Categories
мэдээ нийгэм

“Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлага гаргалаа DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас зонхилон тохиолддог гамшиг, ослын аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө бүхий “Жуулчдад зориулсан зөвлөмж” гарын авлагыг гаргалаа.

Тус гарын авлага нь англи, монгол хэл дээр бөгөөд ахуйн болон ой, хээрийн түймэр, үер, усны осол, өндрөөс унах, мөс цөмрөх, цасан болон шороон шуурганы улмаас төөрөх зэрэг аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг нэгтгэн багтаасан. Мөн яаралтай үед холбогдох утасны дугаар, өөрийн байршлаас хамааран ашиглах what3word апплейкшн зэрэг мэдээллийг авах боломжтой юм.

May be an image of map and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Улсын хилээр жилд дунджаар 4.3 сая зорчигч нэвтэрч байна DNN.mn

 Улсын хилээр жилд дунджаар 4.3 сая зорчигч, 2.1 сая тээврийн хэрэгсэл нэвтэрч байгаа тооцоо судалгаа байна.

Хилийн боомтоор он гарснаас хойш одоогийн байдлаар 1,6 сая автомашин, 0.5 сая ачааны болон суудлын вагон, 0.06 сая агаарын хөлөг нэвтэрсэн байна. Энэ тоон үзүүлэлтийг 2006 оныхтой харьцуулахад зорчигч 2 дахин, тээврийн хэрэгсэл 67.8 хувь, 2011 оныхтой харьцуулахад зорчигч 13, тээврийн хэрэгсэл 20.6 хувиар нэмэгдсэнийг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

Азийн АШТ-ээс Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна. Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын барилдаан болж, шилдгүүд тодорлоо.

Манай тамирчдаас 73 кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ. Түүний жинд есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ¼ шигшээд Тайванийн тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаны тамирчныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

7.2 сая м.кв талбайг ариутгаж, халдваргүйжүүлээд байна DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжилсэн борооны улмаас ус ихээр тогтсон орон сууцны хороолол, гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан шуудуу, иргэд ихээр зорчдог зах худалдааны төв болон хогийн цэгүүдэд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Өнөөдрийн байдлаар таван аж ахуй нэгж 7,2 сая м.кв талбайд ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.

Categories
мэдээ нийгэм

Б.Сайнбаяр: Хувийн компани шатахуун татахаа боливол Монголд шатахууны хэрэглээ тэг зогсолтод хүрнэ DNN.mn

Шатахууны хомсдолын асуудлаар Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр хэвлэлийн бага хурал хийлээ.

Тэрбээр “Монгол Улсын нийт шатахууны жилийн хэрэглээ 2 сая 400 мянган тонн байдаг. Шатахуун таталтын 91 хувийг компаниуд буюу ченжүүд хийж байна. Хувийн компани шатахуун татахаа боливол манай улсад шатахууны хэрэглээ тэг зогсолтод хүрнэ.

2015 оноос хойш шатахууны нөөцийн асуудлаар Засгийн газартай гэрээ хийгээд буй “National Trading and Transportation” компани одоог хүртэл гэрээний дагуу хийсэн ажил байхгүй. Тийм учраас Засгийн газар энэ компанитай хийсэн гэрээгээ цуцлах хэрэгтэй.

2021 оны гуравдугаар сард Засгийн газрын 168 дугаар тогтоолд “Монгол Улсад шатахууны нөөц бүрдүүлэх журам” баталсан. Гэтэл журам баталсны дараа 2021 оны есдүгээр сар болон 2023 оны арван хоёрдугаар сард шатахууны хомсдол үүссэн. Шатахууны хомсдол үүссэнээс үүдэн бүх бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг.Шатахуун хомсдох нь Засгийн газрын асуудал биш. Монголын шатахууны нөөцийг ченж нэртэй шатахуун түгээх станцууд бүрдүүлж байна.

Намуудын мөрийн хөтөлбөртэй танилцах явцад Иргэний Зориг Ногоон нам шатахууны нөөцийн сав бүрдүүлэх талаар хууль санаачлах, шатахууны бүрдүүлэлтийг импортлогч буюу ченжүүдээс хараат бус байлгах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг шатахууны асуудлын талаар тусгасан байна” гэлээ.

 

 

М.УРАНБИЛЭГ

Categories
мэдээ нийгэм

Туул голын усны түвшин 50 см нэмэгдэх төлөвтэй байна DNN.mn

Зургадугаар сарын 25-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Орхон голын дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Хараа, Шарын гол, зүүн хажуугийн Онон, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдсэн байна.

Хүдэр, Хараа, Ерөө, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 5-55 см, Туул /Улаанбаатар/, Хэрлэн /Мөнгөнморьт-Багануур/, Балж, Хурх зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-30 см давсан хэвээр байна.

Мөн Алтай нуруунаас эх авсан Буянт, Ховд голууд үерийн байдалтай, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Маргааш буюу зургаадугаар сарын 26-ны өдөр Туул гол Лүн сум, Хэрлэн гол Өндөрхаан, Сэлэнгэ мөрөн Сүхбаатар орчимд усны түвшин 10-50 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх голуудын сав дагуу суурьшиж буй малчид, аялаж амарч яваа ард иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна DNN.mn

Нийслэлийн Онцгой комиссоос үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

ЦУОШГ-аас дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор зуны улиралд ердийн борооны давтамжаас илүү гэнэтийн ус ихтэй, аадрын давтамж нэмэгдэж байгааг мэдээлсэн. Улаанбаатар хотод энэ зун олон жилийн дунджаас ахиу хэмжээний бороотой байх төлөв ажиглагдаж байгаа аж.

Иймээс үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аюултай бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх, голын голдирлыг өөрчлөн барьсан барилгуудыг нурааж, түшиц хана хийх, Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан дотор ургасан мод, бут сөөгийг чөлөөлөх, лаг хагшаасыг цэвэрлэж байна.

НОБГ-ын дарга А.Дашням “Улаанбаатар хотод өнгөрсөн долоо хоногт хоёр хоног үргэлжилсэн бороо орсон. Энэ борооны улмаас Туул голын үерийн аюултай түвшин 82 см давж үерлэсэн. Туул гол ингэж үерлэсэн тохиолдол байхгүй. Жишээлбэл, 1966 оны үерээр 310 см хүрч, үерийн аюултай түвшнийг давж байсан бол өнгөрсөн жил 311 см хүрсэн юм. Өнөөдрийн байдлаар голын түвшин 267 см болж татарсан” гэв.

Түүнчлэн НОК-ын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны өнгөрсөн долоо хоногт Дунд гол орчимд ажиллаж, “Уран ган”, “Тайгам-Алтай” ХХК, “АПУ” ХК зэрэг тухайн орчимд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай зөвшилцөн, Дунд гол  үерийн хамгаалалтын далан дотор ургасан бургасыг зөөж шилжүүлэн, лаг хагшаасыг цэвэрлэх, үерийн даланг өргөтгөж, хүчитгэх ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Соёолжийн нүхэн гарцаас “АПУ” ХК хүртэл Дунд гол дагуу үйл ажиллагаа явуулдаг нийт 17 ААН нийгмийн хариуцлагын хүрээнд 40.000 шоо метр гаруй лаг хагшаасыг цэвэрлэн гаргаад байна.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ц.Төрхүү “1966-1975 онд Улаанбаатар хотын хэмжээнд нийт 24 км гар хийцлэл буюу шороон даланг хийсэн байдаг. Эдгээр даланг бид энэ жилээс төмөр бетонон хийцтэй болгохоор ажиллаж байна. Үерийн далан гэдэг бол инженерийн байгууламж. Инженерийн байгууламж дотор  ганц ширхэг ч мод, бут сөөг байх ёсгүй. Мод, бут сөөг нь усны урсцыг удаашруулж, далангаа сэтэлж урсах нөхцөл байдал үүсгэдэг тул үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гол дотор буюу үерийн далан дотор ургасан бургасыг Хар усан тохой руу шилжүүлж байна. Бургасыг шилжүүлснээр үерийн хамгийн эрсдэлгүй нөхцөл байдал үүснэ”  гэлээ.

Мөн Улаанбаатар хотын хэмжээнд 1253 км авто зам байдгаас 250 км нь ус зайлуулах шугам сүлжээтэй байдаг. Энэ онд 12 байршилд ус зайлуулах шугам сүлжээ барихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар зургаан байршилд ус зайлуулах шугам сүлжээг барьж дуусгасан бөгөөд Үндэсний их баяр наадмаас өмнө үлдсэн байршлуудад шугам сүлжээ барьж дуусгана гэдгийг ГУББГ-ын дарга Л.Ариунтуяа хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийслэлийн төсвөөр 7000 шоо метр талбайг зүлэгжүүлж байна DNN.mn

Баяр наадмын бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 7000 м.кв талбайд зүлэгжүүлэлт, 8000 гаруй м.кв хатуу хучилттай талбай, гэрэлтүүлгийн тохижилтын ажил эхэлжээ.

Тус ажлын хүрээнд дүүргийн Засаг даргын 2024 оны А/328 дугаар захирамжийн дагуу 15 дугаар хороо, өрхийн эрүүл мэндийн төв орчмын 1100 м.кв талбайг зүлэгжүүлж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа DNN.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Хялганат-Хангал чиглэлийн 10 км хатуу хучилттай авто замыг байнгын ашиглалтад орууллаа.

Гүйцэтгэгчээр “Увт инвест” ХХК, “Ди Вай Кэй Би” ХХК-ийн түншлэл ажиллаж, өдөр тутмын техник технологийн хяналтын зөвлөхөөр Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ ажиллалаа.

Тус авто замыг ашиглалтад оруулснаар бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлж, Булган аймгийн Хангал сум, Хялганат тосгоны иргэд аюулгүй, тав тухтай зорчих боломж бүрдлээ гэж Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

Үндэслэлгүйгээр торгуулсан иргэдийн мөнгийг буцаан олгоно DNN.mn

Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүйгээр оногдуулсан шийтгэлийг прокурорын дүгнэлтээр хүчингүй болгосон, өөрчилсөн шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, хүн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрхийг бүрэн сэргээх чиглэлээр арга хэмжээ авч ажиллажээ.

Тодруулбал, 2023 онд тус прокурорын газраас зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах эрх бүхий 84 байгууллагын албан тушаалтан зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж шийтгэл оногдуулсан 113 шийдвэрт дүгнэлт бичиж дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны болон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлэн, 88 шийдвэрийг зөвтгүүлсэн байна.

Үүний үр дүнд 29 шийдвэрт өөрчлөлт оруулж, 59 шийдвэрийг хүчингүй болгож, 52 хүн, 7 хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр оногдуулсан 90,4 сая төгрөгийн торгуулийн мөнгийг прокурорын дүгнэлтээр  буцаан олгуулахаар болжээ.

Харин 2024 оны тавдугаар сарын байдлаар 5 шийдвэрийг зөвтгүүлж, 4 хүн, 3 хуулийн этгээдэд 106,4 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан 7 шийдвэрийг хүчингүй болгуулсан байна.

Нийслэлийн прокурорын газраас энэ оны 6 сард шүүхийн шийдвэрийн биелэлттэй танилцаж, торгуулсан иргэдийн мөнгийг буцаасан эсэхийг шалгахад, эрх нь зөрчигдсөн иргэн, хуулийн этгээдэд Төрийн сангийн данснаас буцаалтыг бүрэн шилжүүлж дуусаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Тиймээс зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулах эрх бүхий 12 байгууллагад шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангаж, иргэдийн мөнгийг буцаан олгох ажиллагааг эрчимжүүлж ажиллах талаар албан бичиг хүргүүлж, биелэлтийг эргэж тооцохоор болжээ.