Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хамарын хийдийн зам усанд автаж, эвдэрчээ DNN.mn

Дорноговь аймгийн нутаг дэвсгэр, Хамарын хийдийн чиглэл болон Жолоочийн овооны зам руу маш хүчтэй ус урсаж, замын хөвөө эвдэрчээ.

Иймд зорчигчид болгоомжтой явах, онц шаардлагагүй бол зорчихгүй байх, байгалийн давагдашгүй хүчин зүйлээс болж байгаа тул аюул ослоос өөрийгөө хамгаалахыг зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хэнтий, Дорнодын нутгаар их хэмжээний бороо орно.

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст, 26-27-нд зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орох тул мөндөр, аянга цахилгаан нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2024 оны долоодугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 хэм, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор 31-36 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.


2024 оны долоодугаар сарын 26-наас 2024 оны долоодугаар сарын 30-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

26-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өргөө кино театраас ЭХЭМҮТ-ийн уулзвар хүртэлх авто замыг хаана DNN.mn

Баянгол дүүрэг, Хасбаатарын гудамж буюу Өргөө кино театрын хойд уулзвараас Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн уулзвар хүртэлх авто замыг долдугаар сарын 26-ны 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийнэ.

Иймд иргэд, жолооч нар бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцоно уу.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Баатарбилэг: Иргэд орон нутгийнхаа онцлогт тохируулан хөв, цөөрөм байгуулах боломжтой DNN.mn

МУИС-ийн профессор, Ой судлалын ухааны доктор Начингийн Баатарбилэгтэй ярилцлаа.


-Хөв цөөрөм гэж юуг хэлэх вэ. Ач холбогдлыг нь та тайлбарлахгүй юу?

-Хөв цөөрөм гэж холбож хэлээд байгаа. Энэ нь хоёр өөр ойлголт. Хөв гэдгийг бага хэмжээний хашлага хаалт хийгээд усыг цуглуулах маягаар мал, амьтан ундаалах зорилготой бий болгодог.

Бидний ярьж заншсанаар тогтоол ус юм. Хонхор газрыг ашиглан түр хугацаанд усыг хуримтлуулах юм. Цөөрөм гэдэг байгалийнх ч байна, хүн зориудаар хийж болдог ч бий. Цөөрмийн ус нь нэг талаасаа эхтэй, нөгөө талаасаа гарцтай байдаг. Олон жижиг горхиудын усыг нийлүүлж, цуглуулаад тусгай инженерийн байгууламжаар хонхор хотгор болгон бариад тэндээ ус цуглуулна. Тэр ус мөн гарч байх ёстой. Байгалийн цөөрөм гэдэг нь нуураас бага хэмжээний, улирлын чанартай ус хуримтлагдаж, зарим чийг багатай үед ус нь алга болдог зохилдолгоотой.
Манай орон шиг дөрвөн улиралтай, өвлийн хур тунадас буюу цас их ордог, хавар хэсэгхэн хугацаанд хайлж урсаад алга болчихдог, өндөр уулсын системд байгаа ийм улс орнуудад хөв цөөрмийн байдлаар ус хуримтлуур хийж гадаргын усыг ашиглах туршлага олон оронд бий. Хавар овгор, товгор зэрэг бүх л газраас цас хайлж урсдаг. Үүнийг байгаль аяндаа суваг шуудуу, жалгаар урсгаж байгаа. Тэр газрыг нь олоод усыг хуримтлуулж чадах юм бол зуны бороо хүртэлх хаврын хуурай хугацааг устай даван туулах боломжтой. Зуны хур тунадас ихтэй долоо, наймдугаар сард ч усыг хуримтлуулж болно. Цөөрмийн ус нь намар хэрэг болоод зогсохгүй хөлдсөн ч хавар гэсэхэд нь дахин ашиглана.

-Манай орны хувьд говийн бүсдээ хөв цөөрмийн усыг илүү ашиглах шаардлага бий байх. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Усны хомсдол ихтэй хээрийн болон говийн бүсэд эзлэх хэмжээ ихтэй манай орны хувьд хөв цөөрөм ихээр бий болсноор түүний усаар говь хээрийн бүсээ хангах боломж бүрдэнэ. Сүүлийн үед энэ тал дээр анхаарч байна. Амжилттай жишээ нь гэхэд Говь-Алтай аймгийн Тайшир суманд орших үүсмэл “Гэгээн нуур” юм. Газрын зураг дээр томоохон нуурын хэмжээнд харагддаг, хиймэл нуур. Усан цахилгаан станцын усыг далан босгож хамгаалж хийсэн. Эрдэнэтийн уурхайг усаар хангадаг гоё цөөрөм бий. Бусад усан цахилгаан станцууд далан ашиглаад ус хуримтлуулж байгаа. Энэ нь маш зөв туршлага. Усан цахилгаан станцууд цахилгаан гаргаж авах далимдаа цөөрмийг бий болгох боломж байна. Малчид, сум орон нутаг өөр өөрсдийн хэмжээнд хөв цөөрөм байгуулаад явж болно.

-Хөв цөөрөм байгуулахад төсөв их орох уу. Иргэд өөрсдөө хийх боломжтой юу?

Хүмүүс хөв цөөрөм байгуулна гэхээр их хөрөнгө зарж, инженерийн байгууламж барьж хийх юм байна, тэгэхээр бид хүчрэхгүй гэж бодоод байж магадгүй. Энэ бол том хэмжээний хөв цөөрөм байгуулахад л хамаатай. Бага хэмжээний ус хуримтлуур хийхэд далан барих асуудал л яригдана. Далангаа өргөн, нарийн барих уу гэдгээ л шийдэх хэрэгтэй. Ус яг хаана хуримтлагдаж байна вэ гэдэг орон нутгийнхаа онцлогийг харгалзан өөрсдийн хүч хүрэх хэмжээгээр ус хуримтлуур хийх нь зүй юм. Малчин өрхүүд нийлж, жижиг горхиуд дээр ус хуримтлуур хийж болно. Хонхор, хотгор газрыг ашиглах гээд олон боломж бий.

-Тэрбум мод тарих хүрээнд ч юм уу, хүнсний ногоо, мод тарихад ус, усалгаа их шаардагддаг. Хөв цөөрөм байгуулан усны асуудлыг нь шийдэх боломж бий юу?

-Төв аймгийн Батсүмбэр суманд Үдлэгийн баг гэж бий. Энэ багийн Үдлэгийн голд далан хийж, 1970-аад онд байгуулсан цөөрмийн хэмжээний хиймэл нуур байна. Тус сумынхан маш их хүнсний ногоо тариалдаг. Тав, зургаан сард энэ хиймэл нуураасаа ногооны талбайгаа сувгаар усалж байгаа. Тус сумынхан ийм их ногоог яаж амжилттай тариалж байна вэ гэхээр тэр цөөрмийн усыг ашигладаг. Зуны турш тасралтгүйгээр устай байдаг тогтоц.

Тэрбум хөдөлгөөний хүрээнд бид гүний усыг ашиглаж байна. Ер нь ногоон байгууламжуудаа бий болгохдоо усан сан, зохиомол хөв цөөрмүүдийг түшиглэн усаар хангагдах байдлаар зохион байгуулж чадвал илүү үр дүнтэй.

Хөв цөөрөм байгуулахдаа улирлын чанартай гэдгийг мөн анхаарах. Зарим жил цас их орохгүй байх тохиолдол бийг тооцох нь зүй ч хөв цөөрөм байгуулах нь хэрэгтэй.

-Болгар улс хөв цөөрөм байгуулж, газар тариалан болон бусад зүйлд ашигладаг туршлагаараа дэлхийд тэргүүлдэг гэж сонссон. Өөр бусад орны туршлагаас тодруулбал?

-АНУ-д зургаан том хотыг усаар хангадаг уулсын хөндийд байгуулсан хиймэл далан байна. Очоод үзэхэд хүн хиймлээр хийсэн гэж мэдэгдэхгүй. Ийм маягаар цөөрөм хийх боломж бий. Гол нь цөөрөм нь цас, борооны ус орох орцтой, гарах гарцтай байх. Хөв цөөрмийн эхэнд усыг барьж тогтоодог ой мод байх ёстой. Ой мод байхгүй бол голууд усаар байнга тэтгэгдэх боломжгүй болно. Манай томоохон гол мөрнүүд уулсын хөндийгөөс тэжээгддэг. Хэрлэн, Туул, Сэлэнгэ мөрний ус багасч байгаагийн цаад шалтгаан нь усаар байнга тэжээж байдаг ой модыг нь устгасантай холбоотой. 1970,1980-аад оны үед модны үйлдвэрлэл хөгжиж, мод их огтолсноос борооны ус шууд хөндийгөөр урсчихдаг болсон. Уг нь ой мод өөртөө усыг бариад, доош нь урсгаж байдаг горимтой ч түүнийг нь алдагдуулсан. Одоо бороо орсон ч шууд урсчихдаг болсон нь ой модгүй болсноос л үүдэлтэй. Гол мөрний усыг их байлгая гэвэл гол мөрний эхэнд байгаа ой модыг тайрахгүй, ойн санг хамгаалах, нөхөн сэргээлт хийх шаардлагатай. Ой байхгүй бол ус байхгүй.

-Нийслэлд хөв цөөрөм байгуулах нь хэр зөв бэ. Үерийн уснаас хамгаалах нэг шийдэл болох уу?

-Нийслэлд хөв цөөрөм Сэлбэ голын эхэнд байгуулсан байдаг. Одоо Сэлбэ голыг зохицуулж буй гэж яриад буй.

Ямар ч хот шороон дээр байж болохгүй. Аль ч хотын жишгээр иргэдийн ая тухтай байдлыг бодсон ч цементлэх л шаардлагатай. Хотын дундуур үерийн далан гэж нэрлээд байгаа сувгууд явах ёстой. Манайх хоёр, гуравхан шугамтай. Тэр нь бөглөрчихлөө, барилга барьчихлаа гээд байна. Ийм сувагчлалуудыг маш ихээр хийж чадвал уснуудыг цуглуулж чадна. Байшин барилгын дээврээс ус гоожих нь тодорхой. Асфальтан зам дээгүүр ус урсах нь ойлгомжтой. Хамгийн гол нь тэр уснууд цуглаад нэг суваг шуудуу руу орж байх ёстой. Манайд байгаа үерийн далангуудыг сэргээх шаардлага бий.

Барилгаа барихдаа усаа хаашаа урсгахыг тооцоолох. Гаднах талбайг хийхдээ анхаарах зүйл нь заавал тэгшхэн байхаар тооцох шаардлагагүй. Тэгшхэн хийснээс энэ тэндээ хонхойж ус тогтох магадлал өндөр байдаг. Ямар ч зам талбайг ус урсах хэмжээний налуу хийгээд тэр ус нь нэг тийшээ урсдаг байх нь зүй. Нэг хороолол, нэг гудамжны ус хаашаа урсах вэ гэдгийг л тооцох юм. Энэ бүрт усны болон барилга байгууламж, сувгийн инженерүүдийнхээ хүч хөдөлмөр, мэдлэг боловсролыг ашиглах ёстой. Гэр хороолол төлөвлөхөд ч тэр дүүрэгт байгаа инженерүүд шийдлийг гаргаж өгөх болохоос биш баг, хороо, дүүргийн дарга нар хаана гэр хороолол шинээр бий болгохыг шийдэх ёсгүй юм. Инженерийн мэдлэг, шийдлийг ашиглахгүй бол энэ хот ерөөсөө хөгжихгүй. Хэзээ ч соёлжихгүй, ус шавхаа, түгжрэлээсээ салахгүй. Байшин бүрээс нэг яндан гаргаад Туул гол хүртэл татахгүй нь ойлгомжтой. Баг, хороогоор нь инженерийн шийдлийг гаргаад, гурван хороо нэг суваг татлаа гэж бодоход тэр ус нь хаа хүрэх юм гэдэг дээр инженерийн сүлжээг бий болгохгүй бол хүрз бариад шуудуу ухаад, уутанд элс хийгээд энд тэнд овоолж тавиад нэмэр болохгүй.

