Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна DNN.mn

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар, кг-ыг нь 8900 төгрөг, ямааны махыг гулуузаар, кг-ыг нь 6700 төгрөгөөр зарж борлуулна.

Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолоор баталсан “Стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, зарцуулах журам”-ын хүрээнд нийслэлийн хүн амын 2024 оны хаврын улирлын махны нөөц бүрдүүлэх зорилгоор бэлтгэн нийлүүлэгч долоон аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, нийт 6337 тонн нөөцийн мах бэлтгэсэн. Тодруулбал, бэлтгэсэн нөөцийн махны 60 хувь нь хонь, 30 хувь нь үхрийн, 10 хувь нь ямааны мах байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цасан болон шороон шуурга шуурна DNN.mn

Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Маргааш буюу дөрөвдүгээр сарын 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно.

Дөрөвдүгээр сарын 20-нд баруун аймгуудын хойд хэсэг, төвийн аймгуудын баруун болон хойд хэсгээр, 21, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан гол зэрэг томоохон голын хөндийгөөр шөнөдөө -6-11 градус хүйтэн байх нь.

Тиймээс иргэд, малчид цаг агаарын нөхцөл байдалд тохируулан эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд анхаарч, салхи шуургатай үед гал түймрийн аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

 

Эх сурвалж: ОБЕГ

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Б.Нямтайшир: Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна DNN.mn

МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай Баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа. 


-УИХ Баялгийн сангийн тухай хуулийн төслийг энэ өдрүүдэд хэлэлцэж байна. Таныг стратегийн ордын тусгай зөвшөөрөл эзэмшдэг хүний хувьд биш, уул уурхайн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа энэ салбарын мэр гэжлийн хүний тухайд со нирхох нэг асуулт байна. Та энэ хуулийн төслийг дэмжиж байгаа юу?

-Монгол улсын үндсэн хуулийн 6.2 дахь заалтад газар, газрын хэвлийн болон түүний баялаг нь төрийн нийтийн өмч байхаар тунхагласан байдаг. үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн уг хуулийг өргөн барьсныг би дэмжиж байгаа. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөлд тусгагдсан стратегийн ордуудыг 34:66 гэсэн харьцаагаар, оюу толгойн нөхцөлөөс дордуулахгүйгээр ард түмэндээ эзэмшүүлэх нь зүйтэй. монголын ард түмэн байгалийн баялгаа шударга, тэгш хуваан хүртэх ёстой.

-Хуулийн төслийг та хэр анхааралтай судлав. Баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ямар онцлог тусгагдсан гэж үзэж байна вэ? 

-Хуулийн тухай ярихад, баялгийн сангийн тухай хуулийн төсөлд ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн сангуудтай байхаар тусгажээ. 2017 оноос хойш одоо хүчин төгөлдөр үйлчилж буй ирээдүйн өв сангийн тухай хуультай хэрхэн нийцэж байгааг нэлээд харьцуулж  харлаа. тухайлбал, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хувьцаанд ногдох ногдол ашиг өмнө нь ирээдүйн өв санд ордог байсан бол одоо өргөн барьсан хуульд  Хөгжлийн сан руугаа оруулахаар зохицуулсан байна.

Мөн өмнөх жилийн эрдэс баялгийн орлогын гүйцэтгэлээс давсан хэсгийн 20 хувь, хууль тогтоомжийг шинэчлэх, өөрчлөх замаар татварт орж ирж байгаа нэмэлт орлогын 50 хувийг Ирээдүйн өв санд төвлөрүүлдэг байсныг больж бас Хөгжлийн сан руу шилжүүлэхээр тусгажээ. Харин үүсмэл ордоос авах АМНАТ-ыг Ирээдүйн өв санд төвлөрүүлэхээр болж. Гэх мэтээр  сангийн эх үүсвэрүүдэд нилээд өөрчлөлт орсон байна. Эдгээр нь ч зөв байх. Ер нь Баялгийн сан гэдэг чухам юу вэ гэдгээс эхэлмээр байгаа юм. Миний хувьд Баялгийн сангийн эх үүсвэрийн талаар зарчмын өөр бодол, санаатай байдаг.

-Зарчмын өөр бодол санаа гэдгээ тодруулж тайлбарлаад өгөөч?

-Миний бие уул уурхайн салбарт 30 гаруй жил бизнес эрхэлж байна. Байгалийн баялгийг нийт ард иргэддээ хэрхэн тэгш, шударгаар хуваарилах вэ гэдгийг байнга бодож ирсэн. Бүүр 2005 онд энэ асуудлаар өөрийн үзэл, бодлыг тусгасан нийтлэл бичүүлж байлаа. Хэдэн жилийн өмнө Баялгийн сангийн тухай, Стратегийн ордын тухай жижигхэн товхимол боловсруулж хэвлээд УИХ, Засгийн Газрын гишүүдийн заримд нь өгч байсан. Тэр товхимолдоо олон улсын чиг хандлага, жишгийг нэлээд судалж  тусгасан юм. Баялгийн сангийн түүхийг сөхвөл 1800-аад оноос эхлэлтэй. Тэр үеэс л дэлхийн улс орнуудад ийм төрлийн сан байгуулагдаж байсан түүхтэй. Чилийн нийслэл Сантьяго хотод Баялгийн сантай дэлхийн 34 орон нэгдсэн конвенцийг 2008 онд баталж гаргасныг та мэдэх байх.

Гол үзэл санаа нь маш энгийн. Байгалийн баялгийг ашиглуулснаас олсон орлого буюу роялти ба түүний хуримтлалыг ард түмэндээ зориулах. Учир нь байгалийн баялаг бол бүх ард түмний өмч. Түүнээс бүгд хүртэх ёстой. Энэхүү хүртээмж нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ буюу роялтигаар дамждаг.

Роялти нь тухайн үйлдвэрлэл ашигтай байна уу, ашиггүй байна уу гэдгээс үл хамааран борлуулалтын орлогоос шууд авдаг. Тэгэхээр тухайн ордыг ашигласан хүртээмж нийт ард түмэнд АМНАТ-аар дамжин очих ёстой. Гэтэл одоо үйлчилж байгаа хуулинд, мөн энэ шинээр өргөн баригдсан хуулийн төсөлд болохоор Төсвийн тогтворжилтын сан, Орон нутгийн хөгжлийн санд хуваарилаад үлдсэн хэсгийн  65 хувийг л төвлөрүүлнэ гэж байгаа. Энэ бол өчүүхэн хуваарилалт. Ихэнх нь төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулагдахад зориулагдана л гэсэн үг.

