Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна DNN.mn

Ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн мэдээгээр 7-р сарын 30-ны өдрийн 08:00 цагийн байдлаар Туул, Хэрлэн, Хурх, Балж голын усны түвшин өмнөх хоногоос 10-40 см-ээр буурсан, Онон голын усны түвшин өмнөх хоногоос 50 см-ээр нэмэгдсэн байна.

Ихэнх голуудын усны түвшин өмнөх хоногоос буурсан ч Туул гол Төв аймгийн Лүн сум орчим, Хэрлэн, Онон, Балж голууд үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Наймдугаар сарын 01, 02-нд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул аянга цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 256 иргэний урьдчилсан мэдүүлгийг шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны долдугаар сарын 22-26-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 256 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 90 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 166 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 8 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар Эрүүгийн хуульд заасан авлигын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй үндэслэлээр 1 албан тушаалтны мэдээллийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв хэмээн АТГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Үхрийн цул мах кг нь 19-20 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор-Дэнжийн мянга” захад махны үнэ, ханш хамгийн дээд тал нь үхрийн цул мах кг нь 19.000-20.000 төгрөг байна.

  • Үхрийн ястай мах кг нь 16.000-17.000 төгрөг, малчдаас авах бөөний үнэ кг нь 9000-15.000 төгрөг байна.
  • Хонины мах бөөний үнэ кг нь 9000-11.000 төгрөг, ястай нь 13.000-14.000 төгрөг, цул нь 11.000-12.000 төгрөг байна.
  • Ямааны мах бөөний үнэ нь кг нь 6000-7000 төгрөг, ястай нь 8000-9000 төгрөг, цул мах кг нь 8500-9500 төгрөг байна.
  • Адууны мах бөөний үнээр 6500-7000 төгрөг, ястай нь 10.000-11.000 төгрөг, цул нь мөн адил үнэтэй байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Маргааш дараах байршилд цахилгаан хязгаарлана DNN.mn

Маргааш Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг, Төв аймагт цахилгаан хязгаарлахаар төлөвлөжээ.

Маргааш гурван дүүрэг, нэг аймагт цахилгаан хязгаарлана

Categories
гадаад мэдээ

Оросын “Африкийн корпус”-ын цэргүүд бут цохигдов DNN.mn

Оросын “Вагнер”-ийн хөлсний цэргүүдээс бүрдсэн Оросын “Африкийн корпус” Мали-Алжирын хил дээр нэг дор хэдэн арван дайчдаа алджээ. Азавад хэмээх тусгаар улс байгуулахыг хүсдэг туарегууд элсэн шуурганаас болж зогссон Орос, Малийн цэргийн албан хаагчдыг отолтонд оруулж устгасан байна. Ийнхүү Мали улсын хойд хэсгийн Алжиртай хиллэдэг хилийн ойролцоо байлдааны ажиллагаа сэргэснээс долоо хоногийн дараа буюу энэ сарын 27-28-нд шилжих шөнө Оросын хөлсний 82 цэрэг амиа алдаж 15 цэрэг босогчдод олзлогдсон нь тодорхой болжээ.

Оросын мэдээллийн Z-сувгууд энэ сарын 20-ноос эхлэн хэд хоног дараалан “Өнгөрсөн 12 жилийн турш Мали улсын хойд хэсгийг хяналтандаа байлгаж 2012 онд тусдаа муж болсон туарегчууд гэх салан тусгаарлагчдыг нэг мөсөн устгана” гэж мэдээлж байсан билээ. Үнэхээр ч эхний өдрүүдэд “Вагнер PMC”-ийн үлдэгдэл дээр бий болсон Оросын “Африкийн Корпус”-тай хамтарсан Малийн армийн ажиллагаа амжилттай явагдаж, долоо хоногийн өмнө тэд Алжиртай хиллэдэг Ин-Афарак тосгоныг хяналтандаа авсан билээ. Ингээд энэ сарын 25-26-нд шилжих шөнө Оросын хөлсний цэргүүдийн цуваа Алжирийн нутаг болох Тин-Заватин хотын чиглэлд урагшилж эхэлсэн байна. Цэргийнхэн Мали-Алжирын хилээс хоёр километрийн зайд очих үед элсэн шуурганд дайрагдсан тул давшилтаа зогсоогоод байсан гэж Оросын хөлсний цэргүүдтэй холбоотой телеграм сувгууд мэдээлжээ.

