Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна DNN.mn

Өнөөдрийн байдлаар нийслэлийн 6 байршилд 6.8 км авто зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Тухайлбал,

  • Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг Цэцэг төвийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх 1,7 км авто зам,
  • Баянзүрх дүүрэг Дүнжингаравын фрезерээс И мартын уулзвар хүртэлх 1,5 км авто зам,
  • Баянзүрх дүүрэг Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвараас Өгөөмөр зах чиглэлийн 0,9 км авто зам,
  • Сонгинохайрхан дүүрэг Цэргийн хотхоноос Тахилтын уулзвар хүртэлх 2,4 км авто зам,
  • Баянзүрх дүүрэг Дүнжингаравын уулзвараас 133 сургууль чиглэлийн 0,7 км авто зам,
  • Сүхбаатар дүүрэг 5 сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх 0,45 км авто замын ажлууд хийгдэж байна.

Энэ онд нийт 125,996 м2 нүхэн эвдрэл засварлахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт 80 гудамж замд 55,218 м2 нүхэн эвдрэл засварлаад байна. Ажлын явц 45 хувьтай үргэлжилж байгаа болохыг нийслэлийн замын хөгжлийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шенгений визийн хураамжийг 12 хувиар нэмэхээр болжээ DNN.mn

Европын комисс ирэх зургадугаар сарын 11-нээс Шенгений визийн хураамжийг нэмэхээр шийдвэрлэжээ.

Шенгений бүсийн орнуудын нэг Словений Гадаад хэргийн яамнаас өнөөдөр энэ тухай мэдээлснээр, энэ хураамжийн нэмэгдэл дэлхийн хэмжээнд үйлчилнэ. Энэ визийн хураамжийг ЕХ дахь төрийн албан хаагчдын дундаж цалин хөлс, инфляцтай уялдуулж гурван жил тутам нэг удаа шинэчлэн тогтоодог юм байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

СУИС-ийн уулзвараас Хүнсний 4 хүртэлх замын хөдөлгөөнийг нээлээ DNN.mn

СУИС-ийн уулзварын зүүн талаас хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил дуусаж тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээлээ.

May be an image of road, street and text

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шинжээч: “Тэнүүн-Огоо” ХХК-ийн бааз дээр очиж автобусуудыг судлахад цонх бусад деталийг угсарсны дараа их биеийг будсан DNN.mn

Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар хянан шалгах шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

Шинжээч:

Их багтаамжийн цахилгаан автобус “Skywell” загварын нийт 160 ширхэг нийлүүлэгдэхээс 55 нь ирж, үйлчилгээнд явж байна. Дунд багтаамжийн “Hyundai County” 50 ширхэг нийлүүлэгдсэн ч үйлчилгээнд яваагүй.

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын 600 автобус нийлүүлэгдэхээс 100 ширхэг нь Монгол Улсад ирсэн. Эдгээр 100 ширхэг автобус үйлчилгээнд нэг ч яваагүй, 20 ширхэг нь АТҮТ-ийн шалгалтад орсон байдаг.

2023 оны Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын худалдан авах хоёр гэрээ байна. “Skywell”, “Hyundai County” автобусыг худалдаж авах гэрээ хүчин төгөлдөр байгаа бол “Daewoo BS106” загварын автобусных хэсэгчлэн цуцалсан байна.

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас их багтаамжийн автобусыг хүлээлцэх ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сард Мөнхбат даргатай, 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байдаг.

“Skywell” загварын цахилгаан автобусны ерөнхий байдал, хэмжээ, загвар, цахилгааны үзүүлэлтийг агуулсан техникийн баримт бичиг дагалдаж иржээ. Манай хянагч нар өөрийн биеэр очиж танилцсан байдаг.

“Hyundai County” загварын автобус. НИТХ-ын 2022 оны тушаалаар баталсан стандартад дунд багтаамжийн автобус нь 20-26 хүний суудалтай байхаар заасан байдаг. Гэтэл автобусыг худалдан авах үзүүлэлт дээр 18-аас дээш хүний суудалтай гэж заасан байна.

УИХ-аас 2022 онд 24 болон түүнээс дээш 45 хүний суудалтай шинэ автобусыг импортын татвараас чөлөөлөхөөр  заасан байдаг. Тухайн боловсруулагдсан техникийн үзүүлэлтүүдийг холбогдох баримт бичгийг харахгүйгээр хийсэн байна. Үүнээс болж гааль татварын асуудал үүссэн. Хотын даргын захирамжийн дагуу гаалийн татварыг бүрэн төлж барагдуулсан байгаа.

Дунд багтаамжийн “Hyundai County” загварын автобусанд техникийн 28 үзүүлэлтийг тусгасан байдгаас зургаан үзүүлэлтээр тэнцэхгүй гэсэн дүн шинжилгээ гаргасан. Тухайн автобусны шил гэрэл бууруулагчтай, давхар вакум цонхтой байхаар төлөвлөгдсөн ч хүлээж авсан автобус гэрэл бууруулагчгүй, дан шилтэй, цан арилгагчгүй байсан байна. Гурван халаалтын системтэй, байхаас хоёр, орох, гарах шатны өндөр 30-аас дээш байсан.

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын автобусны үйлдвэрлэгчийн техникийн баримт бичиг. Уг бичгийг гаалийн газраас албан ёсоор авсан. Бүх арлын дугаарыг нэгэн зэрэг шивээд явуулсан явдал гарсан.

2023 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй “Daewoo BS106” загварын эхний 20 автобусыг хүлээлцсэн комиссын акт дээр шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна.

Тухайн автобусыг хүлээж авахад ямар асуудал үүссэнийг шинжлэхэд зөрүүтэй найман үзүүлэлт гарсан гэж үзлээ.

“Daewoo BS106 загварын автобусны техникийн тодорхойлолтод дизель Евро V босоо байрлалтай байна гэж заасан ч хүлээж авсан автобусных дизель Евро II төрлийн мотортой байжээ.

Урд, хойд тэнхлэг хийн нуман амортизатортай байх ёстой боловч хуудсан нумтай байна. Гэрлийн тусгал нь 10,000-225,000 cd стандарттай ч ойрын гэрлийн тусгал нь 10,000cd-гээс доош байсныг АТҮТ-ийн шалгалтаар нотлогдсон байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, тавцантай байх, тэргэнцэр байрших байршил, бэхэлгээтэй байх ёстой ч аль нь ч байгаагүй.

Чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбартай байна гэж заасан боловч хийгдээгүй. Сүүлд нэмэлтээр хийсэн байсныг шалгалтаар илрүүлсэн байдаг.

“Тэнүүн-Огоо” компанийн бааз дээр очиж автобусыг үзэж, судлахад цонх бусад деталийг угсарсны дараа их биеийг будсан гэж дүгнэсэн байгаа. Энэхүү будалтууд нэг автобус дээр байгаа эсэхийг шалгахад бусад автобусанд нийтлэг байсан.

Автобусны хойд хаалганы дээд баруун булангийн будаг, дээд шилний гагнаасыг бохир хийсэн. Автобуснуудын цонхыг 0.5-1 см-ийн зайтай хийсэн байсан. Хөдөлгүүрийн зай завсрыг барилгын хөөсөөр битүүлсэн. Доод хэсгийн эд ангийг овоорсон, урссан байдалтай будсан. Будах ёсгүй эд ангиуд руу будаг шүршсэн.

Төв талбайд автобуснуудыг танилцуулсны дараа АТҮТ-өөс 100 автобусанд дахин техникийн үзлэг хийхэд 99 нь тэнцээгүй, нэг автобус тэнцсэн.

94 автобус гэрлийн байдлаар, 71 нь утаа, найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй. Тухайн автобуснууд утааны дээд хязгаараас хоёр дахин их байсан нь дахин шинжилгээгээр нотлогдсон байна.

Шалгалтын явцад VIN код буюу арлын дугаар гишгүүр дээр байрласан байгаа. Стандартын дагуу арлын дугаар нь автобусны урд хаалганы дээд хэсэгт байрлах ёстой байдаг гэж танилцууллаа

 

Б.МАНЛАЙ

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Улаанбаатар марафон”-ны үеэр амрах зах, томоохон худалдааны төвүүд DNN.mn

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ жил тус тэмцээнийг тавдугаар сарын 25-ны бямба гаригт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. Уг өдрийг автомашингүй болгож, хотын төв замаар тээврийн хэрэгсэл явуулдаггүй уламжлалтай.

Categories
гадаад мэдээ

Иран АНУ-ыг буруутгаагүй байна DNN.mn

Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси, гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдуллахян нар нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн билээ. Энэхүү ослын дараа Ираны эрх баригчид АНУ-аас техникийн тусламж хүссэн ч тэд татгалзсан хариу авсан байна. АНУ, Израилийг дайснаа гэж үздэг Иран улс ийм ховор хүсэлт ирүүлснийг Төрийн департамент тодорхой шалтгааны улмаас энэ удаа тусламж үзүүлэх боломжгүй байгааг мэдэгдсэн гэж төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Мэттью Миллер хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Ираны ерөнхийлөгч, гадаад хэргийн сайд, нисгэгчид, бусад зургаан хүний оршуулах ёслолыг лхагва гаригт Тегеран хотод зохион байгуулахаар болсныг Ираны засгийн газрын төлөөлөгч өчигдөр мэдээлжээ. Мөн Ираны шашны дээд удирдагч Аятолла Али Хамени таван өдрийн гашуудал зарлаад байгаа юм. Одоогоор Тегераны эрх баригчид АНУ-д үйлдвэрлэгдсэн Bell-212 нисдэг тэрэг ямар шалтгаанаар Азербайжаны хилийн ойролцоох уулархаг нутагт осолдсон талаар огт ам нээхгүй байна. Уг осолд АНУ-ыг буруутгахаас болгоомжилж байгаа эсэхийг сэтгүүлчид асуухад батлан хамгаалахын сайд Ллоид Остин “Нэгдсэн Улс энэхүү осолд ямар ч хамаагүй. Ослын шалтгаан юу байж болох талаар надад ямар ч таамаг алга” гэж хариулжээ.

Ерөнхийлөгч Райсигийн үхэл Ойрхи Дорнодын аюулгүй байдалд ямар нөлөө үзүүлэх талаар асуухад Остин “Одоохондоо энэ үйл явдал бүс нутгийн аюулгүй байдалд өргөн хүрээтэй нөлөө үзүүлэхгүй гэж би бодож байна” хэмээн хариулжээ. Ираны үндсэн хуулийн дагуу 50 өдрийн дотор шинэ ерөнхийлөгчийг сонгох ёстой байдаг. Энэхүү шилжилтийн үед аюулгүй байдлаа эрсдэлд оруулахгүй байх нь Тегераны эрх баригчдын гол зорилт болж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

“Google map”-аас савандаа үнэгүй ус дүүргэх 37 цэгийг хардаг боллоо DNN.mn

“Google Map”-аас “Ус дүүргэх цэг” гэж хайхаар нийслэлийн 37 цэгт байрлах үнэгүй цэвэр ус авах боломжтой байршлыг заадаг болжээ.

Энэхүү 37 байршилд усны саванд үнэгүй ус өгдөг кофе шопууд бүртгэгдсэн байна. Энэхүү тоо цаашдаа нэмэгдэх юм байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Хуралдаанаар “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд биржээр нээлттэй арилжаалах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, Хүний эрхийг хангах чиглэлээр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудал хэлэлцэнэ.

Нийт 23 асуудал хуралдааны товд багтжээ.

Categories
мэдээ улс-төр

Э.Бат-Амгалан: Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим DNN.mn

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.


-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ТОГТОЛЦООНД ТОМ ӨӨРЧЛӨЛТ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА-

-Энэ удаагийн парламентын бүрэлдэхүүний Улаанбаатар хот, нийслэлчүүдийн төлөө хийж хэрэгжүүлсэн хамгийн бодит, томоохон ажил бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхзүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталсан явдал гэж харж байна.Энэ ажилд манлайлан ажилласан гишүүний хувьд ямар өөрчлөлт оруулснаараа нөхцөл байдлыг хэрхэн дээрдүүлж буй талаар ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 29 жилийн өмнө батлагдаж, энэ хугацаанд дорвитой суурь өөрчлөлтийг хийж чадаагүй. Улаанбаатар хотын эрх зүйн чадамж, Засаг даргын үүрэг оролцоо, хэм хэмжээ, төсөв санхүүгийн бололцоо, хүн амын суурьшил, нягтаршил, эдийн засаг өнөөдрийнхтэй харьцуулшгүй өөр байсан. Тэр үеийн эрх зүйн суурь зохицуулалтаар өнөөгийн Улаанбаатар хотыг зохицуулна гэдэг хэцүү. Энэ хууль анх батлагдсанаас хойш 27 жил өнгөрчээ. Харин түр хороо байгуулснаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталлаа. Энэ хуулийг шинэчлэн баталсан нь том дэвшил, ололт. Мөн нийслэлийн 1.7 сая иргэнд нийгмийн томоохон суурь дэмжлэгийг үзүүлж чадна. Үүнийг дагаад төсвийн реформ, татварын бие даасан эрх зүйн зохицуулалтыг хийхээс гадна олон мянган ажлын байр бий болно гэж харж байна.

Нийслэлийн Засаг дарга Засгийн газарт асуудлаа оруулдаггүй, аль нэг яамаар дамжуулж асуудлаа оруулдаг байсан. Хотынхоо асуудлыг хотын дарга нь УИХ-д танилцуулахгүй болохоор бүх зүйл хэвийн, болж байгаа мэт ойлгогддог. Жишээ нь, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын олонх нь нийслэлд ажиллаж, амьдарч байна. Гэтэл энэ хүмүүсийнхээ цалинг ч нэмж чаддаггүй. Энэ мэт олон асуудлыг зохицуулсан, эрх зүйн чадамжийг бий болгож байгаагаараа тус хууль онцлогтой. Тухайлбал, яамд Засгийн газрын хуралдаанаар хоттой холбоотой асуудлыг хэлэлцүүлэх бол заавал хотын даргаас санал авч орох зохицуулалт орсон.

Хоёрдугаарт, хотын дарга өөрөө асуудлаа оруулдаг, танилцуулдаг, хэлэлцүүлдэг болсон. Энэ бол хотын дарга саналын эрхтэй болж байна гэсэн үг юм. 1.7 сая иргэний эрх ашгийн өмнөөс хот, нийтийн аж ахуй, нийгэм, эдийн засаг, төсөв, санхүү, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр дуугарах боломжтой болсон. Энэ дутагдаад байсан учраас хот гэдэг их айл хаягдчихсан байсан. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж дуугарч, асуудлаа УИХ, Засгийн газарт танилцуулна.

Гуравдугаарт, газар чөлөөлөлтийг улс, нийслэлийн төсвөөр хийхээр болсон. Өмнө нь энэ талаар тодорхой зохицуулалт байдаггүй байсан. Иргэдэд нэн чухал шаардлагатай байгаа зам, гүүр, инженерийн дэд бүтэц, сургууль, цэцэрлэгийн мөнгийг нь шийдээд, хотоос газар чөлөөлөлтөд мөнгө тавь гэдэг. Гэтэл хотод мөнгө байдаггүй. Нөгөө бүтээн байгуулалтын мөнгөө Сангийн яам буцаагаад татчихдаг. Тиймээс УИХ, Засгийн газар, Улаанбаатар хот уялдаа холбоотой ажиллаж, улс, нийслэлийн мөнгөөр газар чөлөөлөлтийг хийх зохицуулалт орсон. Энэ бол маш том дэвшил.

Тэгэхээр хотоо сайхан болгохын төлөө цаашид хотын иргэд, иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүдтэйгээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтарч ажиллана. Үүнээс гадна Улаанбаатар хотын шууд орлого нь хүн амын орлогын албан татвар, бусад татвараас бүрддэг. Түүнийг улсын төсөвт төвлөрүүлдэг. Ер нь “Оюу толгой” компанитай дүйцэхүйц орлогыг нийслэл төвлөрүүлдэг гэсэн үг. Энэ эх үүсвэрийг л хотод нь үлдээгээд өгөөч ээ гэдэг санаачилгыг анх гаргасан. Ингээд Улаанбаатар хотын хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих зорилгоор улсын төсвөөс жилд 420 тэрбум төгрөгөөс бууруулахгүйгээр санхүүжилт олгож байх шийдвэр гарсан.

-Нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдээ нэгтгээд Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог байгуулаад ажиллаж байгаа. Та бүхний дуу нэгтэй зүтгэсэн асуудал бол LRT буюу хөнгөн тулгуурт галт тэрэгтэй болж, замын түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх байсан. Гэтэл одоо метро барихаар боллоо гэх. Таны хувьд энэ асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хороог 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнгээр Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд нэгдэж, байгуулсан. Түр хороо Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”, “Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө”-ний уялдаа холбоог бэхжүүлэх, хотын өмнө тулгамдсан агаарын бохирдол, түгжрэлийг шийдвэрлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа.

Мөн бидний хийж хэрэгжүүлэхээр, бодлого шийдвэрийг нь тодорхойлохоор ажиллаж байгаа бас нэг чухал асуудал бол түгжрэл. Цаашид нийтийн тээврийн тогтолцоонд том өөрчлөлт хийх шаардлагатай байна. Өнгөрсөн жилүүдэд метро, дүүжин тээвэр, тусгай зориулалтын автобус, LRT гэх мэт олон судалгаа хийгдсэн. Мэдээж олон талаас нь асуудлыг судалж, харьцуулж байж зөв шийд гарна. Дэлхийн том хотуудын жишгийг харвал 3 саяас дээш хүнтэй хотод метро тохиромжтой гэж үзээд барьж, байгуулсан байдаг. Метро бол ирээдүйгээ харсан маш том бүтээн байгуулалт болно.2008 оноос хойш үе үеийн хотын дарга нарын шүүгээнд тоосонд дараатай байсан метроны төслүүд ЖАЙКА олон улсын байгууллага дээр нэгтгэгдээд, шинэчлэгдээд ажил хэрэг болоод эхэлсэн.

Нийтийн тээврийн төсөл арилжааны төсөл биш гэдгийг энд онцолъё. Ямар ч улс оронд нийтийн тээврийн төсөл арилжааны төсөлд ордоггүй. Тиймээс энэхүү төсөл нь нийгэм, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Зарим хүмүүс болохоор метро их зардал орно, ашгаа яаж нөхөх вэ, улсын төсөв, гадаадын зээл санхүүжилтээр хийгээд иргэд эргээд өр зээлд орно гэдэг байдлаар эмзэг хандаж байгаа. Яг бодит байдал дээр тийм зүйл болохгүй. Метро, LRT аль нэг нь хийгдэж дуусах л юм бол улаанбаатарчуудад ажлын байрнаас эхлээд, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх маш том боломжийг олгоно. Хотын түгжрэл ихтэй замын маршрутаар зорчдог иргэд өдөрт 2.5 цагийг түгжрэлд дэмий өнгөрөөж байгаа. Үүнийг жилд дундажлаад тооцвол, иргэн 35 хоногийг машин дотроо өнгөрөөж байна. Дундаж наслалт 72 гэж тооцвол түүнийхээ 6.5 жилийг түгжрэлд өнгөрөөхөөр харагдаж байгаа юм.

Дээрээс нь хөдөлмөрийн бүтээмжийг харах нь зүйтэй. Нэг хүн 2.5 цагт 20,400 төгрөгийн бүтээмж алдаж байна гэсэн тооцоолол бий. Энэ маршрутын дагуу хувийн машин болоод нийтийн тээврээр зорчигчдын тоогоор үржүүлбэл, жилд 2.4 их наяд төгрөгийн эдийн засгийн хохирол амсаж байна гэж харж болно. Автомашины түгжрэлд зогсохдоо шатааж буй шатахууныг 2.5 мотортой машинаар дундажлаад тооцвол 3.46 литр бензин зарцуулж байгаа. Энэ нь 8400 төгрөг, жилийн турш 440 тэрбум гаруй төгрөгийн хохирол учирч буй юм.Жилд гурван их наяд гаруй төгрөгийн бодит хохирлоос гадна хүмүүсийн бухимдал, байгаль орчинд үзүүлэх сөрөг үр дагавар бий гэсэн судалгааны дүгнэлт гарсан. Тиймээс үүнийг зориглоод хийх нь чухал.

Хэрэв Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийг батлаагүй бол одоогийн хотын даргын шүүгээнд ч метро, LRT төсөл тоосонд дараатай байх байсан биз. Тийм учраас би метро байна уу, LRT байна уу Улаанбаатар хотод заавал багтаамж ихтэй нийтийн тээвэр байх ёстой гэдэг байр суурьтай байдаг. Үүнээс болж зарим нэг гишүүнтэй чуулганы хуралдаан дээр ам мурийж байсныг ч хүмүүс мэдэх байх.

-ҮНДСЭН ХУУЛЬ БАТЛАГДСАНААС ХОЙШ 30 ГАРУЙ ЖИЛИЙН ДАРАА Л ГЭМТ ХЭРЭГ, МАРГААНЫ УЛМААС ХОХИРСОН ИРГЭД СЭТГЭЛ САНААНЫ ХОХИРЛЫГ ХЭРХЭН, ЯАЖ ТООЦУУЛЖ АВАХ ВЭ ГЭХ АСУУДЛЫГ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНД ХУУЛЬЧИЛСАН-

-2022 оны төгсгөлд таны ахалсан Ажлын хэсгийн боловсруулж, батлуулсан Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулга 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Энэ хуулийг шинэчлэн найруулах үндэслэл нь юу байсан бэ?

-Шүүхийн шинжилгээний тухай хууль нь 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан байсан. Эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж бэхжүүлэх, түүнд криминалистик, шүүх эмнэлэг, санхүү, эдийн засгийн зэрэг шүүх шинжилгээ хийж, шүүхийн шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нотлох баримтад үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргах, шүүх шинжилгээний байгууллага, шинжээчийн эрх зүйн байдлыг тогтоосон харилцааг зохицуулсан. Энэ хууль 2009 онд хууль батлагдсан цагаас хойш 5 удаа 40 гаруй зүйлд нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг.

Үүнтэй холбогдуулан шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллага хоорондын чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг шинээр авч үзэх шаардлага гарсан. Тиймээс процессын хуулиудад нийцүүлэн Шүүхийн шинжилгээний тухай хуулийг боловсронгуй болгох шаардлага тулгарсан. Мөн нийгмийн хөгжлийг дагаад инженер техник, хүрээлэн байгаа орчин, цахим технологи болон нийгэм, хууль зүйн салбарт тулгамдаж буй сэтгэл санааны хямрал буюу сэтгэцэд учирсан хор уршгийн зэргийг тогтоох шинжилгээ зэрэг зарим тусгай мэдлэг шаардагдах онцлог шинжилгээг хэрхэн хийх талаарх зохицуулалт хуульд тодорхой бус байсан нь энэхүү хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл болсон.

Байгуулагдаад 80 гаруй жил болж буй баялаг түүхтэй Шүүх шинжилгээний байгууллагыг ч шинэчлэн байгуулах шаардлагатай. Монгол Улсын хэмжээнд буюу бүх аймагт шүүх шинжилгээний байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Боловсон хүчин, санхүүгийн бэрхшээл их. Тиймээс Шүүх шинжилгээний Ерөнхий газар улсын хэмжээнд бүсчилж ажиллах төлөвлөгөөг эхний ээлжинд тусгасан.

-Шүүх шинжилгээний тухай хуульд 2009 оноос хойш хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орсон гэлээ. Энэ удаагийн шинэчилсэн найруулгаар сэтгэл санааны хохирлыг тооцох заалтууд орсон нь хамгийн чухал гэж харагдсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-2009 оноос хойш энэ хуульд 5 удаа нэмэлт өөрчлөлт орсон байдаг. Харин анх удаа шинэчилсэн найруулга орж байгаа юм. Тухайн хуулийн 50-иас дээш хувьд нь өөрчлөлт орж байгаа үед шинэчилсэн найруулга гэж үздэг. Энэ дундаа шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш 30 гаруй жилийн дараа л гэмт хэрэг, маргааны улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлыг хэрхэн, яаж тооцуулж авах вэ гэх асуудлыг тодорхой хэмжээнд хуульчилж өгсөн.

Энгийнээр хэлэхэд, иргэд сэтгэл санааны хохирол гэж ярьдаг. Хуульд сэтгэцэд учирсан хор хохирол гэж шигтгэж өгсөн. Олон улсын хэллэгээрээ ч, анагаах ухааны нэршлээрээ ч тэр сэтгэл санааны хохирол гэдэг нь сэтгэцэд учирсан хор хохирол гэдгийн нэг л бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзсэн байдаг. Яагаад гэвэл, олон улсын практикт сэтгэл санааны хохирлыг аргачлалын хувьд хүнд, хөнгөн, хүндэвтэр хэмээн үнэлсэн байдаг. Энэхүү аргачлалыг дагаж мөрдөхийн тулд хуульд тусгайлан зааж өгсөн. Энэ дотроо гэмт хэргийн улмаас хохирсон иргэд сэтгэл санааны хохирлоо хуульд заасан аргачлалын дагуу Шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулж, шүүхээр нэхэмжлэх хууль эрх зүйн орчин бүрдэж байна гэсэн үг. Олон улсын практикт янз бүрийн аргачлал байдаг юм билээ. Тухайн орны нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн түвшин, ДНБ, хөгжлийнхөө загварчлалаар өөр өөр.

-Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нөхөн олговрын хэмжээг гурван аргачлалаар тооцож оруулсан байсан. Эдгээр аргачлалыг тайлбарлаж өгөхгүй юу?

-Анх удаа энэхүү аргачлалыг гаргаж байгаа. Мэдээж гэмт хэргийн улмаас амиа алдсан иргэн, түүний ар гэрт олгох нөхөн олговрыг гэм буруутай этгээдээр төлүүлэх ийм л үйл ажиллагаа. Үүнд үндсэн гурван аргачлал орж ирсэн. Нэгдүгээрт, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүн буюу хамгийн бага суурь үнэлгээ нь 82 сая төгрөг байхаар тогтсон. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас амиа алдаж буй иргэдийн зарим тохиолдолд насны хувьд залуухан байхыг үгүйсгэхгүй. Энэ үүднээс Монгол Улсад мөрдөгдөж байгаа дундаж наслалтыг тооцож авч үзсэн. Монгол Улсад эрэгтэйчүүдийн дундаж наслалт 67 орчим, эмэгтэйчүүдийн 75 орчим байна. Дундажлан авч үзвэл, 72 гэсэн нас гарч ирж байгаа юм. Дараагийн аргачлал бол, гэмт хэргийн улмаас өнчирч үлдсэн хохирогчийн үр хүүхэд, ар гэрт энэхүү аргачлалыг 127-128 сая төгрөгийг 2 дахин нугалах буюу 260-270 сая төгрөгөөр нөхөн олгохоор оруулсан.

-Нийгэм, цаг үеийн байдлаас шалтгаалан шүүх шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал их үүсэж, олон нийтийн хардлагыг төрүүлэх болсон. Шүүх шинжээчийн хариуцлага талаас ямар заалт орж ирсэн бэ?

-Тухайлсан шинжээчийн хувьд хоёр гол заалт орж ирсэн. Нэгдүгээрт, тухайн шинжээч хараат бусаар ажил үүргээ явуулах боломж бололцоотой болж байгаа. Энэ нь тусгайлсан программаар санамсаргүй тохиолдлоор уг хэргүүд шинжээчид хуваарилагдах зарчмаар оруулсан. Хоёрдугаарт, олон нийтэд ил болсон хэргүүдийг шүүх, прокурорын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр шинжээч нар өөрсдөө олон нийтийн мэдээллийн хэрэгслээр таниулж, мэдээлэх заалтууд орж ирсэн.

-АНХАН ШАТНААС ЭХЭЛЖ АЖИЛЛАСАН УЧРААС ИРГЭДИЙНХЭЭ АМЬДРАЛЫГ МАШ САЙН МЭДНЭ-

-Баянзүрх дүүргээс өмнөх сонгуулийн жилүүдэд дүүрэгт нэг нам, нийслэлд өөр нам, УИХ-д бие даагч сонгогдсонтой холбоотойгоор хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаараа ч хоцрогдсон байсан. Харин 2020 оны сонгуулиар бүх шатанд МАН иргэдийн итгэлийг хүлээснээрээ энэ бүх хоцрогдлыг нөхөх том даалгавар авсан. Шат шатандаа уялдаа холбоотой байх, хүчээ нэг цэгт зангидах амаргүй үе. Ийм үед ямар зарчмаар ажиллаж байна вэ?

-Төрийн дээд, дунд, доод шат гэлтгүй бид иргэдийнхээ сайн сайхны төлөө ажиллах ганц л том зорилготой. Ажиллаж байгаа үедээ аль болох түүхийг бүтээж, амжилт гаргах хэрэгтэй. Харин хийж дууссан үедээ ирээдүй хойч үедээ залгамж халаагаа хүлээлгэж өгөөд зөв замаар явах ёстой гэж боддог. Миний хувьд Баянзүрх дүүрэгт төрж өсөөд, ажиллаж амьдраад явж байгаа. ДИТХ-д хоёр удаа, НИТХ-ын Төлөөлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байсан. Улмаар 2020 оны сонгуулиар УИХ-ын гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Анхан шатнаас нь эхлэн ажилласан учраас иргэдийн амьдрал, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, Баянзүрх дүүрэгт шаардлагатай бүтээн байгуулалтын ажлууд нь юу вэ гэдгийг маш сайн мэднэ. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн хөгжлийн зураглалыг том зургаар нь харж байна. Баянзүрх дүүрэг Улаанбаатар хотын хамгийн их хүн амтай дүүрэг. Тэр ч утгаараа дүүргийн асуудал бол нийслэлийн асуудал гэсэн үг.

-Баянзүрх дүүргийг хөгжүүлэх хөгжлийн бодлогыг санаачлан боловсруулсан гэж сонссон. Тэгэхээр дүүргийн өмнө тулгамдаж буй олон асуудал энэхүү бодлогын баримт бичгийг хэрэгжүүлснээр шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юу?

-Улс орны хөгжлийг бүтээн байгуулалт, эдийн засгийн тоон үзүүлэлтээр хэмжих нь зохисгүй. Боловсролтой, эрүүл хүн улсын гол баялаг, хөгжлийн хүч. Тийм ч учраас нэн түрүүнд хүний хөгжилд анхаарч зорилтуудаа тодорхойлж, эрүүл мэнд, боловсрол, гэр бүл гэсэн гурван үндсэн концепцод тулгуурласан. Иргэдийн хурал, эрдэмтэн, судлаачдын хамтарсан баг хоёр жилийн хугацаанд төрийн байгууллага, иргэдийн 100 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулсны үндсэн дээр боловсруулж, баталсан.

Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн иргэд юу хүсэж байна вэ гэдгийг тодорхойлж, хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг тооцоо судалгаанд үндэслэн шинжлэх ухаанчаар боловсруулсан. Тиймдээ ч “Хөгжлийн зураглал 2030” баримт бичиг нь ирэх 10 жилийн хугацаанд засгийн эрх хэнд байхаас үл хамааран хэрэгжих дүүргийн хөгжлийн бодлогын гол суурь нь болно гэдэгт итгэлтэй байна. Бие даасан эдийн засагтай, гаднаас хөрөнгө оруулалт татдаг, хөгжлийн баримжаагаа тодорхойлсон нь бидний хамгийн чухал амжилт.

Categories
мэдээ улс-төр

ТББХ: “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонслоо DNN.mn

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.21/ хуралдаанаар “Орхоны хөндийд “Шинэ Хархорум” хот байгуулах тухай” Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.

Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн Байнгын хороонд мэдээлэл хийсэн.

Тэрбээр, УИХ-аас баталсан “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Орхоны хөндийд шинэ нийслэлийн байршлыг сонгож, техник, эдийн засгийн үзүүлэлт, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ гэж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судалж, техник, эдийн засгийн үзүүлэлт боловсруулна гэсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлигаар Орхоны хөндийн түүхэн дурсгалт газарт төр захиргаа, соёл, боловсрол, аялал жуулчлалд түшиглэсэн байгаль орчинд ээлтэй, орчин үеийн шийдлийг тусгасан Хархорум хотыг байгуулах холбогдох судалгааг хийх, төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгаж, Юнескогийн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын өв соёлыг хамгаалах Монголын эзэнт гүрний эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах түүхэн үйл хэрэг, их бүтээн байгуулалтад манлайлан оролцохыг нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалсан.

Мөн УИХ-ын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшил суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд шинэ Хархорум хотыг байгуулахаар шийдвэрлэж, шинэ Хархорум хотыг байгуулахтай холбогдуулан 2030 он хүртэлх хугацаанд шинэ хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зам тээвэр, эрчим хүч, инженерийн дэд бүтцийн хангамжийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулах, хотыг байгуулах ажлыг удирдан зохион байгуулах байнгын бүтэц, тогтолцоог бий болгох, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлах, түүнд шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсвийн болон санхүүжилтийн бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөн арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Төрөөс баримталж буй бодлого, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газрын 2023 оны 38 дугаар тогтоолоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо, 2023 оны 40 дүгээр тогтоолоор шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг тус тус байгуулан эхний ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөний дагуу тодорхой ажлуудыг гүйцэтгэж эхлээд байна. Шинэ Хархорум хот байгуулах газрын байршил, хэмжээг тогтоож, Засгийн газрын 2024 оны 21 дүгээр тогтоолоор Орхоны хөндийд шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийннуур, Хашаат сум болон Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189.363 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа. Түүнчлэн тус газрын хөрсний судалгаа, инженер геологийн судалгааны ажил хийгдэж байна.

Мөн Хархорум хотын ундны хэрэгцээг хангах усны судалгааны ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон. Нийслэлээс шинэ Хархорум хүртэлх авто зам, цахилгаан дамжуулах шугам болон шинэ нисэх буудал байгуулах байршлийг сонгон тогтоогоод байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, шинэ Хархорум бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаатай хамтран шинэ Хархорум хотын хөгжлийн үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй уралдааныг зарласан бөгөөд нийт 54 улсын 428 баг оролцохоор бүртгүүлээд байна. Эдгээр багууд нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн дотор өөрсдийн төлөвлөлтийн үзэл баримтлалыг боловсруулж ирүүлэх бөгөөд 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл олон улсын нэртэй архитектурч, төлөвлөгч нараас бүрдсэн үнэлгээний багаар үнэлүүлэн, нэгдсэн үзэсгэлэн зохион байгуулж олон нийтийн саналыг авна. Эдгээр багуудаас 5-ыг сонгож, шинэ Хархорум хотын хөгжлийн концепцыг боловсруулах ажлыг хийнэ. Шинэ Хархорум хотын төв цэг болох төв талбайн тохижилтын ажил, Ерөнхийлөгчийн ордны цогцолборын зураг төсөл болон Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтыг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтран боловсруулж байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн төв хэсэгт үндэсний соёл иргэншлийн өв уламжлалыг хадгалсан, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан, ногоон, ухаалаг, хүн төвтэй шинэ хотыг төлөвлөж байгуулснаар эртний нийслэл Хархорум хотыг дэлхий дахинд шинээр таниулах соёл, аялал жуулчлалыг хөгжүүлэх, улс орны нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих, төвлөрлийг сааруулах, гадаад, дотоод, хөрөнгө оруулалтыг татах, шинжлэх ухаан, технологи, инновацад тулгуурласан ажлын байрыг бүс орон нутагт шинээр бий болгох, хүн амын хэт төвлөрөлийг бууруулах зэрэг ач холбогдлыг бүрдүүлэхээр ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны дарга Н.Нацагдорж бүтээн байгуулалттай холбоотой нэмэлт мэдээллийг өгсөн.

Шинэ Хархорум хотыг 500 мянган хүн ам амьдрахаар төлөвлөжээ. Хотын суурьшлын бүсийг 25 мянган га-д хийхээр төлөвлөсөн аж. Энэ нь Улаанбаатар хоттой харьцуулвал 3 дахин том бөгөөд Улаанбаатар хотын суурьшлын бүс 9200 га юм байна. Хот байгуулалтын өнөөгийн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн онцлог, нийгэм эдийн засгийн өсөлт, цаг үеийн өөрчлөлтүүд, ирээдүйн хотжилтын чиг хандлагад нийцүүлэн Хархорум хотыг Засаг захиргаа, Түүх, соёлын аялал жуулчлал, Олон улсын харилцаа, Өндөр технологийн үйлдвэрлэл, Эрүүл мэндийн үйлчилгээний төв болгон хөгжүүлэх үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон аж. Хотод байгуулах нийгмийн дэд бүтэц буюу цэцэрлэг, сургууль хаана, хэдийг байгуулах нь үндсэндээ тодорхой болсон гэсэн мэдээллийг өгсөн. Хотын хамгийн өндөр хэсэг 26 давхар буюу 80 метр хүртэл, дунд хэсэгтээ газрынхаа зориулалтаас шалтгаалаад 50 метр хүртэл буюу 16 давхар барилгатай байхаар төлөвлөжээ.

“Шинэ Хархорум” хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, эрдэмтэн, судлаачид, хот төлөвлөлтийн салбарын мэргэжилтнүүд, төрийн болон мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулсан гэлээ. Нийт 68 удаагийн уулзалт, 5 удаагийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.

Мөн хуралдаанаар Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулав.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулиар Монгол Улсын Төрийн сүлд, туг, далбаа, тамгыг үйлдэх, дүрслэх, дээдлэн хэрэглэх журмыг хуульчлан зохицуулж байгаа бөгөөд уг хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн далбааг байнга мандуулах газрыг тодорхойлж, мөн хуулийн 25 дугаар зүйлд иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллага нь төрийн бэлгэ тэмдгээ гүнээ дээдлэн хүндэтгэж, бүх ард түмний баяр наадам, ёслол, хүндэтгэлийн арга хэмжээ болон бусад үед Төрийн сүлд, далбаагаа барих байрлуулах, мандуулах буюу Төрийн дууллыг эгшиглүүлж болохоор заасан.

Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг байнга мандуулах эрх зүйн орчинг сайжруулах, түүнчлэн төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд дурсгал болгон хадгалуулах зохицуулалтын хамрах хүрээг өргөжүүлэх зорилгоор Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан.

Хуулийн төсөлд төрийн далбааг байнга мандуулах газар, байршлыг Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоож болохоор, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор төрийн далбааг иргэн, хуулийн этгээдэд хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх эрх зүйн зохицуулалтыг тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар монголын ард түмний түүхэн уламжпал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийн илэрхийлэл болсон төрийн бэлгэ тэмдэг төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, улс орноо сурталчлах, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн төсөл санаачлагч үзсэн байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Дараа нь Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учралаар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Г.Дамдинням, Т.Доржханд, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, С.Одонтуяа, Г.Тэмүүлэн нар ажилласан юм. Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.  Ажлын хэсэг есөн удаа хуралдаж, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төсөлд шаардлагатай зарим зүйл, хэсэг, заалтыг нэмэх, төслийн хэсэг, заалтыг бусад хууль тогтоомжтой нийцүүлэх, нэр, томьёог тодорхой болгохтой холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэжээ. Ажлын хэсгийн бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол дараах хүрээг хамарчээ. Үүнд:

  • Хот тосгоны удирдлагын зарчимд төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, алслагдсан хот, тосгонд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, хот, тосгоны зохион байгуулалт, тэдгээрийг байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгах, хотын зэрэглэл тогтоохтой холбоотой шийдвэр гаргахад их өгөгдлийн тооцоололд суурилах дэвшилтэт технологийг ашиглах зарчмыг тусгах,
  • Төсөлд хот тосгоны хөгжлийг дэмжихээр харилцаа холбоо мэдээлэл, технологи ашиглах гэсэн зүйлийг нэмж хот, тосгоны удирдлага нь хот, тосгоны чиг үүргийг хэрэгжүүлэхэд инновац, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, юмсын интернэт зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлэх шийдвэр гаргахаас өмнө тухайн шийдвэрийг цахим орчинд урьдчилан загварчилж үр дүнг тооцоолох дэвшилтэт технологи нэвтрүүлэхэд зохицуулалтын сэндбокс орчинд туршиж оршин суугчдын саналыг авах, харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэд бүтэц, мэдээллийн системийг бий болгох зэрэг зохицуулалтыг тусгах,
  • Тосгоны удирдлага нь тосгоны зөвлөл, тосгоны Захирагчаас бүртгэх бөгөөд Тосгоны зөвлөл 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байх, Зөвлөлийн гишүүн Тосгоны захирагчийг оршин суугчдаас сонгох,
  • Төсөлд хотын зөвлөлтэй холбогдуулан тусгагдсан зохицуулалттай адил тосгоны зөвлөл бүрэн эрхээ хэрэгжүүлж анхдугаар хуралдааныг хуралдуулж чадаагүй, төсвөө батлаагүй, хуралдаан зарлаж товлосон хугацаанаас хойш хуралдахгүй 60 хоног өнгөрсөн бол тосгоны зөвлөлийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга, эсхүл орон нутгийн зэрэглэлтэй хотын захирагч тараах шийдвэр гаргах зохицуулалтыг нэмж тусгах,
  • Тосгон нь зөвлөлтэй байхаар нэмж тусгахтай холбогдуулан төсөлд тусгагдсан. Хотын зөвлөлийн чиг үүргээс албан татварын хувь хэмжээ тогтоох, аймаг, нийслэлийн ИТХ үнэт цаас гаргах чиг үүргээ шилжүүлсэн тохиолдолд хотын захирагчийн өргөн мэдүүлснээр хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэт цаас гаргах, зээл авах зөвшөөрөл олгохоос бусад чиг үүргийг тосгоны зөвлөл хэрэгжүүлэхээр тусгах,
  • Хот, тосгоны захирагчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болгохтой холбогдох зохицуулалтын нийцлийг хангах,
  • Хот, тосгоны шаардлага, одоо үйл ажиллагаа эрхлэхэд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх асуудлыг тухайн төрлийн татварын хуулиар зохицуулахаар тусгах,
  • Хот нь эдийн засгийн тусгай бүтэцтэй байж болох зохицуулалтыг тусгах,
  • Төслийн зүйл, хэсэг, заалтын хоорондын нийцлийг хангах болон бусад хууль тогтоомжийн зохицуулалттай нийцүүлж өөрчлөх зэрэг агуулгыг хамарчээ.

Мөн Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдтэй холбоотойгоор боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг танилцуулсан.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл тус бүрээр нь хэлэлцэн, зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж эхэлснээр Байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Байнгын хороо маргааш хуралдан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.