Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно DNN.mn

Цаг уурын байгууллагын мэдээгээр долдугаар сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэлх хугацаанд Увс, Ховд, Хөвсгөл, Өвөрхангай, Төв, Дундговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын зарим газраар бороо орсноос хамгийн их нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутгаар 34 мм, Сайнцагаан сумын нутгаар 24 мм, бусад нутгаар 0.0-15.0 мм бороо орсон байна.

Өнөөдөр буюу долдугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн зүүн хэсэг, Дорноговь аймгийн хойд, Хэнтий аймгийн нутгаар их хэмжээний бороо орно.

Төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд болон зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +19…+24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +30…+35 градус, бусад нутгаар +25…+30 градус дулаан байна гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймаг хогны саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна DNN.mn

Дархан-Уул аймгийн төв дэх орон сууцны хорооллын гаднах хогны 200 саванд мэдрэгч төхөөрөмж суурилуулж байна. Хогны сав дүүрвэл энэ төхөөрөмж дохио өгнө. Уг дохио тохижилт, үйлчилгээний компанийн машинд ирэх юм. Жолооч уг дохионы дагуу очиж, хогийг ачна гэж албаныхан тодотгов.

Мөн хог дүүрэх дөхсөн эсвэл дүүрсэн байвал иргэд тухайн хогны саванд байрлуулсан товчлуурыг дарж, ТҮК-д мэдээлэх боломжтой. Ингэснээр савны гадуур хог асгарах, орчныг бохирдуулахаас сэргийлэх юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Даваадорж: ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Манай Засгийн газар найр наадмаа хойш тавьж одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү DNN.mn

Эдийн засагч Р.Даваадоржтой ярилцлаа.


-Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний зургаан мэдээгээр Монгол Улсын экспортод гаргаж буй нүүрсний үнэ унасан хэмээн мэдээлсэн.Хэдийгээр биет хэмжээ өндөр байгаа ч уул уурхайгаас хараат манай улсын эдийн засагт нүүрсний үнэ унасан нь хэр зэрэг нөлөө үзүүлэх бол?

Хэд хоногийн өмнө Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлыг харуулах хагас жилийн хугацааны статистик гарсан. Гадаад худалдаа маш сайн байгаатай холбоотой төсвийн гүйцэтгэл сайн гарч, инфляци зорилтот түвшиндээ байгаа, цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмж өссөн гэсэн эерэг үзүүлэлтүүд харагдсан. Манай улсын эдийн засаг гадаад худалдаа ялангуяа нүүрс, зэсний үнээс шууд хамаардаг. Монгол Улс 2024 оны эхний 6 сарын байдлаар экспорт 7.9 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл дөрвөн жилийн өмнө 2020 оны хагас жилээр нийт экспортын хэмжээ 2.8 тэрбум ам.доллар байсан гэхээр бараг 3 дахин их валют олдог болжээ гэсэн үг. Энэ оны хагас жилийн импорт 5.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 2.5 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ бол дээр дурдсан макро үзүүлэлтүүд эерэг гарах гол шалтгаан юм.

Нүүрсний хувьд манай улсын эдийн засаг бараг дан ганц нүүрснээс хараат болсон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Гаднаас олж буй арван долларын зургааг дан ганц нүүрснээс олж байгаа тул ингэж хэлэхэд хэн ч гайхахгүй. Тэгэхээр нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр унах, өмнөд хөрш нүүрсний худалдан авалтаа багасгах агшинд манай эдийн засаг хүндэрнэ гэж ойлгож болно. Хятадын зах зээл дээрх коксжсон нүүрсний ханш 230 орчимд хэлбэлзэж байна. Энэ нь Ковидын дараа Хятадын эдийн засаг эрчимжиж байсан үеийнхтэй харьцуулбал бараг хоёр дахин буурсан дүн. Манай Монголын нүүрс бусад улстай харьцуулахад хямд, зах зээлдээ ойр учраас ойрд айхтар үнэ унаад хямрахгүй байх гэж бодож байна. Дэлхийн гангийн холбоо 2024 онд дэлхийн гангийн эрэлт өнгөрсөн оныхоос буурахгүй, бага зэрэг нэмэгдэнэ гэсэн таамаглал байсан. Тэгэхээр энэ ондоо гайгүй болов уу. Яахав өнгөрсөн 2023 онтой харьцуулахад нүүрсний үнэ буурсан тул хэдийгээр биет байдлаар өмнөх оны мөн үеэс 10 сая тн илүү экспортолсон ч үнийн дүн ойролцоо байсан.

-Алтны үнэ ямар учраас өсөж байна вэ. Сонгуулийн дараа ам.долларын ханш өсөх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсан. Харьцангуй гайгүй байх шиг байна. Алтны үнэ өссөнтэй холбоотой юу, Ер нь цаашид яах бол?

Алтны дэлхийн зах зээл дээрх үнэ яг жилийн өмнөөс өсч эхэлсэн. 2024 оны хоёрдугаар хагаст алтны үнэ нэг унци нь 2500 ам.долларт хүрч, 6-18 сарын дараа 3000 ам.доллар болж өснө гэж Citigroup-ийн мэргэжилтнүүд дөрөвдүгээр сард таамаглаж байсан.Тэдний мэдээллээр 2024 онд энэ үнэт металлын дундаж өртөг нэг унци нь 2350 доллар, 2025 онд 2875 доллар болно гэдэг таамаг эхнээс биелэгдээд явж байна. Янз бүрийн орны мэргэжилтнүүд янз бүрийн таамаглал дэвшүүлж байгаа. Гэхдээ өснө гэдэг дээр бүгд санал нэг байгаа.

Алтны үнэ өссөн нь хэд хэдэн шалтгаан бий.

Ковидын дараахь үеийн улс орнуудын эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, инфляцийн түвшин өссөн, Дэлхийн геополитикийн нөхцөл байдал (Ойрхи Дорнод ба Зүүн Европ дахь зэвсэгт мөргөлдөөн), газрын тосны үнэ, эрэлт, нийлүүлэлтийн хамаарал гэх мэт олон шалтгаан дурдагдаж байна. Долларын хөрөнгө оруулалтын ашиг орлого буурч инфляци нэмэгдэхийн хэрээр илүү ашигтай, найдвартай хөрөнгө оруулалтын объект байхгүй бол алтны ханш нэмэгддэг гээд олон шалтгаан бий.

Манай улсын хувьд алтны энэ өсөлт валютын ханшид тийм сүрхий нөлөөлөөгүй болов уу. Би түрүүн дурдсан, манай эхний хагас жилийн гадаад худалдааны тэнцэл 2.5 тэрбум ам.доллар байгаа нь ханш тогтвортой байх гол шалтгаан. Хэрэв гадаад худалдаа алдагдалтай болоод эхэлбэл ханш өснө. Мөн хагас жилийн статистикээс харвал экспорт өнгөрсөн жилийн мөн үеэс 330 сая ам.доллар, импорт 1.1 тэрбум ам.доллараар тус тус өсч тэнцэл 770 сая ам.доллараар буурсан нь анхаарал татаж байна. Өөрөөр хэлбэл, гадагшаа урсах валютын хэмжээ огцом өсч байгаа явдал. Энэ нь төсөвийн тэлэлттэй холбоотой гэж би үзэж байна. Иймээс анхаарах асуудал бол байгаа. Нүүрс, зэсийн борлуулалт, үнэ ханшдаа дулдуйдаж орхих асуудал огт биш.

-Цаасан дээр инфляцийн түвшин буурсан үзүүлэлттэй байгаа ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өндөр, иргэдийн амьдралд дарамт болсон хэвээр байна. Бодитоор инфляцийг бууруулах гарц нь юу вэ?

