Categories
мэдээ нийгэм

“Хөх дэгд” хотхоны хохирогчид өлсгөлөнгөө зогсоожээ DNN.mn

Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Монтай бүрд” ХХК нь “Хөх дэгд” нэртэй 576 айлын орон сууцыг барих нэрийдлээр иргэдээс захиалга авсан ч өнөөг хүртэл барилгын ажил явагдахгүй, хохирлоо барагдуулаагүй аж.

Иймд тус хотхонд байрны урьдчилгаа болон төлбөрөө 100 хувь бүрэн төлж, залилуулсан хохирогчдын төлөөлөл болох 11 хүн барилгын суурины хажууд гэр барьж, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нөөс эхлэн нойтон өлсгөлөн зарласан тухай өмнө нь мэдээлсэн билээ. Өлсгөлөн зарлаад 29 хонож байхдаа хохирогчдын төлөөлөл “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хийсэн хэвлэлийн хурлаараа дамжуулан Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандан “Бидэнтэй ирж уулзаж, асуудлыг шийдэж өгөөч ээ. Танаас өөр бидэнд туслах хүн алга. Гурав дахь удаагаа дахин чин сэтгэлээсээ хохирогчдын зүгээс хүсэлт тавьж байна. Орон сууцны захиалга авсан, энэ хотхоныг барих ёстой “Монтай бүрд” компанийн удирдлагууд өнөөг хүртэл худал хэлж зугтаад, хохирол барагдуулахгүй байгаа нь бидэнд маш хүнд байна” хэмээн хүсэлт илгээсэн юм.

Тэдний энэ хүсэлтийг Хотын дарга Х.Нямбаатар хүлээн авч, маргааш нь буюу өнгөрсөн баасан гаригт хохирогчдын төлөөлөлтэй очиж уулзсан байна. Хотын дарга Х.Нямбаатар “Тэдний захиалга өгсөн орон сууцны газрыг НОСК-д шилжүүлэн, асуудлыг нь шийдэхээр болсон” гэсэн юм. Хохирогчдын мэдээлснээр “Х.Нямбаатар дарга ирж уулзаж, асуудлыг шийдэж өгөхөөр болсон тул бид өлсгөлөнгөө зогсоосон. Баригдах ёстой байсан хотхоны газрыг улс авч, оронд нь байр барина гэсэн. Харин “Монтай бүрд” ХХК-ийн захирал Х.Батхишиг хэвлэлийн хурлаас өмнөхөн залгаж, доллар солиулж байна гэж хэлснээсээ хойш бидэнтэй дахиж холбогдоогүй. Тэрээр мөнгө авчирч өгнө гэсэн үлгэрээ ярихаас өөрөөр ямар ч нааштай хариу өгөөгүй” хэмээв.

 

Categories
мэдээ нийгэм

Голууд үерийн түвшинг 5-10 см давжээ DNN.mn

Зургадугаар сарын 6-ны байдлаар Сэлбэ, Сөгнөгөр, Улз зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн. Алтай нуруунаас эхтэй Ховд гол Мянгад сум орчимд, Сэлбэ гол Санзай, Дамбадаржаа орчимд үерийн түвшинг 5-10 см орчим давсан байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Архитай, халамжтай, хүчингийн хэрэгтэй, хагацалтай, хүүхэд шаналсан гэр хорооллын амьдралын гүнээс… DNN.mn

Архинд нэгэнт орчихсон иргэд гэртээ тогтдоггүй. Ялангуяа эмэгтэйчүүд нэгэнт хамааралтай болчихвол үр хүүхэд, гэр орон сонин биш. Тэдэнд архи авах мөнгө бэлэн. Сар бүр хүүхдийн мөнгө авч байна. Багадаа нэг, цаашлаад хоёр, гурав, таван хүүхэдтэй бол тэр тоогоор мөнгө авна. Дээр нь халамжийн мөнгө, тэжээгчээ алдсаны мөнгө зэрэг нэмэлт “орлогууд” тасрахгүй. Б.Батмөнхийн таван хүү сар бүр хүүхдийн 500 мянган төгрөг авах ёстой. Дээр нь хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүгийн халамжийн мөнгө нэмэгддэг. Сарын нэг сая гаруй төгрөг хүүхдийн нэрээр ээжийнх нь дансанд ордог. Гэвч ээж нь архины хамааралтай болчихсон, хүүхдийн мөнгө буухтай зэрэгцээд гэрээ орхиод хүмүүстэй нийлээд архи уугаад явчихдаг. Хүүхдүүд нь хоолтой, хоолгүй, гэр нь зутруу. Эрх биш аав нь байгаа тулдаа хоногийн хоолоо арай ядан залгуулдаг. Хоолгүй үе олон. Тэр үед хөгжлийн бэрхшээлтэй том хүү нь дүү нараа дагуулаад гадуур явчихдаг. Хүмүүс өрөвдөөд хооллоно гэсэндээ тэр гэж аав нь ярьж байв.

Гэр хороололд ийм амьдрал захаас аваад байна. Зөвхөн Баруун салаа гэлтгүй баруун, зүүн зах, тэр битгий хэл хотын төвийн дүүргүүдэд ч архины хамаарлаас бий болсон ядуу зүдүү амьдралтай, хүүхдүүд өлсөж цангасан, өвдөж шаналсан. Ялангуяа охидын эрх хамгийн ихээр зөрчигддөг. Тэднийг хайрлаж хамгаалах ёстой ээжүүд, эмэгтэйчүүд өөрсдөө архинд орчихсон. Архи уудаггүй ч хүүхдээ хамгаалж мэддэггүй, хэрсүү биш эмэгтэйчүүд үй олон юм. Нөхөртөө, хамтран амьдрагчдаа найдсан итгэсэн, эсвэл тэднээс айж амьдрахдаа охин хүүхдээ давхар золиосолж, ирээдүйн амьдралаар нь тоглож байдаг явдал байдаг л үзэгдэл болчихож. Баруун салааны нэлээд гүн рүү хүчингийн яг ийм хэрэг гарч байжээ. Гурван охинтой эмэгтэй хамтран амьдрагчтай болжээ. Удаагүй хамтран амьдрагч нь найзаа авчран гэртээ архидаж, согтуу найз нь 14 настай дагавар охиныг нь хүчиндсэн хэрэг гарсан байна. Охин сэтгэл зүйн ноцтой асуудалд орж, амиа хорлохыг завдаж байсан тухай тэр айлын хамар хашаанд амьдарч байсан хижээл насны эмэгтэй толгой сэгсрэн ярьсан юм. Эл хэргээс хойш тэр айл хоёр тийш салж, эмэгтэй хүүхдүүдээ аван өөр тийш нүүсэн гэнэ. Ноцтой нь удаа дараа үйлдэгдсэн тус хэргийн талаар охины ээж мэдээгүй, анзаараагүй. Хойд аав нь арай ч тийм муухай хэрэг хийхгүй гэж итгэж байсан тухай шүүхэд мэдүүлснийг гудамжныхан нь ярьдаг юм байна. Охид гэртээ байхдаа эрсдэлд орохоос эхлээд хичээл сургуульдаа явахад ч эрсдэлтэй. Харьяалалгүй айлууд олон, хүүхдүүд нь автобус дамжиж сургуульдаа очдог. Өвлийн цагт өглөө хичээлд явахад харанхуй, орой тараад ирэхэд ч бас харуй бүрий байдаг учир ялангуяа охидод ихээхэн эрсдэлтэй.

Согтуу хөлчүү хүмүүс айлгах, ичээх явдал элбэг гэнэ. Гэр хороололд архидалт хэвээрээ, ядуурлын түвшин дээрдээгүй байгаа явдал саяхных биш. 10, 15 жилийн өмнө яг л өнөөдрийн Баруунсалаа, Зүүнсалаа, Улаанчулуут, Дарь-Эх шиг амьдрал ядуу, жил хийдэггүй, архины хамааралтай. Хүүхдүүд өнчирсөн, өлсөж цангасан, өвдөж зовсон. Тэр хэрээр буруу зүйлд уруу татагддаг явдал дийлэнх. Үүнд ээжүүд, эмэгтэйчүүд нэлээд “үүрэгтэй” байдаг нь гэр хорооллын амьдралаас бэлхэнээ харагдана. Үүний нэг гашуун жишээ гэмээр айлаар сурвалжилгын үеэр орж таарсан юм.

Баруун салааны нэгдүгээр буудалд гэр хороолол дунд торон хашаанд баригдаад олон жил болсон, засвар хийгдээгүй үзэмж муутайхан байшинд эгч дүү найман хүүхэд амьдардаг юм байна. Тэднийг том эгч Б.Маралмаа нь харж ханддаг.

Эгч дүүс долоон жилийн өмнөөс ийнхүү амьдарч эхэлжээ. Ээж нь хамгийн бага ихэр дүүг нь төрүүлээд хоёр нас гарантай байхад нь том охинтойгоо чацуу гэмээр залуутай амьдрал зохиогоод явж оджээ. Аав нь ч хүүхдүүдээ орхисон байна. Тэр үед Б.Маралмаа охин 17-хон настай байж. 2-15 насны долоон дүү нь хоол ундгүй, харж хандах хүнгүй болсон учир тэрээр дүү нараа өөрөө авч, асрахаар болжээ. Б.Маралмаатай ярилцахаар хандахад уриалгахан зөвшөөрч, гэртээ урив. Хашаанд хоёр хэцүү нохой уяатай, бас нэг муур гэрээс гараад гүйж харагдав. Б.Маралмаа “Манайхаас нохой, муур салдаггүй юм. Энэ хоёр жижигхэн гөлөг байхдаа манайд ирээд дүү нараас салаагүй. Одоо ийм том болоод хүн оруулахын эцэсгүй болчихсон. Муур ч бас тэжээдэг” гэж гэрт орох зуур ярина. Байшинд орвол хойморт нь нэг том матрас тавьж, дэргэд нь авдар байрлуулсан байна. Хаалганы хавьцаа хоёр хүн суучихаар зөөлөн сандал, нэг том ширээнээс өөр гойд тавилга үгүй.

Байшингийн доторх хана сааралтаж, зарим газраараа шохой нь унажээ. Матрас дээр үеийн гэмээр хоёр хүү, нэг охин шомбойж сууна. Нэг нь ухасхийж босоод цай аягалж өгөв. Том эгч нь “Хоёр гараараа өгөөч” гэж зэмлэх аядав. Долоон настай хамгийн бага ихэр хоёр, түүний дээд талын ах гурвуулаа байгаа нь тэр аж.

-Ихрүүд том болжээ. Хоёр настайд нь чи авч байсан гэсэн байх аа?

-Манай ихрүүд ээжээс төрөөд мөөмөө ганц удаа л амласан. Түүнээс хойш байнгын угжаар хүн болсон. Энэ хоёр маань том эгч ах хоёрын өвөрт хүн болсон. Ихэр хүүхдүүд хэцүү гэлцдэг. Манайх олуулаа болоод тэр үү тийм байгаагүй. Харин ч багад нь юу ч мэдрэгдэж байгаагүй. Одоо ч юм юм мэдрэгдэх гээд байна. Олуулаа учраас нэг дор юмаа хангаж чадахгүй, ээлжилнэ. Гэтэл ихрүүдэд зэрэг л юм авч өгөхгүй бол болдоггүй. Нэгэнд нь өгөхөд нөгөөхийнх нь нүд цаанаа л горьдоод үлддэг.

-17 настай охин долоон дүүгээ асарч хамгаална гэдэг шийдвэр амар байгаагүй байх аа?

-Тэгж шийдэхээс өөр арга байгаагүй. Эхний нэг жил чанга байсан. Эвээ олохгүй. Би багаасаа л энэ хэдийг асарч өссөн. 17 нас хүрэх үед ээжийн дүү “Аль юм болгон хүүхэд харах юм. Ажил хий” гээд өөрийнхөө ажилладаг гар урлалын дэлгүүрт ажилд оруулсан. Тэгж л анх удаа цалинтай ажил хийж үзсэн. Энэ үед би гэрээсээ яваад эмээ дээрээ хэсэг байсан юм. Дүү нар аав, ээжтэй хамт байсан учраас би юм бодоогүй. Гэтэл 2017 оны наадмаар цалингаа аваад дүү нартаа хоёр тор хүнс аваад гэртээ иртэл аав байхгүй. Ээж гадагшаа гарах гээд хамаг байдгаараа гоёж гоодчихсон, харин дүү нар халтайчихсан, баярлах битгий хэл хоол унд ч байхгүй нүд халтирмаар угтсан. Хэд хоногийн дараа оройн цагаар очиж үзье, ээж дүү нарт анхаарч байна уу гэдгийг харъя гээд шөнө иртэл манайд том хүн байхгүй. Дүү нар л хонож байсан. Ингээд л эмээ, эгчтэйгээ ярилцаж байгаад би эдэндээ толгой болж явахаар шийдсэн.

-Ээж чинь хүнтэй суугаад яваад өгчээ?

-Ээж одоо 50 нас хүрч байгаа. Бараг надтай чацуу залуу. Би хүнээс юм гуйдаг төрлийн хүн биш. Өөрөө болгоно, чадна гэж үздэг. Гэхдээ би ээжтэй нэг зүйл дээр байнга маргалддаг. Ээж хүүхдийн мөнгийг өөрөө авдаг. Сая хувьцааны мөнгө тараахад бас авсан. Ингэхээр цаанаа л зэвүү хүрээд байдаг. Тэр хүнтэйгээ миний хэдэн дүү нарын мөнгийг аваад үрээд сууж байна гэж бодохоор дургүй хүрмээр. Хороогоор явж үзсэн. Бүтэхгүй юм билээ. Тэгээд л орхисон доо.

Дүү нартайгаа одоо хэдийнэ амьдрах учраа олсон. Одоо манайх хоосон хоноод хэцүү тартагтаа тулсан уу гэхээр ер нь бид баян айл байгаа байхгүй юу. Идэх юмтай, үзэх зурагттай, тог цахилгаантай, уух устай байна гэдэг манайх баян. Манайх юнивишнтэй. Юүтүб ороод хүссэн юмаа үзэж байна.

Надад амьдрал тухгүй байсан зүйл бол аав ээж хоёрын хэрүүл дунд оршоод байгаа нь. Тэр хоёр бурууг өөрсдөөсөө биш надаас хайдаг. Аав уурлахаараа “Чи гэрээс явснаас болж манай гэр бүл ийм болсон” гэдэг. Ээж ч тэр.

