Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Аймгийн шинэ арслангууд DNN.mn

 Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадамтай зэрэгцэн болсон аймгуудын наадмаар түрүүлсэн бөхчүүдийг танилцуулж байна.

Нийт 21 аймаг наадам хийхээс одоогоор  16 аймгийн наадам болоод байна.

Аймгийн наадмаар шинэ арслангууд төрсөн байна. Тухайлбал:

Архангай: Хайрхан сумын аймгийн заан Г.Мөнхбаяр,

Баян-Өлгий: Баяннуур сумын харьяат аймгийн заан Е.Көптилек,

Булган: Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын харьяат сумын заан М.Баасанжав,

Говь-Алтай: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат аймгийн нэмэх начин М.Гантулга,

Дорнод: Аймгийн харцага П.Жаргалсайхан,

Завхан: Их-Уул сумын харьяат, аймгийн нэмэх начин Д.Дэмиддорж,

Сэлэнгэ: Сайхан сумын харьяат аймгийн заан О.Төрбат,

Өвөрхангай: Хужирт сумын харьяат сумын заан Ч.Бямбадорж ,

Төв аймаг: Дэлгэрхаан сумын заан Нэргүйбаатарын Баярбаатар,

Ховд: Манхан сумын харьяат, аймгийн заан Болдын Даваадалай,

Хөвсгөл: Галт сумын харьяат сумын заан Н.Дэмбэрэлцэрэн,

Харин Дундговь аймгийн баяр наадам 7 дугаар сарын 18-20-нд,  Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь аймгийнх  энэ сарын 27, 28-нд болно.

Мөн Засгийн газрын 233 дугаар тогтоолоор Үндэсний их наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жил, хурдан морины 2024 оны Хангайн бүсийн уралдаантай хамтатган 8 дугаар сарын 1, 2-нд тэмдэглэх” шийдвэрийн дагуу Орхон аймгийн баяр наадмыг зохион байгуулах юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын 11 Байнгын хорооны дарга, гишүүд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын 11 Байнгын хорооны дарга, гишүүдийг танилцуулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл редакцийн-нийтлэл туслах-ангилал

Улсын арслан Г.Эрхэмбаяр: Арслан гэж дуудахаар чихэнд хоногшоогүй ч юм уу, дасч өгөхгүй юм DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ 2011 ОНЫ АРХИВААС……………………….


Улсын баяр наадамд амжилт­тай барилдаж цол нэмсэн Хууль­ зүй, дотоод хэргийн яамны ха­рьяа “Хүч”, “Сүлд”, “Хилчин” спорт хорооны бөхчүүдийг сайд Ц.Ням­дорж өчиг­дөр хү­лээн авч шаг­нал гардуулав.

16.20  цагаас уг ёслол болно гэсний дагуу сур­валжлагч, гэрэл зурагчин, бөхчүүд тов­лосноос тү­рүүлж ирээд яамны үүдэнд баа­хан зогсоцгоо­лоо. Довжоон дээр зогссон Г.Эр­хэмбаяр, С.Батсуурь, А.Цацав­шир нарын зургаа, до­лоон бөх­чүүд хоорондоо саяын наадмын тавын давааны талаар хэсэг ярил­цана. Тэгснээ нэгнээсээ нойтон саль­фетик асууж “Гараа арчих гэсэн юм” гэцгээнэ. Бас тэгш ойтой аймгуудын наадам хэдийд бо­лох тухай бие биендээ сонир­хуулна. “Манай аймгийн наа­дам удахгүй болно. Нутгийн­хаа
наадмыг үзнэ ээ”, “Би аль аймгууд руу явдаг юм билээ дээ”, “Надтай цуг явах уу” хэ­мээцгээх.

Хэсэг хугацааны дараа яам­ны гурван давхарт байх уулзалтын өрөөнд орцгоов. Уг нь гайгүй цэлгэр өрөө ч Г.Эрхэмбаяр, Ш.Жаргал­сайхан, С.Батсуурь, Ч.Цогбаяр, А.Цацавшир нарын арваад бөх­чүүдийг ороод ирэхээр дүүрээд явчихав. Хөл тавих
зайгүй шахам чихцэлдэнэ.

