Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дугаржав: “Тавантолгой түлш” компанийн шахмал түлш иргэдийн хэрэглэж байгаа зууханд хүнддээд байна DNN.mn

Сонгинохайрхан дүүрэгт дөрөвдүгээр сарын 21-нд зургадугаар ангийн нэг хүүхэд, Баянзүрх дүүрэгт тавдугаар сарын 9-нд хоёр хүүхэд угаартаж эндсэн. Ийнхүү нэг сар хүрэхгүй хугацаанд гурван хүүхэд угаартаж эндлээ. Монгол Улсад үйлдвэрлэж байгаа шахмал түлшний талаар Химийн ухааны доктор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Дугаржавтай ярилцлаа.


-Нүүрс дэгдэмхий бодис багатай байх нь хэр ач холбогдолтой талаар ярилцлагаа эхэлье?

-Нэгэн зүйлийг залруулах хэрэгтэй байна. Дэгдэмхий бодис бол утаа биш. Дэгдэмхий бодис багатай нүүрс, кокс түлэхэд утаа бага гарна гэсэн ойлголт хүмүүст байгаа бололтой. Үгүй шүү. Хятадаас импортлох хагас коксоор хийсэн түлшний дэгдэмхий бодисын агуулга нь мидлинг түлшнийхээс хоёр дахин бага учраас агаарын бохирдол хоёр дахин буурна гэж тооцоолж байгаа нь буруу.

-Дэгдэмхий бодис, утаа хоёрын ялгааг тайлбарлавал?

-Дэгдэмхий бодис, утаа хоёрын мөн чанар, ялгааг товчхон хэлье. Дэгдэмхий бодис бол аливаа түлш төдийгүй бараг бүх органик бодисын бүрэлдэхүүн хэсэг. Органик бодисыг агаар хангалтгүй орчинд халаахад задарч хий, уур болж дэгддэг хэсгийг дэгдэмхий бодис, хатуу хэвээр үлддэг хэсгийг нүүрсжсэн үлдэгдэл буюу термонүүрс, хагас кокс, кокс гэнэ. Энэ процессыг органик бодисын халуун задрал, пиролиз, коксжих гэх мэтээр нэрлэдэг. Дэгдэмхийг хөргөхөд давирхай, ус, хий болж хуваагддаг.

Харин түлш шатах нь түлшний бодисын гол төлөв хүчилтөрөгчийн оролцоотой, гал гарган явагддаг, исэлдэн ангижрах урвал. Түлшний найрлага, шатаалтын горим, зуухны боловсронгуй биш байдал зэрэг шалтгаанаар гарах хий тоос, тортог, үнс, угаарын хий (СО2), хүхрийн ба азотын оксидууд, уур, хийн байдалтай органик бодисууд, хүнд хортой элементээр бохирдох нь бий. Ингэж бохирдсон хийг утаа гэнэ. Ингэхлээр, түлшин дэх дэгдэмхий бодисыг утаа гэж ойлгож болохгүй.

-Таны хэлж буйгаар дэгдэмхий бодис харин ч нүүрс шатахад чухал үүрэгтэй юм аа даа?

-Тийм, дэгдэмхий бодисуудын дийлэнх хэсэг нь сайн шатдаг органик нэгдлүүд. Дэгдэмхийн агуулга ихтэй түлш урт дөл үүсгэж хөнгөхөн, гүйцэд шатдаг давуу талтай. Иймд дэгдэмхий бодис бол утаа биш, харин түлшний шатах массын чухал бүрэлдэхүүн хэсэг.

-Дэгдэмхий бодисын найрлагад юу ордог юм бэ?

Дэгдэмхийн найрлага түлшний төрлөөс хамаарч өөр өөр байх боловч метан ба түүний эгнээний нүүрс устөрөгчид, устөрөгч, азот нийлээд 11-21 хувь, органик суурь, хүчлүүд, фенолууд, нүүрс устөрөгчид, асфалтенүүд, хүчилтөрөгч агуулсан саармаг органик нэгдлүүд, давирхайлаг бодисууд нийлээд дунджаар 10-14 хувь, пирогененик ус 4-12 хувь, нүүрсхүчлийн хий (CO2), угаарын хий (CO) усны уур (Н2О) бага хэмжээгээр агуулна.

-Унтарчихсан галын үнснээс ямар нэгэн хий гарах боломжтой байдаг уу. Шинжлэх ухааны үндэслэлээр тайлбарлавал?

-Аливаа түлш дэгдэмхий ба нүүрстөрөгчсөн хүнд үлдэгдэл гэсэн хоёр үндсэн тогтдог. Дэгдэмхий хэсэг нь дөл үүсгэн шатаж дууссаны дараа үлдсэн хүнд хэсэг нь үнсэн дэх халууны нөлөөгөөр аажим уугин задарч дутуу шатаж угаарын хий үүсэх үндэстэй. Ерөөсөө, түлшний шаталтаас хортой бодисууд үүсч байгаагийн үндсэн шалтгаан нь дутуу шаталт. Угаарын хий СО дутуу шаталтын бүтээгдэхүүн, түлш гүйцэд шатвал урвалын идэвхгүй, гэм хоргүй нүүрсхүчлийн хий CO2 үүснэ. Угаарын хий CO нь хүний цусны гемоглобинтой холбогдож цусаар хүчилтөрөгч зөөгдөж тархах процессыг саатуулж өвчинд, үхэлд хүргэдэг алуурчин бодис юм.

-Баруунсалаанд гал түлээгүй хоносон атал нэгэн хүү угаартаж эндсэн. Гал түлээгүй хэрнээ угаартах боломжтой юу. Энэхүү харамсалтай явдлыг та юу гэж дүгнэж байна вэ?

-Саяны хэлсэн үндэслэлээр л тайлбарлагдана даа. Галлагаатай байх үеэс гэрт угаарын хий хуримтлагдсан байж гэх мэт бодол төрж байна. Энгийн хүмүүс шинжлэх ухааны ийм нарийн юмыг яаж мэдэх вэ. Туйлын харамсалтай явдал болсон.

-Хагас коксжсон нүүрс хэрэглэх нь мидлинг түлш хэрэглэхээс дээр үү?

-Хэвлэлүүд болон сошиал дахь мэдээллүүдээс үзвэл, Хятадаас авах хагас коксын дэгдэмхий бодисын агуулга 10 орчим хувь, ийм түлшний авалцан шатах температур өндөр, асаагч хэрэгтэй, дөл богинотой тул зуухан дээр хоол болохгүй, агаарын оруулга, үлээлэг хангалтгүй зууханд дутуу шатаж угаарын хий их хэмжээгээр үүсгэж хүний эрүүл мэндэд аюул учруулах магадлал мидлинг түлшнийхээс илүү гэж би онцолж байна. Мидлингээс ч хүнд түлш юм.

-Бид өөрсдийнхөө нүүрсийг хэрэглэх нь илүү ашигтай юм аа даа?

-Нэг зүйлийг тодорхой хэлж өгье. Нэр томьёо ба мөн чанарын хувьд. Коксжсон нүүрс, хагас коксжсон нүүрс гэж нэрлэх нь буруу, харин коксждог нүүрс, кокс, хагас кокс гэдэг. Яахав коксжих нүүрс гэсэн ч болно. Таван толгой, Нарийнсухайт, Хөшөөт зэрэг ордуудад бий, үнэтэй, ховор К, Ж, Г маркийн чулуун нүүрс. Ийм нүүрснээс гарган авсан бүхэллэг коксыг хүдрээс төмрийг ангижруулж ширэм, ган гарган үйлдвэрлэхэд хэрэглэдэг. Бид ийм төрлийн сайн нүүрсээ, баяжуулсан ба баяжуулаагүй байдлаар экспортолж амьжиргаагаа залгуулж байна. Хүрэн ба олонх маркийн чулуун нүүрс коксждоггүйд тооцогдоно. Гэхдээ ямар ч нүүрсийг 500-550 градус ба түүнээс дээш халаахад нунтаг боловч найрлагын хувьд бүхэллэг кокстой төстэй нүүрстөрөгжсөн үлдэгдэл үүснэ. Тэдгээрийг халаалтын температураас нь хамааруулж хагас кокс, дунд ба өндөр температурын кокс гэх нь бий.

-Гэрийн агаар сэлгэлт чухал уу?

-Агаарын бохирдол хүмүүсийн эрүүл мэндэд хор учруулж байгаа үндэс нь гэр доторх агаарын бохирдол юм шүү. Судлаач эмч, эрүүл ахуйчид агаарын бохирдол хүн амын эрүүл мэндэд ихээхэн хохирол учруулдаг тухай их ярьдаг, бичдэг. Гэхдээ хотын гудамжны бохир агаараас угаартчихаад байгаа хүн тийм ч олонгүй л болов уу. Гадаа гудамжинд явж байгаад угаартаад уначихсан хүн алга. Хамгийн хүнд үр дагаврыг гэр доторх агаарын бохирдол үүсгэж байгаа нь тодорхой.

-Хөнгөн түлш, хүнд түлш гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал?

-Зуухан дахь түлшний шаталт гурван үе шаттай явагддаг. Шаталт эхлэх, дэгдэмхий бодис ялгаран гарч гал, дөлтэй эрчимтэй шатах, дэгдэмхий биш хатуу үлдэгдлийн дөлгүй шахам улайсан шатах гэсэн гурван үе шаттай. Дэгдэмхий бодис ихтэй мод, хүрэн нүүрс, аргал, хөрзөн мэтийн нүүрсний авалцан шатах температур нам, урт дөл үүсгэн сайхан шатдаг, улайсан шатах хугацаа бага байх тул хөнгөн түлш гэж болно. Харин дэгдэмхий бодис багатай дээд ангиллын чулуун нүүрс, хагас кокс, коксын дэгдэмхий бодисын агуулга бага, авалцан шатах температур өндөр тул асаагч хэрэглэнэ, эрчимтэй шатах үедээ ч дөл багатай. Ялангуяа улайсан шатах үе шатандаа агаар хомсдвол дутуу шатаж тоос тортог, угаарын хий их хэмжээгээр үүсгэх тул хүнд түлш гэх үндэстэй. Түлшин дэх үл шатах органик биш бодисын хэмжээ (үнслэг) ихэдвэл түлш хүнддэх бас нэгэн том шалтгаан болно. Үнс хаягдал их гарна. Хүнд түлш түлэхэд сайн зуух хэрэгтэй.

-Ямар зуух хэрэглэх нь чухал юм аа даа?

-“Тавантолгой түлш” компанийн шахмал түлш өнөөгийн иргэдийн хэрэглэж байгаа зууханд арай л хүнддээд байгаа юм. Сайн зуух хэрэгтэй байна. Хоёрдогч агаарын оруулгатай байх, галын хотол дахь түлш дээрээсээ шатдаг байх, зуух яндангийн холболтууд нягт, хийцийн материалууд нь бат бөх, дулаан сайн даадаг, дулаанаа сайн хадгалдаг зэрэг нь сайн зуухны үндсэн шинж мөн. Түүхий эд бүтээгдэхүүнийг шахах, бүхэлтгэх бол түгээмэл ач холбогдолтой, өндөр технологийн хүнд төвөгтэй процессуудын нэг. Энэ технологийг эзэмшиж хангалттай хүчин чадалтай үйлдвэрийн цогцолбор байгуулж чадсан нь сайн.

-Тэгвэл яаж түлшээ хөнгөрүүлэх вэ?

-Нэгдүгээрт, түүхий эдээр, дэгдэмхий бодисын агуулгаар мидлингийнхээс арай их, гэхдээ 35 хувиас ихгүй, үнс багатай, насжилт хувирлын дундаас доод шатны чулуун нүүрс ашиглах, Шарын гол, Хөөт, Алагтогоо мэт ордын нүүрс байж болох, өөр ч боломжийн нүүрстэй олон орд бий. Сайн судалж сонгох хэрэгтэй. Эхний ээлжинд нэн даруй хэрэгжүүлж болох хамгийн сайн хувилбар бол Энержи ресурсийн эрчим хүчний нүүрсний баяжмал. Энэ л өнөөгийн нөхцөлд жинхэнэ “аврал” шийдэл байх болов уу. Учир нь баяжмал учраас үнс багатай, дэгдэмхий бодисоор арай их. Таван толгойн орд уурхайн эрчим хүчний нүүрсний баяжмалын дэгдэмхий бодис 28-35%, үнслэг нь 8-12% орчим байх тул жинхэнэ зохистой түлш. Ялангуяа үнс багатай нь түүнийг жинхэнэ хар алт чанарт нь дөхүүлж байна гэсэн үг. Ингэхээр, Улаанбаатарын шахмал түлшний үйлдвэрүүдийн түүхий эдээр мидлингийн оронд энэхүү баяжмалыг хэрэглэвэл түлшний чанар эрс сайжирна, хөнгөрнө. Үнс багатай нүүрс түлнэ гэдэг “тэнгэрийн умдаг атгах” – тай ижил, түлэхэд хөнгөн, илчлэг их, зуух үнсээр дүүрэхгүй, цаашилбал, хотын гэр хорооллын үндсэн хаягдал үнс эрс багасаж орчны эрүүл ахуйн нөхцөл сайжирна, хөрсний бохирдол ч буурна.

-Зуухаа яаж сайжруулах вэ?

-Манай гэр, байшингийн зуухны чанараас хамаарч түлш дутуу шатаж угаарын хий (СО) үүссэнээс, оршин суугч угаартаж эрүүл мэндээр хохирох, амь насаа алдах зовлон тохиолдсоор байна. Хятад улсын “Нүүрсэн шахмал ба сайжруулсан зуух” судалгааны дүнгээс үзвэл, шахмал түлш ба сайжруулсан зуухыг хослон хэрэглэсэнээр агаарт хаягдах PM ( тоос ) 63+-12%, OC (органик бодис) 61+-10%, BC (хар тортог нүүрстөрөгч) 98+-1,7 хувь буурдаг аж. Түлшний хэмнэлттэй хэд хэдэн төрлийн зуухыг утааны ялгаралт, түлшний хэрэглээ, үр ашгийн үнэлгээ, зах зээлийн боломж зэрэг шалгуураар үнэлсэн байдаг. “Эдгээр зууханд 80 гаруй туршилт хэмжилт хийхэд “Сэлэнгэ констракшн” ХХК-ийн оруулж ирсэн Турк улсад үйлдвэрлэгдсэн “Өлзий” (Mini Silver), “Хас” (Silver Turbo) болон Рояал өүшн ХХК-ийн оруулж ирсэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн “Голомт”, “Дөл” зуухнууд PM2.5-ын ялгаралтыг 70-89 хувь, нүүрсний хэрэглээг 11-26 хувь бууруулж байв” гэсэн байх юм. Сайн л үр дүн гарч, үүнийгээ орхиод иймэрхүү байдлаар бид салан баавгайн үлгэрээр яваад байгаа юм биш үү. Нэг хэсэг бүр утаагүй зуух гэж ярьсан хүнийг өвчтэйд тооцно гэх шахсан. Ийнхүү монголчууд бидэнд зуухныхаа асуудлыг амжилттай шийдвэрлэх боломж байна. Ирэх намар, өвөл эхлэхийн өмнө түлшээ хөнгөрүүлээд сайжруулчихсан, айл бүрийг сайн зуухаар хангачихсан баймаар байна. Зуухны тухайд, шийдэл сонголтоо хэлээд өгчихвөл үйлдвэрлэгчид урамтай нь аргагүй хийгээд эхэлнэ, айлуудын зарим нь өөрсдөө зуух, пийшингээ барьчихна, олонх айлууд сайн зуух худалдаад авчихна, чадахгүй нэгэнд нь үнэгүй эсвэл хямдарсан үнээр өгнө биз.

-Нүүрсийг зузаан хэмжээтэй, нягт ихтэй үйлдвэрлэж байгаа нь угаарын хийн хуяг үүсгэх үү?

-Угаарын хийн хуяг гэж мэдэхгүй, түлшний задрал, шаталтаар л үүсдэг хий, нүүрс зузаан, нягт байх нь дутуу шатах угаарын хий үүсэх магадлалыг ихэсгэнэ. Гэвч одоогийн хэрэглэж байгаа шахмал түлш томдож зузаадаагүй.

-Нүүрсийг үйлдвэрлэхдээ ямар барьцалдуулагч материал ашиглах нь зөв бэ. Шахмал түлш гаргахдаа эрдэнэшиш, төмс зэрэг ургамлаас гаргаж авсан наалдамхай цардуул, химийн аргаар гаргаж авсан цардуул хэрэглэх нь ямар ялгаатай вэ?

-Цардуул болон цардуулын задраг нэгдлүүдийг түлшний холбогчоор ашиглах нь зөв, химийн аргаар гарган авсан цардуул гэж байхгүй дээ. Байдаг бол шинж чанар нь байгалийнхтай ижил байх учиртай.

Н.НАРВАНЧИН                                                       

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр туулай өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 15, Буд гариг. Билгийн тооллын давхарласан 7, Үнэг одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 05:13 цагт мандаж 20:24 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, уул овоо тахихад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.
Ү
с шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Тэрсүүд өдөр.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төв, говийн аймгуудын нутгийн зүүн болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0…-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5…+10 граус, бусад нутгаар 0…+5 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутаг болон Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +7…+12 градус, Алтайн өвөр говиор +23…+28 градус, Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгороор +18…+23 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: Нэрт нийтлэлч Баабарын “Монгол сүгсэлзүүрийн Америк ориг” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ардчилсан намын дэд дарга Цагаан-Өвгөний Жадамбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр “Хүч тэнцүү тулаанд оролцож байсан түүх өнгөрсөн сонгуулиудад нэг ч байхгүй”  хэмээн ярилаа. Энэ тухай  II нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Оюутнууд УИХ-ын сонгуульд идэвхтэй оролцохоо илэрхийлэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Баабарын  “Монгол сүгсэлзүүрийн Америк ориг” нийтлэл хэвлэгдлээ.

“Улаанбаатар үнэт цаасны бирж” ХК Гүйцэтгэх захирал М.Даваажаргалтай ярилцлаа.

АН, МАН хоёр хуулийн хугацааг тулгаж, нэр дэвшигчдээ эцэслэнэ

УИХ-ын гишүүн Ж.БатЭрдэнэ “Ногоон автобус”-ны сонсголыг энэ сарын 21, 22-нд явуулахаар тогтлоо” гэв.

Дуучин, дуу хөгжмийн багш МУСТА Н.Баярнямтай ярилцлаа.  Тэрбээр “Би хүний итгэлийг алдахаас л их айдаг” гэлээ.

Арын нүүр: Гучаас дээш насныхны гэнэн зан бусдад хударгагүй хүн мэт ойлгогддог


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Хэн Тайваний нөхцөл байдлыг өөрчилж байна вэ? DNN.mn

Бүрэн эрхт улс “Ерөнхийлөгчийн сонгууль”-аар төрийн тэргүүнээ сонгох үйл явдалд баяр хүргэж, “Ардчилсан ялалт”-ыг тэмдэглэж, шинэ төрийн тэргүүний “тангараг өргөх ёслол”-ын үйл ажиллагаанд оролцох нь нийтлэг дэлгэрсэн хүндэтгэлийн үйл ажиллагааны зохицуулалт юм. Хэрэв аль нэг улс бусад улсын аль нэг бүс нутагт төлөөлөгчдийг илгээж, баяр хүргэх нь тохиромжгүй юм. Саяхан БНХАУ-ын Тайвань бүс нутгийн удирдагчийн сонгуульд болсон бодит явдал юм. АНУ нь Тайванийг Хятад Улсын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрдөг боловч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга болон Төрийн зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч нар баярын цахилгаан илгээсэн. Дээрх хоёр байгууллага нь АНУ-ын төрийн байгууллага бөгөөд АНУ-ын албан ёсны байр суурийг илэрхийлдэг байгууллага юм. АНУ-ын албан ёсны байр суурь бол Тайвань бол Хятадын нэг хэсэг гэдгийг үргэлж хүлээн зөвшөөрдөг ирсэн.

Лай Чин Дэ “Тайваний тусгаар тогтнолын төлөө тасралтгүй зүтгэнэ” хэмээн урт хугацаанд хоёр нутгийн харилцаанд саад учруулж байна. Түүнийг Тайваний бүс нутгийн удирдагчаар сонгогдсоноос хойш “Америк Хятад хоорондын гурван тунхаглал”, “ганц  Хятад улстай”, “Тайвань бол Хятадын нэг хэсэг” гэсэн амлалтаа ноцтойгоор зөрчиж байна. АНУ “бид Тайваний тусгаар тогтнолыг дэмжихгүй” хэмээн ярьдаг боловч үүнийг хэрэгжүүлдэггүй. Гоёмсог үгс АНУ-ын Засгийн газар болон Тайваний эрх баригчдын хоорондын удаа дараа харилцан холбоодог байдгийг нуухын аргагүй. Тайваний удирдагч сонгогдсоны дараа АНУ-ын Засгийн газар баяр цахилгаан илгээж зогсохгүй, АНУ-ын Ерөнхийлөгч Байден нэн даруй өндөр түвшний төлөөлөгчдөө Тайваньд айлчлуулаж, баяр хүргэх гэж мэдэгдэж, янз бүрийн амлалтаа дахин илэрхийлсэн. Энэ нь АНУ-ын засгийн газрын далд санааг тодотгон харуулж байгаа бөгөөд арлын дотоод дах эсрэг хүчинд ноцтой буруу мэдээний дохио өгсөн. Тиймээс эх газрын ард иргэдийн дургүйцлийг төрүүлэв.

Хууль тогтоох байгууллага нь АНУ-ын холбооны Засгийн газарт харьяалагддаг тул “албан тушаал хүлээн авах ёслол”-ын үеэр АНУ-ын конгрессын гишүүдийн Тайваньд айлчлах нь мэдээж албан бус айлчлал биш юм. Засгийн газрын албан тушаалтнууд болон конгрессын гишүүд бүгд АНУ-ыг төлөөлдөг бөгөөд тэдний үйлдэл Лай Чин Дэ болон түүний орлогч нарт АНУ нь Лай нарын “Тайваний тусгаар тогтнол”-ын үйл ажиллагааг дэмжиж байгааг тодорхой харуулж байна. Тиймээс Лай Чин Дэ тэргүүтэй “Тайваний тусгаар тогтнол”-ын хүчнүүд улам бардамнаж эцэстээ хагацалд хүргэх болно.

Дээрх үйлдлүүд “хиам хэрчих” хэлбэрээр Тайваний байдлыг өөрчлөх гэж байгаа оролдлого юм. Тодорхой арга замууд нь: улс төрийн хувьд, АНУ Тайваньтай холбоотой хуулийн төслүүдийг удаа дараа санал болгож, Тайваньтай харилцаа холбоогоо бэхжүүлж, улс төрчдийг Тайваньд байнга айлчлахыг уриалж, Тайваний “олон улсын орон зай” гэгч “тэлэлтийг” дэмжиж, олон улсын байгууллагад нэгдэхийн эрмэлзэлийг дэмжиж байна. Зэвсэгт хүчний хувьд Тайваньд зэвсгийн борлуулалтаа нэмэгдүүлж, Тайваний хоолой руу байлдааны хөлөг онгоцнуудаа байнга илгээдэг.

АНУ-ын энэхүү алхам нь Тайваний асуудалд сөрөг жишиг тогтоож, нэг Хятадын зарчмыг бүдгэрүүлж, гуйвуулж байна. Энэ нь “нэг Хятадын бодлого”-ын өмнө болон дараа нь нэмэлт өөрчлөлт оруулж, бүхэл бүтэн үзэл баримтлалыг тодорхойгүй болгож байна Тайваний өнөөгийн байдлыг өөрчлөхийг АНУ байнга оролдож байгаа ч эргээд Хятад Улсыг Тайваний өнөөгийн байдлыг өөрчилж байна хэмээн гүтгэдэг.

Тайваний “өнөөгийн байдал” гэдэг нь хоёр нутаг энх тайван оршихыг илэрхийлдэг боловч АНУ-ын тасралтгүй “хиам хэрчих”, үүний үр дүнд “өнөөгийн байдал”-ыг өөрчлөх, “Хятадчиллыг арилгах”,”Тайваний тусгаар тогтоол” зэргийг дахин тодорхойлж, Тайванийг БНХАУ-аас салгах зорилготойгоор Тайвань бүс нутгийг улам аюултай байдалд хүргэж байна. Энэхүү “өнөөгийн байдал”-г хэвээр хадгалахыг шаардах нь “Тайваний тусгаар тогтнолыг” дэмжиж, Хятадын газар нутгийг хувааж, “нэг Хятад, нэг Тайвань”-д хүргэх явдал юм. Энэ нь Хятадын үндэсний эрх ашгийг ноцтойгоор зөрчилдөж байгаа хэрэг бөгөөд үүнийг ямар ч Хятад хүн зөвшөөрөхгүй.

Тайваний асуудал дээр АНУ Хятад улсад саад учруулж “өнөөгийн байдлаа хадгалах” гэсэн урхи ашиглаж, эцэст нь юунд ч хүрэхгүй нь гарцаагүй. Тайвань бол Хятадын салшгүй нэг хэсэг бөгөөд Хятад улс Тайваний бүрэн эрхт эрхтэй. Хятад улс нь хоёр нутгийн харилцааг хөгжүүлэхэд тустай “өнөөгийн байдал”-г хэвээр хадгалах, мөн улс орноо нэгтгэхэд тус болохгүй аливаа гажуудсан байдлыг өөрчлөх эрхтэй. Эх орноо нэгтгэх болон хоёр нутгийн ард иргэнүүдийг сайн сайхан амьдруулах нь гол зорилго юм.

Тайваний сонгууль дуусахад, 100 гаруй улс орон болон олон улсын байгууллагууд бүгд “нэг Хятад”-ын зарчмыг дэмжиж, “Тайваний тусгаар тогтнолыг” эрс эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Энэхүү “өнөөгийн байдал”-г өөрчлөх нь өөртөө болон Хятад-АНУ-ын хоорондох харилцаанд ямар үр дагавар авчрах болохыг дахин бодно уу.

 

Эх сурвалж: Global times

Зохиолч: Шин Пин

Categories
мэдээ эдийн-засаг

127761 иргэн, ААН зээлээ төлж, чанаргүй зээлдэгч ангиллаас гарчээ DNN.mn

Монголбанкны 100 жилийн ойг тохиолдуулан зургаадугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд зээлээ төлсөн иргэн, ААН-ийн муу зээлийн түүхийг шинэчилнэ.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 2024 оны 04 дүгээр сарын 1-ийг хүртэлх хугацаанд зээлээ төлчихсөн хэрнээ ангилалд орсон нийт 127761 иргэн, ААН хамрагдаж, мэдээллээ шинэчлэх боломжтой болжээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд 55943 иргэн, ААН байгаа бол орон нутагт 71718 иргэн, ААН хамрагдсан байна.

Муу зээлийн түүх ангилалд нь нэг жилээс илүү хугацаанд зээлээ төлөөгүй байсан тохиолдолд хамруулдаг. Тэгэхээр зарласан хугацаанд буюу ирэх зургаадугаар сарын 1 -ний дотор иргэн, ААН зээлээ бүрэн төлж барагдуулснаар мэдээллийн сангаа шинэчлүүлж, дахин зээлд хамрагдах боломжтой болох юм.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны аюулгүй байдлаа хангахыг зөвлөв DNN.mn

Өнгөрсөн долоо хоногт бүртгэгдсэн гал түймрийн нийт дуудлагын 26 хувийг цахилгаан ашиглалтын аюулгүй байдал хангаагүйн улмаас гарсан гал түймрийн дуудлага эзэлсэн байна.

Иймд дараах зөвлөмжийг дагаж галын аюулгүй байдлаа хангаарай.

Стандартын шаардлага хангасан кабель утас, цахилгаан хэрэгслийг ашиглах

Цахилгааны хэт ачаалал үүсгэхээс сэргийлэх, цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгах

Шалбарсан, зарим хэсгээрээ гэмтэлтэй цахилгаан утас ашиглахгүй байхыг зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраав DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадын булан багийн “Лагийн нуур” гэдэг газар тавдугаар сарын 12-нд гарсан хээрийн түймэр гарсан дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, тус аймгийн Матад сумын Мэргэжлийн ангийнхан, “Бичигт” боомтын ажилтнууд ажиллаж, 13-ны 22:47 цагт бүрэн унтраасан байна.

Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн өргөн 24 км, урт 60 км талбай өртөж шатсан. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар салхи шуургатай байгаа тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг ОБЕГ-аас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Тавдугаар сарын 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг 05-р сарын 15, 16-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Тус барилдааны түрүү бөх таван сая төгрөгийн бай гардана.

Үзэгчид тасалбараа www.ticket.mn -ээр захиалан авах боломжтой.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны зориулалтаар олгосон газрыг зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барихаар төлөвлөжээ DNN.mn

Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ 2021 онд ажилчдын орон сууц барих зориулалтаар 836 м2 газар эзэмшиж, барилгын компанитай гэрээлжээ. Харин тус хорооны оршин суугчдын зүгээс орон сууцны зориулалтаар олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэг барих саналыг нийслэлийн удирдлагуудад хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тус хорооны оршин суугчидтай уулзлаа.

Энэ үеэр тэрбээр “Орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар өөрийн эзэмшил газраа бусдад ашиглуулж барилга барих нь хуулиар хориотой.  Иймээс газар эзэмшигч ААН болон барилгын компанийн төлөөлөлтэй уулзаж газар эзэмших эрхийг цуцлах талаар ярилцсан. Тус газарт оршин суугчдын саналыг үндэслэж цэцэрлэг, ногоон байгууламжийн ажлыг гүйцэтгэхээр холбогдох ажлыг зохион байгуулж байна” гэдгийг хэллээ.