Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатар хот 1.2 сая таримал цэцэгтэй боллоо DNN.mn

Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 15 нэр зүйлийн 1.5 сая орчим цэцэг тарихаар төлөвлөсөн талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ.

Өнөөдрийн байдлаар мандарваа, хун цэцэг, хилэн цэцэг, алаг нүдэн, мандарваа, халгана, астра, бербиния, энхэлгэнэ, хумсан гэх мэт 15 төрлийн 1.2 сая  цэцгийг тариад байгаа аж. Мөн 3D хэмжээст 28 цэцэгт байгууламжийг байгуулжээ.

Зарим иргэд цэцэгт байгууламжийг гишгэх таслах, гэрийн тэжээвэр амьтдаар сүйтгүүлэх үйлдлүүд гарч байгаа юм байна. Иймд иргэдийг цэцэгт байгууламжийн хийцлэлтэй болгоомжтой харьцаж, гэмтээхүй байх, цэцэгт байгууламж дээр гишгэхгүй байхыг уриаллаа.

Categories
мэдээ цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэн 06:00-23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй болов DNN.mn

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг өнөөдөр нээжээ. Ингэснээр иргэд 06:00-23:00 цагийн хооронд тус хүрээлэнд орж, биеийн тамир хийх боломжтой болж байна.

“Уг хаалганы дэргэдэх ариун цэврийн өрөө нээлттэй бөгөөд үнэ төлбөргүй. Наймдугаар сарын 1-нийг дуустал зөвхөн 16 дугаар хаалгаар оруулж, гаргана.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захиргааны урд зогсоолыг автомашингүй бүс болгон сандал, хогийн савнууд тавьж тохижуулахаар боллоо.

Мөн урд талбайд ая тухтай, амгалан тайван орчинд суух нөхцөлийг удахгүй бүрдүүлж өгөх болно” гэж тус хүрээлэнгийн удирдлагын зүгээс амлав.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн 36 сургуулийн 23,188 сурагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсчээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ.

Ингэснээр ирэх хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсжээ.

2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд 13 байршилд түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.

  • Баянзүрх дүүрэгт 11 сургууль /14, 97, 21, 111, 120, 68, 142, 30, 53, 69, 155-р сургуулиуд/
  • Хан-Уул дүүрэгт 9 сургууль /15, 34, 59, 75,115, 130, 32, 52, 156-р сургуулиуд/
  • Сонгинохайрхан дүүрэгт 5 сургууль /Хөгжил, 62, 122, 123, 154-р сургуулиуд/
  • Баянгол дүүрэгт 4 сургууль /141, 38, Оюуны ундраа, Эрдмийн өргөө сургуулиуд/

Ажлын хэсэг өнөөдрөөс дээрх байршлуудад ажиллаж эхлэх аж.

Харин орон нутгийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байгаа бол нийслэлийн хэмжээнд 22 сургууль байна.

Ховд, Төв, Дархан Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх төлөв гарчээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Улс төр судлаач Б.Ариунбаяр: Зоригтой шийдэл эрэлхийлэх сайд нар Засгийн газарт олон байгаасай гэж хүсч байна DNN.mn

Улс төрийн боловсролын академи, улс төр судлаач Б.Ариунбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Наадмын өмнө Анхдугаар чуулган хаалтаа хийлээ. Ингэхдээ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Шинээр байгуулагдсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг харж байхад ямар ололт, ямар дутагдал байна вэ?

-Ололт гэх зүйлийг судлаачийн хувьд олж харахгүй байна. Дэд сайдын албан тушаалыг байхгүй болгосныг эрх баригчид олзуурхаж ярьцгааж байгаа нь харагдсан. Угтаа энэ албан тушаал нь сайдын үндсэн ажлыг хөнгөвчлөх буюу төрийг данхар бүтэцтэй болгох үр ашиггүй л албан тушаал байсан.

-Хамтарсан Засгийн газар гэж байгаа. Ер нь улс төрийн нам, эвсэл хамтраад Засгийн газар байгуулахын ач холбогдол нь юу байдаг юм бэ?

-Энэ асуудалд өнгөрсөн хугацаанд олон судлаачид, хувь хүмүүс янз бүрийн байр суурь илэрхийлсэн. Миний хувьд олон улсын харилцаа, харьцуулсан улс төрөөр дагнан мэргэшиж байгаа хүний хувьд олонх болсон ч эвсэж байгаа тохиолдлуудыг судалж үзсэн. Эвсэж байгаа зорилго шалтгаан нь тодорхой байх ёстой юм билээ. Харин манай Засгийн газрын тэргүүний хувьд яв цав тодорхой зорилгоо илэрхийлээгүй, ерөнхий эв нэгдлийн тухай яриад байгаа. Гэтэл үзэл санааны хувьд томоохон маргаан байхгүй. Намуудын хувьд ижилсэл байгаагаас биш ялгарал үндсэндээ үгүй болчихлоо. Өмнө нь хэлсэнчлэн зорилго тодорхой байхаас шалтгаалан олонх болсон ч эвсдэг юм билээ.

-Тухайлбал ямар зорилго байх вэ?

-Олон улсын маргаанд татагдан оролцох, өөрийн улс орны гадаад болон дотоод аюулгүй байдлыг хангах зорилго байж болно. Дотоодын эв нэгдлийг хангах. Энэ нь ихэвчлэн иргэний дайн, шашин болон соёлын ялгарал бий болсон нөхцөлд илэрдэг. Маргаан дагуулахуйц томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үед гэх мэт зорилгуудаа тодорхой болгох хэрэгтэй байсан. Гэтэл Ерөнхий сайд тодорхой хариулт өгөхгүй байгаа байдлаас шалтгаалан иргэдийн хувьд төөрөгдөл үүсээд азаар тэд наадамтай золголоо. Сая дурдсан аюулгүй байдалтай холбоотой тодорхой шалтгаанууд үүсэн бүрэлдээгүй гэдэгт итгэж байна.

-Угтаа МАН-ын хувьд дангаараа засгаа байгуулах боломжтой байсан. Яагаад заавал хамтрах гэж зүтгэв. Цаад улс төрийн эрх ашиг нь юу руу чиглэж байна гэж та харж байгаа вэ?

-Сая хэлсэнчлэн зорилгоо тодорхой илэрхийлээгүй хамтарсан Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлээд эхэллээ. Хүндэтгэх шалтгаангүйгээр эвссэн нөхцөл байдлыг ажиглавал сөрөг хүчингүй, олон ургалч үзэл санаагүй, эрх мэдэл бяр чадал нь дэндсэн Засгийн газар бүрдсэн гэж харж байна. Удахгүй намрын улс төр эхэлнэ. Орон нутгийн сонгууль ирэх аравдугаар сард явагдана. Иргэдийн улс төрд итгэл итгэлийг эвдсэн маш хортой үзэгдэл нэгэнт бий болсон. Өнгөрөгч УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа МАН-д өгөөгүй 945 мянган иргэдийн итгэл шалдаа буусан. Ингээд л эвсчих байсан юм бол ер нь сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлэх хэрэг яг юу байсан юм.

Итгэл алдарсан иргэдийнхээ саналыг тэд ямар нүүрээрээ эргэн гуйх бол. Миний бодлоор ирэх орон нутгийн сонгуульд ирц бүрдэхгүй байх магадлалтай. Өөрчлөлтийн тухай ярьж байгаа ч итгэлийг нь хөсөрдүүлж байгаа тэд “арчаагүй иргэн” очиж саналаа өгөөгүй байдлаас чинь болж улсын төсвөөр ахин дахин сонгуулиа зохион байгуулж байна гэж иргэд рүүгээ дайрна. Монголын улс төр магадгүй түүхэндээ ийм бүдүүлэг байгаагүй байх.

-Энэ хамтарсан Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацааг дуустал ажиллах улс төрийн нөхцөл бий юу. Насжилт нь ер нь ямар байх бол оо?

-Их хурал дээр дэмжигдсэн байдлаас нь үзвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын дарга төдийгүй парламентад суудалтай бүх намын дарга юм билээ гэж харагдахаар байна. Та төсөөл дөө АН, ХҮН зэрэг намууд сонгуулиар МАН-ын үйл ажиллагааг эсэргүүцэж байгаагаа зарлаж иргэдийнхээ саналыг олж авсан. Гэтэл МАН-ын дарга нь Ерөнхий сайдад дэмжигдэх болохоор 100 хувийн саналаар дэмжчихнэ гэдэг чинь яг юу гэсэн үг юм. Улс төр биш эгэл жирийн нийгмийн харилцаанд бол зохиомол байдлыг бий болгож бодит байдлыг нуух замаар нөгөө талаа хохироосон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Өөрөөр хэлбэл, залилах гэмт хэрэг. Сонгогчдынхоо итгэлийг олж авч сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх байсан намууд эрх баригчидтай нэг хөнжилд орж байгаа үзэгдлийг ингэж л нэрлэе. Би байтугай “CNN” мэдээллийн агентлагийн сурвалжлагч Ричард Квест “Монголын эдийн засгийн чуулган-2024” үеэр гайхаж буйгаа илэрхийлж тайзан дээрх МАН, АН, ХҮН намын дарга нарыг “Тэгээд та хэдийн хэн нь сөрөг хүчин юм бэ” гэж ёжилж байна билээ. Энэ үзэгдлээс судлаачийн хувьд ичиж байна.

-Сөрөг хүчингүй гэлээ. Өөр нам эвсэл, мөн дөрөв дэх засаглал сөрөг хүчний ажлаа хийсээр л байх юм биш үү?

-Харин олон улсын харилцаанд “мөнхийн нөхөр гэж байхгүй, харин мөнхийн ашиг сонирхол бий” гэсэн реалист санаа байдаг. Тэдний ашиг сонирхол хаа хүртэл уялдаж нэгийгээ хамгаалж явахыг харах л үлдлээ. Харин судлаачид, иргэний нийгэм, сэтгүүл зүйн салбарынхан илүү сонор сэрэмжтэй байж тэдний ашиг сонирхлын гинжийг таслах хүндхэн үүрэг оногдсон. Учир нь манай парламент сөрөг хүчингүй, өнөөх “цавчаа ногоон”, “ЖДҮ”, “Нүүрс” шиг хэргүүд давтагдах нь бараг ойлгомжтой. Учир нь олон хүний ашиг сонирхлыг зангидахын тулд хоёрхон аргыг ашигладаг. Авлига, эд хөрөнгөөр, эсвэл дарангуйлах замаар.

-Арай үгүй байлгүй дээ…Наадам найрын сар ид дундаа явж байна. Манай улсын хувьд жилийн дөрвөн улиралтай. Зуны сар богино. Гэтэл энэ хугацаандаа наадам, найр гээд улсын ажлаа огоордог. Энэ нэг тогтсон жишиг, хандлагаасаа монголчууд яаж салах вэ?

-Асуудал хоолой дээр тулсан үед хөдөлж эхлэх нь хүний мөн чанарын л нэг хэсэг. Харин төр, засгийн газрын ажил амралт, баяр наадмаас үл хамаараад хэвийн явах ёстой. Зоригтой шийдэл эрэлхийлэх сайд нар Засгийн газарт олон байгаасай гэж хүсч байна. Иргэний хувьд шахаж шаардаж явах болно. Монголд амралтын өдөр өвдөх эрхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч чадахгүй ажлын өдрийг хүлээдэг наад захын жишиг бий. Гэтэл хүн өвдөх өдрөө сонгодоггүй. Энэ мэт асуудал дээр зоримог буюу зайлшгүй авах ёстой шийдвэр, ажлууд байна. Утааны улирал өдрөөс өдөрт ойртож байна. Энэ жилийн хувьд эрчим хүчний доголдол үүсэх эсэх, шийдвэрлэсэн эсэх нь тодорхой бус байна. Бид яарахгүй байгаа ч асуудлууд маань бидэн рүү ирэх гэж яарч байгааг нүдээ нээгээд хараасай билээ л гэж бодож байна.

