Month: June 2024
Монгол Улс 2023-2025 оныг “Монгол зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчид, ажиллаж, амьдарч байгаа гаднын иргэд “what3words” аппликейшнийг гар утсандаа татаж суулган, ашиглах боломжийг бүрдүүлж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус аппликейшнийг өөрийн гар утаснаасаа хамааран аppstore болон playstore төхөөрөмжүүдээс үнэ төлбөргүй татаж, ашиглана. Улмаар интернэтгүй үед ч ажилладаг учраас алслагдсан байршил, газруудад ч ашиглахад тохиромжтой.
Энэ үеэр “what3words” компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Крис Шелдрик “Онцгой байдлын байгууллагад дуудлага, мэдээлэл өгч байгаа иргэдийн байршлыг богино хугацаанд тодорхойлохоос гадна алба хаагчдын ажлыг хөнгөвчлөх нэмэлт хэрэгсэл болж байгаад бид бүхэн баяртай байна. Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үнэхээр гайхмаар, биширмээр ажилладаг юм билээ” хэмээн үгэндээ онцоллоо.
Харин ОБЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга дэд хурандаа Д.Содномрагчаа “Гамшиг, аюулт, үзэгдэл, осолд өртсөн иргэд дуудлага, мэдээлэл өгөхдөө энэхүү аппликейшнийг ашиглах боломжийг Онцгой байдлын байгууллага 2020 онд бүрдүүлж, what3words компанитай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэ жил өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч цаг агаарын аюулт үзэгдэл, салхи шуурганы үед иргэд төөрөх, сураггүй болохоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор улсын хэмжээнд иргэн бүрийн гар утсанд байршил тодорхойлох “what3words” аппликейшнийг суулгах аяныг өрнүүлж нийт 21 аймгийн хэмжээнд 636.876 иргэний гар утсанд суулгаж хэрэглээнд нэвтрүүлээд байна” гэлээ.
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг.
Эдгээрийг нэгтгэн зураглал хийснээр гангийн эрсдэлийн мэдээллийг агуулсан зөвлөмж гаргажээ.
- 20 орчим хувьд буюу Дундговь, Өмнөговь Дорноговийн ихэнх, Ховд, Говь-Алтайн өмнөд хэсэгт их эрсдэлтэй,
- 30 орчим хувьд буюу Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Баянхонгор, Дорнод, Сүхбаатарын зарим, Завхан, Хөвсгөлийн хойд, Баянхонгорын өмнөд нутгаар дунд зэрэг эрсдэлтэй, бусад нутгаар эрсдэл багатай байхаар гарлаа.
Сонгуулийн санал тоолох машинд хийсэн мониторингийн талаар МИДАС ТББ-аас мэдээлэл хийлээ.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-ний гишүүн гишүүн МИДАС ТББ-ын захирал С.Энхжаргал “Манайх хоёр асуудалд төвлөрч ажиллаж байгаа. Эхнийх нь санал тоолох төхөөрөмжийн тест, нөгөө нь сонгогчдын нэрийн жагсаалтын хөндлөнгийн хяналт.
Энэ удаагийн сонгуулийн нэг онцлог нь хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолно. 2,198 хэсгийн хороон дээр бүгд дээр нь гар тооллого хийнэ гэсэн үг. Гар тооллогыг зөвхөн тухайн хэсэг дээр байгаа ажиглагчид хардаг. Хэсэг бүрд камер байгаа учраас тэрхүү камерын доор гар тооллогыг явуулбал улам бүр нээлттэй болох байх гэдгийг хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүст сануулж байна” гэв.
Өнөөдөр Улаанбаатар хот, Багануур, Тэрэлж орчмоор дуу цахилгаантай бага зэргийн аадар бороотой.
Өдөртөө 24-26 хэм дулаан байх бөгөөд Туул, Хэрлэн, Тэрэлж голуудын усны түвшин үерийн аюултай түвшинд байгаа тул дараах зөвлөмжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
– Аялал, амралт зугаалгаар явахдаа гол, нуур, цөөрмийн орчимд түр амарч байрлахгүй байх
– Бага болон өсвөр насны хүүхдүүддээ хараа хяналт тавьж анхаарал болгоомжтой байх
– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх
– Баталгаат зам гүүрээр зорчих
– Голын ус гаталж салаа бэлчирт гарахгүй байхыг зөвлөж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсад төрийн айлчлал хийх үеэрээ тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн хамт хоёр орны бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.
Энэ нь төрийн тэргүүнүүд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаагийн илрэл гэж хоёр улсын бизнес эрхлэгчид үзэж байлаа.
Цаашид худалдааны эргэлтийг богино хугацаанд 10-20 дахин нэмэгдүүлэх, уул уурхай, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, тээвэр, ложистик, аялал жуулчлал зэрэг эдийн засгийн тэргүүлэх салбарт хамтрах аж ахуйн нэгжүүдийг бүх талаар дэмжинэ гэдгээ хоёр орны Ерөнхийлөгч илэрхийллээ.
Худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хөгжүүлэх 2024-2026 оны хөтөлбөрийн хүрээнд талууд хамтарч хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийнхөө жагсаалтыг баталлаа. Ингэснээр хоёр улс ойрын хоёр жилд харилцан ашигтай, бодит, идэвхтэй хамтын ажиллагаа явуулах юм.
Одоогоор манай улсын 10 гаруй аж ахуйн нэгж Узбекистанд үйл ажиллагаа явуулж байна.
Төрийн айлчлалын үеэр зохион байгуулсан “Бизнес форум”-д хоёр улсын 300 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцлоо. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Узбекистаны Худалдаа, аж үйлдвэрийн танхим хамтын ажиллагааны Санамж бичгээ шинэчлэн, хамтарсан бизнес зөвлөл байгуулах боллоо.
Энэ зөвлөл бизнес эрхлэгчдийг холбож, худалдаа, хөрөнгө оруулалт, үйлчилгээ, аж үйлдвэрийн бүх салбарын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны санаачилгыг дэмжих зорилготой юм.
“Таванбогд солюшнс” ХХК, “Монгол базальт” ХК, “Доктор авто сүлжээ”, “Эра жимс” зэрэг олон аж ахуйн нэгж узбекийн талтай хамтрах гэрээ, хэлцэл хийсэн байна.
Тухайлбал эмнэлгийн дэвшилтэт тоног төхөөрөмж, хиймэл оюун ухааны технологи ашиглан хорт хавдар болон амьдралын хэв маягаас шалтгаалах өвчлөлийг эрт илрүүлдэг “NURA” төслийг тус улсад нэвтрүүлэх боллоо.
“Монгол Базальт” ХК, “Базальт Узбекистан” групп хамтран Узбекистанд орчин үеийн базальт технологийн үйлдвэр байгуулна. Эхний шатанд 30 сая ам.долларын хөрөнгө оруулах бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадал нь жилд 45,000 тонн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд үндэсний 40 гаруй үйлдвэрлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан юм.
Хоёр орны худалдааны эргэлт 2023 оны байдлаар 10 сая ам.доллар, нэр, төрөл нь цөөн хэдий ч цар тахлын үеэс хойш тогтмол өсөж байгаа.
Манай улс 4,6 сая ам.долларын үнэ бүхий хонь, хурганы боловсруулсан арьс, өлөн гэдэс, хонь, ямаа, үхрийн хөлдүү мах зэргийг экспортолж, Узбекистанаас 5,4 сая ам.долларын үнэ бүхий усан үзэм, жимс, хүнсний бүтээгдэхүүн, хөргөх, хөлдөх цахилгаан төхөөрөмж, ачааны автомашин импортоор авчээ.
Узбекистан Улс сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт, бизнесийн орчноо сайжруулах, тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийг арилгах шийдэмгий алхам авч байна.
Үүний дүнд эдийн засаг нь сүүлийн жилүүдэд бараг хоёр дахин өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 1.5 дахин, аж ахуйн нэгжийн тоо хоёр дахин, аж үйлдвэрлэл 40 хувиар өсжээ.
