Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
14:00 цагийн байдлаар нийт 700 мянга гаруй хүн саналаа өгсөн байна.
Нийт сонгогчийн ирц 34 хувьтай байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.
14:00 цагийн байдлаар нийт 700 мянга гаруй хүн саналаа өгсөн байна.
Нийт сонгогчийн ирц 34 хувьтай байна.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн 40 улсын 259 ажиглагчийн төлөөлөлтэй Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран 2024 оны 6 дугаар сарын 26-аас хоёр талын уулзалт хийж байгаа.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр (2024.06.28) Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн төлөөлөгчдөд Сонгуулийн ерөнхий хорооны дарга талархал илэрхийлээд хоёр улсын сонгуулийн байгууллага харилцан туршлага солилцож, хамтран ажилладгийг онцлов.
Энэтхэг улсын Сонгуулийн төв комиссын дарга Ражив Кумар “Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг үйл явцыг санал авах байранд очиж ажиглалаа. Үйл явц нь маш дэг журамтай, тодорхой, ойлгомжтой болдог юм байна. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ажиглалт хийж, хяналт тавьж байгаа нь чухал байна. Түүнчлэн сонгуулийн бүхий л үйл явц, ирцийг ил тод, шуурхай мэдээлж байгаа нь жишиг болохуйц санагдлаа” гэв.
Саналын хуудсанд тэмдэглэсэн саналын зургаа авч, олон нийтийн сүлжээнд нийтлэх нь хуулиар хориотой байна.
Энэ талаар СЕХ-ноос “Саналын хуудсанд тэмдэглэсэн саналын зургаа авч нийтэд мэдээлсэн иргэнийг 10 сая төгрөгөөр торгодог тул уг үйлдлийг хийхгүй байх”-ыг анхаарууллаа.
Сонгуулийн тухай хуулиас:
30.2. саналын хуудсанд тэмдэглэсэн санал, саналын хуудасны зураг авсан, дүрс бичлэг хийсэн, шууд дамжуулсан, бусдад харуулсан
30.3. саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн
30.4. аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 сая төгрөгөөр торгоно гэж заажээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.
Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа 1992 оноос эхлэн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй байсан. Үүнийг жааз болгон үлдээж байна. Салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй анхны парламентыг бид хамтдаа энэ сонгуулиар бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна гэж ажиглаж байгаа. Хилийн чанадад байгаа Монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тойргоос сонгогдож чадахгүй 34 жил явсан бол өнөөдөр анх удаа парламентад орж ирэх боломж бүрдлээ. Энэ утгаараа нийгэм маш их идэвхжиж байна гэж харлаа. Иргэд, залуучууд бүгдээрээ саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.
УИХ-ын сонгуулийн санал хураалт өнөөдөр болж байна.
Санал хураалтын өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгодог.
Бүх нийтээр амрах өдрүүдэд автомашины улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
Түүнчлэн санал хураалтын энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй,олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Мөн маргааш буюу 29-нийг дуустал архи, согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргаад байгаа юм.
Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай штабаас орон нутгийн шуурхай штабуудтай хамтран УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөртэй холбогдуулан болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх хүрээнд бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
Тодруулбал, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сэлэнгэ, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий нийт 13 аймгийн 62 сумын нутагт томоохон гол, мөрний сав газарт 96 сонгуулийн санал авах хэсгийн хороо байршиж байгаа юм.
Тиймээс дээрх байршлуудад санал өгөх иргэдийг шаардлагатай тохиолдолд гол мөрнөөр гаргах, аюулгүй байдлыг хангахаар 13 аймгийн 68 томоохон гол мөрөн дээр Онцгой байдлын байгууллагын 421 алба хаагч, 115 автомашин, 51 завь, 339 хантаазтай үүрэг гүйцэтгэхээр бэлтгэл бэлэн байдлыг хангаад байна.
2024 оны зургадугаар сарын 28-ны өдрийн 10:00 цагийн байдлаар 859 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд ажиллаж байна.
11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 400 мянга гаруй сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 20 гаруй хувьд хүрчээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “УИХ-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирц өндөр байна. Аймаг болон сумдад иргэд идэвхтэй саналаа өгч байна. Дугаар үүссэн байдалтай байна. Энэ эрчээр санал хураалт үргэлжилбэл хуулийн хугацаанд санал хураалт амжилттай явж дуусах төлөвтэй байна гэв.
2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд улсын хэмжээнд 16 мянга гаруй сонгогч битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгчээ.
Хүсэлтийн дагуу өчигдөр /2024.06.27/ сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд, ажиглагчдын хамт айлуудаар явж иргэдийн саналыг авчээ.
Тодруулбал, хайрцгаар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 27-ны 09:00 цагаас 20:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд өнөө өглөө 07:00 цагт сонгуулийн хэсгийн хороод санал авч эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг ажиглагчдын өмнө задалж, саналын хуудсыг санал тоолох машинд уншуулсан байна.
Аялал зугаалгын үед болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх;
Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн ойр тоглуулахгүй байх;
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх;
Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах;
Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын баталгаат зам гүүрээр зорчих;
Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах;
Хийлдэг гудас, завьтай голд орохгүй байж гол, усны ослоос сэргийлэхийг анхааруулж байна.
Зургаадугаар сарын 23-29-ний өдрийн 00:00 цаг хүртэл нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн.