Categories
мэдээ нийгэм

ТЕГ: Мөнгө угаах гэмт хэргийг илрүүлж, шалган шийдвэрлэлээ DNN.mn

Монгол Улсын иргэн Г, Ц, Б, У, У нар нь бүлэглэн 2017 оны 4 дүгээр улирлаас 2022 оны 1 дүгээр улирал хүртэлх хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй 10 компаний нэр дээр борлуулалт хийсэн гэх мэдээллийг татварын бүртгэлийн системд оруулан нийт 14,180 ширхэг хуурамч баримтыг үйлдэж, 835 иргэний нэрээр Е-баримтын нэгдсэн системд бүртгүүлэн тэдгээрийн дансаар дамжуулан НӨАТ-ын урамшуулал болох 1,318,286,913 төгрөгийн буцаан олголтыг хууль бусаар авсныг Тагнуулын ерөнхий газар илрүүлж, шалгаж шийдвэрлэлээ.

Иргэдээс хууль бусаар авсан буцаан олголтын мөнгийг төвлөрүүлэн авахдаа хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор банкны гүйлгээний утгыг өөрчлөн бичүүлэх, мөнгийг бэлнээр авах, зээлийн төлбөрт шилжүүлэх байдлаар захиран зарцуулж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 /мөнгө угаах/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /байнга тогтвортой үйлдсэн/ заалт, 18.7 /мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах/ дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж шүүхэд шилжүүлсэн.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгдэгч нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон, шүүгдэгч Г 2 жил 6 сарын хугацаагаар хорих, шүүгдэгч Ц, Б, У, У нарт 5-6 сая төгрөгөөр торгох, 1-2 жилийн хугацаатай зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан, улсад учруулсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ. 

Categories
гадаад мэдээ

Иран бүсгүй хэрхэн амь үрэгдсэнийг тогтоожээ DNN.mn

2022 онд 16 настай Ника Шакарами Тегеранд болсон Засгийн газрын эсрэг жагсаалд оролцоод сураггүй алга болж, түүний цогцсыг ес хоногийн дараа олсон бөгөөд мөрдлөгийн дараа тус улсын эрх баригчид түүнийг амиа хорлосон гэж мэдэгдэж байжээ. Гэвч “BBC Eye”-ийн мөрдөн шалгах, эрэн сурвалжлах хэлтсийнхэн Никаг Ираны тагнуулын гурван ажилтан хүчирхийлж хөнөөн цогцсыг хотын гудамжны нэг хэсэгт хаясан болохыг тогтоожээ.

Энэхүү мэдээллийг Ираны тагнуулынхны явуулсан мөрдлөгийн дүнгийн тухай нууц тайлангийн баримт бичгийн ачаар олж авсан байна. Дээрх тайланд тус улсын Исламын байгууллагуудыг хамгаалдаг аюулгүй байдлын алба болох Исламын хувьсгалт гвардын корпус(IRGC)-ийн явуулсан Ника Шакарамигийн үхлийн талаарх мөрдлөгийн тухай нууц хураангуй мэдээлэлд багтсан байжээ. Энэхүү тайланд үнэнийг нуун дарагдуулахыг оролдсон түүний алуурчид болон ахлах тушаалын офицеруудыг нэрлэж, охиныг баривчлагдсаны дараа Ираны хамгаалалтын албаныхан өөрсдийн фургон машинд хүчирхийлсэн тухай аймшигт мэдээллийг бичсэн байжээ.

Ника Шакарами алга болж, нас барсан нь олон нийтийн анхаарлыг татаж, түүний гэрэл зураг Ираны эмэгтэйчүүдийн эрх чөлөөний төлөөх тэмцлийн нэгэн бэлгэ тэмдэг болжээ. BBC агентлаг Ираны Засгийн газар болон түүний харьяа Хувьсгалт гвардын албанд тайлбар авахаар хандсан ч хариу ирүүлээгүй юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ DNN.mn

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ойн газар хамтран мэдээлэл хийв.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж, арчилж, хамгаалж байна. Мөн 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Аймаг, нийслэл, байгууллага, аж ахуйн нэгжүүд, түүний дотор уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон 21 байгууллага үндэсний хөдөлгөөнийг дэмжин, 2030 он хүртэл нийт 608 сая мод тарьж ургуулахаа батламжилсан.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр  танилцууллаа.

Аж ахуйн нэгжүүд одоогоор 6,2 сая мод тарьж, 6,6 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлэн, жилд 17 сая тарьц үржүүлэн бойжуулах мод үржүүлгийн газар байгуулжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өсөх зоос”, “Бороо гоулд” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ тарьж, ургуулж байгаа модныхоо тоогоор бусдыгаа тэргүүлж байна.

Аж ахуйн нэгжүүдээс:

  • “Эрдэнэс Тавантолгой” ХК 8 сая,
  • “Өсөх зоос” ХХК 1,5 сая,
  • “Оюу Толгой” ХХК 928 мянга,
  • “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 590 мянган ширхэг тарьц, суулгацын  нөөц бүрдүүлсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм.

Аж ахуйн нэгжүүд 2030 он хүртэл үе шаттай хийх ажлын төлөвлөгөөнийхөө дагуу төсөв хөрөнгө, үр, тарьц, суулгац, хүний нөөц зэргээ бүрдүүлэн, техник, технологи нэвтрүүлж байна.

21 аж ахуйн нэгжийн 16 нь байгаль орчны мэргэжилтэй 167 хүн ажиллуулж байгаа нь нэг нэгжид дунджаар 10 хүн оногдож байна гэсэн үг юм.

Ажлаа оновчтой төлөвлөн, үр дүнтэй хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх, сайн туршлага нэвтрүүлэх, мэдээллийн сан үүсгэх, мэргэжлийн зөвлөхтэй болгох зэрэг ажлаа улам эрчимжүүлнэ.

Энэ дагуу Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс аймаг, орон нутагт  ажиллаж эхлэх юм.   

2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДӨР БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ӨДӨР ТОХИОНО

Бүх нийтээр мод тарих өдөртэй холбогдуулан Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү мэдээлэл өглөө.

Энэ онд Орчин цагийн ойн салбар үүссэний 100 жил энэ жил тохиож байгаа учир энэ сарыг дуустал тодорхой хуваарь гарган ажиллахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хувьд 2024 оны 05 дугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг 05 дугаар сарын 03-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм. Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах  бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд гурван /Тэнгэр плаза, Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг, Ялалтын талбай/ байршилд, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.

Үрийн нөөц, мод үржүүлгийн газрын тоо жилээс жилд өсөж байна

  “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа мэдээлэл өглөө.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд нийт 39 зүйлийн 12,2 тн үрийн нөөц бүрдүүлээд байна. 2024 оны үрийн нөөцийг 2021 оныхтой харьцуулахад 84 хувиар өсжээ.

Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тоо 2023 оны байдлаар 452-т хүрсэн. Энэ нь үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 32 хувиар нэмэгдсэн гэсэн үг юм.

Эдгээр газрууд өнгөрсөн жил 63 сая ширхэг тарьц, суулгацын нөөц бүрдүүлсэн нь 2021 онтой харьцуулахад 41 хувиар өсжээ.  Салбарын хэмжээнд 2023 онд нийт 273 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажил хийж, 960 сая модыг доройтолд өртөн, хатаж хуурайшихаас хамгаалж чадсан байна.

2024 онд улсын төсвийн хөрөнгөөр:

  • 4 мянган га талбайг ойжуулах, нөхөн сэргээх, гол нууруудын татмыг ойжуулах зорилгоор 3.1 сая мод тарина,
  • 8 сая га талбайд ойн зохион байгуулалтын ажил хийж, ойн төлөв байдлыг үнэлнэ,
  • Түймрийн 500 км халз болон шороон зурвас шинээр байгуулж, өмнө байгуулсныг сэргээнэ,
  • 330 мянган га талбайд ойн хөнөөлт шавжтай тэмцэн, 1.2 тэрбум модыг доройтолд өртөхөөс сэргийлнэ,
  • 3 мянган га талбайд ойн арчилгаа, цэвэрлэгээ хийнэ,
  • 130 га талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулна,
  • Мод үржүүлгийн газруудад техник, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлнэ.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Эрт илрүүлэх үзлэгт хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой DNN.mn

“Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-д хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой бөгөөд ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлгүүдэд хандан хийлгэх боломжтой.

Та доорх QR кодыг уншуулж ЭМДЕГ-тай гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагуудтай танилцаарай. Урьдчилан сэргийлэх эрт илрүүлэгтээ хамрагдаж өөрийн болон хайртай дотнын хүмүүсээ хамгаалцгаая хэмээн ЭМДЕГ-аас уриалав.

Categories
гадаад мэдээ

Гүржийн нэн шинэ түүх DNN.mn

Энэ сарын 28-ны орой Тбилисийн төв талбай дээр Гүржийн төрийн бус байгууллагууд, сөрөг хүчний намуудын гишүүд, тэдний байр суурийг дэмжсэн иргэд зэрэг 20 мянга орчим хүн цугларч “Гадаадын агентууд”-ын тухай Оросын хуулийн ижил төстэй хуулийн төслийг дэмжиж буй депутатуудтай “ичгүүрийн коридорт нүүр тулж уулзах”-ыг хүсчээ. Жагсагчид “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийн төслийг ОХУ-ын “Гадаадын агентуудын тухай” хуулиас хуулбарласан гэж үзэж байгаа бөгөөд тус улсын парламент уг хуулийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байгаа юм. Сөрөг хүчин гурав дахь долоо хоногтоо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаа цагдаа, тусгай хүчнийхэнтэй мөргөлджээ.

Үр дүнд нь жагсагчдыг цагдаа болон тусгай хүчнийхэн Гүржийн парламентын ордноос хүчээр холдуулжээ. Эхлээд Гүржийн Дотоод хэргийн яам жагсаалд оролцогчдод хандан Парламентын ордны барилгаас гарах гарцыг чөлөөлөхийг уриалсны дараа баривчлах ажиллагаа эхэлсэн байна. Үүний дараа цагдаа нар жагсагчдын эсрэг халуун чинжүүтэй шингэн шүршигч цацаж, хаалганаас холдуулжээ. Дотоод хэргийн яамнаас “Бид хууль тогтоомжийн дагуу тусгай хэрэгсэл ашигласан. Жагсаалд оролцогчид хууль сахиулах байгууллагын ажилтнуудыг хэл амаар доромжилж, тэдэн рүү янз бүрийн зүйл шидсэн” гэж мэдэгдсэн байна. Харин Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвили Дотоод хэргийн яамны энэ үйлдлийг эрс буруушааж “Тайван жагсагчдын эсрэг маш зохисгүй, үндэслэлгүй, зүй бусаар хүч хэрэглэх явдал Тбилисид үргэлжилсээр байна. Энэ бүхний хариуцлагыг зөвхөн төр,засаг үүрэх ёстой. Гүржийн ард түмэн тайван жагсаал хийх эрхээ хасуулж байна” гэж мэдэгджээ. Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили жагсагчдыг дэмжиж байгаагаа мэдэгдэж, уг хууль батлагдвал хориг тавихаа амласан байна. Харин сэтгүүлчид “Орон нутгийн цагаар шөнө дундын өмнөхөн цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу ашиглан жагсаалыг тарааж эхэлсэн” гэж мэдээлсэн байна.

Энэ удаа эрх баригч “Гүржийн мөрөөдөл” намаас хоёр дахь удаагаа уг хуулийн төслийг санаачлаад байгаа билээ. Өнгөрсөн гуравдугаар сард болсон өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн дараа уг хуулийг эргүүлэн татахаас өөр аргагүй болж байсан юм. Шинэ хуулийн төсөл нь өмнөхөө бараг бүрэн давтаж байгаа боловч “гадаадын нөлөөллийн төлөөлөгч” гэсэн үгийг “гадаадын эрх ашгийг баримталдаг байгууллага” гэсэн нэр томьёогоор сольсон байна.Энэ бүхний цаад учир нь ийм юм.

2008 оны наймдугаар сарын 7-8-нд шилжих шөнө тусгаар тогтнолоо зарласан Өмнөд Осетийн нутаг дэвсгэрт Гүрж цэргээ оруулав. Наймдугаар сарын 8-ны үдээс хойш ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев тус мөргөлдөөнтэй бүс рүү цэргээ оруулж эхэлснийг зарлав. Хэдхэн хоногийн дотор Оросын цэргүүд Өмнөд Осетийн зэвсэгт хүчинтэй хамтран Гүржийн цэргийг Өмнөд Осетоос, мөн Абхазын хүчинтэй хамтран Абхазын Кодори хавцлыг болон зэргэлдээх хэд хэдэн бүс нутгийг эзэлжээ.

“Оросын халдлага” гэж нэрлэгдсэн энэ дайн геополитик, эдийн засгийн болон бусад чухал үр дагавар үзүүлж Орос улс Өмнөд Осет, Абхазыг тусгаар улс гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Үр дүнд нь, Гүржийг НАТО-д элсүүлэх үйл явц зогсонги байдалд орж, Гүржийн ардчилсан төр засаг, АНУ болон Оросын байгалийн баялагт “уягдсан” Европын Холбооны нэр хүнд гүрж иргэдийн дунд навс унав. Хожим нь олон шинжээч Орос-Гүржийн энэхүү дайнд барууны зүгээс үзүүлсэн хэт сул хариу арга хэмжээ Оросын эрх баригчдыг 2014 онд Крымийг өөртөө нэгтгэж, Донбасс дахь дайнд түлхэж, дараа нь 2022 онд Украиныг бүрэн хэмжээгээр довтлоход хүргэсэн гэж дүгнэх болно.

ЗХУ-ын үед Москвад амьд цэцэг болон элдэв төрлийн жимс тээврийн том онгоцоор авчирч зарж баяжсан “хүнд гарууд”-ын үргэлжлэл гэгддэг гүрж гаралтай Оросын бизнесмэн Бидзина Иванишвили 2011 оны аравдугаар сарын эхээр бизнесээ орхиж, улс төрд орох гэж байгаагаа зарлав. Түүнийг ийнхүү улс төрийн амбицаа зарласных нь дараа Иванишвили Гүржийн давхар иргэншлээс хасагдав. Ингээд Иванишвили Францын иргэншил авч Гүржид харьяалалгүй хүн сонгуульд оролцох эрхгүй байсан тул нийгмийн хөдөлгөөн үүсгэв.

Мөн оныхоо 11 дүгээр сарын эхээр “Гүржийн мөрөөдөл” нийгмийн шинэ хөдөлгөөнийг байгуулснаа албан ёсоор зарлаж Филармонийн танхимд уг хөдөлгөөний танилцуулга болов. Энэхүү танилцуулгад хэдэн мянган хүн оролцож уг арга хэмжээний үеэр Каха Каладзе Гүржийн шигшээ багийн ахлагчийн албан тушаалаа орхиж, шинэ хөдөлгөөнд нэгдэж байгаагаа мэдэгдэв.

Ийнхүү “Гүржийн мөрөөдөл” буюу бүрэн нэр нь “Гүржийн мөрөөдөл- Ардчилсан Гүрж” нам байгуулагдах суурь тавигдав. Иванишвили Гүржийн иргэншлээс хасагдсантай холбогдуулан тус холбоог албан ёсоор Манана Кобахидзе удирдаж байжээ. Гүржийн мөрөөдлийн гишүүдэд улстөрч Созар Субари, экс дипломат Тедо Жапаридзе, их мастер

Зураб Азмайпарашвили, хөлбөмбөгчин Каха Каладзе зэрэг алдартнууд багтсан байна.

Улмаар 2012 оны 10 дугаар сарын 1-нд Гүрж улсад болсон парламентын сонгуулийн дүнгээр Гүржийн мөрөөдөл – Ардчилсан Гүрж сонгуулийн эвсэл Гүржийн парламентын суудлын талаас илүү хувийг авсан юм. 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр тус холбооноос нэр дэвшигч Гиоргий Маргвелашвили Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдов. Харин 2018 онд болсон дараагийн сонгуулийн үр дүнгээр бие даан нэр дэвшигч, “Гүржийн зам” намын дарга асан Саломе Зурабишвили тус улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

Сонирхуулахад, 2019 оны эхээр Гүрж дэх Кавказын судалгааны төв санал асуулга явуулахад гүрж иргэдийн 27 хувь нь “Гүржийн мөрөөдөл”-ийг барууны талыг баримтлагч, 16 хувь нь Оросыг дэмжигч, 41 хувь нь тус намыг Баруун болон Оростой сайн харилцаатай гэж үзэж байжээ. Харин Америкийн Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэнгээс 2023 оны гуравдугаар сард явуулсан судалгаагаар иргэдийн 38 хувь нь эрх баригч уг намын гадаад бодлогыг барууны, 45 хувь нь Оросын талыг баримтлагч гэж үзсэн байна. Энэ удаа “Гүржийн мөрөөдөл нам”-ын хувь заяа эхний удаа сар хагасын дараа болох Европын Холбооны сонгуулийг угтан Украины фронтод өрнөх, дараа нь 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай уялдан гарах үйл явдлуудаас үүдэж нэг мөсөн шийдэгдэх болно.

 

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийн анхааралд DNN.mn

БНСУ-д хууль бусаар оршин суугаа иргэдийг визтэй болгох, мөн богино хугацааны “С” төрлийн визийн ангиллыг “G” төрлийн визийн ангилал руу өөрчилнө гэсэн байгууллага, хувь хүмүүс олширч, байрны гэрээ болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, БНСУ-ын Цагаачлалын албанд оршин суух (G-1) виз мэдүүлэхэд зуучлах үйлдэл хийж байгаа нь холбогдох байгууллагын шалгалтаар илэрчээ. Энэ төрлийн гэмт хэрэгт иргэд өртөж, хохирогч болоод зогсохгүй хуулийн хариуцлага хүлээх асуудал гарч байна.

БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас хууль бус байгууллага, хувь хүмүүсийн үйл ажиллагааг үндсээр нь таслахад мөрдөн шалгах ажиллагааг идэвхтэй явуулахаас гадна зуучлуулсан гадаад иргэдийг “Цагаачлалын хяналтын тухай хууль”-ийг зөрчсөн гэх үндэслэлээр албадан нутаг буцаан хариуцлага хүлээлгэхээ мэдэгдлээ.

Иймд иргэд дээрх төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос болгоомжилж, албаны эх сурвалжгүй, худал ташаа мэдээлэлд автахгүй байхыг зөвлөж байна.

 

 

Эх сурвалж: Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-ны консулын хэлтэс

Categories
мэдээ нийгэм

Зуданд хорогдсон 7.1 сая малын сэг зэмийг устгалд оруулж байна DNN.mn

УОК-ын даргын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбогдуулан зүй бусаар хорогдсон мал, амьтны сэг зэмийг устгах арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх УОК-ын Шуурхай штабаас томилогдсон “Шуурхай бүлэг” өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-29-ний өдрүүдэд орон нутагт ажиллалаа.

Шуурхай бүлгийн бүрэлдэхүүн нийт хорогдсон 7.1 сая малын сэг зэмийн 5.6 сая буюу 77.8 хувийг булшлах ажлыг газар дээр нь зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилласан юм. Ингэснээр малын сэг зэмийг устгах ажил өмнөх долоо хоногоос 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Categories
мэдээ улс-төр

СЕХ: Сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардуулна DNN.mn

Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр 11.40-13.40 цагт УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардуулна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцохоор болоод байгаа юм.

Сонгуульд оролцох намууд:

  1. Эх орончдын нэгдсэн нам
  2. Иргэдийн оролцооны нэгдэл нам
  3. Иргэний зориг ногоон нам
  4. Ард түмний олонхийн засаглал нам
  5. Бүгд найрамдах нам
  6. ХҮН нам
  7. Монголын либерал нам
  8. Монголын либерал ардчилсан нам
  9. Иргэний хөдөлгөөний нам
  10. Ардчилал шинэчлэлийн нам
  11. Гэр хороолол хөгжлийн нам
  12. Эрхчөлөөг хэрэгжүүлэгч нам
  13. Үнэн ба Зөв нам
  14. Ардчилсан нам
  15. Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам
  16. Монгол консерватив нам
  17. Монголын социал демократ нам
  18. Монголын хүний төлөө нам
  19. Дэлхийн монголчууд нам
  20. Ард түмний хүч нам
  21. Эх орон нам
  22. Монгол ардын нам
  23. Эрх чөлөөний эвсэл нам

Сонгуульд оролцох эвслүүд:

  1. Үндэсний эвсэл (МҮАН-МНН)
  2. Шинэ нэгдсэн эвсэл (/МУНН-ШН)

Нам, эвслүүд энэ сарын 14-20-нд нэр дэвшигчдээ тодруулж улмаар жагсаалт болон тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 10-нд олон нийтэд зарлаж, үнэмлэх гардуулна. Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 10-наас буюу нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулсан өдрөөс эхлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Хэнтий, Дорнод аймагт гарсан ой, хээрийн гал түймрийг унтраалаа DNN.mn

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд  ойн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид,сумын мэргэжлийн ангийнхан, Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраасан.

Харин Дорнод аймгийн  Матад сумын   Буян-Өндөр багийн “Бадам-Иш”  гэдэг газар  тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал  түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан.

Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38430 га орчим талбай өртөж шатсан байна.

Categories
гадаад мэдээ

Хятадад хурдны зам нурж, 36 хүн амиа алджээ DNN.mn

Өмнөд нутгийн Гуандун мужид хөрс гулссаны улмаас хурдны зам нурж 36 хүн нас барсан тухай Хятадын мэдээллийн төв агентлаг лхагва гарагт мэдээлэв. Замын нурангид дарагдсан 18 машинаас 31 хүнийг аварч эмнэлэгт хүргэжээ. Тухайн газарт 500 гаруй аврагч, мэргэжлийн хүмүүс ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна. Гуандун мужид олон хоног дараалан усархаг аадар бороо орж нөхцөл байдал хүндрээд буй.

Дөрөвдүгээр сарын 27-нд Хятадын Гуанжоу мужийг дайрсан хар салхи таван хүний аминд хүрсэн юм.