Categories
мэдээ спорт

U17 насны ААШТ-д оролцох тамирчид Йорданыг зорилоо DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгасан бөхийн төрлүүдийн U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн дараа Йорданы Амман хотод эхэлнэ.

Найман өдөр үргэлжлэх тус тэмцээнд 19 тамирчин Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Мандахнаран, сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх нарын удирдлага дор оролцох юм. Энэ жилийн нас насны УАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн дасгалжуулагч нар ААШТ-д оролцох баг тамирчдаа удирдаж байгаа нь энэ юм.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас анх удаа сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Боргил оролцоно.

Categories
мэдээ нийгэм

Байшин шатаж хоёр иргэн амиа алджээ DNN.mn

Урьд шөнө буюу 06.20-ны 03 цагийн орчимд Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо байшин шатаж хоёр хүн өртөн амиа алджээ.

Тодруулбал Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  Уг гал түймэрт иргэн М /63 настай, эрэгтэй/, А /62 настай, эрэгтэй/ нар өртөж нас барсан байсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

 

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана барих ажлыг эхлүүллээ DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар үерийн хамгаалалтын шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын тендерийг нээлттэй сонгон шалгаруулсан. Тендерт шалгарсан “Билгүүн Монгол констракшн” ХХК-тай энэ сарын 14-ний өдөр гэрээ байгуулсан бөгөөд өнөөдрөөс Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүллээ. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар газар дээр нь ажилласан юм.

Тэрбээр “Төрийн байгууллага, албан тушаалтны хайхрамжгүй, санаатай үйлдлээс шалтгаалж сүүлийн 20 орчим жилийн хугацаанд голын сав дагуу хууль бусаар газар олгодог байсны тод жишээ Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан S’Outlet худалдааны төв. Сэлбэ голын урсцыг 3.5 метр ч хүрэхгүй болтол нь боомилж, барилга барьснаас өнгөрсөн жил үер болж  иргэд, ААН-үүд хохирсон. Иймээс ААН-үүдтэй хэлэлцээр хийж, худалдааны төвийг буулгаж, нүүлгэн шилжүүлсэн уг газар дээр 1.5 км урт үерийн далангийн байгууламж барих зураг төсөл хийгдсэний дараа тендер зарлаж “Билгүүн Монгол Констракшн” ХХК шалгараад өнөөдөр үерийн даланг өргөсгөх, бетоноор бэхжүүлэх, голын урсцыг нэмэгдүүлэх, ойр орчмын тохижилтыг хийхээр ажилдаа орлоо. Баянзүрх, Сүхбаатар дүүргийн иргэдээс үерийн далангаа хурдан барихгүй байна гэсэн гомдол ирсэн. Үерийн даланг бэхжүүлэх, хүчитгэх ажлыг хоёр сарын дотор хийж дуусна гэдгийг хэлье” гэв.

Сэлбэ голын голдирлын урсцыг нэмэгдүүлэх 1.5 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй үерийн даланг хийх юм. Уг далан нь Натурын гүүрнээс урд талын төмөр замын гарам хүртэл үргэлжлэх бөгөөд ирэх наймдугаар сарын 20-нд улсын улсын комисст хүлээлгэж өгнө.

“Билгүүн Монгол констракшн” ХХК-ийн төслийн удирдагч Р.Дамба “Манай компани түшиц хана, далангийн ажлын олон жилийн туршлагатай. Өнөөдрөөс бэлтгэл ажлаа 100 хувь ханган, нийт гурван төрлийн 17 техник оруулаад “S’Outlet” дэлгүүрийн буулгасан талбай орчимд үерийн түшиц хана барих ажлыг эхлүүлж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна DNN.mn

Сонгуулийн сурталчилгаа эхлээд ес хонож байна. Улс төрийн намууд, нэр дэвшигчид бодлого, мөрийн хөтөлбөрөө танилцуулсаар байна. Улс төрийн сонгуулийг дагасан олон шүүмжлэлт тогтолцоо албан бусаар бий болчихсон. Үүний нэг нь аливаа улс төрийн намууд иргэдэд мөнгө тарааж санал авдаг явдал үе үеийн сонгуулиар гардаг. Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үед энэ нөхцөл байдал ямар байгаа талаар бид нийслэлийн зарим дүүргээр явж сурвалжиллаа.

Баянзүрх дүүргийн хувьд нийслэлийн хамгийн олон хүн амтай хоёр дүүргийн нэг. Нийт 400 орчим мянган хүн амтайгаас 275 мянган сонгогчтой. Баянзүрх дүүргийг наймдугаар тойрог болгосон бөгөөд энэ тойрогт 20 нам эвслийн 83 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Энэ удаагийн сонгуульд зурган самбар байрлуулах, тараах материалын тоо ширхгийг хязгаарлаж өгсөн. Гэвч яг дүүргийн нутаг дэвсгэрт нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарууд алаг эрээн хэвээрээ байна. Зурагт хуудсууд, сэтгүүлүүд ч энд тэнд гудамжны мухарт овоороостой, айлуудын хашааны завсар хавчуулаастай байна. Улаан, цэнхэр, ягаан хувцсаар жигдэрч сурталчилгааны материал тарааж буй иргэд ч мэр сэр харагдлаа. Харин иргэд сонгуулийн талаар ямар байр суурьтай байгаа, ялангуяа мөнгө тарааж байгаа эсэх талаар ярилцлаа.

Иргэдийн хувьд энэ удаагийн сонгуулийн тогтолцооны талаар нарийн ойлголт тун муу аж. Томсгосон тойрогтой, анх удаа 126 гишүүнтэй болох, тойрогт нэр дэвшиж болон жагсаалтаар гарч ирэх тухай нарийн ширийн мэдээлэл тааруу байлаа. “МАН сүүлийн найман жил төр барилаа. Хүнсний барааны үнэ тэнгэрт хадлаа. Амьдрах арга алга. Ажил хийх боломжгүй байна” гэх нь байхад өөр нэг хэсэг нь “Сонгууль болгон л ингэж явдаг шүү дээ. Ард иргэдийн төлөө гээд хүмүүс гардаг. Эргээд амьдралд хувь нэмэр оруулж ажилладаг нь байхгүй” гэж хэлэх хүмүүс ч таарлаа. Харин санал худалдан авалт, мөнгө тараадаг явдлын тухай шууд ярихгүй байв.

Тойруу замаар, өөр танил талууд нь мөнгө авсан талаар, хороон дээр мөнгө тараах сураг гарсан талаар цухуйлгах аж. Өөрийгөө 26 дугаар хорооны харьяат гэж танилцуулсан 40 гаруй насны эрэгтэй “20 оны сонгуулиар мөнгө тараасан. Санал авахаас хоёр хоногийн өмнө хэсгийн ахлагч дүү оройхон манай хашааны гадна ирээд эхнэр бид хоёрт зуу, зуу мянган төгрөг өгөөд МАН-ыг дэмжихийг хүсээд явж байсан. Тэр хүслээр нь санал өгсөн. Би хувиараа юм хийж амьдрал залгуулдаг. Манайх гурван хүүхэдтэй. Эхнэр маань хөгжлийн бэрхшээлтэй” гэж ярив. Харин энэ удаагийн сонгуулиар мөнгө авсан тухай лавшруулж асуувал “Одоогоор сураг гарсан юм алга. Мөнгө өгвөл авч л таарна даа. Ард түмэн бидний амьдрал ийм л байна шүү дээ. Дээгүүрээ дарга нар нь улсаа идээд баяжиж байхад ядарсан ард түмэнд ирж байгаа мөнгөнөөс татгалзаж яаж чадах вэ дээ” гэлээ.

