Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ард иргэдээ татварын дарамтаас салгана гэж гарч ирсэн гишүүд одоо хэлсэн үгэндээ хүрч ажлаа эхлүүл DNN.mn

Сонгуулиар иргэдийг гоё сайхан үгээр хуурч байгаад саналыг нь авдаг. Аваад төрд гарч ирээд хулгай, луйвар хийж, хийж буудаг хуучин улс төрийн бохир арга ард хоцорсон. Энэ системээр явах л юм бол хоёр алхахгүй баригдаж, шоронд орно. Ийм хүнийг монголчууд дахиж хэзээ ч сонгохгүй нь ойлгомжтой. Сонгох битгий хэл дахиж төрд ажиллах, түмэн олонтой уулзах эрхгүй болтол нь иргэд, сонгогчид тэр хүнийг “нүд үзүүрлэнэ”. Ард түмний энэхүү хариуцлагаас хэн ч айдаг болсон цаг. Тиймээс юу хийнэ гэж гарч ирсэн. Юуг амлаж саналыг нь авсан. Тэр бүхнээ та бүхэн хийхээс өөр аргагүй.

Сая ес дэх удаагийн УИХ-ын сонгууль болж, анхны гэх тодотголтой 126 гишүүнтэй парламент бүрдлээ. УИХ-ын даргаа томиллоо. Засгийн газрын тэргүүнээ сонголоо. Ерөнхий сайд нь танхимын сайдуудаа, бүтцээ ч тодорхой болгоод ажлаа эхлүүллээ. Наадам болоод дууслаа. Одоо бүгд ажлаа хийж эхлэх цаг. Ард түмэн амралт зугаалга, найр наадам гээд явж болно. Харин анхны 126 гишүүнтэй парламент болон хамтарч Засгийн газар байгуулсан нам, улстөрчдөд амрах эрх үнэндээ байхгүй. Та нарын төр барих хугацаа богино. Тиймээс сонгуулиар юу юу амлаж байлаа, тэрийгээ одооноос хийж эхэлмээр байна. Та нарын ихэнх нь аж ахуйн нэгжүүдийн бизнес хийх орчинг сайжруулна, иргэдээ татварын дарамтаас салгана, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулна гэж амласан. Бизнесийн эрх чөлөөг бодитой бий болгоно гэсэн амлалт сонгуульд оролцсон бүх нам, эвслийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан байсан. Тиймээс та нарын зорилго, хийх ажил чинь тодорхой байна. Хийхээс өөр гарцгүй ажлаа хойш тавьж байхаар одооноос бодлогын хувьд цэгцлэх ажлуудаа эхлэх хэрэгтэй. Жилийн орлого нь 50 саяас дээш орлоготой аж ахуйн нэгж байлаа гэж бодъё. Тэгвэл тэр байгууллага НӨАТ-ын 10 хувиа төлнө.

Энэ оны эхнээс үйлчилгээний салбарын ААН-ийн нийслэлийн татварын борлуулалтын буюу зах зээлийн үнийн хоёр хувь хүртэл нэмэгдүүлсэн. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж цалингийн орлоготой иргэн бүр хүн амын албан татвар цалингийн 10 хувь төлдөг байсан. Харин 2019 оноос татварыг шаталсан байдлаар зохицуулах болж цалингийн 20 хувь хүртэл төлдөг болсон. Нийгмийн даатгалын шимтгэлд 26 хувийг, хадгаламж бүрээс 10 хувь, бараа үйлчилгээ авах бүрт 10 хувийн нэмүү өртгийн албан татвар төлж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улсад иргэн ажиллаж амьдарсныхаа төлөө дээрх татваруудыг төлж байгаа. Манайд татварын дарамтаас болж найман мянга гаруй аж ахуйн нэгж хаалгаа барьсан гэсэн судалгаа байдаг. Нөгөөтэйгүүр манай улсын жил бүрийн төсвийн татварын орлого хэд дахин хувиар нэмэгдэг. Тухайлбал, өнгөрсөн онд

татварын орлого 18 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оноосоо бараг 50 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Татварын орлого нь

ингэж огцом нэмэгддэг улс манайхаас өөр байхгүй л болов уу гэдгийг эдийн засагчид хэлж байна.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор М.Саруултөгс “Монголын

татварын өнөөгийн байдлыг тодорхойлохын тулд сүүлийн 30 жилд хэрэгжүүлж буй татварын бодлогын нөлөөллийг тодорхойлох

ёстой. Энэ хугацаанд долоон удаа татварын шинэчлэл хийж. Уг нөлөөллөөр Монгол Улсын төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлдэг болсон. Өөрөөр хэлбэл, ААН-ийн албан

татвар, НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, НДШ төсвийн гол орлого болдог. Эдгээр татвар нь бизнес эрхлэгчдэд мөнгөн урсгалд нөлөөлөхүйц татвар болсон. Иймээс татварын бодлогоо тогтвортой байлгаж бизнес эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй” гэж хэвлэлд ярилцлага өгч. Үүнээс харвал татварын дарамт асар их байгаа. Энэ дарамт бизнес эрхлэгчдийн мөнгөний урсгал буюу үйл ажиллагаанд нь шууд нөлөөлдөг болсныг илтгэж байна. Хар ухаанаар бодоход хүн ажиллаж, хөдөлмөрлөж мөнгөтэй болно. Тэрхүү мөнгөө бизнестээ эргэлдүүлнэ. Ингэж байж ашиг хүртэнэ.

