Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний хоёр сард нийт 121 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 3.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 2.2 тэрбум ам.доллар, импорт 1.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 644.4 сая ам.долларын ашигтай гарсан байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд 100 сая төгрөг олгожээ DNN.mn

Дэлбэрэлтэд өртсөн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр нийт 100 сая төгрөг олгожээ.

Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан “Өнгөрсөн  нэгдүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон газын дэлбэрэлтэд өртөж, түлэгдэж гэмтсэн иргэдийн эмчилгээний зардалд Засгийн газрын шийдвэрээр 10 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн.
Галд өртсөн орон сууц, иргэдийн эд хөрөнгийг хэрхэх тухай асуудлыг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсны дараа шийдвэрлэнэ” хэмээн ярилаа.
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Шимизү Такэнори: Япон улс Монголоос ховор металл, жонш импортлох өндөр сонирхолтой DNN.mn

Монгол, Япон хоёр у лсын харилцааг з алгамжлан явах, мэдээллийг түгээн таниулах чадвартай залуусыг Японд урьж тус улсын нийгэм, эдийн засаг, соёл спорт, шинжлэх ухаан, гадаад харилцааны талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Jenesys” төсөл 2007 оноос хойш хэрэгжиж иржээ. “Jenesys2023”-ын оролцогчид энэ сарын 4-11-нд Япон улсыг зориод ирлээ. Энэ удаагийн хөтөлбөрт Япон улсаас Монгол Улсад суух онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан Шимизү Такэноригийн лекц багтсан нь онцлог байв. Ноён Шимизү өөрийн төрөлх оита мужийн Коконоэ хотод төвхнөжээ. Тэндээ Монгол Улстай холбоотой түүх, соёл, өөрийн ажиллаж байсан үеийн бүхий л биет дурсгалуудаар гэр галарей байгуулснаа монгол хүүхэд, залууст сонирхуулж амттай тайлбаруудыг хийж байлаа. Мөн тэрээр ойн гүн дэх өөрийн эзэмшлийн уламжлалт байшингаа сэргээн засварлаж, япон монгол хүүхэд залуусыг хамт байрлуулж танилцуулж нөхөрлүүлэх, Монгол Улсын талаарх мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх чин хүсэлтэй байгаагаа дуулгаж байлаа.

Энэ уулзалтын үеэр түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та ингэхэд анх Монголд хэзээ хөл тавьж байв даа?

-Би дөрвөн удаа Монголд очиж байсан. Ингэхдээ их сонин цаг үеүд байдаг. Хамгийн анх очиход социализмын үе байсан. Та бүхэн социализмын үед төрөөгүй учраас мэдэхгүй. Хоёр дахь удаа очиход ардчиллын хөдөлгөөн эхэлсэн үе таарсан. Талбай дээр 50 мянга гаруй залуус цуглаж Засгийн газрыг эсэргүүцэж байсан цаг үе.

Гурав дахь удаа очиход эдийн засгийн хямралын хүнд үе байлаа. Хамгийн сүүлд 2011 онд Элчин сайдаар томилогдон очих үед Монгол Улс хөгжиж, х үмүүсийн амьдрал сайжирсан нь илт харагдаж байв. Япон, Монгол хоёр улсын харилцаа ч өндөр түвшинд хүрсэн ийм цаг үед очиж байлаа.

-Таны төрөлх нутаг Оита муж манай улстай нэлээд эртнээс харилцаа тогтоосон гэв үү. Чухам ямар байдлаар харилцаж байна вэ?

-Монгол, Оита мужийн харилцаа бүр социализмын үеэс эхтэй. Оита бол халуун рашаанаараа дэлхийд алдартай. Газрын гүний халуун усыг ашиглан усан цахилгаан станц байгуулсан нутаг. Тиймээс энэ хүрээнд Баянхонгор аймагтай хамтын ажиллагаатай байдаг.

-Таныг Монголын төлөө их зүйл бүтээсэн хүмүүсийн нэг гэж монголчууд үнэлдэг. Монгол хэлээр бидэнтэй харилцаж, Монголын түүх, соёлын дурсгалт зүйлсээр галерей байгуулчихсан байхыг харах сайхан байна?

-Би залуудаа орчуулагч хийж байсан үеийг бодоход одоо монгол хэлийг мартжээ /инээв/. Намайг Элчин сайдаар ажиллаж байх хугацаанд ерөнхий сайд Абэ гурван удаа Монголд айлчилсан байдаг. Өмнө нь ийм тохиолдол байгаагүй. Абэ сайд үнэхээр Монголд элэгтэй хүн байсан. Харамсалтай нь хоёр жилийн өмнө алагдсан. Одоо миний санаа зовж байгаа нэг зүйл бол залуу үеийн япончууд Монголын талаар мэдлэг улам буурч байна. Японд Монголыг сонирхож байгаа хүмүүс гэвэл бидний үеийн 60, 70, 80 хүрсэн хүмүүс. Гэтэл Монголын дундаж насжилт 28, Японы дундаж нас 48. Бидэн шиг хөгширсөн хүмүүс л байна. Тиймээс Японы залуус Монголын талаар мэдлэгтэй болохгүй л бол бидний дараагийн үе мэдэхгүй болж эхлэх нь. Тэгвэл хоёр улсын харилцаанд сөрөг нөлөөтэй. Үүнийг засмаар байна. Япон залуус Монгол гэхээр бараг мэдэхгүй байна. Харин Монголд очоод ирсэн хойноо дахин дахин очихыг хүсдэг тийм сайхан нутаг. Тиймээс би аль болох олон япон залууст Монголыг танилцуулах хүсэлтэй байдаг. Энэ хүрээнд инстаграм хаяг нээж, Монголын талаар танилцуулдаг болсон.

