Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 28 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4…+9 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Онон голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22…+27 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +18…+23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд болон зүүн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, Дорнод-Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш оройдоо дуу цахилгаантай бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ цаг-үе

Шүүхээс сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноолоо DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хоёр өдрийн турш үргэлжилж, өнөөдөр шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс Н.Өнөрцэцэгт дөрвөн жил, есөн сарын хорих ял оноож, нээлттэй хорих ангид шийтгэлийг эдлүүлэхээр болсон талаар албаны эх сурвалж мэдээллээ.

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлийн 2.1 /Хувь хүний нууцыг задруулах/, 13.14 дүгээр зүйлийн 1 /Худал мэдээлэл тараах/, 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 19.11 дүгээр зүйлийн 1 /Төрийн нууцыг хууль бусаар олж авах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.

Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг дээрх бүх зүйлчлэлд гэм буруутайд тооцсон байна.

Categories
мэдээ цаг-үе

Хот хоорондын зорчигч тээврийн 231 автобус “WIFI”-тай болжээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн 9 аймаг, 231 тээврийн хэрэгсэлд WIFI төхөөрөмж суурилуулаад байна.

Цаашид энэ төрлийн үйлчилгээний тоог нэмэгдүүлж, 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн 627 тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхээр төлөвлөөд буй. Ингэснээр иргэд хол замд ая тухтай зорчихоос гадна цаг үеийн мэдээ мэдээллийг шуурхай хүлээн авах боломжтой болж байна.

Categories
мэдээ нийгэм

МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа ирэх сард хийхээр болжээ DNN.mn

Мэргэжлийн бокст 10 тулаанд ялалт байгуулсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар ээлжит тулаанаа ирэх наймдугаар сард хийхээр болжээ.

Харин өрсөлдөгч болон тулааны эцсийн тов хараахан тодорхой болоогүй байгаа аж. Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн бокст 17 ялалт байгуулсан Алберто Меркадотой тулалдаж гуравдугаар үед ялсан байдаг. Түүний өрсөлдөгчийн зовхи нь сэтэрсний улмаас эмч тулааныг зогсоосон юм.

10 дараалан ялалт байгуулсан тэрбээр наймдугаар сарын сүүлчээр 11 дэх тулаанаа хийхээр болсноо мэдэгдээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Э.Цэндбаатар гавьяат Тайландын Бангкокт болсон олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаар Парисын рингэнд гарах мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм. Улмаар сонирхогчийн боксоор дахин тэмцээнд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ой, хээрийн түймрийг унтраахад нийт 2390 хүн ажиллажээ DNN.mn

Улсын хэмжээнд 2024 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн.

Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583 га, хээрийн 684,737 га нийт 685,521 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265.7 сая төгрөг, эд материалын 73.9сая  төгрөг, гал түймрийг унтраахад 13 сая  төгрөг зарцуулж, нийт 353 сая төгрөгийн хохирол учирсан байна. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрээс 1 байшин 15 гэр, 7 хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалав. Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллагын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч,  Цагдаагийн байгууллагын алба 9 хаагч, орон нутгаас 1527 иргэн нийт 2390 хүн ажилласан байна.

Categories
мэдээ цаг-үе

Гадаадын 10.234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгожээ DNN.mn

2024 оны эхний хагас жилийн байдлаар гадаадын 26,659 иргэн визийн зөвшөөрөл, 5,052 иргэн виз, Evisa.mn системээр 63 улсын 38,291 иргэн цахим виз авчээ.

Эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн хувийн хэргээр ирсэн гадаадын 10,234 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 17,255 иргэний суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна.

Эдгээрийг өнгөрсөн 2023 оны эхний хагас жилийн тоон үзүүлэлттэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 21.8 хувь, виз олголт 57 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 102.9 хувь, цахим виз олголт 5.7 дахин өссөн бол оршин суух зөвшөөрөл олголт 5.1 хувиар буурчээ.

Зургаан сарын хугацаанд хууль тогтоомж зөрчсөн 21 улсын 234 гадаадын иргэнийг Монгол Улсаас албадан гаргасан болохыг Гадаадын Иргэн, Харьяатын Газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

ЕБС-ийн сурагчдын хичээлийн жилийг гурван улиралтай байхаар баталжээ DNN.mn

2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг баталжээ. Нийслэл болон аймаг, сумын Ерөнхий Боловсролын Сургуулийн/ЕБС/ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сургалт, амралтаас бүрдсэн байна.

Сурагчдын нэг болон хоёрдугаар улирлын амралтыг Даваа гарагт эхлүүлж, Баасан гарагт дуусгахаар тусгажээ. Ингэхдээ нийслэлийн сурагчдын нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг 4 дүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг 6 дугаар сард товлосон байна.

Ирэх хичээлийн жил III улиралтай байх бөгөөд сүүлийн долоо хоногт 4-12 дугаар ангийн сурагчдыг анги дэвших, сургууль төгсөх үнэлгээг хийхээр баталжээ.

Харин бие даалтын долоо хоногийг хичээллэх хугацаанд оруулж тооцох юм байна.

Хичээлийн жилийн 18 дахь долоо хоногт 10-12 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлнэ.

Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр “Энэхүү хуваарийг сургуулиудад даруй хүргүүлнэ. Хичээлийн шинэ жилийн бүтцийг эрт өгснөөр сургуулиуд бүтэн жилийнхээ тогтмол ажлын төлөвлөгөөг (ТАТ) боловсруулан, эцэг эх, сурагчдад эртхэн мэдээлэх боломжтой болно. Үүний үр дүнд гэр бүлийн амралт, аялал, эцэг эхийн ажлын төлөвлөлтийг эртхэн хийх боломжтой болох юм.

Хугацаа тулгасан, гэнэтийн цочроосон шийдвэр гаргахгүй байхад анхаарч ажиллана.

Бие даалтын хугацаанд сурагчид музей, театр үзэх, 6 настнуудыг нүд, шүд, зүрх судасны оношилгоо, гамшгийн сургалтад хамруулах зэрэг ажлыг зохион байгуулах болно” гэв.

Categories
мэдээ нийгэм

Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо 18.9 мянгаар нэмэгджээ DNN.mn

Манай улсын хилээр 2024 оны эхний хагас жилд 3 071.4 (давхардсан тоогоор) мянган зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 953.7 (45.0 хувь) мянгаар нэмэгджээ. Мөн энэ оны эхний хагас жилд 1 547.3 мянган зорчигч улсын хилээр орсон байна. Улсын хилээр орсон зорчигчдын:

  • 31.8 хувь нь Замын-Үүд,
  • 25.8 хувь нь “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар,
  • 10.3 хувь нь Гашуун сухайтын боомтоор,
  • 10.2 хувь нь Алтанбулагийн боомтоор,
  • 5.5 хувь нь Шивээ хүрэн боомтоор,
  • 16.4 хувь нь бусад боомтоор оржээ.

Улсын хилээр орсон зорчигчдын 1 219.1 (78.8 хувь) мянга нь Монгол Улсын иргэд, 328.2 (21.2 хувь) мянга нь гадаад улсын иргэд байна. Улсын хилээр орсон Монгол Улсын иргэдийн тоо өмнөх оны мөн үеийнхээс 407.4 (50.2 хувиар) мянгаар, гадаад улсын иргэд 80.8 (32.7 хувиар) мянгаар тус тус өсөв.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 86.3 хувь нь 30 хүртэл хоног, 0.4 хувь нь 60 хоногоос дээш, 1.2 хувь нь 90 хоног хүртэл, 12.1 хувь нь 90 хоногоос дээш хугацаагаар ирсэн байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчдын 59.7 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 35.0 хувь нь Европ, 2.7 хувь нь Америк, 1.5 хувь нь Ойрх Дорнод, 1.1 хувь нь Өмнөд Ази, Африк тивээс иржээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын:

  • 30.7 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 29.4  хувийг ОХУ-ын иргэд,
  • 19.0 хувийг БНСУ-ын улсын иргэд,
  • 3.0 хувийг Казахстан улсын иргэд,
  • 2.4 хувийг Япон улсын иргэд,
  • 2.2 хувийг  АНУ,
  • 13.3 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна.

Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний хагас жилд 245.8 мянга болсон нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 18.9 (8.3 хувь)  мянгаар өссөн байна. Улсын хилээр орсон жуулчдыг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал, БНХАУ-ын жуулчид 21.7 (57.8 хувь) мянгаар, БНСУ-ын жуулчид 9.9 (27.5 хувь) мянгаар, Казахстан улсын жуулчид 2.0 (26.4 хувь) мянгаар, Япон улсын жуулчид 0.5 (7.7 хувь) мянгаар тус тус нэмэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Зохиогчийн эрхийн гэрчилгээг 457 бүтээлд шинээр олгожээ DNN.mn

Оюуны өмчийн газарт 2024 оны эхний хагас жилд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 266 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна.

Эхний хагас жилд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 175 бүтээлд патент олгосны тухайд:

  • 60 нь шинэ бүтээлийнх,
  • 115 нь бүтээгдэхүүний загварынх байна,

Шинэ бүтээлийн патент 2023 оныхоос 19-өөр нэмэгджээ. Харин бүтээгдэхүүний загварын патент 13-аар буурчээ.

Шинэ бүтээлд олгосон патент (давхардсан тоогоор)-ыг олон улсын ангиллаар авч үзэхэд:

  • 34 нь хүний хэрэгцээг хангах зүйл,
  • 18 нь хими төмөрлөг,
  • 5 нь механик, гэрэлтүүлэг, дулаан, шахуурга, хөдөлгүүр, зэвсэг, тэсрэх бодис болон технологийн төрөл бүрийн арга, цахилгаан,
  • 4 нь физик, 3 нь барилга, уул уурхай,
  • 1 нь нэхмэлийн ангилалд хамаарч байна

Улсын хэмжээнд эхний хагас жилд барааны тэмдгийн эрхийн хамгаалалт авахаар 2322 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 2149 барааны тэмдэгт эрхийн хамгаалалт олгосон нь 2023 оныхоос 288 нэмэгджээ. Улмаар 874 барааны тэмдгийг бүртгэхээс татгалзсан байна.

Бүтээлээ зохиогчийн эрхээр хамгаалуулахаар эхний хагас жилд 457 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргажээ. Энэ бүх бүтээлд шинээр зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. Зохиогчийн эрхийн бүтээлийн төрөл, тоог авч үзвэл:

  • Шинжлэх ухаан, утга зохиолын бүх төрлийн аман болон бичмэл бүтээл 247, Компьютерын программ 61,
  • Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлог, түүвэр зохиол болон эмхэтгэл 54,
  • Дүрслэх урлаг, уран баримал, график урлагийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл 35,
  • Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл 23,
  • Кино урлагийн болон бусад дуу авиа бүхий дүрст бүтээл 13,
  • Үүсмэл бүтээл 9,
  • Газрын зураг, атлас болон архитектурын зураг төсөл, хар зураг, бүдүүвч, диаграм, гурван хэмжээст илэрхийлэл зэрэг шинжлэх ухаан техникийн шинжтэй тайлбар зураг 5,
  • Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл 4,
  • Уран барилга, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор болон архитектурын бусад бүтээл 3,
  • Чимэглэх болон хавсраг урлаг, тайз чимэглэлийн бүх төрлийн бүтээл, эдгээрийн зураг төсөл 3,

Барааны тэмдгийн  970 нь Мадридын хэлэлцээрийн дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байжээ

Categories
мэдээ цаг-үе

Ар согоотын автобусны буудал орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна DNN.mn

Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо Санзайн зам, Ар согоотын автобусны буудал орчимд борооны ус зайлуулах 560 метр шугам угсарч байна.