Инфляцийг зөвхөн нэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр хэмждэггүй, иргэдийн голчлон хэрэглэдэг бараа, үйлчилгээний үнийн дундаж түвшний өсөлтөөр хэмжинэ. Иймд өргөн хэрэглээний гол нэрийн бараа, үйлчилгээнээс сонгож үнийн дундаж өөрчлөлтийг тооцдог. Сонгон авсан эдгээр бараа, үйлчилгээг хэрэглээний сагсны бараа, үйлчилгээ гэнэ.Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 404 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалдаг. Нийт 410 нэр төрлийн бараа, үйлчилгээний 221 нь импортын бараа байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 46 хувийг эзэлдэг. Валютын ханш тогтвортой байгаа нь импортын барааны үнийн өсөлтийг хазаарлаж байгаа. Мөн зуны дэлгэр цагт мах, сүүний үнэ буурч инфляци жилийн хамгийн доод түвшиндээ очдог зэрэг шалтгаан нөлөөлсөн. Гэхдээ инфляци цаашид өсөх хэд хэдэн асуудал бий. Сонгуулийн өмнө төсвөөс гадуур 5 их наядын хөтөлбөр зарласан. Монголбанктай ипотекийн хөтөлбөр эхлүүллээ л гэсэн. Шинэ хоршоо гээд багагүй хөрөнгө мөнгө зарцуулах хөтөлбөрүүд зарласан. Манай улсын мөнгөний нийлүүлэлт 10 их наядаар ганц жилийн дотор нэмэгдсэн байсан. Үүний үр дүн 4-6 сарын дараа үнийн өсөлтөөр мэдрэгдэнэ. Дээр нь гадаад зах зээл дээр маш муу мэдээ байгаа. ОХУ-д АИ-92, 95 шатахууны үнэ огцом өслөө. Манай Засгийн газар одооноос л арга хэмжээ авахгүй бол оройтно шүү гэдгийг сануулмаар байна. Найр наадмаа хойш тавьж ажлаа хиймээр байна.

-Шинэ Засгийн газар бүрдсэн. Хамтарсан Засгийн газраас нэн тэргүүнд ямар бодлого хэрэгжүүлбэл улс орны эдийн засагт чухал нөлөөтэй гэж та харж байна вэ?

Гурван нам хамтарч шинэ Засгийн газар бүрдүүлсэн. Одоо өөр өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гээд гурван тийш чангаавал бодит утгаараа эдийн засгийн хямрал эхэлнэ дээ. Гадаад өрийн асуудалдаа анхаарах цаг болсон. Мөн нийгэм, эдийн засгийн хагас жилийн статистикт байгаа хоёр тооноос Шинэ Засгийн газар ажлаа эхлээсэй гэж бодож байна. Нэгд, нийт иргэдийн арилжааны банкнаас авсан зээл ганц жилийн дотор 14 их наядаас 19.7 их наяд буюу даруй 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ. Монгол бүх өрх ганц жилд 5.7 сая төгрөгийн өр арилжааны банкуудад тавьсан гэсэн үг. Ломбард, ББСБ, хоршоо энэ тэрийг оруулбал ямар тоо гарахыг би мэдэхгүй байна. Энэ бол ноцтой тоо шүү. Хоёрт, Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар бүртгэлтэй 245 мянган хуулийн этгээдийн 40 хувь нь үйл ажиллагаа явуулж, 60 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байна. Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 94.5 мянга буюу 65 хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ. 10-аас дээш, 50-иас дээш хүн ажилладаг аж ахуйн нэгжүүдийн тоо 2021 онтой харьцуулахад цөөрч байгаа нь төсвийн бодлого оновчгүй байгааг харуулах үзүүлэлт шүү. Төр ийм хөтөлбөр хэрэгжүүлнэ, тийм бүтээн байгуулалт хийнэ гэдгээ зогсоож хувийн хэвшилдээ орон зай үлдээхгүй бол удахгүй улс орны эдийн засаг хүндэрнэ шүү. Бодит статистик тоо нь байна, шийдлийг нь Шинэ Засгийн газар хамгийн түрүүнд шүүрч авах ёстой.

-Сонгуультай холбоотойгоор ч тэр үү төсөвт төлөвлөгдөөгүй зардал нэлээд туссан. Жишээ нь, шинэ хоршоо хөдөлгөөнөөр дамжуулж малчдад зээл олгох гэхчлэн. Энэ нь төсөвт яаж нөлөөлөх бол, тодотгол хийхэд хүргэх болов уу?