-Дүү нар чинь сургуульд явдаг уу?

-Би таван хүү, хоёр охин дүүтэй. Миний доод талын дүү энэ жил 18 нас хүрсэн. Намар цэрэг татлагад явна. Түүний дараагийн 16, 13-тай хоёр хүү сургуульд явдаггүй. Анх нэгдүгээр ангид улсын сургуульд орсон. Гэтэл ээж хүмүүнлэгийн нэг сургуульд оруулчихсан. Тэр нь 3-10 дугаар ангийг нэг анги болгоод нэг л багш хичээл заадаг. Шал өөр түвшний хүүхдүүд нэг хичээл үзнэ гэж байж болохгүй. Тиймээс гаргаад авчихсан. Улсын сургуульд оруул гэж хүмүүс хэлдэг. Нэгэнт үеийнхнээсээ хоцорчихсон хүүхдүүд хэцүү байдалд орно. Сургуультай сургуульгүй зөв л хүн болж байвал амьдрал нь болно гэж боддог.

-Аав чинь холбоотой байдаг уу?

-Аав өнгөрсөн жилийн аравдугаар сараас бидэнтэй холбогдож, хамт амьдарч эхэлсэн. Түүнээс өмнөх зургаан жил бид наймуулаа л амьдарсан. Би эрүүл мэндийн шалтгаанаар долоон жил ажилласан гар урлалын дэлгүүрээсээ гарсан. Аав ажил хийж хоол хүнсэнд нэмэрлэж байгаа. Миний стрессээ гаргадаг нэг зүйл бол зураг. Би үүрээр босоод ч хамаагүй зурах дуртай.

-Та нар юу мөрөөддөг вэ?

-Нэг зорилгоо огт биелүүлж чадахгүй байна. Машин авах гэж сүүлийн хоёр гурван жил мөнгө цуглуулж үзсэн. Зундаа овоо хоёр, гурван сая болдог ч өвөлдөө яалт ч үгүй нүүрс түлээ, хоол унданд хэрэглэгдчихдэг. Машинтай болчихвол дүү нараа суулгаад агаарт гарахыг хүсдэг. Бид олуулаа нэг дор машинд сууж үзээгүй. Наймуулаа багтана гэхээр приус 41 л болох юм билээ.

Миний бас нэг том мөрөөдөл байдаг. Би Монголд байхгүй зургийн дэлгүүр нээх мөрөөдөлтэй. Багаасаа зураг зурсан. Аним төрлийн зураг зурдаг. Зургаа зурахдаа нүд, уруул хоёрыг гоё гаргахыг хичээдэг гээд хоёр хавтас дүүрэн гараар зурсан зураг гаргаж ирлээ. Нээгээд үзвэл мэргэжлийн зураач зурсан гэмээр анимийн дүрүүд байна. Эмэгтэй голдуу дүрүүдийг зурдаг аж. Нүд нь хурц, уруул нь ялдам, тийм нэг хараад л баймаар мэргэжлийн зурдаг юм байна. Ийм буйдхан орчинд, хүндхэн амьдрал дунд ийм гайхалтай бүтээл туурвиж суудаг, яг л нөгөө суут хүмүүсийн амьдралыг өөрийн эрхгүй санагдуулав.

Томчуудын ухамсаргүй, эцэг эх байх үүргээ ухамсарлаагүй, түүнээс болж хүүхэд хохирсон хүнд жишээ энэ найман хүүхэд мөнөөсөө мөн. Тэд өнөөдөр инээж буй сэтгэлийнх нь гүнд ямар гуниг зовлон, бэтгэрэл байхыг хэн ч тааж мэдэхгүй. Б.Маралмаа жаахнаасаа дүү нараа асарч, аав ээжийн хайрыг мэдрээгүй учраас өөрөө амьдрал зохиохгүй гэж шууд хэлнэ лээ. Түүний зөвхөн энэ үг л амьдрал ямар хэцүүг, томчууд тэнэг байхын үр дагавар юунд хүргэдгийг товчхон хариулчих шиг болсон юм.

Төр нь ядарсан гэх иргэдээ халамжаар угжихын үр дагавар эцэс төгсгөлгүй архидалтыг бий болгосон. Архины хамааралд орсон хүмүүс ар амьдралаа тоодоггүй. Гэр бүлийн төлөвлөлтийн тухай ухаарах сөхөөгүй, хүүхэд төрүүлдэг. Тэднээ хайхардаггүй. Тэд ажил хийж орлоготой амьдрах тухай мэддэггүй, ойшоодоггүй. Төр нь ажил хийгээд олохоос илүү мөнгийг цацчихаж байгаа нь хамгийн том хүчин зүйл. Нэгэнт үнэ цэнэгүй цацаж байгаа мөнгө ямар ч айлд үнэ цэнэ, баялаг бүтээхгүй. Дийлэнх нь гэр бүлийн хэн нэгний архины мөнгөнд урсаж байна. Ийм амьдрал үргэлжилсээр л байдаг. Ядуурал үргэлжилдэг. Дараа дараагийн үе нь тэр л амьдралын замналаар амьдардаг. Улаанбаатар хотын гэр хороололд хаана нь ч ийм бүлгүүд бий болчихсон. Удчихсан. Ийм нийгмийн бүлэг байх нь улстөрчдөд хэрэгтэй. Тэд ямар ч ухамсаргүйгээр санал өгөх автомат машин л гэсэн үг. Улаанбаатарын аль ч дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүд үүнтэй холбоотой. Сонгогчид ядуу байх нь ашигтай. Тэдэнд халамж өгч архины хамааралд байсаар байх нь хэрэгтэй. Ийм л бодит дүр зураг өнөөдрийн гэр хорооллын гүнд оршиж байна.

Ядуурал үе дамжин үргэлжлэх хортой. Тэр дундаас өндийж босч ирэх боломж бараг үгүй. Ерөөсөө удамшчихдаг болохыг дэлхийн судлаачид тогтоочихсон. АНУ-ын хэсэг эрдэмтэд Макс Жек гэх гудамжны нэгэн эрийн удмын 840 хүнийг судлахад 100 жилийн дотор маш олон хүний амьдралынх нь түүх бүтэлгүй байсан бол Америкийн сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүл 100 жилийн дотор 1394 хүнээс их сургуулийн захирал 13, пастор 100, цэргийн жанжин 75, бичгийн хүн 60, хуулийн мэргэжилтэн 180, дээдсийн давхаргын 80, сенат гурав, Америкийн ерөнхийлөгч нэг төрсөн байдаг.

Түүгээр зогсохгүй Google-ийн “medium.com” хаяг дээр байгаа “Is poverty inherited?” буюу “Ядуурал удамшдаг уу?” нийтлэл дээр Бээжингийн багшийн их сургуулийн профессор Дай Жианье шууд нэвтрүүлгийн үеэр нэгэн түүх ярьсан тухай нийтлэл байна. Уг нийтлэлд нэгэн дарга мөнгө олохын тулд хот руу нүүж ирсэн тариаланчдыг хямд хөлсөөр ажиллуудаг байв. Нэлээд хэдэн жилийн дараа тусгай төсөлд шалгаран тэнцэж уг төслийг бие даан хэрэгжүүлэхээр болсон бөгөөд түүнд барилгын ажилчид бус материал ялгах, бичиг хэргийн ажилтнууд хэрэгтэй болсон байна. Дарга зардлаа бууруулахын тулд коллежийн оюутнуудыг маш бага цалингаар ажилд авчээ. Дарга санамсаргүйгээр эдгээр оюутнуудын эцэг эх нь өөрт нь ажиллаж байсан цагаач ажилчид байсныг олж мэдэв. Үүнээс болж Дай Жиане дарга ядуурал удамшдаг юм байна гэж бодох болжээ гэсэн байна. Ядуучуудын хүүхдийн 90 хувь нь ядуу байдалтайгаа эвлэрдэг бол 10 хувь нь сэтгэх чадвараа дайчлан энэ байдлаа өөрчилж сайхан амьдралд орж чаддаг байна. Тухайлбал, Америкийн боловсролын байгууллагын статистик мэдээнд “Эдийн засгийн өндөр орлоготой гэр бүлд хүүхдүүд цагт эдийн засаг, уран зохиол, улс төр болон бусад чиглэлээр эцэг эхээс дунджаар 2000 үг сонсож сэтгэх чадвар нь сайжирч байдаг бол дундаж орлоготой өрхийн хувьд энэ тоо 1200, ядуу өрхийн хувьд 600 болж буурдаг. Чинээлэг гэр бүл нь амьдралын чанарыг дээшлүүлж зогсохгүй хүүхдүүдэд илүү өргөн ертөнцтэй харьцаж, илүү өргөн хүрээтэй харах боломжийг олгодог. Ядуу гэр бүлд эцэг эхчүүд хоол унд, хувцас хунараа олж авахын тулд шаргуу хөдөлмөрлөж, хүүхдүүд нь сэтгэх нөөц бололцоо муутай өссөнөөс болж амьдралд нь бэрхшээл үүсдэг” гэсэн байна.

Энэ бол ядуурлын тухай шинжлэх ухааны тайлбар юм. Маш харамсалтай нь шинжлэх ухаан ядуурлын нэг гол шалтгаан сэтгэцийн өвчин байдгийг нэгэнт тогтоочихсон. Учир нь сэтгэцийн өвчлөл нь үе дамжин удамшдаг аюултай аж. Сүүлийн үед манай улсад цус ойртолт маш их байгаа бөгөөд үүний уршгаар төрөлхийн гажигтай, оюуны хомсдолтой хүүхдүүд ихээр төрөх болсон. Хөгжингүй улсад сэтгэцийн өвчтэй хүмүүсийн төрөлтийг хязгаарлах арга хэмжээ авдаг байна. Манайд тэгж чаддаггүй. Чаддаггүй ч гэж дээ. Төр, засаг нь тоодоггүй гэвэл илүү үнэнд ойртоно.

Судалгаагаар манай улсын нийт хүн амын 23 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай гэж гарсан нь 600.000 гаруй иргэн сэтгэцийн асуудалтай гэсэн үг юм. Харин сэтгэцийн тулгамдсан асуудалтай болдог үндсэн шалтгаан нь ядуурал, архидалт, ажилгүйдэл зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүд юм гэж манай эмч мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
гадаад мэдээ

Чихрийн шижин өвчинг эмчилжээ DNN.mn

Хятадын “South Chi­na Morning Post” хүнд хэлбэрийн чихрийн шижин өвчнийг эмчилсэн анхны тохиолдол бүртгэгдсэн тухай бичжээ.Хятадын эрдэмтэд үүдэл эсийг тархи, булчин, бөөр, тэр ч байтугай нойр булчирхайн эд эс болгон хувиргах чадвартай шинэ химийн коктейлийг туршсан байна. Ингэхэд нойр булчирхайн үүдэл эсүүд нь цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тусалдаг инсулиныг бий болгож байжээ.

Иймээс эрдэмтэд 2021 онд 59 настай эрэгтэйн нойр булчирхайд үүдэл эс шилжүүлэн суулгах мэс ажилбар хийжээ.Үүний дараа өвчтөн цусан дахь сахарын хэмжээг хянах эм хэрэглэхээ больж, инсулины хэрэгцээ аажмаар буурч байжээ. Эхний үр дүн гарахад 11 долоо хоног зарцуулагдсан бөгөөд 48 долоо хоногтоо чихрийн шижингийн эсрэг эм уухаа больсон байна.Үр дүнд нь хэдэн жилийн дараа комд орохгүйн тулд өдөрт хэд хэдэн удаа инсулин тариулдаг, 25 жил сахарын өвчтэй байсан хүн бүрэн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

3-5 дугаар ангийнхан маргааш хичээллээд амарна DNN.mn

Бага анги буюу 1-2 дугаар ангийн сурагчид өнгөрсөн баасан гаригаас эхлэн амарсан.

Тэгвэл 3-5 дугаар анги маргааш хичээллээд амарна. Харин дунд болон төгсөх ангийнхны амралт энэ сарын 14-өөс эхэлнэ.

Categories
мэдээ улс-төр

Найм дахь удаагийн парламент нь 12 чуулган, хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, 2200 хууль тогтоомж баталлаа DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы /2024.06.05/ өнөөдрийн үдээс хойших хуралдаан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжилж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм. Тэрбээр, Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын дөрвөн гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцсэн хэмээлээ.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй. Хууль болон тогтоолын төслүүдийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын зарим гишүүнээс хууль хоорондын ердийн өрийн удирдлагыг боловсронгуй болгох зорилгоор тогтоолын төслийг боловсруулсан. Энэхүү тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасны дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн хэмээн танилцууллаа.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж асуулт асуух гишүүн байсангүй. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг дэмжиж, эцэслэн батлав.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн илтгэв.

Хуралдаан даргалагч хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүд байгаа эсэхийг тодруулахын сацуу хууль болон тогтоолын төслүүдийн талаарх санал хураалтыг нэгдсэн журмаар явуулна гэснээр хуралдаан Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгээр үргэлжиллээ.

2001 оноос хойш хэрэгжихгүй байсан Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт илтгэсэн юм.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталъя гэсэн саналын томьёоллыг гишүүдийн олонх дэмжсэнээр уг төслийг баталсан юм.

Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар “Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх” үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах Түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг хэлэлцсэн юм. Тайлангийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ илтгэв.


Улсын Их Хурлын 2024 оны 13 дугаар тогтоолоор байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 2024 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулсан нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль хэрэгжсэнээс хойших дөрөв дэх сонсгол юм. Нийтийн тээврийн автобус худалдан авах үйл ажиллагаанд хамаарах баримт бичиг, материалыг нийт 20 байгууллага албан газраас, нотлох баримтын 6729 хуудас баримт бүрдүүлсэн. Нөхцөл байдалтай танилцахын тулд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Тээвэр хөгжлийн банк, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Нийслэлийн Нийтийн Тээврийн газар, “Тэнүүн-Огоо” ХХК-д очиж ажиллажээ. Нийт 8 хянан шалгагч, шинжээчийг томилж, Авлигатай тэмцэх газар, Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг хууль хяналтын байгууллагын төлөөлөл, урилгаар Үндэсний аудитын газар, Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, Төрийн худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг төрийн байгууллагуудыг оролцуулсан. Зургаан асуудал хөндсөн сонсголд 96 гэрч оролцохоос 66.7 хувь нь ирсэн. Нээлттэй сонсгол нь иргэдийн мэдэх эрхийг хангаж, иргэний төрд тавих хяналтын тогтолцоог бэхжүүлж, томоохон өөрчлөлтийг авчрах үр дүнтэй хэмээн Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооны дарга танилцуулаад, хуулийн дагуу цуглуулсан нотлох баримтад үндэслэн гаргасан дүгнэлтийг илтгэв. Уг асуудал нь хуулийн байгууллагаар шийдвэрлэгдэж байгаа тул хууль хяналтын байгууллагаар шалгах саналыг тусгаагүй бөгөөд хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн байгууллагын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх хүрээнд таван санал боловсруулсныг танилцууллаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд төрийн худалдан авах ажиллагааг ил тод, нээлттэй, тэгш өрсөлдөх боломжоор хангаж хуулийн дагуу зохион байгуулах, үндэслэлтэй тооцоо, судалгаанд тулгуурлаж, хүрэх түвшинг нарийвчлан тодорхойлох шаардлагатай. Сонсголд гэрчээр дуудагдсан этгээд нь гишүүний бүрэх эрх, халдашгүй байдалд халдаж, зүй бус үг хэллэг хэрэглэн сонсголын дэг зөрчсөн тул хуулийн дагуу хариуцлага тооцуулах саналыг хууль хяналтын байгууллагад хүргүүлнэ. Төрийн захиргааны байгууллагын шат, шатны үүрэг, хариуцлагын тогтолцоог сайжруулах, автотээврийн салбарт бодлогын түвшинд шийдвэр боловсруулах чадвартай хүний нөөц бэлтгэх асуудлыг төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны “Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах давтамж, оношилгооны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 213 дугаар тогтоолын 2-т “Автотээврийн хэрэгслийг үйлдвэрлэсэн оноос хойших 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн автотээврийн хэрэгслийн тооллогод хамруулж байсугай” заалтыг өөрчлөх, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгох шаардлагатай гэсэн саналыг ирүүлжээ. Ийнхүү Хянан шалгах түр хороо Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу тайлан, санал, дүгнэлтээ танилцуулж, Түр хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, байр суурь илэрхийлэх гишүүн байсангүй.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хянан шалгах түр хорооныхонд талархал илэрхийлээд, сонсгол явуулахад амаргүй байсан талаар өмнөх Түр хороод, Ажлын хэсгийн туршлагад тулгуурлан дурдлаа. “Хянан шалгах түр хороо тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулснаар уг хороо татан буугдсанд тооцно” гэсэн хуулийн заалттайг тэрбээр сануулсан. Түр хорооны саналын төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, баталсан.

113 хуулийн төслийг эцэслэн батлав

Чуулганы нэгдсэн хуралдаан санал хураалтаар үргэлжилж, хуралдаан даргалагч үдээс өмнөх хуралдаан болон түрүүхэнд Байнгын хороодын санал, дүгнэлтийг танилцуулж, хэлэлцүүлсэн хууль, тогтоолуудын төслүүдээр нэг бүрчлэн санал хурааж эхэллээ. Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг өөрчлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 60,8 хувь нь дэмжсэнээр батлав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хоёр жилийн турш томилолтоор явж, хэлэлцүүлсний эцэст Архангай аймгийн нутаг дэвсгэр дэх Булган уул дархан цаазат газрын нэг болж батлагдаж байгааг онцлон тэмдэглэсэн юм. Түүнчлэн Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн тул баталлаа. Мөн Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох, төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий хянан шалгах түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төслийг баталж, Хянан шалгах түр хороог татан буулгасанд тооцов.

“Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенцын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм.  Энэ өдрийн хуралдаанаар нийт 113 хуулийн төслийг эцэслэн баталлаа. Тухайлбал Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Сонгуулийн автоматжуулсан системын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Байгалийн ургамлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зар, сурталчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Ахмад настны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталсан юм.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.18-д “Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг товлон зарласан үед Улсын Их Хурлын дарга Зөвлөлийн саналыг харгалзан чуулганыг 30 хүртэл хоногийн хугацаагаар түр завсарлуулж болно” гэснийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбогдуулан Улсын Их Хурлын чуулганыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл түр завсарлуулах тухай Улсын Их Хурлын даргын 2024 оны 89 дугаар захирамжийг Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн саналыг харгалзан гаргаж, танилцуулж байна гэсэн юм. Захирамжийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс дагаж мөрдөх мөрдөн хэмээв.

Улсын Их Хурлын чуулганыг түр завсарлуулахтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ чуулганы танхимд хүрэлцэн ирж, үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, өнгөрсөн гурван жилийн хугацаанд олон зүйлээр хамт ажилласанд талархаж байгаагаа илэрхийлэх гэсэн юм. Баярлалаа. Энэ Улсын Их Хурал бол маш онцлогтой Улсын Их Хурал байлаа. Миний хувьд Ерөнхий сайдаар томилогдох үед бүгдээрээ масктай, бүгдээрээ шилэн хоргоны цаанаас хоорондоо харилцаж, хил хэзээ нээгдэх нь тодорхойгүй, эрх зүйн орчин маш хүнд, улсын төсөв 30 орчим хувиар тасарчихсан байсан. Та бүхэн цар тахлыг даван туулах Засгийн газрын багц бодлогыг дэмжсэн. Парламентын гишүүд хүнд үед нэгдмэл байж, том зургаар харж, ажилласнаараа бид цар тахлыг давж чадсан хэмээн онцоллоо. Мөн Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд өөрсдөө төрийн тендерт оролцохгүй гэсэн улс төрийн том шийдвэрийг парламент гаргаж чадсан. Эрдэнэт, Оюутолгой зэрэг олон асуудалд эрх зүйн хувьд цэг тавьж, Цахим бодлогын байнгын хороо байгуулж, цахим яам байгуулахыг дэмжсэн парламент байлаа хэмээв.

Монгол Улсын Ерөнхий сайдыг үг хэлсний дараа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 126 гишүүн хүлээн авах Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимын засварыг 2024 оны 06 дугаар сарын 28-наар эцэслэн дуусгахыг Тамгын газарт үүрэг болгоод, чуулганыг завсарлуулахдаа үг хэлсэн юм.

Тэрбээр, хаврын ээлжит чуулган ажлын 58 өдөр чуулж, 240 гаруй хууль тогтоомжийг хэлэлцэн баталсан байна…2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан 8 дахь удаагийн парламент ээлжит болон ээлжит бус 12 чуулган, Хүндэтгэлийн 5 хуралдаан хийж, нийт 2200 шахам хууль тогтоомж баталсан байна. Манай парламент батлан гаргасан хууль тогтоомжийн тооноос гадна чанарын үзүүлэлтээр амжилт тогтоосон, ажил хэрэгч парламент байж чадлаа. Ард түмний засаглах эрхийг хангах, шударга ёс, хуулийн засаглал тогтоох шинэчлэлүүд хийж, шударга ёсны төлөөх нийгмийн давалгааг эрх зүйн шинэчлэлээр дэмжсэн нь цэгцрэх хөдөлгөөнийг түрж, түүчээлсэн манлайлал болж чадсан.  Тиймээс шинэтгэгч парламент болж түүхэнд үлдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна… Бидний “томилолтын” хугацаа өндөрлөх дөхөж байна. Намчирхал, талцлыг хойш тавьж, Монголоо сэргээн мандуулах, Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоог эрүүлжүүлэх эрхэм зорилгын төлөө гар, сэтгэл нийлж ажилласан эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Та бүхэндээ болон Монголынхоо нийт ард түмэнд амжилт ялалт, баяр бахархлыг хүсэн ерөөе. Улсын Их Хурлын тухай хуулийн 22.18-д заасны дагуу 2024 оны хаврын ээлжит чуулганыг завсарлуулж байгааг мэдэгдье гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Categories
мэдээ үндэсний-бөx

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан болно DNN.mn

Зургадугаар сарын 8-ны бямба гаригийн 11:00 цагаас Монгол Улсад орчин цагийн Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн зориулсан Үндэсний их баяр наадмын сорилго улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох аж. Барилдах бөхчүүдийн бүртгэлийг авч эхэлжээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

СОНГУУЛЬ-2024: Нэгдсэн болон зурагт самбарын байршлыг тогтоосон сум, дүүргийн ИТХ-ын тогтоол DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгааны нэгдсэн болон зурагт самбар байрлуулах, байршлыг тогтоосон сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой ЭНД дарж танилцана уу.

May be a graphic of 1 person, blueprint, floor plan and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

487 нэгж талбарын 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ DNN.mn

Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Энэ хүрээнд 487 нэгж талбарын 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болжээ.

Тодруулбал төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг өнгөрсөн долоо хоногоос олгож эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2.206 нэгж талбарын 662 иргэн хөрөнгийн үнэлгээг зөвшөөрч, гэрээ байгуулаад байна.

Иймд эхний ээлжид гэрээ байгуулсан 487 иргэний нөхөх олговрыг олгож, 209.544 м.кв буюу нийт 21 га газрыг чөлөөлөхөд бэлэн болсон бол 175 иргэний нөхөх олговрын мөнгийг шилжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн орон сууцны корпораци

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  • “Гепатитын В, D вирусийн халдварын талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Эрүүл мэндийн салбарт процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээ хийсэн талаар
  • Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцын талаар /Эрчим хүчний нүүрсний хангамж, шахмал түлшний талаар/
  • “”Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл /Сүмбэр-Рашаан, Архашаат-Хавирга боомт/ зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.