Хантайнхан УЦС-ыг хүлцэнгүй хүлээсээр…
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Засаг дарга П.Лхагва-Очирт хоёрхон асуулт тавилаа. Сум байгуулагдсаны 100 жилийн ой хаяанд нь ирчихээд тун завгүй байгаа бололтой.
-Хантай багийн төвийнхний амьдрал бүүдгэр байна.Тэдний төлөө Засаг дарга юу хийв?
-Хантай баг том сум байж байгаад 1978 онд Хутаг-Өндөр сумтай нэгдсэн.Эгийн голын усан цахилгаан станц барихаар яригдаж эхэлсэнтэй бараг зэрэгцэн тухайн багаас хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн, суурингийн хэмжээ ч багассан.Энэ газар хөрөнгө оруулалт хийе гэхээр Эгийн голын УЦС барихтай холбоотой хууль эрх зүйн хүрээнд асуудал байна.УЦС-ын усан халиа тухайн багийн төв, Эгийн голын сав дагуу байрлах учраас Засгийн газрын шийдвэрээр улсын тусгай хэрэгцээнд авч газар өмчлөлийг нь зогсоосон. Энэ газарт УЦС-ын 154,3 км2 талбай бүхий усан сан бий болох юм. Газрын тухай хуулиар Монгол Улсын иргэн нэг удаа газар үнэгүй өмчлөх эрхтэй.Гэтэл газар өмчлөл зогссон, газар дээрээ барьсан үл хөдлөх хөрөнгөө бүртгэлжүүлж эдийн засгийн эргэлтэд оруулъя гэхээр боломж нь хаагдмал ийм л хүндрэлтэй асуудал байна. 2016 онд Засгийн газрын тогтоол гарахаас өмнө амьдарч байсан айлуудын хашаа хороо, сургууль, цэцэрлэг нь байдгаараа байгаа. Хөгжлийн үндэс газар.Газрыг төлөвлөлт, эдийн засгийн эргэлтэд оруулахгүй бол үхмэл хөрөнгө болно.Газар өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой ажил дээрх тогтоолоор таг зогссон учир энд байгаа үл хөдлөх хөрөнгө үнэлэгддэггүй.Эдийн засгийн эргэлтэд орохгүй болсноос өрх хөгжих боломжгүй болж жилээс жилд, өдрөөс өдөрт амьдралын түвшин буурсаар байна.Амьдрах орчин нөхцөл төдийгүй үр хүүхдэд нь ч сурч, хөгжих эдийн засгийн хэрэгцээ байгаа.
2016 оны 285 дугаар Засгийн газрын тогтоолоор Булган аймгийн Засаг дарга, Хутаг-Өндөр сумын Засаг даргад Эгийн голын УЦС-ын төслийн нөөц газарт газартай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргаж болохгүй гэж даалгасан. Тийм учир бид ямар ч шийдвэр гаргах эрхгүй болсон.
2015-2016 онд төслийн нэгжээс олон төрлийн судалгаа явуулж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хүртэл нөхцөл байдалтай ирж танилцахад төсөл хэрэгжих нь гэсэн итгэл төрж байв. Хантай багаас 10 хүний бүрэлдэхүүнтэй хоёр баг Дөргөн, Тайширын УЦС байгаль орчинд ямар нөлөөтэй байгаатай танилцсан. Хантай багийн иргэд УЦС барих эсэх дээр маргадаггүй, эсэргүүцдэггүй. Төрийн том төсөл, улс орны эдийн засагт тустай, хэрэгжээсэй гэж хүсдэг. Засгийн газрыг ойрын үед тодорхой шийдвэр гаргаасай гэж хүлээж байна. 2015-2016 онд Хантай багийг нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж Дамиран уулын энгэрт бий болох шинэ суурьшлын бүсийн төлөвлөлтийг иргэдэд танилцуулж байсан боловч тухайн үеийн улс төрийн нөхцлөөс болж батлуулж чадаагүй. Төслийн нэгж ч татан буугдсан.Төслийн нэгж байгаль орчны олон төрлийн судалгаа хийсний дотор айл өрхийн үнэлгээгүй байгаа эд хөрөнгийг үнэлж, шилжүүлэн нүүлгэхэд ямар нөхөн төлбөр олгохыг судалж байсан.Археологийн дурсгалыг эрэн хайх, аврах ажиллагаа, усан халианд автах моддыг шилжүүлэх зэргээр нэлээд ажил хийсэн боловч 2016 оны сонгуулийн дараа Засаг солигдож ажил зогссон.Харин өнгөрсөн оноос асуудал сэргэж, төслийн нэгж ч байгуулагджээ. Ерөнхий сайд Л.Оюун-эрдэнэ 2023 онд ирж УСЦ баригдах газартай танилцсан.Энэ төсөл “Алсын хараа-2050”, “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д суусан байгаа.Харамсалтай нь урагшилдаггүй.Хамгийн их хохирч байгаа нь Хутаг-Өндөр сум, Хантай багийн иргэд.Хантайд одоо 270 гаруй өрх, 800 гаруй хүн амьдардаг.Багийн төв сургууль, цэцэрлэг, бага эмчийн салбартай.Эдгээрт хөрөнгө оруулалт хийе гэхээр бид эрх зүйн боломжгүй. Газрыг нь өмчилж өгөхгүй эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй байгаа нь хүний эрхийг зөрчсөн хэрэг болж байна. Хантайчууд олон жилийн турш Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй явж ирлээ.
-Ерөнхий сайд Хантайд ирэхдээ энэ асуудлаар юу хэлсэн бол?
-Ерөнхий сайдад энэ асуудлыг танилцуулсан. Ерөнхий сайд “Энэ төсөл хэрэгжинэ” гэж хэлсэн. Газартай холбоотой, ялангуяа Хантайн төвийн газартай холбоотой Засгийн газрын тогтоол дахь заалтаа эргэж хараач.Эрх зүйн харилцааг нь нээж өгөөч. Ингэснээр иргэдийг нүүлгэн шилжүүлэхэд нөхөн олговор олгох боломж гарна шийдээч гэсэн хүсэлтэд тухайн үед хариулт өгөөгүй. 11-11 төвөөр дамжуулан тавьсан асуудалд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн ирүүлсэн хариундаа “Газартай холбоотой ямар нэгэн шийдвэр гарах боломжгүй” гэсэн байлаа.
Том төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол тэнд амьдарч буй хүний асуудал, нийтийн эрх ашгийг хангах ёстой. Хэдэн үеэрээ амьдарсан хүмүүс нутаг орондоо баймаар байдаг. Монгол хүний л амьдрал шүү дээ.Өнгөц харахад амьдрал явж байгаа боловч эдийн засгийн хувьд асар их боломж алдацгааж байгаа. Төрийн дэмжлэгтэйгээр шинэ суурьшлын бүсэд нийтийн үйлчилгээний байгууламжууд болох сургууль, цэцэрлэг, эмнэлэг байгуулаад иргэдийг нүүлгэж өгнө үү гэсэн хүсэлт анхан шатны нэгжээс байнга ирдэг. Газрын асуудлыг шийдвэрлэж чадахгүй бол оршин суугчдыг яаралтай нүүлгэн суурьшуулах бас нэг гаргалгаа байж болох юм.
Засгийн газартай ширээний ард ярилцъя
Ч.Батцэцэг: Би хоёр жилийн өмнө Улаанбаатараас энд шилжин ирж Хантай багийн иргэн болсон. Хөдөө нутагт ирсэн юм чинь 0,07 га газраа хувьчилж авна, байшинтай хашаатай, жижигхэн газар ногоо тарина гэж бодож байсан. Гэтэл газар өгсөнгүй.Яагаад өгөхгүй байгааг судалж үзтэл Хантайн төв орчмыг Засгийн газар улсын тусгай хэрэгцээнд авсан юм байна.Энд амьдарч буй бүх айл газрын, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, нэг ёсондоо хууль бусаар оршин суугчид гэж болохоор. Засгийн газрын “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” 2016 оны 285 дугаар тогтоолыг үзэхэд ”Улсын тусгай хэрэгцээнд авсан газарт хадлан бэлтгэх, түр хугацаагаар мал бэлчээрлүүлэхээс өөр зориулалтаар ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Булган аймгийн засаг дарга, Хутаг-Өндөр сумын засаг дарга нарт үүрэг болгосугай” гэжээ. Энэ тусгай хэрэгцээний газрын давхцал бүхий газарт одоо 88 өрхийн 300 гаруй хүн хамаарч байна. Энэ хүмүүсийн газар, аж ахуй нэгж нь газар нь эзэмших эрхтэй байгаад тусгай хэрэгцээний газартай давхцал үүсгэж байгаа бол нөхөн олговортойгоор эргүүлэн авахад гарах зардал, нүүлгэх хугацааг тохиролцон гэрээ байгуулж үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээ авна гэж дээрх тогтоолд заажээ.
