Дотоодын цэргийн 05 дугаар ангийн хугацаат цэргийн албан хаагч өнгөрсөн тавдугаар сарын 30-нд Төв аймгийн Цээл сумын нутагт автомашины ослоор нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлж байсан билээ. Амиа алдсан цэрэг 2023 оны II дугаар ээлж буюу өнгөрсөн аравдугаар сард Булган аймгийн Дашинчилэн сумаас цэргийн албанд татагдсан 18 настай Б гэх залуу байсан юм. Тодруулбал, өнгөрсөн оны аравдугаар сарын 12-ны өдөр 18-25 насны урьдчилан үзлэгт хамрагдсан залуучуудаас 14 нь тэнцэж цэргийн албанд морджээ. Тухайн үед тэднийг аав ээж, ахан дүүс, сумын удирдлагууд, нутгийн олон нь “Цэргийн албаа хариуцлагатай хаагаад ирээрэй” хэмээн үдэж буй үйл явдлын гэрэл зургууд орон нутгийн цахим хуудсанд тавигдаж байжээ.
Хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлснийг эргэн сануулбал, “Төв аймгийн Цээл суманд томилгоот үүрэг гүйцэтгэж байсан 05 дугаар ангийн алба хаагч зам тээврийн осолд өртөн харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Зам тээврийн ослын гэмт хэрэгт тухайн нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудал дээр ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалтыг хийж байна. Дотоодын цэргийн ангиуд өөрсдийн туслах аж, ахуйг дэмжих зорилгоор хугацаат цэргийг тусгай ажилд томилуулан ажиллуулдаг. Энэ хүрээнд л явагдсан” гэсэн юм.
Ослыг харсан нутгийн иргэн манай сонинд өгсөн ярилцлагадаа “Цээл сумын нутагт “Чандмань баян бүрд” гэх хувийн эзэмшлийн компанийн тариалангийн талбайн хашааг цэргүүдээр бариулж байсан. Дотоодын цэрэгтэй ямар ч хамаагүй. Осол оройн 22 цаг орчимд болсон. Найман тоннын даацтай ачааны машиныг уулын уруу асаахаар өнхрүүлсэн. Энэ ачааны машин нь тоормосгүй. Талийгаач цэргийг буугаад машины дугуйнд ивээс хий гэсэн. Ивээс хийж байгаад машины дугуйн доогуур орчихсон. Тоормосны оронд цэргээр ивээс хийлгэсэн болж таарч байгаа юм. Гол нь оройн цагаар ажиллуулж, бүрэн бус тээврийн хэрэгсэл ашиглан хүний амь хохироосонд тэр нутгийнхан шүүмжлэлтэй хандаж байгаа” хэмээн дурдсан байдаг.
Бид талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзахаар Булган аймгийн Дашинчилэн сумыг зорилоо.
