Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Хосбаяр: Тамирчны менежер бол М.Бадарчийн өмнөөс хэвлэлд үг хэлэх хүн DNN.mn

Монгол Улсад мэргэжлийн тамирчны менежер хомс байдаг билээ. Монголын Спортын Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяртай тамирчид яагаад менежертэй байх хэрэгтэй талаар ярилцлаа


-Ярилцлагын эхэнд тамирчны менежер гэж ямар үүрэгтэй хүн бэ гэдгийг та хэлж өгөөч?

-Зах зээлийн шаардлагаар ойрын хэдэн жилээс тамирчид хүссэн хүсээгүй менежертэй болох хэрэгтэй болж байна. Тамирчид спортын менежмэнтийн харилцаанд оролцож ивээн тэтгэгч олох, сурталчилгаанд тоглох гэх мэт олон зүйлсийн хажуугаар тоглолтдоо, бэлтгэл сургуулилтдаа 100 хувь анхаарах бэрх л дээ. Бараг боломжгүй. Тамирчин бие дааж компани, хувь хүнтэй гэрээ, тохиролцоо хийнэ гэдэг бол хэцүү зүйл. Гэрээ хийх явцад асуудал гардаг, талууд үл ойлголцох бэрхшээл тулгардаг. Тамирчны менежмент гэдэг зүйл Монголд хөгжиж эхэлж байна, илүү ч хөгжих болно. Тамирчныг тоглолтдоо 100 хувь анхаарах боломж олгож, энэхүү олон эрх зүйн, бизнесийн харилцаанд төлөөлөх хүнийг л тамирчны менежер гээд байгаа юм.

-Тамирчид менежергүйгээр гэрээ хийх үед нийтлэг ямар бэрхшээл гардаг вэ?

-Энгийн жишээ хэлбэл, зарим тамирчид нэрэлхээд, нэрээ бодоод өндөр үнэ хэлэхгүй байх хандлагатай байдаг. Сагсан бөмбөгийн лигээс тамирчин менежергүй байхын хор уршиг их анзаарагддаг. Жишээлбэл, шинэхэн од тамирчин ямар нэгэн ивээн тэтгэгч, спонсортой өөрөө уулзаж, үнэ хөлсөө тохирдог. Тэгээд 20-25 насны залуухан тамирчид “нэрлэхээд” маш бага үнийн дүнтэй гэрээ хийдэг. Тус тамирчны зах зээл дээрх сарын үнэлгээ нь илүү өндөр байх боломжтой байтал өөрөө очоод уулзахдаа нэрлэхүү зан гаргадаг.

-Саяхан М.Бадарч хэвлэлд өөрийн биеэр мэдэгдэл хийлээ. Уг нь тамирчны менежер иймэрхүү асуудалд тамирчнаа төлөөлдөг юм аа даа?

-Тамирчны менежер бол М.Бадарчийн өмнөөс хэвлэлд үг хэлэх үүрэгтэй хүн юм. Аль ч спортын тамирчин допингийн маргаанд холбогдлоо гэхэд менежер нь өмнөөс нь төлөөлөөд байж байх ёстой. М.Бадарч менежертэй эсэхийг мэдэхгүй ч өөрөө гарч ярих ямар ч шаардлагагүй. Э.Оюунболд юмуу, М.Бадарчийн кейс бол 100 тамирчин дунд ганц тохиолдох кейс. Гэхдээ 100 тамирчин бүгдээрээ менежертэй байх ёстой.

-Тамирчны менежер хийх хүн яагаад Монголд мэргэжлийн түвшинд алга байна вэ?

-Монголд арав хүрэхгүй жилийн өмнө үл хөдлөх хөрөнгийн агент бол шинэ зүйл байлаа. “Миний үл хөдлөх хөрөнгийг зараад дундаас нь мөнгө авах гэж байна” гэсэн нүдээр хүмүүс хардаг байлаа шүү дээ. Одоо бол үл хөдлөх хөрөнгө зарах, авах гэж байгаа хүмүүс заавал үл хөдлөх хөрөнгийн зуучлагчтай байдаг болсон байна шүү дээ. Энэхүү зүйл зах зээлийнхээ жамаар, органикаараа явсаар байгаад нийгэмд төлөвшсөн. Тухайн үедээ хүмүүс ойлгохгүй байсан. Яг үүнтэй адил тамирчны агент, менежер гэдэг зүйл удахгүй Монголд бий болж, тамирчид ч түүгээр үйлчлүүлнэ ээ.

-Тамирчид өөрсдөө менежертэй болохыг хүсэхгүй байна уу?

-Өмнө нь бөхчүүдийг гэхэд нутгийн ах нар нь шууд ивээн тэтгэдэг байлаа шүү дээ. Тэр харилцаан дунд менежер байх ямар ч боломжгүй. Зах зээлийн зарчмаараа явахгүй байсан. Мөн шинэхэн од болсон тамирчинд маш олон багш гараад ирдэг. Багийн багш, шигшээгийн багш, анхны дугуйлангийн багш гэх мэт олон багш, дасгалжуулагч гараад ирдэг. Жаахан од болоод ирэхээр тэр тамирчинг тал талаас нь булаацалдаад эхэлдэг дээ. Спортын агент тэрхүү тамирчинтай ажиллах гэхээр дээр дурдсан хүмүүс “Миний хүүхдийн мөнгийг шулах гээд байна” гээд менежергүй байхыг ойр тойрны хүмүүс нь ятгах хандлагатай байдаг.

Саяхан нэг зүйл анзаарагдлаа. Монголд анх удаа сагсан бөмбөгийн “Draft” болсон. Үүний үр дүнд тамирчны менежерийн эрэлт хэрэгцээ өсөх болов уу гэж бодож байна. Менежерийн хэрэгцээ маш их гарч байгаа юм. 200 гаруй тамирчин “draft”-д нэрээ өгч. Тэндээс 32 тамирчинг л багууд сонгож авна. Үлдсэн 170 гаруй тамирчныг багт борлуулах, ирэх жилийн “draft”-д өрсөлдүүлэх хүн нь менежер юм. Энд л менежерийн чадвар, мэдрэмж, үүрэг тод харагдана. Сагсан бөмбөгийн дээд лигийн нүдэнд өртөж байгаа 19, 20 настай хүүхдүүд чинь яг үнэндээ бизнес, гэрээ хэлцэл, наймааны мэдлэггүй шүү дээ. Ихэнх тамирчин хичээлээсээ чөлөө аваад бэлтгэл, сургуулилтаа хийдэг болохоор энэ талын мэдлэг хомс шүү дээ. Гэрээ унших, танилцах гэдэг чинь хэцүү ажил.

-Эргээд агент хэрхэн цалинждаг юм бэ, тамирчид өөрсдөө сайн цалинжиж чадахгүй хэрнээ өөр хүнд цалин өгөх гэдэг хэцүү биз дээ?

-Манай зах зээл жижигхэн учраас хэцүү. Цалин ч бага. Тамирчнаасаа хамаараад янз янз л байдаг. Гадны жишигийг харах юм бол менежер 3-10 хувийн шимтгэл авдаг. Жишээлбэл, сарын хоёр сая төгрөгийн цалин авч байгаа тамирчин 3-10 хувийг менежертээ өгөх юм. Маш бага дүн биз. Тийм бага орлоготой менежер салбартаа бүтэн цагаар ажиллах бол хүндрэлтэй.

-Менежер яг ямар үүрэг, хариуцлага хүлээж байна вэ?

-Ямар үйлчилгээг менежер үзүүлэх вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Манай компани гэхэд 2028 он хүртэл энэхүү салбарт орохгүй. Бизнесийн хувьд одоогоор ашиггүй төсөл байгаа юм. Нэгдүгээрт, тамирчны гэрээг хамгаалах ёстой. Тамирчиндаа ашигтай гэрээ хийхийг эрмэлзэх. Тамирчин гэрээндээ сэтгэл хангалуун байх. Хоёрдугаарт, даатгалын үйлчилгээ байх ёстой. Тамирчин гэмтэл бэртэл авсан тохиолдолд даатгалтай байх нь чухал. Сурталчилгаа, арилжаа, рекламд тоглох зэрэг нь дараа дараагийн асуудал. Хамгийн гол нь эрх зүйн хамгаалалт. Representing Business буюу төлөөллийн бизнес бол гадны орнуудад их хөгжчихсөн шүү дээ.

