Month: June 2024
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 6 дугаар сарын 10-14-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 520 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 180 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 340 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 50 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 15 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 28 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Төгрөгийн хадгаламж энэ оны тавдугаар сарын эцэст 18.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 159.6 (0.9 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 4.9 (35.1 хувь) их наяд төгрөгөөр нэмэгджээ.
Төгрөгийн хадгаламжийн 16.2 (86.1 хувь) их наяд төгрөг нь иргэдийн, 2.6 (13.9 хувь) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байв.
Харин валютын хадгаламж 4.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 18.2 (0.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэж, өмнөх оны мөн үеийнхээс 848 (16.3 хувь) тэрбум төгрөгөөр багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Нөөцийн махны эрэлт хэрэгцээнд тулгуурлан долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна. Энэ долоо хоногт дараах дүүргийн 48 байршилд өргөтгөсөн худалдаа болно.
Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махны борлуулалт 64 хувьтай байна. Нөөц бүрдүүлэх зорилгоор үхрийн мах 1901.25 тн, хонины мах 3802.5 тн, ямааны мах 633.75 тн нийт 6337.5 тн махыг бэлтгэжээ.
Гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн мах худалдсан байна. Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр аймгийн төвүүдэд нэг кг хонины мах 14690 төгрөг, үхрийн мах 17056 төгрөгийн үнэтэй байна. Харин нийслэлд хонины мах 16711,үхрийн мах 19675 төгрөгийн үнэтэй байна.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадар борооны давтамж нэмэгдэж байгаатай холбоотойгоор Улаанбаатар хотын зуны улирлын цаг уурын урьдчилсан төлөвийн талаар УЦУОСМХ-ийн Ерөнхий инженер Б.Жаргалангаас тодрууллаа.
Тэрбээр “Азийн бүсийн уур амьсгалын хяналт шинжилгээ, үнэлгээ ба урьдчилсан төлөв” хэлэлцүүлэх хурлын дүнгээр энэ зун Зүүн Азийн бүс нутагт олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ахиу орох урьдчилсан төлөв гарсан. Энэ нь гэнэтийн ус ихтэй борооны давтагдал их байгааг илэрхийлж буй. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21-22-ны шилжих шөнө бороотой бөгөөд сар дуустал олон жилийн дунджаас сэрүүн байх төлөвтэй байна гэв.
Мөн төв болон зүүн аймгийн нутгаар гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд та бүхнийг үер, усны аюулаас урдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн сар, улирлын төлөвөөс илүү тав хоногийн нарийвчилсан цаг агаарын мэдээг мэргэжлийн байгууллагаас авч байхыг уриаллаа. https://irimhe.namem.gov.mn/
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын гүйцэтгэлийн танилцуулга гарлаа.
Малын зах зээлийн дундаж үнийн 2024 оны 5 дугаар сарын мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад
- соёолон үрээний үнэ 1.2 сая төгрөг болж 19.8 мянган төгрөгөөр
- эр хонины үнэ 267.4 мянган төгрөг болж 11.0 мянган төгрөгөөр
- эр ямааны үнэ 159.0 мянган төгрөг болж 2.9 мянган төгрөгөөр тус тус өсчээ.
Харин хязаалан гунан үхрийн үнэ 1.4 сая төгрөг болж, 29.1 мянган төгрөгөөр, атны үнэ 1.4 сая төгрөг болж 110.2 мянган төгрөгөөр тус тус буурсан байна.
Эр хонины үнэ 2024 оны 5 дугаар сард Ховд аймагт хамгийн өндөр буюу 355.0 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 190.0 мянган төгрөг байна.
Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Дуу цахилгаантай аадар орох бөгөөд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Мөн ЦУОШГ-аас зургаадугаар сарын эхний 10 хоногт сэрүүсэх, хоёрдугаар 10 хоногт огцом халах, гуравдугаар 10 хоногт гэнэтийн дуу цахилгаатай аадар, мөндөр орох, борооны өмнө хүчтэй нөөлөг салхитай байх, 7, 8 дугаар саруудад олон жилийн дунджаас хур тунадас ахиу орох урьдчилсан төлөвтэй байгааг мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас сэргийлэн дараах зөвлөмжийг хүргэж байна.
- Сэрэмжлүүлэг, мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч сэрэмжлэх, бусдад дамжуулах;
- Гэр, хашаа, саравч, орон байрыг үерийн усны зам, голын голдирол, гуу, жалга, хуурай сайр, ус хальдаг эрэг, татамд барихгүй байх;
- Орон сууцны хорооллын гарааш, В1 давхар руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах;
- Үер, усны аюулаас хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих;
- Үер, усны аюулын талаар хүүхдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн орчимд тоглуулахгүй, орхихгүй байх;
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх;
- Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед, зориулалтын гарцтай газраар зорчих;
- Өндөр хүчдэл, цахилгааны дор гэр, сууцаа барихгүй байхыг анхааруулж байна.
Дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн захиалгаар зарласан төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын зургаа, гүйцэтгэх албан тушаалын 35, нийт 41 сул орон тоог нөхөх тусгай шалгалтын зарыг Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн юм. Сонгон шалгаруулалтын бүртгэл өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдрийн 09:00 цагт эхэлж, энэ сарын 12-ны өдрийн 17:00 цагт дууссан.
Шалгалтад нийт 39 иргэн бүртгүүлэхээр хүсэлтээ ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн 2024 оны 176 дугаар тогтоолоор байгуулсан комисс өнөөдөр хуралдаж, Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын гурван сул орон тоонд тав, гүйцэтгэх албан тушаалын 12 сул орон тоонд 18 албан хаагч, иргэний бүртгэлийг тус тус хянан баталгаажууллаа. Бүртгэл нь баталгаажсан 23 албан хаагч, иргэн Төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу тусгай шалгалт өгч, өрсөлдөнө. Шалгалт маргааш буюу зургаадугаар сарын 19-ний өдөр Яармаг дахь нутгийн захиргааны цогцолборт 11:00 цагаас эхэлнэ.
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумаас баруун зүгт өнөөдөр /2024.06.18/ 13:04:01 цагт 48 км-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Өмнөговь аймгийн Номгон сумын төвөөс Зүүн зүгт 34км Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын төвөөс Баруун зүгт 48км Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс Урд зүгт 85км
Эх сурвалж: ОБЕГ, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн
Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай штабаас 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 21 аймгийн Онцгой комисстой цахимаар, 13-ны өдөр Нийслэлийн онцгой байдлын газар, 9 дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга нартай уулзалт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй танилцаж, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах талаар үүрэг чиглэл өгч ажилласан.
Үүргийн хэрэгжилтийн хүрээнд аймгийн Засаг даргын захирамжаар холбогдох байгууллага, гамшгаас хамгаалах албадын төлөөллөөс бүрдсэн үер усны ослооос урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах ажлыг нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангаж ажиллах чиг үүрэг бүхий Шуурхай штабыг 21 аймагт байгуулаад байна.
Нийслэлийн хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Налайх 7 дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтөй 1767 нэгж талбар, зөвшөөрөлгүй 407, нийт 2174 нэгж талбар байна. Дээрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан 24 хорооны 1917 айл өрхөд аюулгүй байдлаа ханган эрсдэлтэй бүсээс нүүх мэдэгдэлийг давхардсан тоогоор 3052 удаа хүргүүлээд байна.
Түүнчлэн сууц өмчлөгчдийн холбоод, хувийн орон сууцны конторуудын удирдах бүрэлдэхүүнтэй уулзалт зохион байгуулж, орон сууцны хорооллын аюулгүй байдлын дүрэм, норм стандартын хэрэгжилт, үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал хангах чиглэлээр зөвлөмж мэдээлэл хүргэн, нийтийн эзэмшлийн зам талбайд гал түймэр унтраах болон аврах ажиллагааг зохион байгуулахад тулгарч буй хүндрэл бэрхшээл, барилга байгууламжийн галын аюулгүй байдлын дүрэм норм, стандартын хэрэгжилт, тулгамдсан асуудал, орон сууцны хорооллыг үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж, бэлтгэл бэлэн байдлаа хангаж ажиллахыг чиглэл болгон ажиллаж байна.