Монгол улсын төсвийн нийт зарлага 2021 онд 14 их наяд төгрөг байсан бол 2024 онд 27.4 их наяд боллоо. Ердөө гурван жилд 13.5 их наяд төгрөг буюу хоёр дахин нэмэгдлээ. Одоо хангалттай. Төсөвт суусан 6.2 их наядын хөрөнгийн зардал валют болж гадагшаа урсана. 21.3 их наядаар тооцсон урсгал зардлын ихэнх нь валют болж гадагшаа гарч байгаа. Энэ нь валютын ханш огцом өсөх, инфляциа нэмэх үр дагавар дагуулна. Мөн дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн ханш унахад төсөв бүрдэхгүй болох олон эрсдэл өмнө хүлээж байгаа гэдгийг сануулмаар байна. Найман сарын төсвийн тодотголоор шинэ кабинетынхаа нэмэгдсэн бүтцийн санхүүжилтийг нэмэхэд л хангалттай. Одоо элдэв зардал нэмэх аваас хувийн хэвшил чинь бодит утгаараа сөхөрнө шүү гэж анхааруулмаар байна.

 

Categories
мэдээ цаг-үе

Франц улс руу зорчих иргэдийн анхааралд DNN.mn

Зуны олимпын “Парис-2024” наадам долдугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны наймдугаар сарын 11-ний өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан Бүгд Найрамдах Франц Улсын хилээр нэвтрэх үед зорчигчдын авч орохыг зөвшөөрсөн бараа, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг хүргэж байна.

Бэлэн мөнгө: Франц улс болон Европын Холбооны улсад зорчиж буй иргэн 10,000 евро болон түүнээс дээш хэмжээний бэлэн мөнгө, гадаад валют, үнэт металл /алт, мөнгө, зоос г.м/, мөнгө болгон хөрвүүлэх боломжтой санхүүгийн хэрэгслүүд /чек, үнэт цаас г.м/ авч яваа тохиолдолд энэ тухайгаа Франц улсын гаалийн байгууллагад бичгээр мэдүүлэх үүрэгтэй.

Мэдүүлээгүй тохиолдолд торгож, мэдүүлээгүй хөрөнгийг хураан авах шийтгэл оногдуулахыг анхаарна уу.

Эм бэлдмэл: Франц улс болон Европын Холбооны улсад зорчих хугацаандаа өөрийн хувийн хэрэгцээний шаардлагатай эм, бэлдмэлийг авч явах боломжтой бөгөөд тэдгээр эм, бэлдмэл нь зориулалтын баглаа, сав боодолтой, холбогдох жор /3 сараас хэтрээгүй/ мэдээлэлтэй, харах боломжтой байх ёстой.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг хориглоно.

Тэжээвэр амьтан: Франц улс болон Европын Холбооны/ЕХ/ холбогдох хууль журмын дагуу мал амьтдыг /гэрийн тэжээвэр амьтан/ Франц улсын хилээр нэвтрүүлэхэд ЕХ-ны баталгаажсан гэрчилгээ бүхий мэргэжлийн мал эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, гэрийн тэжээвэр амьтны үнэмлэх, вакцины гэрчилгээ зайлшгүй шаардлагатай бөгөөд бусад дэлгэрэнгүй мэдээллийг Франц улсын гаалийн албаны цахим хуудаснаас авах боломжтой.

Архи, тамхины хязгаар: Согтууруулах ундаа болон тамхи, тамхины төрлийн бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлж, улсын хилээр нэвтрүүлэх дээд хэмжээ: Үүнд:

  • 22 хувиас дээш хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 1 литр хүртэлх согтууруулах ундаа
  • 22 хувиас доош хэмжээний хатуулагтай этилийн спирт агуулсан 2 литр хүртэлх согтууруулах ундаа
  • 10 ширхэгтэй 1 хайрцаг буюу 200 ширхэг янжуур тамхи
  • 50 ширхэг навчин тамхи
  • 250 грамм дүнсэн тамхи
  • 20 мл электрон тамхины цэнэглэгч
  • 100 грамм хамрын тамхи зэрэг болно.

 

Categories
мэдээ нийгэм

МУБИС-ийн баруун талын авто замыг долдугаар сарын 27-нд хаана DNN.mn

Улаанбаатар хотод дулааны шугам засвар, шинэчлэлийн ажил үргэлжилж байна.

Дулааны 2А магистраль шугамыг өргөтгөх ажлын хүрээнд долдугаар сарын 27-ны 00:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл Энхтайваны өргөн чөлөө буюу Боловсролын их сургуулийн баруун талын авто замыг хаана.

Иймд иргэд, жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

 

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 27 га талбайд нөхөн сэргээлт хийгээд байна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр болон Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар нар өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт ажиллалаа. Тус хогийн цэгийг 2009 онд байгуулсан бөгөөд Улаанбаатар хотын хэмжээнд үүсэж буй нийт хог хаягдлын 60 орчим хувийг тус хогийн цэгт төвлөрүүлж, ландфил технологиор дарж, булсан. Харин 2020 оноос тус хогийн цэгийн ландфилийн талбайг хэсэгчлэн хааж, нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Өдгөө 27 га талбайг нөхөн сэргээсэн байна.

Энэ талаар УБЗАА-ны Хог хаягдлын ангилан ялгалт, дахин боловсруулалт хариуцсан мэргэжилтэн Г.Индарьяа “Хогийн цэгийн үйл ажиллагааг сайжруулах үүднээс 2020 оноос нөхөн сэргээх ажлыг эхлүүлсэн. Нөхөн сэргээх талбайд метан хийг саармагжуулах ажлыг хийж байгаа. Цаашид хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулж, эх үүсвэр дээр нь ангилсан хог хаягдлыг боловсруулах чиглэлд явна. Ингэснээр дарж боловсруулах хог хаягдлын хэмжээ буурна” гэсэн юм.

Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Хосбаяр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсанчлан хог хаягдлыг дарж булшлах биш хог хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулах, дахин боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд явж байгаа. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрүүдийг дэмжих ажлуудыг төлөвлөөд, хэрэгжүүлээд явж байна. Мөн Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн чуулга уулзалтын үеэр хогны менежментийн асуудлаар гадаадын хоёр байгууллага хотын хогны менежмент дээр төр хувийн хэвшлийн түншлэл хэлбэрээр хамтарч ажиллах санамж бичиж байгуулсан. Энэ хүрээндээ ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Түүнчлэн энэ чиглэлийн эрх зүйн орчин бүрдсэн учраас ТЭЗҮ-ээ боловсруулаад цаашид хэрэгжүүлээд явах боломжтой” гэлээ.

Categories
мэдээ цаг-үе

Засгийн газрын хуралдаан болж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан энэ цаг мөчид Төрийн ордонд үргэлжилж байна. Тус хуралдаанаар 20 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүнд,

  • Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2025 оны төсвийн хязгаарыг батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл
  • Хамтарсан Засгийн газрын гэрээний төсөл
  • Засгийн газрын 100 хоногт хийх ажлын төлөвлөгөө
  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн
  • Эрүүл мэндийн салбарын цахим шилжилт
  • Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал багтжээ.
Categories
мэдээ цаг-үе

“Найрамдал” зуслангийн авто замын засварыг ирэх намар эхлүүлнэ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Тахилтын уулзвараас Найрамдлын уулзвар хүртэлх авто замыг ирэх намар бүрэн засаж, шинэчилнэ.

Тодруулбал, нийслэлийн бондын хөрөнгөөр дээрх 15.7 км урт, 7 метр өргөн авто замыг шинэчлэхээр засварын зураг төслийг хийж дуусжээ. Тус замыг 1978 онд ашиглалтад оруулснаас хойш засвар, шинэчлэлт хийгээгүй аж. Өмнө нь дээрх авто замд нөхөөс хийх боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарч байжээ. Авто замын ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендер зарласан бөгөөд гүйцэтгэгч байгууллага шалгарсан тохиолдолд хоёр сарын хугацаанд гүйцэтгэх тооцоо гаргажээ.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр энэ онд орбитын авто зам буюу Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2.4 км авто замыг шинэчилсэн. Энэ ажлыг үргэлжлүүлэн дээрх авто замын шинэчлэлтийг хийж байгаа аж.

Categories
гадаад мэдээ цаг-үе

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргатай албан ёсны уулзалт хийв DNN.mn

 Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Америкийн Нэгдсэн Улсад хийж буй айлчлалынхаа хүрээнд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкентэй 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдөр албан ёсны уулзалт хийв.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен АНУ нь Монгол Улсын “гуравдагч хөрш” гэдгээрээ бахархдаг бөгөөд “ардчиллын баян бүрд” Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2023 оны 8 дугаар сард хийсэн албан ёсны айлчлалаас хойш Вашингтон хотноо ийнхүү дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтын үеэр хоёр тал Монгол Улс, АНУ-ын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг улам бэхжүүлэх хүрээнд Иж бүрэн стратегийн яриа хэлэлцээний механизмыг нэвтрүүлж байгаад сэтгэл хангалуун буйгаа харилцан тэмдэглээд, Монгол Улсын эдийн засгийн тэсвэртэй байдал, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, англи хэлний монгол багш нарыг бэлтгэх, аялал жуулчлал, иргэдийн солилцоог дэмжих, нэн чухал эрдэс баялаг, эрчим хүч, хот байгуулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

