Categories
мэдээ нийгэм цаг-үе

СУИС-ийн уулзвараас “Зоос гоёл“-ын уулзвар хүртэлх зам засварын ажил дуусаж, хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Анкарагийн гудамж буюу “Зоос гоёл”-ын уулзвараас СУИС-ийн уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 15-ны 23:00 цагаас 18-ны 06:00 цаг хүртэл түр хааж, шинэчлэн засварлах хуваарьтай байсан.

Тэгвэл тус замыг хугацаанаас нь өмнө буюу өнөө өглөө нээсэн талаар нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна DNN.mn

Хайлсан цас, мөсний улмаас Алтай нуруунаас усжих Үенч, Ховд, Буянт Хангайн нууруунаас эхтэй Богд, Чигэртэй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж, Булган, Идэр, Сэлбэ зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см, Хариг, Булган, Үенч үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Мандатын тооноос илүү эсвэл дутуу нэр дэвшигч сонгож тэмдэглэвэл санал хүчингүйд тооцогдоно DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 28-ны Баасан гарагт орон даяар явагдана. Энэ удаад сонгогчид 126 нэр дэвшигчийг тодруулна.

Ингэхдээ 126 гишүүний 78 гишүүнийг сонгуулийн тойргоос олныг төлөөлөх (мажоритор) аргаар, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар сонгоно.

Саналын хуудас нь сонгуулийн тойрогт нэр дэвшигчид өгсөн саналыг тэмдэглэх болон нам, эвсэлд өгсөн саналыг тэмдэглэх хэсэгтэй байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Мөнхболд: Сурталчилгаандаа 1.3 тэрбумыг зараад УИХ-ын гишүүн болчихоод тэд цалингаараа амьдрахгүй. Хулгай хийнэ, эсвэл кнопчин болно DNN.mn

Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдтой ярилцлаа.


-Таны Би УИХ-д нэр дэвшихгүй. Надад сурталчилгаанд өгөх 1.3 тэрбум байхгүй гэдэг бичлэг олон нийтэд нэлээд хүрсэн. Парламентад нийгмийн бүлгийг төлөөлсөн чадварлаг хүмүүс гарах ёстой. Гэвч бодит байдал дээр мөнгөөр л гарах боломжтой гэдгийг төрийн байгууллага нь нийтээрээ зарлачихав уу даа?

-Сэтгүүлч надаас УИХ-д нэр дэвших талаар л асуусан. Мэдээж иргэн хүний хувьд улс орны хувь заяанд үргэлж санаа зовж явдаг. Миний бие Үндэсний хөгжлийн газрын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан хүний хувьд УИХ, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрүүдийг анхааралтай ажиглаж, санал бодол, анализ, дүгнэлтээ твиттер, фейсбүүк зэрэг олон нийтийн сүлжээгээр бичдэг

Үр хойч маань үлдэх энэ нийгмийг гэрэлтэй байгаасай л гэж хүсч байна. Монгол Улс бол жижиг, авсаархан улс, хөгжилд хүргэх түмэн боломж байна. Харамсалтай нь бид боломжийг огт ашиглахгүй байгаад л учир байгаа юм.

-Энэ удаагийн сонгуулийн зардал нэг нэр дэвшигч 1.3 тэрбум хүртэл төгрөгийг зарцуулж болно гэж СЕХ-ноос албан ёсоор зарлачихсан. Ийм их хөрөнгө зарж байж УИХ-д гараад ажиллана гэдэг хэний төлөө юм бэ гэж асуухад хүрч байна шүү дээ?

-СЕХ-ноос зарласнаар хамгийн өндөр зардал 1,5 тэрбум төгрөгийг 10 мандаттай хоёрдугаар тойрог буюу Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт нэр дэвшигч гаргахаар байгаа. 1.3 тэрбум төгрөг гэдэг бол дундаж хэмжээ гэж ойлгож байгаа. Ийм хэмжээний зардал гаргаад УИХ-д нэр дэвших хүн цөөхөн л байх. Харин ийм хэмжээний мөнгө гаргаад сонгогдсон УИХ-ын гишүүн өөрийнхөө төлөө ажиллах уу, эсвэл ард түмний, улс орны төлөө ажиллах уу гэдэг эргэлзээтэй байна.

Ер нь монгол төр өөрийнхөө “Удирдах зөвлөл”-ийг сонгож байгаа мөртлөө нэр дэвшигчид тавигдаж байгаа шалгуур нь “мөнгө” байхаар улс орон яаж хөгжих вэ гэсэн бодолтой байна. Уг нь бидэнд эрдэм мэдлэгтэй, туршлагатай, шударга, эрч хүчтэй манлайлагчид хэрэгтэй шүү дээ.

-УИХ-ын гишүүний цалин жилдээ ихдээ л 200 сая орчим төгрөг болно. Дөрвөн жил суулаа гэхэд тэрбум төгрөг ч хүрэхгүй. Гэтэл тийм ажил хийхийн тулд 1.3 тэрбум төгрөг зарлагадна гэхээр ард түмэн, улс орноо хайрласных юм болов уу?

-Хүн болсон юм хойно гаргасан зардлаа нөхөх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр УИХ-ын гишүүний цалингаараа олно гэдэг бүтэшгүй. Тэгэхээр хулгай хийх, эсвэл хэн нэгэнд давуу тал олгож үйлчилж, авлига авах гээд хамгийн болохгүй бүтэхгүй зүйл хийх л байх. Хэрэв хэн нэгний, эсвэл аль нэг бүлэглэлийн мөнгөөр сонгуульд оролцож байгаа бол “кнопчин” л хийх байх даа.

Бид өнгөрсөн 34 жилийн хөгжлийн үр дүнд “мөнгө” гэдэг эх оронтой, иргэдтэй болсон. Өнөөдөр улс орныхоо төлөө 1.3 тэрбум төгрөг зараад УИХ-ын гишүүн болж өөрийгөө золиослох хүн нэн ховор байгаа даа гэж бодож байна. Ялангуяа бид хоёр том хөрштэй, ялангуяа Монгол Улсын ДНБ-тэй тэнцэх хэмжээний, манайтай худалдаа, наймаа хийдэг олон аж ахуйн нэгж урд, хойд хөршид байгаа. Мөнгөний сонгуульд гадны аж ахуйн нэгжүүд нөлөөлөх вий гэж айдаг.

-1.3 тэрбум гэдэг бол тийм ч өндөр тоо биш гэж үздэг юм байна. Бодит байдал дээр үүнээс ч илүү зарцуулдаг гэв үү?

-Маш энгийн тооцооллоор 1.3 тэрбум төгрөгөөс тав дахин өндөр тоо гарна. Энэ удаагийн сонгууль бүсчилж томсгосон тойргоор явагдана. Жишээлбэл, төвийн гэх тойрогт Сэлэнгэ 17 сум, Дарханы дөрвөн сум, Төв аймгийн 27 сум гэхэд 48 сум. Дээр нь бие даасан тосгод байгаа гэвэл 50 гаруй төв суурин газарт сурталчилгаа хийх шаардлагатай болно. Манай монголчуудын зан бол танихгүй хүнээ хэзээ ч сонгохгүй.

Тэгэхээр төвийн бүсийн тойрогт нэр дэвшигч 17 хоногт бүх суурин газраар тойрох шаардлагатай болно. Үүний тулд том штаб ажиллуулах хэрэгтэй. Цалин хөлс өгөх ёстой гэж тооцвол таван тэрбум гаруй төгрөг зарцуулах болов уу гэж харж байна. Ийм хэмжээний мөнгө гаргаж чадахгүй бол мэдээж сонгогдохгүй. Сонгуульд ялагдсан ч нам нь ялбал ямар нэг албан тушаал өгдөг практик байдаг юм билээ. Мэдээж “шарх”-аа нөхөж таарна.

-Ер нь нэр дэвшигчид ийм их хөрөнгө зарцуулах шаардлагатай юу. Гадны улсын жишгээр ийм байдаггүй шүү дээ. Өнөөдөр яагаад бид ийм гажуудалд орчихов?

-Манайх шиг ингэж мөнгө санхүү, хугацаа хоёроор шахдаг сонгууль дэлхийд байхгүй. Бусад орнуудад сонгууль дууссаны дараагаас өөрийгөө таниулах боломжийг төр олгодог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн болох хүсэлтэй иргэнд дараагийн дөрвөн жилд тухайн тойрогт ажиллаж өөрийгөө таниулах эрх нээлттэй байх ёстой. Нөгөө талаар дөрвөн жил болоод сонгуулийн системээ өөрчлөөд байж болохгүй, тогтвортой байх ёстой.

Гадаадын орнуудад сонгуулийг аль болох шударга, ил тод байлгах, санхүүжилтийн тэгш байдлыг хангахад ихээхэн анхаардаг. Тиймээс сонгуульд гаргадаг зарим зардлыг төрөөс хариуцаж байдаг. Бид чинь ядуу мөртлөө дэлхийн хамгийн баян АНУ-ыг дуурайгаад байдаг юм билээ. Зүйрлэвэл “Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэдэг шиг.

Бид 34 жил сонгуульдлаа. Үр дүнд нь улс орон хүссэн хэмжээнд хүртэл хөгжсөнгүй, байдаг баялгаа алдаж байна. Тэгэхээр бид 1992 оных шиг “ардчилсан гэх Үндсэн хууль”-ийг шинэчлэн найруулж, цоо шинэ “хөгжлийн Үндсэн хууль”-тай болох цаг ирсэн гэж судлаач хүний хувьд хэлэх байна. Түүний дараа сонгуульд нэрээ дэвшүүлэх талаар бодож болох юм.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Оюунбаяр: Оч компьютер цор ганц эх хувиараа хадгалагдаад 40 жил болж байна DNN.mn

Мэдээллийн технологийн анхдагч, компьютерийн монгол инженерүүдийн нэг, “Ондоо” ХХК-ийн судлаач Г.Оюунбаяртай ярилцлаа.


-Та тухайн үеийн компьютерийн инженер мэргэжлээр төгсөж байсан цөөхөн хүмүүсийн нэг. Энэ мэргэжлээрээ та аль улсад суралцсан бэ?

-Би арван жилээ төгсөх жилээ улсын олимпиадын багт орж, бэлтгэл хийх болсон. Тэр үед Боловсролын яамнаас сургууль сонгох эрхийг олгосон. Компьютерийн инженер гэдэг мэргэжлээр одоогийн Украины Харьков хотын Техникийн Их сургуульд зургаан жил суралцаж төгссөн. Миний төгсөлтөөс хойш компьютерийн инженер гэсэн ийм мэргэжлээр төгсгөхөө больсон юм билээ. Нэршил нь арай өөр болсон гэсэн үг. Миний хувьд Монголдоо яг ийм мэргэжилтэй гарын таван хуруунд багтах хүмүүсийн нэг л дээ.

-Таныг сургуулиа төгсөөд ирэхэд манайд компьютерийн хэрэглээ ямархуу байв?

-Одоогийн нэршлээр нэг том дата сервис байсан. Ганцхан нийтэд үйлчлэх зориулалттай. Тооцоолон бодох төв байгууллага гэж байсан. Намайг оюутан байхад манайд “Мис 32” гээд хагас дамжуулагчтай 110 м.кв том талбай эзэлсэн ганцхан том компьютер байсан. Монголдоо ирэхэд хүчин чадал багатай, том талбай эзэлдэг ч гэсэн гурван компьютертой болчихсон байсан. Энэ нь байхгүйгээс хавьгүй дээр байлаа. Улсынхаа төлөвлөгөөг математик загварчлал дээр суурилуулаад, олон жилээр ч эдийн засгийнхаа тооцооллыг бодоод гаргачихдаг болсон үе л дээ.

-Та төгсч ирээд Тооцоолон бодох төвд ажилд орж байсан гэсэн. Тус байгууллагын түүхээс сонирхуулаач?

-Тус байгууллагад би анх 1978 онд ажилд орж байсан. Манай улс статистикийн мэдээгээ гаргаж өгөх гэж тухайн үедээ үйлээ үздэг байж. Сампинтайгаа бараг байсан шахуу юмуу даа. Өөр бусад зүйлүүд ч байсан л даа. Тиймдээ ч НҮБ болон социалист орнуудын захиргаанаас манайхыг компьютерийн төв, дата центртэй болох хэрэгтэй гэсэн санал гаргасан байгаа юм. Тэгээд Тооцоолон бодох төвийг НҮБ-тай хамтарч байгуулсан. Байрыг нь Монголчууд барьж, НҮБ техник хэрэгсэлд нь гурван сая орчим долларын санхүүжилтийг үзүүлсэн байдаг. Мөн 1991 онд Тооцоолон бодох төвийг бусад газруудтай адилхан татан буулгасан л даа.

-Анх та яагаад компьютер зохион бүтээх болов?

-Миний сурч байсан сургуульд компьютерийг зохион бүтээх талын хичээлүүд ордог байсан. Сургуулийнхаа зохион бүтээх товчоонд ажиллаж байхдаа компьютер зохион бүтээж буй улстай харьцаж байсны ачаар хийж бүтээж болдог юм байна гэдэг ойлголтыг авсан л даа. Ер нь өөрөө компьютер зохион бүтээх зорилготой сургуульдаа сурсан л даа.

Байгууллага бүрийг өөр дээрээ компьютертэй болгочих юмсан гэсэн бодол надад байсан. Тэгээд 1979 оноос чипүүдээ цуглуулж, чипүүдээрээ компьютер хийчих юм бол авсаархан болоод хүчин чадал нь ч сайжирна гэж үзсэн. Тал талаасаа цуглуулсан л даа. О.Батсүх маань анхны оч компьютерийг зохион бүтээхэд гар бие оролцож хүмүүсийн нэг. Польш улс чип цуглуулахад хамгийн их тус болсон. Гадагшаа гарч буй польшууддаа чипээ өгөөд явуулдаг наймаачин улс байлаа шүү дээ. Мөн би Польшид 1982 онд сурч байхдаа, компьютерийнхээ схем буюу ажиллах зарчмуудыг нь олж авч байсан. 1983 онд эхний бодож байсан хувилбараа гаргасан. Тэгээд 1984 оны дөрөвдүгээр сард компьютер маань бүрэн ажилласан. Монгол Улс 22 компьютер Польшоос аваад, бүх аймгуудаа компьютертэй болгоод, Тооцоолон бодох төвийнхөө компьютертэй холбочихсон байсан үе л дээ. Энэ “Оч” маань эдгээр компьютерүүдтэй адилхан хүчин чадалтай, хэрэглэхэд хялбар байсан.

Мөн 1984 онд шинэ бүтээгдэхүүн танилцуулдаг үзэсгэлэнд “Оч”-оо тавьж байсан. Төр засгийнхандаа ч үзүүлсэн. Монголчууд өөрсдөө юмаа хийж чаддаг гэдгийг харуулсан.

Сүүлд үүний үр дүнд Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгээс 1989 онд “Монел” нэртэй телевизор, компьютер угсардаг үйлдвэр бий болсон гэж бодож байгаа.

-Тухайн үед компьютерийн хөгжил дэлхийн бусад орнуудад хэр хурдацтай явагдаж байсан бол?

-Бага талбай эзэлдэг, илүү хүчин чадалтай компьютер зохион бүтээхээр Америк, Орос, Польш, Герман гээд олон оронд залуучууд хоорондоо өрсөлдөж байгаа нь тухайн үед мэдрэгдэж байсан. Америк, Англи, Орост байгууллагуудад төдийгүй айл өрхийн хэрэглээний компьютерийг хийгээд эхэлсэн үе байлаа. Ямар их хурдацтай хөгжиж ирснийг өнөөгийн бидний компьютерийн хэрэглээнээс харж болохоор юм.

-Таны анхны зохион бүтээсэн “Оч” нэртэй компьютер эх хувилбараараа үлджээ. Хэрэглээнд нэвтрүүлэх боломж яагаад гарсангүй вэ?

-Яагаад вэ гэвэл Монголд төдийгүй социалист орон руу чип өгөх хориг тавигдсан байсан. Энэ нь Орос улс Афганистан руу цэргээ оруулчихсантай холбоотой. Монгол Улс хамгийн түрүүлээд энэ үед Оросыг дэмжсэн байдаг. Тиймээс Монгол Улсад өндөр технологийн бүтээгдэхүүн оруулахгүй гэдэг зарчим бусад улсууд баримталж байсан.

-Та анхны компьютерээ хэр их өртгөөр зохион бүтээсэн бэ?

-Польшууд маань заримыг нь бэлэглэсэн. Мөн i80:80 гэсэн энэ чипийг 150 ам.доллараар авсан байдаг. Тухайн үедээ нийтдээ 400 орчим ам.доллараар бүтсэн юм.

-Яагаад “Оч” гэж нэрлэх болсон бэ?

-Тэр үед Д.Толя, О.Батсүх хоёр маань байсан л даа. “Оч” гэж нэрлэх саналыг энэ хоёртоо би тавьсан. Намын утга агуулгатай нэр өгвөл нэр хүнд өсөхөөр ч тийм цаг үе л байлаа. Миний санаа бол оч ерөөсөө багаддаггүй гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн. Бид маш их цаг зарцуулж хийсэн ч Монголд ийм компьютер олон байх ёстой юм. Бид нэг ч гэсэн оч үсэргэлээ гээд гурвуулаа санал нийлээд “Оч” гээд нэрлэсэн.

-Манайд одоо ч байдаг, гадны юмыг үнэтэй аваад, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмждэггүй тал тухайн үед байсан юм шиг санагдлаа.

-Тийм байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ дэлхийд юу юм. Өөрийнхөө улсыг компьютержүүлэх процессыг нэлээд хурдлуулах боломжтой байсан. Энэ нь алдагдсан. Гадаадаас компьютер авахад нэлээдгүй мөнгө зарцуулж байсныг бодохоор түүнээс бага зардлаар нэлээд олон компьютертэй болох боломж байсан уу гэвэл байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод тухайн үед төр засагтаа санал ч тавьж араас нь хөөцөлдөөгүй, төр засгаас ч ямар нэг байдлаар дэмжсэн үйлдэл хийгээгүй л дээ. Тиймдээ ч анхны компьютер маань цор ганц эх хувиараа хадгалагдаад 40 жил болж байна. Бид алдаад л байж. Самсунг компьютер хийхээс өмнө Хятад улс ганц ч чип үйлдвэрлээгүй байхад манайх компьютер хийсэн л байгаа юм. Одоо тэгэхэд Хятад дэлхийн том чип үйлдвэрлэгч орон болчихсон байна. Тухайн үед Америкийн алдарт бизнесмэнүүд Стиб Жобс, Билл Гэтсийн хэрэгжүүлж байсан арга технологийг нь илүү судалж, харж л явлаа. Тэд бизнес талаас нь харж, үйлдвэрлэх тал дээр хөрөнгө оруулагчидтай яриад л үйлдвэрлэлийг маш сайн хөгжүүлсэн байх жишээтэй. Бид бол намдаа, Засаг төрдөө итгээд л явж байсан байгаа юм. Социализмын муу тал нь дээд даргадаа л сайн харагдаж байхыг бодохоос биш улсын хөгжилд ингэх хэрэгтэй байна гээд үзэл бодлоо илэрхийлээд гүйдэг дарга байдаггүй байсан юм болов уу гэж бодогддог.

Таны үе шиг компьютер зохион бүтээх талын ажил одоо хийгдэж байна уу?

-Одоо үед өөрсдөө зохион бүтээх шаардлагагүй болтол компьютер маань хурдацтай хөгжиж байна. Харин тусгай зориулалтын юмыг өөрсдөө хийж байгаа. Энэ нь өмнө ч байсан. 1991 онд гэхэд л санал тоолох төхөөрөмж бий болгосон байдаг. Харин компьютерийг зохион бүтээх гэхээс илүү хэрхэн ашиглах талын мэргэжлүүд давамгайлах болсон цаг үе ирсэн байна.

-Ойрын үед та юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Малчны компьютерийг 2019 оноос туршиж үзээд явж байна. Мөн мал таниулах төхөөрөмж бий болгоод байна. Олшруулдаггүй зан байсаар л байна. Түүнчлэн манайд 205 дата центр байгаагаас арваад нь арай том. Бүгдийг нэгтгэсэн нэг том дата центртэй болгох төсөл бичсэн байгаа. Мөн энэ жил Мэдээлэл технологийн 100 жилийн ойдоо зориулж үзэсгэлэн гаргана.

Л.Минжмаа

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр могой өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 17, Сугар гариг. Билгийн тооллын 9, Бага морь одтой, цагаагчин могой өдөр. Өдрийн наран 05:11 цагт мандаж 20:26 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Дашнямтай өдөр

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 15 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар бороо орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг-Үүр, Сэлэнгэ голын хөндийгөөр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14…+19 градус, Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр +9…+14 градус, бусад нутгаар +5…+10 градус дулаан, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр +18…+23 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +32…+37 градус, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр +28…+33 градус, бусад нутгаар +24…+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө +5…+7 градус, өдөртөө +27…+29 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1…+3 градус, өдөртөө +25…+27 градус дулаан байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-05-17-ны баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Монголын логистикийн холбооны тэргүүн А.Мөнхболдтой ярилцлаа. Тэрбээр “Сурталчилгаандаа 1.3 тэрбумыг зараад УИХ-ын гишүүн болчихоод тэд цалингаараа амьдрахгүй. Хулгай хийнэ, эсвэл кнопчин болно” хэмээснийг V нүүрээс уншаарай.

Уулчдыг 8000-8500 метрийн хооронд осолдсон гэж дүгнэжээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт Гадаадад байгаа монголчууд эргэж ирэхгүй гэдэг нь ортой доо” хэмээн өгүүллээ.

МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ц.Батболд “Сонгуульд санал өгүүлэх зохион байгуулалттай ажиллагаа явж байна. Аль хүчтэй ажиллаж чадсан нам ялна” гэлээ.

Богд хааны ордон музейгээс санаачлан Самьяа хийд, Дэлхийн
буддистуудын Дармакинг төвтэй хамтран “Богд хааны ордон музей”-д байдаг Бурхан багшийн “Цахиур эрдэнэ”, БНСУ дахь Мьянмарын соёлын төв “Буддагийн Олон улсын музей”-д байдаг
Бурхан багшийн “Хуруу эрдэнэ, Үс эрдэнэ тэргүүт таван өнгийн рэнсэл” шүтээнүүдийг нэгэн дор энэ сарын 20-24-ний өдрүүдэд залж, сүсэгтэн олонд дэлгэн үзүүлэхээр болжээ. Энэ талаар
тус музейн захирал Ц. Эрдэнэ баатартай ярилцлаа гэлээ.


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсаас Булангийн орнуудад халал мах, махан бүтээгдэхүүн экспортлох боломжтой болов DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын экспортыг дэмжих бодлогын хүрээнд Булангийн орнууд руу мах, махан бүтээгдэхүүн экспортлох хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх, Арабын орнуудад мах, махан бүтээгдэхүүн экспортлоход тавигддаг гол шаардлага болох ХАЛАЛ гэрчилгээг Монгол Улсад олгуулах ажлыг Гадаад харилцааны яам, Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайдын яам санаачилж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Стандарт хэмжил зүйн газар, НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (UNIDO) хамтран ажилласны үр дүнд Монгол Улсын Стандарт хэмжил зүйн газрыг Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлүүлсэн бөгөөд магадлан итгэмжлэлийн гэрчилгээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Стандарт хэмжил зүйн газрын дарга С.Батбаатарт 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр гардуулав.

Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн дэргэдэх магадлан итгэмжлэлийн төвөөр итгэмжлэгдэж, энэхүү магадлан итгэмжлэлийн гэрчилгээг авснаар тус газраар баталгаажсан, халал стандартыг хангасан Монгол мах, махан бүтээгдэхүүнийг монголын хувийн аж ахуй нэгжүүд Булангийн орнууд руу экспортлох эрх зүйн орчин бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэгээр ахлуулсан тус ажлын хэсэг өнөөдөр хуралдаж, тоглоомын талбайн стандартын хэрэгжилтийн талаар санал солилцов.

Нийслэлийн хэмжээнд 1452 хүүхдийн тоглоомын талбай байдаг. Эдгээр тоглоомын талбайд стандарт, аюулгүй байдлын судалгаа хийхэд талбайн гадаргуу болон тоглоом нь ашиглалтын шаардлага хангахгүй, бүрэн бүтэн байдал алдагдсан зэрэг зөрчил илэрсэн. Илэрч буй зөрчил дутагдлыг арилгах, стандартын шаардлагад нийцүүлэхээр холбогдох байгууллага, нутгийн захиргааны байгууллагууд болон СӨХ-д зөвлөмж хүргүүлсэн гэдгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг хэлж байв.

Мөн нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг тоглоомын талбайн стандартыг хангуулах ажлыг эрчимжүүлэх, дүүргүүд дэд ажлын хэсэг байгуулж зөрчил, дутагдлыг хурдан шуурхай арилгахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болгов.