Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын 290 алба хаагч энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэжээ DNN.mn

НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас 2003 онд жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан түүхтэй. Харин манай улсад 2012 оноос энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монгол Улс 2002 онд цэргийн ажиглагч анхны хоёр офицероо Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Энхийг дэмжих ажиллагаанд илгээснээс хойш төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын алба хаагчид хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөө үйлсэд оролцож байгаа юм.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн оржээ. Онцгой байдлын байгууллагаа төлөөлөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэнхэр дуулгатнуудын зургаа нь эмэгтэй алба хаагч байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

ЗГ: Үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг үүрэг болголоо DNN.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд “2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

2024 оны зуны улиралд уруйн үер болон гол, мөрний үерийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бэлтгэл хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт үүрэг болголоо.

Зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим болон дунджаас ахиу хур тунадас орохоор байна. Мөн сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлтэй холбоотой гэнэтийн ус ихтэй аадар бороо, үер, мөндөр, аянга цахилгаан, нөөлөг салхины давтагдал өндөр байгаа тул анхаарал болгоомж алдахгүй байх, мэргэжлийн байгууллагаас гаргаж буй мэдээ, мэдээллийг амьдрал ахуйдаа тогтмол хэрэглэж сурах, үер, усны аюулаас сэрэмжтэй байж, айл өрхүүд хонхор хотгор газар, голын татамд суурьшихгүй байх, нөөлөг салхины эрсдэлээс сэргийлж гэрээ даруулах, үер ус, аянга цахилгаанаас хамгаалах уламжлалт болон дэвшилтэт аргуудыг хэрэглэх зэргээр бэлтгэлтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ спорт

Төв талбайд 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулна DNN.mn

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулах “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөгийн үеэр нийтийн биеийн тамир, спортыг сурталчлах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх хүүхэд, залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Эрүүгийн цагдаагийн алба, Зөрчлийн хэрэг бүртгэх албанаас 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах аж.

Тэмцээн энэ оны 05 дугаар сарын 30-ны өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох бөгөөд эхний гурван байр эзэлсэн баг, тамирчдыг медаль, дурсгалын зүйлээр урамшуулна.

Categories
мэдээ нийгэм

Э.Цэндбаатар өнөөдөр гурав дахь тулаанаа хийнэ DNN.mn

Тайланд Бангкок хотноо явагдаж буй олимпын эрх олгох “2nd World Qualifying Tournament Boxing Road to Paris” тэмцээнд манай долоон тамирчин тэмцээнээ үргэлжлүүлж буй. 63.5 кг жинд гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр гурав дахь тулаанаа хийнэ.

Вьетнамын тамирчин Дат Вутай тулалдаж эхний ялалтаа авсан тэр өчигдөр /2024.05.28/ хоёр дахь тулаанаа хийх байсан ч Туркменстаны тамирчин жиндээ орж чадаагүй тул гавьяат тамирчин Э.Цэндбаатар Олимпын эрхийн тэмцээний хоёр дахь ялалтаа авсан юм.

Тэрээр өнөөдөр /2024.05.29/ гурав дахь тулаанаа хийх бөгөөд гавьяат тамирчин Э.Цэндбаатар Болгарын Родаслав Росеновтой оноолт таарчээ.

Э.Цэндбаатараас гадна М.Энхжаргал, Х.Энх-Амар, Х.Бекнур нар тулалдана.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ЗГ: Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгов DNN.mn

Засгийн газрын хуралдаанаар Цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын хэмжээг шинэчлэн тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.

Тэрээр “Цэцэрлэгийн хүүхдийн хоолны тариф 2475 төгрөг байсныг 3000 төгрөг болгож байна. 24 цагийн цэцэрлэгийн хоолны мөнгө 3600 төгрөг байсныг 4100 төгрөг болгосон. Тарифын нэмэгдлийг ирэх есдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлнэ. Хоолны материалын үнийг нэмсэн гэж ойлгох хэрэгтэй.

Цаашид сургуулийн хүүхдийн үдийн хоолны мөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

107 сургууль түрээсийн гал тогоотой байсан. Энэхүү түрээсийн гал тогоог халаад, сургууль өөрийн гэсэн гал тогоотой байх санхүүжилтийн асуудлыг шийдэж өгсөн. Мөн л ирэх есдүгээр сарын 1-нээс ажиллана.

Мөн төрийн өмчийн сургуулиудад хоол зүйчдийг бэлдэж егч байгаа. Япон, Солонгос улсын санхүүжилтийг авч ШУТИС-ийн харьяа хоол үйлдвэрлэлийн үндэсний төвийг байгуулна” гэлээ.

Categories
гадаад мэдээ

 Хүчирхэг Европ DNN.mn

ХБНГУ-д Төрийн айлчлал хийж буй Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 27-ны баасан гаригт Германы Дрезден хотод залуучуудын өмнө “Европ бол энх тайван, хөгжил цэцэглэлт, ардчиллын түүх. Гэхдээ Европ арга хэмжээ авахгүй бол энэ бүхэн эрсдэлд орно” гээд тэдэнд бүрэн эрхт шинэ Европыг байгуулахыг уриалсан байна. Макрон мөн Орос Украин руу довтолж эхэлснээс хойш хоёр жилийн дараа Европт ” урьд өмнө байгаагүй хүнд мөч” тохиож байгаа нь түүнийг батлан хамгаалах, аюулгүй байдлынхаа талаар бие даан бодоход хүргэж байна гэж хэлжээ.

Тэрээр НАТО-гийн хүрээнд холбоотон болж ажиллах шаардлагатайг тэмдэглээд “Европын аюулгүй байдал эрсдэлд байна” гэж нэмж хэлсэн байна. Үүний зэрэгцээ, Эммануэль Макрон Европын Холбоо “газар зүйгээ өөрчлөхгүй”, Орос “маргааш ч, нөгөөдөр ч” хөрш хэвээр байх болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Эдийн засгийн хувьд Европын орнууд Хятад, АНУ-ын өрсөлдөөнд илүү бүрэн эрхт, тусгаар тогтносон байх ёстой гэж Францын удирдагч хэлэв. “Манай Европ өөрийгөө дахин шинээр зохион бүтээх ёстой. Эс тэгвээс ирээдүй хойч үедээ хөгжлийн шинэ парадигмыг бий болгох болно” гэж онцолжээ.

Бие даасан хүчирхэг Европ гэдэг нь АНУ,Хятадтай адил бие даасан бодлого явуулдаг Европын Холбоо байгуулахыг хэлж байгаа билээ.

Categories
мэдээ шинжлэх-ухаан-технологи

Чингис хаан үндэсний музей сан хөмрөгөө баяжуулжээ DNN.mn

Чингис хаан Үндэсний музей нь гурван дурсгалт газраас илэрсэн олдвороор сан хөмрөгөө баяжуулан (2024.05.28) үзмэрээ хүлээн авчээ.

МУИС-ийн Археологийн судалгааны төвийн хээрийн шинжилгээний баг Сүхбаатар аймгийн Онгон сумын Таван толгой 2 монгол булшийг 2022 онд малтан судалсан байдаг. Тус булш нь 7 метрийн голчтой цагариган хэлбэрийн чулуун дараастай дурсгал юм.

Уг дурсгалаас илэрсэн 26 ширхэг үзмэрийг Соёлын Өвийн Үндэсний Төв сэргээн засварлаж, Чингис хаан Үндэсний музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын танхимд үзмэр болгон дэглэлээ. Эдгээрээс онцлох үзмэр болох XIII-XIV зууны язгууртан эмэгтэйн хос галт шувуун дүрслэлтэй алтан эмээл, хүрэл толь, мөнгөн сав суулга зэрэг болно.

бичвэр нарын зураг байж магад

Мөн Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутагт орших Балгасан тал буюу Гол Мод 2 бол Хүннүгийн язгууртны оршуулгын томоохон цогцолбор дурсгалт газар юм. Уг газраас олдсон зарим нэгэн хэрэглэгдэхүүнийг МУИС-ийн Шинжлэх, ухаан технологийн Улаанбаатар паркаас хүлээлгэн өглөө. Тус байгууллагаас 2023 оны 10 дугаар сард Говьсүмбэр аймгийн төвөөс 18 км зайд орших Их Сансар хэмээх дурсгалт газарт хийгдсэн археологийн авран хамгаалах малтлага судалгаагаар илэрсэн хүннүгийн үед хамаарах дөрвөн булш оршуулгын дурсгалаас илэрсэн үнэт чулуун чимэглэлтэй бүсний арал тэргүүтэй үзмэрүүдийг хүлээн авлаа. Эдгээр дурсгалууд нь музейн гуравдугаар давхарт байрлах Эртний төрт улсуудын танхимд дэглэгдэхээр төлөвлөгдөж байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

Дээрх малтлагаас гарсан олдворуудыг хүлээлгэн өгсөн нэр бүхий хүмүүст Чингис хаан Үндэсний музейн сан хөмрөгийг баяжуулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан Чингис хаан болон Монголын төрт улсуудын түүхэнд холбогдох соёлын өвийн дурсгалыг цуглуулах ажилд идэвх гаргасанд нь талархал илэрхийлэн “Батламж” гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм

АТГ: Төлөвлөгөөт хяналтаар 41 албан тушаалтны ХАСХОМ-ийг шалгав DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 5 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 360 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 201 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 159 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 65 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 18 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 41 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Хяналт шалгалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдах албан тушаалтан “Г”, Дорнод бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Сүхбаатар салбарын удирдах албан тушаалтан “Э”, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын удирдах албан тушаалтан “О”, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “А”, АШУҮИС-ийн Био-Анагаахын их сургуулийн удирдах албан тушаалтан “Д” нарын гаргасан зөрчилд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.2-т заасан хариуцлага тооцуулахаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ.

Categories
story-news

Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглохоор болжээ

Б.Очирваань Олд Траффордод хөлбөмбөг тоглохоор болжээ

Categories
гадаад мэдээ

Ерөнхийлөгч, ерөнхий сайд нар биенийгээ урвагч гэв DNN.mn

Тусгаар тогтнолын баярын жагсаалын үеэр Гүржийн ерөнхийлөгч Саломе Зурабишвили болон ерөнхий сайд Иракли Кобахидзе нар бие биенээ эх орноосоо урвасан хэмээн буруутгажээ. Гүржийн удирдагчдын хоорондох энэ зөрчилдөөн парламент “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийг баталсны улмаас хурцадсан бөгөөд ерөнхийлөгч, сөрөг хүчин болон олон нийтийн байгууллагууд уг хуулийг Оросын “гадаадын агентуудын” хуулийн хуулбар гэж үздэг юм. Барууны орнууд Гүржийн парламент “гадаадын агентуудын” тухай хуулийг хуулбарлан баталсныг эрс буруушааж, Европын албан тушаалтнууд Европын Холбооны гишүүнчлэлд нэр дэвшигчийн статустай байгаа Гүрж нь Европын интеграцчилалд заналхийлж байна гэж мэдэгдсэн. Харин АНУ-ын эрх баригчид Гүржийн ардчиллыг сүйтгэгч хүмүүсийн эсрэг визний хориг арга хэмжээ авахаа амлаад байгаа билээ. Уг хуульд Гүржийн ерөнхийлөгч хориг тавьсан ч эрх баригч нам ирэх долоо хоногт хүчингүй болгох бодолтой байгаа ажээ.

Ерөнхийлөгч Зурабишвили Тбилисийн Эрх чөлөөний талбайд болсон баярын ажиллагаан дээр хэлсэн үгэндээ Оростой хамтрахын аюулын талаар ярьж, харин эрх баригч Гүржийн мөрөөдөл нам Оросыг бидэнтэй улам ойртуулахыг зорьж байна гэж шүүмжлэв. Тэрээр “Бид хэн бидний газар нутгийг булаан авсан, хэн бидний нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал тусгаар тогтнолыг хүндэтгэж байгааг сайн мэднэ. Өнөөдөр Гүрж дээгүүр Оросын хий үзэгдэл эргэлдэж байгаа энэ үед тус улсын тусгаар тогтнол, энх тайвныг хамгаалах, бэхжүүлэх жинхэнэ зам бол Европ, АНУ-тай түншлэх, ойртох явдал юм. Харин энэ замыг хорлон сүйтгэж байгаа хүмүүс манай улсын амар амгалан, аюулгүй ирээдүй, чөлөөт ардчилсан ертөнцийн бүрэн эрхт гишүүн болох замыг уландаа гишгэж байна” гэж хэлжээ. Ерөнхийлөгч мөн энэ оны аравдугаар сард болох парламентын сонгуульд тус улсын иргэд түүхэн сонголт хийх ёстой болсныг онцолж “Энэ сонгуулиар бид Европын, ардчилсан, тусгаар тогтносон нээлттэй Гүрж, эсвэл Оросын загвартай авторитар, тусгаарлагдсан Гүрж болох гэсэн гол сонголтыг хийх ёстой! Ийм сонголтыг ард түмний санал асуулга гэж нэрлэдэг” гэж хэлжээ. Ерөнхийлөгч үг хэлсний дараа ерөнхий сайд Иракли Кобахидзе индэрт гарч шууд л Зурабишвилийг эх орноосоо урвасан гэж буруутган “Хэдийгээр бидний оршин тогтнолд аюул заналхийлэл, олон тооны урвалт, тэр дундаа Гүржийн Ерөнхийлөгч урвасан ч ард түмэн, тэдний сонгосон засгийн газрын эв нэгдэл, ухаалаг алхмууд нь сүүлийн хоёр жил улс орондоо энх тайвныг хадгалах боломжийг олгосон” гэсэн байна. Зурабишвилиг үг хэлэх үеэр талбайд цугларсан үзэгчдийн дургүйцсэн хашгираан сонсогдож байв. Үүний зэрэгцээ ерөнхий сайд Кобахидзегийн үг хэлэх үеэр эсэргүүцэл үзүүлэх гэж оролдсон эмэгтэйг цагдаа нар хүчээр авч явжээ. Гүржийн телевизийн сувгуудын бичлэгт цагдаа нар уг эмэгтэйн амыг нь гараараа таглаад авч явааг харуулсан байна.

Жил бүрийн тавдугаар сарын 26-нд Гүрж улс Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэдэг. Учир нь 1918 оны энэ өдөр Тусгаар тогтнолын тухай акт баталж, анхны Ардчилсан Бүгд Найрамдах Гүрж улс байгуулагдаж байжээ. Иймээс энэ өдөрт зориулсан баярын арга хэмжээ Тбилиси болон Гүржийн бусад 17 хотод болдог уламжлал тогтсон билээ.

Баярын парад болсны орой мөн олон нийтийн байгууллагуудын жагсаал болсон байна. Тэд тусгаар тогтнолоо тунхагласны нэг жилийн ойг тохиолдуулсан 1919 оны баярын жагсаалын маршрутыг яг давтаж явсан байна. Жагсагчид Тбилисийн төв дэх Чавчавадзе өргөн чөлөөгөөр хөгжим, бөмбөрийн дор алхаж “Гүрж!” мөн “Бид хаашаа явж байна ?!” Европ руу!” гэж бичсэн туг барьсан байв. Баярын жагсаал Ваке цэцэрлэгт хүрээлэнд хүрч зогсон Гүржийн хуучин болон орчин үеийн сүлд дуулал болон Европын сүлд дууг эгшиглүүлсэн байна.

 

Г.АМАРСАНАА