Харин тэрхүү ашгийнхаа багахан хувийг төрд өгдөг. Өөрөөр хэлбэл, ашгаасаа татвар төлнө гэсэн үг. Гэтэл манай улсад ашигтай ч бай, ашиггүй ч бай үйл ажиллагаа явуулсан л бол татвар төлдөг бодлого үйлчилж байгааг л татварын дарамт гээд байгаа юм. Тиймээс эдгээр асуудлыг шийднэ, иргэд, аж ахуйн нэгжүүдийг татварын дарамтаас салгаж, бизнес эрхлэх боломжийг чөлөөтэй болгож өгнө гэж амлаж, ярьж гарч ирсэн гишүүд та бүхэн одоо хэлсэндээ хүрч ажлаа эхлүүлэх цаг болсон. Саяны сонгуулиар Ардын намын мөрийн хөтөлбөрт ААНОАТ-ыг таван хувь болгож бууруулна гэж зааж. Мөн НӨАТ-ын хуулийн шинэчлэлийг олон улсын жишигт нийцүүлнэ гэсэн. Харин Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт мөн НӨАТ-ын хуулийг шинэчлэнэ гэжээ. Түүнчлэн ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээнд нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахгүй гэсэн байна. Ерөнхийдөө саяны сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт татвартай холбоотой заалтууд адилхан байна. Тиймээс та бүхний зорилго нэг байна гэсэн үг. Зорилго нь тодорхой байхад татварын дарамтаа хазаарлах эрх зүйн орчноо нэн яаралтай боловсруулахад яг юу саад болоод байна вэ. Хэнийг хараад, ямар цаг үеийг хүлээгээд сууна вэ, гишүүд ээ. Та нарт хууль санаачлах бүрэн эрх бий. Хуулийг өөрчлөх ч эрх бий. Хууль тогтоох гол ажлаа хийцгээ. Хэдий болтол ордоныхоо сандал суудал, өрөө, цонхтойгоо ноцолдох вэ. Хэдий болтол гишүүн болсон баяраа тэмдэглэж, үүгээр, түүгээр найр наадамд оролцож явах вэ. Та нарын амласан татварын амлалт ард түмэнд ус агаар мэт хэрэгтэй байна.

Цаг хугацааны хувьд нэг хоногийн өмнө ч болтугай татварын дарамтаас салах гэж ард түмэн чинь тэсгэл алдаж хүлээж байна. Тиймээс энэ намрын чуулганаар татвартай холбоотой, бизнес эрхлэгч нараа дэмжсэн, ажил хийх хүн бүрийн урам зоригийг бадраасан хуулиа батлаад явцгаа. Тэгвэл ард түмэн та нарыг амласнаа биелүүлдэг гэж итгэнэ. Ард түмэн улстөрчдөд, улс төрийн намд итгэснээр төрд итгэх итгэл нэмэгдэнэ. Төрөө хүндэтгэнэ. Энэхүү хүндэтгэл олшрох тусам хуулиа мөрддөг болно. Хуулиа хэрэгжүүлдэг болно. Хуулийг хүн бүхэн хэрэгжүүлж эхэлснээр нийгэмд шударга ёс тогтоно. Шударга ёсны цаана тэгш эрх, эрх чөлөө, нөгөө ардчилал бодитой сэргэнэ. Үүнийг л улс орны цэцэглэн хөгжилт гэж хэлээд байгаа биз дээ. Нэгнээсээ цэцэглэн ургасаар хөгжлийн замналдаа орно. Тиймээс эрхэм УИХ-ын гишүүд ээ ажлаа хийцгээ. Амласнаа яг одооноос хэрэгжүүлцгээ. Та нарын шийдвэр, өөрчлөлтийг хүлээсэн амь тэмцсэн аж ахуйн нэгжүүд Монголд олон байна шүү…

Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Золжаргал: Улс төр, эдийн засгийн тогтолцоо эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална DNN.mn

Баянгол дүүргээс хамгийн олон санал авч парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн, инженер Ж.Золжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


 

-Таны хувьд нийслэлийн Баянгол дүүргээс хамгийн олон санал авч УИХ-д сонгогдсон. Өмнө нь энэ тойргоос хуучин улс төрчид л тэргүүлж гарч ирдэг байсан. Харин өнгөрсөн сонгуулиар улс төрийн өөр хүчин, өөр хүнийг баянголчууд сонголоо. Таны хувьд энэ тойргоос нэгээр гарч ирэх байх гэсэн итгэл, хүлээлт ямар байсан бэ?

-Миний ялалт гэж хэлэхээс илүүтэйгээр иргэний ардчилал байж болдог гэдэгт итгэсэн хүмүүсийн хамтын ялалт гэж хэлмээр байна. Иргэдийн хүлээлт, хүсэлтэйгээ нийцсэн учраас ялалт гарсан гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, Баянгол дүүрэгт энэхүү шинэ хөрс бүрдчихсэн байсан гэсэн үг. Учир нь Баянгол дүүрэгт Монголын сонгодог дундаж давхарга оршсоор ирсэн. Тухайлбал, гурав, дөрөвдүгээр хороолол, СОТ-2, эрчим хүчнийхэн гээд инженер, техникийн чиглэлийн иргэд олонтой ийм онцлогтой дүүрэг. Мөн төсвөөс, дарга нараас хамаарал бус буюу жижиг, дунд бизнес эрхэлдэг хүмүүс олон байдаг. Энэ утгаараа Баянгол дүүрэгт шинэ сонголт хийх эхлэлийн цэг байсан гэдэгт анхнаасаа итгэлтэй байсан. Харин таны асууж байгаа шиг нэгээр үү, эсвэл сүүлээр үү гэдэг дээр тодорхой таамагласан зүйл байгаагүй. Дараагийн нэг зүйл бол таны хэлдгээр иргэдийн өөр хүлээлт их байсан. Юу гэхээр нэг нам сүлжээгээ мөнгөөр баздаг байдлыг болих гэсэн хүлээлт баянголчуудад их байсан нь мэдрэгдсэн. Тиймээс энэ ялалт асар олон зүйлийн тайлал мэт болсон гэж ойлгож байгаа.

Энэ асар итгэлийг даасан шиг дааж, хүлээсэн шиг хүлээж ажиллана гэдэгтээ би итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр эрх чөлөөт хүмүүсийн сонголт бодитой болоосой гэсэн хүлээлт их байсан. Үүнд нь зориулж бид сурталчилгаа, зарчмаа барьж ажилласанд ялалтын үнэ цэнэ нэмэгдсэн болов уу гэж бодож байна.

-Нийслэлээс инженер хүн сонгогдон төр түшилцэж байгааг олон хүн ам сайтай хүлээн авч байна. Учир нь нийслэл хотын асуудал уул овоо мэт их. Бодитой шийдэгдэж байгаа асуудал бараг байхгүй гэж хэлэхэд болох юм шиг. Ийм цаг үед инженер хүний бодлого, тооцоолол асар дутагдаж байгааг баянголчууд харж, таныг сонгосон болов уу гэж бодож байна. Тэгэхээр танаас шууд асууя. Нийслэлийн утааны асуудлыг яаж шийдэх ёстой вэ. Өдийг хүртэл явж ирсэн бодлогод ямар алдаа байна. Цаашид яаж өөрчлөх вэ?