Баянзүрх дүүргийн нэгэн хороонд ажиллаж байсан иргэн “Энэ жилийн сонгуулиар өөрчилье гэсэн хүмүүсийг сонгоно гэж бодож байгаа. Гэхдээ манай энэ хавиар сурталчилгаа төдийлөн явагдахгүй болохоор нэр дэвшигчдийн талаарх мэдээлэл дутмаг байна. Иргэдийн саналыг худалдаж авдаг тухайд бол сонгууль дөхөхөөр биш аль өмнө зунаас эхлээд явагдсан ажил шүү дээ. Автобус автобусаар нь хүмүүсийг зөөж, идэж уух хэрэглээг нь дааж аялуулсан. Мөнгөө зүгээр энгийн иргэдэд тараахгүй. Намын эрх мэдэлтэй хүн байхад ах дүү, найз нөхдийн хүмүүстээ л тараадаг. Хэсгийн ахлагч нар гэж бас хүмүүс байна. Тэр хүмүүс нь аялал зугаалга, сурталчилгаа тэр бүхнийгээ ахалж явдаг. Ихэнх нь хөдөө очиж хөдөөний хүмүүсийн толгойг эргүүлдэг. Тэгээд хоёр нам чинь хоорондоо тэрсэлдээд сая хүн амины хэрэг гарлаа шүү дээ. Хэдэн жилийн өмнө бас ийм юм сонсогдож л байсан. Ер нь ингэн байж гарах нь бүх эрх мэдлийг гартаа авах учраас үхэн хатан зүтгэж байна. Манайхан чинь авах дуртай. Өвөл ямар асуудлууд байдаг билээ. Утаа, түгжрэл, амьдрал дээшлэхгүй л байна” гэж онцоллоо. “Өнгөрсөн өвөл л гэхэд манай ажлынхныг Эрээн хот руу долоо хоног үнэ төлбөргүй аялуулсан. Бусад урсгал зардлыг цаанаас нь даасан. Тухайн үедээ байгууллагын зүгээс гэж бодсон боловч одоо харах нь ээ намын сурталчилгааны нэг хэлбэр байсан юм байна лээ. Манай хамаатны хүн саяхан нэр дэвшигчдийн уулзалт дууссаны дараа зарим хүмүүсийн данс, утасны дугаарыг нь авсан гэж ярина лээ. Сонгуулийн өмнөх орой нь тухайн данс руу мөнгө хийнэ. Аль намыг нь мэдэхгүй юм, нэг хүнд 150 мянган төгрөг төлөвлөсөн гэсэн яриа байсан” гэж хорооны нэгэн албан хаагч нэрээ нууцалж хэллээ. Иргэдэд тараахаар зэхсэн мөнгөний хэмжээ янз бүр байгаа гэнэ. Зарим хороонд 100 мянган төгрөг тарааж эхэлсэн бол санал хураалтаас гурав хоногийн өмнөөс 200 мянга тараана гэсэн яриа түгжээ.

Сонирхолтой нэг зүйл нь гэр хороололд иргэдийн саналыг ийм маягаар авахаас гадна иргэдийг төлөөлж болох хүмүүстэй намууд тулж ажилладаг гэнэ. Тэрний том төлөөлөл гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүр юм байна. Ялангуяа амьдралын түвшин тааруу, хөгжил муу, захын гэр хороолол дунд байдаг хүнсний дэлгүүрүүд нэлээд нөлөөтэй байдаг талаар нэг бус иргэн дуулгалаа. Тэр хаягаар нь 22 дугаар хорооны нэгэн дэлгүүрийг заалгаж очлоо. Дэлгүүрийн эзэн дунд эргэм насны эрэгтэй эхлээд мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Нэрийг нь нууцалж ярилцъя гэж нэлээд ятгасны эцэст нь дараахь мэдээллийг өглөө.

-Сонгууль болохоор нэр дэвшигчид дэлгүүрүүдийн өрийг тэглэж санал авдаг гэсэн үнэн үү?

-Нийтээрээ тийм биш ч, ганц нэг нэр дэвшигч бий. Аль намыг нь хэлмээргүй байна. Өнгөрсөн сонгуулиар манай дэлгүүрийн долоон сая төгрөгийг хааж өгсөн. Манай энэ орчимд өр зээл тавьдаг олон айл байдаг. Амьдрал нь янз бүр, архи дарс хэрэглэдэг хүмүүс ч олон. Яахав, амьдралыг нь ойлгоод хоол хүнс зээлдэг болохоор эргээд тэдэнтэй сонгууль ярихад амар байдаг.

-Саналыг яаж өгдөг юм бэ. Иргэд таны хэлснээр өөрсдөө очоод өгчих үү?

-Тэгэх шаардлагагүй. Регистрийн дугаарыг нь аваад өгчихөд болдог. Цаашаа яаж санал болгодог нарийн учрыг би мэдэхгүй. Регистрийн дугаар л хэрэгтэй гэдэг юм.

-Та хэдэн регистрийн дугаар өгч байсан бэ?

-Нэлээд олон шүү. Нэг айл гэхэд л багадаа хоёроос дээш насанд хүрсэн байгаа шүү дээ. Зарим нь бүр тав зургаа ч байна. Тэгэхээр регистрийн дугаар цуглуулах тийм хэцүү биш.

-Энэ удаагийн сонгуулиар ингэж ажиллаж байна уу?

-Өмнө нь ажилласан хүн холбогдсон. Одоогоор яг цуглуулж эхлээгүй байна. Удахгүй ирж уулзана гэсэн. Тэрний сураг дуулсан манай энэ хавийн зарим хүмүүс нэмж зээл авъя гэж даварч байгаа шүү (инээв). “Мөнгө тарааж байгаа гэсэн, мөнгө авмаар байна” гэх нь гарч ирж байгаа. Манайд гэхэд нэг айл 50-иас дээш мянган төгрөгийн өртэй байх жишээтэй. Хамгийн их нь 700 мянга гаруй төгрөгийн өртэй байна. Ядаж энэ өрийг хагаслахад нэмэртэй байдаг. Мэдээж ингэх ёсгүй байх л даа. Амьдрал ийм байна шүү дээ хэмээв.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Олон жилийн турш хуримтлагдсан хогийг цэвэрлэж эхэлжээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Жаргалант сум 5600 гаруй хүн амтай . Тус сумын төвлөрсөн хогийн цэг нь гурван га газар боловч тархалт нь 31,6 га-д хүрчээ. Сум үүсгэн байгуулагдсанаас хойш уг хогийн цэг үүссэн бөгөөд уулын энгэрт байрладаг.

Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу урсах, суурьшлын бүс рүү хогийн өмхий үнэр тархаж иргэдийн эрүүл аюулгүй орчинд сөргөөр нөлөөлж байгааг БОАЖЯ-наас мэдээлэв.

Жил ирэх тусам га талбай нь нэмэгдэж байгаа ба нийт хогийн 79 хувь нь модны хаягдал, малын сэг зэм эзэлж байна. Иймд олон жил үүссэн хур хогны цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээх арга хэмжээг эхлүүлж БОАЖЯ, Жаргалант сумын ЗДТГ хамтран ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

DNN-СУРВАЛЖЛАГА: Томоохон захуудад дээл 150-380 мянган төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Монголчуудын өргөн дэлгэр тэмдэглэдэг Үндэсний их баяр наадам хаяанд иржээ.

Наадмын энэ л өдрүүдэд хүн бүр үндэсний хувцсаараа гангардаг билээ.

Тиймээс томоохон худалдааны төвүүдэд дээлийн үнэ ямар байгааг сурвалжиллаа.

Бид эхлээд “Нарантуул” худалдааны төвд очлоо. Энд дээл авахаар сонирхож буй иргэд цөөнгүй байв.

  • Эмэгтэй дээл 150-280 мянган төгрөг
  • Эрэгтэй дээл 180-300 мянган төгрөг
  • Хүүхдийн хантааз 88-200 мянган төгрөг
  • Хос цамц 240-330 мянган төгрөг байна. Харин захиалгаар дээл хийлгэвэл ямар дээл хийхээс хамааран үнэ өөрчлөгдөнө гэв.

Харин “Баялаг ундраа” худалдааны  төвд дээл 150-280 мянган төгрөгийн ханштай байв.  “Sunday” худалдааны төвд 250 мянган төгрөг байв.

Захиалгаар 250-350 мянган төгрөгийн хооронд хийж байна.

Дээл сонирхож буй Ц.Солонго “Энэ жилийн наадмын дээлээ      захиалгаар хийлгэх бодолтой байгаа. Мөн энд үнийн хувьд боломжийн санагдаж байна” гэлээ.

Иргэн Дуламсүрэн “Дээлийн үнэ өндөр санагдаж байгаа. Нийгмээс өгдөг тэтгэврийн мөнгө хоёр дээлийн үнэ болж байна” хэмээн ярилаа.

Харин “Дүнжингарав” худалдааны төвд дээлийн үнэ нь материал, хийц, загвараас хамаарч өөр өөр үнэтэй байлаа. Дээлийн үнийн хувьд 350 мянган төгрөгөөс дээш байсан юм.

  • Монгол  цамц хосоороо 240 мянган төгрөг
  • Хүүхдийн плаж , загварын дээл 185 мянган төгрөгөөс эхэлж байна.
  • Эрэгтэй дээл 350-380 мянган төгрөгийн хооронд байна.

Зарим аймаг, сумдын 100 жилийн ой тохиож  буй тул иргэд  Дүнжингарав худалдааны төвд ирж дээл авч байгаа талаар иргэд ярьсан юм.

Зарим иргэд дээл үнэтэй байгаа тул энэ жилийн наадмаар дээл өмсөхгүй гэж байлаа.

О.Юмчинбадам

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зуслангийн автобус явж эхэллээ DNN.mn

Гүнт, Жигжид, Гоодой, Баянбулаг чиглэлд зуслангийн автобус явж эхэллээ.

Тодруулбал, ЗҮ:1 “Гүнт-Жигжид-Сүхбаатарын талбай”, ЗҮ:2 “Гоодой-Сүхбаатарын талбай”, ЗҮ:3 “Баянбулаг–Сүхбаатарын талбай” гэсэн гурван чиглэлийн автобус иргэдэд үйлчилнэ.

Зуслангийн автобус Сүхбаатарын талбайн зогсоолоос хөдөлнө.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Эмээлт” захад үхэр 1.000.000-2.300.000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

“Эмээлт” захын амьд малын үнэ, ханшийн /2024.06.20/ мэдээллийг хүргэж байна.

  • Эр ямаа- 100.000-140.000 төгрөг
  • Хонь- 150.000-280.000 төгрөг
  • Адуу- 800.000-1.000.000 төгрөг
  • Сарлаг- 900.000-1.700.00 төгрөг
  • Тэмээ- 1.000.000-1.800.000 төгрөг
  • Үхэр- 1.000.000-2.300.000 төгрөгийн үнэтэй байна.

 

Эх сурвалж:  “Малчин лавлах-109” мэдээллийн төв

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ жил 16 аймгийн 100 гаруй сум тэгш ойтой DNN.mn

Энэ жил 16 аймгийн 100 гаруй сумын 100 жилийн тэгш ой тохиож байна.

Завхан аймгийн арван сум тэгш ойтой:

  1. Баянтэс сум: 7 дугаар сарын 19, 20-нд,
  2. Баянхайрхан сум: 7 дугаар сарын 20, 21-нд,
  3. Сонгино сум: 7 дугаар сарын 21, 22-нд,
  4. Сантмаргаз сум: 7 дугаар сарын 26, 27-нд
  5. Дөрвөлжин сум: 7 дугаар сарын 20, 21-нд,
  6. Ургамал сум: 7 дугаар сарын 19, 20-нд
  7. Отгон сум: 7 дугаар сарын 18, 19-нд,
  8. Цагаанхайрхан сум: 7 дугаар сарын 19, 20-нд
  9. Шилүүстэй сум: 7 дугаар сарын 17, 18-нд
  10. Яруу сум: 7 дугаар сарын 26, 27-нд болно.

Архангай аймгийн таван сум тэгш ойтой:

  1. Батцэнгэл сум: 7 дугаар сарын 20, 21-нд,
  2. Хайрхан сум: 7 дугаар сарын 19,20,21-нд
  3. Чулуут сум: 7 дугаар сарын 15, 16, 17-нд,
  4. Өлзийт сум: 7 дугаар сарын 17, 18-нд,
  5. Жаргалант сум: 7 дугаар сарын 17, 18, 19-нд болно.

Сүхбаатар аймгийн хоёр сум тэгш ойтой:

  1. Уулбаян сум: 7 дугаар сарын 15-28-ны хооронд,
  2. Эрдэнэцагаан сум: 7 дугаар сарын 15-28-ны хооронд болно.

Баянхонгор аймгийн гурван сум тэгш ойтой:

  1. Баацагаан: 7 дугаар сарын 17,18,19-нд
  2. Бууцагаан, Гурванбулаг, Заг сум: 7 дугаар сарын 18, 19, 20-нд
  3. Өлзийт, Жинст сум: 7 дугаар сарын 19, 20, 21-нд тэмдэглэнэ.

Ховд аймгийн таван сум тэгш ойтой:

  1. Алтай сум: 8 дугаар сарын 18-20-нд,
  2. Дарви сум: 7 дугаар сарын 22-24-нд,
  3. Мянгад сум: 8 дугаар сарын 19-20-нд,
  4. Зэрэг сум: 8 дугаар сарын 22-24-нд,
  5. Цэцэг сум: 8 дугаар сарын 7-9-нд болно.

Өвөрхангай аймгийн есөн сум тэгш ойтой:

  1. Богд сум: 7 сарын 26, 27
  2. Баян-Өндөр сум: 7 сарын 27, 28
  3. Бат-Өлзий сум: 7 сарын 26, 27
  4. Баянгол сум: 7 сарын 25, 26
  5. Баруунбаян Улаан сум: 7 сарын 26, 27
  6. Тарагт сум: 7 сарын 26, 27
  7. Гучин-Ус сум: 7 сарын 26, 26
  8. Төгрөг сум: 7 сарын 25, 26
  9. Хужирт сум: 7 сарын 25, 26-нд болно.

Хэнтий аймгийн нэг сум тэгш ойтой:

  1. Норовлин сум: 7 сарын 17-19-нд болно.

Хөвсгөл аймгийн гурван сум тэгш ойтой:

  1. Шинэ-Идэр сум: 7 дугаар сарын 17-19-нд
  2. Галт сум: 7 дугаар сарын 17-19-нд
  3. Тосонцэнгэл сум: 7 дугаар сарын 16-18-нд тэмдэглэнэ:

Дундговь аймгийн таван сум тэгш ойтой:

  1. Эрдэнэдалай сум: 7 дугаар сарын 19-20,
  2. Дэлгэрцогт сум: 7 дугаар сарын 20-21,
  3. Хулд сум: 7 дугаар сарын 22-23,
  4. Дэлгэрхангай сум: 7 дугаар сарын 24-25,
  5. Сайхан-Овоо сум: 7 дугаар 26-27-ны өдрүүдэд тэмдэглэхээр товложээ.

Дорнод аймгийн дөрвөн тэгш ойтой:

  1. Булган сум: 7-р сарын 19, 20-нд,
  2. Баян-Уул сум: 7-р сарын 20,21-нд,
  3. Халхгол сум: 7-р сарын 21,22-нд,
  4. Матад сум: 7-р сарын 22.23-нд тус тус болно.

Дорноговь аймгийн есөн сум тэгш ойтой:

  1. Даланжаргалан сум: 7 дугаар сарын 5,6,7-нд,
  2. Иххэт сум: 7 дугаар сарын 7,8-нд,
  3. Сайхандулаан сум: 7 дугаар сарын 9,10,11-нд,
  4. Алтанширээ сум: 7 дугаар сарын 17,18-нд,
  5. Айраг сум: 7 дугаар сарын 19,20 21-нд,
  6. Дэлгэрэх, Хөвсгөл сум: 7 дугаар сарын 15,16-нд,
  7. Мандах сум: 7 дугаар сарын 18,19,20-нд,
  8. Хатанбулаг сум: 7 дугаар сарын 19,20,21-нд,
  9. Өргөн, Эрдэнэ сум: 7 дугаар сарын 24,25,26-нд болно.

Увс аймгийн зургаан сум тэгш ойтой:

  1. Бөхмөрөн сум: 8 дугаар сарын 14, 15
  2. Өндөрхангай сум: 7 дугаар сарын 17, 18
  3. Тэс сум: 8 дугаар сарын 8, 9
  4. Зүүн Хангай сум: 7 дугаар сарын 21, 22
  5. Өмнөговь сум: 7 дугаар сарын 27, 28
  6. Ховд сум: 8 дугаар сарын 20, 21-нд болно.

Булган аймгийн таван сум:

  1. Бугат,
  2. Дашинчилэн,
  3. Сайхан,
  4. Хутаг-Өндөр,
  5. Рашаант,

Говь Алтай аймгийн 16 сум:

  1. Алтай,
  2. Баян-Уул,
  3. Бигэр,
  4. Бугат,
  5. Дарви,
  6. Дэлгэр,
  7. Жаргалан,
  8. Тайшир,
  9. Тонхил,
  10. Төгрөг,
  11. Хөхморьт,
  12. Цогт,
  13. Цээл,
  14. Чандмань,
  15. Шарга,
  16. Эрдэнэ сумын 100 жилийн ой тохиож байна.

Төв аймгийн хоёр сум:

  1. Батсүмбэр,
  2. Баян зэрэг нийт 7 сумын тэгш ой тохиож байна.

Сэлэнгэ аймгийн найман сум:

  1. Баруунбүрэн,
  2. Зүүнбүрэн,
  3. Цагааннуур,
  4. Мандал,
  5. Шаамар,
  6. Цагаан нуур,
  7. Eрөө,
  8. Түшиг сумын тэгш ой тохиох юм.
Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч Жо Байдены цагаачлалын тухай шинэ бодлого DNN.mn

Ерөнхийлөгч Жо Байден хүүхэд байхдаа АНУ-д ирсэн 530 мянга гаруй цагаачдыг албадан гаргахаас хамгаалсан тогтоол батлагдсаны 12 жилийн ойг тохиолдуулан цагаачлалыг эсэргүүцэгчдийн шүүмжлэлийг үл харгалзан, АНУ-ын цагаачлалын тогтолцоог илүү шударга болгох шийдвэр гаргаж буйгаа зарлав. Ерөнхийлөгч Жо Байден АНУ-д хууль бусаар амьдарч байгаа, албан ёсоор албадан гаргах ёстой ч, АНУ-ын иргэдтэй гэрлэсэн олон зуун мянган эхнэр, нөхөрт өршөөл үзүүлэх шийдвэр гаргаж буйгаа зарласан юм.