Байгалийн энэхүү төрөлх нөхцөл байдлыг далимдуулан нутгийн босогчид хуучин Вагнерчуудыг бүслэн довтолсон нь ийнхүү амжилттай болсон байна. Малийн босогчид дор хаяж Оросын нэг “Ми-24” нисдэг тэргийг устгаж чадсан бөгөөд нас барсан орос хүмүүсийн дунд “Белый” нэршилтэй, телеграм сувгийн алдартай хөтлөгч Никита Федянин байжээ. Түүнийг нас барсан тухай ТАСС агентлаг мэдээлсэн байна. Тэрээр Евгений Пригожины үед “Вагнер PMC”-ийн тухай бичдэг хамгийн алдартай сувгуудын нэгийг хөтөлдөг байсан бөгөөд түүнийг 500 мянга гаруй хүн дагадаг байжээ. Никита Федянин Оросын хөлсний цэргүүдийн устгасан Украины дайчид, бүр энгийн иргэдийг ч бахархал болгон сурталддаг нэгэн байсан ажээ. Мөн Оросын янз бүрийн Z-сувгууд “Вагнер”-ийн хамгийн алдартай командлагчдын нэг Антон Елизаров уг отолтонд өртсөн гэж мэдээлж байна.

Оросын хөлсний цэргүүдийн энэ хохирол нь Украины дайныг тооцохгүйгээр харийн нутагт амсаж буй хоёр дахь том хохирол нь юм. Сирийн Дейр эз-Зор мужийн Хашам хотын орчим 2018 оны хоёрдугаар сарын 7-8-нд болсон тулалдаанд Сирийн засгийн газрын цэргүүдийг толгойлж явсан Оросын хөлсний цэргийн цувааг Америкийн довтолгооны нисдэг тэрэгнүүд довтолж бүрэн устгасан юм. Энэ нь Орос Америкийн цэргүүд шууд тулалдсан анхны тохиолдол болсон бөгөөд одоо хүртэл энэ тулааны талаарх тодорхой мэдээлэл огт гардаггүй билээ. Ямар ч байсан энэ тулалдааны дараа “Вагнерчууд ялагдашгүй” гэдэг цуурхал бүрэн намжсан юм. Энэ удаагийн тулалдаан ч орон нутгийханд Оросын “Африкийн корпус”-ын нэр хүндийг шороотой хутгаж орхив. Учир нь Туарегчуудын салан тусгаарлах CSP-DPA эвслийн төлөөлөгч Мохамед Элмаулоуд Рамадан “Бямба гаригт манай хүчин дайсны цэргийн том цувааг бут цохиж, их хэмжээний техник, зэвсэг олзолсон” гэж мэдээлсэн байна.

Төрийн эрхэнд гарахад нь тусалсан Оросын “Вагнер PMC”-ийн хөлсний цэргүүд Мали улсын засгийн эрхэнд гарсан хурандаа Ассими Гоитын урилгаар 2021 оны 5 дугаар сард тус улсад албан ёсоор орж ирсэн юм. Товчоор Оросын хөлсний цэргүүд Африкийн улсуудын цэргийнхэнд засгийн эрх авахад нь тусалж оронд нь байгалийн баялгаас нь хувь хүртдэг бөгөөд энэ нь маш их тоотой мөнгө юм. Оросын “Вагнер PMC”-ийн бүх удирдлагууд Евгений Пригожинтой хамт нэг дор амиа алдах болсон гол шалтгаан нь ч энэ мөнгө байсан билээ.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Үхрийн цул мах 20,000 төгрөгөөр худалдаалагдаж байна

2024 оны долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар “Барс” худалдааны төвийн махны үнэ ханшийг худалдаа эрхлэгчдээс тодрууллаа.


Ямааны мах үнэ 8,000 төгрөг  бол жижиглэнгээр ястай мах 10,000 төгрөг, цул мах 11,000 төгрөг, Хонины махны үнэ 12,000 төгрөг бол, ястай мах жижиглэнгээр  14,000 төгрөг, цул мах 15,000 төгрөг, Үхрийн махны үнэ 15000 төгрөг, жижиглэнгээр ястай мах 17000 төгрөг, цул мах 20,000 төгрөг, Адууны мах үнэ 10000 төгрөг, жижиглэнгээр ястай мах 11,000 төгрөг, цул мах 13,000 төгрөгөөр худалдаалагдаж байна.

