосон. Би чинь айлын том хүү. Бид бүгдээрээ л аав ээжийнхээ үгийг сонсч, хөдөлмөрч, ажилсаг зан чанарыг нь өвлөж, тэр хэрээр үр ач нар маань ч удам дамжин зөв хүмүүжилтэй төлөв төвшин, ёстой л нэр цэвэр зүс өнгөлөг амьдарцгааж байна даа.

-Нээрээ л эцэг эхийн олгосон хүмүүжил насан туршийнх байдаг даа.Том ахын нөмөр нөөлөг дүү нартаа их тусна даа …

-Тэгэлгүй дээ.Айлын том юм хойно, дүү нараасаа түрүүлээд гэр орны ажил хийгээд сурчихсан. Хонь ямаагаа хариулна, саана, үс ноосыг нь хяргана, аргал түлээгээ түүнэ, өглөө эртээ босч аавынхаа унах морийг эмээллэнэ,эмнэг сургана, сургуулийнхаа амралтаар мал төллүүлж ер нь хийх ажил мундахгүй, бас дуусахгүй шүү дээ. Бид аав ээжийнхээ үгээр гэрийн хүмүүжил сайтай өсцгөөсөн. Хожмоо сургууль соёлын мөр хөөж хот хүрээ бараадан дор дороо л болоод явчихсан даа. Аав, ээж хоёр минь бидний суурь хүмүүжлийг их сайн тавьсан гэж боддог юм. Бид хүүхэд насны ааш аяг л гаргадаг байснаас хүний чих халууцуулж явсан нь үгүй.

-Та нутагтаа хамгийн сүүлд хэзээ очив…

-2017 онд Зүүн говь сумынхаа 90 жилийн ойн баяраар дүү нартайгаа, хөгшинтэйгөө хамт явсан.Бид чинь багадаа Бураагийн гол, Цагаан голд орно. Манай Баян нуур руу 60, 70 гаран гол цутгаж ордог. Их гоё. Залуу байхад нутгаа зүүдэлнэ, бөх барилдаж байна гэж их зүүдэлдэг байлаа. Нутагтаа юм хийх, бүтээх, сэргээх гээд ажил мундахгүй ээ.Одоо ч дүү нартайгаа нийлээд дэм тустай явна. Бид нутаг амьтай улс.

-Эрчүүд ан ав сонирхоод хөдөө гадаа явдаг даа,та анд хэр вэ?

-Тэр талаар ч базаахгүй дээ. Хааяа хүмүүс дагаж явна. Яахав ганц нэг чоно унагасаан, унагасан.

-Тэгнэ дээ. Та багадаа хурдны морь унаж байв уу?

-Сумын наадамд уралдаад айрагдаж байлаа. Хөдөө өссөн хүүхэд чинь морь малтай ноцолдоно, хүүхдүүдтэй ноцолдож өмд гутлаа урна. \инээв\ Долоо, наймдугаар ангидаа сургуулийн аварга бөх болж байлаа. Даага сургана. Ээж, аавдаа тусалж тарианы гурил хийнэ. Ер нь юм юм л хийж өссөн дөө.

-Өмд гутлаа урж явсны ачаар одоо “Увсын долоон хар”-ын нэг болчихоод сууж байна даа. Тийм ээ \инээв\ “Долоон хар” л гээд байдаг. Яг хэн хэн гэж бөх байдаг юм бэ. Би болохоор та, Баянмөнх аварга, Артаг, Баатаржав гээд л бусад нь таг…

-Зууны манлай бөх Хөдөлмөрийн баатар,дархан аварга Х.Баянмөнх, Улсын начин Д.Солоон, Улсын начин Ц.Лхамаа, гавьяат дасгалжуулагч Ардын багш, Улсын начин Д.Баатаржав, Гавьяат тамирчин, Улсын начин Т.Артаг, гавьяат тамирчин, аймгийн арслан Б.Намжим, би, ингээд долоо.Бүгд л улсын цол гуншинтай сайхан бөхчүүд.