-Сэлбэ, Дунд голын бургасыг нүүлгэн шилжүүлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Улаанбаатар хотын Дунд болон Сэлбийн голын дунд байгаа үерийн далангууд бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламжуудыг яах гэж барьсан гэхээр энд байгаа гол мөрний усыг үер болоход тэр далангаар урсах ёстой, ийш тйиш салаад урсгачихгүйн тулд зориуд тэр цементэн хавтангуудыг нь хийж, суваг болгож хийсэн юм. Тэнд хэзээ ч зүлэг, мод байгаагүй. Тэр бургасууд усны урсацаар, байгалийнхаа аясаар салхинд үр нь хийсч ирж ургасан.

Дэлхийн олон оронд том, том голууд нийслэл, хотынх нь дундуур урсаж гардаг. Энэ гарч байгаа гол мөрнүүдийг дунд нь цементээр хашсан ус л байгаа. Өөр юу ч байхгүй. Манайх ч гэсэн ийм байхыг нь эсэргүүцэх шаардлагагүй. Далан дүүрэн ус урсаж байвал хотдоо хэрэгтэй. Агаарын чийгшил нэмэгдэж, зөөлөн уур амьсгалыг бий болгоно. Далангийн гадна талд дугуйн болон явган хүний замын хажууд тэр бургасыг ургуулж болно. Гол дотор бургас байх нь буруу. Бургасыг авч буйг зөв гэж хэлнэ. Суваг л байгаа бол тэнд зөвхөн ус л урсаж байх ёстой. Гагцхүү үүний дараа яаж устай байлгах вэ гэдгийг бодох ёстой. Баахан ухаад тонхичуулаад, шороог нь гаргаад орхичихож болохгүй. Одоо борооны улиралд устай байгаа ч ирэх хавар хуурай шороо болчихно. Тэрүүгээр нь дүүрэн хог овоороод байвал утгагүй. Зарим улс оронд сувгийн доод хэсгийг нь мөн цементэлж тэгшилж өгдөг. Хэдий гүехэн ч гэсэн өргөн ус урсаж байгаа юм шиг тарж урсдаг. Одоо бол байгалийнхаа голдрилоор горхи шиг урсаж байна. Тархай байдлаар усан толио мэт урсацыг хийж өгвөл зүйтэй болов уу.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Хонгорзул: Хамгийн аюултай нь тэдний хийсэн эмчилгээ, үзлэгүүд нь халдвар тараах, хүний амь эрсдэх нөхцөлийг бий болгож байна DNN.mn

Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж халдвар тараах эрсдэл үүсгэж буй талаар тус сумын шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Түүнтэй тухайн үссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулахгүй юу. Хэнтий аймгийн Биндэр суманд хэр удаан ажиллаж байна вэ?

-Намайг Хүрэлдоржийн Хонгорзул гэдэг. Би Хэнтий аймгийн Биндэр суманд гэрээт шүдний эмчээр ажилладаг. Би улсаас цалинждаггүй. Сумын хүн эмнэлгийн кабинетыг нь ашиглан, иргэдэд төлбөртэй эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг. Жижигхэн шүдний хувийн эмнэлэг байгуулсан гэсэн үг. Надад Биндэр сумаас ажлын санал тавьснаар ирж ажиллаад, гуравхан сар болж байна. Би энэ нутгийн удирдлага болоод хүмүүсийг нь сайн танихгүй. Нутгийн хүмүүс ч намайг сайн мэдэхгүй.

Би “Ач” анагаах ухааны их сургуулийг шүдний эмчээр 2014 онд төгссөн. Мөн АШУҮИС-ийг Хүүхэд, нүүр амны нарийн мэргэжлийн эмчээр 2017 онд төгссөн. Би 10 жилийн туршлагатай эмч хүн. Өмнө нь Цэргийн төв эмнэлэгт шүдний эмчээр ажиллаж байсан.

-Хэнтий аймгийн Биндэр суманд ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?

-Долдугаар сарын 18,19 буюу хоёр өдөр солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийнэ. Бүх юмнуудаа хурааж, кабинетаа суллаад өгөөрэй гэж надад эмнэлгийн зүгээс хэлсэн. Би багаж, тоног төхөөрөмжүүдээ хурааж, кабинетаа суллаж, хүлээлгэж өгсөн. “Солонгос эмч нар долдугаар сарын 18-ны 08:00 цагаас эхэлж үзлэг хийнэ” гэсэн зарыг тавьсан байсан. Тэр зар оруулсан цагтаа солонгос эмч нар үзлэгээ хийж эхэлсэн байх. Тухайн хоёр өдөр би ажиллахгүй болохоор амрах төлөвлөгөөтэй өөр тийшээ явах гэж байснаа больсон юм.

Гадны эмч нараас туршлага судлах, тэдэнд туслах зорилгоор шүдний кабинет руугаа очсон. Хоёр өрөөнд нийтдээ гурван эмч ажиллаж байсан. Намайг очиход нэг өрөөнд нь нэг эмч шүдний эмчилгээ, нөгөө өрөөнд нь хоёр эмч шүд авч байлаа. Би эмчилгээ хийж буй өрөөнд нь орсон. Шүд авч буй өрөөнд нь над дээр дадлага хийж буй АШУҮИС-ийн төгсөх курст орох оюутан орсон юм. Намайг эмчилгээний өрөөнд ороход бүх зүйлд ямар нэг ариутгал, халдваргүйтгэл гэх тийм зүйл, стандарт бол юу ч байхгүй. Өөрсдөө багаж, тоног төхөөрөмж, эм эмнэлгийн хэрэгсэлтэйгээ ирнэ гэчихээд бүх юмаа солихгүйгээр салфеткаар арчаад л байгааг анзаарсан. Шүдний эмчийн багаж хэрэгсэл гэдэг халдварын өндөр эрсдэлтэйд тооцогддог. Манайд нэг хүнд хэрэглээд тэр үзлэгийн багажийг солих шаардлагатай байдаг юм. Тухайн багажинд хүний цус, шүлсээр дамжсан бүх төрлийн халдварууд наалдсан байдаг. Ариутгах үйлчилгээтэй ямар ч сайн салфеткаар арчсан ч тэр халдварууд арилдаггүй. Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү зэрэг эдгээр өвчнүүдийн халдвараас сэргийлж, заавал халдваргүйжүүлэх уусмалаар багажаа угааж, олон дамжлагаар тодорхой хугацаанд битүү орчинд, битүү чанагч шиг уураар +130 хэм хүртэл ариутгадаг ариутгалд орсны дараа ямар ч вирус, нян бактеригүй болж, ариутгагдлаа гэж үздэг. Гэтэл түүнийг салфеткаар арчаад л дахин, дахин хэрэглэж байгаа нь байж болохгүй зүйл.

Шүд авч байсан өрөөнд би ороогүй л дээ. Дадлагажигч охин намайг тухайн өрөө рүү дуудаж, харуулахад нүүр гарын алчууран дээр бахьнуудаа ярайтал ил задгай тавьчихсан байсан. Бахь зэрэг нэг удаагийн багаж хэрэгслүүд нь бүгд пакеттай байх ёстой. Пакетан дээрээ хэзээ ариутгасан болох талаарх тэмдэглэгээтэй байдаг.

-Та өөрийн зүгээс шүлс соруулагч зэрэг зарим зүйлсийг нь гаргаж өгсөн гэсэн. Солонгос эмч нарын үйл ажиллагааг зогсоох гэж таныг эмнэлгийнхээ удирдлагатай зөрчилдсөн гэж сонссон?

-Хэдийгээр би суманд ажиллаж байгаа ч гэсэн Монгол Улсын стандартын дагуу ямар ариутгал, халдваргүйтгэлийн дэглэм баримталдаг түүнийг л мөрдлөг болгож ажилладаг. Эмч бүр хаана ч ажилласан Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын стандартад нийцүүлэн ажиллах ёстой. Гэтэл улайм цайм мэргэжлийн эмч хүний нүдэн дээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөн олон үйлдэл хийхэд нь та нар ингэж ажиллаж болохгүй гээд аргаа барахдаа өөрөөсөө зарим юмнуудыг нь гаргаж өгсөн. Нэг удаа хэрэглэх зүйлийг яагаад дахин, давтан хэрэглээд байгаа юм бэ гэж тэр эмч нарт ч хэлсэн.

Сумын ИТХ-ын дарга зэрэг олон дарга нартай яриад тэр хүмүүсийн ажлыг шууд зогсоох эрх мэдэл надад байхгүй. Шат шатныхаа дарга нарт хандаж, эд нар ийм, ийм буруу зүйл хийгээд байна гэхэд эмч нартай нь ярилцъя гэсэн. Тэгээд солонгос эмч нарт манай энэ эмчийн хэлснээр ариутгалыг нь хийгээд, үзлэгээ үргэлжлүүл гэж байгаа юм. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн дарга амралтаа авсан байсан тул байгаагүй. Би “Яаж болох юм бэ. Эд нар чинь мэргэжлийн алдаа дутагдал их гаргаж байна. Анхнаасаа яг ямар шугамаар ирсэн юм. Зөвшөөрөлтэй юм уу, яг эмч хүмүүс мөн юм уу дарга аа” гэхэд Эрүүл мэндийн төвийн даргыг түр орлож байсан н.Эрдэнэбаяр эмч “Наадах чинь жижигхэн асуудал. Олон эмч ирсэн дээр бусад чиглэлээр нь хүмүүсээ үзүүлчихмээр байна. Солонгост очиж туршлага солилцох гэх зэрэг хамтарч ажиллах дараа дараагийн олон ажлууд бий. Түүнийг чамаас болж хаамааргүй байна. Чи зүгээр битгий олон юм яриад бай. Чи ер нь яагаад ингээд яваад байгаа юм. Орлогоо алдах гээд байна уу” гэж байгаа юм. Энэ мэтчилэн н.Эрдэнэбаяр эмч бид хоёрын хооронд үл ойлголцол үүссэн. Миний хувьд хоёрхон өдрийн үзлэг хийгдэхэд эдийн засгийн уналтад орох хэмжээний хохирлын асуудал үүсэхгүй. Намайг мэдээж маш их гомдоосон. Миний хэлсэн зүйлийг огт ойлгоогүй тул солонгос эмч нар ирээд ийм, ийм алдаа дутагдал гаргаад, хэзээ ч хүнд дамжуулан хэрэглэж болохгүй зүйлсийг дамжуулж хэрэглээд байна гээд би Эрүүл мэндийн газар руу хандсан. Гэвч Эрдэнэбаяр эмч “Яах гэж Эрүүл мэндийн газар руу ярьсан юм. Би өөрөө ярья” гэсэн. Хэсэг хугацааны дараа “Би Эрүүл мэндийн газартай ярьсан. Ариутгалаа хийгээд үзлэгээ үргэлжлүүлж болно гэсэн” гэж байгаа юм. Нэгэнт маш олон ноцтой алдаа гаргасан байхад шүү. Манай Монголын нөхцөлд ийм зүйлсийг шууд таслан зогсоох ёстой. Энэ бол байж болохгүй зүйл гэж үзээд би нүүр хуудастаа пост оруулсан. Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо гээд олон газраас надтай холбогдсон. Биндэр суманд болж буй процессын талаар надаас тодруулж, өргөдөл гаргах ёстойг хэлсэн.

-Тэгээд та өргөдөл гаргасан уу?

-Тэр дагуу би Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөлд хандан өргөдлөө бичсэн. Зураг авч болохоор байвал зураг авчих гэсэн. Миний дарсан зурганд багажаа ариутга гэж хэлсний дараа тавиурын дээр нь ариутгасан, доор нь ариутгаагүй багажнууд нь бий.

-Хөдөөгийн сумдад шүдний эмч байдаггүй. Иргэдийн үзлэг оношилгооны талаарх нарийн ойлголтгүйг далимдуулж халдвар хамгааллын дэглэм зөрчсөн болж таарч байна уу?