17.10 цаг болж байхад уг ёс­лолыг зохион байгуулагчид бөх­чүүдээс С.Мөнхбат аварга, Ж.Бат-Эрдэнэ нарын утас шөрмөсийг авч ирж байгаа эсэхийг нь лавлана. Тэгснээ “Ингэхэд энэ хоёр маань Хууль зүйн яам хаана байгааг мэ­дэхгүй байгаа юм биш биз?” гэвэл нэг нь “Энүүхэнд ойрхон явж байна гэнэ. Түгжрэлд зогсч байгаа юм байх” гэсэн чинь “Машинаасаа буугаад гүйгээд ир” гэлээ.

Тэгж, тэгж хүлээлгэсэн зочид ирлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд улсын баяр наадмаар сал­барынх нь бөхчүүд амжилттай барилдаж аварга, арслан, заан гээд л бараг бүгд цолыг авсанд талархаад амжилт хүсэв. Мөн “Энэ жилээс наадмын бай
шагнал нэ­мэгд­сэн. Түрүүлсэн бөх 15 сая төгрөг хүртсэн. Үзүүрлэсэн, шөв­гөрсөн хоёр бөх ч чамгүй мөнгөтэй болсон. Манай бөхчүүд түрүүлж, үзүүрлэж шөвгөрч тэдгээр шаг­налуудыг авсан нь нэг талаар азтай хэрэг” хэмээгээд амжилт гаргасан
бөхчүүдэд шагнал гардууллаа. Улсын аварга С.Мөнхбатад дөрөв, улсын арслан Г.Эрхэмбаярт гурав, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарт тус бүрт нь хоёр өрөө байрны эрхийн бичиг өгөв. Харин бусад бөхчүүдийг сарын цалингаар шаг­насан юм. Ц.Нямдорж сайд “Энэ бөхчүүд чинь цагдаагийн хувцас өмсчихөөрөө танигдахгүй юм гээч. Хэн хэн сууж байгааг сайн ан­заарсангүй шүү” гэлээ. Уг ёслолд оролцох ёстой байсан зарим бөх нутаг нутгийн зүг хүлгийн жолоо татсан гэсэн. Ж.Чулуунбат харин чөлөөт бөхийн дэлхийн аваргын бэлтгэлээ базаахаар Москваг зорь­жээ.

Ёслолын дараа бөхчүүд ярилц­­лага өгөхөөс татгалзаж бараг
зугтах шахуу гараад явцгаав. Ул­сын арслан Г.Эрхэм­баярыг харин сэтгүүлчид “ба­рьж” авлаа.

-Юуны өмнө ардын хувьсгалын 90 жилийн ой болоод өнгөрсөн ч ард түмэндээ сайхан ойн баярын мэндийг хүргэе. Олон жил хүсч мөрөөдөж байсан цолоосоо давуу­лан энэ сайхан цолыг авлаа. На­майг дэмжиж, түшиж тулж явдаг бүх хүмүүстээ баярлаж талархаж бай­гаагаа илэрхийлье.

-Хүсч мөрөөдөж байсан цол тань юу вэ?

-Би 2003 онд улсын начин цол хүртсэн. Түүнээс хойш үеийнхэн маань улсын харцага, заан болц­гоочихоор нь дотроо “Улсын заан болчих юмсан” гэсэн горьдлого тээж явлаа. Тэр хү­сэл, мөрөөдөл маань олон жилийн хөдөлмөрийн үр шим, олон түмний минь сэтгэл зүрхний хүчээр биелсэнд баяр­тай байна.

-Та бөх сонирхогчдынхоо сэт­гэлд Г.Эрхэм­баяр начин гэд­гээ­рээл буугаад арс­лан гэхээр дасч өгөх­гүй байх шиг. Шинэ цолондоо хэр дасч байна вэ?

-Одоохондоо “Арс­лан” гэж дуу­да­хаар чихэнд хоног­шоо­гүй ч юм уу, дасч өгөхгүй юм. “Начин” гэхээр л эргэж харах маягтай байна шүү дээ.

-Наадмын бэлт­гэлээ ямар бөх­чүүд­тэй хийсэн бэ?

-Би “Сүлд” спорт хороонд ороод жил гаруй болж байна. Улсын арслан Х.Мөнхбаатар, Б.Сайн­баяр, Л.Пүрэвжав харцага болон олон сайхан аймгийн арслангууд­тай гал болж гарсан. Тэдэнтэйгээ бэлтгэл хийж, өгсөн зөвлөмж, зөв­лө­гөө нь маш их үнэ цэнэтэй бай­лаа. Тийм болохоор “Сүлд”-ийн тамирчин, бөхчүүддээ энэ өдрийн халуун мэндийг хүргэе.

-Олон аймгийн тэгш ойн бая­рууд болох гэж байна. Та аль
аймгийн наадамд зодоглох вэ?

-Сэлэнгэ аймгийн маань 80 жилийн ой долдугаар сарын 21, 22-нд тохиож байгаа. Тийшээ л явна.

-Та үндэсний бөхөөр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-14 дэх жилдээ барилдаж бай­на. Харин улсын наадамд арав дахиа зодоглоод энэ сайхан цолонд хүрсэндээ баяртай байна.

-Та наадмын зүлэг ногоон дэвжээнд зодоглосон бөх хүний хувьд энэ жилийн наадмын ба­рилдааныг дүгнэвэл…

-Өнгөрсөн жилийн баяр наад­маас хойш л бөхчүүд 90 жилийн ойн бэлтгэлдээ орцгоосон. Бөхчүүд бүгд л сайн бэлдсэн. Тэдэн дундаас сайн барилдсандаа өөртөө баяр­лаад л байгаа.

-Үндэсний бөхөд шинэ үе гарч ирлээ. Энэ талаар таны бодлыг сонсъё. Ширүүхэн өр­сөлдөгчид гэвэл хэн хэнийг нэр­лэх вэ?

-Бүгдээр л сайн байгаа. Муу бөх гэж байхгүй болсон. Бүгдийнх нь бэлтгэл, сургуулилт сайн байна.

-Та барилдааны өмнө өөртөө хэр итгэлтэй байсан бэ. Наад­мын өглөө сэтгэл ямар байв. Өөрийгөө өндөр цолонд хүрнэ гэдгийг ямар нэгэн байдлаар мэдэрч байв уу?

-Би чинь одоо залуу хүүхэд биш. Арван жил улсын наадамд барилдлаа. Багш, дасгалжуулаг­чид маань зөвлөгөө өгч, барил­дахад бүгд л тусалж байсан. Түү­нээс биш би өөрийгөө тэд давна гэдгийг мэддэг үзмэрч биш, яаж мэдэхэв.

-Танд бөхийн эрдмийг хэн анхлан заав?

-Гуравдугаар ангидаа бөхийн секцэнд явж байгаад хэсэг зав­сарласан. Тэгээд 1997 онд Д.Цэнд-Аюуш заан бөхийн гарааг минь эхлүүлж Х.Мөнхбат аваргын сур­гуульд оруулж байсан.

-Таны удамд бөхчүүд байдаг уу?

-Өө, байлгүй яахав. Аав маань сумын заан, самбо бөхийн спортын мастер. Харин ээжийн маань талд улсын заан Баярсайхан байна. Ээжийн минь төрсөн дүү аймгийн арслан Эрдэнэбулган гэж нэг хүн байж байгаад бурхан болсон. Ийм л бөхийн удамтай хүн
байна даа.

-Танд түрүүлэх боломж хэр байсан бэ. Наадамчид таныг  жаахан яарч барилдчихлаа гэж байсан?

-Улсын арслан гэдэг эрхэм хүндтэй цолыг энгэртээ зүүчихээд жаахан яарч сандраад барилд­чихсан. Тийм нэг муу тал байгаа. Гэхдээ С.Мөнхбат маань арай илүү хөдөлмөрлөж. С.Мөнхбатдаа энэ дашрамд аварга болсонд нь баяр хүргэе.

-Цолонд ханана гэдэг шүү дээ. Тэгээд яарчихсан юм биш биз
дээ?

-За даа, бараг тийм гэх үү дээ гэсээр гүйгээд явчихав.

Categories
мэдээ цаг-үе

Наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсооно DNN.mn

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль болохтой холбогдуулан 8 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоохыг УБЕГ-аас мэдээллээ.

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөнийг наймдугаар сарын 12-ноос эхлэн зогсооно.

Categories
мэдээ цаг-үе

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно DNN.mn

НӨАТ-ын урамшууллын 2024 оны долоодугаар сарын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг өнөөдөр буюу долоодугаар сарын 17-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.

Иргэн та 2024 оны зургаадугаар сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа өнөөдрийн 11 цаг 59 минутаас өмнө бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ DNN.mn

Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг шинэчилж эхэллээ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг.

