Categories
мэдээ нийгэм цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 16-18 метр ширүүснэ DNN.mn

Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цас орж цасан шуурга шуурна.

Мөн нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг цаг агаарын байгууллагаас мэдээллээ. Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэх төлөвтэй байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 3,5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ DNN.mn

Өмнөговь аймгийн Ханхонгор суманд өнгөрсөн шөнө газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, Ханхонгор сумын төвөөс баруун урд зүгт 35 км зайд дөрөвдүгээр сарын 14-ний 04:11:34 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Categories
гадаад мэдээ

Япон улсын хүн ам 13 дахь жилдээ дараалан буурав DNN.mn

Япон улсын хүн ам өнгөрсөн онд 595 мянгаар цөөрч, 124 сая 352 мянга болсон дүн мэдээг японы зг өчигдөр танилцуулсан байна. Өнгөрсөн оны 10 сарын 1-ний байдлаарх энэ тоон үзүүлэлт тэхдээ, Японы байнга оршин суугаа гаднын иргэдийг давхар хамруулсан тоо юм байна. Харин гаднын харьяат иргэдийг хасаж тоолбол Японы хүн амын тоо 0,69 хувиар буурсан дүн үзүүлжээ.

Тодруулбал, Азийн хөгжингүй энэ улсад төрөлт буурч, хүн амын наслалт улам уртсаж байгаагаас хүн амын тоо нь 13 жилийн өмнөөс жил дараалан зогсолтгүй буурсаар байгааг энэ шинэ мэдээ дахин нотлон харуулсан байна. Улмаар хүн амын тооллогын бүрэн мэдээлэл бий болсон 1950 оноос хойш түүхэнд, сүүлийн нэг жилийн энэ бууралт тоо болоод хувийн дүнгээрээ хамгийн өндөр нь болж тэмдэглэгдэж байгааг японы Дотоод хэрэг, мэдээлэл харилцааны яам нь мэдээлж байна. Өнөөдөр Японд 65-аас дээш насныхны тоо 36 саяар яригдаж байгаа нь нийт амын 29 хувийг бүрдүүлж байна гэсэн үг юм.

Энэ хувь хэмжээ өмнөх оноосоо мөн  0,1 хувиар өсжээ. 75-аас дээш насныхны тоо 2023 онд мөн 713 мянгаар нэмэгдэж, нийт тоо нь анх удаа 20 сая давжээ. Улмаар 75-аас дээш насныхан Японы хүн амын 16 хувийг бүрдүүлж байна. Харин эсрэгээрээ 329 мянгаар тоологдож байгаа 0-14 насныхан нийт хүн амын ердөө 11,4 хувийг бүрдүүлж, хамгийн доод үзүүлэлтэд очжээ.

Ажиллах хүчний идэвхтэй иргэд буюу 15-64 насны хүн өмнөх жилээсээ 256 мянгаар буурч, 73 сая 950 болсон нь нийт хүн амын 59,5 хувь болж байгаа юм байна. Үүний зэрэгцээ байнга оршин суугч гадаад иргэдийн тоо 243  янгаар өсөж, 3 сая 160 мянга болсон байна. Ийнхүү 47 мужтай Япон улсад зөвхөн нийслэл Токио хотын хүн ам л хоёр дахь жилдээ дараалан өссөн дүн үзүүлжээ.

Categories
мэдээ цаг-үе

Зам, даваанд халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна DNN.mn

Увсын зүүн, Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Дундговийн баруун хэсэг, Өмнөговийн нутаг шилжих шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, дөрөвдүгээр сарын 13-нд нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн зайлшгүй шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг хүсье.

Олон улс, улсын чанартай авто замаар зорчихдоо хурд хэтрүүлэхгүй байж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж хөдөлгөөнд оролцохыг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас анхааруулж байна. 

Categories
мэдээ цаг-үе

Бэлчээрийн ургамал нийт нутгийн 70 гаруй хувьд цухуйгаагүй байна DNN.mn

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй байна.

Тодруулбал Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх боломжгүй, Булган, Сэлэнгийн ихэнх, Увс, Ховд, Баянхонгорын цөөн сумдын нутгаар дунд. Хөвсгөл, Дархан-Уул, Төвийн зарим, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Өмнөговь, Дорнодын цөөн сумдын нутгаар хэвийн байна.