Ташрамд тэмдэглэхэд, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен ирэх 8 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж ГХЯ-наас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Олон тоглогчоос долоо дахь Ерөнхийлөгч тодрох 2027 оны сонгууль айсуй… DNN.mn

Саяхан л “Ямар ч эсэргүүцлийг сөрж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө” гэж байсан АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн сунгаанаас нэрээ татлаа. Өөрийнхөө оронд дэд ерөнхийлөгчөө зүтгүүлэхээр болжээ. Уг нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль гурван сар хагасын дараа болох юм. Жо Байдены намын чуулган ч сар хүрэхгүй хугацааны дараа хуралдаж, нэр дэвшигчийг зарлахаар товлогдсон юм.

Гэвч Жо Байден ингээд мэдэгдэл хийчихлээ. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн түүхэнд сүүлийн хагас зуун жилд тохиогоогүй үйл явдал бөгөөд олон улсын анхаарлыг ч татаж байна.

Жо Байден намынхаа болоод улс орныхоо эрх ашгийг бодож ийн шийдсэнээ мэдэгдсэн. Үүнээс нарийн тайлбар хэлээгүй байна. Харин эх сурвалжууд түүний шийдвэрийг “CNN” агентлагийн зохион байгуулсан мэтгэлцээнд тааруухан оролцсон, ер нь нэр хүнд нь сайнгүй байгаатай холбож байна. “Жо Байден нэрээ татах нь ойлгомжтой байв. Учир нь түүнийг олон нийт хүлээн зөвшөөрөхгүй болчихоод байсан” гэх дүгнэлт хүчтэй тарж байна.

Ертөнцөд ийм сонин хачнаар дүүрэн байгаа бол Монголд гурван жилийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн хөдөлгөөн оржээ. Нэр дэвших магадлалтай эрхмүүдийн нэр, ус ч яригдаад эхэлжээ. Олны дунд таран түгж буй 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр зэхэж буй тэр эрхмүүд дунд хэн хэн байна вэ. Илүү ихээр яригдаж байгаа эрхмүүдийг товч танилцуулъя.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2-т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасан. Энэ хэсгийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан. Энэ дагуу анхны сонгууль 2021 онд явагдаж Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгогдсон. Түүний бүрэн эрх 2027 онд дуусна. Одоо яг талдаа орж байна. Гэхдээ саяхан болж өнгөрсөн УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн өмнө хийгээд түүний дараа болж буй үйл явдлууд 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэгэнт эхэлснийг харууллаа.

2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль нэг том онцлогтой. 2024 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр улс төрийн таван нам, эвсэл УИХ-д суудалтай болсон. Тэгэхээр 2027 оны сонгуульд таван нэр дэвшигч Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчид өрсөлдөнө гэсэн үг. Гэхдээ үүнээс өмнө их олон үйл явдал өрнөнө.

Нам, эвсэл бүрт сунгаа явагдана.

Нэг эрхийн төлөө нэлээд хэдүүлээ өрсөлдөх бололтой байна.

АН-аас тус намын дарга Лу.Гантөмөр 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн боломжтой эрхэм юм. Задрах дөхсөн намаа нэгтгэсэн гавьяа түүнд бий. Хоёр бүрэн хугацаанд эрхийн найман жилийн турш үргэлжилсэн ялагдлыг зогсоосон. Засгийн газарт хамтрах түвшинд хүргэсэн. Хамгийн гол нь ингэж тэр АН-ынхаа гишүүдийн унтарсан итгэлийг асаасан. Энэ бүхний ард эв нэгдэл яваа. Эв нэгдэл бол Ерөнхийлөгч болох гол нуруу л даа. УИХ-ын гишүүн “босоо” С.Ганбаатар 2017 онд өрсөлдөөд 400 гаруй мянган санал авсан. УИХ-ын сонгуульд ч, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн сэтгэхүйтэй өрсөлддөг нэгэн. Сая тангараг өргөхдөө сунаж мэхийж байгаа нь ч 2027 онд сунайтал өрсөлдөнө гэсэн биеийн хэлэмж гэх сонин тайлбар явж л байна. Саяын сонгуульд МАН-ын хүчтэй өрсөлдөгч Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нарыг даваад гараад ирсэн. Олон нийтийн дунд одоо үедээ хамгийн өндөр рейтингтэй явна. Энэ утгаар нь АН-ынхан түүнийг Ерөнхийлөгчид дэмжих магадлал өндөр. Тэр ч ялж мэдэх улстөрч.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг бол АН-ын чансаатай дүрүүдийн нэг. “Топ 10” улстөрчид багтдаг. Ерөнхийлөгчид нэр дэвшвэл амжилт үзүүлэх магадлал их. Сонгогдвол “хонгил”-оо нураах хүсэл түүнд байгаа нь тодорхой.

Нэр хүнд өндөртэй. СХД-ийн тэр битүү сүлжээ дундаас сонгогдсон нь баргийн улстөрч барахгүй ажил. Н.Алтанхуягт ард түмний дэмжлэг байна л гэсэн үг.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Ерөнхийлөгчид нэр дэвших магадлалтай. 2027 онд 54 нас хүрэх түүнд ийм боломж бололцоо хангалттай бий. УИХ-д гурав дахиа сонгогдсон Б.Пүрэвдорж АН-ынхаа квот дээр сайд бололгүй үлдсэн. Тэрээр УИХ-ын дэд дарга болж, Ерөнхийлөгчид нэр дэвших бууриа засаж буй гэх юм билээ.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нэр дэвшээд, тэгээд сонгогдвол ийм цагт хэрэгтэй Ерөнхийлөгч болж мэдэх юм. Тэрээр эрх зүйн, олон нийтийн шилдэг дүр. Түүний улс төр, хууль, эрх зүйн туршлага Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийн имиж, илэрхийлэл болоход тун зохино. Х.Тэмүүжин прокурорын тогтолцоо, шүүхийн системийг өөрчлөх талаар ярьдаг. Үүнийг тэр санаандгүй яриад байдаггүй нь лавтай. Яагаад гэвэл үүнийг УИХ-ын гишүүн биш Ерөнхийлөгч л хийж чадах ажил юм. Дахин хэлэхэд, Х.Тэмүүжин нэр дэвшвэл сонгогдох магадлалтай. Сонгогдвол ярьснаа хийж чадна. Тийм үнэлгээтэй улстөрч байгаа юм.

МАН-ын эрх мэдлийг атгаж буй наяад оныхон гэгддэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй. Санаа нь байвч нас нь хүрэхгүй. Энэ сонгууль тэдэнд хүртээл багатай өнгөрнө. Харин далаад оныхон нь олноороо өрсөлдөнө. Тэднээс УИХ-ын дарга асан Г.Занданшатар бараг л бэлэн нэр дэвшигч. Улс төрийн туршлага, сонгодог парламентын мэдлэг, мэдрэмж өндөр. Айлгаж ичээхгүй, аюулгүй Ерөнхийлөгч болох магадлалтай.

ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Үеийнхээ улстөрчид дунд нөлөөтэй. Намаасаа ч дэмжлэг авах боломжтой.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт ч намдаа, Засгийн газарт хамгийн их хөрвөж байгаа улстөрч. Олон жил энэ тогоонд чанагдаж, бизнесмэн байсныг нь олон нийт бараг мартсан. Тэрээр асуудалд хүч түрж ханддаггүй, гэсэн атал зорилгоосоо ухарч няцаж харагддаггүй. Улсын эв нэгдэл ярих цаг нь ч, нас нь ч болсон. ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар бол яахын аргагүй шилээний улстөрч. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгоод гадаад харилцаагаа атгуулахад МАН байтугай Монгол амар болно. Тэр тусмаа дэлхий ертөнц ийм байхад гадаад харилцааны нэрийн хуудас болсон Д.Цогтбаатар чухам л төрд хэрэгтэй зайран байгаа юм. Сангийн сайд Б.Жавхлан бас л Ерөнхийлөгчид өрсөлдөхөд яахнав гэхээргүй эр бяр нь жагсчихсан улстөрч. Хий алга. Хэл амнаас хол. Банкираас улс төрд амжилттай нутагшсан.