Би байшин худалдаж авсан.Байшин маань үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, “чи зарах уу?”, “би авъя” гээд л мөнгөө солилцсон.Ямар ч баталгаа байхгүй гэсэн үг.УЦС баригдахад байшинг маань үл хөдлөх хөрөнгө гэж үзэх үү, нөхөн төлбөр олгох уу.Засгийн газрын тогтоолыг дахиад үзлээ.Энд “Зөвхөн эзэмших эрхтэй иргэн аж ахуй нэгжийн давхцсан газар нөхөн төлбөр авна” гэсэн байна.Надад байшин эзэмших эрх байхгүй учраас нөхөн төлбөр авах эрх зүйн үндэсгүй юм байна.
Газар эзэмшээгүй.Байшин маань үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй учраас гэрийн тодорхой хаяг байхгүй.Энд байгаа айлууд бүгд “Хантай хоёрдугаар баг” гэсэн бүдүүн тойм хаягтай.Нарийвчилсан хаяг байхгүй гэсэн үг.Ийм хүнд шуудангийн хаяг байхгүй, банкны зээлд хамрагдах боломжгүй, хувийн компани, интернетийн компани үйлчилгээ үзүүлэхээс татгалздаг юм байна.Гэрийн тодорхой хаяггүй, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гэдгээр Улаанбаатараас хаягаа шилжүүлэх боломжгүйд хүрсэн.Харин аз болж манай хоршооны нэг гишүүний өвөлжөөний газар халианаас гадуур байрлалтай, газар нь гэрчилгээтэй байж таараад хаягаа тэнд шилжүүлж ирсэн.Энэ бүхнээс хаяг ямар чухал болохыг ойлгож авлаа.
Би 0.07 га газраа багийн төвд авч болохгүй юм бол хаанаас авч болох вэ гэхээр зааж өгөх газар байхгүй.Хутаг-Өндөр сумын төвд газар олгож байгаа ч жилдээ маш цөөн, 30-80 нэгж талбар олгодог.Сумын төв 2500 гаруй хүн амтай.Тэд газраа өмчилж авч дуусаагүй, дээр нь олон хүн шилжин ирж байгаа.Тэд ч газраа авч амжаагүй байна.Тэгвэл биднийг хааш нь нүүлгэх юм бэ. Эндээс холгүй шинэ суурьшлын бүс төлөвлөж газар зохион байгуулалтын зураг гаргасан гэсэн. Тэр дагуу цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэж хэдэн мод тариад орхисныг мал идсэн, ойр хавьд айл байхгүй, хамаг хашааг нь хүмүүс буулгаад зөөсөн, үлдсэнийг нь байгаль хамгаалагч хашаандаа хураасан байдалтай байдаг. Төр төлөвлөлтийнхөө дагуу биднийг нүүлгэх бол эртхэн нүүлгэж өгөөч. Энд залуу гэр бүлүүд бий болж байна, тэдэнд амьдрах орон байр хэрэгтэй.Зөвшөөрөлгүй газарт орон байр бэлдчихээр дараа нөхөн төлбөр ч авч чадахгүй болно шүү дээ.Хантайнхан “Тэртээ тэргүй нүүх юм чинь” гэсээр амьжиргаагаа дээшлүүлж чадахгүй олон жилийг үджээ.Газар өмчлөхгүй болсноос улбаалан энд ямар ч газрын дуудлага худалдаа болдоггүй. Ингэснээр багийн иргэд газар аваад ногоо тарих, ферм эрхлэх, аялал жуулчлалын үйлчилгээ хийх, үйлдвэр байгуулах боломжгүй, юу ч хийж болохгүй болчоод байна.Энэ нь өөрсдийн эрхийн хүрээнд орон нутгаа хөгжүүлэх, эдийн засгаа сайжруулах боломжийг хязгаарлажээ.
