Categories
мэдээ улс-төр

Чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны Хаврын чуулганы өнөөдрийн /2024.05.28/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЦАГ ТАНХИМ
1 ·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·      Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 4 гишүүн 2024.05.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Ганболд нарын 6 гишүүн 2024.05.17-ны өдөр өдөр мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·      “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2024.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·    Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Б.Баттөмөр 2024.02.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·   Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2024.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

14.00 “Их Эзэн Чингис хаан”
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав DNN.mn

Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга, цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Үүлний хооронд, үүл газрын хооронд цахилгаан цэнэгийн ниргэлгээ болохыг аянга гэж нэрлэж нэрлэдэг.

Аянгатай үед пийшин, зуух, цонхны ойр байх, радио, зурагт залгах, усанд орох, уул толгойн оройд байх, унадаг дугуй, мотоцикл, задгай машин, трактор, мориор явах, гар утсаар ярих, утасны мод, уурын зуухны яндан, өндөр хүчдэлийн шугам зэргийн ойр байхыг хориглодог гэж ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Автобусны бүхээгтээ тамхи татсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгожээ DNN.mn

Камерын бичлэг болон иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, автобусны жолоочид хариуцлага тооцжээ.

Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа бүхээгтээ тамхи татсан жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заасны дагуу дээрх шийтгэлийг оноосон байна.

Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Ч.Өнөржаргал: Төрийн албан хаагчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэхийг хуулиар хориглох нь хүний эрхийн ноцтой зөрчил DNN.mn

Төрийн албан хаагч өөрийн үзэл бодлоо олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд илэрхийлэхийг хориглосон заалт Төрийн албаны тухай хуульд байдаг ажээ. Энэ нь хүний эрхийн зөрчил мөн болох талаар хуульч өмгөөлөгч Ч.Өнөржаргалтай ярилцлаа.


-Төрийн албан хаагчийн тухай хуульд төрийн албан хаагч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр байр суурь илэрхийлж болохгүй гэдэг заалт байдаг гэв үү. Энэ талаар дэлгэрүүлж өгнө үү?

-Төрийн албан хаагчийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13-д “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээхийг хориглоно” гэж заасан. Энэ нь төрийн албан хаагч иргэнийхээ хувьд ч аливаа асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлэх эрхийг хязгаарласан нь Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарласан зохицуулалт гэж үзэхээр байгаа юм.

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд Төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хуульчилсан байх бөгөөд хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.10-д “албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр, засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх” гэх зохицуулалт байх боловч сүүлийн үед Төрийн байгууллага бүр дэргэдээ Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албатай болсноос хойш Төрийн албан хаагчид албаны байр сууриа ч илэрхийлэх орон зай хумигдсан. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд төрийн нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх явцад олон янзын үзэл бодол, зарчмын байр сууриуд гардаг боловч тэдгээр мэргэжлийн байгууллагууд өөрсдийн байр сууриа ч илэрхийлэх боломж нь хязгаарлагдах болсон. Энэ нь нэг талдаа төрийн албыг улам бугшсан, хаалтай, төрийн албанд итгэх иргэдийн итгэлийг бууруулахад хүргэж байхыг үгүйсгэхгүй юм.

Засгийн газар хүний эрхийг хангахтай холбоотой цогц хуулиудын төслийн хүрээнд Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг өргөн барьсан боловч УИХ хүний эрхийг хангах, хамгаалахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх гэхээсээ илүүтэй сонгогчдод таалагдах хуулийн төслүүдийг хэлэлцээд байгаа нь ажиглагдаж байна.

-Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эрхийн зөрчил болох уу?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д онц байдал зарласан үед ч хязгаарлаж үл болох эрхүүдийг хуульчилсан байдаг. Тухайлбал, Хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг хөндөж болохгүй.

Өөрөөр хэлбэл, онц байдал зарласан үед ч хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах эрх хэнд ч байхгүй. Энэхүү үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг баталгаажуулсан байдаг.

Гэтэл энэ иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг төрийн алба хаагч байсных нь төлөө Төрийн албаны тухай хуулиар хязгаарлаж болох уу. Бодоод үз л дээ. 2019 оноос хойш Төрийн албаны тухай шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш төрийн алба хаагчид цахим орчинд ихэвчлэн нэр, зурагаа нууцалсан байдалтай байдгыг бид ч андахгүй болсон шүү дээ.

-Ер нь ингэж хуулиар хориглох нь ямар үр дагавартай вэ?

-Төрийн албаны бүх түвшинд байх ёс зүй болон авилга, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй асуудал нуугдмал байдалд шилжихийг үгүйсгэхгүй. Хэдийгээр Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд төрийн алба хаагч нийтийн эрх ашгийн төлөө үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нээж өгсөн байх боловч уг хуулийн төсөл батлагдсангүй. Гэхдээ хууль тогтоомжийн системчлэлийнх нь хувьд төрийн алба хаагчийн шүгэл үлээсэнтэй холбоотой зохицуулалтыг Төрийн албаны тухай хуульд оруулж өгөх хэрэгтэй гэж хуульчийн хувьд бодож байна.

2019 оноос Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш төрийн албан хаагч төрийн бодлоготой холбоотой албан бус байр суурь илэрхийлэх эрх нь хязгаарлагдсаар ирсэн гэсэн үг. Төрийн бодлого гэдэг өргөн агуулга бүхий ойлголт. Гэтэл Төрийн албан хаагч нь иргэнийхээ хувьд аливаа асуудлаар албан бус байр суурь илэрхийлэх эрхийг хязгаарлана гэдэг хүний эрхийн зөрчил.

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар энэ асуудлыг зохицуулах гэж оролдсон уу?

-Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл батлагдах хүртэл Төрийн алба хаагчдын үзэл бодлоо илэрхийлэх хамгаалагдахгүй бөгөөд тухайн хууль батлагдсан ч гэсэн Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.13-д “хэвлэл, мэдээллийн хэрэгслээр болон цахим хуудас, нийгмийн сүлжээний хэрэгслээр төрийн бодлоготой холбоотой асуудлаар албан бус байр суурь, улс төрийн үзэл бодлоо илэрхийлэх, улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийн талаар эерэг, сөрөг мэдээ, мэдээлэл түгээх;” гэх заалтад “Төрийн бодлоготой асуудлаар албан бус байр суурь илэрхийлэх” гэх агуулгад зохих нэмэлт, өөрчлөлт орохгүй л бол үзэл бодлоо илэрхийлэх эрх зөрчигдсөөр л байх болно.

Хамгийн бодитой жишээ бол Боловсролын зээлийн сангийн ажилтан байсан иргэн О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сантай холбоотой асуудлаар 2021-2022 онд Боловсролын яамны бүхий л албан тушаалтанд хандаж байсан боловч огт шийдвэрлээгүйгээр бүтцийн өөрчлөлтөөр ажлаас халж байсан байдаг. Шүгэл үлээгч О.Сийлэгмааг Хэвлэлд мэдээллийн хэрэгсэлд хандсаны дараа ажилд буцаан томилох талаар холбогдох удирдлагад нь Энх-Амгалан сайд хэлсэн байдаг. Гэвч бүтцийн өөрчлөлтөөр иргэн О.Сийлэгмааг ажлаас чөлөөлсөн тул Боловсролын зээлийн санд ажиллах боломжгүй болсон байдаг. Тэгэхээр Төрийн албан хаагчдын үзэл бодлоо илэрхийлэх битгий хэл хууль тогтоомжийг сайжруулах тухай саналыг ч төрийн албаны шат шатны удирдлага сонсож чадахааргүй эмзэг болсон гэсэн үг биздээ. Энэ бол асар том гачуудал, ухрал юм.

Тиймээс төрийн албан хаагчдын албаны чиг үүргээс бусад асуудлаар өөрсдийн албан бус байр сууриа илэрхийлэх эрхийг нь нээж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа юм.

 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг Туркээс албадан авчрав DNN.mn

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Н”-ийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлсан аж.

Иргэн “Н” нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан байсан. Түүнийг Монгол улсад авчрах ажиллагааг Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран зохион байгуулжээ.

 

Эх сурвалж: ЦЕГ-ын Хэвлэл Мэдээллийн Төв

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Газар тариаланг гаргуунд нь гаргав уу? DNN.mn

Монгол ардын нам “Атрын III аян”-ыг улс даяар зарлан сүйд болоод сонгуульд ялдаг байсан. 2008 оны сонгуулийн өмнөхөн “Атрын III аян” үндэсний хөтөлбөрийн нээлт” гэж бүх тариаланчдыг цуглуулан төрийн ордонд чуулган хийж, намын дарга Ерөнхий сайд С.Баяр “Монголын газар тариаланд түүхэн шинэ амжилт боллоо” хэмээн тунхаглаж байсан. Ингэж газар тариаланд хайр зарлаж байсан эрх баригч нам энэ жил газар тариаланг бүр гаргуунд нь хаялаа. Дизель түлш өгдөг байснаа сүүлийн хоёр жил өгөхөө больсныг тариаланчид хэлж байна. “Дизель түлшийг бид 50 хувийн урьдчилгаа төлөөд авдаг байсан. Үлдсэн 50 хувийг нь намар будаагаар төлдөг байсан. Нэг га-д 8-10 литрийг бодож өгдөг байсан. Энэ бол тариаланчдад том дэмжлэг байсан. Гэтэл үүнийгээ сүүлийн хоёр жил өгсөнгүй. Ер нь сүүлийн үед хуучнаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, одоогийн “Хөдөө аж ахуйн корпораци” төрийн өмчит компанийн ажил нэг л биш болсон. Үрийн будаа авахад маш хүндрэлтэй болсон. Зарим нь одоо хэр нь үрийн будаагаа авч чадаагүй тариалалт хойшилж байна. Аливаа ажлыг дандаа хугацааг нь хожигдуулна. Бордоо, ургамал хамгааллын бодис гээд хэрэгтэй зүйлийг тариалалтаа хийсний дараа нь өгч бид бүхнийг доромжилж байх жишээний” гэж тариалан эрхлэгчид ам уралдан ярьцгааж байна.

Энэ жилийн хувьд тариаланчид бор зүрхээрээ зүтгэж, ёстой урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн тариалалтаа явуулж байгаагаа хэлсэн. Засгийн газраас гурилын импортын татварыг тэглэсэн. Гаднаас хямд гурил оруулж ирэн гурилын үйлдвэрүүдийн монополь байдлыг дарж авах гэсэн төрийн бодлого мөн боловч тариаланчдын улаанбуудай борлогдохгүй байх магадлалтайг хүн бүхэн хэлж байна. Мөн тариаланчдын эрсдлийг Засгийн газар бүрэн хариуцна, будааг нь худалдаж авна гэж хэлж байгаа нь зүгээр л молиго үмхүүлсэн хоосон үг болохыг тэд харамсан өгүүлж байна. “Өдрийн сонин”-ы сурвалжлах баг саяхан Төв аймгийн тариалангийн бүс нутгаар явж сурвалжлага бэлтгэн газар тариалан яг ямар нөхцөл байдалтай байгааг уншигч олондоо хүргэсэн.

Жаргалант сумын тариаланч В.Мөнхжаргал “Улаанбуудай тариалах хүмүүс цөөрч байна. Оросоос улаанбуудай хямд үнээр оруулж ирж байна. Оросоос хямд улаанбуудай орж ирж байгаа болохоор дотоодын гурил үйлдвэрлэгчид бидний хурааж авсан улаанбуудайг мяалдаг, доош нь хийдэг. Үнийг нь өөрсдийнхөө хүссэнээр бууруулж авдаг. Үгүй бол авдаггүй. Гурил үйлдвэрлэгчид хэрэгцээнийхээ 10-20 хувийг л биднээс аваад үлдсэнийг нь Оросоос авч байна.Оросоос нэг тонн гурилыг 900 мянган төгрөгөөр авлаа гэхэд Монголд оруулж ирээд 1.4 сая төгрөгөөр зарчихаж болно. Гэтэл нэг тонн гурил гурван сая төгрөгт хүрч байна. Гурилын үнэ буурч байгаа гэдэг худлаа. Ингэж гурил үйлдвэрлэгчид 80-90 хувийн ашиг олж, үнээ хэд дахин нугалж ард түмнээ шулахын төлөө улайрч байна. Гурилын асуудалд төр засаг ашгийн стандарт тогтоож өгөх ёстой. Монгол Улс бие даасан улс мөн л юм бол стратегийн энэ бүтээгдэхүүнээ хамгаалах ёстой. Огтоос анхаарахгүй байна” гэдгийг хэлсэн.

2019 онд гурилын үйлдвэрлэл 210 мянган тонн байхад гурил үйлдвэрлэгчид 240 тэрбум төгрөг олсон бол 2023 онд үйлдвэрлэлийн хэмжээ 190 мянган тонн байхад олсон орлого нь 430 тэрбум хүрч хоёр жилийн дотор гурилын үнэ хоёр дахин нугарсныг энэхүү үзүүлэлт харуулж байна. Дэлхийн зах зээлийн ханшаас гурав дахин үнээр дотоодын гурил үйлдвэрлэгч компаниуд гурилаа зарж байна, үнээ хямдруул гэж Засгийн газар шаардсан. Үүнээс улбаалан гурилын импортын татварыг тэглэсэн. Гэвч бодит байдал дээр гурилын үнэ хямдарсангүй, харин ч бүр өсч, гурилын компаниуд Оросоос хямд үнээр улаанбуудай авч, дээрээс нь гаалийн татвараа тэглүүлээд авсан. Дунд нь ард түмэн тариаланчид хохироод үлдэж байгаа.

Бодит байдал дээр ийм л дүр зурагтай байна. Ер нь тэгээд гурилыг стратегийн хүнс гэдгээ ч төр засаг тоохоо больсон шиг байна. Сүүлийн үед газар тариаланг биш мал аж ахуйг ярих болсон. Үндсэндээ тариаланчдыг биш малчдыг дэмжих бодлого эрх баригч нам явуулж эхэллээ. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийг Засгийн газар баталж нэг малчин өрх 50 сая хүртэлх зээл авах боломжтой болсон. Нэг кг ноолуур 100 ам.долларт хүрнэ, малчид хоршооныхоо шугамаар түүхий эдээ боловсруулах үйлдвэртэй болно гэдгийг ярьж байна. Монголын мал аж ахуйд 300 мянган хүн байдаг юм гэсэн. Харин газар тариаланд 20 гаруй мянган хүн байдгийг Хөдөө аж ахуйн яамнаас хэлсэн. 15 мянга нь трактор комбанийн жолооч, үлдсэн таван мянга гаруй нь тариалангийн компаниудын ажилчин, албан хаагчид гэж байна. Тэгэхээр Ардын нам энэ удаагийн сонгуульд 20 мянган хүнтэй газар тариалангийн салбарыг гаргуунд нь хаяад 300 мянган хүнтэй мал аж ахуйн салбарыг гол бодлогоо болгож байна.

Улс орныхоо хөгжил цаашдын ирээдүйг бодсон бол газар тариалан нь хамгаас чухал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Монголчууд бид 1959 онд атар газар эзэмшиж 60-аад оноос гурилын хэрэгцээгээ хангаж эхэлсэн гэдэг. Гэвч ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсан. Атар газар эзэмшихээс өмнө Монголд гурилын найман үйлдвэртэй байсан ч гурилаа Оросоос авч байсан. Дэлхийн хоёрдугаар дайны үед оросууд “Та бүхэн 25 хувиа өөрсдөө ханга, бид илүүг өгч чадахгүй” гэж монголчуудыг гурилаар нь чангалж байсныг хуучцуул ярьдаг. Хувьсгалаас өмнө бид Бээжингээс гурилаа зөөдөг байсан. Ийнхүү ямар ч цаг үед бид гурилаар гаднаас хараат байсаар ирсэн байгаа биз. Харин хоршоотой, хоршоогүй мал бол байж л байдаг. Хичнээн зуд турхан болж үхэж үрэгдлээ ч монголчууд малаар дутаж, махгүй болж байсан түүх байхгүй.

Тиймээс малчин хоршоо гэж Засгийн газар малчдын өмнө бөхөлзөхийн оронд стратегийн гол хүнс гурилаа, газар тариалангаа өөд нь татах байсан юм. Малчдад өгч байгаа зээл тусламжаа тариаланчдад өгч, ядахдаа тариаланчдынхаа түлш шатахууныг нь өгдгөөрөө өгч тариалангийн салбарыг босгож ирэх байлаа. Сонгууль болоод ингэж байгаа юм байхдаа гэж бодохоос. “Атрын III аян”-аар ялж байсан Ардын нам атрын аянаа хаяад ялах юм байлгүй дээ.

Өнөө жил манай улс 360 мянган га-д улаанбуудай тарьж байгаа. Ирэх намар 400-гаад мянган тонн улаанбуудай хурааж авах тооцоо судалгаа байгааг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлсэн. “Оросоос улаанбуудай оруулж ирдгийг зогсоох шаардлагатай. Оросоос ганцхан юм ав, тэр нь улаанбуудайн элит үрийг ав. Харин таваарын улаанбуудай худалдаж авахыг бүр мөсөн хоригло” гэж тариаланчид эсэргүүцэж байна. Мөн төр засгийн халамжийн бодлого газар тариаланд нөлөөлж буйг халаглан ярьж байна. Газар тариаланд ажиллах хүчин байхгүй боллоо. Өдрийн 70 мянгаар ажиллах хүн олдохгүй байна. Халамжийн бодлого ард түмнийг ийм байдалд оруулсныг хэлж байна. Тариаланчдын өр зээл хэрээс хэтэрлээ, үр бордоогоо авч чадахаа байлаа, түлшээ авч чадахаа байлаа. Техник тоног төхөөрөмжөө шинэчилж, сайжруулж чадахаа байлаа. Энэ байдлаараа дахиад нэг жил болох юм бол Монголын газар тариалан сэхэхгүй гэдгийг тариаланчид төр засагт хатуу анхааруулж байна. Газар тариалангийн салбар бодит байдал ийм хүнд нөхцөлд байхад “Гурилынхаа хэрэгцээг дотооддоо 100 хувь хангана. Илүү гарсан улаанбуудайгаа гадагшаа экспортолно” гэж салбарын сайдууд нь үеийн үед үлгэр ярьж ирснээ одоо болих хэрэгтэй.

Д.Батболд

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр луу өдөр DNN.mn

Аргын тооллын тавдугаар сарын 28, Ангараг гариг. Билгийн тооллын 20, Яруу эгшигт одтой, хар луу өдөр. Өдрийн наран 05:00 цагт мандаж 20:39 цагт жаргана. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 05 дугаар сарын 27-нөөс 06 дугаар сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи,

мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хур тунадас 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 30,31-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 06 дугаар сарын 01-нд баруун болон төвийн айгуудын нутгийн зарим газраар, 02-нд нутгийн зарим газраар, 03-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд нутгийн төв хэсгээр, 05-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно, дуу цахилгаатай.

Салхи: 27, 31-нд Алтайн уулархаг нутгаар, 28-нд говь, тал, хээрийн нутгаар, 06 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 03,04-нд зарим газраар секундэд 15-17 метр, түр зуур секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13…+18 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгаар нутгаар шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +27…+32 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +18…+23 градус дулаан байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 28,29-нд бороо, 06 дугаар сарын 01-нд бага зэргийн бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. Борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +15….+20 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт  Сонгогчдын боловсролын төвийн гүйцэтгэх захирал С.Оюунтуяатай ярилцлаа. Тэрбээр “Сонгогчдын санал нууцлалтай болохоор ямар нэг нөлөөнд автахгүйгээр өөрийнхөө итгэл үнэмшлээр сонгуулиа өгөх хэрэгтэй” хэмээн ярилаа.

Хуульч, Өмгөөлөгч Ч.Өнөржаргал “Төрийн албан хаагчийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэхийг хуулиар хориглох нь хүний эрхийн ноцтой зөрчил” гэлээ.

  • Хан-Уул дүүргийн 26 дугаар хороо Дүнжингарав худалдааны төвийн урд газ тээвэрлэж явсан автомашин шатаж, ослын улмаас 10 хүн нас барсан. Улмаар гал ойролцоох “Edu apartment” орон сууцны барилга руу орсон. Оршин суугчид нь амьдрах нөхцөлгүй болж, түрээсийн байранд амьдарч буй юм. Галын хохирогчид: Шатсан байраа хүүхэд өдөр бүр харсаар сэтгэл санааны хямралд орчихсон

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “АН сонгуульд оролцохгүй бол манай сонгуулийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Л.Гантөмөр “АН Монголын ардчиллыг хамгаалж УИХ-ын сонгуульд оролцоно” гэлээ.

Монгол Улсын ардын жүжигчин хөгжмийн зохиолч, кино
найруулагч, дуурийн дуучин  А.Энхтайван “Жанцанноров гуай “Хүний заяа” дуугаа надад зориулж хийсэн юм” хэмээв.

Монголын хүнд үйлдвэрийн эрдэс холбоо”-ны гүйцэтгэх захирал М.Буянбадрах “АМНАТ-аар үйлдвэрүүдийг УИХ дахь АН-ын бүлгийн дампууруулж байна” хэмээн ярилаа.

Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо “Бид Монголдоо төдийгүй дэлхийн жишиг номын сантай болохоор хичээн ажиллаж байна” гэлээ. Энэ тухай I болон  VII нүүрээс уншаарай.

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
гадаад

“Оросын хууль”-ийн эргэн тойронд DNN.mn

Гүржийн парламентаас баталж, Ерөнхийлөгч нь хориг тавьсан “Оросын хууль”-ийг эсэргүүцэгчид баасан гарагийн орой Тбилисид олон мянган хүний жагсаал хийлээ. Тэд гартаа хүчний байгууллагынханд зодуулсан идэвхтнүүд болон сөрөг хүчнийхний гэрэл зургийг барьж Эрх чөлөөний талбайгаас Дотоод хэргийн яамны байр хүртэл жагсаал хийв. Харин энэ хооронд Гүржийн парламент Ерөнхийлөгчийн хоригийг хүчингүй болгохоор бэлтгэж байгаа аж. Баасан гарагт болсон жагсаал нь жагсагчдын эсрэг цагдаа нарын хүчирхийллийг эсэргүүцэн, баривчлагдсан болон шархадсан хүмүүстэй эв санааны нэгдлээ илэрхийлсэн явдал юм. Уг жагсаалын урд хууль сахиулах байгууллагынханд хандсан “Гүрж улсынхаа төлөө зүтгэ!” гэсэн уриалга бүхий асар том тугийг барьсан байсан бол мөн урьдын адил Европын Холбоо, Гүрж улсын далбаа ч харагдаж байв. Өмнөх жагсаалтай харьцуулахад АНУ-ын далбаатай жагсагчид илт олон байжээ.

Дотоод хэргийн яамны байрны өмнө жагсагчид цагдаагийн хамгаалалттай тулав. Гэсэн хэдий ч энэ удаа цагдаа нар ч, жагсагчид ч тайван байсан нь онцлох зүйл болов. Тэр ч байтугай, Гүрж улсад сар гаруй хугацаанд үргэлжилж буй “Гадаадын нөлөөллийн ил тод байдлын тухай” хуулийг эсэргүүцсэн энэ удаагийн жагсаалын үеэр цагдаа нар хуяг дуулга өмсөөгүй байсан нь содон харагдаж байлаа.