Энэ  буруу. Миний хувьд АМНАТ нь Ирээдүйн өв санд 100 хувь төвлөрөх ёстой гэж үздэг. Ингэж байж Сангийн хөрөнгө нийт ард түмний өмч болж, хэзээ ч нөхөгдөхгүй байгалийн баялгийн өгөөж ард иргэд болон ирээдүй хойчид сонгодог утгаараа очино. Нөгөө талаар Үндсэн хуульд тунхагласан өөрийнхөө өмчийн хувь хэмжээг Монгол Улсын иргэн хүртэнэ. Ийм байвал нийгмийн дунд уул уурхайн салбар одоогийнх шиг “муухай” харагдахгүй, харин ч дэмждэг болно. Ийм болохоор зөв, амьдралд нийцсэн хууль гараасай гэж хүсч байна. Өөрөөр хэлбэл,  хуулийн төсөлд анхаарах ёстой зүйл нэлээд байна.

-Жишээ нь юун дээр анхаарах ёстой вэ?

-Уг нь бол Ирээдүйн өв сан нь олон эх үүсвэрээс бүрдэж, урт хугацаанд найдвартай бүтээгдэхүүнд  хөрөнгө оруулалт хийж, арвижиж байх ёстой. Гэтэл хуулийн төслийг харахаар ийм нөхцөл бүрдэнэ гэдэгт эргэлзэж байна. Ирээдүйн өв сангийн тодорхой эх үүсвэрүүд танагдаж, Засгийн газрын хяналт бүхий нөгөө хоёр санд хуваарилагдан, улс төрийн амлалт, үр ашиггүй төслүүд зэрэг хяналтгүй зарцуулагдах магадлал үүсэх эрсдэлтэй гэж харж байна. Үүнээс үүдээд ямар дүгнэлт гарч байна вэ гэхээр Ирээдүйн өв сангаа удирдах, захиран зарцуулах бүтцэд онцгой анхаарал хандуулаасай. Миний санаа бол Ирээдүйн өв сангийн хяналт, удирдлага нь Монголбанкны хатуу хяналтан дор, улс төрөөс хараат бус, шилэн байх ёстой гэж үзэж байгаа. Мөн Ирээдүйн өв сангийн Удирдах зөвлөл, менежментийн багийн бүрэлдэхүүнд нэр дэвшүүлэх асуудлыг бүх ард түмний санал асуулгаар тодруулдаг байх, Удирдах зөвлөл, менежментийн багийг томилох, эргүүлэн татах, Сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёроор шийдвэрлэдэг байх зэрэг саналууд байна.

-Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг дагалдуулан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж “стратегийн ач холбогдолтой ордын  20-иос дээш хувийг дангаар, эсвэл хамаарал бүхий этгээдүүд эзэмшихийг хориглох”-оор байгаа. Энэ талаар таны бодлыг сонсмоор байна?

-Ер нь бол хүчин төгөлдөр үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д “Стратегийн ач холбогдолтой ордыг эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжина” гэсэн зохицуулалт байгаа. Өөрөөр хэлбэл, стратегийн ач холбогдолтой ордыг олон нийтэд нээлттэй болгох, хувь эзэмшүүлэх асуудлыг энэ заалтаар зохицуулсан байгаа.

Аливаа ашигт малтмалын ордын  нөөцийг тогтоох хайгуулаас эхлэн ТЭЗҮ боловсруулах, дэд бүтцийг бий болгох, зах зээлд өөрийн байр суурийг эзлэх зэрэг маш их ажил нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаарддаг. Тухайлбал, дэлхий нийтэд зэсийн ордыг ашиглалтад оруулахад 15-20 жил шаарддаг жишиг бий. Нөгөөтэйгүүр зах зээлийн байдал, эрдэс бүтээгдэхүүний үнийн уналт зэргээс хамааран ашиггүй ажиллах, дампуурах, орд үнэгүйдэх, хөрөнгө оруулалт үр ашиггүй болох зэрэг нь уул уурхайн салбарын онцлог. Араасаа маш их эрсдлийг дагуулдаг.

Олон улсад энэ бүх эрсдлийг үүрэх, хариуцлага хүлээх, зөв оновчтой, шуурхай шийдвэр гаргах, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг шийдвэрлэх нь хувьцааны хяналтын багцыг эзэмшигч буюу стратегийн хөрөнгө оруулагчийн үндсэн үүрэг байдгаас гадна эргээд тухайн төслөөс эдийн засгийн үр өгөөж хүртэхэд оршдог.  Хэрэв Ашигт малтмалын тухай хуульд өргөн барьсан хэлбэрээр өөрчлөлт орох тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд бий болох вэ гэдгийг сайн бодох ёстой.

-Таны хувьд ямар сөрөг дагавар гарна гэж  үзэж байна?

-Хуулийн төсөлд заасан 20 хувиас дээшгүй буюу хяналтын багцгүй, олон хөрөнгө оруулагчтай болох тохиолдолд шийдвэр гаргалт удаан, нэгдсэн бодлогогүй байх эрсдэл үүснэ. Ийм нөхцөл үүсвэл хөрөнгө оруулалт санхүүжилт босгох боломжгүй.  Мөн Уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилт удаашрах, хувьцаа зэмшигчдийн хооронд маргаан үүсэх, төсөл ашиглалтад орох хугацаа хойшлох магадлалтай. Ингэснээр стратегийн ордууд эдийн засгийн эргэлтэд орохгүй байх, ер нь бол салбарын хөгжилд шууд сөрөг нөлөө үзүүлнэ гэж бодож байна.

Өөр нэг хүчин зүйлийн тухай би бас хэлэхийг хүсч байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх сонсголын үеэр төрийн албан хаагчид, бизнес эрхэлж байгаа аятай маш их хөрөнгөжсөн болохыг бүх ард түмнээрээ л харсан. Хуулийн төсөлд тусгагдсан хувьцаагаар дамжаад мөнгө угаах хэлбэр рүү шилжчих вий, гадныханд стратегийнхаа ордын хувьцааг шууд болон дам байдлаар алдчих вий гэдгийг л сайтар бодож, зохицуулах ёстой юм шүү. Хэзээ нэгэн цагт “Стратегийн ордын тухай” гэсэн сонсгол бүү болоосой гэдгийг л анхааруулмаар байна.

-Тэгвэл хуулийн төслийг ямар байдлаар өөрчилбөл улс нийгэм, ард иргэдэд ач холбогдолтой байх бол? 

-Уул уурхайн салбар нь сонгуулийн үеийн улс төрийн намуудын амлалт, олон нийтийн анхаарлыг хандуулдаг сэдэв, нийгмийг талцуулах үндсэн талбар болж ирлээ. Энэ нь салбарын хөгжил, хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчинд сөргөөр нөлөөлдөг. Гадна дотны хөрөнгө оруулалт, Монгол Улсын нэр төр, имижэд ямар их сөрөг нөлөө үзүүлдэг гэж бодно.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 5.6-д заасан “стратегийн ач холбогдолтой ордын хувьцааны 10 хувиас доошгүй гэснийг..,” өөрчлөн найруулж “34 хувь болгон нэмэгдүүлэх, ингэхдээ зөвхөн Монгол Улсын иргэнд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан эзэмшүүлэхээр шинэчлэн найруулах замаар одоогийн өргөн барьсан хуулиар асуудлаа нэг мөр шийдвэрлэчихмээр байна.

