Ерөнхийлөгч Жо.Байден Цагаан ордны Зууван танхимд “Time” сэтгүүлийн Вашингтон дахь товчооны дарга Массимо Калабреси, ерөнхий редактор Сэм Жейкобс нарт ярилцлага өгсөн юм байна.
Тэгвэл “Тайм” сэтгүүл АНУ-ын ерөнхийлөгч Жо.Байдентай хийсэн ярилцлагаа нийтэлжээ. Ярилцлагын үеэр Байден Хятад, Тайвань,Украин, Израилийг багтаасан гадаад бодлогынхоо талаар дэлгэрэнгүй ярьж, улиран сонгогдох гэж байгаа өндөр
насандаа санаа зовж байна гэжээ. Трампын үйлдэл, мэдэгдлээс болж дэлхий Америкт итгэх итгэлээ алдсан гэж Жо.Байден энэхүү ярилцлагадаа онцлон дурджээ. Ерөнхийлөгч өөрийн хүч чадал, чадвартаа илүү итгэлтэй байж чадахгүй байгаа бөгөөд алдаатай ярьж, бүдэрч бас амархан ядарч байсан ч шинэ хугацааг даван туулж чадна гэж мэдэгджээ. Ярилцлагын үеэр түүнээс “Украин дахь дайны төгсгөл гэж юу вэ, дэлхий үүнийг хэрхэн харж байна вэ?” гэж асуухад Байден “Энх тайван гэж Орос Украиныг хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч, хэзээ ч (дөрвөн удаа давтан хэлэв) эзлэн авахгүй гэсэн баталгаа бий болохыг хэлнэ. Дэлхий ийм л байдлыг хүлээж байна. Энэ нь Украин НАТО-гийн нэг хэсэг болно гэсэн үг биш юм. Энэ нь бид бусад улстай адил тэдэнтэй харилцаж, өөрсдийгөө хамгаалах зэвсэг нийлүүлсээр байх болно гэсэн үг.
Иймээс би Украиныг НАТО-д элсэхийг дэмжихэд бэлэн биш байна гэж хэлсэн” гэж хариулжээ. Украин НАТО-д гишүүнээр элсэхийг эртнээс эрмэлзсээр ирсэн ч энэ асуудал эвслийн зарим гишүүдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа билээ. Тухайлбал, өнгөрсөн зун Вильнюс хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины удирдлагуудын урам хугалсан мэдэгдэл гарч, “Украины ирээдүй НАТО мөн. Гэхдээ бид цаг нь ирэхээр Украиныг НАТО-д нэгдэх урилга илгээх байр суурьтай байна. Гишүүн улсууд ч болзол хангагдсан тохиолдолд энэ асуудлаар зөвшилцөх болно” гэж мэдэгдсэн юм. Мөн Орос улс 2021 оны 12 дугаар сард АНУ болон НАТО-д Украин, Гүржийг хэзээ ч НАТО-гийн гишүүн болгохгүй гэсэн баталгаа шаардаж үүнийгээ хожим дайн хийсэн нэг шалтгаан болгож байсан юм. Оросын эрх баригчид энэ шаардлагаасаа өнөөдөр ч татгалзаагүй байна. Энэхүү ярилцлагын үеэр ерөнхийлөгч Байден “Хятад улс АНУ-ын сонгуульдхөндлөнгөөс оролцож байгааг нотлох баримт бидэнд бий” гэж хэлсэн нь судлаачдын анхаарлыг гойд татаж, тэдний хэлэлцүүлгийн шинэ сэдэв болоод байна.