Categories
мэдээ нийгэм

Нийслэлд цэрэг татлага эхэллээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2024 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага өнөөдөр эхэллээ.

Энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагыг нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд зохион байгуулах бөгөөд нийслэлд зарлан дуудах мэдэгдлийн тараалт 87 хувьтай байна.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэгт 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургууль

Сонгинохайрхан дүүрэгт 83 дугаар сургууль

Хан-Уул дүүрэгт 34 дүгээр сургууль

Чингэлтэй дүүрэгт 5 дугаар сургууль

Сүхбаатар дүүрэгт 3 дугаар сургууль

Цэрэг татлагын байранд очихдоо:

Иргэний үнэмлэх

Цэргийн үүрэгтний үнэмлэх

Мэргэжил эзэмшсэн бол мэргэжлийн үнэмлэх

Сургууль төгссөн бол диплом гэсэн бичиг баримтыг биедээ авч очих шаардлагатай.

Хугацаат цэргийн албанд татагдагч нь найман төрлийн шинжилгээ хийлгэж, эрүүл мэндийн үзлэгт орох юм. Нийслэлийн хэмжээнд цэрэг татлагын ажил гурав хоног үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Монгол Улс ардчиллын түүхэндээ анх удаа “улаан” ангилалд шилжив DNN.mn

Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас жил бүр нийтэлдэг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексээр Монгол улс өмнөх оноос 21 байраар ухарч, 180 улсаас 109-д жагсав. Ингэснээр ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжсэн 34 жилийн түүхэндээ анх удаагаа үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэлийн эрх чөлөөний “хүнд нөхцөл байдалтай” улс орнуудын тоонд орж, Малайз, Бурунди, Эквадор, Нигер зэрэг улсуудтай зэрэгцлээ.

Хэдийгээр Монгол улсын хэвлэлийн эрх чөлөөний үнэлгээ нийт оноогоороо авторитар дэглэмтэй зарим улсаас хараахан дээгүүр байгаа боловч, хэвлэл мэдээллийн ЭДИЙН ЗАСГИЙН болон УЛС ТӨРИЙН хараат бус байдлаараа эрс доголдсоныг олон улсын судалгаа гэрчлэв. Тухайлбал, хэвлэл мэдээллийн тогтвортой үйл ажиллагаанд үзүүлж буй эзэмшил, харьяаллын нөлөөлөл, засгийн газрын бодлого, зар сурталчилгааны түншлэл зэрэг эдийн засгийн хараат бус байдлын үзүүлэлтээрээ Монгол улс дэлхийн 180 орноос 150-д жагсаж, Орос, Палестин, Индонез, Судан, Алжир зэрэг улсуудтай зэрэгцээд байна.

Эх сурвалж: Хэвлэлийн хүрээлэн

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Монгол гэр” үзэсгэлэн энэ сарын 04-12-ны өдрүүдэд болно DNN.mn

Монголын уламжлалт соёл, өв уламжлалыг сурталчлан таниулах, үр хойчдоо өвлүүлэх зорилготой “Монгол гэр” үзэсгэлэнг Соёлын яам, Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулж байна.

May be an image of 1 person, temple and text

“МОНГОЛ ГЭР” үзэсгэлэнг 2024 оны тавдугаар сарын 04-12-ны өдрүүдэд Д. Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.

May be an image of 4 people, the Brandenburg Gate, the Palace of the Parliament, Romania, street and text

May be an image of dais

May be an image of 1 person, candle holder and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдөр нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болно DNN.mn

Энэ амралтын өдрүүдэд буюу 2024 оны тавдугаар сарын 4, 5-ны Бямба, Ням гаригт 9 дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна.

2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол нэмэлтээр 7 хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бага насны хоёр хүүхдийг эсэн мэнд оллоо DNN.mn

Өчигдөр буюу энэ оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 16 цагийн орчимд “Бага насны хоёр хүүхэд сураггүй алга боллоо” гэх дуудлага, мэдээлэл 18 цагийн орчимд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Уг дуудлага, мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар, Цагдаа, дотоодын цэргийн Сургалтын нэгдсэн төвийн Албаны нохой сургалтын хэлтсийн 90 алба хаагч, 2 эрэлч нохдын хамт эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, 00 цагийн орчимд айлын муу усны нүхнээс оллоо.
Алга болсон 3 болон 5 настай хүүхдүүдийг эсэн мэнд олж, аврах ажиллагааг амжилттай зохион байгуулж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвийн эмч нараас анхан шатны тусламж авлаа.