Эгийн голын УЦС баригдах нь тодорхой, энэ байгууламж Монгол Улсын эрчим хүчний бие даасан байдалд чухал ач холбогдолтой. Гэхдээ энд амьдарч байгаа хүмүүс 20-30 жил хүлээсэн.Энэ хүмүүст цаг хугацаа маш үнэ цэнэтэй.Засгийн газар бидэнд цалин өгөөд, хооллоод суулгаагүйгээс хойш бид өөрсдөө хоолоо олж идэх ёстой.Тэгэхээр нэг өдөр, нэг сар ч ганцдахгүй, эртхэн асуудлаа шийдүүлж амьжиргаагаа дээшлүүлэх хэрэгтэй байна.Ногоогоо тарьмаар байна.
Бид нуурын эрэг дээр шинэ, хөөрхөн тосгонтой болно.Шинээр амьдарна гэж хүлээж байна.Гэтэл тэр гоё зураг, төлөвлөлт олдохгүй болжээ.Төлөвлөлтийг хийсэн компаниас сураглахад УЦС-ын төслийнхөн мөнгөө төлөөгүй учраас бид зургаа өгөөгүй гэсэн.Тэгэхээр ямар ч төлөвлөлт, ямар ч төлөвлөгөө байхгүй гэсэн үг.Цаашдаа хэдэн жил хүлээх нь ч тодорхойгүй.Бүх юм тодорхойгүй байгаад гомдолтой байна. Үүнийг би Монгол Улсын Засгийн газар өөрөө хүний эрхийг зөрчиж байна гэж харж байна. Тиймээс бид нэн түрүүнд Хүний эрхийн комисст хандана.Цаашлаад Засгийн газрыг Захиргааны хэргийн шүүхэд өгнө. Бид өөрсдөдөө тааламжтай, багийн төвөөс холгүй суурьшлын бүсээ тогтоолгох, амьдралын үндсэн хэрэгцээ эрчим хүч, худаг ус гэх мэт дэд бүтцийг яаралтай бий болгуулах, газрыг хуулийн дагуу өмчлөх, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийтийн үйлчилгээг яаралтай бий болгож өгөөч гэж Засгийн газартай тохиролцмоор байна. Эсвэл одоо байгаа энэ газрыг өмчлүүлж өгөөд биднийг нөхөн төлбөр авах баталгаатай болгож өгнө үү гэсэн тодорхой хүсэлтэй байна.Засгийн газартай ширээний ард ярилцъя. Үгүй бол Олон улсын хүний эрхийн байгууллагад хандана.
Эгийн голын УЦС
1964-1970 онд ЗХУ-ын Усны хүрээлэн Монгол Улсын нутаг дэвсгэрт судалгаа хийгээд 28 байршилд УЦС байгуулах боломжтой гэждүгнэжээ.Тэдгээрийн нэг нь Эгийн гол юм.
1992 онд АХБ-ны санхүүжилтээр Эгийн гол дээр УЦС барих анхны ТЭЗҮ-ийг Швецари, Итали, Монголын компани боловсруулж эхэлжээ.
1996-1997 онд дээрх ТЭЗҮ болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээг үндэслэн Засгийн газар энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд ажил хийсэн боловч зогсжээ.
2006 онд УИХ-ын баталсан Монгол Хятадын хоорондын хөнгөлөлтэй эзэлийн 300 сая доллараар Эгийн голын УЦС-ыг байгуулахаар хэлцэл хийж тендэр зарлан Хятадын компани шалгарсан боловч ажил урагшилсангүй.2013 онд төслийн нэгж байгуулагдаж судалгаанууд хийж шинэчилсэн ТЭЗҮ боловсруулсан ч хэрэгжсэнгүй. Энэ болгон дээр Хантайн иргэдийг нүүлгэн шилжүүлэх яриа гарч сэтгэл санаа, эдийн засгийг дарамтад оруулж, цаг хугацаа, хөгжил дэвшлийг нь үрж, тодорхойгүй хүлээлтэд байлгаж ирсэн байна.Хантайн иргэдтэй уулзахад ганц л асуудлыг ярьж байна.Бидний эрх зөрчигдсөөр байх уу гэж.
