Categories
мэдээ спорт

Б.Хонгорзул Парисын олимпод оролцохоор боллоо DNN.mn

Олон улсын олимпын хорооноос Орос, Беларусын тамирчдын талаар гаргасан шийдвэртэй холбоотойгоор Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос олимпын квотод дахин хуваарилалт хийжээ.

Ингэхдээ журмын дагуу жендерийн тэгш байдлыг харгалзан, эрх аваагүй үлдсэн хамгийн өндөр чансаатай олимпын хороонд квот өгөх шийдвэрийн дагуу чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д манай тамирчин Б.Хонгорзул Парис-2024 зуны XXXIII олимпын наадамд оролцохоор боллоо.

Ингэснээр манай эмэгтэйчүүд бүтэн багаараа Парисыг зорино.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө.

Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа.

Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэр бээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа.

Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна.

19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль юм.

Нэр дэвшигчдийн 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 79 настай, хамгийн залуу нь 25 настай.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм.

Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.

Иргэд сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч 48 дугаар сургуульд, Ерөнхий сайд “Саруул” хотхонд саналаа өгнө DNN.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 11:00 цагт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд саналаа өгнө. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 11:40 цагт Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Саруул хотхонд байрлах сонгуулийн 8-1-3-4 дэх хэсгийн хороонд саналаа өгөх юм байна.

Categories
мэдээ улс-төр

10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 13.9 хувьтай байна DNN.mn

Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 10:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 12.3%-д хүрчээ.

Улаанбаатарт:

  1. Багануур, Багахангай дүүрэгт 13.9%
  2. Баянгол дүүрэгт 12.3%
  3. Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт 12%
  4. Налайх дүүрэгт 11.9%
  5. Сонгинохайрхан дүүрэгт 11.8%
  6. Баянзүрх дүүрэгт 11.8%
  7. Чингэлтэй дүүрэгт 11.5%-тай байна.
Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн үйл ажиллагааг гадаадын 259 ажиглагч ажиглаж байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа улс даяар 07:00 цагт эхэлсэн.

Энэ удаагийн сонгуулиар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сонгуулийн санал авах ажиллагаа оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ DNN.mn

УИХ-ын сонгуулийн санал авах ажиллагаа оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв болон зүүн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчид, аялагчдын анхааралд: Өнөөдөр, маргааш төв болон зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер, ус, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны зургаадугаар сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

2024 оны зургаадугаар сарын 29-нөөс 2024 оны долоодугаар сарын 03-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд нутгийн зүүн хагаст, 30-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-р сарын 01-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр, 2-нд нутгийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 29, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгаар сэрүүсэж, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр эхэллээ. Санал хураалтын өдөр бүх нийтээр амарна.

Бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Түрүүлэх бөх тэнгэр харж, цасаар тоглосон наадам DNN.mn

Монголчууд бидний төрт ёсны их баяр цэнгэл, үндэстний ялгарах нэгэн онцлог болох Эрийн гурван наадам хэдхэн хоногийн дараа болно. Энэ л өдрүүдэд монгол хүн бүрийн сэтгэл гэгэлзэж, өсөж төрсөн нутаг ус нь бодогддог байх. Мэдээж наадмаар хэн гэдэг бөх түрүүлж, Есөн хөлт цагаан тугаасаа адислаж, хэний хурдан хүлэг магнайдаа тоосгүй ирж, ямар аавын хүүгийн тавьсан сум цэцтэй байх тухай өөр хоорондоо ярилцдаг. Сэтгүүлч миний хувьд ч наадам дөхөхөөр бахархах, омогших нь арвидна. Анх таван настайгаасаа хойш хурдан морь унаж, их сургуулийн хуваарь авсан жилээ хүртэл нийт 13 жил дарцаг шиг хийссэн болохоор арга ч үгүй биз. Үсний найр, овоо тахилгаас эхлээд аймгийнхаа баяр наадамд хүртэл уралджээ. Түүнээс хойш ажил, мэргэжлийнхээ буянаар улсын баяр наадам, Геннист бүртгүүлэх “Монгол морь-3000” уралдааныг хүртэл сурвалжилсан байна. Мөн Монголын шигшмэл хурдан морьдын “Их хурд-6” наадмын азарганы уралдааны манлайлагчийн тугийг хүртэл барьж явжээ. Гэвч энэ олон наадмуудаас хоёрхон нь өдийг хүртэл санаанаас огт гардаггүй юм.