-Хэл усаараа ойлголцохгүй, дээрээс нь үзлэг хийж байхад нь орсон болохоор намайг мэргэжлийн шүдний эмч гэж бодоогүй юм шиг байгаа юм. Шүдний эмчилгээ хийж байсан эмч нь “Өөрийг чинь шүдний эмч гэж бодоогүй” гэсэн. Би тэгэхээр нь та “50 настай хүний шүдийг ломбодсон багажаа салфеткаар арчаад манай 4,8,11 настай хүүхдүүдийг үзсэн. Өөрийнхөө хүүхдийг та салфеткаар арчсан багажаар үзэх үү” гэхэд “үгүй” гэсэн. “Яагаад тэгвэл монголчуудад ингэж хандаж байгаа юм бэ” гэхэд “Монголд ингэдэг л юм байх. Ариутгасан багаж маань дууссан учир ариутгах боломжгүй л гэж бодсон” гэх зүйлийг ярьсан.

Тэд шүд авсан элеватороо нэг тагтай уусмалд хийснээ эргэж гаргаж ирээд марлиар арчаад дахиад өөр хүнд шууд хэрэглэж байсан. Уусмал нь бохир, дотор нь байх багаж нь маш олон. Энэ уусмалаа “супер жи” гэсэн. “Супер жи” гэдгийг нь орчуулбал багажны гадаргуугийн бохирдлыг арилгах халдваргүйжүүлэх уусмал. Тэр уусмалд ариутгах нөхцөл нь ч өөр. Тэгэхэд дадлагажигч охиныг харж байхад тэр уусмал дотроосоо шууд багажаа аваад л хүний соёо шүдийг авсан байх жишээний. Энэ үед нь би болиулах гэхэд “Би Солонгосын их сургуулийн профессор. Бид Солонгостоо ч ингэж ажилладаг. Би оюутнууддаа хичээл заахдаа ариутгал, халдваргүйтгэл гэж хоёр өөр юм байдаг. Заавал өндөр температурт ариутгаж шүд авах ёстой гэж заадаг. Гэвч хөдөө орон нутагт юм уу ариутгал хийх боломжгүй нөхцөлд шууд хэрэглэж болно гэж заадаг” гэсэн.

Үзлэгийн багаж латошкоо хүртэл арчаад өөр, өөр хүн үзээд байсан. Сувгийн эмчилгээ шаардлагатай архаг үрэвсэлтэй хүний шүдийг гэхэд л өрөмдөөд ямар ч эм түрхэхгүйгээр, суваг цэвэрлэх ёстой уусмалуудаас хэрэглэхгүйгээр зүгээр дентин хийгээд таглачихаж байгаа юм.

Гэтэл манай сумын эмнэлэг ашиглалтад ороод жил ч болоогүй, ариутгалын сувилагч, өндөр зэрэглэлийн, стандартын дагуу өрөөтэй, цэвэр, бохир гээд бүх юмандаа холбогдсон.

-Солонгосоос ирсэн эмч нар ямар насны хүмүүс байсан бол. Тантай уулзахдаа тэд юу гэж хэлсэн бэ?

-Миний хувьд “Солонгос эмч нартай чинь уулзъя. Хаана, ямар ямар сургууль төгссөн, яг эмч мэргэжилтэй хүмүүс мөн үү гэх зэргээр надад асуух зүйл байна” гэж “Агапе” эмнэлгийн ахалж явсан эмчид нь хэлсэн. Тэр эмч “Би шүднийхээ эмч нартай дотроо ярилцчихаад, чамтай уулзъя” гэсэн. Би хүлээгээд л байхад тэд хүн нэмж үзээд л байсан байгаа юм. Оройн 23 цагийн үед би солонгос эмч нартай нь уулзсан. Тэдний зүгээс “Юуны түрүүнд уучлаарай. Бид үнэхээр алдаа гаргасан. Ийм их хүн үзнэ гэж бодоогүй. Бид материалаа гамнах үүднээс бээлийгээ савандаж угаасан юм. Шүлс соруулагч байхгүй байсан тул тэгж цэвэрлэгээ хийсэн. Өрөм дээр ч гэсэн яарсандаа л тийм алдаа гаргалаа” гэж алдаа гаргасан шалтгаанаа тайлбарласан. Надаас бол насаар хамаагүй ахимаг насны хүмүүс. Нэг хүн нь 70 гаруй насных. Хамгийн залуу нь миний аав, ээжийн үе гэж бодохоор ийм алдаа гаргасныг нь ойлгохгүй байгаа.

Хамгийн аюултай нь тэдний хийсэн эмчилгээ, үзлэгүүд нь халдвар тараах, хүний амь эрсдэх нөхцөлийг бий болгож байна. Хотоос 400 гаруй километрийн цаана уулын мухарт шахуу байдаг энэ хүмүүст чинь үнэхээр хэцүү. Халдвартай багажаар үзүүлээд халдвар авлаа гэж бодоход нууц үе гэж бий. Дараа нь надад үзүүлэхэд би халдвар тараачихсан юм шиг ийм эрсдэл үүсч буй юм. Би ийм хариуцлагыг хүлээхгүй ээ. Та нар одоо яах бодолтой байна хэмээн тэдэнтэй ярилцахад уучлалт гуйгаад л өнгөрсөн. Хууль эрх зүйн хувьд хүний эрүүл мэндэд нэгэнт хохирол учруулчихсан учир уучлалт гуйгаад өнгөрөх ямар ч боломжгүй асуудал байхгүй юу.

-Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөлийнхөн Хэнтий аймгийн Биндэр суманд хяналт шалгалт явуулж буй талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэл өгсөн байсан. Хяналт, шалгалт явуулахад нэмэлт зөрчлүүд илэрсэн үү?

-Эрүүл мэндийн яам, Нүүр ам судлалын салбар зөвлөл, Монголын шүдний мэргэжилтнүүдийн холбоо,Халдварт өвчин судлалын үндэсний төв уг асуудлыг мэдээд манай эмнэлэг рүү өнгөрсөн ням гаригт шалгалтын баг ирүүлсэн. Хоёр өдрийн турш солонгос эмч нарын үлдээсэн өвчтөний түүх, хог хаягдал гээд бүх юмнуудыг нь шалгаад уржигдар буцлаа. Солонгос эмч нар бидэнд 25 хүн үзсэн гээд картыг нь үлдээгээд явсан. Бид шүдний эмч нарт үзүүлсэн хүмүүс байвал эмнэлэг дээр ирж шинжилгээ өгөөрэй гээд сумандаа зар тараасан. Шүдний эмчид үзүүлсэн хүний тоо одоогийн байдлаар 50 гаруй болсон.

Эрүүл мэндийн яамнаас шалгаж үзэхэд тэр хүмүүс ямар нэгэн байдлаар Эрүүл мэндийн яам, Хөгжлийн төвөөс огт зөвшөөрөл аваагүй байсан. Манай бүх эмч нар эмчилгээ хийх зөвшөөрөл таван жилээр авдаг. Тэгэхэд тэр хүмүүс Солонгостоо эмчилгээ хийх эрх нь бий ч, Монгол Улсын нутаг дэвсгэрт ирээд монгол хүнд үйлчилгээ үзүүлж байгаа бол заавал зөвшөөрөл авсан байх ёстой. Үзлэг, эмчилгээ хийх зөвшөөрөл аваагүй нь анхнаасаа хууль бус үйл ажиллагаа явуулсан гэсэн үг. Энэ хүмүүст хэрхэн арга хэмжээ авч, ямар хариуцлага хүлээлгэх нь одоохондоо шийдэгдээгүй байна.

“Агапе” эмнэлэг гэх өөрсдийн гэсэн хаяг шошготой автобустай, 24 хүний бүрэлдэхүүнтэй ирж, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байтал тус эмнэлгийн зүгээс “Солонгос гурван шүдний эмч нь манайд ерөөсөө хамааралгүй” гэж өөрсдийнхөө арьсыг хамгаалсан мэдэгдэл хийсэн байсан.

-Солонгос шүдний эмч нарын үзлэг, эмчилгээнд 50 гаруй хүн хамрагдсан байна гэлээ. Хүүхдүүд мөн энэ үзлэг, эмчилгээнд хамрагджээ. Хамгийн бага нь хэдэн настай хүүхэд байсан бэ?

-Хамгийн бага нь хоёр настай хүүхэд. Мэргэжлийн шүдний эмч хүний нүдээр харах нэг өөр шүү дээ. Есөн жилийн турш Монголд ийм байдалтай үйл ажиллагаа явуулсан гэхээр үнэхээр харамсалтай юм.

Тус суманд дагуулж ирсэн христийн сүмийн хүмүүс нь ард иргэдийг миний эсрэг турхираад үл ойлголцлыг бий болгосон. Юу гэж турхирсан бэ гэхээр “Энэ шүдний эмч орлогоо алдах гээд сайхан сэтгэлээр үнэгүй үйлчилж буй хүмүүсийн үзлэгийг нь хийлгэхгүй байна” гэсэн буруу ойлголтыг хүмүүст өгснөөс надад таагүй хандсан хүмүүс ч бий. Би энэ хүмүүс халдвар хамгааллын дэглэм зөрчин үзлэг, үйлчилгээ үзүүлж байна гэж тайлбарлаад ч тэр бүр ойлгохгүй байсан. Тухайн үзлэг хийх өглөөний дөрвөн цагаас эхлэн нялх хүүхдээ тэврэх нь тэврээд л оочерлосон хүмүүсийн хэл ам ч их байсан. Тодорхой хугацааны дараа Эрүүл мэндийн яамнаас хүмүүс ирэхээр одоо яах вэ, би ямар нэг өвчний халдвар авчихсан уу эмч ээ гээд л асууж ирж байгаа юм. Хэцүү нөхцөл байдал үүсээд байна.

Л.МИНЖМАА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Мөнхтуяа: Өнөөдөр ЭШ-д 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь 800 оноо авч байгаа DNN.mn

Улсын Их хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай ярилцлаа.


-Энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр та АН-ын жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон. Тангараг өргөснөөсөө хойш ямар ажлууд амжуулав. Ажил, үүрэгтэйгээ танилцаж амжив уу?

-УИХ-ын гишүүний тангараг өргөснөөсөө хойш УИХ-ын болон Дэгийн тухай хуулиудтай танилцаж, уншиж судалж байна. Дээрээс нь Боловсролын тухай хуулийг ч нэлээд нарийн судалж байгаа. Ер нь намрын чуулган нээх хүртэл уншиж судлах ажил их байна. Мөн энэ намар Орон нутгийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан Дорнод аймагтаа очиж ажиллах төлөвлөгөөтэй байгаа.

-Өмнөх парламентаар Боловсролын тухай багц хуулийг баталсан. Энэ хуулийг хэр болсон гэж боддог вэ?

-Боловсролын ерөнхий хууль батлагдаад жил болох гэж байна. Манай Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос н.Мөнхбаатар багш тус хуулийн ажлын хэсэгт орж ажилласан. Холбооны зүгээс боловсролын салбарт 15 жил ажилласан багш, ажилтны нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалтыг оруулсан. Гэтэл хууль батлах явцдаа эрх барьж байсан намынхан тасралтгүй гэдэг үг нэмээд, эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр суралцуулна гэчихсэн. Энэ нь багш нарын хувьд хаалттай болчихсон гэсэн үг. Тасралтгүй гэдэг үгээр хязгаарлалт тогтоогоод эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр л суралцуулна гэсэн нь хаалт болсон. Нэг ёсондоо хуулийн заалтаар ялгаварлан гадуурхаж байна. Тийм болохоор үүн дээр хуулийн төсөл өргөн барьж, өөрчлүүлнэ гэсэн бодолтой байгаа. Багш нар маань ч ийм хүсэлт тавиад байгаа юм. Мөн хэлэлцүүлгийн үед нь багш нар тэтгэврийн насыг 50, 55 нас болгож өгөхийг хүссэн. Харамсалтай нь хуулийг батлахдаа тэтгэврийн насыг огт хөндөөгүй. Үүнд багш нар маш сэтгэл дундуур байгаа. Тиймээс ямар боломж байна гэдгийг судалж байгаад тэтгэврийн насыг багасгахыг ажил болгох бодолтой байна.