Үүнээс гадна стратегийн ач холбогдолтой орд гэдэг томьёоллоо бид эргэн харах хэрэгтэй гэж бодож байна. Стратегийн ордуудын жагсаалтыг батлаад үндсэндээ 17 жил өнгөрлөө. Зарим стратегийн гэх ордуудаа ашиглаад дуусчихсан байна. Угаасаа энэ стратегийн ордын жагсаалт гэгчийг тухайн үедээ улстөржсөн байдлаар, шинжлэх ухаанч бус, олон улсын жишиг хандлагад нийцүүлэлгүй  баталсан л даа. Энэхүү жагсаалтад бүх нүүрсний ордуудаа оруулчихсан байгаа. Гэтэл өнөөдөр дэлхий нийт нүүрснээс татгалзах, улмаар нүүрс шахагдан, үнэ цэнэгүй болох чиглэл рүү явж байна. 2060 он гэхэд өмнөд хөрш нүүрснээс бүрэн татгалзахаа зарлачихаад байгаа. Ийм байхад бид “стратегийн” гээд томьёолоод байж болох уу?

Дэлхий нийтэд бол стратегийн орд гэсэн нэр томьёо байдаггүй. Харин үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц онц чухал ашигт малтмал буюу critical minerals гэдэг ойлголт байдаг. Ихэнх улс орнууд стратегийн ач холбогдолтой эрдсийн баялагт ус, газрын тос, байгалийн хий, цацраг идэвхт ашигт малтмал, газрын ховор элементийг хамааруулдаг. Энэ асуудлаа олон улсын жишигт нийцүүлж, шинэчлэн зохицуулах шаардлагатай. Эцэст нь хэлэхэд, ямар хууль батлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Бидний хувьд гарсан хуулийг дагаж мөрдөж ажиллах болно.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ганбаяр: Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна DNN.mn

Олон улсын хүний эрхийн хамгаалагч, Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяртай УИХ-ын чуулганаар Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл яригдаж байгаатай уялдуулан хүний эрхийн асуудлаар ярилцсанаа хүргэе.


-Монголд хүний эрх, эрх чөлөөний талаарх төлөв байдал ямар байна?

-Монгол Улс Ардчилсан засаглалтай болж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны зарчимтай, зах зээлийн эдийн засгийн тогтолцоо руу шилжээд 34 жил болсон хэдий ч сүүлийн 8 жилд Ардчиллын индексээр 13 байр ухарч 77-д, Авлигын индексээр 121-т, Дэлхийн эрх чөлөөний индексээр 84-т, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88-т, Хүний хөгжлийн  индексээр 96-д, Хүүхдийн эрхийн индексээр 93-т орж Ардчиллаар бий болгосон ололт амжилт түүхэнд байхгүй доод түвшинд хүртэл буурсан байгааг 2023 оны олон улсын байгууллагуудын судалгаа нотолж байна.

Эдгээр олон байг ууллагууд өөрсдийн гэсэн судалгааны арга, аргачлалтай, олон арван жил судалгаа хийж ирсэн туршлагатай учир худал дүгнэлт гаргаж улс орнуудын нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлгүй.

-Олон улсын индексээр ухарч байгаа нь Монгол Улс иргэдийн эрх, эрх чөлөөг хангаж чадахгүй байна гэсэн үг үү?

-Хүний эрх нь иргэний эрхийг агуулдаг ерөнхий сэдэв юм. Иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын эрх гээд онолын хувьд ялгаатай ойлголтууд. Ялангуяа хүний үндсэн эрх, төрөөс бий болгох үүрэгтэй позитив эрх гэж бий. Төр нь хүний заяагдмал эрх болох үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх зэрэг үндсэн эрхэд саад болж болохгүй.

Хүүхэд өөрийн хүсч байгаа зүйлээ бусдад ойлгуулах гэж стресст ордог. Үүнтэй адил насанд хүрсэн хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ч үүнийг төр нь хааж, боож, хавчин гадуурхаж, барьж хориод жам ёсны эрх нь зөрчигдөж байгаа учраас позитив эрхийг хангаж чадахгүйд хүрч байна.

Үүнийг ойлгож, хүний эрхийг дээдэлж шийдвэр гаргадаг ард түмний төлөөлөл болсон төр засагтай болохыг Монголчууд хүсээд байгаа юм. Хэрэв иргэний эрх, улс төрийн эрхийг эхэлж эдлүүлж, улмаар нийгэм, эдийн засгийн эрхийг хангах үүргээ төр биелүүлж ч адахгүй болохоор хүний эрхийг дээдэлдэг хөгжилтэй улс орон руу дүрвэх сонирхолтой иргэд их байна.

-Төр яагаад заавал хүний эрхийг эдлүүлэх үүрэг хүлээдэг юм бэ?

-XIII зуунд монголчууд овог аймгаар аж төрж байх үед Чингис хаан нэгтгэж төрийг удирдаж иргэдээ амар амгалан амьдрах нөхцөл бололцоогоор хангаж байсан. Улс шиг улс байхын тулд өөрсдийн иргэдээс ухаан, мэдлэг, туршлагаар хамгийн сайныг сонгож Чингис хаан шиг өргөмжилж гаргасан зарлиг шийдвэрийг биелүүлж, татвар төлж аюулгүй орчинд амьдрах нь хүмүүн төрөлхтний зүй тогтол юм.

Биднийг төлөөлж сонгогдсон иргэдийн төлөөлөл нийтээр дагаж мөрдөх акт гаргахдаа зөвхөн өөрсдийн хувийн ашиг сонирхолд тулгуурлан шийдвэр гаргаад байгаа нь иргэдийнхээ төлөөллийн ардчиллын зарчим алдагдаж хүний эрхийг зөрчих эхлэл үүсээд байна. Үндсэн хуулийн 19.1-т “Хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө төр хариуцна” гэж үүрэг хүлээсэн ч үүнийгээ биелүүлж чадахгүй төр засагтай байгаа нь өнөөдрийн эмгэнэл болчихоод байна.

Засгийн газрын тухай хуулийн 14.1-т Хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, бэхжүүлэх үүргийг Л.ОюунЭрдэнийн Засгийн газар хуулиар хүлээсэн ч биелүүлж чадахгүй байгаа болохоор гэмт үйлдлээ нуун дарагдуулах, бодит байдлыг шүүмжилсэн, хэлсэн иргэд, улстөрчид, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийг боож хаах, хавчин гадуурхах байдал хэрээс хэтэрсэн учраас эрх баригч намын өнгөрсөн 8 жилийн хууль зөрчин дур зоргоор аашилж монгол хүний эрхийг ноцтой зөрчсөн хэвээр байна.

Ийм учраас ирэх зургадугаар сарын 28-нд болох Монголын төр засгийг удирдах төлөөллөө сонгох сонгуулийн үр дүн олон монголчуудын эцсийн найдвар болчихоод байна.

-Та сүүлд Сүхбаатар дүүргийн прокурорын гадаа хүүхэдтэйгээ явж байгаад хэвлэлээр яриа өгч байсан. Таны эрхийг төрийн байгууллага зөрчсөн юм уу?

-Жилийн өмнө иргэн Д.Мөнх-Эрдэнийг өмөөрч шүүхийн байгууллага хүний эрхийг зөрчөөд байгаа талаар хэвлэлээр яриа өгсөн. Шүүх өөрсдөө хүний эрхийг зөрчиж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байж шүүхийг шүүмжиллээ гэж шүүгчээс нь өргөдөл авсан өдөр нь Шүүхийн ерөнхий зөвлөл хуралдаж тогтоол гаргаад Цагдаагийн ерөнхий газар албан бичгээр хариуцлага тооцох үүрэг өгч, цагдаа нь УИХ-ын харьяа байгууллагын өгсөн үүргийг биелүүлж надад эрүүгийн хэрэг үүсгэж байсан.

Энэ асуудлаар удаа дараа прокурорын байгууллагад гомдол гаргаж хянуулаад эцэстээ эрүүгийн хэрэг биш байна гэж шийдсэн байдаг. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг зөрчсөн Эрүүгийн хуулийн 13.14 заалтыг НҮБ-ийн зөвлөмжөөр хасахыг шаарддаг ч эрх баригчид өөрсдөд нь бусдыг чимээгүй болгох, үг хэлүүлэхгүй байх зорилгоор байлгасан хэвээр байна.

Одоогийн хууль зүйн сайд Б.Энхбаяр өнгөрсөн жил УИХ-ын гишүүн байхдаа эрүүгийн хуулиас хасах ёстой гэж судалгаатай жиргэж байсан мөртлөө сайд болсны маргааш Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахад хэвээр үлдээсэн байх жишээтэй.

Шүүх, прокурор бол Хүний эрхийн Үндэсний комиссын тухай хуулийн 5.1-т заасан Хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцооны бүрэлдэхүүн байгууллага. Тийм ч учраас удирдлагуудыг нь УИХ-аар хэлэлцэж томилдог.

Олон жил энэ салбарт боловсон хүчнийг бэлтгэж байсан багш хүний зарчим, хуулийн бодит хэрэгжилт хангагдахгүй байгаатай зөрчилдөж байгаа бодит кейс юм даа. Ядаж байхад баруун сурсан, академик эрх чөлөөг эдлэх эрхээ мэддэг хүний хувьд яах аргагүй өөрийн үнэт зүйлээ хамгаалахын тулд, цаашид монгол хүний эрхийг дээдэлдэг төр засагтай болж, улс орноо хөгжүүлэхийн төлөө чин хүсэлтэй хүн нь амархан шантрахгүй л дээ.

-Яагаад Прокурорын гадаа хэвлэлээр яриа өгөх болсон юм бэ? Тодорхой ярьж өгөөч.

-Шүүгчдийг томилдог байгууллага нь шүүгчдийн эрхийг хамгаалах нэрийдлээр мөрдөн шалгах ажиллагаа, прокурорт эрх мэдлээрээ нөлөөлж төрийн байгууллага нь өөрөө хохирогч болсон хууль зөрчсөн журам өөрсдөдөө батлаад, өөрт давуу байдал үүсгэж хэрэгжүүлээд байгааг засах ёстой гэж үзэж байна.

Үүний цаана үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө улс төрийн намын харьяаллаар ялгаварлан гадуурхахгүй байх гэсэн Үндсэн хуулиар олгосон эрхэд халдаж байгааг ойлгохгүй байна. Прокурорын байгууллага хянаж үзээд эрүүгийн хэрэг биш байна гээд байхад Шүүхийн ерөнхий зөвлөл нь хохирогч болоод гомдол гаргаад байгааг ер ойлгохгүй юм.

Энэ байгууллагын шахалтаар мөрдөн байцаагч нь зуны амралтаар яаарч миний хэргийг өөрсдийн томилдог шүүхээр оруулж яллах гэж үүрэг өгч мөрдөн байцаах ажиллагаанд нөлөөлсөн гэж хардаж байгаа.

Хүүхдүүдээ аваад хөдөө байхад иргэж дарамталж прокурор нь шүүхэд шилжүүлэх гэж дуудан мэдэгдэх хуудас цахим сүлжээгээр ирүүлж хуулиа зөрчөөд, очсон байхад огноог нь өөрчилж ирээгүй гэж шүүхээр албадан ирүүлэх захирамж гаргуулж гэрээс баривчилсан.

Энэ бүх үргэлжилсэн хууль, хүчний байгууллагын хууль зөрчсөн үйлдэл нь өөрөө эрүүдэн шүүлт гэдгээ ойлгож байгаа ч дээрээр өгсөн даалгавар гэдгээр миний эрхийг ноцтой зөрчсөн.

Орон гэрийн халдашгүй байдал, дуу дүрсний зөвшөөрөлгүй бичлэг, хүний биед учруулсан гэмтэл, эмнэлгээр үйлчлүүлсэн зардал гээд иргэний эрхийг эрх баригч нам яаж зөрчиж байгааг бодитой үзүүлсэн үйлдэл болсон.

Мөрдөн байцаах албаны байцаагчийн эрүүдэн шүүсэн үйлдлийг Хан-Уул дүүргийн цагдаад гомдол гаргаж дүүргийн прокурор нь гэмт хэрэг байна гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэрэг нээж харьяаллын дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субьектийн гэмт хэргийг шалгах хэлтэст хүргүүлэхэд ажилтнаа өмөөрч нэг ч хохирогчийн мэдүүлэг авахгүй байж Сүхбаатар дүүргийн прокурор нь хэргийг хаасан. Хааснаа ч хэлээгүй байхад Нийслэлийн ерөнхий прокурорын албан бичгээс сарын дараа мэдсэн.

Энэ асуудлаар Улсын ерөнхий прокурорт сарын өмнө гомдол гаргасан ч одоог хүртэл хариу өгөөгүй. Ингэж мөрдөн шалгаж байна гэх нэрийн дор хүний эрхийг ноцтой зөрчөөд байгааг тогтолцоогоор нь судалж хэрэгжүүлэх, байгууллагаар өөрсдөөр нь биш хөндлөнгийн судлаачдаар хуулийн өөрчлөлтүүд хийж засч залруулах ажил их байна.

Эцэстээ найдвар тасраад НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд гомдол гаргасан. НҮБ-ын шинжээч ирж миний кейсийг тусгайлан судалж дүгнэлт гаргаж НҮБ-ын хүний эрхийн тайландаа тусгах байх даа. Уг нь Монгол Улсын нэр хүндийг олон улсад унагахгүй гэж бодох юм. Харамсалтай нь төр засаг нь хүний эрхийг удаа дараа зөрчөөд байхаар Ардчилсан намын дэргэд Хүний эрхийн хороо байгуулж хүний эрхийн асуудлыг дипломат аргаар шийдэх гэж үзнэ. Болохгүй бол Ардчилсан үзэл баримтлалтай нам улс төрийн аргаар хүний эрхийг хамгаалдаг тогтолцоо руу шилжихээс өөр гарцгүй болж байх шиг.

Тантай яриад байвал олон чухал асуудлыг ил болгох юм шиг байна. Ярилцлагаа энэ удаадаа өндөрлөе. Манай сонины зүгээс танай Хүний эрхийн хороотой хамтран ажиллах байх. Танд ажлын амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч П.Эрхэмбаяр: Р.Базарыг сүр хүчтэй саатуулахдаа иргэний жам ёсны эрхээс эхлээд олон хууль зөрчлөө DNN.mn

Олны нүдэн дээр өрнөсөн “Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарыг саатуулах үйл ажиллагаа хүний жам ёсны эрхээс эхлээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хуулийг зөрчсөн явдал гэж хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяр үзэж байна. Түүнтэй ярилцсанаа хүргэе.


-“Алтайн хүдэр” ХХК-ийн захирал Р.Базарыг баривчилсан үйл явц нийгэмд хоёр талын байр суурийг бий болгоод байна. Мэргэжлийн хуульч хүн үүнийг ямар өнцгөөс харав?

-Бид эрх зүйт төртэй оронд амьдарч байна. Хэн нэгэн дарга, улстөрчийн захиалгаар хуулийн байгууллага хөдлөөд байж болохгүй. Энэ улсад мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, шаардлагатай гэж үзсэн бол Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу л хүний эрх, эрх чөлөөг хязгаарлана. Тэр нь албан тушаалтан байна уу, бизнесмэн үү, эсвэл алуурчин уу, хүчиндэгч үү хамаагүй. Энэ хүрээнд харах юм бол мэргэжлийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн хүрээ хязгаарыг давсан үйлдэл боллоо гэж харж байна. Хуульд мөрдөгч гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эсвэл ирсэн гомдол мэдээллийн хүрээнд гэрчийг сэжигтнээр мэдүүлэг авахаар дуудна. Дуудаад ирэхгүй бол прокурорын мэдэгдэх хуудсаар албадлага хэрэглэж болно. Түүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан. Албадлага хэрэглэнэ гэдэг SWAT хөдөлгөөд, террорист үйл ажиллагаа, эсвэл ТЭЦ4 дотор тэсрэх бөмбөг тавьчихсан юм шиг буутай, сүр хүчийг үзүүлээд шоу хийх биш юм. Хатуухан хэлэхэд, энэ бол эрх баригчдын зүгээс Монголын төрд татвар төлөөд явж байгаа ААН байгууллагууд, иргэний эрх эрх чөлөөг сайн ч бай, муу ч бай хүндэтгэж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Ноцтой нь тэнд сэтгүүлчид нь бэлэн байдаг, түүнийг нь цагдаа нар буутай бүслээд зогсож байгаа нь хачирхалтай. Хэрэв гүйцэтгэх ажлын хүрээнд явуулсан бол нууц ажиллагаа. Сэтгүүлчид мэдэх боломжгүй. Зураг бичлэг хийгдэхгүй. Тэгэхээр өрнөсөн процессыг харахад эхнээсээ тавилттай, зорилго агуулсан үйл ажиллагаа байлаа.

-Сэтгүүлч мэдээлэл олж авах эрхтэй. Тэр хүрээнд тухайн иргэнийг саатуулж байгаа үйл явдлыг олж мэдээлсэн байх боломжтой шүү дээ?

-Тухайн мэдээллүүдийг мэдээлсэн байдал гэхээр сэтгүүлч эхлээд оччихсон юм шиг, эсвэл зэрэгцээд оччихсон юм шиг харагдсан. Сэтгүүлч мэдээллийг нэг бол төрийн нууц, нэг бол хувийн нууцаас бусдыг Үндсэн хууль, Хэвлэл мэдээллийн тухай хуульд заасны дагуу олоод авч болно. Түүнийг буруутгахгүй. Харин энэ удаагийн баривчилгааны мэдээлэл, өмнөх хэд хэдэн дуулиан шуугиан тарьсан хэргүүдийг харахад эрх баригчдын зүгээс хэн нэгнийг нэр бүхий мэдээллийн сайтуудыг ашиглаж, тухайн онилсон хүнээ гэмт хэрэг үйлдчихсэн мэт, шүүхээс гэм буруу нь тогтоогдоогүй байхад цоллож байгаад араас нь баривчилгаа нэгжлэг хийдэг технологи Монголд бий болчихоод байна. Үүний үр дагавар хүний жам ёсны эрх зөрчигдөж байдаг. Монгол Улсад мөрдөгдөх ёстой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж, хууль дээдлэх зарчим хөндөгдөж байгаа юм. Энэ нь эрх зүйт төрд байж болохгүй нөхцөл байдал. Дараа нь үүнийг засаад сайжруулаад явах боломжгүй.

-Тэгвэл ямар тохиолдолд тусгай ажиллагааны алба ажилладгийг энгийнээр тайлбарлаж өгөхгүй юү?

-Энэ баривчилгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мөрдөгч очоод барьж байгаа албадлагын арга хэмжээ юу гэхээр биш. Бүр буу зэвсэгтэй, тэнд террорист үйл ажиллагаа явуулах гэж байгаа мэтээр хүч гаргалаа. Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжийн хүрээнд нийгмийн, ард иргэдийг аюултай нөхцөл байдалд хүргэх үйлдэл гаргах гэж байгаа тохиолдолд ийм хүч хэрэглэж болно. Ер нь манайд террорист үйл ажиллагаа гараад байдаг бил үү. Яасан ч их сүр хүчтэй, зэвсэглэсэн, яасан ч их халдлагад өртөөд хаширчихсан юм. Түүний оронд гал сөнөөгч нарт хувцсаа тайлаад өгөх хэрэгтэй. Төсөв мөнгөө онцгой байдалд шилжүүлэх ёстой баймаар.

-Сонгууль болохын өмнө иймэрхүү баривчилгаа, дуулиан дэгдэж байгаа нь хардлага төрүүлж байна гэж олон нийт ярьж байгаа. Хэрэгт холбогдож болно. Түүнийг заавал олон нийтэд мэдээлж, шүүхээр шийдвэрлэхээс өмнө яллаж байгаа нь ардчилсан, зах зээлийн эдийн засагтай нийгэмд эрүүл үзэгдэл үү?

-Чөлөөт зах зээлд сайн ч бай, муу ч бай бизнес эрхлэгчид Монголд ажлын байр бүтээгээд татвараа төлөөд, үйл ажиллагаагаа явуулаад тодорхой хэмжээнд ачаа үүрэлцээд явж байгаа. Сайн мууг нь хэлж мэдэхгүй. Нэгд, магадгүй бусад бизнесмэнүүдийг айлгах зорилготой байхыг үгүйсгэхгүй. Үүнээс бусад нь хараад “Намайг ингээд аваад явчих юм биш биз дээ” гэсэн муу жишиг тогтоно. Хоёрт, энэ үйлдлээрээ “Би сонгуульд орох гэж байна. Танай компаниас надад мөнгө өг. Сонгуульд дэмж” гэх зэрэг үйл баримтаар айлгах гэсэн арга хэрэгсэл байхыг ч үгүйсгэхгүй.

Нөгөө талдаа энэ эрх баригчид найман жил ААН-үүдийн нурууг авлаа шүү дээ. Тэдний итгэл үнэмшил “Энэ эрх баригчид бүтэхгүй юм байна” гэж өөрийнхөө үзэл баримтлалаар сайн дураараа сөрөг хүчин, өөр улстөрчийг дэмжиж болно. Үүнийг үгүйсгэж болохгүй. Энэ бол тухайн ААН, байгууллагын эрх чөлөөний асуудал. Ер нь Монголын төр ийм техникийг өнөөдөр, эсвэл өчигдөр ашигласан юм биш. 2018 оноос эхлээд Дубайн гэрээ гэдэг айхтар том гэрээн дунд Сангийн сайд асан С.Баярцогтыг оруулж ирээд, буруутгасан. Гэтэл шүүхийн шийдвэрийг харахад үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэдэг шал өөр зүйл ангитай байсан. Түүнээс хойш яг ийм үйл баримтууд үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл, ийм нөхцөл байдалд нэр төрийг нь гутаасан, тэр нөхцөл байдлыг сурвалжилсан хэвлэлийн байгууллагууд, түүнийг тогтоогоогүй байхад тогтоосон мэтээр Засагтай хамтарч ажилласан гэж үзвэл нэр төрөө сэргээлгэх хэрэгтэй. Мэдээж Иргэний хэргийн журмаар яваад уучлалт гуйлгах боломжтой. Хоёр удаа тухайн хэвлэл дээр уучлалт гуйсан мэдэгдэл гарах юм бол уншигчид, үзэгчид татгалзаж эхэлнэ. Засаг дахиж гэрээлэхгүй. Зах зээлийнхээ журмаар шахагдана гэсэн үг. Ёс зүйтэй мэдээл, эсвэл Нарантуул дээр очиж лангуу аваад гутал зарсан нь дээр. Учир нь саяны үйл явдал дээр редакцитай, ёс суртахуунтай мэдээлдэг хэвлэлийнхэнд тэнд байсан уу гэвэл эргэлзээтэй.

Ингээд харахаар Засаг нь ч, хууль хүчнийхэн ч, зарим хэвлэл гэх үү, сайтууд явж очоод нэг хэлбэрээр ажиллаад байгаа зүйлийг засч залруулах гол зам бол тухайн хүнийг өмгөөлж байгаа өмгөөлөгч нар нь үйлчлүүлэгчийнхээ нэр төрийг сэргээлгэхээр гомдол гаргах хэрэгтэй. Тэгж байж угсарчихсан энэ технологи унана.

-Та сая ийм сүр бараатай баривчилгаа нэг бус удаагийнх гэлээ. Т.Бадамжунайг бас иймэрхүү байдлаар саатуулж байсан. Ер нь ингэж хүний эдлэх ёстой жам ёсны эрхийг зөрчсөөр байх нь нийгэмд ямар үр дагавар бий болгох вэ?

-Жам ёсны эрхийн зөрчлүүдийг хамгаалах тогтолцоо шүүхийн байгууллагад ажиллаж байна. Ийшээ нэр төрөө сэргээлгэх, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх тал дээр иргэд өөрсдөө жаахан хойрго хандаж байна. Том хэргүүд дээр шалгагдаж байгаа субьектүүд ч тэр. Тэд “За, за чимээгүй байя” гэж сууснаараа дараагийн хэн нэгнийг баривчилж болдог юм байна гэдэг өөгшлийг бий болгож байна. Одоохондоо ардчилсан эрх зүйт төртэй улс учраас шүүх жам ёсны эрхийг сэргээж байгаа тохиолдлууд зөндөө бий.

Жам ёсны эрхээ зөрчүүлээд яваад байх юм бол дараа дараагийн хэсгүүд дээр өөгшүүлсэн, өнөөдрийн олж авсан тогтолцоог нураахад гар бие оролцож байгаа, эрх зүйт төрөөс ухрах алхам хийхэд нэмэр оруулж байгаа л үйлдэл болно. Өмнөх ярилцлага дээр ч хэлж байсан. Жишээ нь, хажуу айлын тань хүүхэд уйлаад зодуулаад байхад хаалгаа түгжчихээд “Манай асуудал биш” гэдэг энэ нийгмийн зөв тогтолцоог нураахад гар бие оролцож байгаа үйлдэл мөн.

Шүүхээс хүний жам ёсны эрхийг хангасан шийдвэрүүдийг гаргаж байна. Харин цагдаа, прокурорын байгууллага дээр уддаг. Энд залхаан цээрлүүлдэг. Энэ хоёр байгууллага улстөрчийн халаас руу үсрээд орчихсон учраас бидний жам ёсны эрх хангагдах процесс удаашралтай байгаа юм. Засгийн газрын авлигатай тэмцэх “5Ш” ажиллагаа үлгэр болчихоод байгаа нь энэ. Хэнийг шүүхэд аваачиж ял өгүүлэх үү, хэнийг авч үлдэх үү гэдгийг цагдаа, прокурор дээр хийчихээд байгаа учраас хэцүү. Шүүх ажиллаад байгаа, эрх баригчдын үгэнд орохгүй байгаа учраас эрх баригчдын зүгээс “Энд авлигын шүүх бариад үзэх үү” гэж байгаа нь энэ. Авлигын шүүх битгий хэл АТГ байгуулаад одоо гарсан үр дүн ямар байгаа билээ.

-Үнэндээ шүүхийн шинэчлэл л сүүлийн жилүүдэд хамгийн их яригдаж ирсэн. Цагдаа, прокурорын шинэчлэлийн тухай яригдахгүй байгаа нь үнэн?

-Прокурорын байгууллагын шинэчлэл, шинэтгэл гэдэг үгийг би лав энэ мэргэжлээр ажилласнаас хойш сонсоогүй. Шүүхийн шинэчлэл л ярьж ирсэн. Хамгийн гоё барилга байгууламжтай нь цагдаа, прокурор. Нөгөө үгэнд ордоггүй шүүх нь умгар өрөөнд хоёр, гурвуулаа суугаад хэрэг шийдвэрлэж байна. Үгэнд ордог хүүхдэд “Май чихэр ид” гээд хүссэнээр нь хангамжийг нь өгч байна. Энэ бол манай хуулийн салбарт болохгүй бүтэхгүй байгаагийн илрэл, хэлбэр.

Шүүх гэдэг ярьдаг хууль. Хууль дээр юу гэж бичсэнийг яриад хэргийг шийдээд явуулдаг. Эрх баригчдын зүгээс сөрөг хүчнээ, эсвэл хэн нэгэн улстөрчийг намнах хүсэл зориг, амбиц байсаар байдаг. Тэр хүрээнд нь шийдэж өгөөч гэхээр шүүх хуулиа барьчихдаг. Тэгэхээр “Та нар наад умгар өрөөндөө бай” гээд л төсөв мөнгөнөөс нь эхлээд уяад байгаа юм. Магадгүй авлигын шүүх байгуулагдлаа гэхэд хамгийн гоё танхимтай, хамгийн гоё өрөөнд хамгийн өндөр цалинтай хүмүүс ажиллах байх. Тиймээс хуульчид өөрсдөө улстөрчид, эрх баригчид дээр мөрөн дээрх таван хошууны төлөө алгаа хавсарч очдог баймааргүй байна. Албан тушаал горилж очиж халаасанд нь орсноос болоод салбарын нэр хүндийг тэр чигт нь унагааж байна. Энд хуульчдын дотоодын шинэтгэл, дотоодын их хурлын асуудал ч яригдана. Хөндлөнгийн хууль тогтоогчдын зүгээс үүнтэй холбоотой эрх зүйн орчин боловсронгуй болгох, бие даасан хараат бус байх тал дээр чиглэсэн бүхий л үйл ажиллагаа яригдаж л таарна.

Б.ЭНХЗАЯА

 

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр хулгана өдөр DNN.mn

Аргын тооллын дөрөвдүгээр сарын 18, Бархасбадь гариг. Билгийн тооллын 10, Их морь одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 05:57 цагт мандаж, 19:46 цагт жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дархны үйлд сайн. Төлгө тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч хүч ихэснэ.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан байна DNN.mn

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө нутгийн баруун өмнөд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр -5…-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +4…+9 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр +8…+13 градус дулаан, бусад нутгаар -2…+3 градус, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр +2…+7 градус, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +5…+10 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +16…+21 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +8…+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +6…+8 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дөрөвдүгээр сарын сэдвүүд-II” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы 2024-04-18-ны пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт МАК ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайширтай ярилцлаа. Тэрбээр “Баялгийн сангийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа ч анхаарах зүйлс нэлээд байна” хэмээн ярилаа.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн “Зүгээр Улс” нийтлэл хэвлэгдлээ.

Сонсгол: ЭМЯ-ны Тусгай зөвшөөрлийн комиссын гишүүд өөрсдийн компанидаа тусгай зөвшөөрөл олгож байжээ

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Дөрөвдүгээр сарын сэдвүүд-II” нийтлэл хэвлэгдлээ.

УЛС ТӨР: Олон улсын хүний эрхийн хамгаалагч, Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хорооны дарга Д.Ганбаяр “Иргэний болон улс төрийн эрхийг эдлүүлж чадахгүй бол гадагшаа дүрвэх иргэд их байна” хэмээв.

Эрчим хүчний шинжээч Л.Жамбаа “Монгол орны 330 сумын дэд станцууд дээр батерей хуримтлуур суурилуулахад эрчим хүчний хараат байдлаас дорхноо гарна” гэв.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Европын Зөвлөл ОХУ-ын хөрөнгийг Украинд шилжүүлнэ

МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач Ц.Сүхээ “Намайг илэрхийлсэн зураг зурахсан л гэж бодож явдаг даа” хэмээн “Соёл, урлаг” нүүрт ярилаа.

“World Ballet and Dance Grand Prix Mongolia 2024” Олон улсын тэмцээний уран сайхны удирдагч, “G River” балет студийг үүсгэн байгуулагч, Соёлын тэргүүний ажилтан С.Ганбат “Сайхан бүжиглэх бол чадвар, бүжгээр түүх өгүүлэх бол авьяас юм” гэлээ.

СОНИНЫ АРЫН НҮҮР: Самбуу гуайг дурссан Удвал зохиолчийн уйлмаар үг


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Шинэ оддын гялалзах талбар: Оюутны лиг

Коллежийн сагсан бөмбөг аль ч оронд мэргэжлийн спортоос дутахааргүй хэвлэл мэдээллийн анхаарлыг татаж байдаг. 2022 онд Ш.Энхийн-Од Дэйтоны их сургуулийн багт уригдаж, АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн лигт хүчин зүтгэх болсноор бидний сонирхол ч тийшээ зүглэх болсон билээ. Зөвхөн АНУ-ын коллежийн лигээр зогсохгүй, MCBA-аас зохион байгуулдаг Монголын оюутны лигийн тоглолтууд ч залуусын сонирхлыг ихээр татдаг, тренд үйл ажиллагаануудын нэг болжээ. Энэ сарын 282930-ны өдрүүдэд тус лигийн “Final Four” буюу медалийн төлөөх тоглолтууд явагдах аж.
Тэгвэл уг нийтлэлийн хүрээнд их сургуулийн сагсан бөмбөгийн соёл гэж юу болох, мөн АНУ-ын коллежийн лиг яагаад тийм алдартай байдаг шалтгааныг хамтдаа эргэцүүлэх болно.

Шинэ оддын гялалзах мөч

Jordan_M_flagdunk_BD.jpg
Зураг 1. Эх сурвалж:  Goheels

1982 оны гуравдугаар сарын 29. АНУ-ын коллежийн лигийн шигшээ тоглолтод Жоржтаун “Хояас” баг Хойд Каролина “Тар Хийлс” багтай тунаж үлдэж байв. Нью-Орлинс хотод зохион байгуулагдсан энэ тоглолтыг ордонд 61,612 хүн үзсэн бөгөөд шууд дамжуулалтыг 17.6 сая хүн үзэж байжээ. Тоглолт дуусахаас 20 секундийн өмнө Жоржтауны баг 1 оноогоор тэргүүлж явсан бөгөөд 15 дахь секундэд Хойд Каролина “Тар Хийлс” багийн 23 дугаартай тоглогч дундын зайн шидэлтийг амжилттай хийж, аварга болж байв. Энэ 23 дугаартай тоглогчийн нэрийг Майкл Жордан гэдэг. Тухайн үед Майкл Жордан бидний мэдэх сагсан бөмбөгийн домогт тоглогч биш Жэймс Уорти, Сэм Перкинс гэх мэт багийнхаа од тоглогчдын араас орох тоглогч байв. Энэ түүхэн шидэлтийн дараа түүний багтаа эзлэх байр суурь үлэмж хэмжээгээр ихсэж, дундаж оноо нь 13-аас 20 болж нэмэгдэн, хэвлэл мэдээллийн анхаарал ч түүн дээр төвлөрөх болжээ. Энэ мэтчилэн АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн ирээдүйг тодорхойлох залуу одод уг тэмцээнээс төрдөг бөгөөд үзэгчдийн хувьд шинэ нүүр царай, шинэ тоглогчидтой танилцах нь сонирхолтой байдаг аж.

Хамтдаа илүү хүчтэй

Slide 16_9 - 3.jpg
Зураг 2. Эх сурвалж:  Bleacher Report

АНУ-ын Коллежийн сагсан бөмбөгийн тэмцээн тус улсын иргэдийн хувьд зүгээр нэг спорт, зугаа цэнгэл гэхээс илүү нэгдмэл байдлын илрэл, ондоошил нь болж байдаг. Тухайн их сургууль болон бүс нутгийн өв соёл, үнэт зүйл, онцлог зэрэг нь цөм коллежийн багтаа шингэсэн байдаг гэсэн үг. Жишээ нь:

  1. Нью Мексикийн их сургуулийн Лобос баг тус бүс нутагт оршин суудаг Латин Америк гаралтай хүмүүсийг илтгэх бөгөөд багийн нэр нь ч Испани хэлээр чоно гэсэн утгатай аж.
  2. Флорида мужийн их сургуулийн баг тухайн нутгийн уугуул иргэд болох семинолчуудтай гэрээ хийж, тэдний нэр болон онцлогийг ашиглан брэндээ хөгжүүлж байв.
  3. Оклахома муж нь ферм, мал аж ахуйн соёл өндөртэй бөгөөд үүнийгээ даган их сургуулийн багаа “Оклахома мужийн кобойчууд” хэмээн нэрлэжээ.

Дээрх жишээнүүдийн адилаар коллежийн багууд тухайн хот, бүс нутаг, мужийнхаа ондоошлыг олон нийтэд сурталчилж байдаг бөгөөд үүгээрээ дамжуулан хөгжөөн дэмжигчдэдээ хамтын мэдрэмж өгч, эв нэгдлийг нь улам бэхжүүлж байдаг.

3. Заналт дайснууд

Slide 16_9 - 1.jpg
Зураг  3.  Эх сурвалж: Teaser Vision

Олон жилийн турш тасралтгүй өрсөлдсөөр ирсэн багууд заналт дайснууд шиг л болсон байх бөгөөд тэдний өрсөлдөөн уг тэмцээнийг илүү сонирхолтой болгодог. Тухайлбал, Дьюкийн их сургууль болон Хойд Каролинагийн их сургуулийн хоорондох “Цэнхэр цустнуудын тулаан” зөвхөн коллежийн сагсан бөмбөг бус АНУ-ын спортын түүхэн дэх хамгийн үзүүштэй тулаануудын нэгд тооцогддог. Уг хоёр сургууль анх 1920 онд учраа таарч тоглож байсан ба тэр цагаас хойш нийт 262 удаа бие биеийнхээ эсрэг талбайд гарч байв. Улмаар 100 гаруй жил хуримтлагдсан сэтгэл хөдлөл, үзэн ядалт зэрэг нь тэдний өрсөлдөөнийг кино шиг болгох аж. Үүн дээр үнэнч хөгжөөн дэмжигчид нь нэмэгдсэнээр уг тэмцээнийг спортын тоглолт гэхээсээ илүү муж хоорондын “нөхөрсөг дайн” болгон хувиргадаг.

4. Үнсгэлжингийн үлгэр

Slide 16_9 - 5.jpg
Зураг 4. Эх сурвалж: NCAA

“Гуравдугаар сарын галзуурал” буюу хасагдах шатны тоглолтууд АНУ-ын спорт сонирхогчдын шар үсийг босгож, хүйтэн хөлсийг цувуулдаг бас нэгэн шалтгаан бол хэн ч хэнийг ч хожиж болдог систем юм. Энэ тэмцээнд амжилтаараа шигшигдсэн 68 баг оролцож, “Хож эсвэл гэртээ харь” гэх дүрмийн дагуу нэг л тоглолтоор хувь заяагаа шийддэг. Нэг тоглолтын үр дүн хаашаа ч эргэх боломжтой учир амжилтаараа дээгүүр эрэмбэлэгдсэн баг өөрөөсөө доогуур багт хожигдож, тэмцээнээ өндөрлөх үе ч цөөнгүй бий. Жишээ нь, 2018 онд түүхэндээ анх удаа 16-р байрт жагссан баг 1-р байрт жагссан багийг хожсон тохиолдол гарч байв. Энэ мэт төсөөлшгүй үр дүнгүүд өрсөлдөөнийг улам ширүүн болгож, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлэх хүчин зүйл болдог ажээ.

Төгсгөлд нь

Frame 1261156426.png

Ийм шалтгааны улмаас АНУ-ын коллежийн сагсан бөмбөг Үндэсний сагсан бөмбөгийн лигээсээ дутахааргүй нэр хүндтэй байдаг. Зөвхөн тамирчид, арын албаныхан гэлтгүй хөгжөөн дэмжигчид ч энэ тэмцээний амин сүнс болж, тоглолтын үр дүнд нөлөөлөх боломжтой.

Сүүлийн жилүүдэд манай улс ч багийн спортод чамлахааргүй амжилт үзүүлэх болж, түүнийг нь дагаад хөгжөөн дэмжигчдийн тоо эрс нэмэгдэж байна. Нэн ялангуяа Монголын Оюутны лигийн шигшээ тоглолтууд зохион байгуулагдах гэж буй энэ цаг мөчид бид сагсан бөмбөгийн соёл гэх зүйлийн гүн рүү өнгийж, түүгээр дамжуулан олж авах боломжтой эв нэгдэл, баяр баясал, утга учрыг ойлгох нь нэн чухал билээ.

Go MonGOlia, Go for the WIN!

Тасалбар худалдан авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ!

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Р.Базараа нарыг нэг сар хорих шийдвэр гарлаа DNN.mn

“Алтай хүдэр” ХХК-ийн захирал, Р.Базараа нарын хүмүүсийг Эрүүгийн цагдаагийн албанаас саатуулаад байсан.

Түүнчлэн уг хэрэгт холбогдуулан “Алтайн хүдэр” компанийн гүйцэтгэх захирал Х.Бат-Эрдэнэ болон Х.Хаш-Эрдэнэ нарын арав гаруй иргэнийг мөн саатуулсан. Тэгвэл өнөөдөр уг хэрэгтэй холбогдон баривчлагдсан хүмүүсийг нэг сар хорих шүүхийн шийдвэр гарчээ.