Categories
мэдээ цаг-үе

Үер, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Манай орны төвийн хэсгээр маргааш, нөгөөдөр, нутгийн зүүн хагаст энэ сарын 25, 26-нд бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжлүүлж байна.

ЦУОШГ-аас гаргасан цаг агаарын урьдчилсан төлөв:

Долоодугаар сарын 24-нд төвийн аймгуудын ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст,  26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэх аж.

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3…+8, өдөртөө +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар шөнөдөө +19…+24, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15, өдөртөө +21…+26 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн тахилгат Бурхан буудай уулын тэнгэрийг тайх ёслол боллоо DNN.mn

Бурхан буудай хайрхан уулын тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол 2024 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын хөхөгчин тахиа өдөр Бурхан буудай хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.

Бурхан хэмээн хүндэтгэн, дээдлэн шүтэж ирсэн хоёр их хайрханы нэг Алтайн нурууны салбар Бурхан буудай уулын унаган төрх, ургамал амьтан, түүх, соёлын дурсгалыг хадгалан хамгаалах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 онд зарлиг гарган, төрийн тахилгатай болгож, анхны төрийн тахилгыг үйлдлээ.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл гэдгийг тэмдэглэв. Байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.

Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн эсрэг тэмцэх зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг Говь-Алтайчууд дэмжин 108 сая мод тарих амлалт өгч, бусад аймгаа манлайлсанд төрийн тэргүүн талархал илэрхийллээ. Хүн төрөлхтний өв соёлыг хадгалсан онгон дагшин байгальтай, эрдэнэс баялгийн арвин сан хөмрөгтэй алтайчууд нутаг орноо улам бүр хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэхийг хүсэн ерөөв.

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа. Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Бурхан буудай хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Лам хуврагууд Буман цагаан судар, Бурхан буудай хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Говь-Алтай аймгийн Бугат сумын “Засагт хан” клубын харваач, Улсын мэргэн Б.Дашзэвэгт хүлээлгэн өгч, тус аймгийн Цогт сумын Төгрөг багийн малчин С.Мандахнарангийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй.

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Бурхан буудай уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол өндөрлөв.

Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумын нутгийг дамнан орших Бурхан буудай уулын өвөрмөц үзэсгэлэнт тогтоц, эртнээс шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистой явуулах зорилгоор 1996 онд улсын тусгай хамгаалалтад авсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 7 дугаар сарын 8-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 118 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 8 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 33 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 77 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 916 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 1 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 900 хэрэг шалгагдаж байна.

“Чингис хаан” олон улсын нисэх буудал дахь гаалийн газрын удирдах албан тушаалтан “Л” нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж хахууль авсан гэх, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн удирдах албан тушаалтан “Т” нь бусдад давуу байдал бий болгосны хариуд хахууль авсан гэх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдах албан тушаалтан “Д” нь албаны эрх ашгийн эсрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, үйлдвэрийн ашиг сонирхолд хүнд хор уршиг учруулсан гэх зэрэг эрүүгийн хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүллээ.

Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмын дагуу авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг чанд баримтлан товч байдлаар олон нийтэд мэдээлж байгаа болно гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганхуяг, Г.Хишигбат, Г.Жамбалдорж нараас допинг илэрчээ DNN.mn

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн 32 бөхөөс дөрвөн тамирчны сорьцод сэжигтэй хариу гарсан тухай Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс, Үндэсний бөхийн салбар хороо, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн.

Улмаар өнгөрөгч амралтын өдрүүдэд сэжигтэй гурван тохиолдлын нарийвчилсан шинжилгээний хариу ирж, допингийн хориотой бодис илэрсэн нь тогтоогджээ. Иймд өнөөдөр (2024.07.22) тухайн гурван тамирчинтай Үндэсний бөхийн салбар хороо уулзаж, шинжилгээнийх нь хариуг танилцуулсан байна. Үүнд:

Ховд аймгийн Булган сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх, Улсын харцага Г.Ганхуяг

Ховд аймгийн Алтай сумын харъяат “Алдар” спорт хорооны бөх Аймгийн арслан Г.Хишигбат

Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харъяат  “Алдар” спорт хорооны бөх Цэргийн арслан Г.Жамбалдорж нар аж.