-Шууд асууж байгаа бол шуудхан л хариулъя. Утаагүй болох шийдэл бол түлш огт биш. Шийдэл нь дулаан байшин. Үндсэн асуудал нь түлш биш, харин эсрэгээрээ орон байр. Орон байрны асуудал шийдэгдсэн бол утаа бараг байхгүй байх байсан. Тиймээс янз бүрийн түлш, нарны халаагуур гэх мэт аахар шаахар зүйлд мөнгө зарахгүйгээр дулаан сууцтай болоход л анхаарчих. Яагаад ингэж итгэлтэй хэлж байна вэ гэхээр миний хувьд уг асуудал дээр сүүлийн арав гаруй жил ажилласан. Түлшний мэргэжилтэн хүн. Түлшийг яаж сайжруулбал утаа буурах вэ гэдгийг бодитоор хэлэх хүн нь би. Гол нь сайн түлш хэрэглээ ч утаатай л байна.

Үүнийг бууруулах гол зүйл бол дулаан байшин. Дулаан байшинтай байснаараа түлшний хэрэглээгээ хоёр дахин бууруулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өдөрт хоёр уут түлш хэрэглэдэг байсан бол нэг уутыг, бүр хагас уутыг хэрэглэдэг болно гэсэн үг. Энэ л утааны ойрын гол шийдэл. Нөгөөтэйгүүр дулаан байшинтай болчихвол цахилгаанаар халаах өртөг багасна. Асар их хэмнэлт гарч ирнэ. Дулааны алдагдал ихтэй бол хэдэн уут түлш, хэдэн мВт цахилгаан зарцуулсан ч хэрэглээнд нийцэхгүй. Тиймээс хамгийн эхэнд анхаарах зүйл бол дулаан байшин юм.

-Дулаан алдагдалгүй байшин гэж олон жил ярьсан, хэрэгжүүлсэн. Бодитой үр дүн гарсан нь ховор шүү дээ…?

-Яагаад дулаан байшингийн төсөл олигтой явдаггүй вэ. Дэд бүтэцгүй газар хашаандаа байшин барихад ипотекийн зээл олгодоггүй. Нэгдүгээрт, үүнийг өөрчлөх хэрэгтэй. Хүн хаана ч байшин барьсан тодорхой эдийн засгийн хөнгөлөлт эдэлж байх учиртай. Үүнийг алагчлах хэрэггүй гэсэн үг. Гол нь эрчим хүчний хэмнэлттэй зураг төсөлтэй байшин хашаандаа барихад тодорхой хөнгөлөлтөд хамрагдах эрх зүйн орчинг бий болгох хэрэгтэй. Үүнээс л утаагүй болгох зорилт эхэлж байгаа юм. Үүнийг хийх санхүүжилт дотоодын болон, гадны эх үүсвэрээс татах боломж бий. Олон ч төсөл яригдаж байгаа. Тэгэхээр миний хувьд энэхүү өөрчлөлтийг л хийхийг зорьж байгаа. Энэ зорилт биелбэл айлууд илүү тохитой сууцтай болохооос гадна нийтээрээ утаагаа бага зардлаар бодитой бууруулж чадна.

-Зун, намрын зургаан сардаа нийслэлчүүд бид урьд өмнө хэзээ ч утаатай байгаагүй юм шиг л утаагаа мартдаг. Нэг талдаа иргэдийн хандлага сул байна уу. Утаагүй болох хамгийн бодитой арга бол цахилгаан халаагуур. Гэтэл нийслэлийн гэр хорооллын айлууд бүгд цахилгаан халаагууртай боллоо гэхэд эрчим хүчний асуудал гарч ирнэ. Одоо ч нийслэл хот эрчим хүчний асуудалтай байгаа. Энэ намар, өвөл яаж эрчим хүчний асуудлаа шийдэхээр байх шиг байна вэ. Цаашид эрчим хүчний хараат байдлаасаа бид салахын тулд богино, дунд хугацааны ямар шийдэл гаргах ёстой вэ?

-Явж, явж эрчим хүч гэдэг Монголын улс төр, эдийн засгийн тогтолцоотой шууд холбоотой асуудал. Тэгэхээр энэ тогтолцоо өөрчлөгдөж, эрүүлжиж байж эрчим хүчний хараат байдлаасаа бид сална л гэсэн үг. Юу гэхээр бүх үйлдвэрлэсэн эрчим хүчээ үйлдвэрлэсэн үнээсээ бага зардлаар бид зардаг. Нүүрсний уурхайнх нь олборлож байгаа өртгөөсөө бага үнээр борлуулалтаа явуулдаг. Энэ дунд гарч ирж байгаа зөрүү нь яадаг вэ гэхээр нэг бол татаас, нэг бол өр болж хуримтлагддаг. Үүнийгээ дараа нь гадаадын өр, зээлээр л төлдөг. Гаднаас авсан зээлээ буцаагаад татвар төлөгчдийнхөө кармаанаас л төлдөг, дардаг. Иймэрхүү тогтолцоогоор явж ирсэн. Эдгээрийг удирддаг, бодлогыг нь гаргадаг хүмүүс намын шахаагаар, эсвэл аль нэг эрх мэдэлтний цүнх баригчид байдаг. Тиймээс энэ хүмүүс энэхүү асуудал дээр зоригтой дуугарч чаддаггүй. Энэ утгаараа ийм байдлаар тогтолцооны хувьд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Цаашлаад эрчим хүчний тарифт ухаалаг зохицуулалт хийх шаардлагатай гэж харж байгаа. Тарифыг чөлөөтэй болгоно гэдэг маань эрчим хүчийг үнэтэй болгоно гэсэн үг биш. Ийм хандлагаасаа болоод эрчим хүчний хараат бус байдлыг тогтоох, шинээр станц барих асуудлууд гацдаг. Тэгэхээр нүүрсний, эсвэл нарны, салхины байх нь хамаагүй. Бүгдийг нь бодлогоор дэмжээд өгвөл эрчим хүчний шинэ эх үүсвэр баригдаж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, эх үүсвэр бий болгохын тулд тарифын зохицуулалт л хэрэгтэй. Бид одоо импортоор цахилгаан авч байгаа. Гэтэл жилд зарлагадах энэхүү хөрөнгөөрөө бид нэг томоохон цахилгаан станц барьчихаж болж байна. Манайд нэг ийм хандлага байна. Олонх болсон нам нийтэд сайхан харагдах гэж хичээдгээс болоод нийтээрээ утаатай, түгжрэлтэй, ядууралтай, эдийн засгаа тэлж чаддаггүй ийм байдалд хүрсэн. Тэгэхээр эрчим хүчний салбараа эрүүлжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт тат. Тарифын бодлогоо өөрчил. Хэрэв ингэж чадвал эрчим хүчний олон эх үүсвэртэй болно. Олон эх үүсвэртэй болох тусам үнэ чөлөөлөх нөхцөл бүрдэнэ. Одоо шууд үнэ чөлөөлье гэхээр тийм техникийн боломж манайд байхгүй. Яваандаа эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд усан цахилгаан станц болон усан цэнэгт цахилгаан станцын төслүүдийг хэрэгжүүлэх, дэмжих бодлого бидэнд маш их хэрэгтэй байгаа.