ХҮН намаас УИХ-ын гишүүн, Шадар сайд Т.Доржханд нэр дэвших боломжтой байна. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар яг 50 нас хүрч, хуульд заасан насны шаардлагыг давна. Улс төрийн шаардлага бол түүний хувьд хангагдсан. Гуравдагч хүчнийг бодитоор гаргаж ирсэн. ХҮН нам хотод дэмжлэг сайтай. Тус намаас Т.Доржханд үгүй бол Датаком Д.Энхбат, Де Факто Д.Жаргалсайхан нар дээр хувилбарууд яригдаж байна. Бас л эерэг, сайхан Ерөнхийлөгчийн дүрүүд л дээ. Д.Энхбат 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан. Суурьтай. Д.Жаргалсайхан үйл ажиллагаагаараа улс орны, олон нийтийн төлөө дуугарч ирсэн. Буурьтай.

ИЗНН-аас намын дарга Б.Батбаатар нэр дэвших бололцоотой. Түүний улс төрийн туршлага сэлтийг ярих нь илүүц. Ялалт, ялагдлыг үзсэн. Улс төрийн эр зориг ялалтад хүргэдгийг сая ИЗНН-ыг УИХ-д суудалтай болгож харуулсан. Хэрэв Б.Батбаатар нэр дэвшихгүй бол С.Оюун өрсөлдөөнд орж ирж болзошгүй байна. С.Оюун нэр дэвшвэл сонгууль ихээхэн сонирхолтой болно. Сонгогдох магадлал өндөртэй. УИХ-д анх удаа эмэгтэйчүүдийн квот 25 хувь давсан. Энэ нөлөөлнө. Үүнээс гадна ардчилал, олон улсын харилцаа гэсэн давуу талууд С.Оюунд бий. Мөн С.Зориг агсны дүү, олон жилийн өмнөх хэргийн учир зангилааг тэр тайлах нь дамжиггүй. С.Оюун сонгогдвол Монгол Улс анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох юм.

Үндэсний эвслээс эрэмбээрээ УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт Ерөнхийлөгчид нэр дэвших эрх нь бий. Гэхдээ 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд нас нь хэдхэн хоногоор дутна. Харин тэр эрх түүний аав Б.Нямтайширт ирж мэдэхээр байна. Угаасаа Б.Нямтайширыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэж 2013 оноос хойших сонгууль бүрээр ярьж ирсэн. Хуучин “нэр дэвшигч” гэсэн үг. Тэгээд ч тэр нэр дэвшиж, Монгол Улс тийм Ерөнхийлөгчтэй болж чадвал чухам л энэ цаг үедээ монголчууд тэнгэрийн умдаг атгах нь тэр. Учир шалтгаан нь тун тодорхой. Аж үйлдвэржилтийн томоохон бодлогыг тэр л хийж чадна. Б.Нямтайшир олон нийтээс ч, улс төрөөс ч ирэх дэмжлэг ихтэй. Зөвхөн Үндэсний эвсэл гэлтгүй үндэсний хэмжээний дэмжлэгийг авах чадалтай. МАН-аас гэхэд л Хотын фракц, Сү.Батболдынхон хоёр гараа өргөөд дэмжинэ. Яаж ч харсан Б.Нямтайшир яг энэ цаг үед Монголд хамгийн хэрэгтэй Ерөнхийлөгч болно шүү.

Ингэж 2024 оны УИХ-ын сонгуулийн тоос бууж, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн их сунгаа эхэлжээ. Уг сонгуульд олон тоглогч оролцоно. Ил яригдаж байгаа хэд нь л энэ. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай АН, МАН, ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэл олон эрхмээс нэр дэвшигчээ тодруулна.

Гэхдээ сонгууль хүртэл хугацаа байна. Хэн нь хэн бэ гэдгийг ялгах боломж нам эвслүүдэд ч, бидэнд ч хангалттай олдоно. Чансаатай, чанга нэр дэвшигчидтэй, тачигнасан, начигнасан сонгууль болох дог.

Ажиглагч А.Батболд