Мөн Улаанбаатар хотын орон сууц, ААН байгууллагын тоо нэмэгдэж, дулааны хэрэглээ өссөнтэй холбогдуулан шугам сүлжээг өргөтгөх ажил хийгдэх шаардлага үүссэн юм. Тиймээс энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөнө.

Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Жамъяангүний гудамж УДЭТ-аас Багшийн дээд хүртэлх дулааны шугам сүлжээг засварлаж, шинэчлэх ажил өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү дээрх байршилд ажиллалаа. Тэрбээр “Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК зэрэг байгууллагууд хамтран  2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, зуны их засварын ажлыг эхлүүлээд байна. Бид өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс их засварын бэлтгэл ажлыг хангаж, засварын ажлаа эхлүүлээд байгаа. Дулааны шугам сүлжээний их засварын ажил хийгдэж байгаатай холбогдуулан зарим байршилд халуун усны хязгаарлалтыг тогтоосон. Гэхдээ цэвэр усны буюу хүйтний усыг хязгаарлалт тогтоолгүй засварын ажлыг гүйцэтгэж байна” гэлээ.

Categories
story-news

Д.Рэгдэл: Намрын чуулганаас өмнө хоёр ч удаагийн ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Рэгдэл: Намрын чуулганаас өмнө хоёр ч удаагийн ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу DNN.mn

УИХ-ын гишүүн, Академич Дүгэрийн Рэгдэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Анхны 126 гишүүнтэй парламентын Анхдугаар чуулган баярын өмнө хуралдаад завсарлалаа. Таны хувьд энэ парламентын хамгийн ахмад настай нь учраас чуулганы хуралдааныг даргалж эхлүүлсэн байгаа. Ер нь энэ парламент өмнөх парламентаасаа тооны хувьд илүү болсон. Өөр ямар онцлог, давуу тал ажиглагдаж байна вэ?

-Анхдугаар чуулганы хувьд үндсэндээ хоёр хэсэгтэй л дээ. Эхнийх нь нээлтийн хуралдаан буюу хамгийн ахмад настай нь даргалж хуралдуулдаг. Хоёр дахь нь УИХ-ын даргыг сонгоод нээлтийн хуралдаанаа өндөрлүүлж, нэгдсэн хуралдаанаа эхлүүлж, шинэ дарга нь удирдаж явдаг УИХ-ын дэгээрээ явлаа. УИХ-ын даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон. Сонгогдоод хэлсэн үгэндээ цаашид энэ Их хурал ямар байдлаар явах вэ гэдгээ товч тодорхой хэлсэн байгаа. Нэгдүгээрт, энэ парламент нээлттэй байна. Хоёрдугаарт, сөргөлдөөний зарчмаас салж, мэтгэлцээний зарчим руу орсон парламент болно. Гуравдугаарт, сонгогч болгоны саналыг орхигдуулдаггүй парламент байж ажиллана гэж тодорхойлсон. Би үүнтэй санал нэг байгаа. Нөгөөтэйгүүр Ардын намын санаачилгаар Үндсэн хуульд парламентын гишүүнийг 126 болгох өөрчлөлтийг оруулсан. Тухайн үед энэхүү өөрчлөлтийг хийж байхад дэвшүүлсэн зорилт өнөөдөр яг таг биелсэн гэж бодож байгаа.

-Ямар зорилго байсан юм бэ?

-Бид өмнөх сонгуулиар юуг хүлээдэг байсан билээ. Эмэгтэйчүүдийн, нийгмийн давхаргуудын, эмч, багш, инженер, эрдэмтдийн төлөөлөл орж ирээсэй гэж хүлээдэг байсан. Хардаг байсан. Хамгийн чухал нь улс төрийн олон намын төлөөлөл парламентад гарч ирээсэй гэж ард түмэн хүсдэг байсан шүү дээ. Сонгууль болгоны өмнө бүтдэггүй байсан эдгээр асуудлууд энэ сонгуулиар бүрэн утгаараа биелж, парламент тал бүрийн төлөөлөл хангагдаж бүрэлдсэн. Найман удаагийн сонгуулиар яриад, хүсээд, хүлээгээд хангагддаггүй төлөөллүүд ес дэх удаагийн парламентын сонгуулийн үр дүнд шууд хангагдсан явдал бол их олзуурхууштай. Гагцхүү сонгогдсон төлөөллүүд маань энэ өөрчлөлтийн төлөө өчүүхэн намын болон хувийн ашиг сонирхлоо сүүлд тавьж яваасай л гэж бодож байна.

Хэрэв ингэж ажиллаж чадвал энэ парламентаас маш их зүйл хамаарна. Монгол Улс бол парламентын засаглалтай орон. Тэр утгаараа парламентын тогтолцоо эрүүл, зөв байж улс орон хөгжих гол нөхцөл бүрдэнэ. Тиймээс тэр жишиг рүүгээ ойртсон парламентын эхлэл болж явах боломж нь бидэнд бүрдчихлээ гэсэн үг. Тиймээс анхны 126 парламентын гишүүн болгон хичээж ажиллах цаг үе гэдгийг хэлмээр байна.

-Анхдугаар чуулганаар зарим гишүүд УИХ-ын Дэгийн тухай хуулийг хөндөж байсан. Өөрөөр хэлбэл, өмнөх парламентын баталсан Дэгээр шинэ парламент явах ёсгүй гэдэг зүйлийг гишүүд хэлж байсан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Яагаад анх энэ Дэгийн асуудал хөндөгдөх болсон бэ гэдгийг товчхон хэлье. УИХ-ын гишүүний үг хэлэх эрх хаагдаж байна гэсэн үндсэн дээр энэхүү Дэгийн асуудал яригдаж эхэлсэн байдаг. Харин өмнөх парламентын хийсэн болгоныг дараагийн парламент гарч ирээд өөрчилье, больё гэвэл утгагүй. Шинэ парламент гарах болгондоо заавал шинэ Дэг тогтоох буруу жишиг рүү хөтөлнө. Энэ асуудлыг маш сайн бодох хэрэгтэй. Дэгийг хэрэгжүүлэх журмыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталж гаргадаг. Зарим гишүүд Зөвлөл бидний үг хэлэх асуудлыг шийдэж байна гэдэг утгаараа дургүйцлээ илэрхийлж байна лээ. Үүнд дургүйцэх шаардлага байхгүй л дээ. Тэд хуулиар заасан чиг үүргийнхээ хүрээнд л энэхүү журмыг гаргаж байгаа. Үүнийг гишүүд бид хэрэгжүүлээд л явах ёстой. Харин яаж 126 гишүүн тус бүрийн саналыг бүрэн авч байх вэ гэдэг асуудлыг л хэлэлцэх хэрэгтэй.

-Шинэ гишүүдийн хувьд одоо ч Төрийн ордонд өрөө, сууцаа тохижуулж чадахгүй байх шиг байна. Өрөөний хүрэлцээ хангалтгүй байна гэсэн гомдол ч гарч байх шиг байна лээ. Нөгөөтэйгүүр чуулганы танхимыг 126 гишүүнд зориулж шинэчилсэн. Энэ шинэчлэгдсэн танхимын хүрэлцээ, тоног төхөөрөмжийн шинэчлэлт танд ямар санагдаж байна вэ?

-Миний хувьд тавилга, ширээ сандлыг бараг л хардаггүй төрлийн хүн. Ажил хийе гэсэн хүн жижиг ширээ, нэг сандал, нөүтбүүктэй байхад хаана ч хийх ёстойгоо хийгээд явна. Хурал хийх танхимуудын хувьд бидэнд хүрэлцээтэй, хангалттай байна гэж харсан. Чуулганы шинэ танхимын хувьд их аятайхан болсон санагдсан. Надад лав ажлаа явуулахад орчин нөхцөл төвөг учраад байх зүйл алга. Харин УИХ-ын гишүүн суух өрөөний тухайд манай Төрийн ордны хүрэлцээ арай тааруу байна уу даа гэж бодож байгаа. Цаашид үүндээ анхаараад, шийдээд явчих байлгүй дээ. Нөгөөтэйгүүр нэг ордондоо парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч хамт байх нь зарчмын хувьд тун буруу үзэгдэл. Үүнийг салгаж байрлуулах асуудлыг энэ парламентын хугацаанд шийдчих болов уу гэж бодож байна. Шийдэх ч ёстой.

-Таны хувьд ахмадын төлөөлөл гэдэг утгаараа энэ парламентад тодорхой ажлуудыг хийнэ гэж харж байгаа. Зарим хүмүүсийн хувьд шинжлэх ухааны салбарын гол төлөөлөл орж ирлээ гэж ойлгож байна. Энэ утгаараа шинжлэх ухааны салбарт ямар эрх зүйн өөрчлөлт хэрэгтэй байна вэ?

-Манай нам энэхүү төлөөлөл гэдэг асуудал дээр маш том бодлого барьж ажилласан. Тэр ч утгаараа намын жагсаалтад салбар, мэргэжил, нас, хүйсийн төлөөллийг бүгдийг нь оруулсан нь ард түмэнд ихээхэн таалагдсан болов уу гэж харсан. Миний хувьд шинжлэх ухааны салбарт голчлон анхаарч ажиллана гэдэг нь ойлгомжтой. Тэгүүлэх гэж л намайг энэ жагсаалтын тавдугаарт бичсэн байх. Түүнээс биш миний хувьд намын жагсаалтад оръё, эсвэл парламентын сонгуульд өрсөлдье гэж энэ насандаа ам ангайж үзээгүй хүн. Намаас санал тавьж, үүрэг, итгэл хүлээлгэсэн учраас л энэхүү асуудлыг хувьдаа хүлээн зөвшөөрсөн. Харин жагсаалтын хэдэд тавих эсэхийг намын Удирдах зөвлөлөөр хуралдаж байж шийдсэн байх. Шинжлэх ухааны салбарын хувьд эрх зүйн орчинг сайжруулах заалтууд цөөнгүй бий шүү. Өнгөрсөн тавдугаар сард Шинжлэх ухаан, технологийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ хэлэлцэж баталсан. Энэхүү хууль өмнөх хуулиудаа бодоход маш сайн эрх зүйн шинэчлэл болсон гэж бодож байгаа. Одоо бол энэхүү хуулийн хүчин чадлыг Төр, шинжлэх ухааны салбар бүрэн гүйцэд ашиглаж чадах уу эс чадах уу, гэдгээ л бодох хэрэгтэй. Энэ л чухал байна.

-Парламентад төлөөллийн зарчим бүрэн хангагдсан гэж байгаа. Тэгвэл яг энэ зарчмаар Засгийн газар байгуулагдчих шиг боллоо гэж харж байна. Таны хувьд “Хамтарсан” Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг ямар байдлаар хүлээн авч байна вэ?

-Засгийн газар байгуулагдах болгонд монголчуудын тавьдаг нэг шаардлага бий. Тэр нь мэргэжлийн Засгийн газар байгуулагдах ёстой гэдэг шаардлага. Энэ бол зөв шаардлага. Гэтэл мэргэжлийн яам гэж юуг хэлэх вэ гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Бидний хувьд нэг л нийтлэг ойлголттой явдаг нь тухайн салбарын сайд мэргэжлийн байх ёстой гэдэг зүйлийг хэлдэг. Гэтэл үнэндээ сайд мэргэжлийн байна уу, үгүй юу гэдэг бол хоёр дахь асуудал. Сайд бол улс төрийн томилгоо. Хамгийн эхэнд анхаарах ёстой гол зүйл бол тухайн салбар, яамны аппарат мэргэжлийн байна уу гэдгийг л харах хэрэгтэй. Яамны аппратад мэргэжлийн хүмүүс л ажиллах ёстой. Энэ бол хатуу зарчим. Мэргэжлийн байлгахын тулд анхаарах ёстой. Түүнээс биш сайд мэргэжлийн байх эсэх бол хоёр, гурав дахь асуудал. Сүүлийн хорь гаруй жил яамны аппарат мэргэжлийн бус хүмүүсээр дүүрсэн. Аль нэг сайд, дарга гарч ирээд тэрхүү яамны аппаратад өөрийн хүнээ шахдаг. Сонгуулиар сайн ажилласан менежерээ хамгийн багаар бодоход газрын дарга түүнээс дээш албан тушаалд томилдог. Үүнээс болоод мэргэжлийн байх ёстой гол функц нь мэргэшсэн хүний нөөцийн дутагдалд ордог. Үүнээс болоод төрийн ажил дампуурдаг. Цаашлаад төрийн бодлого иргэдэд хүрэхдээ буруугаар эсвэл хүнд суртал дагуулан очдог. Тиймээс бид сайдыг мэргэжлийн байх эсэхийг биш тухайн салбар яамны аппаратад ажиллаж байгаа хүмүүсийг мэргэжлийн байх чиглэлд нь анхаарах ёстой.

-Таны хэлдэг ч зөв л дөө. Сая байгуулагдсан Засгийн газрын бүрэлдэхүүний асуудал дээр та ямар бодолтой байгаа вэ?

-Энэ удаагийн Засгийн газрын хувьд гурван нам хамтарч танхимаа бүрдүүлж байгаа нь их онцлогтой. Угтаа МАН-ын хувьд дангаараа Засгийн газраа байгуулах боломжтой байсан ч нөгөө хоёр намдаа хамтрах санал болгож байгаа нь улс төрийн шинэ соёл. Нөгөөтэйгүүр том хөтөлбөрүүд дээрээ нэгдэж, том асуудлаа хамтдаа шийдье. Улмаар улс орныхоо хөгжлийг бодитой урагшлуулъя гэдэг зарчим бол маш зөв. Өмнө хоёр нам хамтарч Засгийн газраа байгуулж байсан түүх бий. Гэхдээ энэ удаагийнх бол зарчмын хувьд өөр. Улс төрийн нөхцөл байдлаа бодож биш улс орныхоо хөгжлийн төлөө бодлого, хөтөлбөрөө нэгтгээд явъя гэдэг зарчмаараа өөр байгаа юм. Энэ бол хандлагын маш том өөрчлөлт гэж би хэлнэ. Одоо засагт хамтарсан намууд тус бүрдээ мөрийн хөтөлбөрөө нэгтгэх асуудал дээр ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Гуч хоногт хөтөлбөрөө нэгтгээд хэлэлцүүлнэ гэж байна. Тэгэхээр ирэх сарын эхээр засагт хамтарсан намуудын нэгдсэн том хөтөлбөр бэлэн болчих болов уу гэж бодож байна.

-Намрын чуулган аравдугаар сарын 1-нд хуралдах байх. Үүнээс өмнө ээлжит бус чуулган хуралдах уу. Энэ талаар та бүхэнд урьдчилж ирсэн мэдээлэл байна уу. Ер нь таны хувьд ээлжит бус чуулган хуралдах нөхцөл байдал үүснэ гэж харж байгаа.

-Ээлжит бус чуулган хуралдах нөхцөл үүсэх болов уу гэж харж байгаа. Таны хэлдгээр намрын чуулган болтол багагүй хугацаа байна. Энэ хооронд хоёр ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулах нөхцөл үүсэх болов уу гэж хараад байгаа. Мэдээж ээлжит бус чуулган хуралдуулах нөхцөл шаардлагыг хуулиар тодорхой заагаад өгчихсөн байгаа. Ямар шаардлага үүсч болох вэ гэхээр Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн танилцуулга хийх үеэрээ “Манай Засгийн газар нэгдсэн хөтөлбөрөө 30 хоногийн дараа бэлэн болгож, УИХ-д танилцуулна” гэж хэлсэн. Тэгэхээр энэхүү хөтөлбөр бэлэн болсны дараа ээлжит бус чуулган хуралдуулж, УИХ-ын гишүүдэд танилцуулах юм болов уу гэж ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, наймдугаар сардаа багтаагаад ээлжит бус чуулган зарлагдах болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор 2024 оны улсын төсөвт өөрчлөлт оруулж таарна. Энэ утгаараа Төсвийн тухай хуульд УИХ л өөрчлөлт оруулах эрхтэй. Тиймээс намрын нэгдсэн чуулганаар төсөв хэлэлцэхээс өмнө ээлжит бусаар хуралдаж төсөвтөө өөрчлөлт оруулах болов уу гэж бодож байна.

-Засагт хамтарсан намууд мөрийн хөтөлбөрөө нэгтгээд, бодлогоо зөв тодорхойлоод явчихвал ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг болоод төрийн бодлого одоо байгаагаас илүү дээрдэнэ гэж та харж байна уу?

