Categories
мэдээ цаг-үе

ОБЕГ: Өнгөрсөн долоо хоногт гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн амь насаа алдав DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.07.01-08/ нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 36 суманд аюулт үзэгдэл, ослын 83 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 18 иргэний амь насыг авран хамгаалсан. Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 17 хүн нас барж, 5 хүн гэмтэж бэртсэн байна. Нийт дуудлагын 60 нь гал түймэр, 21 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

УИХ-ын гишүүн С.Замира: Эмэгтэйчүүдэд мэдлэг, боловсрол, туршлага дутаагүй, биднийг бүх шатанд хүлээн зөвшөөрдөг хандлага л нийтэд тогтоогүй байна DNN.mn

Иргэний зориг, ногоон намын жагсаалтын дөрвөөр парламентад сонгогдсон, анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн С.Замираатай ярилцлаа.


-Ардчиллаас хойш анх удаагаа казах эмэгтэй хүн төрийн эрх барих дээд байгууллагад орж ирлээ. Өмнө нь ер нь шийдвэр гаргах түвшинд үндэсний цөөнх болсон казах эмэгтэйчүүд орж ажиллаж байсан түүх байдаг болов уу. Таны хувьд энэ Их хуралд орж ирсэндээ сэтгэгдэл ямар байна вэ?

-Юуны өмнө Иргэний зориг, ногоон намыг дэмжиж, бидний төлөө саналаа өгсөн монголчууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Мэдээж үндэсний цөөнх, тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ төлөөлөл болж орж ирсэндээ сэтгэгдэл маш өндөр байгаа. Манай казах түмнээс хуучин нийгмийн үед буюу Хорлоогийн Чойбалсан гуайн үед төрийн эрх барих байгууллагад ажиллаж байсан нэг эмэгтэй бий. Энэ хүн яаж яваад Улсын бага хурлын гишүүн болсон нь их сонин түүхтэй. Тэртээ 1950-иад оны үед Хорлоогийн Чойбалсан гуай манай аймагт албан ажлаар очсон юм билээ. Энэ үеэр Х.Чойбалсан гуай казах эмэгтэйчүүдийн нямбай, хөдөлмөрч, соёлтой байдлыг магтаж, цаашлаад казах түмний соёлыг орон даяар таниулахын тулд төрийн эрх барих байгууллагад төлөөлөл оруулах ёстой гэж үзсэн юм билээ. Энэ дагуу тэрбээр Баян-Өлгий аймагт ажиллаж байхдаа нутгийн зон олонтой уулзах үеэр “Та бүхэн Апселен Жамила хэмээх энэ эмэгтэйг сонгоод төрдөө гаргаарай” гэж захисан байдаг. Ингээд казах түмнээс анх Жамила хэмээх эмэгтэй Улсын бага хурлын гишүүн болж байсан түүхтэй. Тэр үеийн Х.Чойбалсан гуай Апселен Жамилатай авахуулсан зураг байдаг. Түүнээс хойш, энэ ардчилсан нийгэм байгуулагдсанаас ч хойш өдий болтол нэг ч эмэгтэй гарч ирж байгаагүй. Дандаа л эрчүүд сонгогдон гарч ирдэг байсан. Миний бие ардчиллаас хойших анхны эмэгтэй УИХ-ын гишүүн болж байна.

-Анхны их хурлын эмэгтэй гишүүн болсноороо мэдээж дараа дараагийн казах эмэгтэйчүүдийн төлөөлөл орж ирэх замыг та нээлээ гэж харж байгаа. Нөгөөтэйгүүр таны хувьд өмнө УИХ-ын сонгуульд хэд хэдэн удаа өрсөлдөж байсан түүхтэй юм билээ. Энэ талаараа ярихгүй юу?

-Миний хувьд 1996 болон 2004 онд Очирбатын Дашбалбар агсны Монголын уламжлалын нэгдсэн намын нэр дээр УИХ-ын сонгуульд дэвшиж байсан. Тухайн үед бол монголчууд Хувьсгалт нам, Ардчилсан нам гэж мэдэхээс бусад улс төрийн намуудыг төдийлөн сайн таньдаггүй байсан үе. УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас намаа олон нийтэд танилцуулах гол зорилготой л сонгуульд оролцож явлаа. Таны хэлдгээр казах эмэгтэйчүүд маань улс төрийн манлайлал үзүүлж, шийдвэр гаргах түвшинд орж ажиллах боломж бүрэн байна. Юутай ч миний хувьд анхны замыг нь татлаа. Араас минь олон мундаг казах эмэгтэйчүүд улс төрийн манлайлал үзүүлэн орж ирнэ гэдэгт итгэлтэй байна. Анхны казах эмэгтэй УИХ-ын гишүүн гэдэг утгаараа өөрөө том үлгэр дуурайл болж, төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх болно гэдгээ хэлмээр байна.