Төрөлх Хатгалынхаа дунд сургуулийн нэгдүгээр анги төгссөн жил. Бас ч гэж хэдэн жил морь уначихсан, ид хорхойтой явсан үе л дээ. Тэр жил Дархадын цэнхэр хотгор, Улаан-Уул суманд том наадам болох нь гэсэн сураг Эгийн голын эрэг хөвөөгөөр үерийн ус шиг хуйлрав. Нутгийн ах нь өөрийнхөө сумын бус Улаан-Уул сумын тэрхүү наадамд битүүхэн бэлдэж эхэллээ.

Ингээд долдугаар сарын 7-ны өглөө аль л хурдан хурц гэснээ авч, морины хүүхдүүдээ дагуулсан уяачид, битүүхэн ногт ганзагалсан бөхчүүд гээд 20 орчим хүнтэй нүсэр баг Дархадын хотгор чиглэн хөдөллөө. Цэнхэр хотгор нутаг руу машинтай бол ганцхан газраар л ордог билээ. Өлийн халзан давааны 13 овоонд өөрийн гэсэн бүхнээ даатган цааш тонгойгоод л Улаан-Уул сум руу орчихдог юм. Харин бид болохоор Өлхөн сайраа Хорьдол сарьдагийн даваагаар давлаа. Өвөлдөө цасанд боогдож, зундаа шавар ус ихтэй учраас үүгээр хэр барагтай машин давдаггүй. Морьтой бидэнд бол сэрүүхэн сайхан байлаа. Ингэж явсаар даваагаа даваад Арсайн голын сайр уруудна. Ус багатай жил гол нь сайр руугаа шургачихдаг учраас ихэнхдээ л хуурай байна. Нэг үерлэхээрээ харин “Болор цом”-ын эзэн Б.Мягмаржав ахын бичсэнчлэн ёстой л нэг “Ай саваа цэвэрлэнэ” дээ. Бид замдаа хонож, аажуу тайван явсаар 10-ны орой сумын ойролцоо очиж төвхнөлөө. Наадмын урьд орой хэзээний унтаж чаддаггүй болохоор эргэж хөрвөөсөөр үүрээр хэдхэн цаг унтаад л босов. Урдуураа Хорьдол сарьдагийн ноён оргил Дэлгэрхаан сүмбэрлэж, хойгуур нь битүү тайга дүнхийж, том, жижиг нуурууд цэлэлзэн байх хотгор нутгийн үзэсгэлэнг ээ.

Бага үдийн алдад хөгжим хангинаж, баяр наадмын нээлт боллоо. Өглөө эрт азарга уралдаад ирчихсэн учраас нээлттэй зэрэгцээд их насны морьд гараа руу хөдөллөө. Би сумандаа хэд хэд айрагдчихсан хээр морь унаж байсан юм. Гэвч морь, хүүхэд хоёр газар мэдэхгүйн гай гарсан уу. Эсвэл хээр морь тийм сайн байсангүй юу ямартаа ч 20 гаргаад орж ирлээ. Өөр унах морь байхгүй учраас томчууд дагаж бөхийн барилдаан үзэхээр боллоо. Уяач маань 100 төгрөгийн шилтэй ундаа, гурван хуушуур авч ирж өгсөн санагдана. Тэр үед баяр наадмын хамгийн сайхан нь энэ хоёр л байлаа. Гэтэл үдээс хойш хоёрын даваа эхлэх үеэр тэнгэр бүүдийж бороо ганц нэг хаяснаа цас болж хувирлаа. Гэвч наадамчин олон болдог л зүйл мэт энгийн тайван байсан нь одоо санаанаас гардаггүй юм. Хэсэгхэн хугацаанд цайртал орсон цас сүүлдээ шамарга болсон учраас аргагүйн эрхэнд бөхийн барилдааныг хэсэг завсарлаж билээ. Одоо л зургаан сард цас орлоо, зун цас орох нь дэлхийн дулаарал гэх мэт дөвчигнөл газар авчихаад байхаас биш манай Дархадын хотгорт наадмын өдөр цас орох нь бараг хэвийн үзэгдэл мэт байсан юм.