л цэрэг амиа алдсан хэргийн талаар хүн болгон ярьж байв. “Энэ бол энгийн осол биш. Машинд ивээс хийх гэж байгаад дугуйн доогуур нь орчихсон юм билээ” гэж ярих хүмүүстэй ч таарлаа. Энэ тухай нутгийн иргэн ярихдаа“Нутгийн хүүгийн амь насыг хохирооход тухайн машины жолооч буруутай байж болох ч энэ бол Дотоодын цэргийн 05 дугаар ангийнхны 100 хувийн буруутай үйлдэл. Эзэн холбогдогчтой гэж ар гэрийг нь тайвшруулж, шүүх хурал болтол юм ярих хэрэггүй гэж байгаа нь зориуд өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж буй явдал гэж хардаж байна” гэв. Дашинчилэн сумын иргэн М хэлэхдээ “Өмнө нь цэргүүдийн тухай олон аймшигтай мэдээ сонсож байсан л даа. Одоо бүр суманд минь ийм аймар зүйл тохиолдож, дөнгөж 18 настай сайхан залуу өөрийн саналаар цэргийн албанд мордоод, эх орондоо тангараг өргөж, эх орны хүү болсон ч энхийн цагт амь насаа алдсанд тун харамсалтай байна. Бид хүүхдээ хэнд итгэж цэрэгт мордуулах болж байна вэ. Үнэхээр айдас төрж байна. Тухайн хүлээж авсан цэргийн ангийн шат, шатны удирдлагууд нь цэрэг залуусын амь нас, эрүүл мэндийг нь бүрэн хамгаалж чадахгүй юм бол бид хүүхдүүдээ цэрэгт явуулах хэрэг байна уу гэж бодож сууна” гэлээ. Иргэн Д “Талийгаач хүүгийн ээж их зовлон үзэж байна даа. Нөхөр нь тал харваад удаж байгаа. Хаа очиж нөхөр нь ухаан санаа саруул, таяг тулаад явах нь явдаг. Овоо хэдэн малтай. Өнгөрсөн өвлийн зуднаар мал нь нэлээд хорогдсон. Цөөхөн үлдсэн малаа айлд тавьсан юм шиг байна лээ. Аав нь мал дагах боломжгүй тул тэднийх төв рүүгээ орсон л доо” гэж ярив. Нутгийн ахмад настан “н.Цэрэннадмид гуайн нөхөр Мягмарбаатар гэж том биетэй залуу байв. Ослоор нас барж, Цэрэннадмид гуай хоёр охинтойгоо үлдэж байсан. Тэдний нэг охин Мөнхзул, амиа алдсан цэрэг залуугийн ээж нь юм. Тухайн үедээ намын үүрийн даргын алба хашиж байсан Даваадоржийн хүү Зоригоотой гэр бүл болсон. Талийгаач хүү эмээгийнхээ нэрээр овоглодог. Зоригоо нь хойд аав нь юм. Гэхдээ хүүдээ огт муу хандаж байгаагүй” гэв. Тэгвэл талийгаачийн ангийн багш “Манай ангийн Б дуу цөөтэй, номхон дөлгөөхөн, элдэв муу зуршилгүй, сурлагаар дундаж хүүхэд байсан. Би тавдугаар ангиас нь дааж авч байсан юм. Харин Б есдүгээр ангиа төгсөөд, коллежид сурахаар явсан. Гэхдээ ангийнхаа төгсөлтийн баярт ирж оролцож байлаа. Маш харамсалтай, шавиа нас барсныг дуулаад үнэхээр цочирдлоо. Ангийнхаа хэдэн хүүхдүүдтэй нийлээд талийгаачдаа зориулж мод тарьчихаад гэрт нь очсон. Гэнэт ослоор үрээ алдсан хүмүүс ямар сайн байхав дээ. Бүгд яах учраа олохгүй байна гэж байсан” хэмээв.
Талийгаач Б сурагч байхдаа дотуур байранд олон жил амьдарчээ. Түүнтэй хамт байдаг байсан найзтай нь уулзахад “Б маань манай доод ангийн хүүхэд байв. Багын дуу цөөтэй, даруухан. Найз маань дотуур байранд манай анги, өөрийн анги, мөн доод ангийнхаа хэдэн хүүхэдтэй нийлдэг байлаа. Тэгээд найзуудтайгаа хамтдаа цэрэгт явахаар болж, өнгөрсөн намар цэргийн албанд татагдсан юм” гэж ярьж байв.
Амиа алдсан цэргийн ээж М.Мөнхзултай цөөн хором ярилцлаа.
-Танайх ам бүл хэдүүлээ вэ. Хүү тань айлын хэд дэх хүүхэд байв?
-Манайх ам бүл тавуулаа. Миний хүү айлын том нь байсан. Хоёр дүүтэй. Эзэн холбогдогчтой болохоор биднийг хэргийнх нь талаар хамаагүй задруулж болохгүй гэсэн. Хүүд минь задлан шинжилгээ хийсэн. Шүүх хуралд бид өмгөөлөгч авч оролцоно. Харамсалтай, маш их гомдолтой гэдгээ хэлсэн. Гомдохгүй гээд ч яахав. Одоо л яг 19 нас хүрэх гэж байсан сайхан хүү минь шүү дээ.
-Хүүтэйгээ та хамгийн сүүлд хэзээ холбогдсон бэ?
-Өнгөрсөн тавдугаар сарын 26, 27-нд хүү маань өөрөө залгаж над руу ярьсан. “Ээж ээ, би овьёос тарьдаг тариалангийн талбайд ирсэн байна. Тавдугаар сарын 30-нд энэ ажлаасаа бууна. Цэргийн анги руугаа очно” гэж л хэлсэн. Өөр онц юм яриагүй.
-Та хүүгийнхээ тангаргийн баярт очиж чадсан уу?
-Зудтай, цас ихтэй байсан болохоор би хүүгийнхээ тангаргийн баяраар очиж чадаагүй. Хүү минь үе, үе өөрөө залгаж гэрийнхэнтэйгээ ярьдаг байсан.
-Хүү тань зан аашийн хувьд ямар хүүхэд байсан юм бол?
-Зан ааш сайтай, дөлгөөхөн, даруу, хүүхэд байсан. Уг нь цэрэгт яваад олны дунд ороод өөрийгөө илэрхийлж, нээлттэй болж байсан.
-Цэрэгт явах саналыг өөрөө гаргасан уу?
-Тийм ээ. Өөрийнхөө саналаар явсан. Хүү маань коллежоо цахилгаанчнаар төгссөн. Мэдээж залуу хүн байсан болохоор ирээдүйн амьдралынхаа талаар том зорилго, мөрөөдөлтэй байлгүй яахав. Гэвч нөхөр маань харваад хөдөлмөрийн чадвараа алдсан болохоор хүү минь цэргээс халагдаж ирэнгүүтээ ээж, аавдаа тусалж, мал маллаж өгнө гэдэг байсан юм.
-Ослын талаар та бүхэнд хэзээ мэдэгдсэн бэ?
-Цэргийн ангиас танай хүү осолд орчихлоо гэж тавдугаар сарын 30-ны шөнө 00:00 цагт хэлсэн. Энэ мэдээг дуулаад тэнгэр хөмрөх шиг л болсон. Одоо ч эвлэрч чадахгүй байна. Хүүгийн минь ажил явдал энэ сарын 5-нд болсон гэв.
Талийгаач цэргийн ахтай уулзаж, дараахь мэдээллийг авлаа.
-Цэргийн ангиас та бүхэнд ослын талаар яг ямар мэдээлэл өгсөн бэ?
-Цэргийн ангийн удирдлагууд болон тухайн компани хоорондын байгуулсан гэрээний дагуу Төв аймгийн Цээл суманд танай хүү ногооны талбайд ажиллаж байсан. Найман цэргийг нэг ахлагч хариуцаад явсан. Тэр компанид найман тоннын өнхрүүлж асаадаг ачааны машин байсан юм билээ. Түүнийг уулын уруу араанд нь хийгээд зогсоочихсон байсан. Талийгаач хариуцаж явсан ахлагчтайгаа цаашаа хараад анхаарал нь сарнисан байдалтай байхад машины араа салж, мөргөсөн. Үүний улмаас амиа алдсан харамсалтай осол гарлаа гээд уучлалт гуйсан.
-Бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласнаа тухайн компанийн зүгээс юу гэж тайлбарласан бэ?
-Энэ талаар бидэнд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй. Дотоодын цэргийн 05 дугаар ангитай гэрээ байгуулсан тэр компанийн удирдлагууд бүрэн бус тээврийн хэрэгсэл ашигласан буруутай үйлдэлдээ 100 хувь хариуцлага хүлээнэ байх гэж бодож байна.
-Эзэн холбогдогч гэж хэн, хэнийг хэлж байна вэ?
