Categories
гадаад мэдээ

Хууль ёсны бизнесийг гэмт хэргийн халхавч болгож байна DNN.mn

“Европол” анх удаагаа Европын 821 гэмт бүлэглэлийн үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, гэмт хэрэгтнүүдийн үйл ажиллагааны арга барил, мөнгө угаах арга хэлбэрийг дэлгэсэн тайланг Олон улсын Гаагийн шүүхэд танилцуулснаа олон нийтэд зориулан нийтэлжээ. Тайланд дурдсанаар, Европт үйл ажиллагаа явуулж буй томоохон гэмт хэргийн бүлэглэлийн 86 орчим хувь нь барилга, үл хөдлөх хөрөнгө, ложистик, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаагаа “хууль ёсны бизнесийн бүтэц” хэлбэрээр бүрдүүлж гэмт үйлдлийнхээ халхавч болгон ажилладаг аж. Эдгээр бүлэглэлийн гэмт хэргийн хамрах хүрээ нь мансууруулагч бодис худалдахаас эхлээд хүний наймаа хүртэл өргөн хүрээг хамарч байгааг харуулсан байна. Гэсэн хэдий ч ихэнх бүлэглэлийн гол үйл ажиллагаа нь хар тамхины наймаа бөгөөд гол “бай” нь Бельги, Герман, Итали, Нидерланд, Испани улсууд болдог байна. Үүний зэрэгцээ, Европоос бусад орнуудад үйл ажиллагаа өргөжүүлэх зорилгоор Дубай хотыг саяхан гэмт хэргийн бүлэглэлийн “зохицуулах төв” болгосон байна. Хууль ёсны бизнесийг гэмт хэргийн халхавч болгон ашиглах тухай “Европол”-ын тайланд дурдсанаар үл хөдлөх хөрөнгийн бизнесийг тэд мөнгө угаахад ашиглаж байгаа бөгөөд харин хүн худалдаалах, хар тамхи зарах, шантаажлах зэрэг нь ихэвчлэн шөнийн цэнгээний газруудын ажилтай холбоотой явагдаж байдаг аж.

“Европол”-ын цахим хуудсанд “Энэхүү тайлан гол нь Европын Холбооны Зөвлөлийн Бельги дэх Тэргүүлэгчдийн “Европол”-ын мөрдлөгийг тууштай дэмжсэн ажлын үр дүн юм. Энэхүү мөрдлөгийн судалгааны тайлан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх цаашдын ажилд чухал хэрэгсэл болох болно. Энэ нь Европын Комиссоос саяхан танилцуулсан “Замын газрын зураг”-д тусгагдсан Европын Холбооны нэн тэргүүний зорилтуудын нэг юм” гэж онцолжээ.

 

Г.АМАРСАНАА

 

Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны охид бүлэглэн нэгийгээ зодсон хэрэг гарчээ DNN.mn

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 10-ны 15.00 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн угсармал байрны урд тоглоомын талбайд хэсэг бүлэг хүүхэд нэг охиныг зодоод, дээрэлхээд байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.

Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид очиход 15 настай эмэгтэй хүүхдийг 15-17 насны насны гурван эмэгтэй хүүхэд нийлж, зодож байсныг болиулж, хүүхдүүдийг гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Одоо шалгалтын ажиллагааг явуулж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.

Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, хүүхдээ хэнтэй нийлж, нөхөрлөж байгаа талаар мэдээлэлтэй байх, болзошгүй эрсдэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж, холбогдохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээ DNN.mn

Та 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.

Таны төлсөн шимтгэл хайртай, дотны хүмүүсийн тань болон өвчиндөө шаналж яваа хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг.

May be an image of text

Categories
мэдээ нийгэм

ЦЕГ: 19 хэргийг нөхөн илрүүллээ DNN.mn

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нийт 1916 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зөрчлийн шинжтэй 1527, гэмт хэргийн шинжтэй 108 дуудлага, мэдээлэл байна.

Мөн гэмт хэргийн шинжтэй 66 үйлдлийг шуурхай илрүүлж, урьд өмнө бүртгэгдсэн 19 хэргийг нөхөн илрүүллээ.

Categories
мэдээ нийгэм

ИЛ ЗАХИДАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Их хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танаа

Иргэн Мэндийн Дамдинхүү миний бие УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Борхүүгийн Дэлгэрсайханы хууль бус үйл ажиллагаатай холбоотой нэгэн хэргийн талаар шүгэл үлээж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дүгээр тогтоолоор Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг олон нийтэд нээлттэй зарлаж, Геологи, уул уурхайн кадастрын зураг зүйн бүртгэлд бүртгэн нийтэд танилцуулсан юм. Энэ танилцуулга урилгын дагуу манай “Өмнийн говийн хар алт” ХХК Ашигт малтмалын тухай хууль болон Засгийн газрын энэхүү тогтоолын хавсралтад заагдсан Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөл талбайд эрэл хайгуулын ажил хийхээр сонгон шалгаруулалтад бэлтгэж, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад хайгуул хийх хүсэлтээ танилцуулж, талбайн анхдагч танилцуулгыг бэлдсэн юм. Гэтэл АМГТГ-ын дарга Б.Баатарцогт 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр а/167 дугаар тушаал хууль бусаар гаргаж, дээрх Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг Эргэл-Халивын өргөтгөлийн 74347.47 га бүхий талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа ХЯЗГААРЛАГДМАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ болгочихсон. Ингээд хууль бус тушаалын дагуу 2017 оны 09 дүгээр 18-ны өдөр АМГТГ-ын Кадастрын хэлтсээс дээрх талбайд сонгон шалгаруулалт зарлахдаа манай компанийг оролцуулаагүй. Гэтэл Б.Дэлгэрсайхан өөрийн хамаарал бүхий “АТТИКА констракшн” ХХК-ийг төрийн өмчийн оролцоотой мэт хуурамчаар харагдуулж залилан мэхэлсэн. Энэ сонгон шалгаруулалтад тэрээр залилангийн болон авилгын хоёр хэргийг бидний нүдэн дээр хослуулан үйлдсэнд гомдолтой байна. ОНӨААТҮГ-ыг буюу “Дорноговь байгалийн баялаг” ХХК-ийн оролцоотой “АТТИКА констракшн” гэх хуулийн этгээдийг 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр нэн яаралтай горимоор улсын бүртгэлд бүртгүүлж, будлиан хутгаж төр орон нутгийн өмчийн оролцоотой болгон харагдуулаад дараагаар нь Б.Дэлгэрсайхан өөртөө гувчуулсан.

УУХҮ-ийн сайд 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр “УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы “Аттика констракшн” ХХК-ийн хууль зөрчин ХЯЗГААРЛАГДМАЛ БАЙДЛААР зохион байгуулсан хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” чиглэл өгсөн нь энэ сонгон шалгаруулалтыг хууль бус гэдгийг нотолсон.

Б.Дэлгэрсайхан төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн нэрийг ашиглаж давуу эрх эдлэн нээлттэй тендерийг хязгаарлагдмал болгож өөрсдийн санаа зорилгыг гүйцэлдүүлсэн. Ингэж хүслээрээ тендерийг авчихаад дараа нь залилан хийж хайгуулыг маш богино хугацаанд цаасан дээр үйлдэж, улмаар төрийн оролцоотой зохиомол нэгжээсээ өөрийн хамаарал бүхий 4 аж ахуйн нэгжид нийт талбайн 90-100 хувийг шилжүүлсэн үйлдэл нотлогдоод байна.

Ийм шударга бус үйлдэл, хуулийг илт зөрчсөн хэрэгтэй иргэн М.Дамдинхүү миний бие 2017 оноос хойш тэмцэж, хууль шүүхийн бүхий л байгууллагаар ном журмын дагуу гомдол гаргаж явсаар өнөөдрийг хүргэлээ. Өнгөрсөн сарын 27-нд АТГ-т миний бие Б.Дэлгэрсайханд эрүүгийн хэрэг үүсгүүлэх тухай гомдол гаргасан болно.

Хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой. Эрхэм гишүүний энэхүү хууль бус үйлдэлд та бүхэн анхаарал хандуулж, сонгон шалгаруулалтыг цуцалж, буруутай этгээдэд зохих ёсны хариуцлага хүлээлгэж, иргэн миний гомдлыг барагдуулахад зохих ёсоор анхаарал хандуулна гэдэгт найдаж байна.

Шүгэл үлээгч иргэн М.Дамдинхүү

2024.04.10-ны өдөр

Categories
гадаад мэдээ

Плагиатыг хуулиар зөвшөөрөв DNN.mn

ОХУ 2013 онд Дэлхийн худалдааны байгууллагад элсэж, худалдаатай холбогдсон Оюуны өмчийн эрхийн талаар үүрэг хүлээснээс гадна бусад улстай адил Парисын конвенц, Олон улсын патентын гэрээ, Евразийн патентын конвенцыг дагаж мөрдөх ёстой билээ. Гэтэл Кремль Засгийн газрынхаа дэргэд “шаардлагатай тохиолдолд лиценз олгох” зорилготой Оюуны өмчийн шинэ байгууллага байгуулахаар болжээ. Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн хоёрдугаар сард ийм хороо байгуулж, ажиллах журмыг нь тодорхой болгох тушаал гаргасан юм байна. Энэ нь Оросын олон нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлын үүднээс олон улсын оюуны эрхийн дүрэм журмыг зөрчих боломж олгох ОХУ-ын төрийн шийдвэр болох юм.

ОХУ-ын Засгийн газрын Эдийн засгийн хөгжил, интеграцийн комиссын дэргэд энэ асуудлыг хариуцсан дэд хороо байгуулах болсон тухай “РБК” агентлаг болон Оросын хуульчдын холбооны “https://alrf.ru/news/” сайт мэдээлжээ. Уг дэд хороо нь патент эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гадаадын оюуны өмчийг Оросын иргэд болон байгууллага Оюуны өмчийн гэрчилгээ болгон өөрийн өмч мэт ашиглах зөвшөөрөл олгох эрхтэй болох аж. ОХУ-ын Засгийн газрын тогтоолд “Энэ нь хувьцааны дөрөвний гурваас доошгүй хувь нь төрийн болон ОХУ-ын иргэдийн шууд болон шууд бус өмчлөлд байгаа компаниудыг хамран онцгой тохиолдолд Оюуны өмчийн гэрчилгээ олгож буй явдал юм” гэж тэмдэглэжээ. Энэ тохиолдолд патент эзэмшигчээс уг шийдвэрийг эсэргүүцсэн нэхэмжлэл шүүхэд ирүүлэх, эсвэл тогтоосон хугацаанд нэхэмжлэл ирээгүй байх зэрэг шаардлагатай бүх асуудлыг энэ тогтоолыг дагаж гарсан албан ёсны журмаар зохицуулах гэнэ.

ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамнаас “Оросын зах зээлийг орхисон найрсаг бус улс орнуудын компаниудад хамаарах улс орны эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой хэд хэдэн онцгой тохиолдолд шинэ бүтээл, ашигтай загвар, барааны тэмдэгтийг ашиглах зөвшөөрөл шаардлагатай болоод байгаа учир уг шийдвэр гарсан” гэж “РБК” агентлагт тайлбарлажээ. Тус агентлагийн онцолж буйгаар оюуны өмчийг аль нэг хэлбэрээр албадан тусгай зөвшөөрөл олгох механизмыг Оросын Иргэний хуульд тусгасан байдаг гэжээ.

Тухайлбал, “Төрийн батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах, иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой онцгой байдлын үед зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр Засгийн газар оюуны өмчийн бүтээгдэхүүнийг ашиглах тухай шийдвэр гаргах эрхтэй” гэж заасан байдаг аж. Өмнө нь Оросын засгийн газар лицензийн албадлагыг ашиглах явдал ховор тохиолдож байв. Тухайлбал, Коронавирусийн тахлын үед Оросын засгийн газраас вирусийн эсрэг патентаар хамгаалагдсан шинэ бүтээл болох АНУ-ын ремдесивир эмийг үйлдвэрлэх ашиглах зөвшөөрлийг өөрийн үйлдвэрүүдэд олгосон тохиолдол гарч Америкийн “Gilead Sciences” компани энэ шийдвэрийг эсэргүүцсэн болов ч ОХУ-ын Дээд шүүх тэдний нэхэмжлэлийг хүлээн аваагүй билээ.

Оюуны өмч нь Аж үйлдвэрийн хувьсгалын үр дүнд анх бий болж, өнөөдрийн бидний хөгжил дэвшлийн үндэс болсон, болсоор ч байгаа зүйл юм. Иймээс олон улсад плагиат гэх оюуны хулгайд онцгой анхаарал хандуулж НҮБ-ын болон Олон улсын тусгай гэрээнүүдээр зохицуулсан байдаг. Плагиат гэдэг нь, шинжлэх ухааны хэл болох латинаар plagiatus боловч францын plagiat буюу “хулгайлагдсан” гэсэн үгийг олон улсад амарчилж хэрэглэдэг. Гэтэл ОХУ оюуны өмчийн хулгайг хуулиар зөвшөөрсөн анхны улс болж дэлхийн түүхэнд үлдэх шийдвэр гаргав.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарсаар 3836 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олголоо DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 11,165 иргэнд визийн зөвшөөрөл, 1924 иргэнд виз, 11004 иргэнд цахим виз олголоо.

Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 3836 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 7678 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад визийн зөвшөөрөл олголт 3,1 хувь, виз олголт 42,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 13,4 хувь,  цахим виз олголт 5,9 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Түүнчлэн төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх, иргэдийн биечлэн ирэх ачааллыг бууруулах зорилгоор 2024 онд виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд он гарсаар 13473 аж ахуйн нэгж, байгууллагын 29,837 гадаадын иргэний хүсэлтийг цахимаар хүлээн авч, холбогдох хууль, журмын дагуу хянан, шийдвэрлэлээ гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Орон сууцны үнэ 9.1 хувиар өсчээ DNN.mn

Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.1 хувиар өсөж, харин өмнөх сараас 0.6 хувиар буурсан байна.

2024 оны 3 дугаар сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.98 сая төгрөг болж,    Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.22 сая төгрөгийн үнэтэй байна.

2024 оны 3 дугаар сард, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, сая төгрөгөөр, м2 2024 оны 3 дугаар сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.71 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох

Хошууч Г.Мөнхбаяр: Цагдаагийн албан хаагч автомашинд хүүхэд байгаагүй гэдэг тайлбарыг өгч байгаа DNN.mn

Замын цагдаа өвдсөн бага сартай хүүхдээ эмнэлэгт хүргэхээр явж байсан жолоочийг зогсоож, автомашиныг нь ачуулсан тухай мэдээлэл зарим мэдээллийн сайтад нийтлэгдээд байна. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Мөнхбаяраас тодрууллаа.


-Халуурсан нярай хүүхдээ тээвэрлэж явсан жолоочийг үнэмлэхний хугацаа дууссан гэх шалтгаанаар хөдөлгөөнийг нь зогсоож, машиныг нь ачуулсан тухай мэдээлэл гараад байна. энэ талаар тодруулахгүй юу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд Монгол Улсын жолоо дох эрх 10 жил бай на. Жолоодох эрхийн үнэмлэхний хүчинтэй хугацаа дуусгавар болсон тохиолдолд жолоочийн эрх хаагдсанд тооцох зохицуулалттай байдаг. Цагдаагийн байгууллага эрх үүргийнхээ хэмжээнд Замын хөдөлгөөний аюул гүй байдлыг хангасан захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэхэд хяналт тавьдаг субьект шүү дээ.

Энэ тухай Зөрчлийн тухай хуульд ч зааж өгсөн. Зөрчлийн тухай хуулийн 14.7-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн тээврийн хэрэгсэл жолоодсон бол хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэдэг. Тухайн цагдаагийн албан хаагч энэ хуулиа сахиулсан. Хэрэв хуулиа хэрэгжүүлээгүй бол цагдаагийн албан хаагч өөрөө шалгагдах асуудал үүсдэг.

-Ямар тохиолдолд?

-Авлигын тухай хуулиар бусдад давуу байдал олгосон, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг заагаад өгчихсөн. Мэдээж аливаа зүйлд хүн ёсоор хандалгүй яах вэ.

Гэхдээ цагдаагийн хууль сахиулах ажиллагаа өөрөө маш чухал байдаг. Дотроосоо хяналт шалгалт өндөр. Магадгүй, тухайн иргэнийг зөрчлийг нь арилгахгүйгээр явууллаа гэхэд ямар нэгэн байдлаар гомдол мэдээлэл ирж шалгагдахад албан хаагч буруудах магадлалтай.

-Цагдаагийн байгууллага энэ тохиолдол дээр ямар нэгэн хяналт шалгалтын ажиллагаа явуулж байгаа юу. Хүүхэд байсан нь үнэн бол ноцтой шүү дээ. Магадгүй эрүүл мэнд, амь насны асуудал ч яригдана. Ер нь цагдаагийн албан хаагч хүнлэг, энэрэнгүй байх явдал гаргаж болохгүй гэж үү?

-Хууль, дүрэмд энэ тухай заагаагүй шүү дээ. Гэхдээ цагдаагийн албан хаагчид аливаа зүйлд хүнлэг энэрэнгүй хандах, бусдад туслах явдал амьдрал дээр олон байдаг. Энэ тохиолдолд одоогоор буруу, зөвийн тухай ярих хараахан эрт байна. Одоогоор аль аль талаас нь мэдээлэл цуглуулж байна. Энэ мэдээллийг түгээсэн сэтгүүлчийн хувьд автомашинд бага насны хүүхэд зорчиж явсан гэдэг. Харин цагдаагийн албан хаагчийн зүгээс “Жолооч болон гэр бүлийн хүн нь эмнэлгээр хүүхэд үзүүлэх ажилтай явна” гэж тайлбарласан ч тухайн автомашинд хүүхэд байгаагүй. Хэрэв байсан бол ямар ч тохиолдолд хүүхдийг нэгдүгээрт тавина” гэх байдлаар мэдээлэл өгч байгаа. Тиймээс бид энэ нь зөв, буруу гэж хэлэх эрт байна.

Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шилжүүллээ DNN.mn

Улаанбаатар хотод бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад нийслэлийн хөгжлийн бодлого, чиглэлийг танилцуулах, тэдний санал бодол, тулгамдаж буй асуудал, цаашдын чиг хандлагыг сонсох зорилгоор “Худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Уулзалтад нийслэлд үйлчилгээ эрхэлж байгаа 700 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар худалдаа үйлчилгээний салбарын өнөөгийн байдал, 2024 онд хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн зүгээс бизнес эрхлэгчдийг хуулийн хүрээнд хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжтой талаар ярилцан, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэхээр энэ уулзалтыг зохион байгуулж байна. Аливаа асуудлаас тойрч зугтах биш, нүүр тулж шийдэх хэрэгтэй. Бид “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай” хуулийн 15.8 дугаар зүйлд заасны дагуу “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох эрх”-ийг энэ оны гуравдугаар сарын 15-наас дүүргийн Засаг дарга нарт шилжүүлсэн. Ингэснээр зөвшөөрлийн шинжтэй төрийн үйлчилгээ улам хялбар, шуурхай болно. Мөн жижиглэн худалдааны газар, түүний үйлчилгээ, ерөнхий шаардлагын стандартад өөрчлөлт оруулж, хүнсний дэлгүүрийн талбайн хэмжээг 51-ээс 41 ам метр болгон өөрчлөх хүсэлтийг төрийн дээд шатны холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байгаа. Бүхий л салбарт ажиллах хүч, хүний нөөцийн асуудал хөндөгдөж байна. Төлөвлөгдсөн даацаасаа хэд дахин олон хүн амтай болсон Улаанбаатар хотод цэвэрлэгээ, үйлчилгээ, тохижилтоос эхлээд олон асуудал ундарч байна. Тохижилт, үйлчилгээний салбарын ажилтнууд ачааллаа дийлэхгүй байна. Тиймээс аж ахуйн нэгжүүд орчны 50 метр талбайн цас мөс, хог шороо, гадна фасадын угаалга, цэвэрлэгээ, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг хийх хэрэгтэй. Мөн стандартаа мөрдөж, хаягжилт, камержуулалт, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан налуу шат, гэрэлтүүлэг, ногоон байгууламж, авто зогсоолын асуудлаа цогцоор нь шийдэх учиртай” хэмээн онцолж байлаа.

Нийслэлийн Засаг даргын 2021 оны захирамжаар зөвшөөрлийн шинжтэй 74 төрлийн үйлчилгээг цахимд шилжүүлсэн. Өдгөө цахим бүртгэлийн хуудастай 11,888 иргэн, аж ахуйн нэгжид 110 мянган иргэн ажиллаж байна. Цаашид цахим зөвшөөрлийн системийг илүү сайжруулж, ойлгомжтой, шуурхай болгох юм.

Уулзалт худалдаа, үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн санал хүсэлт, асуулт хариултаар үргэлжилж байна.