Categories
мэдээ цаг-үе

Үндэсний их баяр наадмын нээлтэд 1500 гаруй уран бүтээлч оролцжээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадам Төв цэнгэлдэх хүрээлэнд Төрийн Есөн хөлт цагаан тугаа залснаар ёслол төгөлдөр эхэллээ.

Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, наадамчин олондоо хандаж хэлсэн үгэндээ Монгол наадам бол эцэг тэнгэр, эх дэлхий, эрдэнэт хүмүүний гурамсан их баяр, монгол төрийн ой санамж, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл, эртний түүхтэй, эвийн хүчтэй монголчууд бидний оюун санаа, оршин тогтнохуйн дархлаа билээ. Их эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид төрт ёсны их шүтээн Есөн хөлт Цагаан тугаа мөнх хөх тэнгэртээ мандуулж, уяхан замбуу тивийн наранг уртын дуугаараа мялааж, хөрст алтан дэлхийг хуурын эгшгээрээ хөгжөөж, хүн ард, уул усаа баясган, дэлхийд хосгүй “Монгол наадам”-аа ийнхүү өнгө төгөлдөр, цог жавхлан төгс эхлүүлж байна. Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” хэмээгээд өв соёл, өвөг дээдэс, үүх түүхээрээ бахархан, “Үндэсний их баяр наадам”-аа тэмдэглэж буй наадамчин олон түмэндээ, манай сайхан оронд морилон саатаж буй эрхэм хүндэт зочиддоо Тулгар төр байгуулагдсаны түүхт 2233, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 813, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг Төв аймгийн “Монгол туургатан” театрын найруулагч Ц.Батнайрамдал ажиллаж, “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” агуулгын дор ”Монгол оршихуйн Итгэл Үнэмшил”-ийг байгаль эх, хүн төрөлхтний хүйн холбоо, шүтэн барилдлагаас эхлээд Монгол түмний гайхамшигт өв соёл, ахуй зан заншил, дэлхийд анхдагч археолиогийн олдворууд болон 21 аймгийн онцлог шинж чанарыг орчин үеийн дэвшилтэд технологитой хослуулан мюзикл маягаар дэглэж, мэргэжлийн урлагийн болон хувийн хэвшлийн байгууллагууд, 21 аймгийн өвлөн уламжлагч нарын хамтарсан 1500 гаруй уран бүтээлч оролцлоо гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Эд зүйлээ хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна DNN.mn

Баяр наадмын болон аялал жуулчлалын үе эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна.

Эд зүйлээ хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна

Баяр наадмын болон аялал жуулчлалын үе эхэлсэнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас дараах сэрэмжлүүлгийг иргэдэд хүргэж байна.

Иргэд, жуулчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай зэрэг газруудад хүн ихээр цуглардаг олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр санамсар, болгоомжгүй байдлаасаа болж эд зүйлээ хулгайд алдаж, гээж, орхидог.

Иймд халаасны хулгайн гэмт хэргийн хохирогч болохгүйн тулд эд зүйлээ хараа хяналтгүй орхихгүй байх, хэтэвч, гар утас, бэлэн мөнгө болон бусад үнэт зүйл биедээ авч яваа тохиолдолд хянамгай байхыг сэрэмжлүүлж байна.

Хэрэв халаасны хулгайн гэмт хэрэгт өртөж хохирсон бол дараах мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагад хандана уу. Үүнд:

Төв цэнгэлдэх хүрээлэнд – №9 хаалга “Цагдаагийн шуурхай бүлэг”

Хүй долоо худаг – “Цагдаагийн хүрээ”

Цагдаагийн байгууллагын 102 дугаар болон харьяа нутаг дэвсгэрийн цагдаагийн газар, хэлтэст хандана уу.

Categories
мэдээ цаг-үе

Үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаан эхэлж байна.

 

Энэ жилийн баяр наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай тэргүүтэй улсын цолтой 98 бөх барилдахаар бүртгүүлсэн. Мөн аймаг цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 41 бөх нийт 512 бөх барилдаж байна.

Өнөөдөр бөхийн барилдааны нэг, хоёрын даваа болно.

Categories
мэдээ нийгэм

“Түр хүрээ” байгуулагдаж, 1080 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна DNN.mn

Монголын ард түмний түүх, соёлын дархлааны илэрхийлэл болсон Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Үүнтэй холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын дарга, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар “Хүй долоо худаг”-т “Түр хүрээ” байгуулагдаж, 35 анги, байгууллагын 1080 алба хаагч гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол, иргэд, унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, бага насны хүүхдийг төөрөх зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна.

Мөн алба хаагчид хамгаалалт, зохицуулалт, явган болон мото, морьт эргүүлд үүрэг гүйцэтгэж байна.

Categories
мэдээ

Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй 512 бөх зодоглохоор бүртгүүлжээ DNN.mn

Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний их баяр наадмын бөхийн оноолт гарчээ.

Энэ жилийн баяр наадмаар Дархан аварга Г.Өсөхбаяр, Даян аварга Н.Батсуурь, улсын аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, О.Хангай, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, Ц.Содномдорж, Д.Ганхуяг, Х.Мөнхбаатар, Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва тэргүүтэй улсын цолтой 98 бөх барилдахаар бүртгүүлсэн байна. Тодруулбал дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, улсын арслан долоо, улсын гарди зургаа, улсын заан 14, улсын харцага 21, улсын начин 45 бөх зодоглож байна.