Худалдаа эрхлэгчээс тодруулахад

-Өмнөх оноос махны үнэ буурсан байгаа юу?

-500-1,000 төгрөөр буурсан байна. Бидний хувьд 1кг махнаас 2,000-3,000 ашиг хардаг нийгэм эдийн засагтаа тааруулан аль болох бага үнээр зарахыг боддог.

-Иргэдийн худалдан авалт ямар байна вэ?

-Маш муу байгаа тэр хирээрээ аль болох бага хэмжээгээр махаа татан авч байна. Өдөр 10 хүртэлх кг мах л зарж байна. Цаг сайхан байхад иргэд гулуузаар нь авдаг байсан одоо бол 1килограммаар өдрийн хоолны махаа л авах хүн хүртэл байна.

-Иргэд хонь болон үхрийн махны алийг нь илүү авдаг вэ?

-Бараг ижилхэн гэхдээ хонины махыг арай илүү авах хандлагатай байдаг. Шинэ хонины мах гээд сүүлийн үед их авч байна.

Э.Бадамгарав.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар усны ослоор 14 том хүн, 6 хүүхэд амь насаа алджээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд он гарсаар голын усны ослын нийт 25 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, 14 том хүн, 6 хүүхэд амь насаа алдсан байна.

– Эдгээр тохиолдлуудын арван хоёр нь амралтын өдрүүдэд  бүртгэгдсэн байна.

– Амралтын өдрүүдэд иргэдийн Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу зорчих хөдөлгөөн нэмэгддэг.

– Иймд голын эрэг дагуу амралт зугаалгаар зорчихдоо хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудыг анхаарч, согтууруулах ундаа хэрэглэсэн бол гол руу орохгүй байх, хийлдэг завь, цагариг, бусад хэрэгслийг ашиглахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

– Мөн олон хоног орсон борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж, голын эрэг нурах аюултай тул аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

УБ Сонгдо эмнэлгийн хойд талын авто замыг ирэх сарын 20-ныг хүртэл хаана DNN.mn

Нийслэлд хийж буй өвөлжилтийн бэлтгэл хангах найман багц ажлын хүрээнд зарим байршилд авто замын хөдөлгөөн түр хааж, дулааны шугам шинэчилж буй.

Тэгвэл дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд наймдугаар сарын 1-ний өдөр буюу ирэх пүрэв гарагаас наймдугаар сарын 20-ны өдрийн 18:00 цаг хүртэл С.Зоригийн гудамж буюу УБ Сонгдо эмнэлгийн хойд талын замыг хаахаар болжээ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох байгууллагаас сануулж байна.

Categories
мэдээ нийгэм

Аянга бууж, 17 бог мал хорогджээ DNN.mn

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Их булаг багийн нутаг аймгийн төвөөс зүүн хойд 10 км, сумын төвөөс зүүн зүгт 45 км-т орших Их уул цэргийн хүрээ, Хонин цохио хэмээх газарт долоодугаар сарын 29-ний 17:00 цагийн орчим аянга бууж, мал хорогджээ.

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 21:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Аянганд 17 бог мал /11 ямаа, 6 хонь/ цохиулж хорогдсон тухай мэдээллийг тус ангийн малын эмч Онцгой байдлын газарт мэдээлжээ.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газраас ажлын хэсэг мөн өдрийн 21:12 цагт очиж, нөхцөл байдалтай нь танилцсан. Долоодугаар сарын 30-ны өдөр сэг, зэмийг устгах ажлыг зохион байгуулна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн баг, тамирчид Парисыг зорилоо DNN.mn

Монгол Улсын Чөлөөт бөхийн баг, тамирчид зуны олимпын XXXIII  наадамд оролцохоор өчигдөр Парис хот руу хөдөлжээ.

“Парис-2024” зуны XXXIII олимпод эрх авсан чөлөөт бөхийн есөн тамирчин, 11 дасгалжуулагч, таван бэлтгэл хангагч, эмч, холбооны удирдлагууд зэрэг нийт 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг мордов.

Олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 5-11-ний өдрүүдэд үргэлжилнэ.