-Сонгуулийн дараахь шинэ төр засгийн бүтэц, бүрэлдэхүүний ажил хэзээнээс жигдрэх бол. Одоо ч хүртэл ордон доторх өрөөгөө тохижуулж дуусаагүй гишүүд олон байна. Ер нь төрийн ажилдаа шуурхай орох зан чанар манай улстөрчдөд нэлээд дутагдаж байна уу?

-Сандал, суудал тавилга гэсээр үндсэндээ намартай золгож байна. Ялсан гишүүд тойрог, нутаг усандаа очиж талархлаа илэрхийлж, наадаж явсаар сая дурдсан олон асуудлууд нь хоолойд нь тулж ирнэ. Энхийн цагт Засгийн газраа шахаагүй, 100 хувь саналаар дэмжсэн сайдуудаа ёворч эхэлнэ. Үүнийгээ намрын их улс төр гэж тэд нэрлэдэг тогтсон л үзэгдэл юм. Наадам, найр дуусч Засгийн газарт орсон намууд дотроо тохироо, албан тушаалаа хуваалцсаны дараа ажил эхэлнэ дээ. Мэргэжлийн хүн тавьсан эсэхээс хамаарч ажил урагшлах, эсвэл удаашрах эсэх нь шийдэгднэ. Засгийн газар, төрийн ажилд ер нь наадам, найр, баяр гэсэн ойлголт огт байж таарахгүй. Төрийн хүн бол цаг наргүй, олон түмний төлөө явах сэтгэл зүйгээ бэлдсэн эрхэм байх ёстой. Гэтэл нойр хоолгүй зүтгэсэндээ ялархаад байдаг дарга нар ч байдаг. Ядраад, ялархаад байвал больчих хэрэгтэй, хоёр битгий хэл гуравгүй сэтгэлээр зүтгэх олон олон залуус бий.

-Шинэ гишүүд, шинэ сайд нарын анхаарах ёстой хамгийн гол ажил, гол бодлого, гол эрх зүйн өөрчлөлт юу байх ёстой гэж та харж байна вэ?

-Юуны өмнө мөнхийн сэдвүүдтэйгээ нүүр тулж шийдвэрлэх бодлого дээрээ ажиллах шаардлагтай. Энэ нь мэдээж түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол, эрчим хүчний нэмэлт эх үүсвэр зэрэг асуудлууд багтана. Нөгөө талд эдийн засгийн асуудлууд шил даран хүлээгдэж байна. Үүнд, татварын орчныг илүү уян хатан болгох, гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зэрэг иргэний халаас, данстай нь шууд холбоо хамаарал бүхий асуудлууд нааштайгаар шийдвэрлэгдэх эдгээр чиглэлд шинэ гишүүд ажиллаасай гэж хүсч байна.

-УИХ-д суудал авсан намууд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх өөр өөрийн гэсэн зорилго, санаатай гэдгээ мэдэгдсэн. Ер нь энэ парламентын үед Үндсэн хуульдаа гар хүрэх болов уу?

-Үндсэн хууль гэдэг нийгмийн зөвшилцлийн гэрээ. Уг гэрээг хэн хүссэн нь хүссэн цагтаа өөрчлөөд байж таарахгүй. Таарахгүйгээр үл барам үргэлж өөрчлөөд оролдоод байдаг ч зүйл биш. Учир нь Үндсэн хуулийн агуулгаас шалтгаалж тухайн улс орны явж буй чиглэл тодорхой илэрхийлэгддэг. Автобусны чиглэл ч байн байн солигддоггүйг санах хэрэгтэй. Судлаач миний хувьд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль өөрийн гэсэн маш олон давуу болон сул талуудтай гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ өмнө нь хэлсэнчлэн Үндсэн хууль биднийг тодорхой зүгт чиглүүлж байгаа тэр нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох. Энэ чиглэл туйлын зөв байсаар ирсэн. Одоо өөрчлөхөд биш, харин бүрэн утгаараа хэрэгжүүлдэг болоход анхаарах хэрэгтэй.

-Зарим гишүүд төрийн ордоноос Засгийн газар, Ерөнхийлөгчийн институцийг гаргах хэрэгтэй гэсэн байр сууриа эрт илэрхийлэх болсон. Үүнд та судлаач хүнийхээ хувьд ямар бодолтой явдаг вэ?

-Байшин сав нь хаана байхаас үл хамаараад нөлөөлье гэвэл утсаар ч яриад болох зүйл болдгоороо л болно. “Separation of powers” буюу эрх мэдлийг хуваах зарчмын талаар ярих гэж байгаа бол онол, зарчмыг л ярих хэрэгтэй. Түүнээс байр, байшин үүнд огтхон ч хамаагүй. Татвар төлөгчдийн мөнгийг хэмнээд эдийн засаг сайжрах хүртэл тэсч болох зардал. Замын нөгөө талд, эсвэл шинэ хотын захиргааны байр луу нүүлээ гээд эрх мэдэл хуваарилалтад өөрчлөлт орохгүй. Эрх мэдэл цаасан дээрх эрх зүйн ойлголт болохоос хажуу өрөөнд сууснаар бүрддэг зүйл биш гэж бодож байна. Тиймээс эдийн засгийн амаргүй энэ үед илүү зардал, илүү цаг хугацаа зарцуулах шаардлага одоохондоо байхгүй болов уу.

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, ачаа тээврийн урсгал нэмэгджээ DNN.mn

Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Хятадын Тяньжин боомт дахь манай улсын чингэлгийн тоо тогтмол өссөөр тавдугаар сард 6184-д хүрч, гурав дахин өсөж чингэлгийн бөөгнөрөл үүсгээд байсныг бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл долдугаар сарын 16-ны байдлаар Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй 5000 чингэлэг байна. Энэ нь өмнөх саруудыг бодвол Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, Тяньжинаас Эрээн рүү ачигдаж буй ачаа, тээврийн урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.

Долдугаар сарын 1-ээс 15 хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд Тяньжин боомтоос Эрээн рүү нийт 19 галт тэрэг буюу өдөрт 1-2 галт тэрэг явдаг болсон байна. Энэ нь өнжөөд нэг явдаг байсан үеэ бодвол галт тэргийн тоо нэмэгдэж, өдөр бүр нэгээс хоёр галт тэрэг явдаг болсныг илтгэж буй юм. Тяньжин боомтод ирсэн манай улсын чингэлгүүд дунджаар 80 хоногийн дараа Эрээн рүү ачигддаг болжээ.

Зам, тээвэр хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны зүгээс өмнө нь удаа дараа Хятадын талд өөр өөрсдийн холбогдох сувгуудаар дамжуулан албан бичиг, хүсэлтүүдийг илгээж ирсэн ч тус улсаас тэр бүр баттай хариу ирүүлж байгаагүй.

Долдугаар сард Улаанбаатар төмөр зам Хятадын төмөр замтай импортын чингэлгийн 6000 вагон хүлээн авахаар гэрээ хэлэлцээр хийж, тохиролцсон байна. Энэ нь Хятадын талтай манай улс гэрээний дагуу импортын галт тэргийг нэмэгдүүлэх тохиролцоо хийсэн гэсэн үг. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны зүгээс “Өдөрт импортын галт тэрэг дөрөв гэдэг тооцоо нь хэт ачаалал үүсгэх тул өдөрт хоёр галт тэрэг аялуулах талаар тохиролцсон байж болох юм. Тэгж байж Тяньжинд хуримтлагдсан ачаа, тээврийг хурдан Эрээн рүү татах болов уу гэж харж байна” гэсэн юм.