Мөн аймаг цэргийн цолтой 261, сумын цолтой 112, цолгүй 41 бөх барилдахаараар болжээ.

Том цолтой бөхчүүдээс улсын аварга С.Мөнхбат энэ жилийн наадмаар зодоглохгүй гэдгээ зарласан. Мөн допингийн асуудлаар улсын арслан Э.Оюунболд, улсын гарди М.Бадарч нар барилдсангүй.

Саяхан барилдах эрх нь сэргэсэн улсын харцага Т.Бэгзсүрэн, Ц.Мөнхбаяр болон аймгийн арслан Б.Өсөхбаяр нар барилдахаар бүртгүүлсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Хүй долоон худагт өчигдөр түргэн тусламжийн 100 гаруй дуудлага бүртгэгджээ DNN.mn

Хүй долоон худагт ажиллаж байгаа Түргэн тусламжийн төвд өчигдөр 100 гаруй дуудлага бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Согтуу хүн голын усанд хөвж байсныг аварчээ DNN.mn

Өнөөдөр Туул голын эрэг дагуу хөдөлгөөнт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байсан Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн алба хаагчид голд живж байсан 22 настай иргэнийг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн, ЯТТ-103-т хүлээлгэн өглөө.

Мөн Сонсголонгийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид Хан-Уул дүүргийн 8-р хорооны нутаг дэсвгэрт Туул голд 40 настай согтуу иргэн хөвж байсныг гаргаж холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа.

Ойрын өдрүүдэд иргэдийн голын эрэг дагуух хөдөлгөөн нэмэгдэж байна. Иймд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд орохгүй байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Таван аймгийн наадмаас гурван шинэ арслан төрлөө DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-13-ны хооронд аймгууд баяр наадмаа тэмдэглэдэг уламжлалтай.

Өчигдөр буюу долдугаар сарын 10-нд ихэнх аймгууд наадмын нээлтээ хийсэн. Тэднээс тавынх нь бөхийн барилдаан өндөрлөж, үр дүнгээ гаргажээ. Үлдсэн нь өнөөдөр дуусах юм.

Тодруулбал Багахангай, Налайх, Дундговь, Баянхонгор, Өмнөговь аймгийн цол олгох барилдаан өндөрлөв. Багахангай дүүрэгт Увс аймгийн Түргэн сумын бөх аймгийн начин Г.Цоггэрэл түрүүлж, арслан цолтой боллоо. Түүнтэй Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат аймгийн харцага Б.Ганзолбоо үзүүр, түрүүнд өрсөлдөж, унаснаар аймгийн заан цол авсан юм.

Түүнчлэн Баянхонгор аймгийн наадамд аймгийн заан Э.Өлзийбаяр түрүүлж аймгийн арслан, сумын заан Б.Бат-Эрдэнэ үзүүрлэн аймгийн зааны тэмдэг гардлаа.

Налайх дүүрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын цэргийн заан Х.Наранбаяр өнгөлж цолоо ахиулсан бол Говь-Алтай аймгийн Халиун сумын аймгийн начин Д.Төртогтох аймгийн заан цолтон болсон аж.

Харин Дундговь болон Өмнөговь аймгийн цол олгох барилдаанд нутгийн арслангууд түрүүлж, хурц чимэг нэмлээ. Тухайлбал Дундговь аймагт аймгийн арслан Н.Амгаланбаатар өнгөрсөн жил үзүүлсэн амжилтаа давтсан бол Х.Чойжилсүрэн сумын заан цолоо аймгийн заанаар ахиулав.

Өмнөговь аймгийн цол олгох барилдаанд аймгийн арслан М.Буяндэлгэр түрүүлж, сумын заан Ч.Лхагвасүрэн үзүүрлэжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Булган аймгийн харьяат С.Гал-Эрдэнийн нандин хонгор азарга түрүүллээ DNN.mn

Хүй долоон худагт хурдан азарга бариандаа орлоо. Энэ жилийн наадамд 192 азарга уралдуулахаар бүртгүүлснээс 134 азарга тоосоо өргөсөн юм.

Ингээд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Сэрээнэнгийн Гал-Эрдэнэ нандин хонгор азарга түрүү магнайд хурдаллаа.

Аман хүзүүнд,  Архангай аймгийн У.Тодбилэгийн хээр азарга

Айргийн гуравт, Хөвсгөл аймгийн харьяат Д.Отгонлхагвын хүрэн азарга,

Айргийн дөрөвт, Булган аймаг Х.Аминхишигийн хүрэн халзан азарга,

Айргийн тавт, Орхон аймгийн харьяат Чулуунбатын Батжаргалын зээрэн зээрд азарга хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа.

Categories
мэдээ нийгэм

Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10-15 өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд авто машины дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй.

Монгол Улсын Бүх Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар Үндэсний их баяр наадмаар зургаан хоног амардаг болсон. Тус хуулийн 4.1.1-т зааснаар “Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 10,11,12,13,14,15″ гэж заажээ.

Үүний дагуу энэ жилийн наадмаар долдугаар сарын 10-15 өдрүүдэд бүх нийтээр амарна.