Түрүүлэх бөх тэнгэр харсан нь

Долдугаар ангиа төгсөөд нутагтаа очсон зун. Хүргэн ах дөнгөж л морьдоо барьж байсан үе л дээ. Гэтэл сумын наадмын өмнөхөн Чандмань-Өндөр сумын Хөхөө харуулын толгойг тахих наадам болов. Хөвсгөл далайн зүүн эрэг, Хөндийн даваанаас морьтой хүн хэдхэн цаг яваад л хүрдэг учраас ах бид хоёр ч тэр наадамд очсон юм. Гэхдээ энэ наадамд уралдах гэж биш, барилдах гэж очсон хэрэг л дээ. Овооны наадам учраас хүүхдийн барилдаан болж, түрүүлсэн хүүхдийг амьд хониор байлдаг байлаа. Тэр үед ах ч гэсэн цолгүй л болохоос сумандаа шаггүй барилддаг залуучуудын тоонд ордог байсан юм. Ингээд ах дүү хоёр бүртгүүлээд, хэн хэнийхээ захыг мушгиж суудаг ажилтай боллоо доо. Би жаахан тааруу мушгисан байж мэднэ. Учир нь ах дөрвийн даваанд тахим өгөв. Харин би үзсээр байгаад үзүүр түрүүнд үлдлээ дээ. Нөгөөх маань надаас биеэр жижиг, насаар дүү нөхөр байна. Тиймээс намайг зүүн талд нь гаргав. Ах ч гэсэн “Бариад ав. Чи түрүүлэхгүй бол өөр хэн байдаг юм” хэмээн хөөргөж байна шүү. Томчуудын барилдааны ах нарыг даган гарч, дэвж явахад улсын наадмын аварга, арслангууд л ийм байдаг болов уу хэмээн санагдана. Түрүү бөхийн бай болох халзан цагаан эр хонийг морин дээр яаж авч явна аа. Уг нь амьдаар нь авч очоод хониндоо тавьчихвал гоё доо гэх зэрэг элдэв юм бодогдоно. Гарлаа, дэвлээ, өрлөө дөө.

Учраа маань жижигхэн юм аа, зайлуул. Яас гээд хүмүүсийг өндөлзтөл, тэгсэн хэрнээ насаар дүү хүүхдийг зөөлхөн унагах вэ гэсэн шүү юм бодоод урагшаа нэг алхтал тэнгэр цэлийж байна шүү. Юу болсныг хэсэг ойлгосонгүй. Ичсэндээ тэр чигээрээ хүмүүс тартал хэвтээд баймаар болж байна.

Гэвч засуул ах ганцхан сугадаад босгоод ирлээ. Ахын хэлснээр бол би учраа бөх рүүгээ хөвчийн хүрэн баавгай аятай амьтан л нөмрөөд орсон гэж байгаа. Гэтэл өнөөх маань ухасхийгээд давхар хамчихсан юм билээ. Наадам тараад буцахдаа хоёул давааны оройд гарч, байнд ирсэн чанасан өвчүүг идэж, ах маань “Бөхийн бай гэсэндээ сайхан байна аа” хэмээн үе, үе инээгээд байж билээ. Харин мянган төгрөгөө би эгчдээ өгсөн юмдаг.