Олон нийтийн саналын судалгааны Америкийн Гэллап хүрээлэнгээс нийтэлсэн тайланд “Бүгд найрамдах намыг дэмжигчдийн 90 гаруй хувь нь хууль бус цагаачлалыг Америкийн үнэт зүйлс, амьдралын хэв маягт аюул учруулж буй томоохон заналхийлэл” гэж үзэж байгааг дурдсан байдаг. Үүнийг нам бус сонгогчдын 54 хувь, Ардчилсан намынхны 29 хувь нь дэмжиж байгааг ч бас дурдсан. Иймээс өнгөрсөн тавдугаар сарын сүүлчээр Жо Байден АНУ-Мексикийн хилээр орж ирж буй цагаачдын урсгалыг хязгаарлах зорилготой захирамж гаргаж, Цагаачлалын албаныханд орогнол хүссэн хүмүүсийн өргөдлийг хүлээж авалгүйгээр тус улсаас хөөх эрх олгосон билээ. Тэгвэл одоо Цагаан ордон тус улсад 10-аас доошгүй жил оршин суусан АНУ-ын иргэдтэй гэрлэсэн цагаачдын асуудлыг хөнгөвчлөх шийдвэр гаргаж, АНУ-ын Засаг захиргааны мэдээгээр 500 мянга гаруй хүн шинэ журмын давуу талыг ашиглах боломжтой болохоор болжээ. Мөн энэхүү шинэ бодлого нь эцэг эхийн нэг нь хууль бус цагаач боловч АНУ-ын иргэнтэй гэрлэсэн 21 нас хүрээгүй 50 мянган залуугийн нөхцөл байдлыг сайжруулна гэж тус улсын засаг захиргаа үзэж байна. Ерөнхийлөгчийн энэхүү санаачилга нь Барак Обамагийн гаргаж байсан бодлогоос хойш тус улсад байгаа бичиг баримтгүй цагаачдад туслах хамгийн том хөтөлбөр болж байгаа бөгөөд энэхүү шинэ хөтөлбөр нь тус улсад 10-аас доошгүй жил амьдарсан, энэ оны зургадугаар сарын 17-ноос өмнө гэрлэсэн АНУ-ын иргэдийн эхнэр, нөхөрт хамаарна гэж АНУ-ын ерөнхийлөгчийн тамгын газрын төлөөлөгч мэдэгдэв. Энэ нөхцөлийг хангасан хүмүүс гурван жилийн хугацаанд ажиллах зөвшөөрөл авч, энэ хугацаанд байнгын оршин суух хүсэлт гаргах боломжтой юм. Тэгвэл цагаачлалын хяналтыг чангатгахыг дэмжигч төрийн бус байгууллагын Гүйцэтгэх захирал Жеймс Масса “Түүхэн дэх хамгийн аймшигтай хилийн хямралыг зогсоохын оронд Ерөнхийлөгч Байден гүйцэтгэх эрх мэдлээ хэтрүүлж, АНУ-д хууль бусаар нэвтэрч буй хүмүүст ч өршөөл үзүүлэх боломжтой гэсэн мессеж илгээж байна” гэж мэдэгджээ. Тэрээр мөн “Америкийн Иргэний эрх чөлөөний холбоо (ACLU) Байдены засаг захиргааг АНУ-ын цагаачлалын хуулийг зөрчиж байна гэж үзэн шүүхэд өгсөн” гэж мэдэгдэв. Харин Охайо дахь Кейс Вестерн Резервийн Их Сургуулийн цагаачлалын хуульч, профессор Алекс Квик “Шинэ журам харьцангуй цөөн тооны хүмүүст хамаарч байгаа ч энэ нь албаны хүмүүсийг цагаач бүхий гэр бүлийг хүчээр салгах шаардлагагүй болгож, АНУ-ын иргэний статусаа хэвийн болгоход бэрхшээлтэй байдаг цагаачдын асуудлыг зөв шийдэх эхний алхам болж байна” гэж хэлжээ. Тэгвэл ерөнхийлөгчийн засаг захиргаа “АНУ-д их дээд сургууль төгсөж диплом, зэрэг авсан, эсвэл гадаад улсаас урилгаар ирж, мэргэжлээрээ ажиллаж байгаа өндөр ур чадвар бүхий цагаач иргэдэд тус улсын иргэншил олгох үйл явцыг хялбарчилж, хурдасгахаар төлөвлөж байна” гэж мэдэгджээ.

 

Г.АМАРСАНАА