 

-Хамгийн сүүлд та 2004 онд нэр дэвшиж байсан гэхээр нэлээд хугацааны дараа дахин нэр дэвшсэн байна шүү дээ. Ер нь энэ сонгуулийн өмнө ямар байдлаар ИЗНН-ын жагсаалтад бичигдэх болсон юм бэ. Танд мэдээж санал тавьсан болов уу. Ер нь яагаад сонгуульд оролцох болов?

-Юуны өмнө ардчилсан тогтолцоонд шилжээд 34 жил өнгөрлөө. Энэ хугацаанд ер нь яагаад казах эмэгтэй УИХ-д ард түмний төлөөлөл болоод гарч ирэхгүй байгаа юм бэ гэдгийг улс төрийн намууд, тэр дундаа ИЗНН анхаарч харсан байгаа юм. Нөгөөтэйгүүр УИХ-ын сонгууль болгоноор манайхаас гурван эрэгтэй хүн гар гараасаа хөтлөлцөөд л парламентад очдог. Жендерийн хувьд ийм жишиг тогтчихсон байсан гэсэн үг. Тиймээс яагаад эмэгтэйчүүд УИХ-д орж ирэхгүй байна, орж ирэх замд нь яг юу саад болоод байна вэ, мэдлэг, боловсрол, улс төрийн оролцоо дутагдаад байна уу гэдэг судалгааг сонгуулийн өмнө казах түмний дунд явуулсан юм билээ. Ингэхэд ерөөсөө мэдлэг, боловсрол дутсан юм байхгүй. Гарч ирэх боломж бололцоо нь нээлттэй байсан. Тиймээс ИЗНН-ын хувьд анх надад санал тавьсан. Таныг бид манай намын жагсаалтад орж, сонгуульд нэр дэвшээсэй гэж хүсч байна гэсэн.

-Санал тавьсны үндсэн дээр сонгуульд оролцох шийдвэрээ та хувьдаа гаргасан байна, тийм үү…?

-Яг санал тавихад нь бас шууд хүлээж аваагүй л дээ. Учир нь манай том охин маань Ардчилсан намын гишүүн. Бүр АН-ын хэрэг эрхлэх газарт нь мөн адил анхны казах эмэгтэй болж ажиллаж байсан. Ингээд хүүхэд төрүүлээд улмаар аймгийн АН-ын даргын алба хашсан. УИХ дахь АН-ын бүлэгт ч ажилласан. Том охин маань улс төрийн идэвхтэй ингэж явж байсан болохоор манай нөхөр “Хоёулаа энэ сонгуулиар охиноо дэмжье. Охин маань сонгуульд оролцохоор болчихвол миний хань улс төр лүү ороод яах билээ” гэж бид хоорондоо ярилцсан л даа. Үнэхээр ч охин маань залуу хүн, мэдлэгтэй хүн. Иймэрхүү маягтай сонгуулийн өмнө байж байсан. Гэтэл охин маань намаасаа дэмжлэг авч чадаагүй. Мэдлэг, боловсрол дутсандаа биш л дээ. Эмэгтэй хүн гэдэг талаасаа бас бус зүйл явсан байх гэж боддог. Ингээд охин маань надад хэлсэн “Би нэгэнт намаасаа явах боломжгүй болсон учраас та ИЗНН-ын саналыг хүлээж аваад өөрийнхөө бодлого, үзэл санаагаа олон түмэндээ хүргээд явбал зүгээр биш үү” гэж. Ингээд л ИЗНН-ын квотод орсон.

-ИЗНН-ыг дэмжсэн иргэд энэ сонгуулиар их байсан. Тиймдээ ч парламентад дөрвөн суудал авлаа. Цаашдаа ч улс төрийн томоохон амжилтуудыг үзүүлж явах нам гэж судлаачид харж байгаа. Яг энэ сонгуулиар барьсан гол бодлого юу байв?

-ИЗНН-ын хувьд ард түмэнд нэг зүйлээрээ маш их таалагдсан гэж боддог. Тэр нь цэвэр нэр төр. Үнэхээр улс төрийн янз бүрийн хир толбо байхгүй, нэр төр нь сэвтээгүй ийм улс төрийн хүчин байсан учраас иргэдийн хувьд ИЗНН-ыг илүүтэй дэмжсэн болов уу гэж бодож байна. Цаашдаа ч илүү дэмжинэ. Сонгуулийн өмнө намын дарга Б.Батбаатар маань маш богино хугацаанд намаа бэхжүүлж, бодлого, мөрийн хөтөлбөрөө тодорхойлж явсан. Бидэнд бол маш богино хугацаа байлаа шүү дээ. Өнөөгийн улс төрд квот худалдаж авах битгий хэл намыг мөнгөөр авах тохиолдол цөөнгүй бий. Манай нам харин квотоо мөнгөөр худалдаагүй. Яг цэвэр мэдлэг боловсрол, судалгаа, иргэдийн санал хүсэлтийн дагуу л нэр дэвшигчдээ тодруулсан. Ямар нэгэн бохир улс төрөөс ИЗНН түүхэндээ хол явсан. Тиймээс л нэр төр нь цэвэр, улс төрийн хэр толбо тогтоогүй нам учраас иргэд таатай хүлээн авлаа.

-Таны хувьд УИХ-ын гишүүн боллоо. Цаашдаа ямар бодлого барьж ажиллах төлөвлөгөөтэй байна вэ?

-Хаана ч тэр иргэд маань амьжиргаагаа болгочих гээд нэг бизнес эхлүүлье гэхээр хаадаг, янз бүрийн зөвшөөрөл шаарддаг. Бөөн асуудал болж бизнес нь эхлээд хөл дээрээ босоогүй байтал татвараар дарамталдаг. Ийм нөхцөл байдалд яаж хувийн хэвшил хөгжих билээ дээ. Яаж иргэдийн амьдрал дээшлэх билээ. Монголд хүн хүссэнээрээ хөдөлмөр эрхлээд амьжиргаагаа сайжруулах боломж хаалттай байгаа учраас л нийгэмд хоёрхон давхарга бий болсон гэж боддог. Нэг талдаа баян, эсвэл ядуу. Дундаж давхарга гэдэг зүйл бараг байхгүй болж. Ерөөсөө л хүнийг сайхан амьдрах тэр боломж, бололцоо, орчныг нь л төр бүрдүүлэх үндсэн үүрэгтэй шүү дээ. Тэгэхээр сүүлийн гуч гаруй жил Монголын төр энэхүү үүргээ хангалттай сайн биелүүлж ирсэнгүй гэж үзэж байна. Үүний тод илрэл нь ард түмэн өнөөдөр ядуу амьдарч байна, тийм үү. Тэгэхээр энэ асуудлыг шийдэхийн төлөө л миний бодлого, үйл ажиллагаа, зарчим чиглэнэ. Ингэхдээ өнөөгийн эрх баригч нам эсвэл төр, засгийн үйл ажиллагаа, шийдвэрийг жадлан эсэргүүцээд, шүүмжлээд байхгүй. Болж байгааг нь дэмжээд, болохгүйд нь хэлэх үгээ хэнээс айхгүйгээр хэлээд явна. Миний хувьд асуудлыг шийдэхийн төлөө л аль болох эвсэж ажиллана. Бие биетэйгээ сөргөлдөх биш бодлогын мэтгэлцээн өрнүүлж төрийн ажлыг явуулах ёстой. Хууль ч тэр, төрийн бодлого ч тэр сөргөлдөх бус эвсэж л гарах учиртай.

-Улсын хүн амын 3.9 хувийг казах түмэн эзэлж байгаа. Үүн дотор эмэгтэйчүүдийн эзлэх хувь ямар байдаг вэ?

-Нийт казахчуудын 50 гаруй хувь нь эмэгтэйчүүд шүү. Ер нь эрчүүдээсээ арай ахиухан байдаг.