-Хот түгжрэлтэй байгаа. Энэ намар хичээл эхлэхтэй зэрэгцээд хотын түгжрэл тэг зогсолт руугаа очих байх гэсэн тооцоолол бий. Түгжрэлийг бид олон жил ярьж байна. Уулзвар өргөсгөх, тэмдэг тэмдэглэгээ сайжруулах, чиглэл өөрчлөх зэрэг жижиг ажиллагааг л өдий болтол авч ирснээс биш бодитой том өөрчлөлт хийгдсэнгүй. Яармагийн түгжрэлийг бууруулна гээд гүүр барьж байгаа ч буух цэгийн ачааллыг улам ихэсгэхээр байна. Янз бүрийн зам тавьдаг ч нөгөө мухар төмөр зам гэдэг шиг нэг талын ачааллыг нөгөө талд нь нэмэх ийм бодлогоор өдий болтол явж ирлээ. Угтаа баруун, зүүн дөрвөн замын уулзвар дээр давхар зам барих, гүүрэн зам барих ажил хийчихвэл хотын түгжрэл эрс буурна гэж иргэд үзээд байгаа. Таны хувьд хотын түгжрэлийг яаж бууруулах ёстой гэж харж байгаа вэ?

-Түгжрэл үүсгэхгүй байхын тулд тухайн хөдөлгөөнийг зогсоохгүй байх шаардлагатай. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр аль болох уулзваруудад зогсохгүй шууд явдаг байхыг хэлээд байгаа юм. Ингэхийн тулд том уулзваруудад дээгүүр доогуур автомашинууд зогсолтгүй зөрдөг байх хэрэгтэй. Хоёрдугаарт, явган хүний гарц дээр автомашин бага зогсдог байх хэрэгтэй. Ингэхийн тулд гарц болгоныг гүүрэн болгох шаардлагатай. Гүүрэн гарц гэхээр заавал гоё өнгөтэй, үнэтэй материалтай, тав тух хангасан байх шаардлага уг нь байхгүй л дээ. Хамгийн чухал л нь аюулгүй зорчдог байх нөхцөлийг л хангасан байх хэрэгтэй. Бусдаар үзэмжийн хувьд анхаарах шаардлага огт байхгүй. Манайд баригдсан гүүрэн гарцуудаас арав дахин хямд өртгөөр барих олон гүүрэн гарцын шийдэл бий. Заавал үүнд хамгийн гоё тансагийг нь барих шаардлага байхгүй. Гүүрэн гарцад бид ямар тухалж суух гэж байгаа биш. Алхаж өнгөрөөд л бууна. Тиймээс аюулгүй байдлыг хангасан стандартын дагуу хийгдсэн гарц л хэрэгтэй. Түүнээс биш сүүлийн гишүүд тойрогтоо ийм гарц хийсэн гэж рекламдаад байгаа шиг зүйл бидэнд, хотын иргэдэд огт шаардлага байхгүй. Хоёрдугаарт, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлснээрээ түгжрэлээс гарсан салсан хотууд олон. Манайх сүүлийн үед метротой болъё гэж ярьж байна. Төслүүд ч явж байх шиг. Нэгэнт хэрэгжүүлээд эхэлсэн бол бодитой үр дүн гаргаад явах нь зөв. Зөв гэхээсээ илүү үнэхээр метротой болчихвол сайн л байна. Гэхдээ метротой болох төсвөөс арав дахин хямд зардлаар нийтийн тээврийг тултал хөгжүүлэх, шийдэх төслүүд бий. Энэ нь тусгай замын автобусны төсөл. Уг төслийг аль арав гаруй жилийн өмнө ярьж байсан. Бүр санхүүжилтийг нь ч шийдчихсэн байсан шүү. Гэтэл шийдчихсэн санхүүжилтээ авч хэрэгжүүлэхгүй байсаар байгаад Азийн хөгжлийн банк гэрээгээ цуцалчихсан. Гэхдээ одоо үүнийг сэргээгээд хийх боломж бий.

-Яг одоо ойрын хугацаанд баригдах цахилгаан станцууд юу байна вэ?

-Одоо баригдаж байгаа, удахгүй ашиглалтад оруулах хэд хэдэн төслүүд бий. Хамгийн түрүүнд Бөөрөлжүү-тийн цахилгаан станц ашиглалтад орно. Миний мэдэхийн 300 мВт-ын хүчин чадалтай станц баригдахаас эхний 150 мВт-ын блок удахгүй ашиглалтад орох байх. Чойбалсангийн 50 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон. Завханы Тосонцэнгэлд баригдаж байгаа станц удахгүй ашиглалтад орох байх. Нарийнсухайт дээр Шивээхүрэнгийн нүүрсний цахилгаан станц бий. Нарны цахилгаан станц Хөвсгөлийн Мөрөнгийн ойролцоо баригдаж байгаа. Удахгүй ашиглалтад орчих байх.

-Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн УЦС-аа барих, байгуулах асуудал тэмтэр тумтар яахав байна. Ер нь эдгээр эрчим хүчний төслүүд юунаас шалтгаалж удааширдаг юм бэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг элдэв янзын эргэлзээгүйгээр түргэн барьж, ашиглалтад оруулах хэрэгтэй. Энэ бол гарцаагүй зүйл. Эгийн голын тухайд эргэлзээтэй байгаа. Том чадлын УЦС. Хоёрдугаарт, Оросын талаас байгаль орчны асуудал яригддаг. Нэгэнт асуудал яриад байгаа бол тэрийгээ шийдэх гэж явна гэхээс биш үүнээс болоод бусад төслүүдээ гацаах шаардлага огт байхгүй. Ер манай улсад 20-50 мВт-ын хүчин чадалтай УЦС барих газар маш олон байгаа. Тэр жижиг станцуудаа барьчихсан байхад өнөө маргаашдаа заавал Эгийн гол гэж яриад байх шаардлага байхгүй. Монгол төрийн шийдвэрийг монголчууд л гаргадаг. Зөв шийдвэр гаргахын төлөө ажиллах ёстой. Тэрнээс биш өөрсдөө алдаатай шийдвэр гаргах, эсвэл огт шийдвэр гаргахгүй байгаагаа бусад улс орнууд руу чихээд сууж байж болохгүй.

-Таны хувьд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон. Танай байнгын хорооноос гарах гол бодлого, чиглэл юу байгаа вэ. Ер нь инновац, цахим бодлого гэж юу юм бэ. Ямар ач холбогдолтой юм бэ?

-Төрийн үйлчилгээг цахимжуулснаар үйлчилгээг нь хүртээмжтэй, түргэн шуурхай болгохоос гадна хамгийн чухал нь авлига буурдаг. И-Монголиа систем нэвтрээд маш олон хүнд хүрсэн. Тиймээс энэ мэт цахимжуулалтыг цааш нь төгөлдөржүүлэх шаардлагатай. Цахимжуулалт бол салбар болгонд л тулгамдаж байгаа асуудал. Тухайлбал, тээврийн салбар байна. Өндөр хурдны хямд сүлжээг өрх бүрд. Бүх насны хүмүүс зайнаас сурч боловсрох, гэрээсээ ажиллах, харьяалал үл харгалзан ЭМД-аар үйлчлүүлдэг болохын тулд мэдээллийн технологийг ашиглах. Хил хязгаар үл хамааран дэлхийн зах зээл дээр программ хангамж, мэдлэгийн үйлчилгээ эрхэлдэг монгол залуучууд бишгүй олон болж байна. Тэднийг бүр олон болгож, оюуны экспортын орлогоо нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Хиймэл дагуул, сансар судлал, мэдээллийн аюулгүй байдлаа хангах хялбар, хямд технологийн шийдлүүд бий болсон. Монгол хиймэл дагуул, сансар судлалын бааз, олон улсад ажиллаж байгаа судлаачдаа дэмжих хэрэгтэй байна. Нисгэгчгүй онгоц, жолоочгүй гудамж цэвэрлэгч машин, кофе зөөгч робот, үйлдвэрийн автомат удирдлага зэргийг монгол залуучууд хөгжүүлж байна. Ийм инновацийг тусгайлсан бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Ковид мэтийн халдварт өвчний давтамж дэлхийн хэмжээнд ойртож байгаа. Монголчууд бүх эрүүл хүүхдээ вакцинд хамруулдаг хэрнээ Үндэсний вакцины хяналтын лаборатори байдаггүй. Цаашилбал малынхаа вакцинаа өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Монголын байгаль цаг уурын онцлогт үүсэн бий болсон ховор ургамал, малын гаралтай түүхий эдийн эм, гоо сайхны чиглэлээр ашиглах санаачилгууд бий, хүчтэй дэмжлэг хэрэгтэй. Генийн инженерчлэл, биотехнологийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна. Галт уулын чулуугаар базальт файбер хийх, нүүрсний гүн боловсруулалтын нийлэг мяндас үйлдвэрлэх, өндөр зэрэглэлийн нарийн ноолууран утас, ноосны боловсруулалт, арьс ширны боловсруулалт гэх мэт. Дандаа дэлхийд өндөр эрэлттэй бүтээгдэхүүн. Мэдээллийн технологи, эрчим хүчний бие даасан эх үүсгүүр, дотоодын түүхий эдээр хийсэн супер материал, хүний хөдөлмөрийг орлох автомат машин зэрэг эдгээр технологи инноваци бол Монголын ирээдүй. Орос, Хятад их гүрний дунд оршин тогтнохын тулд дэлхийн технологийг түрүүлж эзэмшихээс өөр зам бидэнд үгүй. Нэгэнт технологи бол хүн ам цөөн хэрнээ хурдтай монголчуудын онцлог учраас урт хугацаандаа үндсэн бүтцийн Технологи, инновацийн яам байгуулах шаардлагатай.

-Цаг үеийн асуулт танаас асууя. Эхнийх нь Хамтарсан Засгийн газар байгуулагдлаа. Энэхүү Засагт улс төрийн гурван нам хамтарч байгаа. Та ХҮН намаас нэр дэвшиж гарч ирсэн хүн. Тэр утгаараа ХҮН намын Засагт хамтарсан зорилгыг та гишүүнийхээ хувьд ямар байдлаар дүгнэж байгаа вэ?

-Энэ асуудлаар ХҮН нам дотроо маш их ярьсан. Битгий хамтраарай гэсэн мессэжүүд сонгогчдоос болон найз нөхдүүдээс олон ирсэн. Зарим нь орох нь зөв ч гэдэг зүйлийг хэлж байсан. Гэхдээ энэ бол ганц хүний шийддэг асуудал огт биш. Хамтаараа шийдэх ёстой асуудал. Энэ ч утгаараа олонхын саналаар шийдсэн асуудал. Нэгэнт шийдчихсэн асуудал дээр одоо буруу гэж ярих нь утгагүй. Учир нь бид нэг баг, институци гэдэг утгаараа асуудалд хандах хэрэгтэй. Ямартаа ч зөв үр дүнд хүргэхийн тулд хамтарч ажиллана.

-Саяны сонгуулиар сонгуульд өрсөлдсөн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт аж үйлдвэржилтийн асуудал, тэр дундаа боловсруулах үйлдвэр барих чиглэлд олон санаачилгууд тусгагдаж өгсөн байсан. Таны хувьд аж үйлдвэржилтийн хувьсгалыг илүү тод дуугарч ярьдаг шүү дээ. Энэ парламент, энэ Засаг үнэхээр Монгол Улсыг үйлдвэржүүлсэн орон болгож чадах болов уу?