📌 Одоогоор дээрх 2 хүүхдийг “Түр хамгаалах байр”-нд хамгаалалтад авч, шалгалтыг үргэлжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 3 чиглэлд өөрчлөлт орууллаа DNN.mn

Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо Соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 9-ний 06:00 цаг хүртэл хаана.

Тухайн замаар зорчдог нийтийн тээврийн үйлчилгээний

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”

Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”

Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан Нийслэлийн хүрээ өргөн чөлөө, Их Монгол гудамж, Ллимпын гүүрээр Нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн тул иргэд зорчигчид та бүхэн дараах маршрутын дагуу нийтийн тээврээр үйлчлүүлээрэй гэж Нийтийн тээврийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлчдийн 89 хувь нь ажил үүрэгтэйгээ холбоотойгоор сэтгэлзүйн дарамт, хохирол амсдаг DNN.mn

“Глоб Интернэшнл” төв нь Нээлттэй Нийгэм Форум болон Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах (IFEX) олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, мэдээлэлтэй байх, улс төрийн үйл явцад мэдээлэлтэй оролцох эрх” төслийн хүрээнд сэтгүүлчдээс судалгаа авсан юм.

Уг судалгаанд өнгөрсөн оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны дөрөвдүгээр сарын 20-н хүртэл Улаанбаатар хотын болон орон нутгийн телевиз, сонин, сэтгүүл, радио, фм, цахим хуудасны нийт 386 сэтгүүлч хамрагджээ.

Оролцогчдын 97 хувь нь Улаанбаатар хотын төлөөлөл бол гурван хувь нь орон нутгийн төлөөлөл байв.

Судалгаанд оролцогчдын 65 хувь нь эмэгтэй байжээ.


Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад тулгардаг асуудлууд:

Сэтгүүлч хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудад хамгийн их тулгардаг асуудлын нэгдүгээрт “Мэдээлэл өгөхөөс үндэслэлгүйгээр татгалздаг” гэж 59 хувь нь хариулсан байна. Харин “Шүүх, цагдаа, прокуророос дуудах” гэж 31 хувь, “Утасны яриа чагнах, бичлэг хийх” гэж 16 хувь нь хариулжээ.

Эрх зөрчигч субъектүүд

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудын эрх ашгийг ямар субъект хамгийн их зөрчдөг вэ? гэсэн асуултад 386 хүний 58 хувь нь “Эрх мэдэл бүхий албан тушаалтнууд” гэж хариулсан байна.

Таны эрх хэзээ зөрчигдсөн бэ?

2023-2024 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар эрх нь зөрчигдсөн гэж хариулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд бүгд 2023 онд эрх зөрчигдсөн гэсэн хариулт өгчээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Тамир: Хуурамч мэдээллийн 90 хувь нь фэйсбүүк, твиттерээр таван хувь нь л хэвлэлээр цацагддаг DNN.mn

FactCheck.mn талбарын үүсгэн байгуулагч, Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн гүйцэтгэх захирал Ц.Тамиртай ярилцлаа.


-Бид мэдээллийн их урсгал дунд амьдарч байна. Зах замбараагүй их мэдээлэл дундаас худлыг үнэн гэж итгэх явдал олонтаа. Тэгвэл хуурамч мэдээлэлд шүүлтүүргүйгээр итгэх нь ямар хор уршигтай вэ?

-Хүн таван мэдрэхүйгээрээ мэдээлэл авч байдаг. Энэ мэдээллүүдийг илүү боловсруулаад хүнд хэрэгтэй, ач холбогдолтой болговол мэдээ болж буй юм. Хүний ирээдүйд гаргах шийдвэрт нь ямар нэгэн байдлаар ач тус болж байвал тэр мэдээ мөн. Харин тэрхүү мэдээ худлаа байвал бид буруу, хүсээгүй шийдвэр гаргана, тухайн шийдвэрээс болоод ямар нэгэн хор хохирол амсана. Энэ нь худал мэдээллийн хор уршиг. Тиймдээ ч дэлхий нийт зохион байгуулалттай хуурамч мэдээлэлтэй тэмцье гэж уриалах болсон.

-Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл ямар үед хамгийн ихээр бий болдог вэ?

-Зохион байгуулалттай хуурамч мэдээлэл нийгэмд болж буй томоохон үйл явдлыг даган газар авдаг. Хуурамч мэдээллийг ялгаж таних талаар гарын авлага гаргасан, энэ салбарын том төлөөлөл Крейг Силверман “Хуурамч мэдээллийн асар их үйлдвэрлэл дэлхий даяар явагдаж байна. Хүн аль нэг талд орох гээд эргэлзэж байх үед хуурамч мэдээллийн үйлдвэрлэл эрс нэмэгддэг” гэсэн байдаг. Нийгэмд болдог томоохон үйл явдлуудын нэг бол яах аргагүй сонгууль. Сонгуулиар муу хэр нь сайн, хийхгүй мөртлөө хийнэ, хийгээгүй хэр нь хийсэн мэтээр худал мэдээ тарааж хүмүүсийн итгэлийг аван, сонголтод нь нөлөөлж ялалт байгуулдаг. Сонгуулийн үеэрх худал мэдээллийн хор уршиг нь энэ.

-Нийгэмд болж буй томоохон үйл явдлыг даган зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тархдаг гэлээ. Яг ийм бодит жишээ юу байна вэ?

-Нэг том жишээ нь цар тахлын үед болсон. Тухайн үед иргэд короновирусийн халдвар үхлийн аюултай юу, гэрээсээ гарч болох уу үгүй юу, вакцин хийлгэх нь зөв үү, буруу юу гээд үргэлж асуулт, эргэлзээн дунд байсан. Яг тэр үед жирэмсэн, хөхүүл эхчүүд вакцин хийлгэж болохгүй гэх мэдээлэл маш их тархсан. Бидний хувьд вакцины асуудал дээр анагаахын дөрвөн доктор, гурван баримт шалгагчтай баг болж ажилласан. Хамгийн сүүлийн үеийн судалгааг үндэслэж мэдээллүүдийг нягталж, чадах хэмжээндээ түгээж байсан ч газар авсан худал мэдээллийн уршгаар олон хөхүүл, жирэмсэн эхчүүд вакцинд хамрагдаагүй. Вакцин хийлгэж чадаагүй эхчүүдээс биеийн байдал хүндэрсэн тохиолдлууд байсан тухай сонссон. Хэрэв худал мэдээлэл тархаж газар аваагүй бол илүү олон эхчүүд цар тахлыг хүндрэл багатай давах боломжтой байсан.

Файзер бол барууныхны туршилтын вакцин жирэмсэн, хөхүүл эхчүүд вакцин хийлгэж болохгүй, хөхний сүү нь цэнхэр, ногоон гарна гэдгээс гадна виросел вакцин чиптэй, монгол хүний генийн мэдээллийг хятадууд авах гэж байна гэх зэрэг мэдээллүүд ч ихээр түгсэн. Сонирхолтой нь оросын спутник вакцинтай холбоотой хуурамч мэдээлэл манайд нэг ч бүртгэгдээгүй. Харин ч эсрэгээрээ спутник бол агуу гэх мэдээлэл маш их явсан. Эх сурвалжууд нь дийлэнхдээ баруун болон Хятадын вакцин муу гэж ярьж байсан хүмүүс байсан. Тэдний дурдаж буй эх сурвалжуудыг харахаар орос хэл дээрх мэдээллийг орчуулсан нь их. Тэр орос эх сурвалжийг нь нягтлахаар дандаа баталгаагүй. Вакцинтай холбоотой үйл явдлууд намжсаны дараа залгаад орос, украины дайн болсон. Гэтэл дайны дараа дээрх вакцинтай холбоотой худал мэдээлэл тараасан эх сурвалжуудын спутник агуу гэх үг нь Путин, файзер муу гэсэн үг нь украин, Европын холбоо, Нато болж солигдсон. Эдгээр хүмүүсийг бид хоёр ангилж байгаа. Цөөн хэсэг нь хойд хөршид үнэхээр элэгтэй байх. Нөгөө талдаа байгалийн биш, зохион байгуулалттай мэт байдал ажиглагдсан. Зүй тогтол, давтамжийг нь ажиглахад энгийн нэг хүн ижил төстэй агуулгыг сошиал хаягтаа гурван сарын хугацаанд 40, 50 удаа нийтэлж, хуваалцана гэдэг хачирхалтай. Тиймээс хэн дуртай нь шалгах, эх сурвалжаар баталгаажуулах үйл явц хийгээгүй, баримтын шалгалт явуулаагүй мэдээллүүдийг ихээр бэлтгэж, түгээж байгаа энэ цаг үед хүмүүс хүссэн хүсээгүй няхуур байх ёстой. Хэн дуртай нь мэдээлэл үйлдвэрлэдэг болсон шиг хүн бүхэн өөрсдөө мэдээллээ нягтлах боломжтойн дээр шаардлагатай болж байна.

-Зохион байгуулалттай худал мэдээллийг яаж ялгаж, таньдаг болох вэ. Ямар нэгэн аргачлал бий юү?

-Монголчууд “Долоо хэмжиж, нэг огтол” гэдэг. Бид үүнтэй адилтгаад долоо нягталж нэг итгэ, түгээ гэж уриалж байгаа. Долоо нягтлахын тулд юуг анхаарах вэ гэвэл эхлээд мэдээллийн эх үүсвэрийг нягтал. Итгэж болох хүн түгээсэн үү, мэргэжлийн сэтгүүлч бэлтгэж, байнгын үйл ажиллагаа эрхэлдэг итгэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлсэн үү гэдгийг нягтал. Агуулгыг нь мөн нягтал. Гарчгаар хуурамч мэдээлэл тарах явдал ч их байдаг. Хуурамч мэдээлэл сонирхолтой, тачаангуй, гоё, үнэн бол уйтгартай гэдэг алдартай үг байдаг даа. Хэт уянгын эсвэл уур хүргэсэн, сэтгэл хөдлөлийг чинь өдөөсөн байх тусмаа хуурамч мэдээлэл байх магадлал өндөр. Мөн домайн хаягаар хуурамч мэдээлэл тардаг учир тухайн сайтын эзэмшил харьяаллыг нягтлах нь зөв. Дурдагдсан бүх эх сурвалжийг ч анзаарч бодит эсэхийг нягтал.

Цорын ганц эх сурвалжтай мэдээ бол зорилготой, эсвэл PR мэдээ байх нь бий. Тэнцвэртэй мэдээлэл өгч чадаж байна уу, нэг талыг барьсан мэдээлэл түгээж байна уу гэдгийг ч нягтлах хэрэгтэй. Нэг хүнийг буруутгасаар байгаад дуусаж байвал улам няхуур хандах ёстой. Сэтгүүл зүйн зарчимд буруутгагдсан талын байр суурийг заавал оруулна гэж байдаг. Ядаж мэдээлэл авах гэсэн боловч өгсөнгүй гэх өгүүлбэр байх хэрэгтэй. Тийм өгүүлбэр байхгүй бол бас л зорилготой байх боломжтой эсвэл сэтгүүл зүйн сайн бүтээл биш. Үүнд итгэх эсэхээ бодох хэрэгтэй гэсэн үг. Дээрээс нь баримт болон үзэл бодлыг ялгаж салгаж сурах нь чухал. Нотлогдож байвал л баримт болохоос нотлогдоогүй бол бүгд үзэл бодол. Эцэст нь тухайн баримтыг дэмжсэн баримт буюу статистик тоо, хөндлөнгийн эх сурвалжийн баталгаажуулсан мэдээлэл зэргийг харах хэрэгтэй. Ийм л хэдэн зүйл бий. угтаа эдгээр зүйлсийг олон улсад бага ангид нь заадаг. Өчигдөр гарсан мэдээ, сониныг дэлгээд эх сурвалжийг нь тоол, хоёр талын байр суурь байна уу, гарчиг нийтлэл авцалдаж байна уу гэдэг ч юм уу. Энэ нь хүүхдийг багаас нь мэдээлэлтэй харил цах боловсролыг олгоод явж байна. Тэд хэдийнэ хэвлэл мэдээллийн суурь боловсролын асуудлыг шийдчихээд одоо хиймэл оюун ухаантай яаж харилцах вэ гэдэг дээр ажиллаж байна. Дэлхий дараагийн шатандаа гарчихсан байхад бид одоо л хэвлэл мэдээллийн суурь боловсролыг олгох асуудлыг ярьж байгаа нь харамсалтай.

-Худал мэдээллийг ялгаж таниулахад мэргэж лийн редакцын үүрэг оролцоо чухал байх нь. Нөгөө талдаа иргэд мэдээллийн суурь боловсролоо дээшлүүлж, найдвартай эх сурвалжаас мэдээллээ авч сурах хэрэгтэй болов уу?

-Худал мэдээллийг ялгаж таних, залруулахад хэвлэл мэдээллийн оролцоо үлэмж их. Мөн үүнтэй холбоотойгоор нэг зүйлийг дурдах нь зүйтэй. Нийт хуурамч мэдээллийн 90 орчим хувь нь фэйсбүүк, дараа нь твиттер, тав орчим хувь нь л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Үүнээс харахад хуурамч мэдээллийг иргэд бид өөрсдөө л түгээж, хөөсрүүлдэг. Үүн дээр нь улс төрийн, гадны улс орны болоод бусад арилжааны компаниудын ашиг сонирхол орж ирж байдаг.

Мэдээлэл бүрийг талх гэж бодвол шууд идэх биш ямар орц найрлагатай, хэзээ үйлдвэрлэгдсэн, хортой юу, хоргүй юу гэдгийг нь харж байж ам руугаа хийх ёстой. Өнөөдрийг хүртэлх ертөнцөд мэдээлэл бол хүч гэж хэлдэг байсан. Энэ цаг үеэс хойш хүнийг хүчгүй болгоё гэвэл мэдээллээр бөмбөгд гэж хэлэх болсон. Ямар ч цензургүй асар их мэдээлэл аваад байвал үүнээс хойш чи улам сул дорой, шийдвэр гаргах чадамжгүй, гаргалаа ч буруу шийдвэр гаргах эрсдэлтэй, тогтсон гүнзгий мэдлэггүй нэгэн болно. Ирээдүйд гаргах шийдвэртээ хамгийн хэрэгтэйг нь ашиглая гэвэл мэдээллээ ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Ignore хийх буюу үл тоох, тэр мэдээллийг тоохгүй хаях чадвартай болох ёстой. Бүх мэдээллийг аваад л сэтгэлээ хөдөлгөөд л, энергиэ зарцуулаад, ойр тойрныхондоо түгээгээд байвал мэдээллээр тоглуулна л гэсэн үг.

Л.МИНЖМАА

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Амартайван: Халаасны хулгай үйлддэг 1138 хүний 22.9 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна DNN.mn

Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа С.Амартайвантай ярилцлаа.


-Өдрийн аль цагуудад халаасны хулгайн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногийн даваа, лхагва, пүрэв гаригуудад бүртгэгдсэн нийт гомдол, мэдээллийн бүртгэгдсэн цагаар нь авч үзвэл 06:00-14:00 цагт 41 хувь, 14:00-19:00 цагт 35 хувь нь байна.Хүн их бөөгнөрсөн, хөл хөдөлгөөнтэй зах худалдааны төвүүд дээр,  ажил цуглах, тарах үеэр автобусны буудал дээр, автобус дотор халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна.

-ЕБС-ийн хүүхдүүд халаасны хулгайн гэмт хэрэгт өртөх нь их байна уу. Хэдэн насны хүүхдүүд гол бай болж байна?

-2024 оны эхний дөрөвдүгээр сард халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй 1500 орчим гомдол мэдээлэл бүртгэгдсэнээс 7.9 хувьд нь хүүхэд хохирсон байна.

-Алдсан гар утсаа эргүүлэн олж авах хугацаа хэрэг тус бүр дээр өөр байдаг бололтой. Зарим нь хэдэн долоо хоног ч гэх юм уу, үүнд ямар хүчин зүйл нөлөөлж байна вэ? 

-Энэ тал дээр иргэд хулгайд гар утсаа алдаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргахдаа гар утсаа хаана, хэзээ алдсанаа санахгүй, гар утасныхаа IMEI (имей) кодоо мэдэхгүй байдаг. Мөн халаасны хулгайн үйлдэл нь хяналтын камерын бичлэгт ороогүй, хяналтын бичлэгт орсон боловч хулгай хийж байгаа хүний нүүр царай харагдахгүй байх зэрэг шалтгаанууд нь хэргийн илрүүлэлтэд нөлөөлдөг. Гэхдээ тус хэлтсийн алба хаагчид энэ төрлийн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүлэх, нөхөн илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллаж байна.

-Камерт гэмт хэрэг хийж байгаа дүрс бичлэг нь байхад хэрэг илүү амархан шийдэгдэх үү?

-Орчин үед ихэнх албан байгууллагууд камертай болоод байна. Цагдаагийн байгууллага хэрэг илрүүлэх явцад эерэг нөлөө үзүүлж байгаа. Камертай бол хэрэг илрэх ёстой, камергүй бол хэрэг шийдэгдэх гэж бодох боломжгүй. Камерт бичигдсэн бол шалгах, эрэн сурвалжлах үйл ажиллагаанд илүү үр дүнтэй.