Энэ арав хоногт агаарын температур нийт нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-7.5 градусаар дулаан, хур тунадас 70 гаруй хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон.

Харин Баян-Өлгийн Сагсай, Увсын Давстад 8-10 см, Ховдын Мөст, Увсын Сагил, Түргэн, Баянхонгорын Шинэжинстэд 3-4 см зузаан цастай байна.

Categories
мэдээ цаг-үе

Өвөрхангай аймгийн онцгой байдлын алба хаагчид өчигдөр төөрч сураггүй болсон 21 иргэнийг эсэн мэнд олжээ DNN.mn

Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт төөрсөн, сураггүй болсон дөрвөн иргэний дуудлага мэдээлэл бүртгэгдэж Онцгой байдлын газраас 20 орчим алба хаагч, 4 автомашинтай гарч ажиллан иргэдийг эсэн мэнд олсон байна.

Мөн тус аймгийн Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр сумдад 17 иргэн төөрч, сураггүй болсон, автомашин цасан суусан таван дуудлага бүртгэгдэж сум орон нутгаас 13 ажилтан, алба хаагч дөрвөн автомашинтай ажиллаж төөрч сураггүй болсон иргэдийг эсэн мэнд олж, цасан суусан автомашинуудыг татан гаргаж эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллалаа.

Иймд иргэд мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж үүсэж болох эрсдэлээс өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахыг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

Түүнчлэн өчигдөр Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогдод хоёр хүн төөрч сураггүй болсныг онцгой байдлын алба хаагчид эсэн мэнд олсон гэж Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баатарсайхан: Прокурор ял тулгаж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй ч нотолж чадаагүй DNN.mn

УИХ-ын дарга асан З.Энхболдын өмгөөлөгч Б.Баатарсайхантай ярилцлаа.


-Шүүхээс УИХ-ын дарга болон Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболдыг 40 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, давж заалдана гэдгээ мэдэгдэж байсан. Давж заалдах шатны шүүхэд албан ёсоор хандсан байгаа юу?

-Өмгөөлөгчийн хувьд шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Гэхдээ эс зөвшөөрнө, давж заалдана гэдэг байр сууриа илэрхийлсэн. Өнөөдрийн байдлаар шүүхийн шийдвэр албажиж бичгээр гарсан тухай надад мэдэгдээгүй байна.

-Бүрэн албажаагүй байгаа гэсэн үг үү?

-Албажаагүй. Шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч гардаж аваад 14 хоногийн дотор давж заалдах гомдлоо бичдэг хуультай.

-Шүүхийн шийдвэрт З.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нарыг хамжигч гэсэн байсан. Яагаад энэ хоёр хүн холбогдчихоод байгаа юм бэ?

-Энэ хоёр хүнийг яагаад холбоод байгааг би өнөөдрийг хүртэл ойлгохгүй байгаа юм. Шүүх хурал бараг долоо хоног болсон.

Прокурорууд хүнд ял тулгаж байвал хуулиараа түүнийгээ нотлох үүрэгтэй. Түүнээс биш гэм буруугүй гэдгээ би өөрөө нотлох үүрэг байхгүй гэсэн үг. Харамсалтай нь нотлох үүргээ прокурор биелүүлээгүй. Энэ хоёр хүн яаж холбогдсон бэ гэхээр Таван толгойгоос Чойр хүртэлх замыг Б.Энх-Амгалан гэж хүн сайд байхдаа улсын чанартай зам болгосон нь буруу юм байна. Тухайн замаар Страто компанийн нүүрс угаах үйлдвэрт Их дэлгэмэл ингүүн компани нүүрс тээвэрлэж хүргэдэг. Гэтэл Страто компаниас цалин аваад ажиллаж байсан хүн З.Энхболд гэж хүний дүү байж таарахаар л энэ хоёр хүнийг холбоотой гээд байгаа юм. Мөн тухайн компани Зам тээврийн хөгжлийн яаманд уг шороон замыг өөрийн хөрөнгөөр замсал зам болгоё гэдэг хүсэлтээ өгсөн юм билээ. Яг ийм 8-9 тохиолдол байгааг Б.Энх-Амгалан гэж хүн шүүх хурал дээр ч хэлсэн. Тухайлбал, Хархорин Хужиртын чиглэлийн замыг улсын чанартай зам болгосон байгаа юм. Гэтэл прокурорууд юу гэж яриад байгаа вэ гэхээр хуульд аймгаас нийслэл, аймаг хооронд, хилийн боомт орж байгаа замуудыг л улсын чанартай зам гэдэг. Өөр улсын чанартай зам байхгүй мэтээр яриад байгаа. Улс оронд хэрэгтэй л бол ямар ч зам тавьж болно шүү дээ. Харин үүнийг хийх шийдвэрийг гаргасан сайдын үйлдлийг шууд эрүүгийн гэмт хэрэг гэж үзэх боломжгүй.

-Нийслэлийн прокурорын газраас 2020 болон 2023 онуудад З.Энхболд гэж хүн Страто, Их дэлгэмэл ингүүн компанитай хамаарал бүхий гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн тогтоол гаргаж байсан юм билээ. Харин долоо хоногийн дараа прокурор нь тогтоолоо өөрчлөөд хамаарал бүхий байна гэсэн гэж яриад байгаа. Энэ үнэн үү?

-Страто гэдэг компанитай З.Энхболд гэдэг хүн хамаарал бүхий биш байна гээд тухайн гомдолд хэрэг үүсгэхээс татгалзаад шийдчихсэн. Тэр тогтоол нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Харамсалтай нь нэг прокурор нь ингэж шийдчихээд байхад нөгөө нь эсрэгээр нь оруулж ирээд байгааг л ойлгохгүй байгаа юм.

-Ер нь хамаарал бүхий этгээд гэж хэнийг хэлдэг юм. Ямар учиртай хүн тухайн компанид байгаа болохоор ингэж үзээд байгаа юм бэ?

-Хамаарал бүхий этгээд гэдэгт эцэг эх, ах дүү, эхнэрийнх нь дүү гээд хүмүүсийг тодорхой заагаад өгчихсөн байгаа. Мөн бусад нэгдмэл сонирхолтой этгээд гэж бий. Тэр нь хувь хүн хуулийн этгээдтэй ашгийн төлөө үйл ажиллагаагаар нэгдээд явж байгаа тохиолдлыг хэлдэг. З.Энхболд гэж хүний дүү нь тухайн компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн ашиг хүртэгч байвал нэг өөр хэрэг. Гэтэл дүү нь тэр компанид нягтлан бодогчоор л ажиллаж байсан хүн шүү дээ. Хөдөлмөрийн гэрээгээр цалин аваад л ажиллаж байсан. Энэ жишээгээр бол Монголд төрийн албан хаагчийн ах дүү нар нэг компанид цалин аваад ажиллаж байгаа бол тухайн компанийг хамаарал бүхий гэж үзэх нь л дээ. Ийм жишиг цаашаа тогтох, хэлмэгдүүлэлт явах нөхцөл үүсч байгаа явдал. Төрсөн ах тань улс төрийн өндөр албан тушаал хашдаг байлаа гээд таны цалин аваад ажиллаж байгаа компани ахын чинь хамаарал бүхий компани биш биз дээ. Яг ийм утгаар л прокурорууд яллаж орж ирээд байгаа юм. Миний үйлчлүүлэгчийг улс төрд нөлөө бүхий байдлаа ашиглаж, Б.Энх-Амгалан гэж хүнтэй үгсэн тохирч, хамжиж өөрийн хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгосон гэж хэлсэн. Тэгвэл прокурорууд үүнийгээ нотолсон юм огт байхгүй. З.Энхболд шүүх дээр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга гэдэг чинь улс төрд нөлөө бүхий албан тушаалд ордоггүй. Яагаад намайг ингэж үзэж, яллаад байгаа юм бэ гэж асуухад прокурор тайлбарлаж чадаагүй. Онолын хувьд ингэж үзэж болно гэсэн тайлбар хэлсэн. Түүнээс биш хууль яриагүй. Дээрээс нь үгсэн хуйвалдаж тохиролцсон гэдгийг ч мөн нотлох ёстой. Даанч прокуроруудад нотлоогүй. Харин нэг гэрч Б.Энх-Амгалан надад ингэж хэлсэн гэдгээ залруулж, шүүх хурал дээр ийм зүйл надад хэлээгүй гэдгээ хэлсэн.

-Тэгэхээр тухайн гэрч өмнө нь худал мэдүүлэг өгсөн болж таарах юм уу?

-Тэр хүний өмгөөлөгч нь биш учраас тухайн үедээ яаж мэдүүлэг өгсөн, шууд болон шууд бус нөхцлүүдийг мэдэхгүй. Гэхдээ бидэнд хардах эрх байгаа. Уг гэрч тухайн үед авлигын хэргээр шалгагдаж байсан нь бидэнд эргэлзээ, хардлага төрүүлдэг.

-Таны үйлчлүүлэгч “Таван толгойг гаднын компанид өгөх гэж байсныг таслан зогсоосноос болж есөн жилийн турш бүлэглэлүүд намайг ингэж байна” гэж хэлдэг. Өмгөөлөгчийн хувьд үүнийг хэр үнэний ортой гэж бодож байна вэ?

-Үнэний ортой битгий хэл бодит зүйл шүү дээ. Шүүх хурал дээр миний үйлчлүүлэгч тухайн үеийн УИХ-ын чуулганы хуралдааны бичлэгийг үзүүлсэн. Бидэнд хардах эрх байгаа гэж би түрүүн хэлсэн. Яагаад ингэж хэлээд байна вэ гэхээр энэ хэрэг чинь өмнө нь хамаарал бүхий байна гэдгээрээ шалгагдаад дуусчихсан. Тийм зүйл байхгүй гэдэг тогтоол нь одоо болтол хүчин төгөлдөр байдаг. Хоёрдугаарт, прокурор өмнө нь З.Энхболдыг яллагдагчаар татахаас татгалзсан. Гэвч яг долоо хоногийн дараа шууд яллагдагчаар татаад шүүхэд оруулаад ирж байгаа нь эргэлзээ төрүүлж байгаа юм. Энэ долоо хоногийн дотор юу болов гэдэг асуудал. Мөн миний үйлчлүүлэгчийн хашиж байсан албан тушаалыг улс төрд нөлөө бүхий биш гээд цагаан дээр хараар биччихсэн байхад л мөн гээд шүүх рүү оруулж ирдэг нь ямар учиртай юм.

-Тэгэхээр цаанаасаа ямар нэгэн заавар, тушаал байна гэж хардаад байна уу?

-З.Энхболд гэж хүнд ямар нэгэн ял өгөх нь хэнд ашигтай юм гэдэг эргэлзээ төрж байгаа. Таван толгойг гадаадын компанид өгөх гэж байсныг таслан зогсоосноос болж зарим бүлэглэл, хүмүүс ийм зүйл хийгээд байна гэсэн хардлагаа миний үйлчлүүлэгч ил хэлдэг. Ер нь зүгээр хувь хүний байр сууринаас хэлэхэд энэ том ордыг гадныханд өгөх гэж байсныг зогсоосон нь энэ улстөрчийн том гавьяа шүү дээ. Хэрэв үүнийг хийгээгүй бол бид өнөөдөр хувьцааны ногдол ашиг авахгүй. Их, багадаа биш. Та, би эх орныхоо хишгийг хүртэж байгаа чинь л улс орноороо бахархах нэг бахархал болж байгаа юм.

-Өөрийнхөө гаргасан тогтоолыг долоо хоногийн дотор өөрчилсөн прокурорт гомдол гаргаж, шалгуулах уу?

-Ямар ч байсан энэ хэргийн шийд гараг. Хуулиараа иргэн хүн албан тушаалтанд гомдол гаргах эрх нь нээлттэй байгаа. Ер нь өмгөөлөгч, прокурор хоёрыг мэтгэлцээний хоёр тал гэж явдаг ч хууль тогтоомжид ингэж харах туухайны тэнцвэрт байдал хангагдаагүй.

-Прокурор жин дараад байна уу?

-Мэтгэлцээний шинж нь асуулт, хариултаар илэрдэг. Гэтэл өнөөдөр прокуророос асуулт асуух эрхгүй л өмгөөлөгч сууж байгаа шүү дээ.

-Яагаад?

-Хуульд ингэж асуулт асууна гэсэн зүйл байхгүй гэдэг юм. Шүүгч ч тэгж үздэг. Уг нь бол шүүгч гэдэг чинь прокурор, өмгөөлөгч хоёрын мэтгэлцээн дундаас шийдвэрээ гаргах ёстой юм. Нотолгоо, хууль зүйн шинжлэх ухааны мэтгэлцээн явах учиртай. Гэтэл хоёулаа л шүүгч рүү хараад юм яриад байдгаас мэтгэлцдэггүй. Үүнийг хамгийн ойлгомжтойгоор тайлбарлавал боксын тэмцээн байна. Ринг дээр гарсан хоёр тамирчин тулалдахад хэн нь цохиж оноо авч байгааг шүүгч нь харж, тэмдэглээд дараа нь хэн илүү оноо авсан нь ялдаг биз дээ. Яг л ийм байх ёстой. Өмгөөлөгчийн хувьд прокурорт хандаж та яагаад З.Энхболд гэж хүнийг улс төрд нөлөө бүхий албан тушаалтан гэж үзсэн юм бэ. хуульд тийм заалт алга. Үүнийг нотло гэхээр нотолж чадахгүй бол прокурор хасах оноо авна. Харамсалтай нь саяын шүүх хурал дээр шүүгчид 24 цаг зөвлөлдөж байж шийдвэр гаргаж байгаа юм. Ер нь шүүгч, прокурор хоёрын харилцан хамаарлыг маш ойлгомжтой болгож өгөх хэрэгтэй. Түүнээс биш прокурорын нотолгоог зөвтгөж шийдвэр гаргах нь хэр зөв юм гэдэг нь их сонин ойлголт болж байгаа юм. Ийм хандлага сүүлийн үед ажилагдаад байгаа. Тэгэхээр хууль тогтоогчид мэтгэлцэх зарчим ямар байдлаар хуульд хэрэгжих юм гэдгийг сайтар зааж өгөх хэрэгтэй. Дээрээс нь төрийн болон албан нууц, хувь хүний эмзэг сэдэвтэй л холбоотой биш бол шүүх хурал нээлттэй явагддаг байх ёстой юм.

Т.ДАРХАНХӨВСГӨЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр бич өдөр DNN.mn

2024.04.14 / НЯМ ГАРИГ

ХАВРЫН АДАГ ШАР ЛУУ САРЫН
ТАВАН ШАР ШАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 06.04-19.41
Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Авахуй

Суудал: Гал

Аргын тооллын 4 сарын 14, Адъяа гараг. Билгийн тооллын 6, Хэрцгий охин одтой, шар бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:04-19:41. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.

 

Categories
мэдээ нийгэм

Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв ирэх онд ашиглалтад орно DNN.mn

БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага Койкагийн 100 хувийн буцалтгүй тусламжаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийг барина.  Барилгын шавыг өнөөдөр /2024.04.12/ тавьж, ажлаа эхлүүллээ.

14 сая.долларын буцалтгүй тусламжаар барих тус барилга ашиглалтад орсноор албан хаагчдын ажиллах орчин сайжирч, ажлын бүтээмж нэмэгдэн, орчин үеийн дэвшилтэт технологи, системийг ашиглан төмөр замын суурь бүтцүүдийн галт тэрэгний хөдөлгөөний удирдлагаар хангаж, зохицуулалт хийх боломж бүрдэнэ.

Мөн нэгдсэн зурмагийн гүйцэтгэл сайжран, төмөр замын сүлжээний тээх, нэвтрүүлэх чадвар, хөдлөх бүрэлдэхүүнийг бүрэн ашиглах боломжтой болно. Барилгын зураг төслийг “MSL” ХХК, гүйцэтгэгчээр “Мандалт констракшн” ХХК шалгарчээ. Таван давхар оффист хяналт, удирдлагын өрөөнүүд байхаар төлөвлөгдсөн, ирэх оны 11 дүгээр сард барилгын ажил дуусна гэж Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс түр хугацаанд зогсооно DNN.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлд “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасны дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөөд шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-ний өдрөөс эхлэн түр хугацаанд зогсооно.

Нийслэлийн 204 хороонд улсын бүртгэгч ажиллаж, иргэний бүртгэлийн 10 төрлийн үйлчилгээ үзүүлж байсан бол өнгөрсөн оноос 29 төв, цэгээр 32 төрлийн үйлчилгээ үзүүлж байна. Мөн 29 цахим машинаар иргэн, хуулийн этгээдэд 24 төрлийн лавлагаа, үйлчилгээ авах боломжтой.