Мөн үлдсэн нэг бөхийн шинжилгээний хариу ирээгүй байна. Цаашид урьдчилсан байдлаар допинг илэрсэн бөхчүүд “Б” сорьцын шинжилгээ өгөх эсэхээ шийднэ.

 

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Монголын уран нугараачид хүрэл цомын эзэн болов DNN.mn

 ОХУ-ын Москва хотноо уламжлал болгон зохион байгуулдаг “ИДОЛ 2024” олон улсын циркчдийн тэмцээн өчигдөр өндөрлөжээ.

Энэ сарын 19-нд эхэлж, гурван өдөр үргэлжилсэн тус тэмцээнд 17 орны 200 гаруй жүжигчин оролцсон байна. Жилээс жилд өргөжиж, оролцогчдын чансаа, үзүүлбэр сайжирч буй энэхүү тэмцээнд манай улсаас “Икс Роузис” уран нугаралтын компанийн жүжигчид оролцож, хүрэл цом хүртжээ.

Монголын уран нугараачид дэлхийд өндөрт чансаатай бөгөөд оролцсон тэмцээн бүрээсээ медаль, цом хүртдэг уламжлалтай. Тэгвэл тэднийг уг буухиад энэ удаа Москвагийн алтан манежнаа “Икс Роузис” компанийн нугараачид үргэлжлүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн татвараа НӨАТ-ын буцаан олголтоор төлөх боломжтой DNN.mn

НӨАТ-ын буцаан олголтыг энэ 7 хоногт иргэдийн дансанд шилжүүлж эхэлнэ. Энэ талаар татварын албанаас мэдээллээ.

Ингэхдээ НӨАТ-ын буцаалтаар дараах татваруудыг төлөх боломжтойг мэдэгдэж байна. Үүнд:

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар,
  • Галт зэвсгийн албан татвар,
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар,
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/,
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/,
  • Малын тоо толгойн албан татвар,
  • Авто замын байгууламж ашигласны төлбөр тус тус орж байна.

НӨАТ-ын буцаан олголтоос татвар төлөхийг хүсвэл энэ сарын 23-ны өдрийг дуустал ebarimt системээр төлөх боломжтой татварын нэхэмжлэл бүхий асуулгад “ТИЙМ” гэсэн товчыг дарснаар хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх аж.

Categories
мэдээ нийгэм

Ус тогтсон 28 байршилд 14.403 тонн ус соруулж, 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгожээ

Улаанбаатар хотод долоодугаар 20-ны 22:00 цагаас үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн Онцгой байдлын газарт ус тогтсон 20 дуудлага, мэдээлэл ирснээс 28 байршилд хариу арга хэмжээ авч ажилласан байна. Мөн долоодугаар сарын 22, 23-нд бороо орох төлөвтэй байгаа тул авч хэрэгжүүлж буй ажлын талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбатаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотод долоодугаар сарын 20-ны 22:00 цагаас эхлэн үргэлжлэн орсон борооны улмаас ус тогтсон нийт 20 дуудлага, мэдээллийн дагуу 28 байршилд нийслэлийн холбогдох мэргэжлийн байгууллагын нийт 220 ажилтан, алба хаагч 71 машин техниктэйгээр ажиллаж 14,403 тонн ус соруулсан. Мөн 540 ширхэг шуудайтай элсээр 300 метр далан босгон, 300 метр суваг, шуудуу татаж, тогтоол усанд боогдсон 20 иргэнийг аюулгүй бүсэд зөөвөрлөн гаргаж, дөрвөн дуудлага, мэдээлэл дээр заавар, зөвлөмж өгч ажилласан. Ойрын өдрүүдэд тур зуурын бороо орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна” гэв.