Тяньжинд хүлээгдэж буй ачаа тээврийн 75 хувь нь хуучин япон автомашин байгаа аж. Ачаа тээврийн ачигдах хугацаанаас хамаарч тээвэр зуучийн команиудад хүндрэл учирдаг. Тяньжин дахь хүлээлгийн болон чингэлэг түрээсийн хугацаа гээд нэмэлт зардлууд үүсдэг тул автомашин борлуулалтын үнэ яг тэдэн хувиар өснө гэж шууд хэлэх боломжгүйг ч тэд хэлсэн.

Улаанбаатар төмөр замын хувьд Эрээнд ирэх болон ирсэн чингэлгүүдийг тээвэрлэхэд бэлэн. Ямар ч асуудалгүй. Тэдний зүгээс тээвэр зуучийн байгууллагуудад ачаа илгээгч дундын тээвэр зуучийн компаниудтайгаа ямар гэрээ хэлэлцээр хийсэн түүнийхээ дагуу захиалгуудаа шахаж хамтарч ажиллах талаарх уриалга гаргажээ.

Автомашинаар чингэлэг тээвэрлэхэд галт тэргээр тээвэрлэхээс хурднаас гадна үнийн нэмэгдэл байхгүй. Тяньжин боомтоос Эрээн рүү авто замаар гарч байгаа чингэлгийн тоо хязгаартай байгаа нь ачааг шалгаж лацаддаг талбай нь өдөрт 20-50 чингэлэг боловсруулах хүчин чадалтайгаас шалтгаалж буй аж. Түүний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 12, Эрхтэний тэнгэрт одтой, харагчин хонь өдөр. Өдрийн наран 5:12 цагт мандаж, 20:45 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +5…+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +11…+16 градус, өдөртөө Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +20…+25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +26…+28 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төрийн боловсролын академи, улс төр судлаач Б.Ариунбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Зоригтой шийдэл эрэлхийлэх сайд нар Засгийн газарт олон байгаасай гэж хүсч байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, ачаа тээврийн урсгал нэмэгджээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ялагдах эрдэм” нийтлэл хэвлэгдлээ.

Их, дээд сургуулиудын босго оноо болон төлбөрийн мэдээлэл

Онцгой байдлын ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, ахмад Б.Энхмаатай ярилцлаа. Тэрбээр Монголд дайн дажингүй атал он гарсаар 65 хүн усны ослоор
амиа алдана гэдэг гамшиг” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ерөнхийлөгч Жо Байден ярилцлага өгөв

АРЫН НҮҮР:Хаана ч баруун гар талаа барьж хөдөлгөөнд оролцъё

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тахилга энэ сарын 20-нд болно DNN.mn

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутгийг дамнан орших Бурхан буудай уул нь байгалийн өвөрмөц тогтоцтой хийгээд зон олон эрт үеэс өнөөг хүртэл шүтэн дээдэлж ирсэн ховор ан амьтан, ургамал, байгалийн өвөрмөц тогтоцоор баялаг хайрхан билээ.

Байгалийн үзэсгэлэнт байдал, ховор ан амьтан, ургамал ихтэй шүтээн уулын ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан ба 2023 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Бурхан буудай уулыг төрийн тахилгат хайрхан болгосон юм.

Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг. Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр, цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, жимс жимсгэнэ ургадаг байна.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын өвлийн улиралд зам засварлах туршлагыг Монголд нэвтрүүлнэ DNN.mn

БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны хамтын ажиллагааны хүрээнд “К-Смарт авто замын менежментийн систем /RMS/-д суурилсан улсын чанартай авто замын дижитал тогтолцоог хөгжүүлэх төсөл” хэрэгжүүлэх гэж байгааг Зам, тээврийн яамнаас мэдээллээ.

Ингэснээр Монгол Улсын авто замын салбарт БНСУ-ын шинэ техник технологийг нэвтрүүлэн, ашиглах, хүний нөөц бэлтгэх, дадлагажуулахаас гадна цаг уурын онцгой нөхцөлд буюу өвлийн улиралд хийгдэх боломжтой засварыг нутагшуулах зэрэг ажил хийгдэх аж.

Төслийг энэ оны есдүгээр сараас эхлүүлж, 2028 он хүртэл буюу дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.