-Олон улсын судлаачдын хэлж байгаагаар Монгол Улс хөгжлийн нөөц ихтэй орны тоонд орж байгаа юм. Харин манайд энэ хөгжлийн нөөцөө ашигладаг түвшин бол тааруухан байдаг нь нууц биш. Гурван намын хөтөлбөрийг нийлүүлж байгаад нэгдсэн нэг хөтөлбөр гаргана гэдэг бол амар ажил биш. Нөгөөтэйгүүр аятайхан, хүнд таалагдсан заалт болгоныг нь түүж аваад нийлүүлчихнэ гэсэн зүйл ч биш. Хамгийн гол нь хөгжлийн зорилт, том хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн заалтуудаа багцлаад түүгээрээ нэгдэх байх гэж бодож байгаа. Манайд энэ салбарт ийм заалт танайхаас илүү дээр юм байна, үүнийг авчихъя гэх маягаар явбал утгагүй болно. Энэ бол хөгжлийн хөтөлбөрөөрөө нэгдэж байгаа зүйл огт биш. Тиймээс маш сайн тооцоо судалгаатайгаар энэхүү асуудлаа зөв гаргаж ирж чадвал ирэх дөрвөн жилд Засгийн газрын хийх ажил тодорхой болно. Хийх ажлаа тодорхой болгочихно гэдэг бол том зорилтуудаа хэрэгжүүлэхэд саадгүй болчихно гэсэн үг. Тиймээс бүтэн дөрвөн жил хэрэгжүүлэх ажлаа нэгтгэж гаргахад 30 хоног ч арай багадах болов уу. Гэхдээ залуучууд шуурхай ажиллаад зөв хөтөлбөрөө боловсруулаад гаргаад ирэх байх гэсэн итгэл, хүлээлттэй байна.

-Намуудын мөрийн хөтөлбөрт аж үйлдвэржилт, эрчим хүчний хараат байдлаас гарах тухай олон заалтууд байсан. Ер нь эрчим хүчний хараат байдлаас бид яаж гарах вэ. Шинэ станц барих, цаашлаад атомын цахилгаан станцтай болох асуудлыг их ярьдаг. Монгол Улс атомын цахилгаан станцтай болох ёстой гэж үздэг хүмүүсийн нэг бол та. Атомын цахилгаан станцтай болох мөрөөдөл хол байна уу, ойрхон байна уу?

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын ойрын үед шийдвэрлэх ёстой 10 зорилт гэж зарласан. Үүн дотор хамгийн нэн тэргүүнд эрчим хүчний бие даасан байдлыг бүрдүүлэх зорилт явж байгаа. Энэ зуунд хэн эрчим хүч эзэмшиж байна тэр эзэгнэнэ гэдэг зарчим тод үйлчилж байгаа шүү дээ. Тэгэхээр Монгол Улсын хувьд яалт ч үгүй эрчим хүчний асуудлаа анхаарах цаг болсон. Эрчим хүчний хувьд бид хараат бус болох хэрэгтэй. Манай намын мөрийн хөтөлбөрт энэ талаар юу гэж заасан байгаа вэ гэхээр өнөөгийн Монгол Улсын эрчим хүчний суурь хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Энэ хийж болох зорилт. Гэхдээ эрчим хүч угтаа хоёр дахин нэмэгдчихлээ гэж бодоход энэ хугацаанд маш олон боловсруулах үйлдвэр, метро зэргийг ашиглалтад оруулна. Тэгэхээр нөгөө нэмэгдсэн эрчим хүч шинээр бий болсон бүтээн байгуулалт руугаа шингэчих маягтай харагдах болов уу гэж бодож байгаа. Гэвч энэ тийм чухал асуудал биш л дээ. Судлаач хүнийхээ хувьд Монгол Улс цөмийн эрчим хүч ашиглах асуудлыг их ярьдаг. Өргөн уудам нутагтай, хүн ам цөөнтэй манай улсад атомын цахилгаан станц тохирно гэж үзэж байгаа. Үүнийг судалж, энэ чиглэлд төрийн бодлогоо чиглүүлж ажиллах болов уу. Нөгөөтэйгүүр 2040 онд биш, үүнийг наашлуулаад 2030 он гэхэд эхний ээлжийн жижиг атомын цахилгаан станцтай болох шаардлагатай.

Э.МӨНХТҮВШИН

Categories
story-news

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Гадаад үг зээлэх” хэмээх нийтлэл хэвлэгдлээ

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр морь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 17, Буд гариг. Билгийн тооллын 11, Онгоц одтой, хар морь өдөр. Өдрийн наран 5:11 цагт мандаж 20:46 цагт жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.