-Эмэгтэйчүүд нь их байдаг гэлээ. Тэгвэл энэ олон эмэгтэйчүүдээс өнөөг хүртэл яагаад шийдвэр гаргах түвшинд гарч ирж чадахгүй байв. Үүний шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Нэг талдаа мөнгөний нам гэж байна, тийм үү. Намд хэн илүү мөнгө төлнө тэр нь дээшээ явдаг ийм сонин тогтолцоо руу улс төрийн намууд маань орчихсон байна. Харин тэрхүү мөнгийг хэн гаргаж ирээд байна гэхээр ихэнхдээ эрчүүд. Эмэгтэйчүүдийн хувьд мөнгө төлөөд улс төрд явах боломж тэр болгон байхгүй. Тэд хэчнээн бизнес хийгээд мөнгөтэй болсон ч гэсэн улс төр лүү гэхээс илүү гэр бүл рүүгээ чиглүүлдэг. Бүр шулуухан хэлэхэд, эмэгтэйчүүд маань хулгай ч хийхгүй. Нөгөө талдаа улс төрийн намд ч бай, хаана ч эрчүүд илүү давамгай эрх эдэлж ирсэн. Тухайлбал, орон нутагт эмэгтэй намын дарга байна гэж сонсож байсан уу. Саяхан л Ховд аймгийн Засаг даргаар анхны эмэгтэй томилогдлоо. Өөрөөр намын дарга, аймгийн Засаг дарга болсон эмэгтэй байгаа юу. Ганц нэг сумын Засаг дарга л эмэгтэй байгаа. Миний хувьд Ховдын Засаг дарга байсан Э.Болормааг аль ч нам нь хамаагүй эмэгтэй хүн гараад ирлээ гэдэг утгаараа тухайн үед маш их дэмжиж, сэтгэгдлээ бичиж байсан хүн. Тэгэхээр яагаад өнөөг хүртэл эмэгтэйчүүдийн улс төр дэх, тэр дундаа шийдвэр гаргах түвшин дэх оролцоо бага байж ирэв гэхээр монголчууд маань эмэгтэй хүнийг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөх хандлага төдийлөн сайн тогтоогүйд байгаа юм болов уу гэж боддог. Энэ асуудал зөвхөн манай аймагт ч биш шүү дээ. Монгол Улс даяараа л ийм хандлагатай байгаа нь надад харагддаг. Тэгэхээр юуны өмнө эмэгтэйчүүдээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Энэ хандлагад суралцах, дэлгэрүүлэх шаардлага байна гэж үзэж байгаа. Эмэгтэйчүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас нөгөө талдаа бид угаасаа дэвшээд эрчүүд маань гаргахгүй шүү дээ гэдэг буруу ойлголт төлөвшчихсөн өдийг хүрлээ л дээ. Тэгэхээр аль аль талдаа буруу зөрүү ойлголт, хандлага, төлөвшлөө өөрчлөх цаг үе ирсэн. Эхнээсээ өөрчлөгдөөд явж байна. Илүү сайн өөрчлөгдөх хэрэгтэй юм болов уу.

-Таны хувьд эдийн засагч мэргэжилтэй хүн. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг юу гэж бодож явдаг вэ?

-Монгол Улсын гол хэрэглээ, гол эдийн засгийн суурь нөөц бол мал аж ахуй. Миний хувьд 1994 онд арьс, ширний үйлдвэртэй байлаа. Арьс ширээрээ гутал, савхи үйлдвэрлээд нэлээд сайн ажиллаж байсан. Тэр үед хонины нэхий долоон мянган төгрөгт хүрсэн гээд бод доо. Адуу, үхрийн шир 12-15 мянган төгрөгт хүрч байсан. Өнөөгийн мөнгөний ханшийг бодоход тухайн үед нэлээд үнэтэй байсан байгаа биз. Гэтэл өнөөдөр арьс, шир, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн үнэд хүрч байгаа билүү. Бараг бүгд хог дээр хаягдаж байна. Арьс, шир, малын гаралтай бүтээгдэхүүн гэдэг бол алтнаас үнэтэй зүйл байхгүй юу. Хамгийн чухал нь энэхүү түүхий эдээ мал өөрөө бий болгож байна. Бий болгохын тулд хүнээс ямар ч хүч, хөрөнгө зарцуулагдахгүй, зардал гарахгүй гэсэн үг. Тэгэхээр түүхий эдийн ийм баялаг нөөцтэй салбараасаа эцсийн бүтээгдэхүүн гаргаад экспортлох юм бол маш их мөнгө Монгол Улс руу ороод ирнэ. Энэ боломжоо бид ашиглах шаардлагатай байна.

-Анхны 126 гишүүнтэй парламент байгуулагдаж, даргаа томилчихсон. Одоо Засгийн газраа байгуулах гэж тал бүрийн улс төр явагдаж байна. УИХ-ын гишүүнийхээ хувьд Засгийн газар ямар байдлаар байгуулагдах ёстой гэж үзэж байгаа вэ?

-АН, МАН, ХҮН хамтраад Засаг байгуулах гэж байна гэсэн бусадтай адилхан мэдээлэлтэй байгаа. Миний хувьд юу гэж харж байна вэ гэхээр МАНАН яаж үүсч байлаа гэдгийг ард түмэн санаж байгаа. МАНАН бүлэглэл ерөөсөө хамтарсан Засгийн газар байгуулагдсанаас болж л үүссэн. Тиймээс энэ чиглэл рүү асуудлыг аваачиж огт болохгүй. Үнэхээр цэвэр Монгол Улсынхаа төлөө, ард түмний төлөө зүтгэе, ажиллая гэсэн сэтгэл байвал МАН-ын хувьд хамтарсан ч хамтраагүй ч хийнэ. Тэгэхээр хамтрах эсэхийг миний хувьд мэдэхгүй ч хамтарлаа гээд гарах үр дүн юу байхав гэдгийг цаг хугацаа харуулна биз. Хамтарсан Засгийн газар байгуулагдлаа гэхэд хоёр дахь МАНАН үүсэх үү, эсвэл үнэхээр том төслүүдээ хэрэгжүүлээд улс орныхоо төлөө ажиллаад явах уу гэдгээ л сайн бодох хэрэгтэй. Нөгөөтэйгүүр манай улсад тогтолцооны нэг том гажиг үүссэн байна гэж би харж байгаа. Миний хувьд тэртээ 1990 онд Монгол Улс ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй, чөлөөт зах зээлийн нийгэм байгуулахаар хувьсгал хийсэн гэж боддог. Гэтэл өнөөдөр буюу гуч гаруй жилийн дараа энэхүү хувьсгалын маань үзэл санаа, чиг баримжаа нь алдагдаад учир нь олдохгүй тогтолцоо руу орчихсон байна. Өөрөөр хэлбэл, бид өнөөдөр ардчилсан нийгэм гэж ярьсан атлаа капиталжсан нийгэм рүү орчихсон явж байна. Ардчилсан нийгэм гэдэг бол хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хүнлэг, энэрэнгүй нийгэм биз дээ. Гэтэл нэг талдаа баяждаг нөгөө талдаа ядуурдаг, өвчин зовлонтой, амьдрах битгий хэл амьсгал авахад хүндхэн нийгэм болсон байна. Тэгэхээр энэ тогтолцооны гажигаа бид засах хэрэгтэй. Засахын тулд хүнлэг, энэрэнгүй ёс суртахууныг түгээн дэлгэрүүлэх шаардлагатай байна. Үүнийг дагаад шударга ёс, тэгш боломж нийгэмд бүрдээд ирнэ. Эхлээд бид хүнлэг, энэрэнгүй байх хэрэгтэй байна гэсэн үг. Ийм сэтгэл, ийм ёс суртахуунтай болчихвол улстөрчид ч тэр, ер нь хүн бүр нэгнээ хайрладаг болно. Нэгнээ хүндэтгэдэг болно. Нийгэм өөрөө хүнлэг, энэрэнгүй болчихвол шударга ёс тогтоно, боломж хүн бүрд тэгш олгогдоно. Авлига алга болно.

-Тэгэхээр хамгийн чухал нь хүнлэг, энэрэнгүй нийгмийг бүрдүүлэх болж байна, тийм үү?

-Яг тийм. Дараагийн нэг зүйл бол бид чөлөөт зах зээлтэй нийгэм байгуулчихсан гэж бодсон чинь одоо юу болсон байна вэ. Монгол Улсад амьдарч байгаа хүн бүр, өрх бүр чөлөөтэй бизнес хийгээд амь амьжиргаагаа дээшлүүлэх боломжтой байна уу. Харамсалтай нь тийм боломж нөхцөл буюу орчин нь одоогоор бүрэлдээгүй байна. Тэгэхээр энэ парламентын хийх ёстой гол ажил бол хүн бүр, өрх бүр бизнес хийх боломж, орчинг нь бүрдүүлж өгөхөд чиглэсэн эрх зүйн өөрчлөлтүүдийг хийх хэрэгтэй гэсэн үг. Миний хувьд хууль тогтоогчийнхоо үүргийг энэ чиглэлд барьж ажиллана. Магадгүй миний дээрх хэлсэн бүхэн буруу байж мэднэ. Би өөрийгөө зуун хувь зөв ярьж байна гэж тулгахгүй. Энэ бол цэвэр миний хувь хүний бодол шүү. Засгийн газрын тухайд өнөөдөр Монгол Улсад ийм олон яам, сайд, дарга огт хэрэггүй байх гэж боддог. Нэг яам шинээр нэмж байгуулж байхаар түүгээрээ нэг том эмнэлэг барь л даа. Эрүүл мэндийн салбар үнэхээр доошоо орсон нь үнэн. Эмчилгээ нэхсэн өвчтэй хүмүүс боломжтой нь гадаад руу гарч эмчлүүлэхийг зорьж байна. Боломжгүй нь өвчинтэйгөө тэмцээд өнөө маргаашийг өнгөрүүлсээр байна. Гэтэл албан тушаал, эрх мэдлийн төлөө асар их хөрөнгөөр яам, сайд нэмж төрийг улам томруулах шаардлага байхгүй болов уу гэж боддог. Ядаж бид Монгол Улсдаа хэдэн мянган хүнд нэгэн зэрэг үйлчлэх орчин үеийн технологи, тоног төхөөрөмжтэй том эмнэлэг барьж болохгүй гэж. Өөрсдөө барьж чадахгүй бол чаддаг улсынх нь эмнэлгийг оруулаад ирж болно. Ядаж л гадагшаа чиглэх валютын урсгал дотооддоо эргэлдэнэ шүү дээ. Тэгэхээр иймэрхүү шийдвэр, зарчим дээрээ бид анхааралтай тогтох хэрэгтэй. Бодох хэрэгтэй. Сэтгэл гаргах хэрэгтэй байна.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ улс-төр

АН-ын дарга Л.Гантөмөрийг улираан томилов DNN.mn

Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаанаар тус намын дарга Л.Гантөмөрийг намын даргаар улираан томилжээ.

ҮБХ-ны хуралдаан Ардчилсан намын дарга, тэргүүлэгч гишүүд болон нийт гишүүдийн 70 гаруй хувийн ирцтэй цахимаар зохион байгуулагдаж, 90 хувийн саналаар ийнхүү шийдвэрлэжээ.

Ардчилсан нам УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд өмнөх амжилтаа ахиулан 42 суудлыг авсанд ҮБХ-ны гишүүдийн зүгээс Ардчилсан намын дарга, удирдлагуудад баяр хүргэж, амжилт хүссэн гэж АН-аас мэдээллээ.

Түүнчлэн ҮБХ-ны хорооны хуралд оролцсон гишүүдийн 92 хувийн саналаар АН Засгийн газарт хамтран ажиллах шийдвэрийг гаргасан байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 8, Сумъяа гариг. Билгийн тооллын 3, Үнэг одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:02 цагт мандаж, 20:52 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно, дуу цахилгаантай. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн төв хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5…+10 градус, Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Ерөө, Туул, Улз, Онон голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +20…+25 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгаар +31…+36 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +14…+16 градус, өдөртөө +29…+31 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР Шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, бороо орохгүй. Өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +7…+9 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  даваа гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Далайн Батбаяртай ярилцлаа. Тэрбээр “Ардчилсан намд мөрийн хөтөлбөрөө тодорхой хэмжээнд хэрэгжүүлэх боломж гарвал ашиглах л ёстой” хэмээн ярилаа. Энэ талаар II нүүрээс уншаарай.

УИХ-ЫН ЧУУЛГАН: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ААН-үүдийг төрийн дарамтаас чөлөөлж ажиллахыг гишүүд захилаа

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Засаг хамтрах нь Үндсэн хуулийн заалтыг зөрчих үү” хэмээн өгүүллээ.

Хөгжлийнх нь “нүд нээгдсэн” шинэ цагийн Хорезм буюу Узбекистан орноор…

Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжидтэй ярилцлаа. Тэрбээр “УИХ-ын гишүүд хүний эрхийн асуудлыг шийдэхийн төлөө системтэйгээр ажиллана гэдэгт найдаж байна” гэлээ.

Одоо эвсэл хамтрал биш, “Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт
хэн хэн орох вэ” гэж л ярина

ДЭЛХИЙН МЭДЭЭ:  Их Британийн шинэ ерөнхий сайд

АРЫН НҮҮР: Өглөөг өөртөө зориулъя


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

Categories
мэдээ нийгэм

Өсвөрийн сурын харваанд 296 хүүхэд өрсөлджээ DNN.mn

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны ахмад болон өсвөрийн багийн харваа, үндэсний сурын өсвөрийн харваа өчигдөр буюу энэ сарын 6-нд эхэлсэн юм.

Энэ удаагийн сурын өсвөрийн харваа элсэлтийн шалгалттай давхацсан тул 296 харваач оролцжээ.

Мөн өнөөдөр буюу энэ сарын 7-нд урианхай сурын харваа болж буй юм. Уг төрөлд 439 харваач оролцохоор бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1.1 км авто замыг шинэчилж байна DNN.mn

Тулгар төрийн 2233, Их Монгол улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тэмдэглэхтэй холбогдуулан баруун аймаг руу салдаг уулзвараас Хүй долоо худаг, Эмээлт, Ар гүнт чиглэлийн авто замыг шинэчилж буй.

Энэ хүрээнд Эмээлтээс Хүй долоо худгийн аюулгүйн тойрог хүртэлх 1,1 км авто замыг энэ сарын 8-ны өдөр шинэчилж дуусах юм. Өнөөдрийн байдлаар тус замыг хэсэгчлэн хучиж, тэмдэглэгээ хийх, суурилуулах, хөвөө засварлах, шуудуу татах, сэргээн ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай байна.

Categories
мэдээ цаг-үе

ББСБ-ын олгосон зээлийн дундаж хүү сарын 3.6 хувь байна DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэйгөөр 531 банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/ 2024 оны 1 дүгээр улиралд үйл ажиллагаа явуулав.

ББСБ-уудын хөрөнгийн хэмжээ 5.1 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оныхоос 1,360.0 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Зах зээлд эзлэх хувь хэмжээг нийт хөрөнгөд эзлэх хувиар нь харвал:

  • 25 хувийг нэр бүхий 4 ББСБ,
  • 50 хувийг нэр бүхий 15 ББСБ,
  • 75 хувийг нэр бүхий 80 ББСБ,

Банк бус санхүүгийн зах зээлийн нийт хөрөнгийн 50 хувийг бүрдүүлж буй 15 ББСБ-уудын зарим нь үйл ажиллагаандаа технологийн дэвшил ашиглан, хүртээмжтэй байдлаар үйлчилгээ үзүүлдэг тул салбарын үйлчлүүлэгчдийн 84.1 хувь нь эдгээр байгууллагын харилцагчид байх юм.

Монгол Улсын ДНБ-ий 7.4 хувьтай тэнцэхүйц хөрөнгө ББСБ-уудад хуримлагдсан. Тэдний олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.6 хувь байна. Салбарын нийт зээл 2023 оны мөн үеэс 1,214.7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

ББСБ -уудын олгосон зээлийн хувьд:

  • 89,4 хувь хэвийн ,
  • 3,7 хувь хугацаа хэтэрсэн,
  • 6,9 хувь чанаргүй,

Нийт олгосон зээлийн 68.7 хувь, төлөгдсөн зээлийн 68.5 хувийг хэрэглээний зээл байна

Харин олгосон зээлийн хувьд:

  • 64.0 хувь нь 1-12 сарын хугацаатай,
  • 32.6. хувь нь 1-5 жилийн хугацаатай,
  • 3.4 хувийг 5-аас дээш жилийн хугацаатай,

Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрөлтэй ББСБ, түүний 462 салбар улсын хэмжээнд банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхэлж байна.

Улаанбаатар хотод байгаа 436 ББСБ-ын байршил:

  •  Сүхбаатар дүүрэг 32.3 хувь,
  • Чингэлтэй дүүрэг28.4 хувь,
  • Баянгол дүүрэг 16.3 хувь,
  • Баянзүрх дүүрэг 11.5 хувь,
  • Хан-Уул дүүрэг 9.2 хувь,
  • Сонгинохайрхан дүүрэг2.1 хувь,
  • Багануур дүүрэг 0.2 хувь,

ББСБ-аас зээл авсан нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж Улаанбаатар хотын хувьд 2.3 сая төгрөг байна.

Бүс нутагт ажиллаж байгаа  ББСБ байршлыг авч үзэхэд:

  • Баруун бүс 11 ББСБ, 26 салбар
  • Хангайн бүс 33 ББСБ, 57 салбар
  • Төвийн бүс 38 ББСБ, 67 салбар,
  • Зүүн бүс 19 ББСБ, 31 салбар

Монгол улсын 21 аймгийн 13 аймагт 3 буюу түүнээс дээш тооны ББСБ байна. Харин орон нутагт нэг зээлдэгчид ногдох зээлийн дундаж 2.1 сая төгрөг байна. Давхардсан тоогоор зээлдэгчдийн тоо 1.8 сая байгаа нь хөдөлмөрийн насны буюу 18-64 насны 100 хүн тутмын 91.8 нь ББСБ-аас зээл авсан болохыг гэрчилнэ.

Үйлчилгээний төрлөөр давхардсан тоогоор:

  • зээлийн үйлчилгээг 472,
  • гадаад валюутын арилжаагаар 164,
  •  итгэлийн зээл 80,
  • факторингийн үйлчилгээ 63,
  • цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын үйлчилгээ 47,
  • богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх 29,
  • төлбөр тооцооны хэрэгсэл гаргах 6,

Үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахтай холбоотой санхүүгийн зуучлал /ҮХЭХБХСЗ/1, ББСБ-уудын нийт орлого 378.1 тэрбум төгрөгт хүрэв. Үүнээс 98.5 хувийг үндсэн үйл ажиллагааны хүүгийн болон хүүгийн бус орлого бүрдүүлж байгаагаас 87.7 хувь буюу 331.8 тэрбум төгрөгийг хүүгийн орлого, 10.8 хувь нь буюу 40.8 тэрбум төгрөгийг хүүгийн бус орлого бүрдүүлж байна

Хүүгийн бус орлогын хувьд:

  • 61.2 хувийг санхүүгийн үйлчилгээний орлого,
  • 22.9 хувийг гадаад валютын ханш болон үнэлгээний тэгшитгэлийн орлого,
  • 6.3 хувийг арилжааны орлого,
  • 9.6 хувийг бусад хүүгийн бус орлого,

 Зардал 232.2 тэрбум төгрөгт хүрсэн. Уг зардлын 76.7 хувийг үндсэн үйл ажиллагааны зардал буюу хүүгийн болон хүүгийн бус зардал байна. Зардлын хувьд:

  • 44.2 хувь буюу 102.6 тэрбум төгрөгийг хүүгийн бус зардал,
  • 32.5 хувь нь буюу 75.6 тэрбум төгрөгийг хүүгийн зардал,

Салбарын хэмжээнд 20.9 тэрбум төгрөгийн факторингийн тооцооны авлага бүртгэлтэй байна Итгэлцлийн үйлчилгээний 74 ББСБ-ын эх үүсвэр 759.1 тэрбум төгрөг байгаа нь 2023 оны мөн үеэс 90.4 хувиар нэмэгджээ.

Уг үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 47 ББСБ-аас 12 нь мөнгөн гуйвуулгын үйлчилгээнээс 1.5 тэрбум төгрөгийн орлого оллоо.

ББСБ-ууд 912.0 тэрбум төгрөгийн валют худалдан авч, 871.8 тэрбум төгрөгийн валютыг худалдсан байна. Худалдаж авсан валютын 53.5 хувийг, худалдсан валютын 50.8 хувийг АНУ-ын доллар эзэлж байна

Банк бус санхүүгийн 432 байгууллага 151.8 тэрбум төгрөгийн ашигтай 15 нь ашиг, алдагдалгүй 84 нь 5.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ

ББСБ-ууд 100.0 төгрөгийн орлого олохын тулд дунджаар 61.4 төгрөгийн зардал гаргав. Мөн НДШ-д 4.7 тэрбум төгрөг, ХХОАТ-т 2.9 тэрбум төгрөг, ААН-ийн орлогын албан татварт 19.4 тэрбум төгрөгийг тус тус төлсөн. Улсын төсөвт 27.0 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.

Санхүүгийн үйлчилгээнд технологийн дэвшил ашиглаж буй ББСБ-уудын зээлийн үлдэгдлийн 90.6 хувь нь хэвийн, 3.5 хувь нь хугацаа хэтэрсэн, 5.9 хувь нь чанаргүй зээлийн үлдэгдэл бүрдүүлж байна. Зөвхөн технологид суурилсан зээл олгодог зээлийн үлдэгдэл салбарын нийт зээлийн үлдэгдэлд бага хувь эзэлдэг. Гэвч олгосон болон төлөгдсөн зээлд эзлэх хувийг харвал зээлийн эргэлт сайтай байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тайлбар хийсэн байна.