-Аж үйлдвэржилтийг дэмжих хамгийн том зохицуулалт бол татвар. Үйлдвэрлэл эрхэлж байвал, экспортод эцсийн бүтээгдэхүүн гаргаж байвал татварын хөнгөлөлт эдэлдэг байх хэрэгтэй. Үйлдвэр барих гээд тоног төхөөрөмж оруулж ирж байгаа бол гаалийн татвараас чөлөөлдөг болох хэрэгтэй. Үүнийг л хийхийн тулд УИХ-д гишүүн болж зорьж орж ирсэн. Энэ утгаараа энэ парламент зоригтой өөрчлөлтүүд хийх болов уу гэж найдаж байна.

-Байгалийн ховор элемент, уранаа гадагшаа буюу гуравдагч хөрш орнууд руу экспортлох асуудал яригддаг. Гэхдээ энэ асуудлыг ярих болгонд ОХУ-аас бидэнд ямар нэгэн байдлаар хориг хязгаарлалт тавьдаг гэх юм. Энэ яг ямар учиртай юм бэ. Монгол Улсын хувьд гуравдагч хөршүүдтэй томооохон төсөл дээр харилцан ашигтай хамтарч ажиллах эрх чөлөөтэй биз дээ.

-Чухал эрдэс, газрын ховор элемент бол Монголыг дэлхийн анхаарлын төвд оруулах боломж. Гуравдагч хөршийг эдийн засаг, хөрөнгө оруулалтад татах сайхан боломж гэж харж байгаа. Үүнийг өнөөгийн эрх зүйн орчин нь царцаасан, боомилсон байдалтай болчихсон. Ураныг дагалдаж ихэнхдээ байгаль дээрээ оршдог газрын ховор элементийг цацраг идэвхт материалыг тооцох үндэслэл бол Цөмийн эрчим хүчний тухай хуулиар зохицуулагддаг. Цацраг идэвхт материал гэж тооцогдсон л бол хэмжээнээсээ үл хамаараад стратегийн ач холбогдолтой орд газарт ордог. Нөгөө нэг хууль нь Ашигт малтмалын тухай хууль байна. Сая сонгуулийн нэг өөрчлөлтийг сэмхэн хйичихсэн. Тэр нь стратегийн ач холбогдолтой ордод хөрөнгө оруулагч нь 3/1-ээс илүү эзэмшиж болохгүй гэж заасан. Тэгэхээр нэг чухал эрдсийн ордыг хайгуул хийж илрүүлээд ашиглахад бэлэн болгочихсон чинь тухайн хөрөнгө оруулалтынхаа ердөө 3/1-ээс илүүг эзэмшихгүй шүү гэдэг зүйлийг хуулиар гаргаж өгсөн. Үүнийг Засгийн газар үнэгүй эзэмшинэ гэсэн үг. Ингээд хөрөнгө оруулагчдад хуулиараа хатуу тулгачихаар энэ салбар луу том хэмжээний бизнес орж ирэхгүй гэсэн үг. Эсрэгээрээ үүнд Засагтай наймаалцаж чадах түвшний томоохон корпорациуд л орж ирнэ. Түүнээс биш бидний хүсээд байгаа чөлөөт бизнесийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй. Тиймээс эрх зүйн орчноо бид засах хэрэгтэй байна.

-Таны хувьд хэвлэл мэдээллийн салбарт багагүй хугацаанд ажилласан хүн. Энэ салбарын асуудлыг мэдэрдэг хүний хувьд нэг зүйл асууя. Сая сэтгүүлч Н.Өнөрцэцэгт 4.9 жил хорих ял шүүхээс оноолоо. Энэ асуудалд та хувьдаа ямар байр суурьтай байна вэ?

-Маш товч тодорхой хариулъя. Сэтгүүлчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчин байхгүй бол ардчилал байхгүй. Эрх зүйн орчинг сайжруулахын төлөө ажиллана. Н.Өнөрөөгийн хувьд улс төрийн том дохио өгч өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 23, Ангараг гариг. Билгийн тооллын 17, Тооно одтой, шар хулгана өдөр. Өдрийн наран 05:18 цагт мандаж, 20:39 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгү

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +10…+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21…+26 градус, бусад нутгаар +15…+20 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +33…+38 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +27…+32 градус, бусад нутгаар +23…+28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +13…+15 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +12…+14 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө +22…+24 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Сэтгүүлчийг ялласан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе, гишүүд ээ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улсын Их хурлын гишүүн С.Цэнгүүнтэй ярилцлаа. Тэрбээр “Улстөрчид маань зориггүй, шийдвэр гаргахгүй удаан явснаас болж өнөөдрийн эрчим хүчний хямрал үүссэн” гэснийг  II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Улс төр судлаач О.Чулуунбилэг “Гурван нам хамтарсан Засаг байгуулсан хүндэт шалтгаанаа ард түмэнд тодорхой тайлбарлаж чадахгүй байгаа учраас дэмжлэг сул байна” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сэтгүүлчийг ялласан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе, гишүүд ээ” хэмээн өгүүллээ.

Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлийн мэргэжлийн ёс зүй, хууль эрх зүй хариуцсан дэд ерөнхийлөгч З.Боргилмаатай ярилцлаа

Хотын соёл гэж юу вэ. Хотын соёлтой байна гэж ямар байхыг хэлдэг тухайд ярилцахаар “Улаанбаатар хотын музей”-н Эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр “Хотыг соёлжуулахын тулд иргэдийн оролцоо чухал” гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Ардчилсан намаас залуу хүн
ерөнхийлөгчид нэр дэвшинэ

АРЫН НҮҮР:  “Одооны хүүхдүүд үү, бидний
үед ийм байгаагүй…” гэх


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы м гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
story-news

ТОЙМ: “Сэтгүүлчийг ялласан асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг хийе, гишүүд ээ” хэмээн өгүүллээ

Categories
мэдээ нийгэм

Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжиж буй Дасан зохицох ажлууд

2024 оны 07 сарын 4-9-ны өдрүүдэд: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны УАӨБТ-ийн газрын дарга, төслийн захирал Ш.Цэрэндулам, Хүнс, хөдөө аж ахуйн яамны төлөөлөл, төслийн баг Дорнод аймгийн Баянтүмэн, Булган болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Халзан, Түмэнцогт сумдад ажиллаж төслөөс хэрэгжүүлж буй дасан зохицох арга хэмжээний үр нөлөө, тогтвортой байдлын хэрэгжилттэй газар дээр нь очиж танилцахын зэрэгцээүр шим хүртэгч малчид, орон нутгийн холбогдох албан хаагчидтай уулзлаа.

