Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарын 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байна DNN.mn

2024 онд нийслэлийн замын сангийн хөрөнгөөр нийт 17 байршилд хотын гол болон туслах гудамж, замуудын шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөжээ.

Энэ сарын 26-ны байдлаар зургаан байршилд засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа аж. Тодруулбал,

  • Намьяанжүгийн гудамж буюу Зүүн 4 замаас урагш Нарантуулын уулзвар хүртэлх
  • Амгалангийн зам буюу Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх
  • ХААИС-ийн уулзвараас зүүн тийш Буган халиун чиглэл
  • Соёолжийн нүхэн гарцаас Нарантуулын уулзвар хүртэлх
  • Хилчин гудамжны засвар шинэчлэлтийн ажил хийгдэж байна.

Харин хотын гол болон туслах гудамж, замын урсгал засвар буюу нүхэн эвдрэлийг засварлах ажлыг төвийн зургаан дүүрэгт 201 байршилд хийнэ. Замын нүхэн эвдрэлийг засварлах ажил 35 хувьд хүрчээ.

Одоо Нарны зам, Энхтайваны өргөн чөлөө, 22-ын товчоо, Өнөр хороолол, Үйлдвэрчний гудамж, Хүнсчдийн гудамжны авто зам зэрэг 30 орчим байршилд авто замын нүхэн эвдрэл засварлах ажил үргэлжилж байгааг мэдээллээ.

Дараах замуудын нүхэн эвдрэлийг засварлаж, дуусжээ.

  1. Чингэлтэйн өргөн чөлөө
  2. Галданбошогтын гудамжны авто зам
  3. Хайлаастын зам,
  4. Ажилчны гудамжны авто зам
  5. Хараагүйчүүдийн төвийн зам
  6. Хасбаатарын гудамж
  7. Ард Аюушийн гудамжны авто зам
  8. Хүннүгийн гудамжны авто зам
  9. Шархадны гудамжны авто зам
  10. Натурын туслах авто зам
  11. Олимпын гудамжны авто зам,
  12. Парисын гудамжны авто зам.
Categories
мэдээ нийгэм

Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хааж хэсэгчлэн засна DNN.mn

Ботаникийн эцсээс Төмөр Замын гарам хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22.00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Амгалангийн авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг үргэлжлүүлэн хийж эхлэх юм. Төмөр замын гармаас Улиастайн гүүр хүртэлх хоёрдугаар хэсгийн авто замыг тавдугаар сарын 2-ны өдрийн 06.00 цагаас тавдугаар сарын 5-ны өдрийн 06.00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучих ажил хийх юм.

Categories
мэдээ цаг-үе

Нам, эвслүүдийн сонгуульд орох хүсэлтээ СЕХ-нд хүргүүлэх хугацаа маргааш дуусна DNN.mn

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдийн хүсэлтийг 2024 оны 4 дүгээр сарын 26, 27, 28-ны өдөр хүлээн авч байна.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, гишүүн Д.Баяндүүрэн, Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ нар 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 6 нам, 1 эвслийн хүсэлтийг хүлээн авлаа. Тодруулбал, Эх орончдын нэгдсэн нам /ЭОНН/, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам /ИОНН/, Үндэсний эвсэл /МНН-МҮАН/, Их эв нам /ИЭН/, Иргэний зориг ногоон нам /ИЗНН/, Ард түмний олонхийн засаглал нам /АТОЗН/, Бүгд найрамдах нам /БНН/-ын удирдлагууд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ өгөв. Нам, эвслийн удирдлагууд сонгуульд оролцохдоо Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлсэн юм.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран нам, эвслүүдтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтарч ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 22 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн баримт бичгийг хүлээн авч, нягтлан шалгаад Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанд танилцуулах юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах юм.

Categories
мэдээ нийгэм

Монголын оюутны спортын VI наадам өндөрлөлөө DNN.mn

Монголын Оюутны спортын VI наадам энэ сарын 15-нд хөшигөө нээсэн. Спортын 10 төрөлд буюу жүдо бөх, чөлөөт бөх, сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, гандбол, хөлбөмбөг, чирлидинг, таеквондо,шатар гэсэн төрлөөр зохион байгуулагдав. Тэмцээнд 33 их дээд сургуулийн 1983 оюутан тамирчид, 600 дасгалжуулагч, шүүгч, сайн дурынхан оролцож 10 хоногийн турш амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Багийн нийлбэр дүнгээр эхний 6 байрт шалгарсан баг тамирчдыг танилцуулж байна.

  1. Монгол Улсын их сургууль
  2. Монгол Улсын боловсролын их сургууль
  3. Шинжлэх ухаан технологийн их сургууль
  4. Мон-Алтиус дээд сургууль
  5. Үндэсний биеийн тамирын дээд сургууль
  6. Их засаг олон улсын их сургууль тус тус шалгарав.
Categories
мэдээ цаг-үе

Амралтын өдрүүдэд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа үргэлжилнэ DNN.mn

Нийслэлд 2024 оны дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн өдөр бүр нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.

Өргөтгөсөн худалдаа энэ амралтын өдрүүдэд буюу 2024 оны дөрөвдүгээр сарын 27, 28-нд үргэлжилнэ.

Энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс 9 дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махыг худалдаалж байсан бол энэ долоо хоногт нэмэлтээр өдөр бүр өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхлээд байна.

Categories
мэдээ цаг-үе

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх замыг түр хааж, хэсэгчлэн засварлана DNN.mn

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлэх талаар мэдээллээ.

Нэгдүгээр хэсэг нь Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хаахаар болжээ.

Тус хэсгийн авто замын асфальт бетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсэг нь Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд засвар хийхээр болсон аж.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн таг болон авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальт бетон хучилтын ажил хийнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Болдбаатар: Малын шинэ халдварт өвчин гараагүй, хонины цэцэг өвчний цөөн тохиолдол илэрсэн DNN.mn

Монгол Улсын хэмжээнд зуданд үрэгдсэн малын сэг зэм устгах, ариутгах ажлын үйл явц болон мал, амьтны халдварт өвчний нөхцөл байдлын талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатартай ярилцлаа.


-Малын сэг зэм устгах, хайлдваргүйжүүлэх ажил ямар түвшинд явагдаж байна вэ?

-Зудын уршгаар өнөөдрийн байдлаар 6 сая 970 мянган мал хорогдсон. Монгол Улсын хэмжээнд малын сэг зэм устгалын ажил явагдаж байна. Сүхбаатар аймаг нэг сая 600 мянга гаруй малын хорогдолтой. Хэнтий аймаг 900 мянга орчим малын хорогдолтой. Төв, Дорнод, Дорноговь, Архангай зэрэг аймгууд малын хорогдол ихтэй байлаа. Одоогоор нэг сая 970 мянган малын сэг зэмийг устгасан. Сэг зэмийг устгах ажлын чухал хэсэг болох цуглуулах ажил эрчимтэй хийгдсэн, одоо ч хийгдсээр байна. Айлын хороо хотноос цуглуулаад, хөрс гэсч байгаа учраас булшлах ажил хийгдэж эхэлсэн.

-Устгах, булшлах ажил хэдий хэр хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна?

-Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар ажлын явцтай танилцсан. Засгийн газраас 14 хоногийн хугацаанд малын сэг зэмийг устгах, булшлах ажлыг хийж дуусгах үүргийг мэргэжлийн байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад өглөө. Сэг зэмийг устгах ажлыг тухайн шатны Засаг дарга зохион байгуулдаг.

Харин халдваргүйжүүлэх, мэргэжлийн зөвлөгөө, арга зүйгээр хангах ажлыг мал эмнэлгийн байгууллага хийж байна.

-Малын цэцэг өвчний тохиолдол хэд хэд бүртгэгдээд байгаа, ямар хариу арга хэмжээ авч байна вэ?

-Он гарснаас хойш хонины цэцэг өвчний хэд хэдэн тохиолдол гарсан. Энэхүү өвчний дэгдэлт Өвөрхангай, Дундговь аймгийн зарим сумдад гарсан тухай албан ёсоор оношилгоогоор баталгаажуулж мэдээлсэн. Говь-Алтай аймгийн Дэлгэр, Баянхонгор аймгийн Баянбулаг, Отгон сумын зааг дээр отроор нүүж очсон айл байгаа. Тус бүсэд буй гурван ойрхон айлд эрсдэл үүссэн. Яаралтай вакцинжуулалт хийсэн. Отроор нүүдэллэж байгаа айлууд маань албан ёсны зөвшөөрөлгүй байна. Оторлосон газраасаа нүүхдээ малынхаа эрүүл мэндийн үзлэгийг хийлгэх ёстой. Отроос ирсэн айлыг хүлээж авахдаа мөн үзлэг шинжилгээг хийх хэрэгтэй юм. Малчид үүргээ биелүүлэх нь чухал байна. Энэ үүргээ орхигдуулснаар халдварыг тараах эрсдэлтэй.

-Малын халдварт өвчин хэрхэн халдварлаж байна вэ?

-Малын халдварт өвчин хэрхэн халдварлах нь өвчнөөсөө шалтгаалаад өөр өөр. Вирусийн өвчнүүд өвчнийнхөө нөхцөл байдлаас хамаараад дамжин халдварлах нөхцөл нь өөр. Шүлхий, шувууны томуу зэрэг өвчнүүд хавьтах бүрт халдварладаг. Маш богино хугацаанд тээвэрлэгдэж, тархаж олон малыг өвчлүүлдэг. Хонь ямааны цэцэг, бог малын мялзан гэх мэт өвчин амьд малаас амьд малд дамждаг. Өвчтэй мал хашиж байсан хашаа хорооны өтөг бууцаар мөн дамжина. Мөн халдвартай малтай айлтай нэг худагт малаа услах нь халдвар авах эрсдэлтэй.

-Илрүүлэлт хэр хурдан байна вэ?

-Энэ жилийн хонины цэцэг өвчин өвөрмөц байна. Малчин хүн малаа хараад ямар ч шинж тэмдэг илрүүлж чадахгүй байна. Мэргэжлийн малын эмч цавь, нимгэн арьстай хэсгүүдийг маш сайн шалгаж байж илэрч байна. Шинж тэмдэг бага байгаа учир малчид маань дуудлага өгдөггүй. Хонины цэцэг өвчин тархаад байгаа нь үүнээс үүдэлтэй. Тод шинж тэмдэггүй, малын хорогдолгүй, төлийн хорогдолгүй учир вирус нэлээд дамжсан хойно малчид мэдээлж, дуудлага өгч байна.

-Саяхан Өмнөговь аймагт ирвэс галзуу өвчнөөр үхсэн байсан. Тухайн ирвэс галзуу өвчний халдвар тараасан уу?

-Албан ёсоор ирвэс галзуу өвчин халдварлуулсан мэдээ одоогоор байхгүй. Галзуу өвчний вирус махчин амьтад буюу нохой, үнэг, хярс, чоно зэрэг амьтдын шүлсэнд агуулагддаг. Махчин амьтан хоол хүнсний дутагдалд орох, дархлаа сулрах үед өвчилдөг. Эсвэл махчин амьтанд хазуулсан амьтан өвчилдөг.

-Монгол Улсын хэмжээнд малын эмч нарын хүрэлцээ, нийлүүлэлт хангалттай байна уу?

-1100 гаруй хувийн мал эмнэлгийн нэгжид 1500 орчим малын эмч ажиллаж байна. Сумдын мал эмнэлгүүдийн тасагт 400 гаруй малын эмч ажиллаж байна. Ажлын байр хангалттай байгаа ч бүрэн орон тоогоороо ажиллаж чадахгүй байгаа. ХААИС-ийг малын эмч мэргэжлээр жилд 100-гаад хүүхэд төгсдөг ч мэргэжлийнхээ дагуу ажиллахгүй байна. Тиймээс цаашид боловсон хүчний дутагдалд орох,ажиллаж буй хүмүүсийн дундаж насжилт өндөр байх хандлагатай.

-Гуйванга гэдэг шинэ халдварт өвчин гарлаа гэсэн мэдээлэл цахим орчинд яваад байгаа. Энэ үнэн үү?

-Үл ялгагдах, үл мэдэгдэх өвчний эрсдэл гарсан бол анхан шатнаасаа дуудлага ирээд МЭЕГ-т шинжилгээнд ордог. Одоогоор ямар нэгэн шинэ халдварт өвчин бүртгэгдээгүй. Малын шинэ халдварт өвчин гараагүй, хонины цэцэг өвчний цөөн тохиолдол илэрсэн.

-Малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг, хүний эмч хүнийг л эмчилдэг гэдэг. Яагаад ийнхүү хэлдэг юм бол?

-Таны идэж байгаа мах эрүүл, аюулгүй байх ёстой. Тэр мах эрүүл малаас гарах юм. Тиймээс таны хүнсийг аюулгүй, эрүүл байлгах гэж малын эмч нар ажиллаж байгаа. Бид ашиг шимийг нь хүртэх гэж мал малладаг шүү дээ. Тиймээс амьтны гаралтай бүх хүнс эрүүл байх ёстой. Хүнс эрүүл, аюулгүй байж бид эрүүл байна. Veterinarian гэдэг үг монгол хэл рүү малын эмч гэж орчуулагддаг. Уг нь бол амьтны эмч шүү дээ. Бид зөгийн бал хэрэглэдэг. Зөгий жижигхэн ч гэсэн амьтан мөн. Хэн ч зөгийн балнаас хордохыг хүсэхгүй. Зөгийн бал хортой байвал зөгийг эмчлэх шаардлагатай гэсэн үг.

-Малчид маань хэрхэн малын халдварт өвчнөөс сэргийлэх вэ?

-Малчид маань урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ сайн хийлгэдэг болсон. Нэг л шүүмжлэлтэй хандах зүйл байгаа нь дур зоргоороо отрын нүүдэл хийх. Тухайн бүс нутагт малын халдварт өвчний эрсдэл илэрлээ гэвэл малчид шөнөдөө нүүгээд явчихдаг. Тэрхүү үйлдэл нь халдвар тараах эрсдэл үүсгэдэг. Хамгийн хүндрэлтэй асуудал энэ юм.

Нүүж, нутаг сольж болно. Гэхдээ мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авч, малаа үзлэгт хамруулах хэрэгтэй. Сэжигтэй тохиолдол илэрсэн газраас нүүж байгаа айл замдаа таарсан бүх айлуудын малыг эрсдэлд оруулж байгаа юм. Малчид маань өөрийнхөө малыг өвчлүүлэхгүй байхаас гадна бусдын малыг өвчлөх эрсдэлд битгий оруулаарай.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Буянбилэг: Бодгаль сэтгэл судлалын онолоор хүүхдийг шийтгэх ч, урамшуулах ч хүмүүжлийн буруу арга юм DNN.mn

Эцэг эхчүүдийн дунд байдаг хүүхдийн хүмүүжил, төлөвшлийн тухай буруу ойлголтуудын талаар сэтгэл судлаач Э.Буянбилэгтэй ярилцлаа.


-Одооны хүүхдүүд том хүнээс айх, ичих мэдрэмж багатай байна гэх боллоо. Энэ юутай холбоотой вэ?

-Гэр бүл бол нийгмийн хамгийн жижиг хэдий ч хамгийн чухал үүрэгтэй бүлэг. Одооны хүүхдүүд гэлтгүй бүх цаг үеийн хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил нь ямар гэр бүл дунд өссөнөөс шууд хамаарна. Харин гэр бүл ямар үнэт зүйл, үнэлэмж, дэг журамтай байх нь нийгмээс хамааралтай. Жишээлбэл, бидний өвөө эмээ нарын өссөн гэр бүл, нийгэм биднийхээс өөр. Харин одооны хүүхдүүдийн эцэг эхчүүд ардчилсан нийгмийн буюу 1990-2000 оны хүмүүс байна. Тиймээс илүү эрх чөлөөний мэдрэмжтэй, нээлттэй, бага зэрэг хайнга эцэг эхчүүд бий болоод байгаа юм. Хүүхдээ ахмад, ах хүн хүндлэх гэдэг зүйлд сургахгүй байгааг нийгмийн ахмад үеийнхэн хурцаар шүүмжилж байгаа нь ажиглагддаг. Тиймээс зөвхөн эцэг эхчүүдийн буруу биш, нийгмийн хөгжилтэй холбоотой юм.

 

-Эцэг эхчүүдийн ямар үйлдэл, эс үйлдэл нь хүүхдүүдээ буруу зүйлд өөгшүүлж, буруу төлөвшихөд нөлөөлж байна вэ?

-Хүүхдээ ямар ч зүйл хийсэн бүх хүнээс өмөөрдөг, тэр байтугай багшаас нь хүртэл өмөөрдөг хандлага бол буруу. Хүүхэд сайн зүйл ч хийсэн бай, буруу зүйл ч хийсэн бай хариуцлагаа өөрөө үүрдэг байх хэрэгтэй. Хүмүүс дунд хүүхдээ сайн дүн авч, амжилт гаргах үед урамшуулах нь их байдаг. Энэ нь хүүхдийн далд ухамсарт өөрөө өөрийнхөө төлөө бус эцэг эхийнхээ төлөө тэдгээр зүйлсийг хийсэн мэт сэтгэгдэл үлддэг. Өөрийнхөө төлөө биш эцэг эхийнхээ төлөө сураад байна гэсэн далд ухамсар суух нь байна.

Тиймээс эцэг эх урамшуулахаа болих үед хүүхэд онц сурч, амжилт гаргахаа больдог. Хүүхдээ шагнах хэрэггүй, харин түүний хийж, сурч байгаа зүйлс өөрөө өөрийнх нь сайн сайхны төлөө гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Чи сайн дүн аваад аав ээжийгээ баярлуулахдаа гол нь биш, өөрөө юм сурч байна гэдэг чинь чухал шүү гэдгийг хүүхдэд ойлгуулах хэрэгтэй.

-Одооны хүүхдүүд багштай хүндэтгэлгүй харилцах болсон нь ямар шалтгаантай вэ?

-Өнөөгийн нийгэмд завгүй эцэг эхчүүд олон болжээ. Тэдний гол үүрэг өглөө хүүхдээ сургууль, цэцэрлэгт хүргэж өгөөд орой авдаг болсон байна. Хүүхдийн хамгийн их үлгэр дуурайл авдаг хүн нь эцэг эх. Даган дуурайх онолын дагуу аав ээж нь багштай хүндэтгэлгүй харилцаад байвал хүүхэд ч бас тийнхүү харилцах юм. Хүүхдүүд харж байгаа зүйлсээсээ л суралцаж байгаа нь тэр. Эцэг эхчүүд өөрсдийнхөө оролцоог ухамсарлаж харахгүй байна. Боловсрол олгох үүрэгтэй багш таны хүүхдийг хүмүүжүүлэх үүрэг хүлээх ёсгүй.

-Эцэг эхчүүд ямар үүрэг хариуцлагаа гээгдүүлэх хандлагатай байна?

-Хүүхдийн онцлогийг эхлээд ойлгох хэрэгтэй. Бас хүүхдийн аав ээж нь өөрсдөө ямар орчин нөхцөлд өсч хүмүүжсэн нь хүүхдийн хүмүүжилд шууд нөлөөлдөг. Хүн багадаа ямар гэр бүлийн орчинд өссөн байна, яг тэр хүмүүжлээрээ хүүхдээ өсгөх гээд байдаг хандлагатай. Намайг хүүхэд байхад ийм байсан, одоо ч ийм байх ёстой гэдэг бол хэт туйлширсан бодол. Эцэг эхийн хүүхдэдээ ханддаг дөрвөн хүмүүжлийн хэв маяг байдаг. Үл хайхарсан, захирангуй, авторитар, хайхрамжгүй. Монгол эцэг эхчүүд ихэвчлэн захирангуй хэв маягаар хүмүүжсэн байдаг.

“Би зодуулаад муудсан, буруудсан зүйл алга” гэдэг бол ташаа ойлголт. Захирангуй хэв маягаар хандах нь өнөөгийн хүүхдүүд дээр ажиллахгүй. Та хүүхэдтэйгээ захирангуй харилцаж байвал алдаа гаргаж байна аа гэсэн үг. Хүүхдийнхээ суурь хэрэгцээнээс гадна сэтгэл зүйн хэрэгцээг сайн хангаж өгөх хэрэгтэй. Хайрлуулах, хүлээн зөвшөөрөгдөх, ярилцах, оролцох гэх мэт хэрэгцээ хүүхдүүдэд бий.

-Өнгөрсөн сард Монгол Улсад хийсэн судалгаагаар бага ангийн хүүхдүүд эх хэл дээрээ өгүүлбэр уншаад утгыг нь ойлгохгүй байна гэсэн. Үүний шалтгаан юу вэ?

-Когнитив сэтгэл судал буюу танин мэдэхүйтэй холбоотой. Ийм нэгэн жишээтэй таарч байлаа. Хүүхэд нь зургаан нас хүрэх гэж байгаа ч бүрэн хэлд ороогүй. Оюуны бэрхшээл, аутизмтай юм болов уу гээд эмнэлгээр явахад хүүхэд эв эрүүл, сав саруул байсан. Үүний гол шалтгаан аав ээж нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй байсантай холбоотой байсан. Хамтдаа байхдаа гар утас, таблет хүүхдэдээ бариулчихдаг болохоор хүүхэд яаж хэлд орох билээ. Үүнтэй ижилхэн бага насны хүүхдийн хөгжил, сэтгэл зүйд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Тэр байтугай ургийн сэтгэл зүй гэж байдаг. Хүүхэд ээжийнхээ гэдсэнд байхаасаа л амьдарч эхэлдэг. Жирэмсэн байгаа эмэгтэй хүний сэтгэл тайван, тогтвортой байх ёстой. Ээж нь санаа зоволт ихтэй, түгшүүр өндөртэй байгаа бол ураг ч тийм байна. Сэтгэл гутралын шалтгааны 50 хувь нь удамшил, 50 хувь нь орчноос үүдэлтэй байдаг. Сэтгэл зүйн асуудалтай ээжээс сэтгэл зүйн асуудалтай, айдастай хүүхэд төрнө.

-Шөнийн цагаар хүүхэд гар утас оролдох нь ямар хортой вэ?

-Өсвөр насны хүүхдийн өсөлт 22:00 цагаас 02:00 цагийн хооронд хамгийн эрчимтэй байдаг гэдгийг хэн хүнгүй мэдэх байх. Хүн хамгийн чанартай нойрыг тэр хугацаанд авах ёстой байдаг. Тархи амрах, нөхөн сэргээгдэх хамгийн оновчтой цаг юм. Энэ хугацаанд унтах биш гар утсаа оролдоод өнгөрөөчихөөр маш буруу. Арван цаг унтсан ч гэсэн хүн эрт унтаж амраагүй бол унтсан юм шиг мэдрэмж авдаггүй нь ийм учиртай. Мөн сэтгэцийн ихэнх асуудал нойр хангалттай авч чадаагүйгээс үүддэг гэж үздэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ гар утасны хэрэгцээг тодорхой хэмжээнд хянах хэрэгэтэй. Зарим нэгэн хүүхэлдэйн кинонууд хүртэл илт харуулахгүй ч гэсэн далд бэлгийн сэдэлтэй байдаг. Тэдгээр үзэж байгаа зүйлс хүүхдийн далд ухамсарт нөлөөлж байдаг.

-Эцэг эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой вэ?

-Найз шиг нь бай. Өсвөр насны хүүхдүүдийн онцлог нь гэр бүлээсээ илүү найз нартайгаа цагийг өнгөрүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс хүүхдийнхээ найзтай нь найз бай. Тэд хамтдаа хаана юу хийдэг, ямар хүмүүстэй нийлж буй зэргийг мэдэж байх хэрэгтэй. Хүнийг танья гэвэл найзыг нь тань гэдэг үг байдаг шүү дээ. Мөн манай эцэг эхчүүд дунд нийтлэг ажиглагддаг алдаа бол өөрийнхөө хүслийг, шаардлагыг хүүхдэдээ тулгах байгаа юм.

-Хүүхдийг урамшуулах нь буруу юм бол яаж хийж буй зүйлсийг нь дэмжих вэ?

-Бодгаль сэтгэл судлалын онолоор хүүхдийг шийтгэх ч, урамшуулах ч хүмүүжлийн буруу арга. Хүүхэд шалгалтандаа тэнцчихлээ гээд та ямар нэг зүйл аваад өгье. Тэгвэл хүүхэд урамшуулал авах гэж л хичээл хийдэг болно. Юм сурах гэж биш аав ээжээрээ юм авахуулхын тулд хийнэ гэсэн үг. Та бэлэг авч өгөхөө больсон цагт хүүхэд тань сурахаа болино. Хүүхдийн шийдвэр өөрийнх нь хүслээс гарах ёстой, аав ээжээс хамааралтай байх ёсгүй. Эцэг эхчүүд хүүхдийнхээ амжилтад талархалтай хандах л хангалттай. Өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл чинь зөв шүү гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Зарим өсвөр насны хүүхдүүд гадуур их тэнээд байдаг шүү дээ. Ийм үед эцэг эхчүүд хүмүүжлийн ямар аргыг хэрэглэх нь зүйтэй вэ?

-Тухайн хүүхэд гэртээ байх нь тайван мэдрэгддэггүй, сэтгэл зүйн таатай орчин биш гэж үздэг болохоор гадуур тэнэдэг. Олон дүү нартай, аав ээжтэйгээ ярилцаад ойлголцдоггүй хүүхдүүд гадуур цагийг өнгөрөөх нь их байдаг. Тийм хүүхдүүдэд өөрийнхөө хүслийг тулгах нь буруу. Тиймээс тэдний оронд өөрийгөө тавьж үзэх чадвартай байх хэрэгтэй. Зарим хүмүүс хүүхдээ сонсохдоо шүүмжлэх, загнах хандлагыг гаргадаг. Ойлгогдох, хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээтэй байгаа хүүхдийнхээ тэр хэрэгцээг хангаж өгөх хэрэгтэй байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна DNN.mn

27-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +11…+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр тахиа өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 27, Санчир гариг. Билгийн тооллын 19, Эрхтэний тэнгэрт одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран 05:40 цагт мандаж 19:59 цагт жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учрах” хэмээх сайн.