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард нийслэлийн Онцгой байдлын газраас Монголын cууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл (МСӨХДЗ), Сууц өмчлөгчдийн холбоодод үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэх арга зам, анхан шатны арга хэмжээний талаар сургалт орсон байна. Уг заавар, зөвлөмжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, СӨХ-оод өөрсдийн эд хөрөнгөдөө хариуцлагатай хандвал үер, усны эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой. Мөн Улаанбаатар хотод баяр наадмын өдрүүдэд гурван том хүн, хоёр хүүхэд нийт таван иргэн золгүй байдлаар усанд осолдож, эндсэн. Долоо, наймдугаар сард олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа бөгөөд аялал, зугаалгын улирал үргэлжилж байгаа тул гол усны аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагатай гэдгийг онцолж байв.

Categories
мэдээ цаг-үе

Хөвсгөл аймгийн Үүрийн гол үерийн аюултай түвшинг даван үерлэжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Үүрийн гол үерийн аюултай түвшинг даван үерлэжээ.

Мөн төвийн дундуур урсдаг Баянгол мөн үерлэсэн. Тус сумын Онцгой комисс, мэргэжлийн ангиас үерт автах эрсдэлтэй айл өрхүүдийг нүүх заавар зөвлөмжийг хүргэн ажиллаж байна.

Тус сум руу явахад олон жижиг голуудыг гардаг энэ чиглэлд хөдөлгөөн үйлдэж байгаа иргэд гол усны түвшин татартал хүлээхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Олимпын хотхон тамирчдаа хүлээн авч эхэллээ DNN.mn

Дэлхийн өнцөг булан бүрээс шилдгийн шилдэг тамирчид Парис Олимпын тэнгэр дор хуран цуглаж байна.

7 дугаар сарын 26-ны өдөр нээлтээ хийх зуны XXXIII Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн 32 тамирчин спортын 9 төрөлд хурд, хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөхөд бэлэн боллоо.

16 өдрийн туршид спорт сонирхогч, хөгжөөн дэмжигчид та бүхнийг уйдах завгүй байлгах шударга өрсөлдөөн, эв нэгдлийн бэлэгдэл Олимпын наадамд оролцох баг тамирчид Олимпын хотхондоо хүрэлцэн ирж эхэллээ.

Монголын баг тамирчдаас өнөөдөр боксын бүрэлдэхүүн Тамирчдын хотхонд хүрэлцэн ирэх бол 7 дугаар сарын 22-ны өдөр хамгийн их буюу жүдо, усан спорт, хөнгөн атлетик, дугуй, байт харвааны баг тамирчид хотхондоо байрлах юм.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд өвөлжилтийн бэлтгэл ажил 45 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.

Зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын мэдээлэл өгсөн бөгөөд өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл хэрэгжүүлж байгааг дурдлаа.

Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 45 хувьтай үргэлжилж аж. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улс, нийслэлийн болон гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 18 байршилд нийт 24 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилж эхлээд буй. Уг ажил энэ сарын 16-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10 хувьтай үргэлжилж байна. Мөн 2024 оны зуны засвараар 10 байршилд 3.6 км шугам сүлжээ болон бусад засвар хийх аж.

Улаанбаатар хотын ерөнхий менежер ярихдаа Ц.Төрхүү, “Нийслэлийн хэмжээнд хүчдэлийн уналттай, цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчээр хангахаар ажиллаж байна. Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй, хүчдэлийн уналттай айл өрхүүдийг цахилгаан хангамжид холбох 12 багц тендер зарласан. Одоогоор 12 багцад гүйцэтгэгч шалгаран гэрээ байгуулан барилга угсралтын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд есдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн” гэв.

Мөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд 53 агуулахад 50 мянган тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ.