Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусаар зорчиж буй иргэдийн толгойг тоолох систем өнөөдрөөс ажиллаж эхэлнэ DNN.mn

Нийтийн тээврийн автобусны орох, гарах хаалганы дээд талд “UBCARD” буюу иргэдийн толгой тоолох төхөөмөрмжийг суурилуулна гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээлж байв.

Улмаар өнгөрсөн саруудад туршилтын журмаар зарим автобусанд толгой тоолох төхөөрөмжийг суурилуулаад байсан ба өнөөдрөөс эхлэн автобусаар зорчиж байгаа иргэдийн толгойг тоолж эхэлж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

V сургуулиас МУИС хүртэлх замыг хааж, засварлана DNN.mn

Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Нэгдсэн үндэсний гудамж буюу тавдугаар сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг түр хааж, засварлана.

Тодруулбал, зургаадугаар сарын 8-ны өдрийн 23:00 цагаас 10-ны 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилт болон тэмдэг, тэмдэглэгээний ажлууд хийгдэх юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Дунд голын голдирол хааж барьсан барилга, байгууламжийг буулган зөрчлийг арилгуулж байна DNN.mn

Үерийн эрсдэлтэй бүсэд голын голдирол өөрчлөн барьсан барилга, байгууламжийг мэргэжлийн байгууллагын дүгнэлтэд үндэслэн үе шаттай буулгах ажлын хүрээнд “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд ажиллалаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Гурвалжингийн гүүрний зүүн талд Дунд голын голдирол хааж “Эн Өү Ти Эс” ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчил арилгуулж байна. Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд голын голдирлыг хааж хашаагаа хэтрүүлэн барилга, байгууламж барьж, чингэлэг байршуулсан “Авто терминал трейд” ХХК-тай зөвшилцөн, зөрчлийг арилгаж дуусгасан юм. Түүнчлэн Дунд голын бургасан дотор байшин барьсан иргэний зөрчлийг арилгуулахын зэрэгцээ стандартын бус гүүрнүүдийг буулгаж, хог хаягдлыг тээвэрлэж байгаа юм. Үүний дараа үерийн далан барих, барилга, байгууламжийг хүчитгэх ажлуудыг шат дараатайгаар хийнэ.

Энэ талаар “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-ын ерөнхий инженер С.Батсайхан “Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа, барилга, байгууламж барьж үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлж буй. Энэ хүрээнд Дунд голын үндсэн гольдролыг хааж шороо асган барилга, байгууламж барьсан зургаан байршил байна. Өнөөдрийн байдлаар хамгийн сүүлийн байршил болох “Эн Өү Ти Эс” ХХК-ийн барьсан хашаа, барилгыг буулгаж, зөрчлийг арилгуулж байгаа юм. Зөрчлийг арилгуулсны дараа үерийн хамгаалалтын барилга, байгууламжийг хүчитгэхээр ажиллаж байна. Тодруулбал, Дунд голын голдирол өөрчлөн барьсан “Шунхлай” шатахуун түгээх станцын чөлөөлсөн хэсэгт 200 метр гаруй үерийн далан сувгийг хүчитгэх, налуу даланг хавтанжуулах болон босоо түшиц ханыг 40 метр газар цутгаж буй. Түүнчлэн Жаргалантын үерийн хамгаалалтын сувагт 1800 метр далан барьж байгуулахаар төлөвлөсөн. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн засвар арчлалтын ажлын хүрээнд 500 метр орчим далангийн эргийн бэхэлгээ хийх ажлуудыг төлөвлөгөөний дагуу хийж байна” хэмээлээ.

Ташрамд, Улаанбаатар хотын хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж буй 3,300 иргэн, аж ахуйн нэгж байгаагаас 256 нь аж ахуйн нэгж байна.

 

Categories
мэдээ нийгэм

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно DNN.mn

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, зургаадугаар сарын 7-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Халх голын сав газраар, зургаадугаар сарын 8, 9-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ голын бэлчирээр, зургаадугаар сарын 10, 11-нд нутгийн хойд хэсгээр, зургаадугаар сарын 12-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 13-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 14-нд нутгийн зарим газраар, зургаадугаар сарын 15, 16-нд нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно, Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх төлөвтэй байна.

