Categories
мэдээ нийгэм

Тив, дэлхийн аваргын тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдын мөнгөн урамшууллыг олгохоор боллоо DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй тамирчин амжилт гаргаж олимп, тив, дэлхийн хэмжээний спортын тэмцээн, наадмаас медаль хүртсэн тохиолдолд мөнгөн урамшуулал олгохоор Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан байдаг.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 2017-2019 онд дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож, амжилт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн урамшууллыг олгож ирсэн.

Харин үүнээс хойш урамшууллын асуудлыг шийдвэрлэж чадалгүй удааширсан учир тамирчид ХНХЯ-нд энэ талаар удаа дараа хүсэлтээ хүргүүлж байв.

Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын үндэсний хорооны даргын хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах санаачлагыг гаргаж, Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нартай хамтран 2020-2024 онд паралимп, дифлимп, тусгай олимпын тамирчид тив, дэлхий, олимпын зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн 57 тамирчинд дээрх хуулийн дагуу олгох 744.3 сая төгрөгийн урамшууллын асуудлыг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулна DNN.mn

“Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, фермерийн аж ахуй, газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэх чиглэлээр 2327 шинэ хоршоо байгуулагдаж, 175 хоршоо ээл авсан байна. Мөн 78 хоршоонд 216 га газар олгож, 425 өрх малжуулах хөтөлбөрт хамрагдсан байна.
“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, орон нутагт ажиллах, малчдад зөвлөн туслах үүрэг бүхий баг ажиллуулахаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна DNN.mn

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.

Гепатитын D вирусийн халдвар В вирусийн халдвартай хавсарч явагддаг бөгөөд дэлхийд гепатитын В вирусийн халдвартай хүмүүсийн таван хувь орчимд нь гепатитын D вирусийн халдвар хавсарсан байдаг бол Монгол Улсад 36.5 хувь буюу 70 гаруй мянган хүн байдаг нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт юм.
Дэлхий дахинд гепатитын D вирусийг эмчлэх шинэ эмүүдийн нэг бол элэгний эсэд D вирус нэвтрэхийг саатуулах үйлчилгээтэй “Булевиртид” эм юм. Одоогоор энэ эмийг Европын Холбооны улсад болон Оросын Холбооны Улсад эмчилгээнд ашиглаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа DNN.mn

Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэлээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгнэлдэх хүрээлэн, түүний орчмым 12,8 га газрыг Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд авч, ашиглалт, хамгаалалтад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаат хотын Захирагч Х.Нямбаатарт үүрэг болголоо.
Цаашид тус хүрээлэнг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг  эхлүүлэхээр төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 19 хүнийг хар тамхитай холбоотой хэргээр шалгаж байна DNN.mn

Хар тамхи мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой 122 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 19.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Эдгээрээс прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хүрээнд зарим гэмт хэргийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгөв.

Тодруулбал “Дархан-Уул аймагт мансууруулах бодисыг эмнэлгийн байгууллагын ажилтан оролцсон байж болзошгүй, бусдад өгдөг, дамжуулж Улаанбаатарт тээвэрлэдэг, худалдан борлуулдаг таван хүнтэй бүлгийг зургадугаар сарын 4-ний өдөр дайчлан баривчилж, мөрдөн шалгаж байна.

Монгол Улсын нэр бүхийн есөн иргэн бүлэг зохион байгуулалтад орж, синтетик төрлийн их хэмжээний мансууруулах бодисыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын хилийн боомтоор БНХАУ-аас нүүрс тээврийн хэрэгсэл ашиглаж, Монгол Улсад нэвтрүүлж, худалдан борлуулж байсан гэмт хэргийг энэ оны тавдугаар сарын 30-ны өдөр илрүүлж, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Эдгээр этгээд урьд нь мөн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан.

Хүүхэд залуучуудыг мансууруулах бодис хэрэглэхийг далд хэлбэрээр сурталчилдаг олны танил репперүүд бүлэг зохион байгуулалтад орж, мансууруулах бодис хэрэглэж байсныг энэ оны зургадугаар сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баянгол дүүргийн 17, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс баривчилж, мөрдөн шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: “Эхийн алдар” I зэргийн одонд 400 мянган төгрөг, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгоно DNN.mn

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.

Тогтоолыг 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөнө. 

Мөн шаардагдах  хөрөнгийг Монгол Улсын 2025 оны төсөвт тусган шийдвэрлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт даалгалаа.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсантай холбогдуулан “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Тогтоолын төсөлд стратегийн ач холбогдол бүхий Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу 34 хувь байхаар  тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Тогтоолын төсөл батлагдсанаар Цагаан суваргын ордод төр хувь эзэмших шаардлагагүй гэж үзсэн УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний 54 дүгээр тогтоолыг хүчингүй болгох зохицуулалтыг мөн төсөлд тусгасан байна.

Засгийн газар УИХ-тай зөвшилцөний үндсэн дээр “Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг өнөөдөр олон нийтэд нээлттэй мэдээлж байна.

Энд дарж татаж авна уу

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпийн наадамд өрсөлдөх эрх нь баталгаажлаа DNN.mn

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарлалаа.

Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос “Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байна.

Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ. Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн ба “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам” гэж мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аяллын зорилгоо тодорхойлж чадаагүй 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ DNN.mn

Монгол Улс аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, манай улсыг зорих жуулчдын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа.

Үүнийг дагаад Монгол Улсад жуулчлах зорилгоор цахим виз авсан болон визийн шаардлагаас чөлөөлөгдсөн улсын иргэд нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах зэрэг хууль тогтоомж зөрчсөн зөрчил нэмэгдэж, хилээр дээрээс буцаагдсан иргэдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна.

Энэ оны байдлаар ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн 22 улсын 593 гадаадын иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаасан. Сүүлийн хоёр сарын байдлаар хил дээрээс буцаагдсан иргэдийн тоог авч үзвэл БНХАУ-ын 246, БНСУ-ын 86 иргэнийг хил нэвтрүүлэлгүй буцаажээ.

Мөн хяналт шалгалтаар Монгол Улсад улсад аяллын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон зургаан орны 116 иргэнийг Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргалаа.

Иймд гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд гадаадын иргэнийг хууль тогтоомжийн дагуу холбогдох зөвшөөрлийг авч, зорилгод нь нийцсэн визээр урихыг зөвлөж байна.

 

Эх сурвалж: Гадаадын Иргэн Харьяатын Газар

Categories
гадаад мэдээ

“Сибирийн хүч -2” хийн хоолойн хувь заяа DNN.mn

Москватай худалдаж авах байгалийн хийн хэмжээ болон үнийн асуудлаар санал зөрөлдөөнөөс болж “Сибирийн хүч- 2” хийн хоолой барих асуудлаар Хятадтай гэрээ байгуулах Оросын оролдлого зогсонги байдалд оржээ.Энэ тухай “Financial Times” сонин уг хэлэлцээний явцтай танилцсан гурван эх сурвалжаас эш татан мэдээлжээ.

Хятад улс “Сибирийн хүч-2”хоолойгоор нийлүүлсэн хийн төлбөрийг ОХУ-ын дотоодын үнэтэй ойролцоо үнээр авах бодолтой байгаа аж. Үүнээс гадна Бээжин хийн хоолойн нийт хүчин чадлын багахан хэсгийг л худалдаж авахыг хүсч байгаа юм байна. Иймд “Газпром” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Алексей Миллер өнгөрсөн сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг Хятадад хийсэн айлчлалын үеэр дагаж яваагүй нь уг санал зөрөлдөөнтэй холбоотой байсан юм байна.

Дамжуулах хоолойн хэлэлцээр бол Путин Хятадын удирдагч Си Жиньпинтэй хийсэн уулзалтынхаа үеэр хэлэлцсэн гурван гол сэдвийн нэг байсан гэж “Financial Times” сонин мэдээлжээ. Мөн энэ асуудлаас гадна Оросын Холбооны Улс Хятадын банкуудын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, Бээжинг энэ сарын дундуур Швейцарьт болох Украины энхийн бага хуралд оролцохгүй байхыг хүссэн гэж уг сонин мэдээлжээ.

Колумбын их сургуулийн дэлхийн эрчим хүчний бодлогын төвийн судлаач Татьяна Митрова “Fi­nancial Times”-д өгсөн ярилцлагадаа “Газпром”-ын Алексей Миллер ийм чухал айлчлалд оролцоогүй нь “маш ноцтой шинж тэмдэг” гэжээ. Үүний зэрэгцээ “Сибирийн хүч-2”-ын талаар Бээжин хатуу байр суурь баримталж байгаа явдал нь Орос Украиныг эзлэн түрэмгийлснээр Путин эдийн засгийн хувьд Бээжингээс улам бүр хамааралтай болгож байгааг батлан харуулж байна гэж тус сонин онцолжээ.

 

 

Г.АМАРСАНАА