Categories
мэдээ цаг-үе

Долдугаар сарын 22-ныг хүртэл Улаанбаатар хотын шарилжийг цэвэрлэнэ DNN.mn

Ургамлын тоосноос үүдэх харшлын өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Шарилжгүй Улаанбаатар” аяны нэгдүгээр үе шат 2024 оны долдугаар сарын 1-21-ний өдрүүдэд үргэлжилнэ.

Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагууд, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын аж ахуйн нэгжүүд, хороодын Засаг даргын ажлын алба, иргэдийн бүлгийн оролцоотойгоор шарилжийг цэвэрлэж байгаа юм байна.

Хөл газрын ургамлыг цэцгийн тоосоо гөвөхөөс урьдчилан сэргийлж, доод ишнээс нь 10-15 см өндөртэйгөөр зориулалтын хайч, гар болон автомат хадуураар тайрч, хэд хэдэн удаагийн давтамжтай тайрснаар луулины бутлалт, салаалал явагдаж, навчны эзлэх хэмжээ нэмэгдэн, агаарын тоосжилтыг бууруулахад зохист нөлөө үзүүлдэг аж.

Нийслэлийн шарилжийг цэвэрлэх хоёрдугаар үе шат наймдугаар сарын 5-26-ны өдрүүдэд болно.

Categories
мэдээ нийгэм

Хялгант-Хангал чиглэлийн 10 км авто замыг ашиглалтад оруулжээ DNN.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад оруулжээ. Гүйцэтгэгчээр “Увт инвест” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл ажиллаж, өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажилласан байна. Тус авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдэж буйг албаныхан онцоллоо.

Categories
мэдээ цаг-үе

Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдад зориулсан мэдээ:

20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Долоодугаар сарын 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +20…+25 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +35…+40 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газраар +30…+35 градус, бусад нутгаар +26…+31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.. +28…+30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +26…+28 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюунчимэг: Бургас бол байгалиасаа үерийн аюулыг барьж тогтоох зориулалттай DNN.mn

Бургас нь чийг болон гэрэлд дуртай, хүйтэнд тэсвэртэй, нуур голын намгархаг, чийглэг хөрсөнд сайн ургадаг. Түүнчлэн хамгийн найдвартай “Байгаль хамгаалагч” болдог гэнэ. Хөрс голохгүй хаана ч ургадаг учраас цөлжилтийн аюул нүүрлэсэн Монгол оронд хамгийн хэрэгтэй модлог ургамал аж. Ширгэж буй гол мөрний сав газарт тариалахад усны нөөцийг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Хурдан ургадаг учраас хот тосгон, цөлөрхөг газрыг ногооруулах, уул уурхайн нөхөн сэргээлтийг хийхэд ч тохиромжтой юм байна.
Гэтэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хотыг үерийн эрсдлээс урьдчилан сэргийлэх үүнээс өөр аргагүй хэмээн Сэлбэ, Дунд голын мод, бургасыг Хар усан тохой руу зөөж, шилжүүлэх, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн билээ. Тэд уг ажлаа шинжлэх ухааны үндэслэлтэй, мэргэжлийн байгууллагын судалгааны хүрээнд хийж буй хэмээн мэдэгдсэн. Энэхүү ажилд зориулан есөн тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Сэлбэ, Дунд голын мод, бургасыг шилжүүлэн зөөвөрлөхийн эсрэг байр суурьтай, шүүмжлэлтэй хандаж буй иргэд ч цөөнгүй байгаа юм.