Хаашаа, хэзээ нүүхээ ч мэдэхгүй…
Хантай багийн бага сургуулийн багш М.Гансолонготой сургуулийн эрдмийн баяр болж ахуйд таарч ярилцсан юм. Энэ өдөр тус сургуулийн тавдугаар ангийг долоон хүүхэд төгсч, нэгдүгээр ангийн зургаан хүүхэд үсэглэлийн баяраа хийж байлаа.
-Сургуулиар орлоо, цомхон мөртлөө бүх юмтай хүүхдийн дуу цалгисан ”Хөөрхөн гэр” юмаа?
-Тийм шүү, энэ сууриндаа хамгийн том байшинтай, хамгийн хөгжил дэвшил, амжилт, хөл хөдөлгөөн, дуу шуутай газар.Сургууль 42 сурагч, зургаан багш, 6зургаан ажилтантай, дотуур байртай.Нэг багшид 6-12 хүүхэд ногддог, хүүхэд бүртэй тулж ажиллах боломжтой.Тэр хэрээр хүүхдүүд маань сурлага сайтай.Багш нар бид гүйцэтгэлийн үнэлгээгээр аймагтаа удаа дараа тэргүүлж боловсролын сайдаас магтаал сонссон.Багийн хүн амын бүртгэлээр сургууль 60-70 хүүхэдтэй байх боломжтой ч олон айл хүүхдээ сум, аймгийн сургуульд шилжүүлсэн.Энэ нь УЦС барина, Хантайн төвийг нүүлгэнэ гэдэг яриа удаа дараа гарч ажлын байр цөөрсөнтэй холбоотой.Айлууд нүүж шилжсээр байгаад сургууль маань татан буугдах вий гэж санаа зовдог.
-Таныг Хантайн төвийн иргэдийн өмнөөс дуугардаг ганц хүн гэж надад хэлсэн?
– Дуугарахаас өөр арга алгаа.2018 онд манай ээж бурхан болсон.Би энд ажиллуулж байсан дэлгүүрийг өвлөж авахаар хөөцөлдөж эхэлсэн ч байшин нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй гэдгээр мухардсан.Тэгээд бодоод үзэхэд бид ямар ч өмч хөрөнгөгүй, хов хоосон улс болж таарлаа.Ээж маань 2012 онд аж ахуйн нэгждээ газар аваад үл хөдлөхөөр үнэлүүлсэн. Харин түүн дээрх байшин, сүүлд нь бидний хийж бүтээсэн орон гэр ямар ч үнэлгээ байхгүй, бидний суугаа газар нь өмчлөлгүй, мал, машин хоёроос өөр өмч байхгүй гэсэн үг. Энийг олж хараад асуудлыг сөхөж гаргаж ирсэн хүн нь би.
-Өмчийн баталгаагүй байх нь ямар үр дагавартай вэ?
-Энд ажлын байр ховор, айлууд цөөн хэдэн малтай түүгээрээ амьжиргаагаа залгуулдаг.Ядахдаа өөрийн үндсэн хөрөнгөтэй бол банкны барьцаанд тавьж зээл авах, жижиг бизнес эрхлэх боломжийг их алдаж байна.Манай эндхийнхэн газрын үнэ цэнийг ойлгоогүй, ойлгосон ч дуугарах чадваргүй байна.
-Дарга нар санал, хүсэлтэд чинь ямар хариу өгдөг вэ?
– Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг 2023 онд энд ирэхэд би уулзсан.УЦС барих нь тодорхой бол биднийг эртхэн нүүлгэ, шинэ сууршлын бүс тогтоож өгөөч, газрыг нь өмчлүүл, энд ингэж цаг алдаж байхаар тэндээ төвхнөж байя гэдгээ хэлсэн.Ерөнхийлөгч УЦС-ыг барина. Энэ хүмүүсийг хохироогоод байж болохгүй. Газрын асуудлыг нь зохицуул гэж аймаг, сумын дарга нарт үүрэг өгсөн.Аймаг, сумын дарга нарт Засгийн газрын 2016 оны 285 дугаар тогтоолоор тийм эрх мэдэл байхгүй шүү дээ.
– Засгийн газрын тогтоол гарахаас өмнө газраа өмчилсөн айл хэд байна вэ?
– Хоёр жижиг дэлгүүр байдаг. Тэднийг 2012 онд аж ахуйн нэгж бол, татвар төл гэж шаардаж газрыг нь олгож дэлгүүрийг нь үнэлээд гэрчилгээ өгсөн юм байна лээ. Өөр газраа өмчилсөн айл байхгүй.
– Газар чөлөөлөх боллоо гэхэд та нарт улс ямар туслалцаа үзүүлэх бол?
– Зөвхөн нүүх зардал л өгөх байх. Газраа өмчилж чадаагүй ч эзэмшвэл байшингаа үнэлүүлэх эрхтэй болох гээд байна. Нүүхдээ тэр үнэлгээгээрээ нөхөн олговор шаардаж болох юм.Улаанбаатарын айлууд газраа чөлөөлж өгөхдөө 2-3 өрөө байраар сольсон гэх юм.Бидний газрыг авахдаа яагаад ийм хатуу хандаж байгаа юм бол.
– Шинэ суурьшлын бүсийн тухай Засгийн газар ямар танилцуулга хийж байсан бэ?
– 2016 онд бидэнд танилцуулсан төслөөр энэ төвөөс дөрвөн км-ийн цаана сургууль, цэцэрлэг, эмнэлэгтэй, айл болгонд орон сууцтай байхаар гоё төсөл танилцуулж байсан. Тэгээд сураггүй болсон.Хэзээ тэр нь баригдаж, хэзээ бид тэнд өмчтэй болж сайн сайхан амьдрахыг мэдэхгүй байна. Нүүж ч болдоггүй, сууж ч болдоггүй, шинээр юм бүтээж ч болдоггүй хэдэн хүн байна. Миний мэдэхийн 32 жил ярилаа. Бараг бүхэл бүтэн нэг үе хохироод өнгөрч, бидний үе дуусаад дараагийн үе яахыг мэдэхгүй.
Малын бэлчээр, машин замгүй боллоо
“Баялаг Хантай” хоршооны гишүүн Ц.Болормаа залуу насандаа Хантай цогцолборын үтрэмд ажиллаж, нөхөр нь тракторын жолооч хийж байжээ. 1990 онд энд УЦС барина гэсэн яриа гарч зэрэгцээд газар тариалангийн аж ахуй, механикжсан үтрэм хувьчлагдан үрэн таран болжээ. Олон хүн ажил хайж Эрдэнэт, Улаанбаатар, Хутаг-Өндөр сум руу шилжин явахад Болормаагийн гэр бүл ч яваад 10 гаруй жил хот суурин газар ажиллаж тэтгэврээ тогтоолгоод нутагтаа ирсэн байна.
-Бид одоо аав, ээжийнхээ байшинд амьдарч байна.Шинэ хашаа, байшин барьсангүй.Хэзээ нүү гэх бол гэж хүлээж суудаг.Газрын харилцааны талаар надад ажиглагдсан хоёр асуудал байдаг.Тариаланч хүний хувьд газраас шимийг нь хүртэж байгаа бол хайрлаж тордож, эмх замбараатай, соёлтой эдлээсэй.Дур дураараа, хүниймсэг хандаж байна.
Хадлангийн талбайг малчдад өмчилж өгөөсэй.Манайхан тус тусдаа дээр үеэс хадлан авч ирсэн талбайтай.Намар болохоор танайх манай талбай дээр орсон, ороогүй гээд бөөн маргаан болдог.Хадлангийн талбайг малын тооноос нь хамааруулж өрхөд хэмжиж өгөөд улс татвар хураамжаа авч болно шүү дээ.
Тариан талбайн хувьд хувийн компаниуд хэмжээт талбайгаасаа өргөтгөж, тэлж хагалаад малын бэлчээрийг шахаж байна.Малаа хаана нь бэлчээх болж байна. Багийн төвийн урдуурх талбайг Магсаржав САА-н үед “270” нэрлэдэг байсан. /270га/ Одоо харахад лав 310 га-с илүү болсон. Энэ тухай сумын удирдлагад хэлэхэд “шалгуулъя” гээд чимээгүй болсон. Хариу нэхэхээр “Шалгалтаар зөрчил илрээгүй” гэдэг. Засгийн газрын 285 дугаар тогтоолд халианы талбайд хамрагдах газарт тариа тарих тухай заалт байхгүй байхад “270”-д хувийн компаниуд тариа тарьсаар байгаа. Талбайг хэтэрхий өргөжүүлснээс машины зам нь явахад бэрхшээлтэй болсон гэв.
Ж.СЭЛЭНГЭ