Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хонь өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 7, Ангараг гариг. Билгийн тооллын 29, Гоё хүүхэн одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 05:24 цагт мандаж 20:13 цагт жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Дарьгангын тал нутгаар 0…-5 градус хүйтэн, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 0…+5 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10…+15 градус, бусад нутгаар +4…+9 градус дулаан, өдөртөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутгаар +16…+21 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +24…+29 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29…+34 градус, бусад нутгаар +21…+26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +23…+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…+2 градус, өдөртөө +21…+23 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-05-07-ны мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Банкны тухай хуулийг батлагдаж байхад миний зургийг талбай дээр шатааж байлаа” хэмээснийг “Улс төр” нүүрээс уншаарай.

  • Ажлаа хийдэггүй гишүүдийг дахин сонгох хэрэггүй” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Сонгуулийн өмнө хөрөнгө мөнгө зарсан том төслүүдийг эхлүүлэхгүй байхыг уриалж байна” хэмээн өгүүллээ.

  • Засгийн газар цемент үйлдвэрлэгчдийг “нөөцгүй” хэмээн худал мэдээлжээ. 
  • Ипотект орон сууцны талбай 80 м.кв, зээлийн хэмжээ 100 сая дотор хамрагдах боломжтой. Энэ тухай I болон III нүүрээс уншаарай.

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Үхрийн шинэ мах килограмм нь 20-23 мянган төгрөгийн үнэтэй байна

“Хайрын домог” киноны найруулагч Б.Чингүүн “Хайрын домог” кино буриад зоны тухай таниулна” хэмээн ярилаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Газын зурвасын нөхцөл байдал

  • “Нэр дэвшилт тодорхой болоогүй учраас “Юмыг яаж мэдэх вэ” гэсэн горилогч их байна” тухай “Нийгэм” нүүрт өгүүллээ.

АШУҮИСийн Анагаах ухааны сургуулийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы эмнэлгийн цус, генийн төвийн эрхлэгч Ц.Одгэрэл “Цусны өвчний тохиолдлын 66 хувь удамшихгүй байх боломжтой” гэснийг “Эрүүл мэнд” нүүрээс уншаарай.

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хөвсгөл далайн хавар


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Г.Ууганцэцэг: Бидний гомдол, цөхрөл хуулийн заалт дээр очоод унаж байна DNN.mn

Анагаах ухааны доктор Ганболдын Ууганцэцэгтэй агаар, орчны бохирдол тойрсон асуудлаар ярилцлаа. Тэрээр нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр төвлөрөн ажиллаж байгааг хүмүүс мэдэж байгаа биз ээ.


-Өөрийг тань эмч гэдгээр нь хүмүүс сайн мэднэ. Гэхдээ “ТВ доктор” нэвтрүүлгийг маш олон жил хийсэн шүү дээ. Сэтгүүл зүйтэй яаж яваад холбогдсон талаар ярилцлагаа эхэлмээр байна?

-Хэвлэл мэдээллийн салбартай холбогдсон түүх гэвэл бүр ч эртнээс эхлэх гээд байдаг юм аа. Бүр 1989 онд дөнгөж есөн настай байхдаа Монголын радио гэдэг их айлд хүүхдийн нэвтрүүлэг хөтлөх гэж анх хөл тавьж байлаа. Тэр үед хүүхдийн нэвтрүүлгийн хөтлөгч нар гэж багагүй шалгуурыг давж орж ирсэн, хэрэндээ хариуцлагатай алба хашдаг хүүхдүүд байлаа шүү дээ. Би радиод 1997 оныг хүртэл найман жилийн хугацаанд хүүхдийн нэвтрүүлэг хөтөлсөн. Тэгээд сургуулиа төгсөөд сэтгүүлч болох хүсэлтэй байсан ч ээж маань айлд нэг эмч байх хэрэгтэй гэж даалгавар өгснөөр Анагаахын дээд сургуульд оюутан болж байлаа. Гэхдээ хүний сурсан юм, дуртай юм гэдэг дарагдахгүй шүү дээ. 1998-2004 оныг дуустал оюутан байхдаа FM-д хөтлөгчөөр ажилласан. Аав маань мөрдөн байцаагч, ээж инженер. Дөрвөн хүүхэдтэй айлын том нь байлаа. Бас тэр үед амьдрал амаргүй, ээж аавдаа дараа болохгүй гээд оройн цагаар хөтлөгч хийж өөрийгөө болгоод явчихдаг байв. Ер нь багаасаа юм бичиж, “Хүрэл тулга” яруу найргийн наадамд оролцож гуравдугаар байрт хүртэл орж явсан. Радиод байхдаа рекламын текстээ өөрөө бичиж, уншиж ирсэн нь надад дадлага туршлага болоод л явсан юм билээ.

Сургуулиа төгсөөд эмч болсон ч телевизэд 2008-2018 оны хооронд “ТВ доктор” нэвтрүүлгээ хийсэн дээ. Уг нь би эмч хүн ч гэсэн яах аргагүй сэтгүүл зүйтэй холбоотой явж ирсэн. Телевизэд эхний хэдэн жил надад редактор гэж байсангүй. Өөрөө дуртай болохоор бүгдийг амжуулаад явдаг байсан даа. Надад сэтгүүлчийн диплом байхгүй ч дадлагаар бас нэлээд зүйлийг гадарлаж доторлодог болсон доо.

-Таны нийтийн эрүүл мэндийн төлөө хийж байгаа ажлууд анхаарал татаж байгаа. Та яагаад энэ талаар дуугарах болов?

-Зөвхөн өөрийн өмнөх ажлаа хийгээд амар жимэр амьдрах сонголт бол хэзээд надад нээлттэй. Гэвч шалтгаан нь тодорхой олон төрлийн өвчлөлүүд, харшил, хорт хавдрын талаарх мэдээллийг өдөр болгон сонсоод нүд, чихээ бөглөөд явах эмч хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна. Ядаж ганц хоёр хүнд ч болтугай урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгье гээд эхлүүлсэн ажлууд маань тодорхой хэмжээнд үр дүнд хүрээд эхэлсэнд баяртай байгаа. Энэ л мэдрэмжээр цаг хугацаа, хүч хөдөлмөрөө зарцуулаад явж байна.

-Таны нийгэмд анхлан хөндсөн тоос тоосонцрын мэдээлэл тун сонин байсан. Бид энэ талаар бараг ярьж бичдэггүй байсан. Одоо ч яг өнөөх тоос тоосонцор ид дэгдэж байна даа?

-Бидэнтэй хамт олон жил хамт “амьдарч” байгаа ч бид мэддэггүй зүйл бол нарийн ширхэгт тоосонцор. Эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь маш их. Гэтэл үүнийг анхааруулж, анхаарал тавих учиртай чиг үүргийн байгууллагууд нь эс үйлдэл хийгээд удаж байна. Ямар хоруу чанартай, яаж өөрсдийгөө хамгаалах талаар анхан шатны мэдлэг мэдээлэл ч өгөхгүй байна. Энэ талаар нэлээд дэлгэрэнгүй цуврал контент бэлтгэж түгээсэн байгаа. Үзэж мэдээлэл авахыг хүсвэл Ганболдын Ууганцэцэг нүүр хуудсаар орж мэдээлэл аваарай гэж хэлмээр байна. Бид утаанд өвлийн улиралд л хорддог бол нарийн ширхэгт тоосонцорт жилийн дөрвөн улирлын 365 хоногийн туршид хордож байгаа гэдгийг санах хэрэгтэй.

-Хүмүүс таны контентоос өөрсдийгөө утааны архаг хордлогод орчихсон явдгаа мэдсэн гэж болно. Бүгд л энэ шинж тэмдэг байгаа шүү дээ гэсэн байсан. Үнэхээр таны хэлдгээр эх орноосоо нүүгээд явахгүйгээс хойш бид яг яах ёстой вэ?

-Үнэхээр бид бүх ажил амьдралаа орхиод төрөлх хотоосоо бүгд зугтаж чадахгүйгээс хойш төр засаг нь анхааруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зааж өгөхгүй байгаа энэ тохиолдолд бид өөрсдийгөө л хамгаалахаас өөр арга байхгүй. Тусгай зориулалтын маск зүүж, боломж гарвал хотоос гарч цэвэр агаар амьсгалж, агаар цэвэршүүлэгч ашиглаж, шим тэжээлтэй хоол унд хэрэглэх ёстой. Энэ бол эмч хүний хувьд хэлж байгаа аргаа барсан зүйл ч одоодоо бидэнд өөр арга алга.