Иймд:

-Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах,

-Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийгээ салгаж, эд зүйлсээ аль болох өндөрлөг газар байрлуулах,

Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,

-Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Олонтойгоо явахад болно доо DNN.mn

Аль ч улс орны Батлан хамгаалах яам нь Үндэсний аюулгүй байдлын баталгаа байдаг. Тийм болохоор бусад салбарууд шиг шагшаан шуугиангүй. Мэдлээ, гүйцэтгэе гэсэн хоёрхон командаар ажил нь явагддаг. Хэр баргийн аавын хүү ч зүтгэдэг салбар биш. Улс орны эрх ашгийн үүднээс нээлттэй байх боломжгүй юм. Ийм байх тусам нь Батлан хамгаалахын дэд сайд Батсүхийн Баярмагнайтай ажиллаж байгаа салбарынх нь талаар ярилцмаар санагддаг. Хүмүүсийн анхаарлыг гойд татах нь тодорхой. Бүх цаг үед улс орны тусгаар тогтнол, Аюулгүй байдал, гадаад дотоод нөхцөл байдал нь ард иргэдийн мөнхийн сонирхол, анхаарал татсан сэдэв нь байж ирсэн.

Б.Баярмагнай хааяа нийгэмд шуугиан болж буй зарим асуудлаар байр сууриа илэрхийлдэг. Тийм үедээ “Үндэсний гэсэн юм бүгд рүү маань дайрч давшилж, үгүйсгэж байгаа үйлдэл бүрийн цаана санаатай, санамсаргүйн тухай Та нар минь бодож, тунгаацгааж байгаарай…” гэх ерөнхий зүйл л хэлдэг. Гэвч хальтхан юм шиг хэлсэн энэ үгэнд л маш их үнэ цэнэ хадгалагдсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын баталгааг хэлсэн байна шүү дээ. Хамгийн хангалттай хэлэх боломж нь л энэ. Энэ улс оронд чухам юу нь болж байгаа, юу болохгүй байгаагийн учир шалтгааныг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг байж болох ч үүнээс цаашихыг тэр ярих боломжгүй, тийм хуулийн хил хязгаартай сайд билээ.

Уг нь хуулийн мэдлэгтэй, улс төр хийгээд төр засгийн ажлын туршлагатай, өөрийгөө боловсруулсан түүн шиг улстөрчид нийгэмд идэвхтэй ярьж, асуудлыг хэлэлцэж баймаар санагддаг. Ийм мэдлэг, мэдээлэлтэй улстөрчид нь ярихгүй болохоор л нийгэмд бодитой мэдээлэл харьцангуй хомс байна. Гэхдээ нийгэм эдийн засаг, төсөв санхүү, инфляци, валютын нөөц… гээд хүн бүр шахам ярьдаг зүйлийг Б.Баярмагнайгаас би лав сонсмооргүй байдаг. Харин геополитик, түүний нөлөө, глобал ертөнцөд Монгол Улс цаашид хэрхэн явах зураглалын талаар хангалттай сайн мэдээлэл сонсмоор санагддаг. Монголчууд мэдэх эрхтэй. “Өнөөдөр бид яг ямар байгаа юм, бид юуг анхаарч, юунаас сэргийлж, цаашид Монголын гэсэн үнэ цэнэ, оршин тогтнохуйн хил хязгаараа яаж авч явах ёстой юм зэрэг асуудлаар яриад өгөөч, Б.Баярмагнай сайд аа” гэж гуймаар байна. Түүнийг яриулахын учир гэвэл тэр ерөөсөө дүгнэлт хийдэггүй. Тийм нэг хэрсүү. Харин өөрийг нь сонссон хүмүүст дүгнэлт хийх боломж олгодог. Өгсөж “барилдах” улстөрчдийн хандлага, үзэл бодол бол бусдад бүх талын боломж нээх, хүмүүст өөрийнхөөрөө бодож сэтгэх эрх чөлөө нээхэд оршдог. Б.Баярмагнайгийн байр суурь яг тийм. Түүний ярьсан нь нийгэмд сэдэв болох албагүй ч, харин түүнээс авсан мэдээлэл хүнд нэгийг бодогдуулах, ойлголтыг нь гүнзгийрүүлэхээр байдаг нь урамтай.

Их сургуулийн дипломоо өвөртлөөд л маргаашаас нь төрийн албанд зүтгэж өнөөдөрт ирсэн Батсүхийн Баярмагнайг сэтгүүлчийнхээ хувьд би тодорхойлох ёстой. Тэр өнөөдөр Монгол Улсын Батлан хамгаалах салбарын удирдах бүрэлдэхүүнд байна. Б.Баярмагнай цэргийн алба хаахын ач холбогдол, үнэ цэнийг тодорхойлохдоо, “Тусгаар тогтносон улс орны хамгийн тод нүүр царай бол Батлан хамгаалах салбар, цэрэг арми нь юм. Мэдээж цаг үеэ дагаад цомхон, чадварлаг, зохион байгуулалт сайтай арми байх ёстой. Цөөнгүй улс оронд бүх хүн цэргийн алба хаадаг. Дэлхийн улс орнуудад залуус цэргийн алба хаах нь өндөр ач холбогдолтой, өөрт нь маш их боломжийг нээж өгдөг болжээ. Монголын залуус дэлхийн мэдээлэлтэй болчихсон энэ цагт энэ ач холбогдлыг олоод харчихсан, мэдэрчихсэн байна. Яаж мэдрэгдэж байна гэхээр цэрэгт явах, оюутан цэрэгт алба хаах сонирхолтой хүүхэд залуусын тоо эрс нэмэгдсэн. Наад зах нь л амьдрал дээр цаг барихыг арми сургадаг. Өглөө 6 цагт босохоос эхлээд удирдах, удирдуулах ёс, хүнээс үг сонсох, ах захаа хүндлэх, эрэмбэ дарааллаа мэдэх, үүрэг хариуцлага хүлээх, оюуны болон биеийн хат суух гээд гэр бүл, сургуулийн орчноос олж авахгүй олон сайн зуршлыг цэргийн албанаас өнөөдөр авч байна” гэж дүгнэжээ. Гэхдээ түүний салбарынхаа талаар хэлсэн тодорхойлолтуудаас, “Ерөөсөө Батлан хамгаалах яам нь том зургаараа сайн монгол хүнийг, эх оронч эр хүнийг, монгол өрхийн тэргүүнийг бэлдэх ёстой гэсэн концепциор ажиллаж байна” гэсэн үг нь онцгой содон тусдаг. Хүмүүсийн анхаарлыг татдаг. Орчин цагийн цэрэг армийн бодлого цаг үеэ даган өөрчлөгдөж, илүү иргэний төлөвшил, ёс суртахуун, эх оронч үзэл рүү чиглэсэн болохыг түүний энэ үгнээс ойлгож болно.

Б.Баярмагнай хуульч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль зүйн сургууль, АНУ-д Олон улсын хүний эрхийн чиглэлээр суралцсан. МУИС-ийн оюутан байхаасаа тэрбээр өнөөдрийн МАН-ын Оюутны байгууллагын удирдагчдын нэг, мөн Залуучуудын байгууллагыг нь ч толгойлсон. Тухайн үеийн төрийн удирдлагууд болон өнөөдөр Монголын төрийг удирдаж байгаа хүмүүстэй бүгдтэй нь хамтарч ажилласан. Б.Баярмагнай хар залуугаараа нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллаж, гадаадад суралцахаар явахдаа төрийн удирдах албыг нэр төртэйгөөр өгсөн байдаг юм. Түүнээс хойш цаг хугацаа нэлээн өнгөрлөө, түүний нэр муу зүйлтэй холбогдсонгүй. “Яасан эрт том дарга болсон хүүхэд вэ, том даргын хүүхэд үү, том хүний цүнх баригч уу” гэж харддаг нь өнөөдрийн нийгмийн өнгө. Үүнд хариулах ёстой. Тэр том даргын хүүхэд биш ээ, том даргын туслах ч биш. Жирийн нэг сэхээтний хүүхэд. Аав нь Булган аймгийн Дашинчилэн сумын Лахын хөндийн хүүхэд. Ээж нь Говь-Алтайн Баян-Уулын уугуул. Аав, ээжийгээ Хөвсгөл аймагт ажиллаж амьдарч байх үед Б.Баярмагнай Мөрөн суманд төрж өссөн нэгэн. Унасан газар, өсөж торнисон газар шороо нь Мөрөнгийн ногоон дэнж юм.

Түүний төрийн ажлын замнал үргэлж “Багаар ажиллах” гэсэн зарчим дээр л явж ирсэн. Магадгүй өнөөдөр улс төрд идэвхтэй ажиллаж, амьдарч байгаа залуус дотор түүн шиг хамгийн том баг, хамт олонтой улс төр хийж байгаа нь цөөхөн байх. Итгэл даасан журмын олон нөхөдтэйгөө хамт чамгүй он жилийг туулж өнөөдөрт ирсэн нь Б.Баярмагнайгийн онцлог. Ямар ч цаг үед тэр нөхдөөсөө урваагүй. Түүний үзэл бодол, төлөвшил бол “Олонтойгоо явахад болно доо” гэсэн гурван үгэнд л багтдаг. Тэр хүнтэй хөндий хүйтэн харьцдаг нэгэн биш. Өнөөдөр хэн нэг найз нь гуньж гутарч явбал тэр дэргэд нь байж л байдаг. Амьдралд юу эс тохиолдох билээ, өвчин зовлон, өнчрөл хагацал… Эдгэрэшгүй өвчин туссан найзыгаа эцсийн мөч хүртэл тэр л Цэргийн эмнэлэгт асарч, хань ижил, үр хүүхэд, хөөрхий ээжид нь хань болж зогссоныг олон нөхөд нь мэднэ. Ийм л хэцүү бэрхийн дунд эр хүний чанар танигддаг болохоор түүнийг маш олон залуус хүрээлж, хүндэтгэлтэй хандаж ирсэн нь түүний үнэ цэнэ юм.

Б.Баярмагнай тасралтгүй төрийн өндөр алба хашиж ирсэн биш шүү. Америкт сургуулиа төгсөж ирээд л үндсэндээ ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн. Нам нь сонгуульд ялж, төрийн эрх барьж байсан ч түүнийг эх орондоо ирэх үед намын бүх боловсон хүчин байр байраа эзэлсэн байлаа. Тийм болохоор тэрбээр төрийн ордон, намын байраар гүйсэнгүй. Гүйвэл бүх найз, намын ах нар нь төрд байлаа. Тэр зүгээр хувийн хуулийн фирмдээ сууж, ном орчуулж, найз нөхөдтэйгөө баг бүрдүүлэн 21 аймгаар явж “Мартагдах учиргүй маргааш” гэсэн хөгжлийн лекц уншсан юм. Б.Баярмагнайгийн боловсруулсан тэрхүү хөгжлийн лекцийг сонссон хүн бүрийн нүд нээгдэх шиг болдог. “Мартагдах учиргүй маргааш” лекцийн үндсэн үзэл санааг түүний өөрийнх нь товчилж хэлснээр хүргэе. Тэрээр “Монголчууд бид юу алдаж байгаа вэ, бид юуг эрхэмлэх ёстой вэ гэсэн сэдвээр тоо баримттай, харьцуулалттай, судалгаатай бэлдсэн лекц юм. Өнөөдөр нийгэмд хурцаар яригдсаар байгаа сэдэв бол бид бие биендээ итгэл алдарсан явдал юм. Жишээ нь, бид эрүүл мэндийнхээ салбарт итгэхгүй ямар их хөрөнгийг Солонгос болон бусад улс орон руу урсгаж байна вэ. Тухайн үедээ буюу 2017 онд 180 орчим сая ам.долларыг монголчууд бид эрүүл мэндээ эмчлүүлэхээр Солонгост зарцуулсан байна. Төр засаг нь Эрүүл мэндийн системээ сайжруулаад, иргэд энэ салбартаа итгээд эхлэх юм бол тэр хэмжээний хөрөнгө мөнгийг Монголдоо шингээж, маш сайн боловсон хүчин, технологийг эх орондоо бий болгож чадах тухай лекцэнд байгаа. Бид өөрсдөдөө итгэхдээ тааруу ард түмэн болсон байна. Төр нь иргэддээ итгэх, иргэд нь төрдөө итгэх асуудал өнөөдөр маш чухал. Хөгжил гэдэг бол хүн юм байна. Энэ дотроо хүн хүндээ итгэх итгэл маш том хүчин зүйл. Өнөөдөр та харж байгаа биздээ. Итгэл алдрахын хэрээр том үнэт зүйлээ бид алдаж байгаа. Улс орныг хөгжүүлэх, өөрсдийгөө хөгжүүлэх, хамтдаа хөгжих тэр бүх боломж, цаг хугацааг улам хойшлуулж байдаг хүчин зүйл нь итгэл алдрах. Үүнд төрд ажиллаж байгаа бид бүхэн анхаарч, хичээж ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын Монголд итгэх итгэл сэргэлт муутай байна. Бүх бэрхшээлийг даван туулах хүч нь бидний бие биендээ итгэх итгэл юм шүү гэдгийг лекцээрээ хэлэхийг зорьж 21 аймгаар тойрсон. БНСУ-ыг өнөөдрийн хөгжилд хүрэх эхлэлийг тавьсан Ерөнхийлөгч Пакийн түүх их сонирхолтой. Тухайн үедээ Хан мөрөн дээгүүрээ том гүүр тавих асуудал солонгосчуудын дунд яригдсан. Ерөнхийлөгч Пак бол “Энэ гүүрийг заавал солонгос хүмүүс барих ёстой” гэсэн ганц шаардлага тавьсан байдаг. Ингээд Хан мөрөн дээгүүр гүүр тавихын тулд гурван жил ноцолдохдоо олон удаа нурж, олон хүний амь нас эрсдэж, маш их асуудал дагуулсан. Гэвч солонгосчууд шантралгүй зүтгэсээр өөрсдийн гараар гүүрээ барьж чадсан. Барьж дууссаны дараа Солонгос даяар баяр хөөр болсон байдаг. Тэр нь юу гэхээр Солонгосын ард түмний өөртөө итгэх итгэл сэргэсэн гэсэн үг. “Солонгос хүн чадлаа”, “Солонгос хүн бүгдийг чадна” гэсэн үндэсний итгэл сэргэсэн тэр өдрийг баярын өдөр болгож Солонгос даяараа тэмдэглэсэн. Улс орнууд үндэсний итгэлээ сэргээхийн тулд ингэдэг байх нь. Бидэнд энэ дутаж байгаа. Бид өөрсөндөө итгэхгүй, бие биедээ урам өгөхгүй байгаа нь их гунигтай. Угтаа бол өнөөдөр монголчууд төр засагтаа итгэх, аж ахуйн нэгждээ итгэх, ингэж чадсан цагт Монгол Улсад бусад улс орнууд итгэдэг болно”.

Б.Баярмагнай Америкаас ирээд ийм л илтгэл тавьж, орон нутгаар явж хэлэлцүүлсэн дээ. Өөрийн мэдлэг боловсрол, туршлага, энэ бүгдээ академик түвшинд боловсруулж, хөгжлийн илтгэл болгосон нь энэ. Том зургаараа бол түүнд улс орны хөгжлийн ирээдүйн талаар зөв онош, хувь хүний хөгжлийн талаар өөрийн гаргалгаа, улс орныг цааш авч явах бодлого, хөтөлбөр бий. Наад зах нь энэ лекцээс нь харагдаж байдаг юм.

Түүний энэхүү “Монгол хүн, монгол хүндээ итгэх” үзэл санааг дэмждэг, итгэл үнэмшлээ болгосон залуусын бүхэл бүтэн арми бий. Тэд бүгдээр Монголын нийгмийн салбар бүрт ажиллацгааж байна. Яг үнэндээ тэрбээр намын зарим удирдлагадаа шүүмжлэлтэй хандаж ирсэн залуу шүү дээ. Гэвч түүнийг дуудаж авчраад л албан тушаалд тавьдаг. Хариуцлага үүрүүлдэг. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны бодлогын гол цөмд байгаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын нэг хэсэг болох “Хөдөөгийн сэргэлт”-ийн Ажлын хэсгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Б.Баярмагнайд хариуцуулсан. Ийм том үүрэг хариуцлагыг Монголын төр туршлагатай, мэдлэгтэй хүнд даатгана.Төрийн ажлыг дүүргээс эхэлсэн. Дүүргийн Засаг даргын орлогч, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын Олон нийтийн байгууллагуудын удирдах бүрэлдэхүүнд ажилласан. Б.Баярмагнайгийн энэ тодорхойлолт нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хангалттай итгэл, ноён нуруу болж байгаа нь тодорхой. Түүнийг Засаг даргаар нь ажиллах үед Сүхбаатар дүүрэг бол Улаанбаатар хотын хамгийн хөлтэй, хөдөлгөөнтэй, асуудал ихтэй дүүрэг байсан шүү. Баг хорооны ажил амьдралтай анхан шатнаас нь зууралдсан тэрээр иргэдийн амьдралыг чамгүй гадарлана. 120 мянга орчим хүний асуудал дүүрэгт байсан. Эрүүл мэнд, боловсролоос эхлээд гэмт хэрэг, хог тоостой нь хүртэл хутгалдаж, шийдэж ирсэн. Анхан шатанд ажиллах, иргэдтэй ойр, ард иргэдийнхээ дунд ажиллах нь маш их мэдлэг мэдээлэл өгдгийг тэр ярьдаг.

Ганцаараа амжилтад хүрэх, ганцаараа бүгдийг хийж бүтээх тухай ойлголт ардчилсан нийгэмд байхгүй. Сайн найз нөхдийн хүрээлэл дунд, олны дунд хүн шиг хүн болж төлөвших тухай ойлголт л түүнд бий. Батсүхийн Баярмагнайгийн хувьд “Итгэл, үнэмшил хоёр байхгүй болсон цагт тухайн нийгэм задардаг” гэсэн үгийг үргэлж санаж сэрж явдаг нэгэн. Тэрээр “Бид энэ хоёр зүйлийг алдаж болохгүй. Улс орон хөгжихөд хүн бүрийн оролцоо чухал гэдгийг бүгд ухамсарлах цаг болсон. Ажиллаж, амьдарч байгаа орчиндоо, хот, аймаг, сум, баг, хороо… байгаа бүх газартаа хүмүүс өөрсдийгөө зөв аваад явдаг, бусдыгаа дэмждэг байж л хамтаар хөгжих тухай асуудал яригдана. Хамтдаа урагшлах тухай итгэл үнэмшил төрнө. Хаа хаанаа хэлсэн ярьсан зүйлээ хэрэгжүүлж чадахгүй болохоор л итгэл алдардаг. Үг, үйлдэл, үр дүн гурав яв цав нийцэдэг байх ёстой. Энэ зарчим бол миний хар багаасаа барьж ирсэн зарчим. Итгэлийг сэргээх хамгийн чухал зүйл бол энэ гурав шүү. Хүн бүр энэ зарчмыг баримтлаад явчихвал итгэл сэргэнэ. Улстөрчдөд бүр ч хамаатай зарчим. Үг, үйлдлийнх нь ард үр дүн нь тэс ондоо гарахаар л ард түмний итгэл унтарчихаж байгаа юм” хэмээн улс төрийн зарчмаа тодорхойлдог билээ.

Түүнээс тодорхойгүй, эргэлзээтэй, бүрхэг гэх цаг хугацаа харагддаггүй. Ямар гэр бүлд төрж өссөн, ямар сургуулиар боловсрол эзэмшсэн, төрийн ямархан мерит зарчмаар өгсөж, уруудсан, ямар найз нөхдийн хүрээлэл дунд ажиллаж амьдардаг, эрхэмлэдэг үнэт зүйлс нь юу юм… бүх зүйл нь тодорхой. Тэр ирж яваа улс төрийн халуун өдрүүдийг бас тодорхойлохдоо, “Би нийгэмд, сонгогчдод улс орны хөгжлийн гарц, хөгжлийн бодлого, шийдэл, төлөвлөгөөг л танилцуулах ёстой. Миний бодлого иргэдэд таалагдвал тэд намайг сонгоно. Таалагдахгүй бол тэр л биз. Мэдээж би бодлогоо нийгэмд, сонгогчдодоо, иргэдэд хүргэхийн тулд дэд бүтэц хэрэгтэй, ухуулагчид хэрэгтэй, хэвлэл мэдээлэлд хандах үүрэгтэй. Түүний санхүүжилтийг надад итгэж байгаа хүмүүс хандивлана. Ер нь гарааны нөхцөл хийгээд миний улс төрд бэлэн эсэх их тодорхой шүү дээ. Надад итгэх л ёстой. Би тийм итгэлийг төрүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн байх ёстой. Үүний төлөө л хандив, бас сонгогчийн санал ирнэ. Ийм л энгийн логик дээр улс төр хийх нь зөв. Мэдээж сөрөг зүйлс их. Тэр бүгдийг ухаалгаар л давах нь хувь улс төрчийн амаргүй, тэгсэн хэрнээ туулах ёстой замнал шүү дээ…” гэж.

Ийм л нэг улс төрийн дүрийг Та бүхэнд хүргэж байна. Түүнээс худал үг, хуурамч дүр гарахгүй гэдэгт олон жил ойр явсан нэгний хувьд итгэдэг. Итгэлцлээр бид олон хаврыг хамтдаа туулжээ. Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлын төлөө цуцалтгүй тэмцсэн Хотгойдын Чингүнжав, Цогт хун тайж, Чин ван Ханддорж, Лхамсүрэнгийн Энэбиш… энэ бүх зоригт аавын хөвгүүд Монголыг өнөөдөрт авчирсан. Тэд сайн нөхдийн хамтаар, тэдний дэмжлэг, бас хүчээр Монгол Улсыг зуун зуун дамжуулан авч явсан. Эдгээр эх орончдын ялгуулсан замналаас юу харагддаг вэ гэвэл нөхдөдөө итгэсэн итгэл харагддаг. Бас маргаашдаа итгэсэн гайхамшигт түүх л уншигддаг. Ийм л ихэс дээдсийн алтан шарил хадгалагдсан уул ус, тэмцэж хамгаалсан эх орныг өнөө цагт залгамжлан авч явах ёстой залуу үе нэгэнт гарч иржээ. Одоо ачааны хүндийг хүссэн хүсээгүй тэд үүрнэ. Өөр хэн гэж. Тийм л зам дээр зогсож байгаа залуусын нэгийг та бүхэндээ танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргаашнаас хуучин зохицуулалтаар явуулна DNN.mn

Нийслэлийн Засаг даргын “Замын хөдөлгөөнийг зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны гуравдугаар сарын 9-ний өдрийн захирамжийн хүрээнд Зайсан тойруу болон Дүнжингаравын замын зарим хэсгийг нэг чигийн хөдөлгөөнд оруулж, ХААИС-ийн зүүн хойд уулзварын хөдөлгөөн зохион байгуулалтыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн.

Ингэснээр Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувиар, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувиар, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн.

Гэвч Зайсан тойруу орчимд амьдардаг иргэдээс тус шийдвэрийг цуцлах албан бичиг ирүүлсэн юм. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор ХУД-ийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүсжээ.

Тиймээс Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авахад оролцогчдын 80 орчим хувь нь цуцлахыг дэмжсэн юм.

Иймд “Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болголоо. Зайсан тойруугийн замын хөдөлгөөнийг маргааш буюу зургаадугаар сарын 8-ны өдрөөс хуучин зохицуулалтаар явуулна. Хуучин зохицуулалтаар явснаар оройн оргил ачааллын цагийн үеэр хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж замуудад ачаалал үүсэж болзошгүйг холбогдох албаны хүмүүс хэллээ.

Categories
мэдээ улс-төр

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилна DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит 2024 оны 06 дугаар сарын 11-12-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит-тэй албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааны талаар санал солилцоно.

Энэ айлчлал нь БНАЛАУ-ын төрийн тэргүүний түвшинд 2007 оноос хойш буюу 17 жилийн дараа болох бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 онд Лаос Улсад хийсэн төрийн айлчлалын хариу айлчлал юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх даваа гаригаас халуун ус хязгаарлах байршил DNN.mn

2023-2024 оны халаалтын улирал тавдугаар сарын 15-ны өдөр дууссан.

Үүнтэй холбогдуулан айл өрх, ААН, байгууллагын халаалтыг зогсоож ирэх оны халаалтын улирлыг саадгүй давах, өвөлжилтийн бэлтгэл ажлыг эхлүүлсэн. Нийт найман багц засварын ажил төлөвлөснөөс эхний хэсгүүдийн засварын ажлууд үргэлжилж байна. Иймд зарим хороолол, хотхоныг хэрэглээний халуун усыг түр хугацаагаар хязгаарлаж буй. Тэгвэл ирэх даваа гарагаас буюу зургадугаар сарын 10-наас зургадугаар сарын 24-нийг хүртэл 14 хоног халуун ус хязгаарлах байршлуудыг хүргэж байна.

Үүнд:

  • БӨҮР, Говь-2 ХК орчим,
  • Вива сити, Шинэ яармаг хорооллууд, ХУД-ын нэгдсэн эмнэлэг, Нийслэлийн шинэ төв Хангарьд орчмын хэрэглэгчид,
  • “Говь” ХК, “Натур агро” ХХК, Вокзал, Богд ар хороолол, 2-р хороолол орчим,
  • Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын орон сууцны хороолол,
  • ХУД-ын нэгдсэн эмнэлэг, Арьс ширний үйлдвэрийн район, 19-р хороолол орчмын хэрэглэгчидийн халуун усыг хязгаарлана.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өчигдөр мотоциклтой хос аянгад цохиулж, эхнэр нь нас баржээ DNN.mn

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо ойр ойрхон орж байна. Өчигдөр /2024.06.06/ үдээс хойш аянга цахилгаантай түр зуурын усархаг бороо орсон. Энэ үеэр нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт золгүй явдал болжээ.

Тодруулбал, гэр бүлийн хоёр мотоциклтой зорчих үеэр аянгад өртөж, эхнэр нь нас барж, нөхөр нь түлэгдсэн байдалтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн иржээ.

Аянга цахилгаантай бороо орж байх үеэр хэрхэн аюул эрсдэлээс сэргийлэх талаар товч зөвлөмж хүргэе.

  • Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу
  • Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй
  • Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холд
  • Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож хоёр хөлөө нийлүүл
  • Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр
  • Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь
  • Морь, мотоцикль, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хая
  • Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай компьютер, гар утас зэрэгт хүрч болохгүй
  • Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас
  • Цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.
Categories
мэдээ улс-төр

СЕХ: Бүртгэл, цагдаагийн байгууллагад нээлттэй ажиллах чиглэл өгөв DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг хэвлэл мэдээлэл, олон нийтэд өгч, нээлттэй ажиллах чиглэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран хорооны гишүүдэд өгөв. Тухайлбал, сонгогчдын нэрийн жагсаалт болон бүртгэлтэй холбоотой системийн талаарх  мэдээллийг олон нийтэд тухай бүр шуурхай хүргэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханд,  сонгуультай холбоотой зөрчил, маргаан, хэргийг шалгаж, шийдвэрлэж байгаа талаар хэвлэл мэдээллийн байгууллага, иргэдэд шуурхай мэдээлэхийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн,  Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболд нарт тус тус даалгав.