Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэллээ DNN.mn

Өчигдөр буюу зургаадугаар сарын 20-ны 21:00 цагаас эхэлж орсон борооны улмаас Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дунд голын үерийн далан халих эрсдэл үүсээд байгаа юм.

Тэрбээр “Өчигдөр орсон усархаг борооноос үүдэлтэй баруун уулын төгсгөлд Дунд голын үерийн далан халих эрсдэл үүссэн. Иймээс Дунд голын төгсгөлд зөвшөөрөлгүй барьсан түр замыг сэтэлж буй. Ингэснээр хотын төв хэсэг болох “Бөмбөгөр” худалдааны төв, Баруун дөрвөн зам чиглэлд ус халих эрсдэлээс сэргийлэх юм” гэв.

Мөн Туул голын усны түвшин 25 см, Сэлбэ голын усны түвшин 30 см-аар нэмэгдсэн байна. Улаанбаатар хотод зургаадугаар сарын 21, 22-нд бороо, уулархаг хэсгээр нойтон цас орох бол 25, 26-нд дуу цахилгаантай аадар орох төлөвтэй байгааг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд мэргэжлийн байгууллагуудаас өгч буй сэрэмжлүүлэг мэдээллийг цаг тухай бүрд нь авч, болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

М.Ганзориг: Төрөлхийн дүрслэх авьяастай хүн гар утсаараа ч сайн зураг дарж чадна DNN.mn

“Урлан” студийн захирал Миймаагийн Ганзоригтой ярилцлаа. Түүний “Хатан” зураг нь дэлхийн гэрэл зурагчдын томоохонд тооцогддог “35AWARDS”-н шилдэг 100 гэрэл зурагчдын нэгт багтсан бөгөөд  “Шилдэг эмэгтэй 100 хөрөг” төрөлд шилдэг дөрөвт шалгарсан юм.


-Анх гэрэл зургийн ертөнцтэй хэрхэн холбогдож байв?

-Хүүхэд байхаасаа дүрслэх урлагт их сонирхолтой байсан. Бүх цагаа зураг зурахад зориулдаг байлаа. Манай ах нар хааяа зураг зурахаараа их гоё зурчихсан байдаг гарын дүйтэй хүмүүс. Тэр зургуудыг нь хараад их гоё санагддаг. Би ч гэсэн ингэж зурж сурах юмсан гэж боддог байсан юм. Тэгээд л зурж эхэлсэн дээ.

Дүрслэх урлаг гэдэг зүйлийн дотор гэрэл зураг багтдаг болохоор хөдөө явж байхдаа эсвэл гудамжинд явж байхад тааралдсан дүрслэлүүд нүдэнд их тусаж, ямар нэгэн байдлаар өөрөө дүрсэлж үлдээмээр санагддаг байсан юм. Буурал үстэй өвөө тааралдлаа гэхэд тэр дүрслэлийг хаа нэгтээ буулгаж авах хэрэгтэй юм шиг санагддаг байсан. Гэхдээ мэргэжлийн зураач болоогүй жаахан хүүхэд учир хаана, яаж буулгаж авахаа мэддэггүй байсан. 10 жилд байхад хотоос хальсны камер ирснээр гэрэл зургийг өөрөө авч үзэх боломж олдож байлаа. Тэр камер нь тухайн үед хямд, хүн бүрд байж болохоор камер байсан. Бараг нэг удаагийн камер ч гэж гарч байсан байх. Даан ч тэр камер маань нэг хальс дуусгаад л эвдэрчхээд, засуулж чадалгүй явсаар гэрэл зургаас хөндийрсөн.

-Тэгэхээр зураг дараагүй удсан гэсэн үг үү?

-Түүнээс хойш компьютерийн эрэн эхэлсэн үе. Дүрслэх урлаг, компьютер хосолсон график дизайнер гэдэг мэргэжил байдгийг мэдээд зургаар шалгалт өгч, элсэж байсан. Хэвлэлийн график дизайн гэх анги анхлан нээгдэж байсан юм. Тэгээд л ШУТИС-ийн хэвлэлийн график дизайны ангийн оюутан болсон.

Өөрөө их дуртай, цаг хугацаа зарцуулдаг байсан ч яг үнэндээ миний зурах чадвар тийм ч сайн байгаагүй. Ямар нэгэн зүйлд төрөлх авьяас гэж байдаг. Тэр тал нь надад их дутагдаж байсан. Дуучин болохыг хичнээн хүссэн ч хоолой хүрэхгүй бол боломжгүйтэй адил. Гэхдээ нэлээд хичээл зүтгэлийн дүнд дизайны мэргэжлээрээ төгссөн. Зураач хүмүүс дизайнер болчихоор маш эрх чөлөөтэй ажиллаж байгаа нь харагддаг. Хүссэн зүйлээ дүрсэлж чадаж байгаагаас эхлээд л… Харин миний хувьд илүү их хичээл зүтгэл, цаг зав гаргаж байж нэг бүтээл гараас гардаг гэх мэт их ялгаа гарч байсан.

” 2007 онд сургуулиа төгсөөд, 2008 оны сүүлээр эхнэртэйгээ хувийн студи байгуулаад дөнгөж төгссөн оюутнууд тусдаа гарч байлаа”

Сургуулиа төгсөөд шууд л мэргэжлээрээ ажилласан уу?

-Сургуулиа төгсөөд “Ирмүүн” гэх агентлагт ажилд орсон. Уг агентлаг гэрэл зургийн студитэй байсан болохоор анх мэргэжлийн камертай ажиллаж, сурч эхэлсэн. Анх камер бариад, зураг авснаасаа хойш камергүй явахаа больсон.

Ажлын камерыг бариад гадуур явж, харсан бүх зүйлийнхээ зургийг дардаг байлаа. Гэхдээ тэр ажилдаа удаагүй л дээ. Эхнэр маань график дизайнер байсан болохоор бид хоёр нийлээд хувийн студи байгуулаад л дөнгөж төгссөн оюутнууд тусдаа гарч байлаа.

Тухайн үед дизайны ажил олдохгүй канон, принтер ажиллуулах гээд хэвлэлийн ажил хийж байлаа. Хэвлэлийн ажлаа хийхийн хажуугаар хувьдаа сонирхогчийн камер аваад 2,3 жил тасралтгүй зураг авсан. Ингэж явсаар 2011 оноос л зураг авах үйлчилгээ үзүүлээд хариуд нь төлбөр авч болохоор зургууд авч эхэлсэн дээ.

-Тэгэхээр сургуулиа төгсөөд л “Урлан” студиэ байгуулж байжээ?

-Анх 2007 онд сургуулиа төгсөөд, 2008 оны сүүлээр студи байгуулаад “Урлан” гэж нэрлэж байлаа. Тэр үед гэрэл зурагчин гэхээр бараг талбайн зурагчидаар л төсөөлдөг байсан.

“Гэрэл зураг бол урлаг” гэдэг талаас нь хараасай гэсэндээ студиэ “Урлан” гэж нэрлэсэн.

-Гар утас камертай болсноор хүмүүс гэрэл зургийн тухай илүү их ойлголттой болсон.-

Харин одоо “Гэрэл зураг урлаг гэдгийг бүгд мэднэ” гэж хэлэх хэмжээнд хүрчихсэн. Бүгд л өөрийнхөө хэмжээнд гар утсаараа зураг авч чадна.  Хүн бүр гартаа барьсан утсаараа зураг авах боломжтой болсон нь бидний давуу тал. Үүний дүнд хүссэн хүн утсаараа зураг дараад “Би зураг авч чадах юм байна, эсвэл зураг авах нь ийм хэцүү юм байна” гэх ойлголтыг авчихсан учраас гэрэл зургийг бүгд ойлгодог. Сайн муу зургийг ялгаж чаддаг болчихсон. Тэгэхээр гар утас камертай болсноор гэрэл зургийн ойлголт өссөн.

–Хувь уран бүтээлчийн хувьд ямар төрлийн зураг авах дуртай вэ?

-Анх баримтат, street маягийн зургууд авч эхэлсэн. Тэгээд найзуудынхаа хөрөг зургийг авах, макро зураг сонирхох зэргээр гэрэл зургийн бүх төрлүүдийг оролдож үзсэн.

Байгалийн зураг, одны зураг, хотын шөнө гээд олон төрлөөр зураг авсан. Зарим төрлийн зургуудыг нэг хэсэг аваад л “Аан ийм байдаг юм байна” гэдэг ойлголттой болоод өнгөрдөг. Харин зарим төрөл нь байнга л сонирхол татаж, ингэж гэрэл тавиад, гадаа нэг, дотор нэг гэх мэтээр зураг авч үзэх санаачилга төрдөг нь хөрөг зураг.

-Гэрэл зураг, тэр тусмаа хөрөг зураг авах үед камерын өмнө гараад сандардаг хүмүүстэй хэрхэн ажилладаг вэ?

-Камерын өмнө сандардаг хүмүүстэй ховорхон ажилладаг. Ихэвчлэн сурталчилгааны зураг авдаг болохоор мэргэжлийн баг бүрдэж ажилладаг.

Мэргэжлийн хүмүүст ийм уур амьсгал бүрдүүлэхийн тулд тийм дүр төрх гаргаарай гээд хэлэхэд өөрсдөө мэддэг. Харин зураг авч эхэлж байх үед камерын урд байгаа хүн сандрах гэхээсээ илүүтэй би өөрөө камерын ард сандардаг байсан.

Хүмүүст өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, бодсон зүйлээ ойлгуулахдаа тааруухан байсан л даа. Энэ дотогшоо зан маань хөрөг зурах авахад айдастай болгодог байсан. Тиймээс сурталчилгааны зураг авч эхэлж байхдаа дандаа амьгүй зүйлсийн зураг авдаг байсан.

Бүтээгдэхүүний зураг авсан хугацаандаа илүү ихийг сурч, гэрэл, камераа ойлгож эхэлсэн. Үүний дараагаар хөрөг зураг дарах хэмжээний өөртөө илүү итгэлтэй болсон гэх үү дээ.

–Цаашид ямар төрлөөр зураг авахөөр төлөвлөж байна?

-Ямар нэгэн жанрт баригдах бодолгүй байгаа. Юуг хэрхэн илэрхийлэхээсээ шалтгаалаад байгалийн, хөрөг, абстракт гээд ямар ч төрлөөр илэрхийлж магадгүй. Өөртөө цаг гаргана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тиймээс тодорхой нэг төрлөөр зураг авна гэсэн бодолгүй.

-Зургийн санаагаа хэрхэн амилуулдаг вэ?

-Ер нь бүх төрлийн уран бүтээл бүтэхэд ямар нэгэн сэдэл төрөх ёстой. “Яагаад ийм байж болохгүй гэж” гэдэг бодол төрөөд түүнийгээ яаж илэрхийлэх вэ, хэрхэн илүү олон хүнд хүчтэй хүргэх вэ гэдгийг бодсоноос эхэлнэ. Эсвэл ямар нэгэн зүйлийг илэрхийлэх аргачлал оллоо гэхэд тэр аргачлалаар юуг яаж илэрхийлэх вэ гэдгээс л санаанууд гардаг.

-Өөрийн хийсэн ажлуудаас хамгийн чанартай эсвэл мартагддаггүй бүтээлээс яривал…?

-Анхны юм бүхэн их тод үлддэг юм байна. Анх бүтээгдэхүүний зураг авч сурч эхэлж байх үед сурталчилгааны гэрэл зураг тийм ч сайн хөгжөөгүй байсан. Гэрэл зураг аваад түүний оронд төлбөр төлдөг гэдгийг ч хүмүүс тийм сайн мэддэггүй байсан юм. Гэтэл нэгэн байгууллага гадаад сурталчилгааны зураг үзүүлээд ижил түвшний зураг авч чадах эсэхийг асуугаад ийм хэмжээний болгохын тулд цаг хугацаа шаардлагатай, авахад их хэцүү зураг гэж хэлж байсан. Тухайн үед Монголд тухайн шаардлагад нь нийцэх зураг авч чадах студи байхгүй, шинээр нээгдсэн студиудэд санал болгоход нэг сар оролдсоны эцэст бууж өгч байсан юм билээ.

Ийнхүү саналыг нь хүлээн авсан. Бусад өөрийн хэвлэлийн ажлуудаа хийхийн хажуугаар зураг авч явуулаад, болохгүй байна, ийм тийм зүйлүүд нь өөр байна гэж буцаагдаад байсан. Намар эхэлсэн зургийн ажил хавар дууссан. 7, 8 сарын дараа л одоо болж байна гээд хүлээж авсан. Тэр цагаас хойш тухайн төрлийн бүтээгдэхүүний зургуудаа надаар авхуулдаг болсон. Тэр үед зургийг нь хүлээлгэж өгөхгүй, цаг нь уртсах тусам бууж өгөх эрхгүй болж байсан. Эхний өдрөө дараад шууд л болчихлоо гээд явуулж байсан. Гэтэл нарийн хэсгүүдийг гаргаж өгөх хэрэгтэй, тэр нь цаг их авахаар байсан юм. Эхний батлагдсан тэр зураг л санаанд их үлдсэн дээ. Зураг авч өгөөд төлбөр авч байгаа анхны амжилттай тохиолдол байсан.

-Тэр удаан хугацааг зарцуулсан хэцүү зураг нь юуны зураг байсан юм бол?

-Шар айргийн зураг байсан. Дэлгүүрт байгаа бор шилтэй шар айргийг харахад зүгээр л бараан харагддаг. Харин зураг авахад шилний гэрэл нэвтрэлт, ойлт, хүйтэнд байгаа тохиолдолд хэр хэмжээний хөлрөлт байх вэ, шошгын хэвлэлтийг зурагт хэрхэн сайн харуулах вэ гэхчлэн маш олон зүйл нэг объектод зэрэг байдаг. Тэдгээрийг тэнцвэртэй хэмжээнд зэрэг гаргах боломж байдаггүй. Олон төрлөөр олон зураг аваад давхарлаж байж гардаг зураг.

Саяхан “Гэрэл зургийн мастер” шоу нэвтрүүлэгт оролцсон шүү дээ. Нэвтрүүлгийн талаарх сэтгэгдлээ хуваалцвал?

-Энэхүү нэвтрүүлгээс гэрэл зурагчдын хувьд төрөлх авьяас их чухал юм байна гэдгийг ойлгосон. Оюутнууд, сонирхогчид гээд олон хүн оролцож байсан. Харж байгаа өнцөг, өнгөний зохиомж, агуулга шингээж байгаа байдал гээд ахмад зурагчдаасаа дутахааргүй байсан. Огт зураг авдаггүй ч төрөлхийн дүрслэх авьяастай, нүд нь зохиомж, өнгө гээд харж чаддаг хүн гар утсаараа ч сайн зураг дарж чадах юм байна гэдгийг харсан.  Мэргэжлийн хүн, чи мэргэжлийн хүн биш гэж хэлэх боломжгүйг ойлгосон. Мөн баримтат гэрэл зургаас 10-аад жил холдчихсон байсан болохоор дахин уг төрлийн сайхныг мэдэрсэн нь нэвтрүүлэгт орсны сайн үр дүн байлаа.

-Мэргэжлийн гэрэл зурагчин гэхээс илүүтэй энгийн зурагт хайртай хүний хувьд ямар зураг танд илүү таалагддаг вэ?

-Үзэгчийн хувиар зургууд харахдаа өнгө зохиомжийг нь түрүүлж хардаг. Энэ нь хамгийн эхний шалгуур. Үүнээс цааш утга агуулга, давтагдашгүй байдал зэрэг бусад зүйлд анхаарал хандуулж эхэлдэг.

Дүрслэх урлаг талаасаа эхний шалгууруудаа даваагүй бол агуулга хэчнээн сайн байсан ч сайн зураг гэж хардаггүй. Сайн сэдэв, санаа байна л гэж харах байх.

-Тэгэхээр таны хувьд сайн зургийн гол чанар нь өнгө, зохиомжийн нийцэл үү?

-Зарим хүмүүст энэ тал дээр төөрөгдөл байдаг юм шиг санагддаг. Гэрэл зургийн уралдааныг таван шүүгч шүүж байлаа гэхэд зарим нь энэ зураг цаанаа гүн гүнзгий утга, агуулгатай тул сайн зураг гэсэн санал гаргаж болно. Ийм үеүдэд баримтлах гол шалгуур нь эхний ээлжинд дүрслэх урлаг гэдгийг сайтар санаж байх хэрэгтэй.

Гэрэл зураг гэдэг нь дүрслэх урлаг гэдэг жанраа барьж уг талаа барьсан зураг нь сайн зураг гэдгийн анхны шүүлт болох байх. Үүний дараагаар агуулга, түүх зэрэг бусад зүйлсээ харж эхлэх хэрэгтэй гэж боддог.

-Зурагчин хүнд мэдрэмж мэдээж чухал. Мэдрэмжээс өөр юу шаардлагатай вэ?

-Сайн зурагчин байхын тулд мэргэжилдээ хайртай байх хэрэгтэй. Тухайн мэргэжилдээ хайртай байж л илүү их сэтгэл гаргаж, илүү их цаг зарцуулна. Цаг хугацаа зориулсныхаа хэрээр бүтээл туурвих чадварууд сууна. Мэдээж дүрслэх урлагийн зохиомжийн өнгөний мэдрэмж байх хэрэгтэй. Энэ төрөлх авьяас нь хүмүүст маш их боломжийг өгдөг. Уг хоёр гол зүйл байхад бусад зүйлс нь цаашдаа гарч ирдэг.

-Гэрэл зураг сонирхдог өөрийн зургаа сайжруулахыг хүссэн хүмүүст юу зөвлөх вэ?

-Гэрэл зурагт та амьдралынхаа хэр их цагийг зарцуулж чадах тооцоогоо эхлээд гаргах хэрэгтэй байх. Зүгээр л би энэ зүйлд дуртай, хэзээ нэгэн цагт хийнэ гээд хэзээ ч хийхгүй байх тохиолдол маш их. Үнэхээр хийхээр зорьж байгаа бол хамгийн гол нь цаг л зарцуулах хэрэгтэй. Тэгж байж л үр дүн гарна.

Хэрэв нэлээд их цаг зарцуулж чадна гэж бодсон бол тэр чиглэлээрээ ажилласан нь дээр. Ажиллах, сонирхох хоёрын хооронд асар их зай байдаг. Ажиллах юм бол бусдын шүүмж, шахалтын доор хамаагүй илүү юм сурдаг. Сонирхлоороо хийж байгаа юмыг хэн ч шүүхгүй. Бараг өөрөө өөрийгөө ч шүүхгүй. Тэр дотроос хүн алдаагаа олж харах боломжоо алддаг. Үүний үр дүнд маш их цаг хугацааг өнгөрөөсөн ч тийм ч их хөгжөөгүй байдаг. Тэгэхээр нэг өдрийг бүтэн зориулчихаад түүнийхээ үр дүнг хэн нэгнээр шүүмжлүүлэхгүйгээр өнгөрнө гэдэг нь тэр өдрийг үр дүнгүй өнгөрүүлж байна гэсэн үг. Тиймээс цаг зарцуулж чадахаар байвал тэр чиглэлээрээ ажлаад үз л гэж зөвлөнө.

Мөн гар утасны камер хөгжөөд одны болон сүүн замын зургийг авахаар хүчин чадалтай болсон. Макро зураг авч болдог мэргэжлийн камерын шинжүүдийг шингээгээд байгаа. Гэрэл зураг сонирхож байгаа хүмүүс мэргэжлийн ажлуудыг хийж болохуйц тоног төхөөрөмж өөртөө авч яваа гэдгээ ойлгох хэрэгтэй. Сүүлийн үед гар утсаараа зураг авдаг зурагчид, гар утасны гэрэл зургийн уралдаан гээд олон зүйлс бий болсон.

-Гэрэл зургийн хөгжлийн ирээдүйг хэрхэн харж байна?

-Хаана ч хөгжих боломжтой. Интернэт байгаа л бол хэн ч хаана ч үзэсгэлэнгээ дэлгэж болно. Хувь хүн өөрөө цаг хугацаагаа зарцуулаад сайн бүтээл гаргаж чадаж байгаа бол. Монголд бүх зүйл хоцрогдмол байдаг гэсэн ойлголт нь өөрөө хоцрогдсон ойлголт. Гэрэл зургийн хувьд тэр тусмаа дэлхийгээс хоцрох зүйл байхгүй.

 

Б.ЭНХЖИН

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Уулаараа хасах хэмд хүрч, цас үргэлжлэн орох тул хол, ойрын замд гарахгүй байхыг зөвлөж байна DNN.mn

Хэнтийн нуруу, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Мандал сум, Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Эрдэнэ, Мөнгөнморьт сум, Багануур, Налайх дүүрэг, Улаанбаатар хот орчмоор үдээс хойш цас үргэлжлэн орж, ургац хөлдөх эрсдэл үүсэх эрсдэлтэй байна.

Өнөө шөнөдөө /2024.06.21-22/  Сэлэнгийн Хүдэр сумын нутагт Хэнтий нурууны орчимд хуримтлагдах цасны хэмжээ 5-10 см, Улаанбаатар хотын хойд зуслангууд, Гачуурт, Тэрэлжийн орчмоор 5 см зузаан  цас орж, Улаанбаатар хот орчимд уулаараа хасах хэмд хүрч, шөнөдөө хальтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байна.

Тиймээс  хол, ойрын замд гарахгүй байх, дулаан хувцаслах, хувийн болон өрхийн бэлэн байдлыг хангах, зуслангийн айл, өрхүүд галлагаа хийх, амарч, зугаалгаар явж байгаа иргэд, аялагчид дулаан байранд хонохыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 346 нь нүүгээгүй байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт үерийн эрсдэлтэй бүсэд 407 айл өрх зөвшөөрөлгүй оршин сууж байна.

Эдгээр айл өрхөд нүүн шилжих мэдэгдлийг давхардсан тоогоор 3,052 удаа хүргүүлж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг тухай бүрд хүргэсэн ч 61 айл өрх нүүн шилжжээ.

Харин мэдэгдэл хүргүүлсэн ч 346 айл өрх нүүгээгүй байгааг мэдээллээ.

Үерийн эрсдэл өндөр

  • Баянзүрх дүүргийн 10, 11, 23, 27, 29 дүгээр хороонд зөвшөөрөлгүй 212
  • Сүхбаатар дүүргийн 15,16,18, 20 дугаар хороонд 70
  • Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороонд 24
  • Налайх дүүргийн 1, 6, 8 дүгээр хороонд 68
  • Баянгол дүүргийн 10,23 дугаар хороонд гурван айл өрх байгааг мэдээллээ.
Categories
мэдээ нийгэм

Голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгджээ DNN.mn

Зургадугаар сарын 21-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Шишхэд, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Тэрэлж, Туул, Шарын гол, Зэлтэр болон зүүн хажуугийн Хэрлэн, Хангай нурууны арын Идэр, Орхон, Хөгшин Орхон, өврийн Богд, Зэгстэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хариг, Идэр, Хөгшин Орхон, Хэрлэн, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см даван үерлэж, Буянт, Ховд голууд үерийн аюултай түвшинд хүрсэн байдалтай байна. Мөн Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 120 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Иймд голын эрэг хөвөө дагуу бууж суурьшихгүй байх, бага насны хүүхдүүдэд хараа хяналт тавих, голын татам хөвөө болон үерийн аманд суурьшихгүй байх, баталгаатай гарам гүүрээр гарч байх, хот суурин газрын үерийн ус зайлуулах суваг, хоолойн ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын далангийн бэлэн байдлыг хангах, бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн болон орон нутгийн байна.

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны зургаадугаар сарын 20-ны өдөр нийт 2123 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1647, гэмт хэргийн шинжтэй 104 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 79 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 26 хэргийг нөхөн илрүүллээ гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн Төвөөс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргүүд үерийн хамгийн өндөр эрсдэлтэй байна DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хийсэн үерийн эрсдэлийн үнэлгээгээр эрсдэлийн индекс 10.6 буюу маш их байна.

Мөн дүүргүүдийн үерийн эрсдэлийн индексийн дундаж 8.1 буюу “маш их” гэсэн дүгнэлт гарлаа.

Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн хувьд хамгийн өндөр эрсдэлтэйд тооцогдож байна. Нийслэлийн хэмжээнд үерт өртөх байдлын үнэлгээгээр 25.000 орчим хүн ам өртөх магадлалтай гэсэн дүгнэлтийг гаргаад байна.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм

Малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хорооны Эмээлтэд хоёр иргэн малаа хариулж яваад сураггүй болсон гэсэн дуудлагыг 06.21-ний өдрийн 01:15 цагт хүлээн авсан.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид ажиллаж, тус сумын “Цагаан хөтлийн даваа” гэдэг газраас зүүн тийш 13 км-т төөрч, бээрсэн байдалтай хадны ёроолд сууж байсныг 04:48 цагт эсэн мэнд олсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Явган зорчигч руу ус цацсан жолоочийг 100.000 төгрөгөөр торгоно DNN.mn

Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байх үүрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100,000 төгрөгөөр торгох зохицуулалттай байна.

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: Оргодол этгээдийг СХД-ийн нутаг дэвсгэрээс баривчиллаа DNN.mn

Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж байсан иргэн “О”-г энэ сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс баривчиллаа.

Иргэн “О” нь хамтран амьдрагчаа удаа дараа харгис хэрцгийгээр зодож, биед нь гэмтэл учруулсан хэргийг үйлдсэн бөгөөд урьд өмнө 7 удаагийн ял шийтгэл эдэлж байсан. Түүнийг баривчлах үед дээрх этгээд нь эсэргүүцэл үзүүлж, биедээ зэвсгийн чанартай зүйл буюу хутга авч явсныг хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Түүний хамтран амьдрагч “С”-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн дагуу хамгаалалтын арга хэмжээ авч ажиллаж байна.