-Монгол, Япон хоёр улс дипломат харилцаа тогтоогоод хагас зуун жил өнгөрчихлөө. Эрт үеэс зээл тусламжаас эхлээд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарын аль сайн бүтээн байгуулалтууд хийгдсэн байдаг шүү?

-Би Элчин сайдаар анх очихдоо боловсролын салбарт их анхаарч байлаа. Монголчууд сайн боловсрол авч олж авч чадвал ямар ч асуудлыг даван туулж чадна. Үүнд туслах нь миний үүрэг гэж бодож ажиллаж байсан. Түүх өгүүлэх бүтээн байгуулалтууд ч бий. Үүний нэг бол Замын-Үүд дэх ачаа ачих терминал. Би Японоос Монголд яваад оччихсон байдаг. Ачаа маань ирдэггүй хоёр сар болсон. Учрыг нь лавлатал Эрээнд гацчихсан байсан. Тиймээс Замын-Үүд дээр ачаа ачих бааз байгуулах төсөл хэрэгжүүлсэн.

Нарны замын төсөл хэрэгжүүлэх үед ямар нэр өгөхөө мэддэггүй. Нэгэнт Монгол Улс хөгжсөөр байх болно. Япон улсын тусламж дэмжлэгийн талаар ирээдүй хойчийн залуус мартах цаг ирнэ. Ийм учир хэзээд дурсаж байх зүйл бол нэршил гэж үзээд энэ төслийг нэрлэх уралдаан зарласан. Арваад нэрс ирснээс “Нарны зам” гэх нэршил шалгарч байлаа.

Сүүлд гурван том төсөл хэрэгжсэн. Эхнийх нь Чингис хаан олон улсын нисэх буудал, хоёр дахь нь 1000 инженер бэлтгэх төсөл. Гурав дахь АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг. Би Монголд олон сайхан найзуудтай. Үүний нэг нь уртын дуучин Норовбанзад, морин хуурч Батчулуун нар байлаа. Тэд буруу о ношлогдож Японд эмчлүүлэхээр аваачсан ч оройтсон байлаа.

-Цаг үеийн асуудлаар нэг зүйл тодруулъя. Орос-Украины дайн Монголд ямар нөлөө үзүүлнэ гэж та хардаг вэ?

-Украины дайны нөлөө шууд гарахгүй. Гэхдээ энэ дайныг Орос хийж байгаа учраас нөлөө зайлшгүй Монголд бий болно. Нааштай нөлөө биш байх. Яагаад гэвэл бид Оросыг шүүмжилдэг. Хариу арга хэмжээ авч байгаа. Сөрөг нөлөө байсаар байна.

Хуучин цаг үед Хятад, Орос хоёр харилцаа таагүй явж ирсэн. Харин өнөөдөр энэ хоёр улсын харилцаа нэлээд өндөр түвшинд хүрч байна. Монголын хүнд цаг үед Орос дэмждэг байсан. Одоо тэд Хятадын үгэнд орно.

-Япон Монголоос байгалийн баялаг экспортлох сонирхолтой гэж та сая хэлсэн. Чухам ямар чиглэлээр хамтрах сонирхол байна вэ?

-2016 онд хоёр улс эдийн засгийн түншлэл байгуулсан. Гэвч нэг их сайн урагшлахгүй байна. Япон Монголоос байгалийн нөөц авах өндөр сонирхолтой. Ховор металл, жонш экспортлох хүсэлтэй байдаг. Харамсалтай нь тээврийн асуудал байнга гардаг. Ингэхээр Хятадыг дайраад явуулахаас өөр аргагүй.

Зөвхөн Япон гэлтгүй Солонгос, Энэтхэг ч Монголын байгалийн нөөцийг төдийгүй Монголын хөдөө аж ахуйн бүээгдэхүүн авах сонирхол өндөр. Тэр салбарт хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүмүүс бий. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдад янз бүрийн дарамт үзүүлсээр ирсэн. Үүнд хөрөнгө оруулагчид айж болгоомжилж ханддаг. Энэ уур амьсгалыг өөрчилж Монголын талаас идэвхтэй, хөрөнгө оруулагчийг х а мгаалах талаар танилцуулга хийх хэрэгтэй болов уу.

Categories
мэдээ нийгэм

Д.Сүнжид: Хүний эрх хамгаалах тогтолцоо сул байгаа шалтгаан нь төрийн байгууллагуудын уялдаагүй байдал DNN.mn

Хүний эрхийн Үндэсний комиссын даргаар сонгогдоод удаагүй байгаа доктор Д.Сүнжидтэй Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын талаар ярилцлаа.


-Монгол Улсад хүний эрхийн нөхцөл байдал ер нь ямар байна вэ?

-Иргэний болон улс төрийн эрхийн хувьд олон улсын индексээр “Хагас эрх чөлөөтэй”, дундаж түвшинд байдаг. Хэвлэлийн эрх чөлөөний байдал ухарч, 88-д орсон. Жендерийн тэгш бус байдлын үзүүлэлт 80 дугаарт эрэмблэгдэж байна. Эдийн засаг-нийгэм соёлын эрх хангалтгүй, 50 хувиас доогуур байдаг. Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ялгаварлан гадуурхалтаас

ангид байх эрх, хөдөлмөрлөх эрх, боловсролын тэгш бус байдал, орчин цагийн боолчлол зэрэг нь манай улсад байна.

-Орчин цагийн боолчлол гэж юуг хэлж байна вэ. Манай улсад байгаа зүйл үү?

-Хөлсгүй, өөрийнх нь хүсэл саналыг аваагүй, барьцаанд, эсвэл албадан сүрдүүлэг, аргагүй байдлыг далимдуулан хөдөлмөр эрхлүүлэхийг хэлдэг. Ийм нөхцөлд 38 мянган хүн манай улсад байна гэдгийг олон улсын судалгаанд дүгнэсэн. ХЭүК-оос Европын холбоотой хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд туслах малчдад эрхийн талаар сургалтыг зохион байгуулсан. Мөн унаач, уяач хүүхдүүдэд бас хөдөлмөрийн мөлжлөгийн асуудал байна гэдгийг Комиссын 20 дугаар илтгэлдээ оруулсан. Судалгаагаар хүүхдүүдийг өрийн барьцаанд, тогтсон цалин хөлсгүйгээр айлд явуулдаг, морь унуулдаг зэрэг нөхцөл байдал илэрсэн. Эцэг эх нь ахуйн хэрэгцээний өрөнд хүүхдээр унаач хийлгэх, морины ажил хийлгэх зэрэг нь тэвчишгүй хөдөлмөр, хөдөлмөрийн мөлжлөгийн хэлбэрийн шинжтэй. үүнийг орчин цагийн боолчлолын хэлбэр гэдэг. Боловсролын хувьд хамгийн их санаа зовоож байгаа асуудал тэгш бус байдал байна.

Чанартай боловсролыг нийтээрээ эзэмших нь боловсролын салбарын зорилго байдаг. Гэтэл

боловсролын түвшин эрс тэс байгаа нь амьжиргааны түвшинтэй шууд хамааралтай байна.

-Олон улсын хүний эрхийн төлөв байдлын талаарх индексүүдийг бид дотооддоо давхар хийж болдоггүй юм уу?

-Хүний эрхийн Үндэсний комисс болон статистикийн хороо хамтраад хүний эрхийн төлөв байдлын индексийг гаргахаар ажиллаж байна. Шалгууруудыг тоон ба чанарын аргаар хийхээр боловсруулсан. Энэ жил мэдээдэл цуглуулаад ирэх жил эхний байдлаар индексийг гаргаж үзнэ.

-Хүний эрхийг хангах тогтолцоо Монгол Улсад яаж ажилладаг вэ. Энэ тогтолцооны хаана нь ХЭҮК байдаг вэ?

-ХЭүК-ын хамгийн гол үүрэг нь хүний эрхийн зөрчил, доголдол хаана байгааг хөндлөнгөөс олж харж, түүнийг оношлох юм. Хуульд заасанчлан төрийн бүх шатны байгууллага хүний эрхийг хамгаалах үүргийг хүлээдэг. Хүний эрхийг хамгаалах тогтолцооны эхний хэсэг хууль тогтоох байгууллага байдаг. Хүний эрхийг хангасан, хамгаалсан, эрхийг сэргээсэн хууль тогтоомжууд батална, хууль нь амьдралд нийцэхгүй бол залруулж байх ёстой. Жишээ нь, саяхан батлагдсан Эрүүгийн хууль, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд ХЭүК-оос оруулсан саналаар сэжигтнийг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хойшлуулшгүй тохиолдолд 24 цаг баривчлахдаа шүүгч хянан шийдвэрлэдэг байх, хянан шийдвэрлэх тусдаа шүүгч бий болгох зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулсан.

Гүйцэтгэх эрх мэдлийн хувьд Засгийн газар, яам, агентлаг, бие даасан нэгж, зөвлөлүүд чиг үүргийн дагуу үүрэг гүйцэтгэнэ. Гүйцэтгэх засаглал хамгийн их төсөвтэй, хамгийн их хүнийн нөөцтэй, хамгийн гол хуулийг биелүүлэх чиг үүрэг хуулиар хүлээдэг учир энд хүний эрхийг хамгаалах тогтолцоо хамгийн сайн, араа шүд нь таарч ажиллах ёстой.

Орон нутгийн түвшинд баг, хороо, дүүрэг, сум, аймаг, нийслэлийн Засаг дарга, Иргэдийн хурал, харьяа агентлаг, байгууллагууд байна. Шүүх эрх мэдлийн байгууллагатай Комисс хязгаарлагдмал хүрээнд харилцдаг, хянан шийдвэрлэх ажиллагаанд талуудын эрх хангагдаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Ингээд харвал орон нутаг, гүйцэтгэх эрх мэдэл, хууль тогтоох гэсэн бүтэц бүхий хүний эрхийг хамгаалах тогтолцоотой ХЭҮК харилцдаг.

-Хүний эрхийг хамгаалах тогтолцоо ажиллахгүй бол яах вэ?

-Манай байгууллагын гол үүргийн нэг нь гүйцэтгэх эрх мэдэл хүний эрхийг хангах тогтолцоог ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг. Механизм, төсөв хуваарилалт, төрийн албан хаагчаас ажлаа гүйцэтгэж чадсан уу, хүний эрх хамгаалагдсан уу, хангагдсан уу гэдгийг хянана. Зөрчил гарч байгаа эсэхэд судалгаа шинжилгээ хийж, оношлон шаардлагатай бол “зөрчлийг таслан зогсоох, зөрчлийг арилгах, залруулах” зөвлөмж, шаардлагыг өгнө. Харин шүүх эрх мэдлийн хувьд манай байгууллагын харилцаа хязгаарлагдмал. Энд бид өмгөөлөгчөөр хангасан уу, цагдан хорих байрны нөхцөл чинь стандартыг хангаж байна уу, эрүү шүүлт тулгасан уу, гаргасан санал хүсэлтийг биелүүлэх боломжтой байсаар атал биелүүлээгүй юм биш биз гэх мэтээр процесст нь хяналт тавьдаг. Харин эрх зүйн маргааныг шийдвэрлэх, шүүн таслах үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Ер нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хүний эрхийг хамгаалах үйл явц давхар хянагдана. Жишээ нь, цагдаа, мөрдөгчийн үйл ажиллагаанд прокуророос хяналт тавьдаг. Доод шатны шүүгчийн захирамжид дээд шатны шүүгч нь хяналт тавина. ХЭҮК ямар хүний эрхийн тулгамдсан, шийдэл шаардлагатай асуудал байгааг тухайн жилийн Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлээр дүгнэнэ. Ингээд Комиссын гаргасан дүгнэлт, зөвлөмжид үндэслээд бодлогын шийдвэрүүд гардаг. Монгол Улсын төрийн байгууллагуудын хооронд ажлын уялдаа холбоо байхгүйгээс хүний эрх зөрчигдөх үндсэн асуудлууд бий болсоор байна. Жишээ нь, Дотоод орчны агаарын чанарыг шалгадаг ганц лаборатори байна. Гэтэл үүний мэдээллийг ил тод гаргадаггүй. Хэрэв ил тод байвал эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн барилгын материалын чанар, хэр зэрэг түвшинд хоруу чанартай байна вэ гэдгийг иргэд шууд мэдэх боломжтой болно. Түүнчлэн хамтарсан баг, хүүхэд хамгаалах тогтолцоонд хамтын үйл ажиллагаа, уялдаа холбоог хангах бас чухал хэвээр л байна.

-Агаарын бохирдлоор бүгдээрээ амьсгалж байгааг мэдэж байгаа. Энэ нь хүний эрхийн суурь зөрчил байгаад байдаг?

-Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын талаарх 23 дахь удаагийн илтгэлдээ бид Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хөндсөн сэдвийг УИХд өргөн барина. Энэ хүрээндээ мэргэжлийн байгууллагуудтай уулзалт, хэлэлцүүлгүүдийг хийж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиг үүрэг хариуцсан байгууллагыг Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба гээд өнөөдрийг хүртэл олон удаа харьяаллыг нь өөрчилсөн байна. Хамгийн сүүлд нийслэлийн чиг үүргийн харьяалалд шилжүүлээд байна. Гэтэл агаарын бохирдол нийслэлийн гэхээсээ илүүтэй үндэсний хэмжээний асуудал юм. Манай байгууллагын оролцоо нь хийсэн арга хэмжээ, ажиллагааны үр дүнг шаардах юм.

-Үүрэгт ажлынхаа хүрээнд ямар онцлогтойгоор ажиллаж, ямар өөрчлөлтийг бий болгоё гэж бодож байна вэ?

-ХЭҮК бол өргөн чиг хүрээтэй, төр иргэн хоёрыг холбодог онцлогтой. Хамгийн түрүүнд иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг сайжруулахад үйл ажиллагаагаа чиглүүлж, энэ тал дээр өөрчлөлт гаргахыг хүсэж байна. Эрхээ мэдсэн, үүргээ ухамсарласан иргэн чухал юм. Хөгжлийн үр шимээс хоцорч байгаа гэж тодорхойлсон 10 бүлэг бий. Жишээ нь, эмэгтэйчүүд гэхэд хөдөө орон нутгийн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, орлого багатай эмэгтэйчүүд багтана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, үндэстний цөөнх, орлого багатай эрэгтэйчүүд, залуучууд, дотоодын шилжин суурьшигчид гэх мэт. ХЭҮК энэ бүлгүүдийн өмнөөс дуугарах, бодлогын шийдвэр гаргуулахаар ажиллах учиртай. Учир нь энэ хүмүүс эрхийнхээ төлөө тэмцэх боломж тааруу, эрхийг нь хамгаалахгүй байснаар нийгмийн тэгш бус байдал нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

ХЭҮКын өөр нэг чиг үүрэг нь бодлогод нөлөөлөх байдаг. Монголд “гал унтраах” байдлаар ажиллаж, харин асуудлын үндсэн нөхцөл шалтгаантайгаа тэр бүр тэмцэж чадахгүй байна. Тиймээс бодлогын нөлөөллийг хийхэд ахиц гаргаж, асуудлыг өнгөц бус үндсээр нь өөрчилдөг болгохоор зорьж байна. Мөн хүний эрхийг хангах зорилготой, үндэсний хэмжээний энэ байгууллагын чадавхыг бэхжүүлэх хүсэл байна. Одоогоор аймаг бүрт ХЭҮК нэг ажилтантай. Анхдагч мэдээллийг авах эх сурвалж аймагт байгаа нь зөв боловч үйл ажиллагааны далайц муу. Орон нутагт хүний эрхийн нөхцөл байдал тун амаргүй, харилцан адилгүй байна.

-Монгол Улсын хүний эрхийн байгууллагын хувьд олон улсад хэр нэр хүндтэй байдаг вэ?

-Улс орон бүрийн хүний эрхийн байгууллагуудыг үнэлдэг үнэлгээ бий. Манай байгууллага орон нутагт нэгжтэй, хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг тул А статусаар үнэлэгддэг. Энэ статусын гол давуу тал нь Засгийн газартай зэрэгцэн Комисс хүний эрхийн илтгэл бичиж, НҮБын бүтцэд танилцуулах боломжтой. НҮБ-ын Хүний эрхийн хороо манай байгууллагын илтгэлд үндэслэж Монгол Улс хүний эрхийг хангахад ахиц дэвшил гаргасан уу, юунд анхаарах ёстой вэ гэдэг зөвлөмжийг Засгийн газарт өгдөг.

-Монголчуудын хүний эрхийн үзэл, хандлага ямаршуу байдаг юм бэ?

-Үүнтэй холбоотой судалгааг 2021 онд хийсэн байдаг. Монголчуудын хувьд Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг заасныг, энэ нь хамгийн чухал зүйл гэдгийг бүгдээрээ гараа өргөн дэмжиж, ойлгож, мэддэг. Гэхдээ хүний эрхийн гүнзгий мэдлэг, ойлголт, хандлага сул гэсэн дүгнэлт мөн тэр судалгаан дээр дурдсан байсан. Мөн “Танд ашигтай бол та хүний эрхийг зөрчих үү” гэсэн асуултад “Тэгнэ” гэж дийлэнх нь хариулсан байсан. Хүний эрхийн мэдрэмж нь үеэрээ бас өөр байна. Залуу үе эрх чөлөө бол зайлшгүй гэдгийг мэддэг, эрх чөлөөтэй л төрсөн учир түүнээс салгаж ойлгох боломжгүй болжээ. Зарим үеийнхэн бусдын амьдралыг шүүмжлэх гээд харилцан адилгүй өөр өөр хандлагатай. Тийм учир хүний эрхийн боловсрол мэдээллийг түгээхдээ хэрэгцээний бүлгээр нь ангилж, ялгаатай байдлаар мэдээллээ боловсруулах, түгээх шаардлага тулгарч байна. Мөн иргэдийн хувьд эрх нь зөрчигдсөн тохиолдолд хаана, хэнд хандахаа төдийлөн мэдэхгүй гэх үр дүн гарсан. Цагдаа, түргэн тусламж, 1111 төвөөс өөр зүйл мэдэхгүй байгаа нь иргэдэд гомдол гаргах механизм, гомдол гаргах субьектүүдийн талаарх мэдээллийг хүргэх зайлшгүй шаардлагатайг харуулна.

-Тэгвэл манай улстөрчдийн хүний эрхийн мэдрэмж ямар вэ?

-Улс төрчид бол хамгийн хүний эрхийн мэдрэмж, мэдлэгтэй байх ёстой хүмүүс. Энэ удаагийн УИХ “Хүний эрхийн парламент” хэмээн энэ чиглэлээр хууль тогтоомж батлахаар хүчин чармайлт гаргаж байна. Гэхдээ бүх түвшинд хүний эрхийн үүднээс тэргүүлэх шийдвэрлэх асуудал эрэмбэ тогтоох ёстой. Монгол Улсад нэн түрүүнд шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал бол ядуурал, тэгш бус байдал байна. Дагаад авлига, ажилгүйдлийг бууруулахгүйгээр бид урагшлах боломжгүй. Амьд байна гэдэг зөвхөн толгой мөрөн дээр байхыг хэлдэггүй. Орох орон, идэх хоол, өмсөх хувцас, наад захын нөхцөл гэсэн анхан шатны хэрэгцээ нь хангагдсан байх ёстой. Энэ суурь асуудлыг нь шийдэхгүйгээр бусад эрхийн тухай ярих өрөөсгөл болно. Өвдсөн, орлогогүй, эм тариагаа авах мөнгөгүй хүнд “Сонгуулиа өгч, саналаа өгөх эрхээ эдлээрэй” гэж хэлэх нь хэр наалдацтай байх вэ? Гэрээс нь хол зайд санал авах байр бэлтгэчихээд “30 км газар явж очоод саналаа өгөөрэй” гэвэл тэр хүн очих уу гэх мэт. Нийгэм улс орныхоо суурь асуудлуудыг шийдэх хүсэл сонирхол улс төрчдөд, бодлого боловсруулагчдад хэр байна вэ гэдэг чухал. Мэдээж богино хугацаанд шийдэхэд хэцүү гэдгийг ойлгож байгаа ч хүчин чармайлт үргэлж байх ёстой. Миний мэдэхээр 30 жилийн хугацаанд ядуурал буураагүй, харин ч шинж чанар нь өөрчлөгдсөн. Орлого багатай хүн бүх төрлийн гачигдалд давхар нэрвэгддэг. Боловсрол, эрүүл мэнд гээд бусад эрхийн асуудал шууд хөндөгдөнө. Засгийн газрын авлигатай тэмцэх хөтөлбөрийг бол дэмжиж байгаа. Авлигагүй болж байж л суурь асуудлаа шийдэхэд дөхөм болно. Эрх мэдэл давуу байдлаа ашиглаж баялгийн тэгш бус хуваарилалтыг бий болгож байгаагийн цаад нэг шалтгаан нь авлига. Авлигын горыг бид хамтдаа эдэлдэг.

-ХЭҮК-оос сонгуульд оролцох улс төрийн намын удирдлагуудтай анх удаа уулзаж, мөрийн хөтөлбөртөө хүний эрхийг хангах заалтуудыг оруулахыг шаардсан. Үүний ач холбогдлыг та юу гэж харсан бэ?

-Хүний эрхийг хангах гэдэг бол бүх нийтийн үйлс юм. Нэг институци, нэг байгууллага манлайлснаар бүх асуудлыг хийчихдэггүй. Тиймээс засаглалын тогтолцоонд хүний эрхийг хангах үүргийг нь хуваарилсан байгааг дээр хэлсэн. Намууд төрийн бодлого тодорхойлох түвшинд төлөөллийн байгууллагад сонгуулиар санал авахыг зорьдог. Энэ удаагийн сонгууль шинэ хуулиар, пропорционал, мажоратор гэсэн хоёр тогтолцоогоор явагдаж, 126 гишүүнийг сонгоно. Улс төр судлаачдын ярьж байгаагаар энэ тогтолцооны үр дүнд цөөнгүй намын төлөөлөл сонгогдох шинжтэй. Тиймээс намууд Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлыг мэдсэн, ямар асуудал тулгамдсан байгааг таньсан бол мөрийн хөтөлбөртөө, цаашдаа бодлогын шийдвэртээ тусгах боломжтой. Улс төрийн намын хамгийн сайн мэдэх ёстой асуудал нь хүний эрхийн асуудал юм. УИХ-д суудал аваагүй намууд ч парламентын гаднаас идэвхтэй ярих, нөлөөлөх боломжтой.

-ХЭҮК үндэсний хэмжээний байгууллага. Хөдөө орон нутаг дах хүний эрхийн төлөв байдал ямар байна вэ?

-Бүс нутгаараа ялгаатай байна. Баруун бүсийн нутагт амьжиргааны түвшин, соёлын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх асуудал байдаг. ГовьАлтай, Ховд, Завхан аймгуудад амьжиргааны түвшин, боловсролын чанарыг хөнддөг. Сэлэнгэ, Орхон аймгуудад ажлын байр хомс, цалин тогтмол бус, бага гэдэг. Сэлэнгэ аймагт малчид шахагддаг, хөөгддөг, малыг нь алж хороодог гэх мэт. Уул уурхай дагасан өмнө зүгийн говийн аймгуудад шилжин суурьшигчид ихтэй буюу ажиллах хүчний шилжилт хөдөлгөөн, үйлчилгээний хүртээмж, гэр бүлийн тогтворгүй байдал, хүүхдийн аюулгүй байдлыг хөнддөг. Дэд бүтэц муу буюу замын нөхцөл байдлаас үүдэж эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх нь зөрчигддөг. Дорноговийн иргэд ашигт малтмал, уул уурхайд ихэнх газрыг өгчихсөн, малчид шахагддаг, малчдыг сонсдоггүй гэдэг. Зүүн аймгийнхны асуудал нь илүүтэй амьдралын чанар, зорилтот бүлгүүдийн эрхийг хөнддөг. Ерөнхийдөө хөдөө орон нутагт хүүхдийн хүчирхийлийн асуудал өссөн, ажлын байр дутмаг, боловсролын чанарын асуудал голчилж байна. ХЭҮКоос аймгуудын Засаг дарга нарын үйл ажиллагааны хөтөлбөрийн биелэлтийг үнэлэхэд Засаг дарга нар хүний эрхийн чиглэлд ахиц дэвшил гаргахаар төлөвлөж, арга хэмжээ тусгадаг болох нь харагдсан. Жишээ нь, аймгийнхаа сургуулийн байруудыг нүхэн жорлонгүй болгоно гэдэг зорилго дэвшүүлсэн аймаг байна. Дунд боловсролын түвшин ахиулах, боловсролын хоцрогдлыг арилгах, өөгжлийн бэрхшээлтэй иргэнд хүртээмжтэй болгох, эмэгтэйчүүдийг дэмжих, хүүхдийн хүчирхийллийн эсрэг, эрүүл мэндийн чиглэлээр гээд тодорхой ажлыг аймгууд төлөвлөдөг байна. Ажилгүйдлийг бууруулах хүсэлтэй ч тохирох хүний нөөц олдохгүй эрэлт нийлүүлэлт зөрүүтэй байдал түгээмэл байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн хувьд дарамт хүчирхийлэлд өртөж байна, цалингаа цагтаа авч чаддаггүй, ажил хийсэн ч эдийн засгийн нөхцөл байдал дээрдэхгүй байна гэдэг гомдол Комисст ирдэг.

О. АРИУНБИЛЭГ

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Чулуунбилэг: Улс төрийн намд итгэх иргэдийн итгэл алдрах нь ардчилалд маш хортой DNN.mn

Улс төр судлаач, Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн О.Чулуунбилэгтэй ярилцлаа.


-Улс төрийн том сонгуулиас өмнө Монголын хоёр том нам генсекээ солих гэж байна. Та бол улс төр судлаач хүн. Том өрсөлдөөний өмнө намууд ЕНБ-ийн даргаа солих нь нийгэмд болоод тухайн намд ямар нөлөө үзүүлэх бол?

-Миний харж байгаагаар сонгуулийн өмнө улс төрийн хоёр нам генсекээ сольж амжихгүй. Шаардлага ч байхгүй. Тойргийн болон жагсаалтын нэр дэвшилттэй холбоотой намуудын бүлэг фракцуудын дотоод шахалт л улс төрийн мэдээ болж түгээгдэж байна. Яагаад намуудын генсекүүдийг онцолж нүдээд байна гэхээр тухайн намын сонгуулийн хороонд өгөх нэр дэвшигчдийн жагсаалтад гарын үсэг зурах болохоор тэр. Сэтгэл дундуур байгаа хэсэг нь “зодож” байж квотоо авах юмуу тоогоо нэмэх стратеги явж байна. Хэрвээ солих юм бол эцэс төгсгөлгүй дотоод зодоон, бужигнаан руу явна. залуу үеийнхэн генсекээ хийцгээг л дээ.

-Олон нийтийн улс төрд итгэх итгэл алдарчихлаа. Бие даагчдыг л сонгоно гэцгээх юм. Ер нь улс төрийн намын дэмжигч байх, намд итгэх нь иргэдэд ямар ач холбогдолтой байдаг вэ?

-Бие даагчдыг сонгоно гэсэн өндөр хувьтай судалгаа харсангүй.

Яг өнөөдөртөө намуудын рейтинг харьцангуй сул байгаа ч сонгууль дөхөх тусам хоёр том нам руугаа сонгогчдын санал шахагдсаар 70 гаруй хувь руу оччихдог. Энэ жилийн хувьд холимог тогтолцоогоор том тойрог дээр сонгууль болно. Холимог тогтолцоо, том тойрог дээр бие даагч гэхээсээ том намын бүтэц, том сэдэв, том аймгаас гаралтай байх, танигдалт чухал нөлөөтэй.

Баруун бүсийн нэг сонгогч дал наян нэрсээс 10 нэр дэвшигч, нэг нам нийт 11 санал дугуйлна. Жирийн сонгогчийн хувьд 11 санал алдаагүй бүрэн дугуйлна гэдэг гол хүндрэл байх болов уу.

-Иргэдийн намд итгэхгүй байгаа байдал нь ирэх зургадугаар сарын Монгол төрийн сонгуулийн хувь заяанд яаж нөлөөлөх бол?

-Иргэдийн улс төрийн намд итгэх итгэл жилээс жилд буурч байгаа учраас сая үндсэн хуулийн өөрчлөлт хийж холимог тогтолцоог намууд дэмжиж хууль болгож баталсан. Тэгэхээр ирэх зургадугаар сард сонгуулийн ирц ямар байхыг хамтдаа харцгаах нь.

Ер нь улс төрийн намд итгэх иргэдийн итгэл унах нь ардчилалд асар хортой. Итгэл алдарсан иргэдийн ихэнх нь улс төрөөс дайждаг. Иргэд оролцохгүй дайжаад эхлэхээр ардчилал өөрөө маш амархан дарангуйлал руу шилждэг. Саяхан олон улсын V Dem институтээс гаргасан 2024 оны индексээр Монгол Улс дарангуйлалд шилжих эрсдэлтэй 42 орны тоонд багтсан. Чухам энэ эрсдэлээс хамгаалж чадна гэж л бид сая давжаа парламентаа томсгож, холимог тогтолцоо нэвтрүүлсэн. Би бол илүү өөдрөгөөр харж байна.

-Мэдээж сонгуулийн санал хураалтаар дараагийн Засгийн газар аль намаас вэ гэдэг нь тодорно. Гэхдээ өнөөдрийн улс төрийн намуудын байдал, түүний доторх трэнд улстөрчдийн төрх сонгуульд нөлөөлөх байх. Та судлаач хүний хувьд ирэх сонгуулиар хоёр намын эвслийн, эсвэл жижиг том олон намаас бүрдсэн эвслийн Засгийн газрын аль нь байх магадлалтай гэж харж байна?

-Холимог сонгуулийн тогтолцоо өөрөө байнгын эвслийн Засгийн газрыг бүрдүүлдэг. Эвслийн Засгийн газрын тэргүүн нь хатуу гэхээсээ холбогч ур чадвартай улстөрч байхыг шаарддаг. Тиймээс цаашид Ерөнхий сайд болно гэсэн зорилготой улстөрч илүү холбоос хийх, уян хатан чадвар эзэмших ёстой гэсэн үг болох нь. Гадаад орчин дахь геополитикийн тектоник шилжилт, мега төслүүдийн зогсонгишил, ардчиллын ухралт зэргээс болж том намуудын эвслийн Засгийн газар байгуулагдана. Харин үе үе сайдуудаа сольдог хямрал бол байнга байна.

-Улс төрийн ид халалт эхэлж байна. Өнөөдөр улс төрийн зах зээлд ямар нэр дэвшигч, ямар бодлоготой нам трэнд болох бол?

-Хувь улстөрчийн ур чадвар, боловсрол ямар байхаас үл хамаарч том тойрог, эсвэл жагсаалт дахь улстөрчдийн хувьд олон сонгогчдодоо хүрэхийн тулд технологийн дэвшлийг ашиглаж чадсан нь л трэнд болно. Тухайлбал, хиймэл оюун, сошиал экосистем.

Р.ЖАРГАЛ

 

Categories
мэдээ цаг-үе

Өнөөдөр үхэр өдөр DNN.mn

Аргын тооллын гуравдугаар сарын 14, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, Гоё хүүхэн одтой, улаагчин үхэр өдөр. Өдрийн наран 07:07 мандаж 18:56 цагт жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Эрдэнийг гадагш өгөх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

Categories
мэдээ цаг-үе

Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан байна DNN.mn

2024 оны 03 дугаар сарын 14-нөөс 2024 оны 03 дугаар сарын 18-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун болон говиийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, 17-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 14-нд нутгийн зарим газраар, 15, 16-нд говь, тал, хээрийн нутгаар, 17-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. 15-нд нутгийн хойд хэсгээр, 16-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -9…-14 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир  орчим, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -16…-21 градус, өдөртөө -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0…-5 градус хүйтэн, өдөртөө +4…+9 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -5…-10 градус хүйтэн, өдөртөө 0…+5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө -3…+2 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б. Цэнддоогийн “Ичигсэд ч хөдөлчихлөө …” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Элчин сайд асан Шимизү Такэнори “Япон улс Монголоос ховор металл, жонш импортлох өндөр сонирхолтой” гэснийн IV нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

“Таван толгойг танд үлдээсэн” Зандаахүүгийн Энхболдыг шүүхээс яагаад 40 саяар торгох болов?

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Хувийн нэмэлт тэтгэврийн сангийн хууль батлагдвал даатгуулагч нэг удаа нийт цуглуулсан хөрөнгийнхөө 30 хүртэлх хувийг зарцуулах боломжтой” гэлээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол нүүрт Б. Цэнддоогийн” Ичигсэд ч хөдөлчихлөө …” нийтлэл хэвлэгдлээ. 

Хүний эрхийн Үндэсний к омиссын даргаар сонгогдоод удаагүй байгаа доктор Д.Сүнжид ” Хүний эрх хамгаалах тогтолцоо сул байгаа шалтгаан нь төрийн байгууллагуудын уялдаагүй байдал” хэмээв.

“Цаг үе, үйл явдал” нүүрт Монгол Улсаар унадаг дугуйтай аялсан Францын иргэн Франсуа Лемансель” Монгол гэрийн тооноор үзэгдэх шөнийн тэнгэрийг өөр хаана ч харахгүй” хэмээн ярилаа.


 Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375, 99130850 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Х.Эрдэнэбилэг: Зарим иргэд суурьшлын бүс рүү удаа дараа мал оруулж байна DNN.mn

Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлагдсан. Уг журмын хэрэгжилтийг хангахаар гуравдугаар сарын 9, 10-ны өдөр хориглосон бүсээс мал гаргах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулсан. Ийнхүү хоёр өдрийн турш Улаанбаатар хотын мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд байсан 3051 малыг илрүүлэн хашаалж, эздэд нь хүлээлгэн өгсөн. Уг арга хэмжээний дүнд хориглосон бүс малгүй болж, иргэд малаа хориглосон бүс рүү дахин оруулахгүй байгаа хэдий ч зарим иргэд малаа удаа дараа оруулан, журам зөрчиж байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн иргэн Дашпунцагийн Баярсайханы эзэмшлийн 305, Сонгинохайрхан дүүргийн иргэн С.Баяраагийн 172, Б.Төмөрчөдөрийн 120, Б.Дондогдоржийн 300, Д.Жанчивын 200, Чингэлтэй дүүргийн иргэн Д.Пропуск, Ш.Хүдэрчулуун нарын нийт 120 адуу удаа дараа мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд бэлчиж байгаа юм.

Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Х.Эрдэнэбилэг “Дээрх иргэд олон тооны адууг хориглосон бүс рүү удаа дараа оруулж байгаа тул цагдаагийн байгууллагын зүгээс арга хэмжээ аван ажиллаж байгаа. Арга хэмжээ авч байгаа хэдий ч уг үйлдлээ дахин дахин давтаж байна. Олон тооны мал суурьшлын бүсэд бэлчсэнээр хотын иргэдэд эрсдэл, хүндрэл учруулж байгаа. Иймд мал бүхий иргэд өөрсдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан, хууль, журмаа сахин биелүүлж, хориглосон бүс рүү мал оруулахгүй байхад анхаарна уу” гэв.

Суурьшлын бүсэд мал орж ирснээр зам тээврийн осол гарах, ногоон байгууламж, авто зам, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг бохирдуулах, улмаар малын гоц халдварт өвчин гарах эрсдэл үүсдэг. Иймд Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журмыг НИТХ-аар хэлэлцэн, баталсан юм.

Categories
мэдээ нийгэм

Иргэн-даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг цуцаллаа DNN.mn

“Монгол эм импекс концерн” ХХК-ийн салбар Баянхонгор эм хангамж ХХК-иас даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх 2024 оны гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт ирүүлсэн бөгөөд 2 талын зөвшилцөл хийлээ.

Зөвшилцлийн дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, “Баянхонгор эм хангамж ХХК-ийн хооронд байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх гэрээг 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрөөр дуусгавар болгож, цуцаллаа.

Цаашид Баянхонгор эм хангамж ХХК-ийн эмийн сан даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээллээ.