Номын сан гэхээр л хөдөлж болохгүй, амьсгаа авахад ч бэрх газар шиг санагддаг байлаа. Гэтэл энэ ойлголтыг минь өөрчилсөн мэт чимээтэй номын сан байдаг талаар сонссон юм. Тиймээс энэ чимээтэй санг зорив. Нэр нь хүртэл “Чимээтэй номын сан”. Хаалгаар ороход л маш тухтай санагдлаа.
Хүүхдийн сонирхол татах том чихмэл, чөлөөтэй хөдлөх том орон зай. Хүсэл сонирхлыг нь үл хязгаарласан бүх төрлийн номыг хольж тавьжээ. Ямар ч номыг яаж унших зөвхөн таны дур мэт.
Мөн аав, ээжүүдийг ч марталгүй амрах өрөө эсвэл хүүхэдтэйгээ хөгжилтэй цагийг өнгөрөөх орчин бүрдүүлсэн байна. Түүнчлэн энд “чимээгүй байх хориотой” гэх дүрэмтэй.
Номуудыг эгнүүлж өрөх бус нүүрийг нь ил гаргаж өрсөн нь хүүхдийн ном унших сонирхлыг татдаг аж.
Үүднээсээ авхуулаад үлгэрийн ертөнц мэт мэдрэмж төрүүлж байлаа. Мөн энд нэг ч ширүүн харц, томчуудад загнуулах вий гэсэн айдас байхгүй мэт санагдана. Магадгүй биднийг бага байхад номын санчийн хяналтад байгаа мэт санагдаж, том хүн гэх хана босгосон хандлагыг эвдэж байгаа нь магтууштай байв.
Ингээд номын сандаа суугаад ном уншиж үзсэн юм. Юу ч саад болохгүй тухтай булангаа олж суугаад дуртай номоо хаанаас нь ч хамаагүй уншиж байгаа нь энэ номын сангийн зорилго гэлтэй.
Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэрэг гэдэг шиг л буцаад бүхнийг сонирхож дэлхийтэй танилцдаг тэр л үедээ очсон мэт мэдрэмжийг эндээс авсан юм. Тэнд тухлан сууж охинтойгоо цуг ном уншиж инээлдэх ээжийг харахад нүд нь гэрэлтэж жаргалтай байгаа үзэгдэнэ. Хөл хөдөлгөөн тасардаггүй энэ газар хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, номд дуртай болж өсдөг байна.
Энэхүү сонирхолтой номын сангийн тухай ерөнхий менежер Б.Гантогтохоос тодрууллаа.
-Яагаад энэ номын санг байгуулах болсон бэ?
-Бизнес эрхлэгч талаас илүү үйлчлүүлэгчийн талаас илүү бодсон. Манай хүүхдүүд Европт байсан. Номын сангууд нь тоглож болно, хоорондоо хөгжилдөж, ярилцаж, хүүхдүүд дээшээ харж хэвтэхэд сансар огторгуйн тухай зүйлс таазан дээр байх, хэвтэж байгаа ор нь харь гаригийнх таваг шиг байдаг. Энэ нь хүүхдүүдийн сонирхлыг ихээр татдаг. Яг ийм орчноос Монголд ирээд номын санд карт нээлгээд оронгуут чимээгүй бай, ямар их ном сонгодог юм, битгий босоод бай гэх мэт асуудлууд гарч ирж байсан. Хүүхэд болохоор ойлгохгүй юм гарч ирнэ, яагаад гэдэг асуулт асууна.
Номынхоо тухай ярилцах, хэн нэгэнтэй хэлэлцэх боломжийг олгодоггүй байсан. Хүүхэд хоёр дахь удаа очиход дургүй хандлага гарч ирээд, гурав дахь удаа очих гэхээр ёстой муухай газар очихгүй гэж байсан юм. Тиймээс хоорондоо ярилцдаг, гүйж харайж болдог, уншсан номынхоо тухай ээжтэйгээ, эгчтэйгээ ярилцаж болдог тийм орчин бүрдүүлвэл гоё гэдэг үүднээс ингэж тохижуулсан.
-Хэзээнээс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бэ?
-2023 оны есдүгээр сарын 1-нд анх үйл ажиллагаагаа эхэлсэн. Ерөнхийдөө анги хамт олон болон тусгай захиалга, эвентүүд, төрсөн өдөр, төгсөлтийн баяр, үлгэрийн цаг, уншлагын клуб гээд маш олон хөтөлбөрүүд явагддаг. Төлбөрийн хувьд нэг удаагийн болон байнгын гэсэн хоёр төрөлтэй. Нэг удаагийнх нь даваагаас гаригаас баасан гариг хүртэл ажлын өдрүүдэд 25.000 төгрөг, амралтын өдрүүдэд 35.000 төгрөг байдаг.
-Уламжлалт хэв маягийг эвдэж “Чимээтэй номын сан” гэж нэрлэсэн нь илүү сонирхол татлаа?
-Монголд байгаа номын сангууд уламжлалт хэв маягтай байдаг. Хүүхдийн номын сан хоорондоо ярилцах боломжтой байвал зүгээр гэж боддог. Гэтэл битгий яваад бай, томоотой суу, чимээгүй бай гээд байхаар хүүхэд номд дурлах, тэр орчинд очих хүсэл сонирхолгүй болгож байна. Тэгээд л хүүхэд тоглонгоо уншиж болдог, найзуудтайгаа ярилцаж болдог, алхангаа уншиж болох тийм номын сан байвал гоё гэж ярилцаж байгаад “Чимээтэй номын сан” гэх нэрийг өгсөн.
-Дүрэм байгаа юу?
-Чимээгүй байж болохгүй.
-Ихэвчлэн ямар насныхан үйлчлүүлдэг вэ?
-Манайд ерөнхийдөө бүх насныхан үйлчлүүлдэг. Гэр бүлээрээ ч орж ирдэг, найз нөхөд, анги хамт олноороо ч орж ирдэг. Гэр бүлээрээ орж ирсэн бол хүүхдүүд нь аав ээжээсээ номыхоо талаар асуугаад эцэг эх нь хариулаад л… Дараа нь аав, ээж нь өв соёл түүхээ яриад л өөрийнхөө бага насаа ярина. Харин найз нөхөд орж ирсэн бол эхлээд бүгдийг тойрч үзэж инээлдэж явна тэгээд л тэд нэг нэг ном барьж аваад суучихна дараа нь ам уралдан ярьцгааж байгаа нь харагддаг.
-Чимээтэй номын санд ном уншуулахаас гадна ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулдаг гэсэн үү?
-Төрсөн өдөр, төгсөлтийн баяр зохион байгуулж болдог. Мөн өдөр өдрийн эвентүүдийг зохион байгуулдаг. Жишээлбэл, өнгөрсөн гуравдугаар сарын 16-наас дөрөвдүгээр сарын 6-ныг хүртэл бямба гариг болгон ‘Үр минь чамайг хүлээж байна’ гэх эвентийг амжилттай зохион байгуулсан. Энэ нь ном унших дадал хэвшүүлэх зөвлөмж, мөн зумбини хөгжимт хөдөлгөөн, хуруун театр, арт терапи зургаар хүүхдийн сэтгэлзүйг мэдэх урлаг, хүүхдийн иог гэх мэт хөтөлбөртэй зохион байгуулсан.
Манай улсад 1509 номын сан үйл ажиллагаа явуулдаг гэх статистик судалгаа байдаг. Эдгээр номын сангууд нь өөрсдийн онцлог бүхий зүйлс байдаг ч чимээ гаргах, үсэрч, гүйх, харайхыг хориглосон бичигдээгүй дүрмүүд одоо ч үйлчилсээр байна. Гэхдээ дүрэмгүй номын сангаас санаа авч олон номын сан өөрчлөгдөж, нэмэгдэж нээлтээ хийнэ гэдэгт итгэлтэй байна.
Э.АНХЧИМЭГ
П.ТЭРГЭЛСАРАН