Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Баруун болон говийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -8..-13 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4…+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр -2…+3 градус дулаан, бусад нутгаар -3…-8 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -3…+2 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +9…+14 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -4…-6 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -6…-8 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг нээлээ DNN.mn

Баянзүрх дүүргийн Нарантуул захын уулзвараас Зүүн 4 замын уулзвар хүртэлх авто замыг засварлах ажил дөрөвдүгээр сарын 29-нд эхэлсэн. Түүнчлэн Нарантуул захын уулзвараас Халдвартын уулзвар хүртэлх замыг өнгөрсөн сарын 30-нд нээсэн бол замын хоёрдугаар хэсэг болох Зүүн 4 замаас Халдвартын уулзвар хүртэлх замыг засварлаж, өнөө өглөө 08:20 цагт нээжээ.

Харин явган замын нөхөн сэргээлт болон тэмдэг, тэмдэглэгээний ажил үргэлжилж байна

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шар өвсний гал түймрийн дуудлага нэмэгдэж байна DNN.mn

Өнгөрсөн хоногт нийслэлийн хэмжээнд гал түймрийн 14 дуудлага бүртгэгджээ. Үүнээс шар өвс 7, хог 4, граш 1, эд хогшил шатсан 2 дуудлагаар алба хаагчид үүрэг гүйцэтгэлээ.

Сүүлийн өдрүүдэд иргэд шар өвс шатаасны улмаас хашаа, гэр гал түймэрт өртсөн дуудлага нэмэгдэж байгаа тул ногоон бүс, зуслангийн чиглэл, гэр хорооллын айл өрхүүдийг шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна. Гал түймрийн аюулаас сэргийлж:

  • Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх
  • Тамхи, шүдэнзний галыг бүрэн унтраах, гагнуур хийхгүй байх
  • Ногоон бүсэд оч баригчгүй машинтай зорчихгүй байх
  • Айл өрхүүд хашааны шар өвсийг шатаахгүй байх
  • Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн түймрээс сэргийлэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Тээврийн хэрэгслийн албан татвараа зургадугаар сарын 1-нээс өмнө төлөөрэй DNN.mn

Татвар төлөгч та 2024 оны тээврийн хэрэгслийн албан татвараа зургадугаар сарын 1-ний өдрөөс өмнө төлөөрэй.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж болон түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан оногдуулсан торгох шийтгэл, авто зам, замын байгууламж ашигласны төлбөр, агаарын бохирдлын төлбөр, авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хугацаанд төлөх үүрэгтэй .Авто тээврийнхээ татварыг И-БАРИМТ аппликейшн ашиглан төлөх боломжтой.

Хэрвээ та тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөөгүй бол Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13.5.Иргэн, хуулийн этгээд энэ хуулийн 13.2.9, 22.4-т заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол авто тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.

Categories
мэдээ нийгэм

Тавдугаар сарын 11-нд бүх нийтээр мод тарина DNN.mn

Нийслэлд 2024 оны тавдугаар сарын 11-18-ны өдрүүдэд найман байршилд мод тарих бөгөөд 300 гаруй байгууллага оролцохоор болжээ.

21 аймаг тавдугаар сарын 3-ны өдрөөс төвлөрсөн 33 байршилд дөрвөн сая хүртэл мод тарих юм.

Аймаг бүр 10 хүртэлх гол, горхийг сонгон, нэг гол дээр 10 га хүртэл талбайг хоёр жилийн хугацаанд ойжуулах бэлтгэлдээ ороод байна.

Ойн мэргэжлийн байгууллагууд мод тарих талбай, тарьц, суулгац бэлтгэх, тарьсан модоо жилийн турш услах, арчлах чиглэлээр иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллана.

Түүнчлэн модлог ургамлын тарьц, суулгацын үзэсгэлэн худалдааг нийслэлд “Тэнгэр плаза”, “Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг”, “Ялалтын талбай”-д, 21 аймаг, сумдад зохион байгуулж, тарьц, суулгацаар ханган, заавар, зөвлөмж өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар марафон-2024”-ийн бүртгэл үргэлжилж байна DNN.mn

“Улаанбаатар марафон 2024” энэ сарын 25-ны өдөр Сүхбаатарын талбайд болно. Уг олон улсын гүйлтэд оролцогчдын бүртгэл тавдугаар сарын 20-ыг дуустал үргэлжилэх юм. Энэ жил гадаадын гүйгчдэд бүртгэлээ хялбар хийх боломжоор хангах зорилгоор олон улсын карт ашиглан төлбөр хийх нөхцөлийг бүрдүүлсэн.

Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн хүмүүсийн 50 орчим хувь нь 10 ба түүнээс дээш км-т гүйхээр бүртгүүлжээ. Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ubmarathon.hipay.mn/ цахим хаягаар болон “Hipay” апплкейшнаар бүртгүүлэх боломжтой. Гүйлтэд оролцогчийн иргэний үнэмлэх, гадаад паспорт болон http:/ubmarathon.hipay.mn/ цахим хуудас, hipay апплкэйшнээр хийсэн төлбөрийн баримтыг үндэслэн энгэрийн дугаар олгож бүртгэл баталгаажсанаар гүйлтэд оролцох эрх нь нээгдэх юм.

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлт үндсэн зургаан төрөлтэй бөгөөд хамгийн богино зайд буюу 1.5 км зайд гэр бүлээрээ болон тусгай хэрэгцээт иргэд гүйх боломжтой бол таван км зайд 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Дээрх хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.

Categories
мэдээ нийгэм

Өчигдөр 104 хүн эрүүлжүүлэгджээ DNN.mn

Өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад нийт 2125 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1708, гэмт хэргийн шинжтэй 99 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Тухайлбал, хүний биед халдах 56, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 82, хулгайлах гэмт хэрэг 20 гарсан бол 104 хүнийг эрүүлжүүлжээ.

Мөн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 23 хэргийг нөхөн илрүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

”Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна DNN.mn

Монголд зочлох жилийн хүрээнд Монгол Улсыг Япон улсад сурталчлах “Go Mongolia” үйл ажиллагааг энэ сарын 4,5-ны өдрүүдэд Японы “Хикаригаока” цэцэрлэгт хүрээлэнд “Хаврын баяр”-тай хамт зохион байгуулна.

Энэ үеэр Монгол, Японы уран бүтээлчдийн тусгай тоглолтыг аяллын 5 хөтөлбөртэй хамт толилуулах бөгөөд Японы нэрт жүжигчин, дуучин Акира Кобаяши, Монгол талаас Хурд хамтлаг, Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва, дуучин Г.Маргад /Magnet Brain/, “Зэвтү” хамтлаг оролцоно.

Мөн, “Чингис хаан ба түүхэн аялал”, “Говь ба од”, “Адал явдалт”, “Нэг жуулчинд нэг хонь ба нүүдлийн аялал”, “Өвлийн аялал ба тайга” хөтөлбөрийг танилцуулж, Япон зах зээлд ажилладаг “Алтантур” ХХК, “Жамо гранд трэйвэл” ХХК, “Түмэнхаан жуулчны бааз”, “Твин ворлд” ХХК, “Шинэ зууч трэйвел” ХХК, “Хэнгүн”ХХК, “Аэро Монголия” ХХК хамтран ажиллах юм. Энэ үйл ажиллагааг Японы NHK телевиз, Санкэй сонин, Nikkan спорт сонин, өдөр тутмын спорт, Хова сонин, ТВ Асахи, Чуничи сонин, Kyodo News, Орикон мэдээ сурвалжлах аж.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч ахмад настны үндэсний төвд ажиллалаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт байрлах, халамжийн салбарын ууган байгууллага-Ахмад настны үндэсний төвд ажиллалаа.

Ерөнхийлөгч төр, засгаас ахмадуудын тэтгэвэр, тэтгэмж, нийгмийн хамгаалал  зэрэгт онцгой анхаарч байгааг хэлээд, удахгүй тохиох тус төвийн 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөв.

Ахмад настны үндэсний төв нь асран хамгаалах, харгалзан дэмжих төрөл садангүй, бие даан амьдрах чадваргүй, ганц бие, байнгын эмчилгээ, асаргаа шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг байрлуулж, хоол, хувцас, эрүүл мэнд, асаргаа сувилгаа, нөхөн сэргээх, сэтгэл зүй, соёл зэрэг үйлчилгээг хуульд заасны дагуу үзүүлдэг.

Өнөөдрийн байдлаар 14 аймаг, нийслэлийн 182 ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагийн 117 нь эрэгтэй, 65 нь эмэгтэй юм.

Батсүмбэр сумын төвөөс Ахмад настны үндэсний төв хүртэл хатуу хучилттай зам тавих хөрөнгөөс гадна барилгын дээвэр, уурын зуухыг шинэчлэх, ахмадуудад нэн шаардлагатай автобус зэргийг худалдан авах 500 гаруй сая төгрөгийг 2024 оны төсөвт тусгасан байна.

2010 онд 10 хүн тутмын нэг нь ахмад настан байсан бол 2040 он гэхэд таван хүний нэг нь ахмад настан болох тооцоолол бий.

Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайлангаас үзвэл, ахмад настны гэр бүл болон хууль ёсны үр хүүхэд, ах дүү нар нь харж хандах үүргээ биелүүлэхээс зайлсхийх, үр хүүхэд нь эцэг, эхээ ялгаварлан гадуурхах, гэрээсээ хөөх, эд хөрөнгө, тэтгэврийг нь завших, хүчээр авах зэргээр эрхийг нь зөрчих тохиолдол цөөнгүй байна.     

Цаашид аймгуудад ахмадуудад зориулсан асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв байгуулах, энэ чиглэлээр төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэдийн санаачилгыг дэмжих, ахмадуудын хөдөлмөр эрхлэлт, гэр бүл дэх сэтгэл санаа, бие махбодь, үл хайхрах хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх зэргийг тусгасан Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцүүлэх гэж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтнуудын үндсэн цалин,  орон нутагт ажилласны нэмэгдлийг тодорхой хувиар нэмсэнд төвийн удирдлага, ажилтнууд талархалтай байна. Одоогоор нарийн мэргэжлийн эмч, сувилагч дутмаг байгаа тухай төвийн дарга Л.Эрдэнэхүү хэллээ.

1924 онд маршал Х.Чойбалсан санаачилга гарган Нийслэл хүрээнд “Өнчин ядуусыг тэтгэх газар” байгуулсан нь өнөөгийн үндэсний төвийн суурь болсон түүхтэй. 1956 оноос Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, 1967 оноос хойш одоог хүртэл Батсүмбэр сумын Баянголын аманд үйл ажиллагаа явуулж байна.

Улсын хэмжээнд ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний төрөлжсөн асрамжийн чиглэлээр төр, хувийн хэвшлийн 12 асрамжийн газар ажилладаг. Эдгээрт 400 гаруй ахмад настан амьдарч байна

Categories
мэдээ нийгэм

”Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит уралдааны шилдгүүд тодорлоо DNN.mn

“Сэтгүүлч Батдорж” сан жил бүрийн гуравдугаар сарын 06-нд буюу Үндэсний сэтгүүлзүйн өдөр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд эссе бичлэгийн уралдаан зарлаж, тавдугаар сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр ялагчдыг тодруулдаг уламжлал тогтсон.

Өмнөх жилүүдэд “Усны үнэ цэн”, “Цахим орчин дахь бидний араншин”, “ Эх хэл- Монгол дархлаа”, “Шинэ монголын тухай”, “Нүүх үү, үлдэх үү” гэсэн сэдвийн хүрээнд уралдааныг зарлаж байсан бол энэ жилийн буюу 11 дэх удаагийн уралдаанд “Бид” гэсэн сэдвийн хүрээнд оюутнуудын мэдлэг ур чадварыг сорьсон юм.

Өмнөх жилүүдэд тус уралдаанд сэтгүүлзүйн ангийн 2,3-р курсийн оюутнууд оролцдог байсан бол энэ жилийн уралдааныг курсийн ялгаагүй болгосноор илүү олон оюутан оролцох боломжтой болсон юм.

Уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулж, эхний шатанд эссе бичиж, дараагийн шатанд шалгарсан оюутнууд телевизийн сурвалжлага бэлтгэж, өрсөлдсөн байна. Уралдаанд МУИС, МУБИС, Отгонтэнгэр Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, СУИС-ийн РТМУС, Сити их сургууль зэрэг сэтгүүлзүйн мэргэжлийн сургалт явуулдаг их дээд сургуулиудын 40 бүтээл ирүүлснээс хоёрдугаар шатанд 10 оюутан шалгарчээ.

Ийнхүү хоёр үе шаттай зохион байгуулагдсан “Сэтгүүлч Батдорж” сангийн нэрэмжит 11 дэх удаагийн уралдаанд Хүмүүнлэгийн их сургуулийн нэгдүгээр курсийн оюутан Н.Номин, мөн Хүмүүнлэгийн их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Г.Мөнгөнзул, МУИС-ийн гуравдугаар курсийн оюутан Б.Үүрцайх, МУБИС-ийн 3-р курсийн оюутан Т.Хүслэн, СИТИ их сургуулийн гуравдугаар курсийн оюутан Э.Бямбасүрэн нар тусгай байрт шалгарсан бол Хүмүүнлэгийн их сургуулийн сэтгүүлзүйн гуравдугаар курсийн оюутан Б.Хонгорзул тэргүүн байрын эзэн болж, бүтэн жилийн сургалтын төлбөрийн эзэн боллоо.

“Сэтгүүлч Батдорж” санг 2013 онд байгуулсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.

“Сэтгүүлч Батдорж” сан өнгөрсөн 11 жилийн хугацаанд 11 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг, 50 оюутанд мөнгөн урамшуулал олгож, нийт 50 сая гаруй төгрөг зарцуулаад байна.