Дорнод аймагт7 сарын 4 – 5-ны өдрүүдэд ажиллаа.

Томилолтын баг Дорнод аймагт усны нөөц, экосистемийн үйлчилгээг тэтгэх зорилгоор хэрэгжүүлж буй татмын ойжуулалт, татмын ойн нөхөн сэргээлт, хатаж ширгэх эрсдэлд өртсөн булгийн эхийг хамгаалах ажлын хэрэгжилттэй танилцлаа. Үүний нэг нь Баянтүмэн сумын Хэрлэн гол дагуух татмын ойн нөхөн сэргээлтийн ажил юм. Нийт 2 га талбайг төслийн хүрээнд 2022 онд хашаалж хамгаалсан бөгөөд нэг жилийн дотор өвсний ургац сайжирч, тариалсан модод нахиалсан үр дүн гарчээ. Мөн тус аймагт 2023 онд нийт 6 булгийн эхийг хашиж хамгаалсан бөгөөд эдгээрийн нэг болох Шанагийн булаг дээр очлоо. Булгийн эхийг хашиж хамгаалснаар булгийн ундарга сэргэж, ойр орчмын малчид, иргэдийн сэтгэлд нийцсэн ажил болжээ.

Төслийн нэг томоохон зорилт нь малчдыг уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон, гарал үүсэл тодорхой малын бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх, энэ талаарх чадавхыг бэхжүүлэхэд чиглэгддэг. Дорнод аймгийн Баянтүмэн сумын 30 гаруй өрхийн малчид хамтран “Дунгийн салхи” хоршоог 2022 онд байгуулсан бөгөөд гишүүдийн 70 гаруй хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Хоршооны гишүүд цагаан идээ, борц үйлдвэрлэхийн зэрэгцээ цайны газар ажиллуулж өрхийн үйлдвэрлэл, орлогоо нэмэгдүүлэн ажиллаж байна.

АДАПТ төслөөс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд Төр-хувийн хэвшил-малчдын түншлэлийг бий болгох, малчдын байгууллагын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мал, малын гаралтай бүтээгдэхүүнийг нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан борлуулах ажлыг төслийн аймаг бүрд 2 суманд туршиж, шаардлагатай хөрөнгө оруулалт, арга зүйгээр дэмжин ажиллаж байна.Энэ хүрээнд тус хоршоонд төслөөс зах зээлд бараа, бүтээгдэхүүн хадгалах, зах зээлд нийлүүлэхэд  дэмжлэг үзүүлж хөргүүртэй контэнерийг хүлээлгэн өгөөд байна.

Малчдын хэрэгцээ, шаардлагад тулгуурлан багийн түвшинд бага оврын өвс, тэжээлийн агуулах барих ажлын хүрээнд малчид, малчдын бүлэг ашиглах боломжтой бага оврын өвс тэжээлийн агуулахыг 2023 онд Булган суманд барьсан. “Баян эрхтийн бүрд” эмэгтэй ахлагчтай малчдын бүлэг нь өөрсдийн хэрэгцээндээ зориулан ногоон тэжээл тариалан, энэхүү агуулахдаа хадгалан үр шимийг нь хүртэн ашиглаж байна.

Сүхбаатар аймагт 2024 оны 07 сарын 6- 9-ний өдрүүдэд ажиллаа.

Сүхбаатар аймгийн Дарьганга сум. АДАПТ төслөөр орон нутгийн хамтын санхүүжилттэйгээр тус суманд 2022 онд булгийн эхийг хамгаалсан, 2023 онд татмын ойжуулалт 30 га-д хийгдсэн, мөн худаг гаргасан. 2024 онд 4 га талбайд татмын ойжуулалт хийхээр төлөвлөн ажиллаж байна. Томилолтын баг тус сумын Ганга нуурын орчмын 30 га газарт мод тарих ажилтай очиж танилцлаа.

“Хөөврийн булаг”-ийн урсац малын хөлд дарагдан, усны ундарга нь татарч бохирдон, ширгэсэн тул төслийн хүрээнд 2022 онд булгийн эхийг хашиж хамгаалснаар нэгхэн жилийн дотор үр дүн гарч булгийн ундарга сэргэсэн. Одоо Хөөврийн булаг нь нуур тогтоон урсаж булгийг тойрон нутаглах 25 өрхийн  30 гаруй мянган мал, амьтад ундаалж байна.

Баруун-Урт сум: Төслийн хүрээнд 2023 онд өвс тэжээлийн агуулах баригдсан. Тус өвс тэжээлийн агуулахыг түшиглэн орон нутгаас Баруун-Урт суманд анх удаа ногоон тэжээлийн туршилтын буюу сургалтын талбайг 20 га газарт байгуулсан. Ашиглалт, хамгаалалтыг орон нутгаас хариуцан зохион байгуулж байна.

Баруун – Урт голын дагуу татам дагуу ойжуулалт хийхээр 8 га талбайг 2023 онд хашаалсан. Орон нутгаас 1250 модыг энэ хавар тариалан арчлалт хамгаалалтыг хариуцан ажиллаж байна.

Түмэнцогт сум: Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдлээс хамаарсан амьжиргааны тогтворгүй байдлыг багасгах зорилгоор хадлангийн болон нөөц бэлчээрийн газар хамгаалах, нөхөн сэргээх, аюулгүй нөөцийн тэжээлийн агуулах, өвсний саравч барих ажлыг төслийн хүрээнд хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Түмэнцогт суманд хийгдсэн хадлан тэжээлийн 10 га талбайн хашаажуулалтын ажил болон  байгалийн гамшигт үзэгдлийн үед сум, орон нутгийн түвшинд ашиглагдах зорилгоор баригдсан өвс тэжээлийн агуулахтай  танилцав. Сумын Засаг даргын Тамгын газраас өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлтээр 2023 онд  6000 боодол өвс нөөцөлж, зудын хүнд нөхцөлд малчдадаа хүргэн ажилласан байна.

Мөн Түмэнцогт суманд байрлах улсын нөөцийн агуулахын засварын ажлыг 2023 онд төлөвлөн хэрэгжүүлсэн. Тус засварыг хийснээр байгалийн эрсдэлт гамшгийн үед ашиглагдах өвс, тэжээлийн нөөцийг хадгалж, зудын үед ойролцоох сумдад хангалтыг зохион байгуулсан байна.

Мөн тус суманд 2023 онд 20 га талбайд Хэрлэн голын дагуу татмын дагуу хашаалан, мод тарьсан.Тухайн модны ургалт, хашаажуулсан явцтай танилцлаа. Модны ургац хэвийн, тухайн нутагт 20 гаруй жил амьдарч буй малчин өрх усжуулалтыг хариуцан, хамгаалж байна.

Монгол орны уур амьсгалын  өөрчлөлтийн нөхцөл байдал:

Эх газрын эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд уур амьсгалын өөрчлөлт сүүлийн 80 жилд эрчимтэй явагдсаныг дэлхийн дундажтай харьцуулахад агаарын дундаж температур хоёр дахин их буюу 2.4 хэмээр дулаарч, жилийн нийлбэр хур тунадас 7.3 хувиар буурснаас тодорхой харж болно. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгджээ. Монгол Улс нь дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг ялгаруулдаг хэдий ч нэг хүнд ногдон хүлэмжийн хийн ялгарал дэлхийн дундажтай харьцуулахад 2.7 дахин их байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох асуудлыг манай улс тэргүүнд авч үзэн, НҮБ-с 2015 онд батлагдсан Парисын хэлэлцээрийн хүрээнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байна.

АДАПТ төсөл:

Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр БОАЖЯ, ХХААХҮЯ. НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” АДАПТ төсөл нь байгалийн нөөцөөс хамааралтай малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг сайжруулах зорилгоор уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймагт 2021-2028 он хүртэл хэрэгжиж байна.

Монгол Улсын “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” (ҮТХН)-ийн баримт бичигт нарийвчлан тусгасан уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөлөөллийг сааруулахад чиглэгдсэн зорилтууд болох бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, нүүрстөрөгчийг хөрсөнд шингээх замаар мал аж ахуйн салбарт дулаан ялгаруулалтыг бууруулах зорилтын хүрээнд төсөл хэрэгжих хугацаанд 3220 га талбайд бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа явуулах, 48 өвс тэжээлийн агуулах барих болон засварлах, урсац бүрдэх эх болон гол мөрний сав газрын унаган төрх, экосистемийг хамгаалах, усны хэмнэлттэй технологи нэвтрүүлэх замаар усны нөөцийн хүрэлцээг хангах зорилгоор 2500 га талбайд татмын ойжуулалт, тармаг ойн нөхөн сэргээлт, 88 булаг шандыг хашиж хамгаалах, 285 инженерийн хийцтэй худаг гаргах болон засварлах, 18 бага оврын хөв цөөрөм барих зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

АДАПТ төслөөс зорилтот аймгуудын эрсдэл, эмзэг байдлын үнэлгээнд үндэслэн, аймаг тус бүрээр дасан зохицох төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд 2022 онд 28, 2023 онд 230байршилд дасан зохицох арга хэмжээг гүйцэтгэсэн байна.

 

Categories
мэдээ нийгэм

Ус тогтдог долоон байршилд шугам хоолой угсарчээ DNN.mn

ГУББГ-аас 2020 оноос хойш 37 байршилд ус зайлуулах шугам хоолой угсраад байна.

Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар ус тогтдог 50 байршил байв. Эдгээрийн 13 байршилд энэ онд борооны ус зайлуулах шугам хийхээр төлөвлөснөөс одоогоор долоод нь шугам хоолой угсраад байгаа юм.

Амралтын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зургаан байршилд тогтсон 14,403 тонн ус соруулжээ. Тодруулбал, БГД-ийн Нарны гүүрний урд хэсэг тогтсон 4200 шоо метр, СХД-ийн Тахилтын нүхэн гарц орчимд тогтсон 10.200 шоо метр, ХУД-ийн Энхтайваны гүүрний доод хэсэгт тогтсон 180 тонн, Удирдлагын академийн зам, Жапен тауны урд, хойд хэсэгт 180 тонн ус мөн Нисэхийн тойрог орчимд тогтсон борооны ус, БГД-ийн Акума төвийн урд замд тогтсон 72 тонн борооны усыг соруулсан байна.

Улаанбаатар хот 1250 км хатуу хучилттай авто замтайгаас 70 орчим хувь нь ус шүүрүүлэх худаг, зайлуулах шугамгүй аж.

Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуульд бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ пүрэв гаригаас өмнө аудитад хүргүүлнэ DNN.mn

Орон нутгийн Хурлын сонгуульд оролцох нам, эвсэл, бие даан нэр дэвшигч дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих сонгуулийн мөрийн хөтөлбөртэй байна. Бие даан нэр дэвшигч нь мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар долдугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэхээр хуульчилсан. Төрийн аудитын байгууллага бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөр хуульд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх дүгнэлтийг есдүгээр сарын 6-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлэх юм.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараах зүйлийг тусгахыг хориглодог.

-мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбоотой эрх олгох;

-уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;

-зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;

-иргэдэд үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлэх;

-ажлын байранд зуучлах, ажилд оруулах;

-улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал.

Нам, эвсэл нь орон нутгийн Хурлын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө зургадугаар сарын 25-ны өдрөөс өмнө төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлсэн. Мөрийн хөтөлбөрийн талаарх дүгнэлтийг аудитын байгууллага наймдугаар сарын 12-ны өдрөөс өмнө тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

Categories
мэдээ нийгэм

“Сарлагийн баяр” бэсрэг наадам маргааш болно DNN.mn

“Сарлагийн баяр” бэсрэг наадам маргааш буюу долоодугаар сарын 23-нд болно. 15 дахь жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж буй тус наадам нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаан цутгалангийн хүрхрээнээс баруун хойш 8 км-т Өндөр Хясаа гэх газарт болно.

Энэхүү баяр нь монгол сарлагийн онцлог, уналга эдэлгээний уламжлалт өв соёлыг түгээх, малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн, цагаан идээ болон эдлэл хэрэглэлийг сурталчлан түүгээр дамжуулан аялал жуулчлалыг таниулж, түгээн дэлгэрүүлэх онцлогтой.

“Сарлагийн баяр” бэсрэг наадмын үеэр:

-Сарлагийн парад

-Сарлаг бугуйлдах, булгиулах

-Сарлагийн уралдаан

-Хос сарлаг шалгаруулах

-Сайхан бух шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулна.