Categories
мэдээ цаг-үе

Маргааш дараах байршлуудад халуун ус хязгаарлана DNN.mn

Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалтыг өнгөрсөн сарын 15-наас зогсоож, засварын ажлыг эхлүүлээд байгаа билээ. Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил өнгөрсөн тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай. Хуваарийн дагуу маргаашаас Яармаг хэсэгт буюу Вива сити, Шинэ Яармаг хороолол болон Хан-Уул дүүргийн зарим хороодод 14 хоног халуун ус хязгаарлана. Мөн өөр хэд хэдэн байршилд төлөвлөгөөт засвар 20 хоногийн хугацаанд хийх юм байна. Иймд графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлана.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойд бугын эвэр түүхээр явж байсан иргэн баавгайд бариулж нас баржээ DNN.mn

Ойд явж байсан иргэн баавгайд бариулж нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн, “. Өнгөрсөн тавдугаар сарын 31-ний өдөр энэ тухай дуудлага аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн. Алба хаагчид хэргийн газарт машинтай очих боломжгүй байсан тул 100 гаруй км замыг мориор туулж очсон. Мөрдөн шалгах ажиллагаагаар тус аймгийн харьяат, 50 настай иргэн энэ оны тавдугаар сарын 20-ны өдөр бугын эвэр түүхээр Цагаан-Үүр суманд очиж, тавдугаар сарын 27-ны өдөр ойд явж байхдаа баавгайд бариулж, амь насаа алдсан байдал тогтоогдсон. Иймд аялал жуулчлалын улирал эхэлсэн энэ үед зарим иргэн ан гөрөө хийх, эмийн ургамал түүх зорилгоор баталгаагүй замаар явж, амь нас эрүүл мэндээрээ хохирох эрсдэл байдаг тул өөрийн болон бусдын аюулгүй байдлыг сахин хамгаалахыг сэрэмжлүүлж байна” гэв.

Categories
гадаад мэдээ

Турк улс Хятадад үйлдвэрлэсэн машинуудад нэмэлт татвар ногдуулна DNN.mn

Турк улс Хятадад үйлдвэрлэсэн дотоод шаталтын хөдөлгүүртэй болон хос хөдөлгүүртэй автомашинуудад нэмэлт татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа бямба гарагт зарлажээ.

Дотоодын үйлдвэрлэлийг хамгаалахын тулд Хятадад үйлдвэрлэсэн автомашинуудад 40 хувийн татварын ногдуулах бөгөөд татварын хэмжээ хамгийн багадаа 7000 ам.доллар байна гэж Туркийн Худалдааны яамнаас мэдэгдлээ.

Мөн Турк улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулаагүй, Европын Холбооны гишүүн бус орнуудаас импортолж буй зарим бараанд татвар ногдуулна гэж уг мэдэгдэлд дурджээ. Эдийн засаг, худалдааны хөгжил, салбарын эрэлт хэрэгцээг харгалзан энэхүү шийдвэрийг гаргасан гэж тус яам мэдэгдсэн байна.

Categories
мэдээ цаг-үе

Зайсан тойруугийн сөрөг хөдөлгөөнийг нээсэн тул нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орлоо DNN.mn

Зайсан тойруугийн сөрөг хөдөлгөөнийг нээсэн тул нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орсон байна.

Тодруулбал, Замын хөдөлгөөний хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай 2023 оны А/181 дүгээр захирамжийг хүчингүй болгож, 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Зайсангийн авто замын сөрөг хөдөлгөөнийг нээж байгаатай холбогдуулан тус авто замаар үйлчилгээ үзүүлж буй дараах чиглэлүүдэд өөрчлөлт орж байна. Үүнд:

  • Ү:31 Цамбагарав-ТЭЦ-3-Зайсан,
  • Ч:42 Сүлжмэл-Нарны гүүр- Зайсан,
  • Ч:55 Зайсан-Дэнжийн 1000- Зам гүүрийн авто бааз-Согоотын гудамж,
  • Ч:65 Зайсан-Офицеруудын ордон,
  • Ч:66 Зайсан-Цэцэг төв- 11-р хороолол,
  • Ч:72 Богдхан амралт-Төв номын сан- МУБИС- Хөгжим бүжгийн коллеж” чиглэл багтжээ.
Categories
мэдээ цаг-үе

Махны үнэ 5 дугаар сард өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ DNN.mn

Мах, махан бүтээгдэхүүний үнэ 5 дугаар сард өмнөх оныхоос 4.2 хувиар нэмэгджээ. Үүнд:

  • үхрийн махны үнэ 3.7 хувь,
  • хонь, ямааны махны үнэ 3.1 хувь,
  • адууны махны үнэ 2.7 хувиар нөлөөлжээ.

Улаанбаатар хотод 1 кг үхрийн цул махыг дунджаар 21408 төгрөгөөр худалдаж байна. Энэ нь 2022 оны 5 дугаар сараас 22.6 хувиар, 2023 оны 5 дугаар сараас 3.9 хувиар, өмнөх сарынхаас 6.5 хувиар (1304 төгрөгөөр) өссөн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Categories
мэдээ цаг-үе

Гадаад дахь 4746 монгол иргэн саналаа өгөхөөр бүртгүүлээд байна DNN.mn

Гадаад улсад ажиллаж амьдарч буй манай иргэд УИХ-ын сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд энэ сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нэрсийн жагсаалтад бүртгүүлж буй.

Өнөөдрийн байдлаар, 33 улсад 4746 иргэн саналаа өгөхөөр бүртгүүлсэн байна. Иргэд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай хүсэлтээ дор дурдсан бүртгэлийн хэлбэрүүдийн нэгийг сонгон сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлнэ. Үүнд:

-https://election.burtgel.gov.mn/request хаягаар орон шууд;

-https://election.burtgel.gov.mn/request хаягаас бүртгэлийн маягт татан авч бөглөн гадаад паспорт эсхүл иргэний үнэмлэхийн хуулбарыг цахим шуудангаар санал өгөх Дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;

-Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт биечлэн очиж болно.

Бүртгэл нь баталгаажсан сонгогч энэ сарын 20-23-ны өдрүүдэд 07:00-22:00 цагийн хооронд гадаад паспорт эсвэл иргэний үнэмлэхтэйгээ очиж саналаа өгөх юм.

Categories
мэдээ цаг-үе

Уулархаг нутгаар дуу цахилгаантай бороо орно DNN.mn

Ойрын өдрүүдэд уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газар анхаарууллаа.

2024 оны 6 сарын 9-13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 9-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +19…+24 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +14…+19 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +8…+13 градус, өдөртөө +24…+29 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатарын яриа хэлэлцээ” хуралд 30 гаруй улсын эрдэмтэд оролцов DNN.mn

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Стратеги судалгааны хүрээлэнтэй хамтран Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурлыг 2024 оны 6 дугаар сарын 6-7-нд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн бага хуралд 30 гаруй улс, олон улсын байгууллага, дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 230 гаруй төлөөлөгч оролцов.

Олон улсын IX бага хуралд оролцсон төр, засгийн төлөөлөгч, эрдэмтэн судлаач нар “Зүүн хойд Азийн аюулгүй байдлын сорилт, боломж”, “Зүүн хойд Ази дахь олон талт хамтын ажиллагаа”, “Зүүн хойд Ази дахь уур амьсгалын өөрчлөлт, аюулгүй байдлын сорилтууд”, “Зүүн хойд Ази дахь эрчим хүчний аюулгүй, хямд шилжилт”, “Эрчим хүчний шилжилтэд нэн шаардлагатай ашигт малтмалын тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх нь” гэсэн таван салбар хуралдаан хийв. Мөн IX бага хурлын хүрээнд Засгийн газрын төлөөлөгчдийн буюу Нэгдүгээр сувгийн дугуй ширээний уулзалтыг зохион байгуулав.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” IX бага хуралд, Францын Европ, гадаад хэргийн яамны Ерөнхий нарийн бичгийн дарга А.Дэкот, Латвийн Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Виюмсонс, Швейцарын Гадаад хэргийн яамны Туслах төрийн нарийн бичгийн дарга буюу Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Монгол, Солонгосын асуудал хариуцсан захирал Э.Арвисэт зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон бөгөөд Латви, Португал болон Шинэ Зеланд зэрэг орноос анх удаа төлөөлөгчид оролцов.

Монгол Улс 1980-аад оноос Зүүн хойд Азийн яриа хэлэлцээний механизмыг бий болгохыг тууштай зорьж ирсэн ба 2013 онд Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэвшүүлж, олон улсын бага хурлыг 2014 оноос амжилттай зохион байгуулж байна. Тус бага хурлыг албаны болон эрдэмтэн судлаачдын хосолсон буюу 1.5 сувгийн түвшинд 2017 оноос зохион байгуулж ирсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

Эйфелийн цамхагт олимпийн цагаригийг байрлуулжээ DNN.mn

“Парис-2024” олимпын наадам эхлэхэд ердөө 50 хоногийн хугацаа үлдээд байгааг тохиолдуулан баасан гарагт Францын нийслэл хотын бэлгэ тэмдэг болсон Эйфелийн цамхагт Олимпын таван цагаригийг байрлуулжээ.

Дахин боловсруулсан гангаар хийсэн 29х13 метрийн хэмжээтэй цагаригуудыг Эйфелийн цамхгийн урд талд буюу Сена мөрөн рүү харуулан байрлуулсан байна. Цагариг тус бүр нь 9 метрийн диаметртэй ажээ. Нийт 30 тонн жинтэй Олимпын цагарагийг өргөхөд хоёр том кран ашиглаж, цамхгийн нэг болон хоёрдугаар давхрын хооронд байрлуулжээ. Олимпын цагаригийг орой бүр гэрэлтүүлэхийн тулд 100 мянган лед гэрэл суурилуулсан байна.

Categories
мэдээ цаг-үе

“Талын салхи” олон улсын мото наадамд 7 улсын 1200 орчим мотоцикл сонирхогчид оролцжээ DNN.mn

“Талын салхи” олон улсын мото наадам ес дэх жилдээ болж байна. Мото наадамд оролцогчид Д.Сүхбаатарын талбайд цуглан нээлтэд оролцож, нэгдсэн байдлаар цуваагаар хөдлөн, Чингис хааны хөшөөт цогцолбор руу хөдөлсөн юм.

Энэ удаагийн мото наадамд Монгол Улсаас 30 мото клубийн 1200 орчим мотоцикл сонирхогчид, БНХАУ-ын 70, ОХУ-ын 200, БНСУ-ын 10, Малайз, Вьетнам болон АНУ зэрэг улсын мото сонирхогчид оролцож байна.

Хоёр өдөр үргэлжлэх мото наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Скаллс” мото клуб хамтран зохион байгуулж байна. Энэ үеэр энтертайнмент шоу арга, хоолны асар, уух зүйлс, худалдаа үйлчилгээ, хөгжөөнт тоглоом, спорт тэмцээн болно.