Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн нөхцөл байдал тодорхойлогдсоноос хойш нийт 93 дуудлага бүртгэгджээ DNN.mn

2024 оны 21-22-нд шилжих шөнө үргэлжлэн орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотой 23 дуудлага бүртгэгдсэн байна

Ингэснээр үерийн нөхцөл байдал тодорхойлогдсоноос хойш нийт 93 дуудлага бүртгэгдээд байна. Үүнээс 40 дуудлагад заавар зөвлөмж өгч, 53 дуудлагад хариу арга хэмжээ авч ажиллаж байна.

Өнөөдөр шиврээ бороо үргэлжлэн орж Сэлбэ гол далангаа давж, үерийн эрсдэл үүсэж болзошгүй байгаа тул Сэлбэ гол болон дунд гол дагуух 3 байршилд 5 аж ахуй нэгж Сэлбэ голын зүүн эрэгт 200-300 м урттай, 120-150 см өндөртэй шороон даланг босгож, 1400 м3 лаг хагшаасыг голоос цэвэрлэн гаргаж хүчитгэх ажил хийж байна.

Мөн Сэлбэ апартмент орчмын бохир усны 3 худгийг өндөрлөж борооны уснаас сэргийллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүннү 2222” хорооллын ус соруулах насосын ашиглалтыг ГУББГ хариуцахаар болов DNN.mn

“Хүннү 2222” хорооллын СӨХ ус соруулах насосоо ажиллуулж чадаагүйн улмаас тус орчимд борооны ус тогтоод байна.

Өмнө нь Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ /ГУББГ/-аас насосын ашиглалтыг хариуцах санал тавьсан бөгөөд 40 тонн лаг хагшаасыг цэвэрлэж өгсөн юм. НОК-ын дарга Х.Нямбаатар тус хороололд ажиллаж, ус соруулах насосын ашиглалтыг цаашид ГУББГ хариуцахаар боллоо.

Тэрбээр “Уг хорооллын хоёр талд ус тогтсон нөхцөл үүсээд буй. Иймд тус хорооллын СӨХ-той зөвшилцөн цаашид мэргэжлийн байгууллага болох ГУББГ-аар насосын ашиглалтыг хариуцуулахаар боллоо. Харин ашиглалтын зардлыг “Хүннү 2222” хорооллын СӨХ болон ойролцоох аж ахуйн нэгж байгууллагуудаас авна. Энд хуримтлагдсан усыг урагшаа Туул гол руу хаяхад усны түвшин зөрөөд байгаа тул насосоор заавал дамжих шаардлага үүсээд байгаа юм. Маргааш өглөө 06:00 цаг гэхэд тогтсон усыг соруулж дуусгахаар төлөвлөж байна” гэв.

Мөн үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хариуцлагатай байхыг уриаллаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ус цацсан жолоочийг E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой DNN.mn

Жолооч санаатайгаар явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай.

 Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй явах үүрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно” хэмээн заасан байдаг аж.

Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсанд болон камераар дүрсийг нь баримтжуулж E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Голын эргийн ойролцоо суурьшсан ААН байгууллага, айл өрхүүдэд сэрэмжлүүлж байна DNN.mn

Улаанбаатар хотод үргэлжлэн орсон борооны улмаас 2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 06 цагийн байдлаар

Тэрэлж голын усны түвшин үерийн аюултай түвшинг 26 см давж, өнгөрсөн оны их үерийн түвшинг 10 см даван хүчтэй үерлэж байна.

 Туул гол Улаанбаатар хот орчимд өмнөх шөнийн 22 цагаас хойш 5 см нэмэгдэж, үерийн түвшинг 32 см даван үерийн аюултай түвшинд дөхөж байна.

Сэлбэ голын дагууд үерийн түвшинг 5 см орчим давсан хэвээр байна.

Иймд

Голын эрэг дагуу суурьшсан аж ахуй нэгж байгууллага, айл өрхүүд хамгаалалтын суваг шуудуу татах

Өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн аюулгүй байдлыг хангах

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан улсад төрийн айлчлал хийнэ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын
23-26-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Энэ айлчлал нь хоёр улсын хооронд  1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш дээд түвшинд болж буй анхны айлчлал юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёев-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн Олий Мажлис (Парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нартай уулзаж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр: Г.Түмэндэмбэрэл гуай “Туулын урсгал шөнөдөө сайхан”-ыг дуулчихаад “Үг, ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж билээ DNN.mn

Туулын урсгал шөнөдөө сайхансан

Торгон долгио хаялан мяралзагдсан

Хоёр ангир дандаа хөвдөгсөн

Холын анир авангаа дуугардагсан… хэмээн аманд шууд л аялагдах торгон аялгуу бидний дунд хэдийнэ ардын дуу болтлоо “амьдарчээ”. Ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэлийн амилуулсан энэ сайхан бү-тээл ХХ зууны манлай яруу найрагч Б.Явуухулангийн шүлэг, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Дашдаваагийн Баттөмөрийн аялгуу билээ. “Миний нутгийн бараа”, “Дуу минь, дуу минь”, “Есөн эрдэнийн орон”, “Бодлын цагаан хун”, “Намуун үдэш”, “Нутгийн хөөрхөн бүсгүй”, “Би хаана төрөө вэ”, “Дуу шиг сайхан бүсгүй”, “Цэцэгт цэнхэр алчуур”, “Нүд хөмсгийг чинь харъя” гээд л үргэлжлэх жар, дал, наяад оны нийтийн дууны ноён оргил болсон олон сайхан дууны аялгууг авторласан эрхэм бол Дашдаваагийн Баттөмөр гуай юм. “Өдрийн сонин”-ы “Танайд өнжье” булангийн энэ удаагийн зочноор “Алтан намар-1986”, “Морин хуур-1991” наадмын тэргүүн байрын шагналт, Монголын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөрийг урьж оролцууллаа.

Д.Баттөмөр гуайн зааж өгснөөр хотын төвийн хуучны есөн давхар байруудын нэгийг амралтын өдөр зорьж очиход түүний хань Ц.Халтар гуай угтаж авлаа. Хаалганы дэргэд хуучны цагаан радио чимээ багатайхан эгшиглэх ч нүдэнд шууд туслаа. Гэрийн эзэн зочны өрөөндөө угтаж авлаа. Том өрөөний баруун жигүүрт ноттой ном бүхий төгөлдөр хуур залаастай байна. Дэргэд нь олон уралдаан наадмын шагналууд тавиастай байх аж. Гэр бүлийн нэлээд олон зургийг гэрийн хананд өлгөжээ.

Бид зүүн жигүүрийн ширээн дээр тухлаад өвгөн зохиолчийн сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярианыхаа салхийг хагаллаа. Дууны нэрийг нь сонсоход л уулга алдмаар, сэтгэлд хэдийнэ хоногшчихсон, тэр аялгууг бүтээж байх агшинд энэ зохиолчийн оюун тархинд юу бодогдож байсан бол, ямар сонин нууц түүх байгаа бол гэхээс хүлээж үл тэвчинэ. Д.Баттөмөр гуай “Зүгээр байхгүй шүү дээ. Зүгээр байх ч ёсгүй” гэж сүүлийн үеийн уран бүтээлийнхээ талаар товчхон тодорхойлчихов. Хамгийн сүүлд тэрээр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюуны бүтээл “Мянган уулын цэцэг” жүжгийн хөгжмийн зохиолчоор ажиллажээ. Эл жүжиг энэ сарын 2-нд Төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Н.Наранбаатарын нэрэмжит Булган аймгийн Хөгжимт жүжгийн театрт нээлтээ хийсэн билээ. Тэгвэл одоо өөрийн сурч төгссөн Дундговь аймгийн Дэлгэрцогт сумынхаа сургуулийн 100 жилийн ойн концертын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа гэнэ. “Сонгууль дуусангуут нутаг руугаа явж, ажилдаа орно доо” хэмээн нүүрэндээ баясал тодруулах аж.

Хөгжмийн зохиолч Д.Баттөмөр дуу хуурын өлгий Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын уугуул. Сумандаа 1960 онд долдугаар ангиа төгсөөд Улаанбаатарыг зорьжээ. Уг нь техниккумд орох хуваарь атгачихсан ч сэтгэл зүрх нь өөр тийш татагдаж, урлаг соёлын байгууллага руу чиглэжээ. Яг тэр үед Улсын ардын дуу бүжгийн чуулгад “Хөгжимчин, дуучин, бүжигчин болох хүнийг шалгаруулж авна” гэх зарыг олж уншаад шалгалт өгөхөөр шийджээ. Д.Баттөмөр гуайн аав н.Доржхорол уртын дууг сайхан дуулчихдаг. Айлын найр, шагайн наадамд ая дуугаараа хөгжөөж, бяцхан хүү Д.Баттөмөр гадна нь тоглож өсөхдөө уртын тэр сайхан дууны шуранхай аялгуу өөрийн мэдэлгүй чихэнд нь орж, сэтгэлд нь хадагдчихсан байж л дээ. Өөрөө ч хурдан морь унаж гийнгоо эгшиглүүлж явсан нь хөгжмийн аялгууг мэдрэх торгон мэдрэмж, авьяас хөвөрч байсных биз ээ.

Долдугаар ангийн боловсролтой хүү Улсын ардын дуу бүжгийн чуулгын шалгалтад ороод тэнцэж орхижээ. Тухайн үед танихгүй ч шалгалт авсан багт нь Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарын Монголын урлаг соёлын тархи болсон эрхмүүд багтсан байжээ. Хүүд “Тэнцсэн” гэдэг бичиг хийж өгөөд аравдугаар сарын 1-нд ирж ажилдаа ороорой гэжээ. Нутагтаа ч баяртай буцсан гэнэ. Гэтэл аав ээж, ар гэрийнхэн нь “Сургуульдаа орохгүй ирлээ” гэж багахан зэмлэсэн байна. Гэсэн ч сэтгэл зүрхний гүн дэх жижигхэн мөрөөдлөө гүйцэлдүүлчихсэн түүнд тэр яриа хаалт болоогүй. “Ингэж би хөгжимчнөөр анх орсон. Их хуур хөгжим дээр намайг авсан. Надад анхны нотыг Чулуунбаатар багш маань заасан. Надтай хамт Ардын жүжигчин Д.Ичинхорлоо, н.Пүрэв гээд залуу бид гурав анх орж байлаа. Эхний жил дагалдан хөгжимчнөөр ажиллаад дараа жил нь Соёлын яамны шалгалтаар орон мэргэжлийн үнэмлэхээ авч билээ” гэж тэрээр хуучилж байв.

1965 он. Улсын ардын дуу бүжгийн чуулгынхан говийн дуу, хангайн дуу, алтайн дуу гэсэн цуврал концерт хийж байсан үе гэнэ. Чуулгын удирдлагууд “Хангайн дуу” концертод бүгд идэвхтэй оролцохыг уриалсан тул залуу хөгжимчин маань ая зохиохоор шийджээ. Тэр үед “Залуучуудын үнэн” сонинд яруу найрагч Ш.Сүрэнжавын “Хээр морь минь” шүлэг хэвлэгдсэн байхыг олж уншаад зохиогчтой нь уулзахаар зорьжээ. “Тэр хүн Монголын радиод ажилладаг гэдгийг дуулаад явж очлоо. Шоволзсон шар хүн угтаж аваад цай цүй боллоо. Ингээд шууд л

“Цэцгийн сайхан үнэрт нь

Цэнхэр униарт хангай минь

Цэнгэлийн салхи үлээсэн

Цээж тэнэгэр нутаг минь” гээд л “Баян хангай” дууны шүлгийг хэлээд өгчихсөн юмдаг” хэмээн зочин маань онцлов. Энэ бол түүний хамгийн анхны уран бүтээл. Нэг их удалгүй Ш.Сүрэнжав гуай “Намуун үдэш” дууны үгийг өгсөн байгаа юм.

“Намуухан үдэш гадаа налайж

Найрсагхан чи минь гараа өглөө

Уяранхан дуулмаар оройн тогтуунд

Уужимхан хорвоо онцгой сайхан… Үг, ая нь нэгнийгээ илэрхийлэх, салгаж болшгүй мөнхийн бүтээл гэдэг энэ л байх. Төрийн шагналт, ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжав залуухан хөгжмийн зохиолчид ийм сайхан хоёр шүлгээ өгч, ирээдүйн нэрт уран бүтээлч болох гүүрийг урамтайяа тавьж өгчээ. Д.Баттөмөр гуай “Ш.Сүрэнжав гуай надаас олон мундаг зохиолчидтой ажиллачихсан, олон арван дуу бүтээчихсэн байсан үе. Дууны шүлгэнд гаршсан хүн дээ. Дээрээс нь цэцэн цэлмэг, яруу тод гэж жигтэйхэн. Үнэмшилтэй сайхан шүлэг хийдэг хүнтэй анх танилцсандаа их баярлаж, сэтгэл зүрхэндээ талархаж явдаг” гэлээ.

Энэ хоёр эрхмийн гар нийлсэн бас нэг алдартай бүтээл бол “Миний нутгийн бараа” хэмээх аялгуут сайхан бүтээл билээ. Энэ дууны аяыг зочин маань Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийн оюутан байхдаа биччихсэн байсан гэнэ. Монголд буцаж ирээд Ш.Сүрэнжав найрагчид өгчээ. Гайхамшигтай нь маргааш өглөө нь л

…..Газрын холоос цайвалзсан

Ганган цагаан гэр байна хө

Ганцхан насанд заяасан

Миний нутгийн бараа юу даа хэмээн тэрлээд аваад ирсэн байна. Хүний нутагт эх нутгаа, ээж ааваа, дурлалт бүсгүйгээ санан мөрөөдсөн сэтгэлийг гярхай ажиглаж, яг л тэр аялгууг амилуулсан мөртүүд тэрлэнэ гэдэг агуу яруу найрагчийн л чадвар. Энэ сайхан бүтээл хоёр уран бүтээлчийн нутагт хоёуланд нь хөшөө болон сүндэрлэжээ.

Долдугаар ангиасаа шууд ажлын гараагаа эхэлчихсэн түүнд мэргэжлээрээ суралцах шаардлагатай болжээ. Үүний тулд оройн ангид суралцаж, аравдугаар ангийн боловсролтой болоод авчээ. Залуухан хөгжимчний оройн ангийн найзууд хөгжимчин Мэнд-Амар, Самбалхүндэв, Бавуугийн Лхагвасүрэн нар байсан гэнэ. Арван жилийн боловсролтой болоод авчихсан Д.Баттөмөр хөгжмийн чиглэлээрээ гадаадад сурахаар шийджээ. Тиймээс 1968 онд Соёлын яаманд шалгалт өгч тэнцээд хуваариа хүлээсэн байна. Гэтэл ирдэггүй гэлээ. Соёлын яамны боловсон хүчний эрхлэгч нь “Чи Буриад улсын Улаан-Үд хотын Дорнод Сибирийн Соёлын дээд сургуульд ардын найрал дуу, хөгжмийн удирдаачаар төгсчих. Тийм л хуваарь байна. Дараа жил хүлээвэл мөдгүй, маш их өргөдөл байна шүү” гэж ятгажээ. Хөгжмийн ямар нэгэн мэргэжлийн суурьгүй учраас өөрт нь ахадна гэж эхэндээ бишүүрхсэн ч тэнцсэн мөртлөө тэнцээгүй гээд гэртээ харилтай биш гээд зөвшөөрчээ. “Тэр нь ч аз болсон юм. Дэлхийн сонгодгууд дунд өдөр шөнөгүй сууж байж дөрвөн жилийг барсан даа” хэмээн тэмдэглэнэ лээ.

Ингээд хөгжмийн удирдаачаар төгсөж ирээд Соёлын яамны хуваарилалтаар Сүхбаатар аймгийн Соёлын ордон хөгжмийн багшаар ажиллахаар болжээ. Дараа нь Ховд аймгийн Хөгжимт драмын театр, Эрдэнэтийн театр гээд л орон нутгийн соёлын байгууллагуудад томилогдон ажиллажээ. Д.Баттөмөр гуай Хөгжим бүжгийн сургуульд хөгжмийн удирдаач, нэлээд олон жил ажилласан түүхтэй хүн.

Тэрээр Ховдод ажиллаж байхдаа Ш.Жамлийхаатай “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг бүтээжээ. Эрдэнэтэд Тангадын Галсантай “Эрдэнэтийн цагаан шөнө” дууг амилуулснаа ч хуучиллаа. Өвгөн зохиолчийн нэрээр нэрд гарсан дараагийн нэг уран бүтээл Пунцагийн Бадарчийн шүлэг Есөн эрдэнийн орон дуу билээ. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай лавшруулан асуухад тэрээр “Эрдэнэтийн соёлын ордонд гурван жил гаруй хөгжмийн багшаар ажиллаж амьдарч байхдаа яруу найргийн түүвэр их үздэг байлаа. Түүн дээр П.Бадарчийн есөн эрдэнийн базсан шүлгийг хараад үүнд нь ая хийгээд “Эх орон минь есөн эрдэнэ” гэдгийг хоёр дахиулж таарууллаа. Ингээд Улаанбаатарт ирээд Үйлдвэрчний эвлэлийн ойн концертод ажиллаж байхдаа П.Бадарч гуайтай таараад шүлгэнд нь ая хийснээ сонсгоход “Ийм дуу байдаг юм уу. Ийм шүлгэнд ийм ая хийхдээ яадаг юм” гэж голох шинжтэй. Гэсэн ч өөрт минь болчихсон юм шиг болдогдоод байв. Тиймээс Улс тунхагласны 60 жилийн ойн уралдаанд энэ дуугаа өгөхөд гуравдугаар байр эзлээдэхлээ. Дуучин Нансалмаа энэ дууг маань зорьж дуулсан. Сүүлд П.Бадарч гуай “Уучлаарай, ийм дуу байсныг мэдсэнгүй” хэмээн хүлцэл өчиж билээ” хэмээн хуучлах нь сонин аж.

Алдарт яруу найрагч Бэгзийн Явуухулан гуайн хэд хэдэн бүтээл эдүгээ нийтийн дунд аялгуу болон түгсэн нь бий. Түүний нэг бол “Би хаана төрөө вэ” хэмээх агуу бүтээл. Энэ дууг хөгжмийн зохиолч маань аавдаа зориулж дуун хөшөө босгосныг сонсох сайхан санагдав. “Зун цаг байсан юм. Багадаа үерхэж явсан найз Зулын хүү жолооч болчихоод машинтайгаа ирээд “Баттөмөр ахыгаа нутаг руу явж явна” гэв. Ингээд явахаар болж хүү нь ч машиндаа бага сага засвар хийхээр явав. Хоёр ч хоног хүлээж гэрийнхэн зусланд гарсан тул ганцаараа уйдаад хийх юмаа олохгүй яруу найргийн түүвэр уншиж байтал “Би хаана төрөө вэ” шүлгийг уншаад ая хийж болмоор санагдав. Тэгэх тэгэхдээ аавдаа зориулж нэг сайхан ая бичмээр байдаг. Ингээд хийсэн. Энэ дууг ганцхан өдрийн дотор хийсэндээ баярлаж билээ. Дуурийн дуучин Гантөмөр анх дуулсан түүх бий” гэж ярилаа.

Дуу бүхэн өөрийн түүхтэй. Сайхан муухай, гунигтай, баяр жаргалтай түүхийг агуулах нь сайхан.

Сарны туяанд цэцэг ургана

Салхины сэвшээнд үлгэр урсана

Саруул хар нүдийг чинь санана

Салалтгүй хамтдаа суугаасай

Дорнын цагаан саран

Шөнөжин дуулж хононо

Дотно янаг хүүтэйгээ

Насандаа цэнгэж сууя аа хэмээн уянгалах энэ сайхан аялгуу хэрхэн бүтсэн түүхийг зохиолчоос асуухад “Сургууль дээрээ хүүхдүүдтэй бужигнаж шуугилдаж байтал “Таныг үүдэн дээр хоёр хүн дуудаж байна” гэв. Очтол Д.Норов нэг нөхөртэйгөө ирчихсэн хүлээж байв. Би танд нэг үг авчирлаа гэхээр нь үзтэл ая хийж болмоор санагдав. Энэ дуун дээр ажиллаж байхад хэдэн жилийн өмнө сурталчилгааны бригадаар явж байхад яруу найрагч Лувсандоржтой их дотно танилцсан мөч сэтгэлд эргэн ирэв. Майхны гадаа сартай шөнө дуулсан дуу, ярьсан яриа, бүжсэн бүжиг тэр хэвээрээ. Бас хоёулаа хөгжимт драм хийхээр санаа оноогоо ярилцаж байсан сан. Удалгүй тэр хүн ертөнцийг орхиж одсон ч тэр л учрал энэ дуунд шингэж байж. Энэ дууг маань хөгжмийн зохиолч Шарав “Чиний энэ дуу нэлээн явна шүү. Чи харж л байгаарай” гэсэн нь баярлуулж билээ” хэмээлээ. Д.Норовын үг “Дорнын цагаан саран” дууны түүх ийм аж.

Монголын хөгжмийн урлагт нэгэн жарныг элээж, жар дал, наяад оны залуусын зүрх сэтгэлийг уянгалуулж, бас эх нутаг элгэн саднаа гэх баяр бахархал төрүүлэх сайхан бүтээлүүдийг туурвисан нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл бүрийг энд дурдаад баршгүй. Монголын яруу найргийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажилласнаа ч зочин маань бахархан ярьдаг юм байна. “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дуу минь, дуу минь” хэмээх хоёр ч уран бүтээлийг амилуулсан ардын жүжигчин Г.Түмэндэмбэрэл гуай Д.Баттөмөр зохиолчид “Үг ая нь дуулахад их эвтэйхэн байдаг шүү” гэж товчхон хийгээд тодорхой дүгнэж хэлжээ. Залуу байсан болоод ч тэр үү, тэр үгэнд баярлаад сүйд болж билээ. Би чуулгад хөгжимчин. Түмээ эгч алдартай хүн. Зориг гаргаж л аялгуугаа өгсөн, сайхан дуулж өгсөн дөө” хэмээн талархан ярьдаг юм байна.

Ардын жүжигчин А.Долгор “Өөрийг минь “Бодлын цагаан хун” дуу олон түмэнд таниулсан” хэмээн одоо ч бахархан ярьдаг билээ. Тэгвэл энэ бүтээлийн шүлгийг Д.Амгалан, аялгууг Д.Баттөмөр гуай бичжээ. Энэ бүтээл 1991 оны Морин хуур наадмын тэргүүн байрыг эзэлж байжээ.Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч маань эдгээр уран бүтээлүүдээрээ “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Дорнын цагаан саран”, “Дуу минь дуу минь” гэсэн дууны гурван түүврийг бүтээсэн байна. Бидний яриа уран бүтээлийн сайхан түүхүүдээр хөвөрсөөр нэлээд хугацааг үдсэн байв. Сайн уран бүтээл олон түмний дунд хэдэн арван жил ч амьдардаг учир уран бүтээлийн яриа ирээдүйд ч үргэлжилсээр л байх нь гарцаагүй.

Д.Баттөмөр гуай ээж Дашдаваагаар овоглож иржээ. Энэ тухай тэрээр “Би сургуульд орохдоо ээжээрээ овоглосноос өнөөг хүрсэн. Аав маань гүндүүгүй хүн байлаа. Овог солиулъя ч гээгүй. Аав маань Дундговийн Дэрэн, ээж Дэлгэрцогтын хүн” гэж хуучлав. Харин гэр бүлийн хүнийг нь Ц.Халтар гэдэг. Тэдний хайрын түүх арван жилийн сургуулиас эхтэй. Тэд нэг сургуулийн төгсөгчид бөгөөд дунд ангиасаа нэгэндээ татагдан үерхэж иржээ. Ц.Халтар гуай насаараа худалдааны салбарт ажилласан, худалдааны гавьяат ажилтан хүн. Тэд дөрвөн охинтой. Том охин Б.Солонго нь аавынхаа мэргэжлийг өвлөсөн. Тэрээр Уралын Хөгжмийн сургуулийг төгсөж ирээд УДБЭТ-т концертмейстер, Монгол Улсын консер-ваторид багшаар ажилласан. Түүнчлэн Монголын олон шилдэг дуучдыг дэлхийн түвшинд хүрэхэд нь зааж, чиглүүлж, сургасан гавьяаг нь Монголын төр үнэлж, 2009 онд Ерөнхийлөгчийн зарлиаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолыг олгосон билээ. Аав нь охиноо “Охин маань өсч дэвжсээр байгаад надаас том боллоо. Би аавынхаа талаасаа том ухаантай. Охин маань жинхэнэ урлагийн нарийн мэргэжлийг нэгдүгээр ангиасаа сурсан хүүхэд. Эхнэр маань худалдааны гавьяат ажилтан. Бас надаас том” хэмээн инээд алдлаа. Гурван охин нь өөр өөрсдийн сонирхлоор мэргэжил эзэмшжээ.

Яруу найрагчид үгэнд амь, сүнс байдаг гэж зүйрлэх. Тэгвэл хөгжмийн зохиолчдын амин сүнс хаана оршдгийг сонирхоход Д.Баттөмөр гуай “Хөгжмийг агуу гэж зүйрлэсэнд баярлалаа. Миний бүтээл олон жил амьдардаг нь шүлгийг л амь оруулчихсан болов уу гэж боддог. Надад олон сайхан шүлэг оногдсон. Би шүлгээ гайгүй ойлгоод хийчихсэн бол цаг хугацаа урт байна, дуулагдана гэж бодож явдаг” хэмээн даруухнаар өгүүлэх нь сүрдмээр юм билээ.

Урлаг соёлынхон, уран бүтээлчид, хөгжимчид, яруу найрагчид эх орончид юм. Тэд уран бүтээлээрээ ард түмний эх оронч сэтгэлгээг нь бадрааж явдаг “эх орончид” юм даа.

Б.ЭНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хөвгүүд уйлах эрхтэй DNN.mn

Ажлын газрын маань танил намайг гэртээ урьж оройн хоолоор дайлах болов. Мартин 40 гаруй настай, Монголын тухай ганц хоёр баримтат кино үзэж байсан, “Volkswagen Golf” маркийн автомашин унадаг, жирийн л нэг герман хүн. Тэднийх подхийсэн гурван давхар байшинтай. Тэр айлаар зочлох үед хоёр зүйлийг гайхаж мөн сэтгэлд маань тод үлджээ.

Хоолны ширээний ард би дууны ая аялж байв. Гэтэл Мартин “бид ширээний ард дуулдаггүй” гэж хэлсэн юм. Монгол хүн орондоо дуулдаггүйтэй адил соёл шиг санагдав. Орондоо дуулах юм бол ээж нь үхдэг гэж монголчууд цээрлэдэг билээ. Харин германчуудын хоолны ширээний ард дуулдаггүй шалтгаан тун энгийн байв. Бусад хүмүүст төвөгтэй, ядаргаатай байх болно гэж хэлэв. Магадгүй эсгий гэр дотор унтах гэж байхад хүн дуу аялах нь бусдад ядаргаатай болохоос тэр хүний ээжид халгүй биз ээ. Дараачийн тод үлдсэн дурсамж нь тэдний 12 настай том хүү зочны өрөөндөө уйлж байсан юм. Теннисний тэмцээндээ хожигдсон аж. Монголчууд эрэгтэй хүүхдийг эр хүн уйлдаггүй юм гэж хэлж өсгөдөг билээ. Тиймээс хөвгүүд хаалттай, мэдрэмжээ илэрхийлдэггүй хүн болж өсдөг. Харин зочилсон айлын маань хүү гэртээ сэтгэлээ онгойтол сайхан уйлж байсан юм.

Хөвгүүд уйлах эрхтэй. Зөвхөн архи ууж сэтгэлээ онгойлгох бус эрүүл аргаар тайвширч, сэтгэлээ тайтгаруулж сурах хэрэгтэй. Уйтгар гунигаа живүүлэх гэж олон хүн архи уудаг. Гэтэл өнөө гуниг нь сэлээд сурчихдаг даа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Очирбат: Орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна DNN.mn

Урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан орон нутаг руу чиглэх хөдөлгөөн ихэсчээ. Түүнчлэн орон нутгийн замд осол аваар гарах эрсдэл энгийн үеэс харьцангуй ихэсдэг. Жишээлбэл, Дорнод аймгийн Булган суманд өчигдөр зам тээврийн ноцтой осол гарсан байна. Тус сум руу явах замд бүхээгтэй ачааны машин суудлын жижиг тэрэгтэй мөргөлдөж замын хажуу руу өнхөрчээ. Уг зам нь эвдрэл гэмтэл ихтэй учир замын нүх тойрох гэж байгаад машинууд мөргөлдсөн байж болзошгүй аж. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга дэд хурандаа Б.Очирбаттай орон нутгийн замын хөдөлгөөний нөхцөл б айдлын талаар ярилцлаа.


-Дээрх ослоос харахад замын эвдрэл гэмтлийг тойрч гарахдаа жолооч нар нэгнийгээ зөрж өнгөрөхийг хүлээх тэвчээр дутмаг ажиглагдаж байна?

-Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дөрөвдүгээр хавсралтад авто зам засвар арчлалтын байгууллага замын эвдрэл гэмтэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн бүтэн байдлыг шуурхай засварлах үүрэгтэй. Цаг агаарын нөхцөл байдал,  газар зүйн онцлогоос шалтгаалаад замын эвдрэл гэмтэл нэлээдгүй байгаа. ТЦА хамгаалах бүсний хэрэглээний судалгаа хийсэн. Мөн замын байгууламжийн эвдрэл гэмтэл, тэмдэг тэмдэглэгээний бүрэн бүтэн байдалд хяналт, судалгаа хийсэн.

Бид хяналтадаа авсан 7833 км урт, хатуу хучилттай автозамаас 36 км квадрат орчим зорчих хэсэгт байгаа эвдрэл гэмтлийг тогтоосон. Авто зам засвар арчлалтын байгууллагад мэдэгдэл шаардлага хүргүүлж, замын эвдрэлийг засуулах, иргэдийн аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр мэдэгдэл шаардлага өгсөн. Үүний үр дүнд авто зам засвар арчлалтын компаниуд эвдрэл гэмтлийг зассан дүнгүүдээ ирүүлж байна.

-Орон нутгийн замд иргэд хамгаалах бүс хэр зүүж байна вэ?

-Орон нутгийн замд хамгаалах бүсний хэрэглээг тогтоох зорилгоор судалгаа хийгдсэн. Орон нутгийн зам дээр ажиллаж буй албан хаагчид жолооч, жолоочийн хажуу талын зорчигч, арын суудлын зорчигчдын хэдэн хувь нь хамгаалах бүс хэрэглэж буйг судалсан. Нийт 856 мянган тээврийн хэрэгсэл судалгаанд оролцсон. Давхардсан тоогоор 500 мянга гаруй  жолооч хамгаалах бүс хэрэглээгүй. Жолоочийн хажуу талын суудлын 600 мянган зорчигч хамгаалах бүс мөн хэрэглээгүй. Арын суудлын гурван сая зорчигч огт суудлын бүс хэрэглээгүй байна гэсэн судалгаа гарсан. Орон нутгийн зам дээр ч бай, суурин газрын зам дээр ч бай ямар нэгэн эрсдэлтэй нөхцөл байдал тохиолдвол суудлын бүс зүүгээгүй хүмүүсийн амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна.

-Суудлын бүс тогтмол зүүх аянд олны танил хүмүүс оролцож байсан?

-Тийм ээ, суудлын бүс зүүх дадалыг хэвшүүлэх зорилгоор олон нийт рүү чиглэсэн “Амь аврагч алтан гурвалжин хамгаалах бүсийг хэрэглэцгээе” гэж уриалж  байна. Олны танил хүмүүс, бөхчүүд энэхүү уриалгад нэгдэж байгаа нь талархууштай. Суудлын бүс хэрэглэхгүй байх нь маш буруу. Томоохон зам тээврийн ослоос хүний амийг суудлын бүс хэрэглэх дадал аврах юм. Зөвхөн жолооч гэлтгүй бүх зорчигчид хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлж 100 хувьд хүргэх шаардлагатай байна. Түүнчлэн орон нутгийн чиглэлд иргэд огт суудлын бүс зүүхгүй байна.

-Орон нутгийн замд хөдөлгөөнт эргүүл гаргахад хүний нөөцийн асуудал тулгарч байна уу?

-Сүүлийн жилүүдэд зам, замын байгууламжууд их баригдах болжээ. Сумдуудыг болон аймгуудыг холбосон шинээр тавигдсан замууд дээр хяналт шалгалт тавих хүн хүчний хүрэлцээ дутмаг байгаа. Мөн аялал жуулчлалын бүс, амралтын газрууд ихтэй бүсэд тодорхой хэмжээний хяналт тавих шаардлагатай ч ажиллах хүчин хэрэгтэй байна. Ирэх жилүүдэд цахилгаан шугам сүлжээний холболт хийгдсэн газруудад камерын системээр хянах боломж бий болно. Одоогоор тийм нөхцөл зарим замууд дээр бүрдээгүй байна.

-Жолооны эрхгүй, эсвэл туршлагагүй хүнд жолоодох эрхээ шилжүүлэх зөрчил хэр их гардаг вэ?

-Иргэдийн нийтлэг гаргадаг нэг зөрчил байна. Хүүхэд болон гэр бүлийн гишүүддээ жолоодох эрхээ шилжүүлэх. Мөн найз нөхдөдөө ч эрхээ шилжүүлж байна. Хүүхдээ 16,17 нас хүрэх үед нь цагдаа байхгүй юм чинь гээд жолоогоо шилжүүлдэг асуудал байна. Энэ нөхцөл байдал нь өөрийгөө болон бусад хүний амь насыг эрсдэлд оруулж байна.

-Орон нутгийн чиглэлд зорчиж буй иргэдэд юу гэж зөвлөх вэ?

-Ялангуяа халууны улиралд автомашин барих үед нозоордог, нойр хүрдэг. Тиймээс тодорхой цагуудад машинаасаа бууж биеийнхээ чилээг гаргах нь аюул осолд өртөх эрсдэл бага. Мөн иргэд орон нутгийн замд явахдаа заавал замын эсрэг тал руу гарч бие засдаг буруу зуршил байна. Суурингийн гадна замд 80 км цагийн хурдтай явах дүрмээ баримтлах нь чухал. Тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг маш сайн хангаж хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Приус маркийн машины насжилт өндөр байна. Мөн ондоо автомашины пүрш, амортизатор суурилуулчихдаг нийтлэг техникийн зөрчлүүд их байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

2024.06.22 / БЯМБА ГАРИГ

ЗУНЫ ДУНД ЦАГААН МОРЬ САРЫН
НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн
Наран ургах, шингэх: 04.53-20.55
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Уул

Аргын тооллын 6 сарын 22, Санчир гараг. Билгийн тооллын 15, Гар одтой, улаагчин могой өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 4:53-20:55. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн. Зуны туйл болох улиирал (5ц 22м), халууны ес эхлэнэ.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 16 хэм дулаан байна DNN.mn

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +11…+16 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Даргангын тал нутгаар +29…+34 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24…+29 градус, бусад нутгаар +19…+24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +22…+24 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. +20…+22 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 98 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.