-Бидний ойлгож байгаагаар тэр компанийн бүрэн бус тээврийн хэрэгслийг жолоодож байсан 30 настай иргэн эхний эзэн холбогдогч болж байгаа юм билээ. Би талийгаачийн цусан төрлийн ахынх нь хувьд тушаал гаргаж явуулсан тухайн ангийн захирагч, найман цэргийг нэг ахлагчтай хүлээж авсан компанийн захирал, цэргүүдийг хариуцаж явсан ахлагч нар буруутай. Тэд бүгд хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна. Шүүхийн шинжилгээний хариу гарч, бүх зүйл хуулийн дагуу үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч явна.
Дүү маань энэ айлын тулгуур багана болсон хүү нь байлаа. Аав нь бие муутай. Хоёр дүү нь сурагч. Ээж нь хөдөө гарч малаа маллах, сургуулийн хүүхдүүдээ харж хандах гээд маш их завгүй байдаг. Хүү нь цэргийн албаа нэр төртэй хааж ирээд, ээж аавдаа тусалсан бол энэ хүмүүсийн амьдрал арай өөр байх байлаа. Хэвлэл мэдээллээр бичиж буй шиг яадгаа алдчихсан хүмүүс биш л дээ. Хайхрамжгүй дарга, компаниас болж, түшиг тулгуур болсон сайхан хүүгээсээ хагацаад сууж байна. Ямар ч хууль шүүхийн байгууллагын өмнө гомдолтой л гэж хэлнэ. Эх, үрийн хагацал гэж үнэхээр хэцүү юм. Өдий хүртэл яаж өсгөлөө дөө. Ээжид нь их хүнд цохилт боллоо. Яах учраа олохгүй л сууна лээ. Аав нь байнга л хүүгийнхээ зургийг харж уйлах юм. Хоёр дүү нь ахынхаа тухай мэдсэн. Эрэгтэй дүү нь ахтайгаа илүү ойр өссөн, ухаан суусан болохоор нөхцөл байдлыг ойлгож, ээжийнхээ хажуунаас салахгүй ойрхон л байна.
-Талийгаач хүүг нутагт нь хөдөөлүүлсэн гэж сонссон. Тухайн цэргийн ангиас ажил явдлынх нь зардлыг хариуцсан гэл үү?
-Талийгаач дүүгээ төрж өссөн нутагт буюу өвөө, эмээг нь хөдөөлүүлсэн газарт нутаглуулсан. Цэргийн анги 100 хувь буруутай гэдэг утгаар ажил явдлын зардлыг бүрэн хариуцсан.
-Таны дүү шиг инээд хөөртэйгөөр эр цэргийн албанд мордоод буцаж гэртээ ирээгүй залуус олон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Хайран сайхан хүүхдүүд дөнгөж ээж, аавын гараас гараад л эх орны хүү болж зэвсэгт хүчинд очоод, янз бүрийн хариуцлагагүй дарга нарын буруугаас болж, амь нас нь эрсдэж байгаад туйлын их харамсаж байна. Ийм эмгэнэлтэй үйл явдал манай гэр бүлийг ч бас дайрлаа. Цаашид цэргийн албанд дахин нэг ч аавын хүүгийн амь эрсдэхгүй болгохын төлөө талийгаачдын ар гэрийнхэн нь асуудлыг хэлэх ёстой газарт нь үнэн зөвөөр хэлж байгаасай. Цэргийн албанд залуусаа явуулахгүй бол эх орноо хэн хамгаалах вэ. Гэтэл энхийн цагт эр цэргийн албанд эрүүл саруул мордсон хүүхдүүд эндээд байхаар хэн хүүхдээ явуулахыг хүсэх юм бэ. Энэ тал дээр төр засаг нь анхаарч, Батлан хамгаалахын сайд, төрийн цэргийг хариуцдаг албан тушаалтнууд бүгд дор бүрнээ үүргээ ухамсарлаж, хариуцлагатай байх хэрэгтэй.
Л.МИНЖМАА