-Багшийн тэтгэвэрт гарах нас нь болонгуут хүсэл, сонирхлыг нь харгалзан үзэхгүйгээр шууд гаргадаг. Ахмад багш нарынхаа туршлага, арга зүйг өвлөж авч үлдэх хэрэгтэй гэсэн үзлийг зарим нь илэрхийлдэг?

-Багш нарын ихэнх нь 50, 55 настай тэтгэвэрт гардаг болохыг дэмжээд байгаа юм

Гэсэн ч тэтгэврийн нас нь болсон ч багшаараа ажиллах хүсэлтэй хүмүүс ч байдаг. Тийм болохоор энэ хоёрын дундын хувилбар буюу хүсвэл гэдэг үгийг оруулж болно. Тухайн хүн өөрөө хүсвэл 60, 65 хүртлээ ажиллаж болно гэсэн үг. Одоо бол 55, 60 нас гэж байгаа. Гэтэл өнөөдөр 60 настай багш хүүхдүүдийн хөдөлгөөний хурдыг гүйцдэггүй. Хятад улсад л гэхэд цэцэрлэгийн багш 35 нас хүрээд өөрөө хүсвэл тэтгэвэрт нь гаргадаг юм билээ.

-Монгол Улс тэтгэврийн насыг шат дараатайгаар нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Гэтэл зөвхөн багш нарын тэтгэврийн насыг багасгах нь хэр зүйтэй юм бэ?

 

-Манай улсад 1990 оноос өмнө багш мэргэжлийг хүнд нөхцөлд ажилладаг гэж үздэг байсан. Тийм ч болохоор бид одоо багш нарынхаа хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх гэж байгаа. Багш гэсэн нэг нэрийн дор ч гэсэн мэргэжил тус бүрээрээ хөдөлмөрийн нөхцөл, ачаалал нь өөр байдаг. Ингээд үнэлгээ хийгээд хүнд нөхцөлд оруулчих юм бол тэтгэврийн нас хүссэн хүсээгүй 50, 55 болно.

-Танай салбарт засаж залруулмаар өөр ямар асуудлууд байна вэ?

-Маш олон асуудал байна. Би жижиг чимхлүүр ажлуудыг ярихгүй байгаа. Хүний эрүүл мэнд гэдэг хамгийн чухал шүү дээ. Тэгэхээр ажлын байрны эрсдэлд суурилсан хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэе гээд байгаа юм. Хүн эрүүл байж л өндөр бүтээмжтэй ажиллана. Дээрээс нь стандартаа барих хэрэгтэй. Анх манай улсад стандарт нь 30 хүүхэд л байсан. Гэтэл одоо 40-60 хүүхэд нэг багшид ногдож байна. Тиймээс нэг багшид оногдох хүүхдийн тоог 20-25, 30-35 болгох ёстой. Өндөр хөгжилтэй орнуудад өнөөдөр 15 хүүхдэд 2-3 багш ажилладаг. Ингэж хүүхдийн тоо өндөр байгаа нь хүний эрхийн зөрчил. Хүүхдийнх эрх ч маш ихээр зөрчигдөж байна. Үүнээс гадна багш нарын нийгмийн асуудал байна. Өнөөдөр багш нарын цалин нэг сая төгрөг байхад автобусны жолооч 3.5 саяыг авдаг гэсэн гомдол гарч байна. Энэ нь ч зүй ёсны шаардлага гэж би үздэг. Тийм ч болохоор манай холбооноос ноднин жил багшийн цалинг 1000 ам.долларт хүргэе гээд улс орон даяар ажил хаялт хүртэл зохион байгуулахаар нэлээд явсан. Хэдийгээр тухайн үедээ нэг их үр дүнд хүрээгүй, үүнийг цааш нь үргэлжлүүлээд явна. Багшийн цалин өндөр байж гэмээнэ өрсөлдөөн бий болж сайн, чадвартай хүүхдүүд энэ мэргэжлийг сонгоно. Өндөр цалин, сайн нийгмийн баталгаагаар л бид багш нараа татна. Өнөөдөр багш нарын ихэнх нь Солонгосын виз мэдүүлж байгаа. Үүнээс болоод боловсон хүчний механик хомсдолд ороод эхэлсэн. Цалин бага, нийгмийн баталгаа тааруу байхад мянган гоё төсөл, хөтөлбөр хэрэгжүүлээд ямар ч нэмэргүй. Үүнийг Засгийн газраас онцгой анхаарч маш том реформын шинжтэй зүйл хийх хэрэгтэй. Ер нь энэ тал дээр миний хувьд нэлээд дорвитой ажиллана гэж төлөвлөж байгаа.

-Сүүлийн жилүүдэд багшийн ёс зүй, хариуцлагын асуудлыг нэлээд шүүмжлэх болсон. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Цалинг нь нэмээд шалгуурыг нь өндөр болгочихвол доголдоод байгаа эдгээр зүйл аяндаа засагдана. Ямар ч өрсөлдөөнгүй, бага цалинтай байж өндөр шаардлага тавиад ямар ч утгаараа боломжгүй шүү дээ.

-Цэцэрлэгийн багш хүүхэд зодсон гэдэг асуудал нэлээд их гарсан. Бага цалинтай юм чинь гээд ингээд хүүхэд зодоод байж болохгүй биз дээ?

-Ингэж бодож болохгүй л дээ.

-Энэ талын ёс зүйг нь яаж дээшлүүлэх юм бэ?

-Ёс зүй гэхээр хүний мөн чанар, хөгжил, чадвар гээд олон юм яригдана. Гэтэл өнөөдөр хамгийн бага оноотой хүүхдүүд Боловсролын Их сургуульд орж байна. Тэгэхээр багш бэлдэж байгаа сургуулиа чанаржуулъя. Босго оноогоо нэмэгдүүлье. Ингэхийн тулд л цалинг нэмэгдүүлэх хэрэгтэй болно. Ер нь нийгмийн баталгаа, багш бэлдэх тогтолцоо хоёр зэрэг явах ёстой. Ингэж байж хамгийн шилдэг хүүхдүүд багш болно. Дээрээс нь ёс зүй ярих юм бол энэ ганцхан багшийн асуудал биш. Өнөөдөр нийгмээрээ ёс зүйн доройтолд орчихсон.

-Боловсролын сайдыг ХҮН-д өгсөн шийдвэрийг багш хүний хувьд хэрхэн хүлээж авсан бэ?

-Үүнийг дээгүүрээ тэр улс төрийн тохироо, хэлцлээр өгсөн байх л даа. Би айхтар улстөрч хүн биш болохоор ямар тохироотой вэ гэдгийг хэлж мэдэхгүй. Гэхдээ бодлогоо л зөв бариад явбал хэн байсан ч яах вэ гэж бодож байгаа. Тийм болохоор ажлаа хэр хийхийг нь харъя. Зөв ажил хийвэл дэмжинэ. Буруудвал дуугарна.

-Эрх баригчид бодлогын том яамыг хамтарсан засаг байгуулсан жижиг намд бэлэг болгоод өгчихлөө гэсэн шүүмж яваад байна л даа?

-Нийгэм ингэж хүлээж авч байна. Багш нар ч гэсэн энэ шийдвэрийг тийм ч сэтгэл хангалуун хүлээж авахгүй байгаа. Гэхдээ хүнийг ямар ажил хийхийг нь мэдэхгүй, хийгээгүй байхад нь шүүмжилж болохгүй л дээ.

-П.Наранбаяр сайд анхны тушаалаараа хичээлийн жилийг гурван улиралтай болгосон. Энэ нь хэр зөв шийдвэр вэ?

-Л.Энх-Амгалан сайд ч гэсэн өмнө нь гурван улиралтай болгоод дараа нь буцаагаад дөрвөн улиралтай болгосон. Энэ чинь өөрөө шинжлэх ухааны үндэслэлтэй зүйл. Гурван улиралтай байх нь эрүүл мэнд, багш, хүүхдийн ачаалалд сөргөөр нөлөөлдөг учраас л буцаагаад дөрвөн улиралтай болгосон юм. Хөрсөн дээр нь ажиллаж байгаа багш нар үүнийг болохгүй гээд байна. Тэгж байхад сайд болонгуутаа болно гээд ийм шийдвэр гаргаж байгаа учраас манай холбооноос албан бичиг өгөхөөр төлөвлөж байна.

-Дунд сургууль, тэр дундаа бага ангийн сургалтын хөтөлбөр дээр эцэг, эхчүүд шүүмжлэлтэй ханддаг. Ер нь хөтөлбөрийг цаашид өөрчлөх ёстой юу?

-Тэртээ 1995 оноос хойш л янз бүрийн хөтөлбөрүүд оруулж ирээд тэр нь Монголын хөрсөнд тэр бүр тохирохгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Тийм болохоор монгол хүүхдүүддээ тохирсон үндэсний хэмжээний хөтөлбөрийг багш нараараа гаргуулаад явах ёстой гэж боддог. Тэгэхгүйгээр мянган гадны хөтөлбөр оруулж ирээд боловсролын салбар өндийгөөд, хөгжчихсөн юм огт байхгүй. Шинэ сайд маань ч гэсэн үүн дээр анхаарал тавих байх гэж бодож байгаа.

-Энэ жилийн ЭШ-ын дүн нэлээд тааруу гарлаа. Үүнийг зарим нь ковидын үеийн хоцрогдол, цахим хичээлийн үр дүн гэж хэлж байна. Та юу гэж харж байгаа вэ?

-Цахим хичээл гээд нэг хэсэг явсан. Гэтэл нийгэмд чинь амьдралын түвшин гэж байна. Боломжтой айлын хүүхдүүд нь цахим хичээлдээ ордог. Харамсалтай нь гэр хороолол, орон нутгийн хүүхдүүд тэр аяараа хаягдсан. Ер нь боловсролын хоцрогдол зөвхөн ковид гэлтгүй л явж байсан. Үүнийг дорвитойхон бодлого гаргаж байж засна. Наад захын жишээ гэхэд л үнэлгээний систем нь шал буруу. Өнөөдөр 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь бараг 800 оноо авч байгаа. Үүнийг засах хэрэгтэй. Монгол хүүхдүүд уншсанаа ойлгох чадваргүй байна гэсэн судалгааг гадны байгууллага хүртэл гаргасан. Энэ нь ном уншихгүй, хэт их дэлгэцийн хамааралтай болсонтой шууд холбоотой.

т.дарханхөвсгөл

Categories
story-news

Ц.Мөнхтуяа: Өнөөдөр ЭШ-д 20 хувь авсан хүүхэд 400, 60 хувь авсан нь 800 оноо авч байгаа

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын долдугаар сарын 26, Сугар гариг. Билгийн тооллын 20, Могойг хүлэгч одтой, цагаагчин туулай өдөр. Өдрийн наран 05:22 цагт мандаж, 20:36 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

 

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 19 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20…+25 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +15…+20 градус, бусад нутгаар +9…+14 градус, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +16…+21 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +31…+36 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +26…+31 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11…+13 градус, өдөртөө +18…+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс зүүн хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9…+11 градус, өдөртөө +17…+19 градус дулаан байна

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Соёлоор довтлох морьтон: Хойд насгүй улаантнууд” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяртай ярилцлаа. Тэрбээр “Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн шинэчлэлийг хийх багийг 200 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллаж байна” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлж уншаарай.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Монголд айлчилна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Соёлоор довтлох морьтон: Хойд насгүй улаантнууд” нийтлэл хэвлэгдлээ

Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж халдвар тараах эрсдэл үүсгэж буй талаар тус сумын шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн юм. Түүнтэй тухайн үссэн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

гэлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Оросын хөрөнгийг хэрхэн царцаах талаар санал авч эхлэв

АРЫН НҮҮР: Үүрд амьдрахгүй

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