Сумын цолтон залуу бөхчүүдийн 117 дахь удаагийн буюу энэ улирлын хаалтын барилдаанд 512 бөх уран мэх авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Баатар Хангарьд” дэвжээний бөх, сумын заан Эрдэнэсүрэнгийн Ганболд түрүүлж, Увс аймгийн Түргэн сумын харьяат, “Алдар” спорт хорооны бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Батбаатарын Цагаанбанди үзүүрлэв.
Дөрөвт Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, “Баткомплект” ХХК-ийн бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Н.Баярбаатар, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Зөв зам ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, сумын заан П.Нямжав нар шалгарлаа.
Наймд Завханы сумын заан Г.Анх-Эрдэнэ, Увсын сумын заан Х.Бумбаяр, Төвийн сумын заан Б.Цогт, Өвөрхангайн сумын заан Д.Саранцогт нар үлдэв.
Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан бүрд олгодог “Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдаан”-ы шагналыг Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын заан Д.Саранцогтод, “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн шагналыг Архангай аймгийн Хайрхан сумын заан П.Нямжавт тус тус олгохоор шийдвэрлэжээ. Шагналыг Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бөхийн үнэнч хорхойтон, бизнес эрхлэгч Батмөнхийн Баатархүү гардуулсан юм.
“Сүлд” ТВ-тэй хамтран ажиллаж, ивээн тэтгэгчээр ажиллаж буй “Хөх-Үүр агро” ХХК-аас түрүү бөхийг 500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн ногоон тэжээл авах эрхийн бичиг, үзүүр бөхийг 400,000 төгрөг, 1,500,000 төгрөгийн ногоон тэжээл авах эрхийн бичиг, их шөвгийн бөх тус бүр 300,000 төгрөг, 1,000,000 төгрөгийн ногоон тэжээл авах эрхийн бичгээр тус тус шагнасныг “Хөх-Үүр агро” компанийн ерөнхий захирал Г.Чойжамц гардууллаа.
Маргааш буюу тавдугаар сарын 17-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, аймгийн заан Цамбын Бадарчийн нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно гэж Монголын Үндэсний Бөхийн холбооноос мэдээллээ.