Насанд хүрсэн хүн хурдан морь унасан нь

Конкурс өгөөд их сургуулийн хуваарь авчихсан том хүн аймгийн төвөөс сумандаа буулаа даа. Хүргэн ах хул морины маань дэлийг сумалж засаад, талийгч аавын минь эмээлийг тохчихсон Холбооны өмнө хүлээж байна. Хоёр хоног ахынд сайхан амарч аваад 11-ний өглөө Хасгийн хаяаг зорилоо. Хатгалын морь барьдаг газар л даа. Наадам үзэх гэхээсээ илүү үеийн нөхөдтэйгөө нийлж дарвих бөөн хүсэл. Гэрээс хөдлөөд удалгүй л хүсэл хүслээрээ, бөөр бөөрөөрөө нэгдээд авалгүй яах вэ. Хэдий насанд хүрч, их сургуулийн оюутан болсон ч гэсэн нутгийн ах, эгч нараас бэргэнэ ээ, хөөрхий. Тиймээс худалдагч эгчийг шалж, бараг мөнгөөр зодож авсан ганц шил “Далай ээж”-ээ нандигнан өвөртөлсөөр үеийн хэдэн банди хойд уулын мод руу зүглэлээ. Гэтэл өнөөх цас шамарсан Улаан-Уулын наадамд морийг нь унаж байсан ах хүү амдаж ирлээ. Тэгээд зүүн аймгаас гайгүй хурдан азарган соёолон авч ирсэн ч гараан дээрээ булгиж, хүүхдээ унагаачихаад байна. Ахын дүү унаад өгчих гэж байна шүү. Уур ч хүрэх шиг. Өөрөөс нь өөрцгүй том хүнээр морио унуулах гээд байдаг хаашаа нөхөр вэ. Ингэж бодохоос цаашгүй инээж зогстол ах хүү өврөөсөө нэг “Далай ээж” үзүүлээд ирэхээр нь дахиад нэгийг авч өгье гэж байна. Гэтэл ханилж яваад нөхрөө гэгчээр найзууд ахын талд орж, надаар өнөөх соёлонг нь унуулахаар уухайлан дэмжлээ шүү. Ингээд хүч тэнцвэргүй байдалд удаан тэсэлгүйгээр бууж өглөө. Азарга, соёолон хоёр Хятадын дөрөлж тулж байж эргэдэг юм. Гараа хүртэл хүмүүсээс санаа зовоод соёолонгоо нэг хүүхдэд хөтлүүлчихээд өөрөө цагдаагийн машинд үсрээд суучихлаа. Гэвч ямар сул давхиулалтай биш, гараа дөхөөд мордлоо доо. Юуны тулд 13 дахь жилдээ уралдах гэж байгаа билээ дээ. Хүүхдүүдийг түрүүлж эргүүлж болохгүйг сануулж, цагдаа, морины комиссынхонд тусалж яваа дүр гаргаж байгаад арай наахнаас эргэлээ. Даанч өнөөх маань ёстой л уулын тал, талыг там болтол булгиад үлдчихлээ. Бөөн тоосонд үлдсэндээ шар хөдлөөд бараг уйлах нь ээ. Амыг нь хөрөөдөж тогтоогоод хэд сайн ташуур буулгасан чинь морьдын араас хөдөллөө дөө. Аргагүй хурдан юм аа. Нэг нэг, хэсэг хэсгээр нь идсээр яваад тархины хэд дээр ирээд наалдуулаад авлаа.

Гэвч хэтэрхий холоос хөөсөн учраас арван хэдээр барианы зурхай гишгэлээ. Харин намайг яг барианд орох мөчид наадамчдын дундаас нэг нь “Хөөе хөгшин толгой минь, морь битгий хөөгөөд байгаач ээ” хэмээн орилсон нь олны чимээ, хүүхдүүдийн гийнгоо, узелийн дууг давж байх шиг санагдаж билээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Саналын нууцлалыг хадгалж, хавтас ашиглахыг зөвлөлөө DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.

Санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг өөрийн саналын нууцлалыг хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөж байна.

Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь нам эвслийг дугуйлахаар, нөгөө нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дугуйлахаар хэвлэгдсэн. Сонгогчид илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдоно.

Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан.