Categories
мэдээ нийгэм

Булган аймагт “Алтаргана-2024” наадам болно DNN.mn

Буриад түмний өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж, өвлүүлэн уламжлуулах, дэлхийгээр тархсан буриад зоныг нэгтгэх зорилготой “Алтаргана-2024” наадам ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт болно.

Гуч гаруй орны 50 гаруй мянган хүн оролцохоор төлөвлөж буй тус наадмыг энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, Гадаад харилцаа болон Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм.

Энэ жилийн олон улсын наадмын гол зорилго нь залуучууд, хүүхдүүдэд буриад үг хэллэгийг таниулан сурталчлах, өвлүүлэн үлдээхэд чиглэж байна.

“Алтаргана” наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд “Буриад дууны уралдаан” нэртэй эхлүүлж олон улсыг хамарсан буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа хийх гэж байна.

Categories
мэдээ цаг-үе

Мандалговь-Даланзадгадын зам усанд автжээ DNN.mn

Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд үер бууж, зам дээгүүр давж урсчээ. Иймд та бүхэн аян замдаа анхаарал болгоомжтой, замын нөхцөл байдлыг сайтар судлан хөдөлгөөнд оролцохыг албаныхан анхааруулж байна.
Мөн Өмнөговь аймгийн Ханхонгор суманд үерийн 30 дуудлага бүртгэгджээ.
Үер усны дуудлагад Даланзадгад сумын мэргэжлийн ангиас 28 алба хаагч 11 техник хэрэгсэл, Онцгой байдлын газраас 18 алба хаагч 3 техник хэрэгсэл, нэг тоног төхөөрөмжтэйгөөр ажилласан байна.

Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Хэнтийн өмнөд хэсгээр, 15-ны өдөр Дорноговийн хойд хэсэг, Хэнтий, Сүхбаатарын нутаг, Дорнодын баруун өмнөд хэсгээр их бороо орно.

Categories
мэдээ нийгэм

Долдугаар сарын 16-ны мягмар гаригаас 14 хоног халуун ус хязгаарлагдах айл өрх, ААН-үүд DNN.mn

Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглолд маргаашаас эхэлж 14 хоног засвар хийх хуваарийг Улаанбаатар Дулааны Сүлжээ ТӨХК-аас танилцуулж байна.

  1. ШУТИС орчмын хэрэглэгчид
  2. Баянгол зочид буудал,
  3. Төв шуудан,
  4. Хангарьд ордон,
  5. Засгийн газрын ордон,
  6. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв,
  7. УДДТ-37, 42-с хангагддаг хэрэглэгчид,
  8. СЭЗДС,
  9. Сайд нарын II эмнэлэг,
  10. УСУГ-ын орчмын хэрэглэгчид,
  11. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн,
  12. Англи ЭСЯ-ны орчмын хэрэглэгчид

Нийслэлийн хэмжээнд дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил наймдугаар сарын 15-нд дуусна.

Төвлөрсөн дулаан хангамжийн шугам тоноглол насжилт, ашиглалтын түвшнээс хамааран жил бүр засвар хийх нь халаалтын улиралд гэмтэл гарахаас урьдчилан сэргийлэх зорилготойг албаныхан мэдээлэв.

Хэрэглэгч та халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлана уу!

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас зарим худалдаа, үйлчилгээний газар ердийн цагийн хуваариар ажиллаж эхэлнэ DNN.mn

Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103, Ардчилсан хувьсгалын 34 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ажиллах худалдаа үйлчилгээний газруудын хуваарийг Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас гаргажээ.

Барс-2, Бүрд худалдааны төвөөс бусад зах маргааш ажиллаад долдугаар сарын 11-нээс амрах хуваарьтай байна.

Нарантуул худалдааны төв хамгийн олон хоног буюу долдугаар сарын 11-20-ныг хүртэл амрах нь.

Categories
мэдээ цаг-үе

Гол дагуу амарч байсан 6576 иргэнд зөвлөмж хүргүүлжээ DNN.mn

Онцгой байдлын алба хаагчид гол дагуу завьт болон хөдөлгөөнт эргүүлийн бүрэлдэхүүн өдөр бүр үүрэг гүйцэтгэж байна.
Баяр наадмын өдрүүдэд Аврах анги, Гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв, Баянзүрх, Багануур, Баянгол, Налайх, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 117 алба хаагч Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу амарч байсан 6576 иргэнд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмжийг хүргэлээ.
Томоохон голууд болон сав голдрил дүүрэн устай байгаа төдийгүй гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэж үерлэх мөн түүнчлэн хуурай сайр, гуу, жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна. Иймд аялж, амарч яваа ард иргэдийг уулын ам, голын ай сав буюу уруйн үер болох нөхцөл бүрдсэн газарт отоглож хоноглохгүй байж үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Зүүн аймгуудын нутгаар сэрүүснэ DNN.mn

2024 оны долдугаар сарын 16-наас 2024 оны долдугаар сарын 20-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Долдугаар сарын 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 17-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +18…+23 градус, өдөртөө +32…+37 градус, бусад нутгаар шөнөдөө +12…+17 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна. Энэ сарын 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгаар сэрүүн байна.

Categories
мэдээ цаг-үе

Алба хаагчид 3 тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 17, гал түймрийн 21 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Алба хаагчид 6 иргэний аюулгүй байдлыг хангаж, 3 тэрбум 354 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Гол, усны ослоос сэргийлэн хийлдэг завь, цагариг ашиглахгүй байх, хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.

Мөн цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авч, мэргэжлийн байгууллагын сэрэмжлүүлгийг дагахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улс, Бутаны Хаант Улсын Хамтарсан мэдэгдэл DNN.mn

1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны долоодугаар сарын 8-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв.

Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдав.

2. Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-тай албан ёсны уулзалт хийж, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүндэт зочноор оролцов.

3. Айлчлалын үеэр талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

4. Албан ёсны уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар Монгол, Бутаны “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлaсан найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог төр, Засгийн газар, Парламент зэрэг бүхий л түвшинд өргөжүүлэхээр санал нэгдэв.

5. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол, Бутаны энхийг сахиулагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн хүчин зүтгэж буйг өндрөөр үнэлэв. Энэ хүрээнд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд бутаны тал үргэлжлүүлэн оролцож, туршлага солилцон хамтран ажиллахаар тогтов.

6. Төрийн тэргүүн нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Бутаны Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, тэргүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, залуу дипломатчдын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.

7. Хоёр орны төрийн тэргүүн нар хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоёр улсын нэн тэргүүний зорилт гэдгийг онцолж, тогтвортой газар тариалан эрхлэх, газар тариалангийн менежментийн чиглэлээр туршлага солилцох, тус салбарын мэргэжилтний солилцоог эрчимжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.

8. Талууд хөдөө аж ахуйн салбарыг хоёр талын хамтын ажиллагааны тулгуур салбар болохыг тэмдэглэж, хоёр орны давуу тал бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр улсын зах зээлд харилцан нэвтрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, туршлага солилцох, тус салбарын мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр санал нэгдэв.

9. Талууд мал аж ахуй, түүний дотор бэлчээрийн менежмент, сарлаг, хонь, банхар зэрэг өндөрлөг газрын амьтдын маллагаа, үржүүлгийн сайн туршлагыг хуваалцах, тархалтын хүрээг өргөтгөх, нэн ялангуяа мах, сүү, хөөвөр зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиров.

10. Талууд Монгол Улс, Бутаны Хаант Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд гэдгийг онцолж, ганд тэсвэртэй таримал сортуудыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон хөдөө аж ахуйн арга барилыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.

11. Бутаны тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан тэмдэглэв. Монголын тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн тариаланчдад чиглэсэн “Зуун сая жимсний мод” тарих эдийн засгийн санаачилгыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй мод тарих шилдэг туршлагыг хуваалцах, ойн аж ахуйн тогтвортой менежментийн арга техникийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.

12. Талууд хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Монголын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бутан оюутан залуусыг хамруулах, бутаны тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан залуусыг тус тус хамруулахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.

13. Төрийн тэргүүн нар хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Go Mongolia” үндэсний брэндийг Бутаны Хаант Улсын Засгийн газраас зарласан “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулан хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.

14. Талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийг даван туулах, холбогдох эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснийг онцлоод бутаны талаас дээд, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэлт болгов.

15. Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн талууд Улаанбаатар хотод төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.

16. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:

– Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бутаны Хаант Улсын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

– Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

– Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бутаны Хаант Улсын Боловсрол, ур чадвар хөгжлийн яам хоорондын Боловсролын салбар дахь харилцан ойлголцлын санамж бичиг;

– Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

– Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МNB) болон Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац (BBSC) хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.

17. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бутаны Хаант Улсад төрийн айлчлал хийхийг урив.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өглөөг өөртөө зориулъя DNN.mn

Ихэнх хүмүүс сэрүүлгээ хэд дахин унтрааж, хойшлуулж байж орноосоо өндийж, цаг хугацаатай уралдсаар л ажил руугаа явдаг.  Хэрвээ та босох ёстой цагаасаа жаахан эрт босоод  30 минутыг өөртөө зарцуулснаар ирээдүйн 30 жилдээ хөрөнгө оруулж байна гэсэн үг. Учир нь хүний бие өглөөд эрч хүчтэй, оюун ухаан сийрэг байдаг тул энэ үед ус уух, өглөөний цайгаа уух зэрэг нь чухал ач холбогдолтой.

Өглөөд нэгээс хоёр аяга ус уух нь ходоод, бөөр, зүрх гээд дотор эрхтэн төдийгүй биеийн булчинд хүртэл бүтэн өдрийг эрч хүчтэй өнгөрүүлэхэд тусалдаг байна.

“Өглөөний хоолыг өөртөө, өдрийн хоолыг найздаа, оройн хоолыг дайсандаа”  гэдэг үг байдаг. Өглөө идэвхтэй хөдөлгөөн хийхийн өмнө уургаар баялаг, эрүүл өөх  тостой хоол идэх нь өдөр болон оройн хоолыг хэтрүүлэн идэхээс сэргийлдэг байна. Иймд өглөөний цайнд өндөг, авакода, самар, тараг, бүхэл үр зэргийг хэрэглэх нь зохимжтой. Түүнчлэн хүний бие өдрийн эрч хүчний 25 хувийг өглөөний цайнаас авдаг байна.

Мөн өглөөний цайгаа тогтмол уудаг хүмүүсийн биеийн жинг өглөөний цайгаа уудаггүй хүнийхтэй харьцуулахад хамаагүй бага ба өглөөний цайгаа уудаггүй хүмүүсийн 50-иас илүү хувь нь таргалалттай  гэх судалгаа бий.  Тиймээс та ухаалаг утсаараа зурвас бичих, фэйсбүүк шалгаж байхын оронд өглөөний цайгаа уух, дасгал хөдөлгөөн хийж,  өглөөг өөртөө зориулахыг зөвлөе.

Д.Баттогтох

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ч.Батцэнгэл: ХХ зууны манлай дуурийн дуучдын гарын шавь болсондоо маш их талархаж явдаг DNN.mn

Монгол Улсын Консерваторийн Дуулаачийн тэнхимийн багш, МУСТА дуучин Чулууны Батцэнгэлтэй ярилцлаа.


-Та дуурийн театрт олон жил дуулсан. Багш нарынхаа талаар эхлээд дурсвал?

-Би багаасаа драмын жүжигчин болно гээд Дархан хотын “Залуучууд театр”-т анх 1994 онд драмын жүжигчнээр ороод гурван жил ажилласан байдаг. Тэр хугацаандаа Дархандаа тавигдаж байсан жүжгүүдэд тоглоод явж байсан. Жүжигчнээрээ СУИС руу шалгалт өгөх гэж яваад жүжигчнийхээ ангид орж чадалгүй дуулаачийн ангид орчихсон юм. Тэр цагаас хувь тохиолоор сайн багшийн гарын шавь болж таарсан. Тэр нь Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдорж багш маань юм. 1997-2007 он хүртэл багшийнхаа амьдралынх нь хугацааны сүүлийн арван жилд ойр дотно байж тэр хүний зөвлөгөө, мэдлэг боловсролыг чадлаараа сурсан гэж хэлж болно. 2002 онд манай ангийнхан СУИС-ийг төгсөөд ангиараа 14 залуу дуурийн театрт уригдаж орж байсан. Тэр үед бодлогоор залуу боловсон хүчнээ сайн бэлдэж, “Дон Жуан, Чингис Хаан, Богема, Увдист лимбэ” том дууриудыг шинээр сэргээн тавихаас гадна хуучин тоглогдож байсан дууриудаа хийж эхэлсэн.

2012 онд СУИС-д магистр болоод Ардын жүжигчин А.Дашпэлжээ, Гавьяат жүжигчин Л.Халиунсүрэн багш нарынхаа удирдлагад магистр хамгаалсан. Урлаг гэдэг бол залуу насны юм, тийм учраас сайн багшийн юм чамд байж магадгүй багшил гэсэн учраас багшлах арга зам руугаа хандсан.. Хажуудаа их зүйл заасан хүн бол Х.Уртнасан багш маань. Одоо эргээд харахаар XX зууны манлай дуурийн эрэгтэй дуучны гарын шавь болоод, дараагаар нь XX зууны манлай дуурийн эмэгтэй дуучин Х.Уртнасан багшийн хажууд багшлах аргыг нь суралцсандаа маш их талархаж явдаг.

-Хөгжмийн зохиолч Ч.Сангидорж гуайгаас эхлээд олон сайхан хүнтэй та нөхөрлөж явсан гэсэн. Энэ тухайгаа яривал?

-Нөхөрлөнө гэхээр тэр хүмүүсийн шавь, дүү нь л болж байгаа юм. Сангиа багш, Халтарын Билэгжаргал, Бямбасүрэнгийн Шарав, Сайнцогийн Мөнхбат гээд сайхан хөгжмийн зохиолчид байна. Монголчууд цөөн гэлтгүй их авьяастай ард түмэн. Үнэхээр тэр хүмүүсийг бид өөрсдөө хайрлахгүй бол өөр хэн хайрлах вэ гэж боддог. Тэр ч утгаараа энэ хүмүүстэй ойр байж, өмнө нь хийчихсэн уран бүтээлээс нь дуулахыг хичээж, шинээр хийж байгаа бүтээлээс нь хамт дуулж уралдаан тэмцээнд оролцож явлаа. Х.Билэгжаргал багш маань хэлдэг байсан юм. Дуурьт хоолой, хөгжмийн онол, хэлний чадвар, өгөгдөл гээд олон юм жүжигчнээс шаардана. Багш маань надад чамд энэ дүрүүд илүү зохимжтой, алсдаа энэ дүрүүдийг хийгээрэй гэж захиж байсны нэг нь Ламбагуайн нулимс байсан. 2007 онд улсын тавдугаар уралдаанд ороод түрүүлж байсан. Театрын уран бүтээлчид маань намайг сайхан хүлээж авч, сэтгэлээсээ дүр гаргасан Лодон байж чадлаа гээд мэргэжлийнхээ хүрээнд үнэлгээ авч байсан.

-Таны нутаг ус Завхан аймгийн Шилүүстэй сум. Нутгийнхаа “Андиа гэгээн” гэж гэгээнтэнд зориулсан дуу хийсэн. “Очирваань уулын цагаан үүл, Ялгуусан хутагтын уул” гээд Очирваань хайрхны тухай олон сайхан дуунууд, концертууд хийсэн байдаг. Уран бүтээлийнхээ талаар дурсвал?

-“Очирваань уулын цагаан үүл”-ийг анх хийсний дараа Нарванчин гэгээн, Андиа гэгээн гээд нутгийнхаа хутагт хувилгаадын дуунуудыг дуулах тохироо бүрдсэн. Уран бүтээлүүд цуглаад ирэхээр цогц юм хийх шаардлага гардаг. 2012 онд “Зүрхэнд уяатай уул” гэж дан Отгонтэнгэр хайрхны дуунуудаар цомог гаргасан. Тэгээд олон найзууд маань энэ цомгийг ингээд орхиж болохгүй, багцалсан зорилтот төсөл хийх хэрэгтэй гээд зүтгэсэн. 2016 онд “Дорнын намуухан Отгонтэнгэр” гэсэн дуугаар нэрлэсэн телевизийн кино концерт хийсэн. Бавуудорж маань “Монголын, Азийн” гэж тэр уулаа хэлээгүй “Дорнын” том уул юм аа гэж хүндэтгэлтэйгээр хандсан. Тэр нь бас надад их сэтгэгдэл төрүүлж ингэж нэрлэсэн. Тэр төсөл маань олон түмэнд нэлээд өгөөжтэй байж, хүмүүст хүрсэн байдаг. Одоо харахад нэг өнцгөөсөө дуучин Батцэнгэл дандаа нутгийнхаа дуунуудыг дуулаад байгаа юм шиг. Нөгөө өнцгөөсөө залуучууддаа ийм онгон дагшин байгальтай шүү гэсэн үзүүштэй юм хийжээ гээд сэтгэл дүүрэн явдаг юм. Хамгийн олон дуу хамт хийсэн гэвэл Бавуудорж, Батсүх хоёр маань байх. Бид нэг нутгийн хүмүүс. Энэ хоёртойгоо нийлээд 40-өөд дуу болох байх. А.Эрдэнэ-Очир, Л.Ганзултайгаа бас олон дуу хийсэн.

-Таны дууны урын санд олон түмэнд хүрсэн дуунуудаас Т.Сэр-Од гуайн бүтээл “Миний хүү аавыгаа битгий санаарай, ээжтэйгээ эрхлэн тоглоорой” гээд дуу хүмүүст их хүрсэн байдаг. Энэ дууныхаа түүхээс хуваалцаач?

-Тэр чинь их сонин шүү дээ. 2002 онд сургуулиа төгсдөг жил хийсэн дуу. Хөгжмийн зохиолч Т.Сэр-Од багш маань Шанхайд сураад төгсөөд ирсэн, бидэнд хичээл ордог байсан. Тэр үед манай доод талын ангийн Жавхлан, Баясгалан гээд нийтийн дуу руу оюутан байхаасаа хүчтэй ороод ирсэн залуучууд байсан. Тэгээд нэг дуу надад сонсгосон, тэрийг нь дуулсан. Манай ангиас бас нэг залуу “Хонхны нулимс” гээд дуу дуулсан. Сургуулиа төгсөхөд учиргүй нөгөө хоёр дуу маань хүнд хүрээд тэр үед радио цөөхөн байж, хуулж аваад оруулчихсан байсан. Тэр бол Т.Сэр-Од хөгжмийн зохиолч Энхманлай ахыг, хүүгээ санаад Шанхайд сурч байхдаа хийсэн дуу. Хөгжмийн зохиолч маань үгийг нь хийчихсэн учраас хүүгээ санаад, сэтгэлээс нь ундарч гарсан. Тийм учраас хүний зүрх сэтгэл рүү их очсон байх гэж боддог.

-Та 2012 оноос хойш одоог хүртэл Монгол Улсын Консерваторын Дуулаачийн тэнхимд багшилж байна. Шавь нартаа уран бүтээлчийн хувьд ямар зөвлөгөө, санамжийг голдуу өгдөг вэ?

-Миний гарын бэлдсэн шавь гэвэл 40 гаран залуучууд байна. Аймгийн театрын чуулгууд, төвийнхөө чуулгуудад залуус маань одоо л дуулж эхэлж байна. Өмнө жил Хятадад зохиогдсон А зэрэглэлийн том уралдаанд Монголоос гурван дуучин шалгарснаас хоёр нь миний шавь. Багш хүний гол зорилго бол шавь нар л амжилттай байх. Шавь нараа энэ нь илүү хоолойтой гэж ялгахгүй байх юмсан гэж боддог. Яагаад гэвэл аль ч байгаа газраа соёлын үрийг тарих гэж хичээж байгаа. Харин нийтлэг араншинг хүсдэг нь юу гэхээр маш уран бүтээлч хандлагатай байх хэрэгтэй. Уран бүтээлч хандлага нь сулраад ирвэл одоо шүүмжлэгдээд байгаа олон дуучид, адилхан дуунууд ихээр төрж байгаагийн нэг илрэл болно. Шавь нартаа олон зүйлийг хэлэхийг хичээнэ, битгий яар, наад үгээ өөрөө бичээд хуулаад суу, энэ үг нь ямар агуулгатай юм, тэр аялгууны энэ нугалааг ийм учраас ингэж хийсэн байна, тайтгарах хэсэг нь энэ юм байна гэдэг тал руу нь их ажиллавал уран бүтээлч хандлага өөрийн эрхгүй бүтээлд нь нөлөөлнө гэж хэлэхээр байна.

-Таны аав ээж тань урлагийн авьяастай хүмүүс байв уу?

-Багахан юм уламжлагдсан байж болно. Манай аав, ээжийн аль аль талд нь урлагийн авьяастан байсан. Гэхдээ тэр үед дандаа л ардын авьяастнууд байсан. Манай аав бол жолооч хүн, айлд хөдөө явахдаа хэнийд ч орсон баян хуур, гитар, аман хуур гээд ямар ч хөгжмийн зэмсэг байсан бариад тоглочихдог. Тэр хүнд хөгжмийн мэдрэмж байсан. Ялангуяа манай урд талын сумынхан “Оройн Чимэг” гэж Отгонтэнгэрийг магтсан сайхан дуу дуулдаг. Тэр дууг аав маань их сайхан, хуучин ая дангаар нь дуулдаг хүн байсан. Тэгээд би боддог. Цаанаасаа энэ олон шавьтай, түмэн олонд хайрлагдаад явж байгаа маань өөрийн юм бол биш, энэ хүмүүсийн түмэнд тусалж байсан буян нь яваа байх л гэж бодож явдаг.

Г.Балгармаа