-Монголын тамирчид, морьдыг олон улсад гаргах хүн нь менежер хүмүүс шүү дээ?

-Гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга хэлж байсан юм. Би 32 төрлийн ажил хийгээд байна аа гэж. Энэ чинь юу гэсэн үг вэ гэхээр тэдгээр 32 чиг үүргийг менежер хүн хийх ёстой. Тэр бол тамирчин, дасгалжуулагч зэргээс тэс өөр чиглэлийн, өөр чадвар мэдлэг шаардах ажил. Тэгэхээр 24 цагийн турш хурдны морийг яаж гадагшаа зарах вэ, яаж чадварлаг тамирчнаа олон улсад тоглуулах вэ, яаж ивээн тэтгэгч олох вэ гэж боддог, ажилладаг хүн бол менежер юм.

-Та өөрөө тамирчны менежер хийж байсан уу?

-Би 2011 онд тав, зургаан тамирчны агент хийж байсан. Тэр үед сагсан бөмбөгийн Т.Санчир, Н.Төгсцогт, Г.Мандахнаран гэх мэт тамирчдыг төлөөлж рекламд тоглуулахаас гадна спонсор хайх гэх мэт ажлыг нь хийж байлаа. Яг амжилттай ивээн тэтгэгч, сурталчилгаанд тоглуулах үед дасгалжуулагч, багш, гэрийнхэн нь миний хийж байгаа ажлыг ойлгохгүй байсан. “Чи миний хүүхдийн төлөө юу ч хийгээгүй байж мөнгө авах гэлээ” гэх мэт. Гэхдээ би тэдгээр хүмүүст бурууг өгч байгаа юм биш. Нийгэм бол одоо энэхүү ажлыг ойлгох цаг үе нь ирсэн. Шаардлага нь ч бий болж байгаа нь нийгэмд өрнөж буй кейсүүдээс харагдлаа.

Н.Нарванчинv

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

БИЛГИЙН ТООЛЛЫН 17

2024.05.25 / БЯМБА ГАРИГ

ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН
ЕСӨН УЛААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс доройтно
Наран ургах, шингэх: 05.02-20.36
Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Суудал: Шороо

Аргын тооллын 5 сарын 25, Санчир гараг. Билгийн тооллын 17, Гар одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:02-20:36. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 17 хэм дулаан байна DNN.mn

 2024 оны 05 сарын 26-ныг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Эг, Үүр, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө +1…+6 градус, өдөртөө +14…+19 градус, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +20…+25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16…+21 градус, өдөртөө +31…+36 градус, бусад нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +25…+30 градус дулаан байна.
Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн Гар сарвууны мэс заслын тасагт микроскоп хандивлажээ DNN.mn

“Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, гэмтэл согогийн мэс засалч их эмч Д.Энхтүвшин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Гар сарвууны мэс заслын тасагт “Corder” брэндийн бичил мэс заслын микроскоп хандивлажээ.

Гэмтлийн дараах нөхөн сэргээх бичил мэс засал эмчилгээнд нэн шаардлагатай, өндөр өртөгт энэхүү микроскопыг ашиглаж эхэлснээр тусламж үйлчилгээний нэр төрөл нэмэгдэж, олон улсад хийгдэж буй бичил мэс заслын эмчилгээг хийхэд дөхөм болж байна.

Ажил мэргэжлийн анхны гараа болсон ГССҮТ-ийн хамт олныхоо үйл ажиллагааг дэмжиж, эрүүл мэндийн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа “Мэлтэс Мед” эмнэлгийн үүсгэн байгуулагч, их эмч Д.Энхтүвшин танд талархал илэрхийлье.

Дашрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт жилд 150 мянга орчим хүн үйлчлүүлдэг бөгөөд 1.3 орчим хувь нь буюу 2000 орчим хүн мөчдийн /хуруу, сарвуу, гар, хөл г.м/ хагас болон бүрэн тасарсан гэмтэлтэй гэсэн оношийн дагуу анхдагч цэгцэлгээ, арьс нөхөх, орчны эдээр нөхөх, судсан сурвалжит эдээр нөхөх, чөлөөт эд шилжүүлэн суулгах, эргүүлэн залгах зэрэг мэс заслын эмчилгээ хийлгэдэг байна.

Тайлбар байхгүй.

Тайлбар байхгүй.

Categories
мэдээ спорт

Монгол дугуйчид олон улсын тэмцээнээс багаараа хүрэл медаль хүртжээ DNn.mn

Дэлхийн дугуйн холбооны 2.2 зэрэглэлд багтдаг “Tour Of Sakarya” тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжиллээ. Тус тэмцээнд 14 улсын 89 баг тамирчид өрсөлдсөн аж.

Манай улсаас олон улсын хэмжээний мастер Б.Идэрболд нийлбэр дүнгээр дөрөвдүгээр байранд орж, Монголын дугуйн холбоонд UCI-ийн 20 оноо авчирсан юм.

Харин тэмцээний тэргүүн байранд Хятадын баг, дэд байранд Узбекистаны баг тус тус шалгарчээ. Монголын багийн дараагийн тэмцээн энэ сарын 27-31-ний өдрүүдэд Узбекистан улсад болно.

Categories
мэдээ улс-төр

Хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороодод шилжүүлэв DNN.mn

Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.05.24) үдээс өмнөх хуралдаан 12 цаг 24 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төслийн холбогдох хэсэг, зүйл, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийн эцсийн хувилбарыг бэлтгэжээ.

Б.Энх-Амгалан гишүүний танилцуулсан санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн танилцууллаа.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр тус Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан Байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж, олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хороо төслийн холбогдох хэсэг, заалтад нэмж тусгаснаас гадна төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүйн техникийн талаас нь хянаж, зохих засвар, өөрчлөлтийг хийн эцсийн хувилбарыг боловсруулсан байна.

Нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд тус санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд шилжүүлэв.

“Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан тус тус танилцуулсан юм.

Сүүлийн жилүүдэд дэлхийн улс, орнууд татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байгааг төсөл санаачлагчийн илтгэлд дурдав. Тухайлбал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их долоо”-гийн санаачилгаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг BEPS гэх олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар BEPS-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрэм журмыг боловсруулж танилцуулсанд одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байгаа аж.

Монгол Улсын хувьд Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-аас 2018 онд гарахдаа BEPS-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалт хүлээсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2018 оны 01 дүгээр сард BEPS-д 111 дэх гишүүнээр нэгдэн орж, BEPS-ийн холбогдох стандартуудыг 2019 оны татварын хуулийн шинэчлэлд тусган хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэхүү жагсаалтаас гарсан байна. Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн ч 1991-2003 оны хооронд бусад улс оронтой байгуулсан 26 хоёр талт, давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн 6, 14 дүгээр стандартад нийцүүлэх шаардлагатай байгаа талаар Г.Сайханбаяр сайд танилцуулсан юм.

Иймд Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн стандартуудад нэг мөр нийцүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах нь зүйтэй хэмээн төсөл санаачлагчид үзсэн байна.

Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улстай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэх аж. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэлээ.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн дээрх конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 78 дугаар зүйлд заасныг үндэслэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, соёрхон батлах нь зүйтэй гэж дэмжсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нэгдсэн хуралдаанаар хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцуулсан юм.

Засгийн газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн болохыг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.22-т заасныг үндэслэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах Төсвийн байнгын хорооны дэмжсэн саналаар санал хураалтыг үдээс хойших хуралдаанаар явуулахаар шийдвэрлэсэн юм.

Үргэлжлүүлэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаан Г.Тэмүүлэн гишүүн танилцуулав.

Засгийн газраас 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Монгол Упсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу явуулж, хуулийн төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн хуулийн хэрэгжих хугацааг 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хэмээн өөрчлөх санал гаргасныг гишүүдийн олонх дэмжжээ.

Байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул зарчмын зөрүүтэй саналын 1 томьёоллоор санал хураалт явуулах байсан ба үдээс хойших хуралдаанаар явуулахаар болов.

Дараа нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн юм. Г.Тэмүүлэн гишүүн Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд танилцууллаа.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн юм. Байнгын хороо энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийг баримтлан хийсэн байна. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн байна.

Г.Тэмүүлэн гишүүний танилцуулсан нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан нэгдсэн хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн. Иймд төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлэв.

Үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийг үндэслэн Төсвийн байнгын хороо 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар Гаалийн тариф гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан хууль тогтоомж хоорондын нийцлийг хангах зорилгоор “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ. Ийнхүү төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр танилцуулж буйгаа Г.Тэмүүлэн гишүүн хэлэв. Тогтоолын төсөлд Улсын Их Хурлаас 2005 онд баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болгох, энэ хууль хүчингүй болсонтой холбогдуулан сүлжмэл нэхмэл эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй холбоотой зохицуулалтыг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмж тусган Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэлийг Засгийн газарт даалгах асуудлыг тусгажээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх энэхүү тогтоолын төслийг дэмжсэн хэмээн Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн танилцууллаа.

Төсвийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул Улсын Их Хурлын энэхүү тогтоолын төслийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хамтаар эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар харьяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. Үүгээр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг хааж, засварлана DNN.mn

Сүхбаатар дүүрэг болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, Бага тойруугийн авто зам буюу Хүнсний 4-р дэлгүүрийн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх замыг 2024 оны тавдугаар сарын 28-ны өдрийн 04:00 цагаас 2024 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн худгийн таг өндөрлөх, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилт, хэвтээ тэмдэглэлийн ажлууд хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу гэж Нийслэлийн Замын хөгжлийн газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм

АБГББХ: Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.05.24/ хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулсан.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн холбогдох хэсэг, заалтад нэмж тусган, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж, хууль зүй, техникийн талаас нь хянаж зохих засвар өөрчлөлтийг хийсэн гэлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүн гараагүй бөгөөд Байнгын хороо төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг хуулийн төслүүдэд нэмж тусгасан хэмээн Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан танилцуулсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Мөн хуралдаанаар Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Н.Энхболд нараас гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр тогтлоо.

Дараа нь “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар Шадар сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Тэрбээр, Сүүлийн жилүүдэд дэлхийн улс, орнууд татвараас зайлсхийх, зугтах явдалтай тэмцэх, татварын суурийг хамгаалах чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа өргөжиж, эрчимтэй хөгжиж байгаа билээ.

Тухайлбал, 2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас үүдэлтэйгээр “Их долоо”-гийн санаачилгаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг BEPS гэх олон улсын байгууллагыг байгуулсан. Улмаар BEPS-ийн зүгээс татварын суурийг хамгаалах, ашиг шилжүүлэх явдлын эсрэг 15 үйл ажиллагааны багц дүрэм журмыг боловсруулж танилцуулсанд одоогийн байдлаар 141 улс гишүүнээр нэгдэн ороод байна.

Монгол Улсын хувьд Европын холбооны “Татварын зорилгоор хамтран ажилладаггүй улс орнуудын жагсаалт”-аас 2018 онд гарахдаа BEPS-ийн дүрэм журмуудыг хэрэгжүүлэх үүрэг амлалт хүлээсэн. Улмаар Монгол Улсын Засгийн газар 2018 оны 1 дүгээр сард BEPS-д 111 дэх гишүүнээр нэгдэн орж BEPS-ийн холбогдох стандартуудыг 2019 оны татварын хуулийн шинэчлэлд тусган хүлээсэн үүргээ биелүүлж ажилласнаар энэхүү жагсаалтаас гарсан билээ.

Хэдийгээр Монгол Улс дотоодын хууль тогтоомжийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчилсэн хэдий ч 1991-2003 оны хооронд бусад улс орнуудтай байгуулсан 26 хоёр талт давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн 6, 14 дүгээр стандартад нийцүүлэх шаардлагатай байгаа юм.

Иймд Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг BEPS-ийн стандартуудад нэг мөр нийцүүлэх зорилгоор Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор татварын гэрээтэй холбоотой арга хэмжээг хэрэгжүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон батлах нь зүйтэй байна гэлээ.

Тус конвенцод нэгдэн орсноор татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг нэвтрүүлэх, төлөөний газар, ногдол ашиг, хөрөнгийн татвартай холбоотойгоор давхар татварын гэрээ ашиглан татвараас зайлсхийх эрсдэлийг бууруулах, харилцан тохиролцох үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг олон өөрчлөлтийг Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан 26 давхар татварын гэрээнд нэвтрүүлэх боломж бүрдэнэ хэмээсэн. Ингэснээр Монгол Улсын давхар татварын гэрээнүүдийг урвуулан ашиглаж татвараас зайлсхийх, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх, татварын суурийг хамгаалах чухал ач холбогдолтой гэж үзэж буй аж.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуут асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх конвенцыг соёрхон батлахыг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар Травэл экспо” аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ DNN.mn

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар, Улаанбаатар Аялал жуулчлалын холбоотой хамтран “Улаанбаатар травэл экспо-2024” аялал жуулчлалын үзэсгэлэнг 10 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.

 2024 оны 5-р сарын 24-26- ны өдрүүдэд “Мишээл” экспо төвд зохион байгуулагдаж буй үзэсгэлэнгээс иргэд, аялагчид дотооддоо болон гадаад улсруу мэргэжлийн байгууллагаар дамжуулан аяллаа төлөвлөх, аялагчдын хүсэл сонирхолд нийцсэн аяллын хөтөлбөр, багцуудтай танилцах, сонголтоо хийх, захиалгаа хямдралтай үнээр өгөх болон аялал жуулчлалын байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчдийн мэдээллийг нэг дороос хүртээмжтэй байдлаар авах боломжийг олгож байна.

Мөн дотоод, гадаадын аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг цэгээс авахаас гадна хариуцлагатай, төлөвлөгөөтэй, зөв, цэвэр аялах дадлыг хэвшүүлэх, аяллын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлан таниулдгаараа ач холбогдолтой.

May be an image of 9 people and text

Үзэсгэлэнд Монгол орны 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд оролцохоос гадна олон улсын шинж чанартай болж өргөжин гадаад улсын зочид төлөөлөгчид, албаны хүмүүс болон аялал жуулчлалынбайгууллага, тур оператор компаниудын төлөөлөл оролцож аяллын бүтээгдэхүүн үйлчилгээгээ монголчуудад сурталчилж, борлуулдаг болсон.

Энэ удаад Солонгос улсын аялал жуулчлалын тур оператор, авиа компани, төлөөлөгчийн газрууд түлхүү оролцож, үйл ажиллагаа, аяллын хөтөлбөр, мэдээ мэдээллээ өгч ажиллаж байна.

Урин дулаан цаг ирж хүн бүхэн амралт, аяллаа төлөвлөж буй энэ үед Улаанбаатар травел аялал жуулчлалын үзэсгэлэнг зохион байгуулдаг нь нийслэлийн иргэдийн амралт, чөлөөт цагаа гэр бүл, найз нөхөд, хамт олноороо эх орон, нийслэл хотдоо болон хилийн чанадад хэрхэн, яаж зүй зохистой, зөв төлөвлөлттэй аялах талаарх бүхий л мэдээ мэдээлэл, зөвлөмжийг өгч байгаагаараа онцлог юм.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна DNN.mn

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 23:00 цагаас эхлэн орсон бороо өнөөдөр үд хүртэл орж, маргааш үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул зарим газруудад үерлэх нөхцөл байдал үүсэж болзошгүй байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Онцгой байдлын газраас үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням “Нийслэлийн хэмжээнд үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдэд мэдээлэл хүргүүлэх, эрсдэлийн үнэлгээ хийх, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд нийслэлийн гамшгаас хамгаалах инженер техникийн есөн албанд нийт 279 авто техник, 71 хүнд механизм, 319 багаж хэрэгслийг бүртгэлтэй байгаа бөгөөд гамшгийн үед үүрэг гүйцэтгэх техник хэрэгслийн бэлэн байдал 68,4 хувьтай байна” хэмээв.

Мөн иргэд, айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагыг үер, усны гамшгаас урьдчилан сэргийлэн үерийн хамгаалалтын далан сувгийг цэвэрлэх, гэр сууц, зоорины давхрын хамгаалалтыг бэхжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулсан юм.