Угтаа бол өдөр бүр энэ талаар телевиз радиогоор ярьж байх ёстой. “Өнөөдөр нүүрстөрөгчийн дан исэл буюу угаарын хий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 5-10 дахин их байна. Тиймээс та өглөө оройдоо гудамжинд гараад хэрэггүй” гэх мэтээр анхааруулга сэрэмжлүүлгийг маш сайн өгч байх ёстой. Энэ мэдээллийг ил тод, нээлттэй мэдээлж байж иргэд өөрсдийгөө хордлогод өртөхөөс сэргийлэх арга хэмжээ авах юм. Гэхдээ энэ бүхэн арга ядсан л арга хэмжээ. Огт дуугарахгүй байхын оронд арга ядсандаа ийм арга хэрэглээрэй гэж байгаа юм. Бид эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Үндсэн хуулиар баталгаажуулсан эрх бидэнд бий.

Утаа бол биднийг генийн түвшинд устгах геноцид шүү дээ. Үүнээс хамгаалж чадахгүй байгаа төр засагтай эвлэрч болохгүй. Би улстөржихийг хүсдэггүй ч энэ асуудлыг яриад эхлэхээр улс төржихөөс өөр аргагүй нөхцөл байдал үүсээд байгаа юм. Асуудлыг шийд гэхээр аргацааж, далимдуулж хөлждөг энэ бусармаг явдлыг зогсоохын тулд иргэн бүр дуу хоолойгоо хүргэх ёстой гэж боддог. Хэн нэгэн засч өөрчлөхийг хүлээгээд хэн ч, юу ч хийсэнгүй. Одоо өөрсдийнхөө эрхийн төлөө бид өөрсдөө л үйлдэл хийх цаг болжээ.

-Үйлдэл хийх цаг боллоо гэж хэллээ. Ямар үйлдэл хийвэл илүү үр дүнтэй вэ?

-Миний хувьд эмч бас иргэн хүнийхээ хувиар өнгөрсөн нэгдүгээр сард Засгийн газрыг шүүхэд өгсөн. Олон нийтэд урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг түгээж ажиллахдаа утааны хор хөнөөлд бүгд хохирч байгаа ч яаж ч тэмцээд үр дүнд хүрэхгүй, хүрнэ гэдэг итгэл найдваргүй болсон. Хатуухан хэлэхэд, хаа хаанаа дассан байна. Иргэд хэлээд хэн ч сонсохгүй, тэгж л байдаг гэсэн шиг төр засаг нь хандаж, сүүлдээ иргэд ч цөхөрсөн. Гэхдээ үүнтэй эвлэрч болохгүй. Эрүүл мэнд, амь нас, цаашлаад үндэстний хувьд хүлцээд суух асуудал биш учраас хуулийн хүрээнд тэмцэж эхэлсэн гэхэд болно.

Утаатай гэж хэдэн жил болсон, утаа алга боллоо гэсэн. Гэхдээ цаана ил болоогүй олон асуудал байна. Өнөөдөр шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй байна шүү дээ. Монголд угаарын архаг хордлогыг эмчлэх стандартгүйгээс гадна олон нийтийг агаар орчны бохирдлоос өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээллээр хангахгүй байна. Би энэ бүхнийг сануулсан, нэхсэн. 2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт (17%) байгаа юм. Хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааныг ч дээрх шалтгаан эзэлж байна. Зөвхөн 2023 оны сүүлээр 0-5 насны 961 хүүхэд эндсэн бол 0-1 насны бүлэг буюу нялхсын эндэгдэл 793 бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2023 онд 1.754 бяцхан иргэнээ алдсан байна. Энэ бол зөвхөн нэг жилийн хугацаанд төрийн эс үйлдлийн уршгаар нас барсан хүүхдийн тоо. Тэгвэл цэцэрлэг, сургууль эхлэх цагаас эхлэн хавар дуустал ханиаданд дарлуулж, эрүүл мэнд, сэтгэл санаа, санхүүгээрээ хохирсон тоог тооцвол энэ үзүүлэлт явж өгнө. Тэдний ирээдүйд учрах эрүүл мэндийн эрсдэл бүр ч асуудал дагуулах нь мэдээж. Иймд Засгийн газар дээрх асуудлуудад хариуцлага хүлээж, эхний ээлжинд 0-5 насны хүүхдүүдэд нөхөн олговор олгох ёстой гэх үндэслэлээр шүүхэд хандсан юм.

-Шүүхээс хариу нь ирсэн болов уу?

-Ирсэн. Харамсалтай нь нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр буцаасан. Дээр хэлсэнчлэн энэ олон хүний амь нас, эрүүл мэндээс илүү ямар нотолгоо хэрэгтэй юм бол гэх асуулт үлдэж байгаа юм. Үнэндээ нотолгоо хамгийн тодорхой хэрэг бол энэ гэдэгтэй олон хүн санал нэгдэх байх. Иргэдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулах ёстой үүргээ төр биелүүлэхгүй байна. Хариуцлагыг хэн нэгэн нэхэж байж бас хараа, сонсгол нь сайжрах болов уу гэтэл нотлох баримт хангалтгүй гэлээ. Ингээд харахаар хууль талаасаа асуудал байгаа нь байгаа юм. Бидэнд цаашид хийх ажил их байна. Бидний гомдол, цөхрөл, хагацал зовлон хуулийн заалт дээр очоод унаад байгаа бол хуулиас эхэлж өөрчлөхийг шаардацгаая. Бидэнд энэ эрх нь нээлттэй байгаа. Олон нийт мэдээлэлгүйгээс өөрт заяагдсан заяамал эрхээ эдэлдэггүй, нэхдэггүй.

 

 

П.УРАНТОГОС

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын лицензийн сонсголыг энэ сарын 20-нд хийнэ DNN.mn

УИХ-ын сүүлийн чуулган хаахаас өмнө хянан шалгах хоёр сонсгол хийхээр товлоод байна.

Ашигт малтмал хайх, ашиглах зориулалтаар газар, түүний хэвлийг тусгай зөвшөөрлөөр олгох төлбөр, татвар ногдуулах, хураахтай холбоотой үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, ногоон автобусны худалдан авалтын асуудлаар хянан шалгах сонсголыг хийхээр товлоод байгаа аж.

Энэхүү түр хороог УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг ахалж байна. Түр хорооны нээлттэй сонсголыг тавдугаар сарын 20-25-нд зохион байгуулахаар бэлтгэл хангаж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30 сая төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ DNN.mn

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн долоо хоногт 36.787 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Үүнээс 554 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Эдгээрээс хүүхдийн эрхийг зөрчсөн 100 иргэнд 30.000.000 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулж, удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 241 иргэнийг шүүхээр 7-30 хоног баривчлуулах саналыг хүргүүлж, шийдвэрлүүлжээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ сарын 15-наас халуун ус хязгаарлах хуваарь DNN.mn

“УБДС” ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил энэ сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.

бичвэр нарын зураг байж магад

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Жолоочийн зөрчлийн 10 оноог хүчингүй болголоо DNN.mn

Монгол Улсын Засгийн газраас хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан, иргэдэд хүндрэл, чирэгдэл учруулсан, давхардал, хийдэл бий болгож буй журмуудыг судлан цэгцэлж, хоёр дахин бууруулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын 2023 оны 191 дүгээр захирамжаар төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудад хуулиар тусгайлан эрх олгогдсон зохицуулалтад дүн шинжилгээ хийж, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан бөгөөд уг Ажлын хэсгийн ахлагчаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Хууль зүйн сайд (хуучин нэрээр)-ын 2015 оны А/187 дугаар тушаалаар баталсан “Жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг 2024 оны тавдугаар сарын 6-ны өдөр хүчингүй болголоо.

“Жолооны зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журам”-ыг хүчингүй болгосон шийдвэрийг 2024 оны тавдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Уг журам нь хүний үндсэн эрх болсон “зорчих эрх”-ийг захиргааны акт буюу журмаар хязгаарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно” гэж заасантай нийцэхгүй, зөрчиж байсан юм.

Дээрх журмыг хүчингүй болгосноор зөрчил гаргасан жолооч Зөрчлийн тухай хуулиар торгууль, шийтгэл хүлээгээд зогсохгүй давхар жолоочийн зөрчлийн оноо хасагдах, оноо нь дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйд тооцогддог байсныг халж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд журмаар дамжуулж, хүний эрхэд халддаг байдлыг таслан зогсоох бодлого баримталж байгаа бөгөөд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд батлагдсан 160 гаруй журмаас талыг нь буюу 80 орчмыг нь ийнхүү хүчингүй болгож байгаа юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Энэ онд нийслэлд 27 сургууль, 48 цэцэрлэг ашиглалтад орно DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.

Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өмнөх шуурхай зөвлөгөөний биелэлтийг танилцуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар 22 үүрэг даалгавар өгсөн бөгөөд үүний тав нь 100 хувийн гүйцэтгэлтэй бол 11 нь хэрэгжих шатандаа буюу 50-89 хувийн гүйцэтгэлтэй байна.

Үргэлжлүүлэн нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин 2024 оны барилга, хөрөнгө оруулалтын талаар танилцууллаа.

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт нийт 807.1 тэрбум төгрөгийн төсвөөр 165 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд дөрөвдүгээр сарын байдлаар гурван сургууль, гурван цэцэрлэгийг барилгыг ашиглалтад орууллаа. Урьдчилсан төлөвлөгөөгөөр энэ онд 27 сургууль, 48 цэцэрлэг, бага сургууль болон цэцэрлэгийн цогцолбор бүхий долоон барилгыг ашиглалтад оруулна.

Нийслэлд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018 оноос хойш хэрэгжиж буй удаашралтай, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай нийт 30 сургууль, цэцэрлэгийн барилга байна. Эдгээр барилгын ажил зураг төсөлд шинэчлэн магадлал хийлгэсэн, гүйцэтгэгч байгууллагаас шалтгаалсан, барилгын төсөв нэмэгдсэн зэргээс үүдэн удааширч байгааг нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хэллээ.

Мөн нийслэлийн газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар газар чөлөөлөлтийн явцын талаар мэдээлэл өгөв. Энэ онд нийт 66 төсөл, ажлын хүрээнд 2,521 нэгж талбарыг чөлөөлнө. Өнөөдрийн байдлаар 1,084 талбарыг чөлөөлсөн байна. Тухайлбал долоон байршилд нийт 5,660 хүүхдийн суудалтай сургууль болон 900 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлнэ. Уг ажлыг эхлүүлэхэд 210 нэгж талбарын 10.59 га газар өртсөнөөс 128 нэгж талбарыг чөлөөлсөн байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аймгуудын өрсөлдөх чадвараар Орхон тэргүүлж, Дундговь, Завхан, Говь-Алтай сүүл мушгив DNN.mn

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг танилцууллаа.


Уг тайлангийн ерөнхий үнэлгээгээр Орхон аймаг дахин дэргүүлж, Дорноговь аймаг удаалжээ.
Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймгууд эрэмбийн өөрчлөлтгүй буюу гурав, дөрөв, тавдугаарт эрэмбэлэгдсэн байна. Дархан-Уул аймагт эрэмбийн өөрчлөлт гараагүй ч гэсэн өрсөлдөх чадварын ерөнхий оноо нь есөн оноогоор өсчээ. Үүнд нь институтийн тогтолцоо, бизнесийн эрхзүй, боловсрол, соёлын үзүүлэлт сайжирсан нь нөлөөлсөн байна. 
Мөн өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээгээр Орхон, Дорноговь, Дархан-Уул, Өмнөговь, Говьсүмбэр аймаг тэргүүлсэн буюу эхэнд эрэмбэлэгдсэн таван аймаг өнгөрсөн оныхтой ижил байна.
Харин 21 аймаг дундаас Дундговь, Завхан, Говь-Алтай зэрэг нь хамгийн хойгуур эрэмбэлэгдсэн. Эдгээр аймгийн хувьд бизнесийн үр ашиг сул байгаа. 
Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа нь ерөнхий үнэлгээнээс гадна дөрвөн үндсэн бүлгийн эрэмбийг гаргадаг.
Эдийн засгийн тамир тэнхээгээр нэгд Дорноговь, хоёрт Өмнөговь эрэмбэлэгдсэн бол Завхан, Дундговь хамгийн бага үнэлгээг авсан.
Засаглалын үр ашгаар Орхон тэргүүлсэн бол Дорноговь хоёрт орж, хамгийн сүүлд Завхан, Дундговь эрэмбэлэгдсэн.
Бизнесийн үр ашигт байдлаар Дархан-Уул аймаг нэгд, Орхон хоёрт орсон бол хамгийн бага үнэлгээг Булган, Говь-Алтай аймаг авсан.
Дэд бүтцийн хөгжлөөр Орхон аймаг тэргүүлсэн бол Дорноговь аймаг хоёрдугаарт бичигдсэн. Харин Говь-Алтай, Архангай хамгийн бага үнэлгээг аваад байна.