2023 оны байдлаар Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 90 тэрбум ам.доллар, нэг хүнд ногдох хэмжээ нь 2,510 ам.доллар, гадаад худалдааны эргэлт 63 орчим тэрбум ам.долларт хүрсэн байна.
Узбекистан далайд гарцгүй, байгалийн баялгийн арвин нөөцтэй, 2,700 гаруй орд газар илрүүлж, 60 гаруй төрлийн эрдэс баялаг олборлодог. Алтны нөөцөөр дэлхийд дөрөвт, олборлолтын хэмжээгээр долоодугаарт ордог юм.
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өглөө.
Өнөөдрийн байдлаар баяр наадмын бэлтгэл ажил 80 хувьтай явж байгаа бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнд авто зогсоол шинээр байгуулах, зам засах, суурийн тэгшилгээ хийх ажлууд тус тус үргэлжилж байна. Мөн сур харвааны талбай, шагайн харвааны асар болон ойр орчимд тохижилт, засвар үйлчилгээний ажил үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худаг орчимд худалдаа үйлчилгээ явуулах байршлын зураглалыг урьдчилсан байдлаар гаргасан. Төв цэнгэлдэх хүрээлэнд 250 худалдаа үйлчилгээний зөвшөөрөл олгоно. Үүнээс 125 жижиг дунд үйлдвэр эрхлэгч, 28 зөөврийн түргэн хоолны үйлчилгээ, 17 хүнсний худалдаа байна. Харин 188 хоолны үйлчилгээ байхаар төлөвлөсөн юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд Нарантуул захыг нүүлгэж ирэхгүй. Төв цэнгэлдэх хүрээлэн дотор болж буй баяр наадмын арга хэмжээг шууд үзэх боломжоор хангах үүднээс гадна талбайд дэлгэц байрлуулна” гэлээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын үйл ажиллагааг найруулагч Ц.Батнайрамдал, Г.Маргад-Эрдэнэ тэргүүтэй баг зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Энэ жил “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвийн хүрээнд “Уяхан замба тив”, “Хүн эрдэнэ”, “Хүрэл эрин цаг“, “Их монголын аураг орд”, “Дэлхийн нийслэл Хархорум”, “Түүхийн хүрдэн”, “Замбативийн жаргал” гэсэн 7 бүлэгтэй зохиолын дагуу үзэгчдэд хүргэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээг нь хүн төрөлхтний үүслээс эхлэн тэдний хэрэглэж байсан хэрэглэгдэхүүн, Монгол орны хадны сүг зургаар дүрслэгдэн олдсон олдмол судалгаануудыг инновац болгон мөн Монгол үндэсний язгуур урлагийг орчин үеийн хэлбэрт найруулсан энтертайнмент, мюзикл дэг найруулгаар хийж байгаагаараа онцлог гэдгийг найруулагч Ц.Батнайрамдал хэлж байв. Харин хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар бүжиг дэглээч Х.Хашхүү, ерөнхий продюсероор Үндэсний урлагийн их театрын Г.Цоггэрэл нар ажиллаж байна.
Түүнчлэн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд урлаг соёлын нийт 12 арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөн бэлтгэл ажлуудыг хангаж байна. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын санаачлаагаар 7 дугаар сарын 10-ны өдөр төв талбайд талбайд Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийг нийтийн хүртээл болгоно.
Үндэсний бөхийн салбар хорооны дарга, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар “2024 оны Үндэсний их баяр наадамд барилдсан 32 бөх, үндэсний сурын 16 харваачдаас авах шинжилгээний сорьц, сорьцын хариуг шуурхай гаргуулах, ил тод байдлыг хангах үүднээс Дэлхийн Допингийн эсрэг агентлагаар итгэмжлэгдсэн ХБНГУ-ын Дрезден хотын Допингийн хяналтын лабораторид шинжилгээг хийлгэхээр ярилцаж байна. Ингэснээр шинжилгээний хариу 48 цагийн дотор гарах боломж бүрдэнэ. Энэ асуудлаар Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо болон салбар хороотой хамтран ажиллахаа илэрхийлсэн” гэв. Мөн Хүй долоон худагт 13 ширхэг экобус, 30 ширхэг Контейрэн нойл, 10 ширхэг зөөврийн нойл ажиллуулахаар төлөвлөсөн юм. Мөн Хүй долоо худгийн авто замыг засварлах бөгөөд морины гараа бариа, хэмжилт хийх талбайд төлөвлөгөөт ажлууд 70 хувьтай үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын үеэр олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх, аливаа хүнд суртал, чирэгдэл үүсгэхгүй байх, алба хаагч, ажилтны ажил, ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэн, “Монгол наадам” цогцолборын орчимд теле хяналтын камер, зөөврийн авто хаалт суурилуулахаар бэлтгэл ажил хангаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 20 цэгт 49 камер, Хүй долоон худагт 15 цэгт 25 камер суурилуулна.
Харин баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий QR код байрлуулж мэдээллийг хүргэнэ.
НҮБ-ын ивээл дор зохион байгуулагддаг „United World Games“ Олон улсын өсвөрийн спортын их наадам Австри улсын Клагенфу.26рт хотод спортын 12 төрлөөр 30 орны 8000 гаруй тамирчид оролцсон тэмцээн 2024 оны зургаадугаар сарын 20-23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Энэ тэмцээний сагсан бөмбөгийн төрөлд Монгол Улсаас U14 болон U16 насны ангилалд Монгол Улсын аварга “Modun Wolves Basketball Club”-ын „Modun Wolves-Team Mongolia“ хоёр баг тамирчид оролцсоноос Д.Отгонбаатар дасгалжуулагчтай U14 насны баг хэсгийн тоглолтдоо Австри, Нидерланд, Италийн багийг хожиж хэсгээсээ нэгээр гарчээ.
Дараа нь Туркийн багтай тоглож, шөвгийн 16-гаас гарснаар шилдэг наймд үлдсэн байна. Улмаар Герман улсын багтай тоглож шилдэг дөрөвт шалгаран, алтан медалын төлөө АНУ-ийн 1-р багтай тоглон хожигдож, хүрлийн төлөө АНУ-ийн 2-р багийг хожсоноор Хүрэл медалийн болзол хангажээ.
Олон улсын тэмцээний гараагаас амжилттай тавьсан өсвөрийн „Modun Wolves -Team Mongolia“ багийнхан өчигдөр /2024.06.25/ эх орондоо ирсэн байна.
Сагсан бөмбөгийн тэмцээнд 60 гаруй баг өрсөлдсөнөөс АНУ-ын нэгдүгээр баг алт, БНХАУ-ын баг мөнгө, Монгол Улсын хөвгүүд хүрэл медаль хүртжээ.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр ирэх долдугаар сард ихэнх нутгаар бороо хур ихтэй байх бөгөөд сүүлийн жилүүдэд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтагдал нэмэгдэж байгаатай холбоотой томоохон голуудын сав дагуу суурьшиж буй малчид, тариаланчид, ард иргэд, аялал зугаалгаар явж байгаа хүмүүс үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн нарийвчилсан урьдчилсан мэдээг цаг тухай бүрт нь авч ашиглахыг зөвлөж байна.
Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завханы баруун, Баянхонгорын өмнөд хагаст олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.
Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэг болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар хүйтэн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дундж 1-5°С-аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Дундговийн нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан, хур тунадас нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна. Агаарын температур нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3°С-аар сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-5°С–аар дулаан байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд нутгийн хойд хэсгээр бороо, бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.
Монгол Улсын Их Хурал Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр баталсан. Уг хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэхийг хянан шийдвэрлүүлэхээр нэр бүхий иргэд Цэцэд мэдээлэл ирүүлсэн юм.
Үүний дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн бөгөөд маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан ирэх сарын 03-ны өдөр хийхээр товлогдлоо гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцээс мэдээллээ.