“Монголын мистер-2024” тэмцээнд амжилттай оролцож фитнес ангиллын -69 кг жинд IV байрт шалгарсан “Маск” продакшны жүжигчин Ц.Ганзоригтой ярилцлаа.
-“Монголын мистер-2024” тэмцээнд амжилттай оролцож фитнес ангилалд IV байрт шалгарсан. Энэ тухайгаа хуваалцахгүй юу. Тамирчин байх ямар мэдрэмж төрсөн бэ?
-Миний хувьд маш их илүүдэл жинтэй байсан. Гэхдээ тэр илүүдэл жингээ хасъя гэсэн бодол байгаагүй. Гэтэл ковидын дараахан эхнэр маань намайг гавьяат тамирчин Г.Угалзцэцэгийн “Хэвлийгээрээ инээмсэглэе” хөтөлбөрт бүртгүүлчихсэн байсан.
Анх хөтөлбөрт хамрагдаад явж байхдаа их ядарсан ч 10 хоногийн дараа хэвлийн тойргоосоо хасаад тодорхой хэмжээний үр дүн гарсан нь ажиглагдсан. Тэгээд үүнээсээ урамшаад Г.Угалзцэцэг багш дээрээ үргэлжлүүлэн 99.3 кг-аас 75 кг болтлоо хичээллэсэн юм. Харин ажил мэргэжлийн онцлогоос болоод эргээд жин нэмсэн.
Одоогоос хоёр жилийн өмнө “Gan sports center”-т явж эхлэхэд тэнд хичээллэж байгаа тамирчид, залуус надад их хүч өгсөн л дөө. Бүр надаас ах хүмүүс хүртэл фитнесийн спортоор хичээллэж байгааг хараад урам зориг авсан. Ингэж явсаар сүүлд хувийн багштай болъё гэж шийдээд С.Бат-Эрдэнэ багшийнхаа шавь болсон доо. Манай багш “Монголын мистер-2024” тэмцээнд амжилттай оролцож боди ангиллын -80 кг жинд мөнгөн медаль хүртсэн тамирчин байгаа.
-Тэмцээнд оролцохдоо бага хугацаанд нэлээдгүй жин хаях шаардлагатай болсон байх…?
-Өөрийгөө эрс өөрчилмөөр санагдаад багшдаа намайг тэмцээнд оруулаад өгөөч гэж хэлсэн юм. Багш маань их гайхаж хүлээж авсан. “Чи ийм их жинтэй, гэдэстэй байж юу яриад байна” гэхээр нь намайг зоригжуулаад оруулаад өгөөч гэсэн. Тэгэхэд “За тэгвэл үг даагаарай, бэлтгэл даагаарай, маш хэцүү шүү” гэж надад сануулж хэлээд хоёрдугаар сарын сүүлээр бэлтгэлдээ орлоо. Мэдээж маш хэцүү байсан, тэр их өөхийг шатааж хайлуулсны дараа булчингаа хөгжүүлнэ гээд үнэхээр шандас шалгасан спорт гэдгийг мэдэрсэн.
-Таны өөрчлөлт нийгэмд сайн үлгэр дуурайлал авчирсан санагдсан. Олон хүнээс урмын үг сонсож байна уу. Тамирчны карьерын хувьд цаашдын төлөвлөгөө юу вэ?
-Сүүлийн дөрөв хоног утас их дуугарч, олон чат ирсэн. Маш их урмын үгийг сонслоо. Амжилт хүссэн сэтгэгдэл их бий. Үнэхээр баяртай байна. Мөн бидний амьдарч байгаа нийгэм болж бүтэхгүй байна гээд суухгүйгээр өөрөө урлагийн хүн, нөлөөлөгч хүн болохоор эргээд нийгэмдээ эергээр нөлөөлөх үүднээс цусны донор болж байсан. 11 удаа цусаа өгч, 30 гаруй хүний амийг аварч “Бахархалт донор” болж байсан.
“Тарган байхдаа стресстэй, залхуу байсан бол одоо маш эрч хүчтэй болсон”
Өөр бусдад юугаар нөлөөлж болох вэ гэж бодсоны эцэст фитнесээр хичээллэж байгаагийн хувьд эрэгтэй, эмэгтэй гэлтгүй таргалалт их болсон өнөө цагт зөв үлгэр дуурайлал болъё гэж шийдээд тэмцээнд орсон доо.
Тарган байхдаа их стресстэй, залхуу байсан бол одоо маш эрч хүчтэй болсон зэрэг өөрт гарч байгаа. Эргэн тойрны хүмүүс маань надаас маш их урам авч байгаа. Найзууд “Чи 40 настнуудыгаа хөлдөө чирчихлээ, одоо фитнест явахаас” гээд л тоглоом болгож хэлдэг юм. Гэхдээ сайны хажуугаар саар гэдэг шиг шүүмжлэл ч бий. Гэдэсний булчин нь хаана байна зэрэг сөрөг сэтгэгдлүүд байсан ч үүнийг тоохгүй. Яагаад гэвэл энэ бол миний анхны тэмцээн, би цааш үргэлжлүүлнэ. Энэ удаад маш их туршлага хуримтлууллаа. Цаашид дараагийн тэмцээнд яг хэзээ орохоо хэлж мэдэхгүй байна. Гурван киноны саналаас татгалзаж, ямар ч ажил хийлгүйгээр тэмцээндээ бэлдсэн нь миний хувьд их эрсдэлтэй алхам байсан. Энэ спортын босгыг давж, тайзан дээр зогсож бусдад сайнаар нөлөөлсөндөө баяртай байна.
-Фитнесээр хичээллэхийн давуу талыг юу гэж хардаг вэ?
-Бид эрүүл байх ёстой. Монгол эрэгтэйчүүдийн дундаж наслалт доогуур байдаг. Фитнес бол хөдөлгөөн. Хүн бүр хөдөлгөөнтэй байх хэрэгтэй, хөдөлмөрч байх хэрэгтэй. Хүн гэдэс цатгалан яваад л байвал юу ч бодож сэтгэхгүй. Хүн хагас өлсгөлөнгийн байдалтай, ходоод тархи бие гурваа ажиллуулж байж илүү амьдрал руу тэмүүлж, илүү том зорилготой болдог гэж боддог. Махлаг байхдаа тэгж их юманд зорьдоггүй, өнөөдрөө болгочхоод яваад байдаг байсан бол одоо огт өөр болсон.
-Фитнесээр хичээллэснээр бие махбодод гарсан өөрчлөлтөөс гадна амьдралд тань ямар ямар өөрчлөлт гарсан бэ?
-Амьдралд минь маш их өөрчлөлт гарсан. Өөрийгөө 100 хувь өөрчлөхөөр шийдээд дэлгэцийн болон тайзны уран бүтээлд их ороогүй. Өмнө нь надад дандаа л инээдмийн дүр, тарган цатгалан аавын дүр ирдэг байлаа. Харин одоо арай өөр жанрын дүрүүд маш их санал болгож байгаа. Мөн гэр бүлдээ маш их нөлөөлсөн. Гэр бүлээрээ эрүүл хооллодог болсон. Амьдралд хандах хандлага маань өөрчлөгдсөн гээд маш их өөрчлөлт гарсаар байна.
-Жүжигчин байх, тамирчин байхын ялгаатай тал нь юу байв?
-Жүжигчин байх, тамирчин байх нь хоёулаа хийж байгаа зүйлдээ сэтгэл зүрхээрээ хандах юм. Яг л хийж байгаа зүйлдээ сэтгэл зүрхээ өгөх ёстой, зорилгынхоо төлөө явах ёстой байдаг. Уран бүтээлч хүний хувьд үзэгчдээс авах алга ташилт гоё байдаг. Тэндээс аз жаргал, баяр баясал, урам зоригийг авдаг бол спортын тайз гэдэг бол үгээр хэлэхийн аргагүй гоё мэдрэмж.
-Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?
-Уран бүтээлийн хувьд төлөвлөсөн олон ажил байгаа. Кинонд тоглоогүй, тайзан дээрээ гараагүй их уджээ. Дэлгэцийн бүтээлдээ орно, тайзан дээрээ гарна. “Маск” продакшн маань аравдугаар сард бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзны тоглолтоо толилуулах болно.
Мөн ажлынхаа хажуугаар дүү нартайгаа “Unique Event Hall” гээд үйл ажиллагаа, хурим найр зохион байгуулах бизнес эрхэлдэг. Энэ ажлуудаа амжуулахын тулд мэдээж тарган байж болохгүй учраас жингээ хасаж, фитнесээр хичээллэж байгаа.
Г.Мөнхзаяа