Энэ талаар МУИС-ийн Инженер, технологийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Н.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Сэлбэ, Дунд голын бургасыг хотын хүн амыг үер усны аюулаас сэргийлэх үүднээс нүүлгэн шилжүүлж эхэлсэн. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-Яг ямар судалгаа, үндэслэлтэй бургасыг нүүлгэн шилжүүлж буйг мэдэхгүй. Бургас усны урсацыг хааж буй тул урсацыг нь сайжруулж байна. Бургас нь голын урсацад саад учруулснаас болоод лаг шавар, хагшаас хуримтлагдаад түүнээс болж, урсац муудаад байна гэж байх шиг байсан. Хар ухаанаар хэлэхэд, ус нь саадгүй урсаж өнгөрөхгүй байгаа учраас үер болоод байна гэж ярьж байсан. Энэ нь тийм биш л дээ. Юмыг өнгөц харж байна. Трубон дотор ус урсуулаад түүнд нь янз бүрийн хог дүүрчихээд тэрүүгээр нь ус урсахгүй үер үүсч байгаа юм шиг ярих юм. Энэ чинь цаанаасаа бүх юм нь хоорондоо зохилдолгоотой байгаль юм. Байгалиасаа бургас, мод гэдэг чинь үерийн аюулыг барьж тогтоох зориулалттай зүйл. Миний харж буйгаар, судалгааны ажлуудаас харахад голдоо бургас мод нь байж гэмээнэ усыг тогтоон барьж, үерийн эрсдлийг бууруулдаг юм билээ. Бургас, шугуйг түшсэн янз бүрийн амьтан, шувуунуудын амьдрах орчинг сүйтгэж байна. Маш олон экологийн ач холбогдолтой зүйлүүдэд механик сэтгэлгээгээр хандан, бургаснуудыг зайлуулчихвал үерийн асуудал шийдэгдэнэ гэж байхгүй.

Үерийг үүсгээд байгаа гол шалтгаан нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй. Сэлбэ голын голдирол Дунд голтой нийлж байгаа бэлчир дээр газар олгочихсон. Түүндээ барилга барихын тулд үерийн суваг шуудууг нь нарийсгаад гол руугаа түрж оруулаад, цементэлсэн. Хоёр гол нийлж байгаа тэр бэлчрийг механикаар нарийсгаснаас байгалийнхаа эх үүсвэрээс орж ирж байгаа ус хотын суурьшлын бүс рүү орж ирэхэд голдирол нь хэвийн байхаа больсон. Янз бүрийн барилга барьсны улмаас голдирол хумигдан, голын урсац нь удаашраад эхэлж байгаа юм. Голын урсац удаашраад ирэхээр лаг шавар, хагшаас гэдэг нь үүсээд эд нар цэвэрлэж байна гэж яриад байна. Хэрвээ барилга, байгууламж барьж голдирлыг нь нарийсгаж, урсацыг нь сааруулаагүй бол голын ус байгалийн жам, хүчээрээ урсах боломжтой байсан. Ийм голдирлоороо урсаж буй усанд лаг шавар, хагшаас гэдэг зүйл тогтох ёсгүй. Та бүхэн анзаарч харвал хүний хүчин зүйлийн нөлөөгүй хөдөө хээр буй байгалиараа урсаж буй гол усанд лаг шавар, хагшаас хуримтлагдаагүй байгаа. Байгалийн чадавхыг нь доройтуулж байшин барилга барьж, үерийн эрсдлээс сэргийлж буй нэрээр баахан цементэлдгээс ус голдиролдоо шингэхгүй байна. Усыг барьж тогтоодог мод, бургасыг нь аваад хаячихаар үерийн эрсдэл улам л нэмэгдэнэ.

-Дэлхийн бусад оронд үерийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг бол. Манайхтай адилхан голынхоо мод, бургасыг авч, зөөвөрлөсөн тохиолдол байдаг уу?

-Дэлхий нийтийн туршлагаас харахад ялангуяа Европын өндөр хөгжилтэй орнууд маш том эргэлт хийж байна. Тэр нь юу вэ гэхээр “Байгальд суурилсан шийдэл” юм. Хот суурин газар үүсээд байгаа үерийн эрсдэл, хэт халалт зэрэг хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй сөрөг нөлөөллүүдийг байгалийн өөрийнх нь шинж чанарыг ашиглаад шийдэх арга барил руу дэлхийн улс орнууд аль хэдийнэ орсон байна. Гэтэл манайх эсрэгээрээ байгалийнхаа шинж чанарыг ашиглаж нийгмийн асуудлаа шийдэхийн оронд саарал дэд бүтэцтэй буюу цемент, төмөр бетоныг ашиглах гээд буй нь харамсалтай. Одоо ажил хариуцаж буй хүмүүс нь дэлхийн арга аргачлалыг судлахгүй, шинжлэх ухааны өгүүллүүдийг уншихгүй байна гэж үү гээд гайхах юм.