-Долуулаа хар юм уу. Баянаа аварга “Би ч Цэрэнтогтохоосоо арай гилгэр хар шүү” гэсэн яриа байдаг… \инээв\ Бөхчүүд өөрийн гэх дархан мэхтэй байдаг даа, таных…

-Би солгой татаж хавирна,баруун хөлд орно, солгой сугадаад орно, ордог хүнийг сугадаад дагуулж мушгина. Ямар ч бөхтэй барьцанд хүрч барилдана. Барьцаа хангасан л бол давдаг байлаа.

-Та үндэсний бөх төдийгүй самбо, чөлөөт бөхөөр үзэж явсан хүн шүү…

-Тийм шүү. Амжилт нэлээн бий.Залуу байхад бэлтгэл сургуулилт барилдаан, наадмаар галд гарна гээд ер нь гэрийн бараа харах нь ховорхон л байдаг байлаа.

-Хажуугаар нь ажлаа хийнэ. Бөх хүний хань арай л өөр хүн байдаг шиг санагддаг. Гэргий тань аль нутгийн хүн бэ?

-Чи бөх хүний охин болохоор энэ талаар сайн мэдэх байх. Нээрээ л өөр шүү. Ганцхан дээлийнх нь захыг мушгиад сууж байхгүй шүү дээ… \инээлдэв\ Эхнэр бид хоёр нэг нутаг ч өөр багийнх. Бид хоёрын аав ээжүүд эртний танилууд. Аавууд маань сургуульд галч хийдэг байлаа. Хоорондоо найрсаг харьцаатай, биенээ хүндэлдэг, инээд хөөртэй сайхан улс байсан даа. Ханийг минь С.Наряд гэдэг. ХӨСҮТ-д халдвар судлагч их эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Бид үр хүүхэд, ач зээгээ тойруулсан шигээ жаргаж сууна даа.

-Ханийн тань нэрийг ямар хүн өгсөн юм бол. Наряд гээд …

-Бас хөөрхөн түүхтэй.Манай Зүүнговь суманд Нарийны гол гээд нэг гол байх. Цаад талаас нь Тувачууд усаа авч, малаа усална, наад эргээс нь бид ус авч, бас л мал хуйгаа усална. Эвтэй найртай байдаг байсан.Манай хүн дөнгөж төрчихөөд нялх байж л дээ. Тэгсэн гэрт нь Тувагийн Дунцагаан гэж эмч ирж таарч, өлгийтэй охиныг харж байснаа “Нарядный охин байна” гэснийг аав ээж нь тогтоогоод. Тэгээд л Наряд нэртэй болчихсон гэдэг.

-Манай бөхчүүд чинь сайхан дуулдаг улс шүү дээ. Та дуулчихна биз?

-За даа нэг их дуулаад сүйд болохгүй ”Тоорой банди” дуунд дуртай.

-ХААДС төгсөөд хаана ажиллаж байв?

-Энэ сургуулийг би мал зүйч мэргэжлээр төгссөн.Тэр үед хуваарилагдсан газраа л очдог байсан. Одоогийнх шиг өөр газар очоод өөр ажил хийгээд явдаггүй. Би Үнэ стандартын улсын хороо, Аж үйлдвэрийн комбинатад улсын байцаагч, тусгай тасгийн ахлах мэргэжилтэн, ХХҮЯ, ХБЯ, ХААЯ-ны харьяа үйлдвэр аж ахуйн газрын бүтээгдэхүүний үнэ чанар, стандартад хяналт тавьж бөөний үнийн тарифыг тооцоолон судалж 200 шахам бүтээгдэхүүний үнэ, 600 гаруй үйлчилгээний тариф, мал амьтны гаралтай бүтээгдэхүүний талаар 10-аад стандарт боловсруулалцаж, батлуулсан маань үнэ цэнэтэй дагаж мөрдөх эрх зүйн баримт болсон доо.

-Танд мэх зааж барилдаанд “уруу” татсан хүн хэн бэ?

-Анх Дашжамц багш маань оюутны намрын ажил дээр хараад бөх болох хүүхэд байна гээд Жамц начинтай танилцуулсан юм. Жамц начин маань өөрийнхөө мэхнээс зааж хүний хийдэг мэхийг ч хэлж өгч,хариуд нь ингэ тэг гээд л ярина шүү дээ. Би зааландаа Нацагдорж, Дамдиншарав гээд бөхчүүдийг урьж хичээл заалгаж байлаа. Олон багштай байх тусам мэх олонтой барилдааны арга барил өсдөг гэж боддог.

-Одооны бөхчүүд, залуу бөхчүүдийн талаар ямар бодолтой сууна даа.Зан харьцаа, хандлага гээд…

-Миний ажигласнаар домогт “Хоёр Мөнх”-ийн үеэс л монгол бөхийн хөгжилд оюун санааны хүч их нөлөөлөх болж “шинжлэх ухаанчлагдсан” гэх үү дээ. Системтэй бэлтгэлтэй, шинжлэх ухааны үндэслэлтэй сургалттай болсон болохоор олон сайн бөх төрж байна. Өрсөлдөөн их болжээ. Тэгэхдээ Үндэсний бөхийн дүрэм журмыг боловсронгуй болгон уламжлалаа шингээж өгөх шаардлагатай.Бөхчүүд маань баяжих хөлжих нэр нүүрийн төлөө биш жинхэнэ хүчийг үзэж, уран мэхийг уралдуулан барилдах нь чухал. Одоогийн үндэсний бөхийн холбоо үйл ажиллагаагаа зөв менежментээр явуулаад засуул, хөлийн цэц нь шудрага ажиллаад бөхчүүдээ ухаантай жудагтай болгоод өгөх юм бол Монгол бөх хөгжинө. Бөхийн торгон ногоон дэвжээ ариун байх болно.

-Дээхнэ үеийн бөхчүүд маань элдэв найраа байхгүй, эм тан уухгүй үнэнээрээ яс үзэлцдэг байсан даа. Одоо яриад байгаа допинг ёстой ор сураггүй байв даа…

-Яриа юу яахав. Бидний үеийн бөхчүүд чинь ууланд мод бэлтгэх буулгах, ачаа хөсөг татах, морь уургалах, эмнэг адуу номхруулах, хашаа хороо барих, худаг ус гаргах гээд аль л хүч тамир шаардсан хүнд ажил хийж бэлтгэлээ хангадаг байлаа шүү дээ. Одоо цагт допинг, “начны найраа” гээд чих халууцуулсан юм байна аа байна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг мөнгө наймааны хэрэгсэл болж байгаад ахмад бөхийн хувьд харамсаж явдаг.

-Залуу бөхчүүддээ хандаж хэлэх үг байгаа даа…

-Өнөөдөр бөхийн клуб дэвжээ олноор байгуулагдаж байгаа нь сайн хэрэг. Сайн барилдаж цол нэмэх нь хувь хүнээс багшаас шалтгаалдаг.Бяр чадалтай мэх сайтай бөх байхаас гадна хамгийн гол нь ёс зүйтэй хүнлэг, соёлтой жудагтай, даруу байх ёстой. Энэ талаар бөхийн дэвжээ клубүүд ёс зүй, ёс суртахууны хичээл явуулах хэрэгтэй. Унасан бөх дэвээд гүйх, бөхийн дэвсэг дээр хэрэлдэх маргалдах, барьцалдах, унагасан бөхөө дарж удаан хэвтэх, уначихаад дэвжээгээ нударгалан цохих, унагасан бөх дээгүүрээ харайж гарах, уначихаад унаагүй гэж мэлзэх гээд зохисгүй үйлдэл, тохьгүй байдал их харагдах боллоо.

Монголчууд маань бөхөө хайрлаж хүндэлдэг. Энэ л хайр хүндлэлийг дааж, монгол бөхийн ёс жудаг, эрэмбийг эрхэмлэн эр бяраараа сайхан барилдаж яваарай гэж хүсье.

-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье. Сайхан наадаарай.

-Баярлалаа. Монгол түмэн минь сайхан наадаарай.

Ярилцсан: Зохиолч, яруу найрагч Жигмэддоржийн САРАНТУЯА