-Имей кодоо мэдэж байгаа тохиолдолд тухайн гар утсыг илрүүлэхэд амар байдаг уу? 

-Цагдаагийн байгууллага гэмт хэргийн замаар болон бусад байдлаар алдагдсан, гээгдсэн гар утас, бусад ухаалаг төхөөрөмжийг имей кодоор нь дамжуулан олох ажиллагааг үүрэн холбооны оператор компаниудтай хамтран хийдэг.  Хэрэв та гар утсаа хулгайд алдсан, аль эсвэл гээсэн ч гар утасныхаа имей кодыг мэддэг байх хэрэгтэй. Энэ нь гар утсаа эргүүлэн олж авах боломжийг нэмэгдүүлдэг.

-Байнгын цагдаагийн хяналтад байдаг, гар утас хулгайлдаг хүмүүс хэр их байдаг вэ? 

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг 26 бүлгийн 143 этгээд, бүлэгт хамаарахгүй 995, нийт 1138 этгээдийн талаар мэдээлэл тус хэлтсийн сэжигтэй этгээдийн бүртгэл судалгаанд байдаг. Үүнээс 14 бүлгийн 65 этгээд, бүлэгт хамаарахгүй бие даасан 651 сэжигтэй этгээд халаасны хулгайн гэмт хэргийг идэвхтэй үйлдэж байна.

-Халаасны хулгайн эсрэг ялын бодлого хэр үр дүнтэй байна вэ. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар давтан хулгайн хэрэг үйлдэх тохиолдол их байна уу?

-Эрүүгийн хуулийн 17.1.1-т зааснаар хянан шийдвэрлэдэг. Ялын бодлогын хувьд хорих ял шийтгэл байдаг, гэхдээ нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялыг түлхүү ногдуулдаг. Давтан хэрэг гэдэг ойлголт байхгүй болчихсон. Өмнө нь гар утас хулгайлсан этгээд давтан гэмт хэрэг үйлдсэн учраас хорих ял өгдөг байлаа. Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд хуулийн цоорхойг ашиглаж байна. Давтан гэмт хэрэг гэсэн ойлголт байхгүй болсон учраас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзээд хорихгүй тохиолдлууд байна. Халаасны хулгайн гэмт хэргийг тогтмол үйлддэг этгээдүүд нь энэ үйлдлээрээ шүүхээр 2-14 удаагийн ял шийтгэгдсэн байна, нийт энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийн 90 хувь нь дахин халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг онцлогтой.

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа хүмүүс хэдээс хэдэн насныхан байна вэ. Эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэх нь хэр их байна вэ?

-Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг нийт 1138 этгээд бүртгэгдсэнээс 261 буюу 22.9 хувийг эмэгтэй хүмүүс эзэлж байна. Насанд хүрээгүй халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд маш бага буюу 1-2 хувийг эзэлдэг. Тун удахгүй ерөнхий боловсролын сургууль, их дээд сургуулийн төгсөлт, хонхны баяр болох гэж байна. Мөн урин дулаан зун цаг ирж, Монгол орны байгалийн сайхныг үзэхээр аялал жуулчлалаар гадаад улсаас аялагчид ихээр ирнэ, хөл хөдөлгөөн ихсэхтэй зэрэгцээд халаасны хулгайн гэмт хэргийн гаралт ихэсдэг юм. Иймд сурагч, оюутан залуус хүний бөөгнөрөл ихэссэн газарт явахдаа эд зүйлээ  анхаарал болгоомжтой авч явах нь зүйтэй.

-Иргэд хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хүн өөрийнхөө эд зүйлд сонор сэрэмжтэй хандах ёстой. Дан ганц нийтийн тээвэрт гэлтгүй зах худалдааны төвүүд, хүний хөдөлгөөн ихтэй гудамж талбайд халаасны хулгай их үйлдэгддэг. Гудамж талбай олон нийтийн газраар явах, авто замын явган хүний гарцаар гарахдаа шалтгаангүй шахаж, хэт ойртож байгаа хүнээс болгоомжлох хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 4, Санчир гариг. Билгийн тооллын 26, Шувуун хошуут одтой, шар луу өдөр. Өдрийн наран 05:29 цагт мандаж 20:09 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.