Байгальд илүү юм гэж юу ч байхгүйгээр хоорондоо харилцан уялдаатай, зохилдолгоотой, биологийн олон янз байдал нь ч гэсэн амьгүй байгальтайгаа эргэх холбоотой байдаг. Ийм эргэх холбоо үүссэн гинжин хэлхээг дундуур нь тасдаж хаяад өөрийнхөө инженерийн дэд бүтцийг оруулаад ирэхээр байгаль өөрийнхөө чадвараар ажиллаж чадахаа больчихож байгаа юм.

– Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй гэсэн байна лээ.

“Байгальд суурилсан шийдэл” гэдэг зүйлийг бид судалмаар байна. Инженерийн дэд бүтцийг байгалийн өөрийнх нь онцлог, ач холбогдолтой хослуулж, байгалийн болон нийгмийн асуудлыг богино хугацаанд үр ашигтай, зардал мөнгө багатай шийдэж болох вэ гэдгийг олж харах хэрэгтэй байна.
Солонгосын Сөүл хотын дундуур Хан мөрнөөс гадна Шинжан гээд гол дээр хийсэн өөрчлөлтийг ч манайхан харчихмаар байгаа юм. Солонгост өмнө нь манайх шиг саарал дэд бүтцийг шүтэж, голоо үерийн эрсдлээс хамгаалж байна гээд цементэн хана босгоод, дээгүүр нь хурдны зам тавьж байсан үе бий. Тэнд байсан биологийн янз бүрийн мэрэгч, шавьж, шувуунууд нь алга болсон. Дээрээс, доороос давхар төөнөж, маш бүгчим халуун арал үүсч байгаа юм. Үүнийг Сөүлийн захиргаа тухайн үед яаж шийдсэн бэ гэхээр энэ бол буруу шийдэл байж гээд бүх цементэн ханануудаа буулгасан. Буцаагаад голыг байгалийн аяс, хэв маягт нь оруулж, эргийг нь зүлэгжүүлсэн. Одоо тэнд нь маш гоё бичил байгалийн уур амьсгал, сэрүүхэн орчин бий болсон. Халуун өдрүүдэд тэр голын эрэг дээрээ сэрүүцдэг, ногоон байгууламж дотор нь амардаг. Шувууд нь жиргэж, олон амьтад амьдардаг болж, голын голдирол нь өөрчлөгдсөн байна. Энэ чинь бодит туршлага шүү дээ. Манайх чинь одоо яг байгалиараа мод буттай, зүлэгтэйгээ байна.

-Голыг нэг метр доош нь ухна гэсэн. Энэ хэр зөв шийдэл вэ?

-Механикаар сэтгээд байна. Амьгүй зүйлтэй харьцаж буй юм шиг байгальтайгаа ийм байдлаар харьцаж болохгүй. Байгалийн биш зүйл дээр урсгал сайжруулах инженерийн энэ арга бол зөв. Голын голдирол, хөрс, ургамал нь бий болж, мод бут чинь ургах гэж маш олон зуун жилийг туулж байж өнөөдрийнхөө дүр төрхөнд орсон байж таарна. Үүнийг хэдхэн өдрийн дотор юу ч үгүй ухаад малтаад, аваачаад хаяна гэдэг аймар харамсалтай. Мэргэжлийн хүний нүдээр харахад эмгэнэлтэй дүр зураг юм. Бургасуудыг аваад зогсохгүй цементэлбэл улам л халуун бүгчим хот болно гэсэн үг.

-Мод тарих тухай ярьж буй энэ цаг үед мод бутаа тасдаж авах нь сонин байна. Зөөж тээвэрлэхэд тодорхой шаардлага байна биз?

-Би өөр газар шилжүүлж суулгана гэдэгт нь итгэхгүй байгаа. Харахад малтагчтай бульдозероор хуу татаад байна лээ. Суулгах модны үндсийг бүрэн бүтэн авч, хатаахгүй, үхүүлэхгүй байлгах гэж чийгтэй шороотой нь ороож хадгалан, нүдний цөцгий мэт хамгаалж байж, дараагийнхаа газар тарьдаг. Заавал бургасыг шилжүүлэн суулгах ямар шаардлагатай юм. Зүгээр голдоо байсан бургасыг голынх нь эко системийг эвдэн байж авч, өөр газар суулгах гэж буйг би сайн ойлгохгүй байна. Бургасуудыг авснаар эдийн засгийн болон экологийн ямар үр өгөөж байгааг нь би лав олж харахгүй байгаа. Угаасаа байгальд илүү юм гэж хаана ч байхгүй. Тэр нь буцаад байгальдаа үер болгоод байдаг ч юм биш.
Хүний буруутай үйл ажиллагаатай холбоотойгоор экологийн тэнцвэрт байдал алдагдсан. Голын урсац хааж, газар олгож барьсан барилга байгууламжаа зайлуулахгүй, гэмгүй байгалиараа ургасан бургасыг авч хаядаг нь яаж байгаа юм бэ гэж хэлмээр байна. Өөрсдийн алдаагаа засахгүй байгаль руугаа дайрна гэдэг оновчтой шийдэл биш.

Categories
мэдээ нийгэм

Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, эрт илрүүлж эмчлэхэд ДЭМБ хамтран ажиллана DNN.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантег хүлээн авч уулзлаа.

Түүнчлэн эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирусийн эсрэг вакциныг энэ оны 10 дугаар сараас эхлэн товлолын дархлаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд үндэсний хэмжээнд нэвтрүүлэхтэй холбоотойгоор Олон улсын вакцины холбоо (Гави)-гаас уг вакциныг нэвтрүүлэх ажилд 2,6 сая ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэх болсон тухай тэмдэглээд, уг санхүүжилтийн 1 сая ам.долларыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, үлдсэн 1,6 сая ам.долларыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сангаар дамжуулан зарцуулах тул Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон хөгжлийн түнш олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны уялдаа туйлын чухал болохыг онцлов.

 

Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд Эрүүл мэндийн сайдын хүндэт албанд дахин томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Сайд Т.Мөнхсайханы онцлон дурдсан эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах замаар халдварт болон халдварт бус өвчлөл, тэдгээрийн шалтгаант нас баралтыг бууруулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийлэв гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Уулзалтын эхэнд Сайд Т.Мөнхсайхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дэвшүүлсэн “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн хугацаанд нягт хамтран ажиллаж ирсэн явдалд Суурин төлөөлөгч Сокорро Эскаланте болон түүний хамт олонд талархал илэрхийлээд Эрүүл мэндийн сайдын хувьд цаашид үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.

 

Тэрбээр манай улсад хавдрын шинэ тохиолдлууд жилээс жилд тууштай буурахгүй байгааг онцолж, шинээр бүртгэгдсэн хавдрын тохиолдлуудын дийлэнх нь хожуу шатанд оношлогдож байгаагаас гадна хавдрын шалтгаант нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Цаашид эрт илрүүлгийг оновчтой зохион байгуулах замаар аль болох олон тохиолдлыг бага зардлаар эрт илрүүлж, эмчилгээнд хамруулахад онцгой анхаарч ажиллана гэлээ.

 

 

Categories
мэдээ нийгэм

290 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна DNN.mn

Иргэдийн эрүүл аюулгүй, таатай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн орон сууцны корпорациас Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай хоёр орон сууцны барилгыг буулгаж, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах төслийг хэрэгжүүлж буй. Тухайлбал тус хорооны 34, 35 дугаар байрны 96 айлын нийт 400 орчим иргэн өнгөрсөн 10 жилийн хугацаанд хүн амьдрах нөхцөлгүй, нурах эрсдэлтэй орчинд амьдарч байсан нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон. Иймд өнгөрсөн онд тус хоёр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн дөрвөн блок бүрэн тохижилттой, тоглоомын болон чийрэгжүүлэх талбай, ногоон байгууламж бүхий 580 айлын орон сууцны барилгын ажлыг ‘’Мөнх ариун булаг” ХХК гүйцэтгэж эхэлсэн билээ. Ташрамд, эхний хоёр блок буюу 290 айлын орон сууцыг энэ оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд инженерийн дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж, гадна фасад болон дотор заслын ажлыг эхлүүлэхээр гүйцэтгэгч компани ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Дундговь аймгаас Элсэлтийн Шалгалтад 700-800 оноо авсан 24 хүүхдэд нийт 15 сая төгрөгийн урамшуулал өгчээ DNN.mn

Дундговь аймгийн сурагчдын 2023 оны Элсэлтийн Шалгалтын 10 хичээлийн дундаж оноо 500.6 байсан бол 2024 онд 508.9 болж өмнөх оноос 8.3 оноогоор өссөн амжилтыг гаргасан байна.

2024 оны Элсэлтийн Шалгалтад 800 оноо авсан дөрвөн төгсөгчдөд тус бүр 1,000,000 төгрөг, 700-799 оноо авсан 22 төгсөгчдөд тус бүр 500,000 төгрөг буюу нийт 15 сая төгрөгийн урамшууллыг өгчээ.

Тус аймгийн сурагчид энэ жилийн Элсэлтийн Шалгалтад түүх хичээлд 598 оноо авч 40.4, англи хэл 476.2 оноо авч 13.2, газар зүй 534.2 оноо авч 41.5, нийгэм 530.5 оноо авч 12.7, монгол хэл 556.5 оноо авч 14.5, физик 554.8 оноо авч өнгөрсөн жилийн амжилтаа 29.9 оноогоор ахиулсан аж.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 100 жилийн ойд Улсын арслан Ц.Содномдорж түрүүллээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сум байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмаар улс, аймгийн алдар цолтой 128 бөх барилдлаа.

 

Тус барилдаанд Тосонцэнгэл сумын уугуул Улсын арслан Ц.Содномдорж, Улсын начин Б.Баянмөнх, Улсын начин Ц.Сандагдорж, аймгийн арслан М.Цэрэн, аймгийн арслан П.Гантөгс, аймгийн начин Д.Баасанбаяр тэргүүтэй бөхчүүд зодоглосон юм. Улмаар Улсын арслан Ц.Содномдорж түрүүлж, аймгийн начин Д.Баасанбаяр үзүүрлэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж байна DNN.mn

Өчигдөр сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал найман цаг үргэлжилжээ. Н.Өнөрцэцэг нь олон нийтэд худал мэдээлэл тараасан, татвараас зайлсхийсэн болон төрийн нууцад халдсан гэх гурван үндэслэлээр шалгагдаж буй. Тэрбээр уг гурван хэрэгт гурван өөр өмгөөлөгчтэй байсан хэдий ч өнөөдрийн хуралдаанд нэг өмгөөлөгч нь ирж оролцох боломжтой байсан юм. Иймээс Н.Өнөрцэцэг шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхийн байгууллагынханд тавьсан хэдий ч хүсэлтийг хүлээж аваагүй юм.

Ингэснээр өчигдрийн шүүх хуралд ямар ч өмгөөлөгчгүйгээр оролцжээ. Улмаар өнөөдөр 09:00 цагт шүүх хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна

Categories
мэдээ цаг-үе

Нийтийн тээврийн 16 чиглэлийн түр өөрчлөлт DNN.mn

Төв номын сангийн авто замыг энэ сарын 22-ны 06.00 хүртэл хаасантай холбогдуулан нийтийн тээврийн 16 чиглэлд түр өөрчлөлт оруулжээ.

М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат-Сүхбаатрын талбай

ШҮ:2 Сүхбаатарын талбай-Нисэх

Х:19 ЧХОУНБ-Сүхбаатарын төв талбай

Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кино театр”

Ч:34 “Шар хад – Сансар – Ард кино театр – ТЭЦ 3”

Ч:53 “Яармаг – МУБИС”

Ч:55 “Зайсан – Дэнжийн 1000 – ЗГАБааз – Согоотын гудамж”

Ч:18а “3,4-р хороолол – 6-р бичил хороолол – Ард кино театр – ТЭЦ 3 /баруун тойрог/”

Ч:18б “3,4-р хороолол – 6-р бичил хороолол – ТЭЦ 3 – Цэцэг төв /зүүн тойрог/”

Ч:50 “Улаанхуаран – ТЭЦ-3”

Ч:61 “ Офицеруудын ордон-МУБИС-120 мянгат- Алтай хотхон- ТЭЦ3”

Ч:52 “3,4-р хороолол – Тэнгис кинотеатр – Зайсан”

Ч:58 “3,4-р хороолол – ТЭЦ-3”

Ч:66 “Зайсан – Цэцэг төв – 11-р хороолол”

Ч:69б “Вива сити хороолол-Мөнгөн завъяа-Бөмбөгөр-Гэмтлийн эмнэлэг”

Ч:72 “Богдхан амралт – Төв номын сан – МУБИС – Хөгжим бүжгийн коллеж”

Энэ хугацаанд дээрх чиглэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу үйлчилнэ